Wednesday, 30 June 2010

Storytelling

Views

Түүх хүүрнэхүй

Бараг бүх хүүхдүүд үлгэрт, томчууд түүхэнд дуртай гээд хэлэхэд нэг их хол зөрөхгүй байх гэж зориглож байна. Том, жижиг гэлтгүй бүх хүнд мөрөөдөл байдаг. Амжилттай болсон бизнес уулзалтуудын гол тактик нь асуудлыг түүх, ойрын хугацаанд биелэгдэхүйц мөрөөдөл хэлбэрээр хүүрнэн нөгөө талдаа танилцуулсан байдаг жишээнүүд маш олон байдаг. “Storytelling стратеги” дээр суурилсан бизнес харилцааны бүхэл бүтэн хичээлүүд хүртэл барууны бизнесийн сургуулиудад байдаг юм билээ. Ижил төрлийн нэг хичээл авсан тухайгаа энэхүү бичлэгээр бичиж байжээ. Нилээд хэдэн долоо хоногийн өмнө Tsutaya хэмээх Японы нилээд алдартай энтертайнмент бизнесийн компанийн төлөөлөгчтэй уулзаж Focus Group ярилцлаганд өөрийн хоббигоороо орсон юм. Уг ярилцлагын зорилго нь баруунд хит болоод байгаа зарим кино яагаад Японд огт амжилт олдоггүй вэ, түүнчлэн Японы компьютерийн тоглоомууд яагаад барууны зах зээл дээр цойлж гарч ирж чадахгүй буйг тодруулах зорилгоор гадаад оюутнуудаас ярилцлага авч байсан юм билээ.

Хүмүүсийн дуртай үлгэр, түүх, мөрөөдлийг ашиглан амжилттай бизнес хийж буй салбар бол яах аргагүй кино урлаг, тэр дундаа Холливүүд гэж хэлж болно. Жилд хэдэн ч кино хийдэг юм, хэдэн сая долларын ч орлого олдог юм бүү мэд. Архинд орсон хүн шиг кинонд орсон хүмүүс зөндөө буй. Би ч өөрөө ороод өөрөө өөртөө “эмчилгээ” хийгээд гарах гээд үзээд яваад буй. Мань эрийн хэлснээр бол Холливүүд ердөө дараах дөрвөн гол сэдвээр л кино хийж зонхилох орлогоо олдог юм хэмээсэн билээ.

Rags to riches: Ухаан нь ядуу хүмүүс хэрхэн өөрсдийн толгойгоор болон азаар баян сайхан амьдралд хүрсэн сэдэв. “Pursuit of Happiness энэхүү сэдвийн киноны нэг жишээ гэж болохоор. Гэхдээ сүүлийн үед энэ төрлийн кино Америкийн зах зээлд олигтой амжилт гаргахаа байсан тухай дурдаж байв. Магадгүй нийгмийн дундаж давхаргын хүрээ хумигдахын хирээр баян хүмүүс нийгмийн бахархал биш харин үзэн ядалтын гол цэг нь болж эхэлж буйтай холбоотой ч байж болохоор. Арай өргөн хүрээнд энэхүү сэдвийг Disharmony to Harmony гэж бас томъёолж болохоор. Азийн улсуудын соёлд энэхүү сэдэв их тохирох боломжтой мэт.

Mob at the gate: Гол сэдэв нь дээрмийн бүлэглэл, зэвсгийн наймаа, хилийн зөрчил, хууль бус цагаачид, мафи гэсэн хүрээнд эргэлдэнэ. “Lord of War”-ийг би хувиасаа энэ сэдвийн сайхан жишээ кино гэж нэрлэх байна. Хүмүүс зарим үед “болохгүй” сэдэв буюу “буруу” зүйл мөрөөдөж саваагүйтэх нь бий. Тэрхүү мөрөөдлийг нь Холливүүд хялбархаан мөнгө болгож буй хэрэг.

Benevolent neighbor: Хүмүүс хоорондын харилцааны тухай голлосон сэдэв. Ихэвчлэн эерэг сэдэв байх бөгөөд бие биенээ гэсэн сэтгэл, хамтын ажиллагааг харуулсан кинонууд зонхилох юм билээ. “Dear John” магадгүй сүүлийн үеийн кинонуудаас энэхүү бүлэгт орж болох байх. “Ормоонтик” кинонуудын голлох бүлэг болов уу.

Rot at the top: Төр болон томчуудын хоорондын хуйвалдаан, хээл хахууль, авилгыг хөндсөн мөнхийн сэдэв. Энэ бүлэгт тохирох сүүлийн үеийн киногоор “Green Zone”-г нэрлэж болохоор.  

Магадгүй та бүхэн надтай санал нийлэхгүй боловч дээрх дөрвөн сэдвийг хөндөн ярилцлага хийж байсан Англи эртэй хөөрөлдөж байх зуур өөрийн эрхгүй Монгол дахь улстөрчдийн маань сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалт бас л энэхүү дөрвөн сэдвийн хүрээнд эргэлдэж буйг анзаарсан юм. Улс төр ба кино бизнес хоёр нэг зоосны хоёр тал уу? Эсвэл ард түмэн бид чинь кино, улс төрч гэсэн хоёр анчны нэг бай юу?

1 comment:

se said...

delhiin hemjeend ergelddeg money-nii 25% Entertaiment-d zartsuulagddag gej sudalgaa bdag gej bna lee.