Tuesday 25 August 2009

Ad hoc thoughts

Views

Саяхан хуучин хамт ажиллаж байсан хүмүүс болон тэдний найзууд буюу миний хувьд шинэ танилуудтай ганц хоёр пиво уунгаа янзан бүрийн сэдвээр сонирхолтой яриа өрнүүлэн оройн хоолонд оров. Яг тэр орой УИХ-с алдарт Оюу толгойтой холбоотой 4 багц хуулийг баталж засгийн газарт ногоон гэрэл өгсөн билээ. Энэхүү их бүтээн байгуулалтын үр шимийг энэ яваа насандаа үзэж амжих болов уу гэж бодож байсан минь таалал минь тачаалаар болох шинжтэй. Харин ч үр шимийг нь зүгээр үзээд өнгөрөх биш энэхүү том бүтээн байгуулалтанд гар бие оролцох оргилуун хүсэл төрсөнийг нуух юун. Яаж овоо жижиг Монголын минь олон том, бүдүүн дарга нарын фракцууд хоорондоо учраа ололцон ногоон гэрэл асаах товчлуур тэргүүтэнг дарав аа. Нойрмоглож байгаад олон жилийн дараа андуурч дараагүй байх гэдэгт ихэд итгэж байнам. Ингээгүй хамаг юмаа хав дараад өөр хоорондоо алалдаад, хол ойрын амьтан хүний шившиг болж байх хооронд өнөөгийн өндөр хурдацтай шинжлэх ухаан нүүрс, алт байтугай зэсийг орлох шинэ эрдэс бодисийг хиймэл аргаар гаргаж авах бүрэн боломжтой болоод байгаа бус уу. Хүн хувилаад эхэлсэн байхад зөрүү буруу ганц хоёр металийг хувирган гаргах яамай байлгүй дээ яг цагаа тулах дээрээ бол. Түүхий эд ихээр хэрэглэдэг өндөр хөгжилтэй орнуудад гоц мэргэжлийн эрдэмтэдийн тусгай баг өдөр шөнөгүй ийм төрлийн төслүүд дээр ажиллаж буй гэдэгт мөрийцөхөд бэлэн байна. Айванхоугийн хувьцаа маргаашнаас гэрлийн биш юм аа гэхэд лааны гэрлийн хурдаар өсөх нигууртай буй заа хэмээн хардаж байнам.

Өөр нэг ярилцсан халуухан бөгөөд Монголчуудын хувьд секси сэдэв маань Жи Мобайл болон бусад операторуудын араншин. Ер нь бол алив хүн өөрийн барьж буй гар утасны дугаараа бүрэн хэмжээгээр эзэмшин захиран зарцуулах ёстой гэж ярив. Энэ практик туршлага АНУ, Японд байдаг гэх. Жишээ нь 9911-тэй дугаар барьдаг нөхөр Мобиком таны тэмүүлэл биднийг хөтөлнө гээд мурин дургуйг нь хүргэвэл шууд өөрөөр амьдаръя гээд Скайтел, хам хүрээгээ өргөжүүлье гээд Юнител, эсвэл зөвхөн Монголдоо гээд Жи Мобайл руу энэхүү дугаартайгаа шилжих боломжтой байх ёстой буюу дугаар нь тухайн хүний хувьд үнэ цэнэ бүхий гар утасны системээс “үл хамаарах тэнхлэг бүхий хөдлөх хөрөнгө” байж гэмээн мобайл операторуудын хоорондын шударга өрсөлдөөн, харилцагчийн шилдэг үйлчилгээг та бид бултаараа амтлан бялуурах учиртай ч юм шиг. Техник, технологийн хувьд энэ асуудал ямар ч хүндрэлгүй байх болов уу гэж тааж байна. Бодлогоор энэхүү асуудлыг “76 мангуу-г сонгон өөрсдийгөө залуулж буй 2.7 сая ширхэг “суу билэгтэн, тэнгэрээс заяат, хөх чонын удам, Чингис хааны дам болон дагавар удамууд” болох Монголчууд та бидний төлөөлөл шийдэн Япон, Солонгос, Хятадын хөрөнгө оруулагч нарыг энэхүү талбар дээр үнэн хүчийг нь үзэх юмсан.

За тэгээд цаашилбал ирэх зуун жилд дэлхий ертөнц хэрхэн хувьсан өөрчлөгдөх магадлалтай, сансрын дайн энэ тэр гээд уншсан, сонссон юмнуудаа нийлүүлэн хэсэг зуур геополитик байтугай юниверсполитик сэдэв рүү хазайх шахаад төлөвлөөгүй байсан их хуралдайг хугас лааз тоникоо уун өндөрлөсөн болой.

1 comment:

the quikZ said...

Энэ сэдвээр ярилцаж байхад тун удахгүй дугаараа өөртөө авч үйлчилгээгээ сонгодог болох юм байх. Тэгвэл жинхэнэ өрсөлдөөн гарч ирнэ. Хэрэглэгчид хожно. Манай маркетерууд хөөрхий үйлчилгээний хажуугаар дугаарыг cool болгох гэж хэрэндээ л хичээлээ одоо ялгаагүй болгох хэрэгтэй хаана ч тийм л байдаг. 8-н цуглуулга авна уу? 9-г авна уу? эсвэл өгссөн, уруудсан дугаар гээд манайхан туйлшрах дуртай улс дугаардаа биш багцад олгогдож байгаа яриа болон бусад үйлчилгээний эрхэндээ ач холбогдол өгмөөр юм даа.