Sunday, 23 August 2009

Not disabled, differently abled

Views

Холбооны шугамаар гүйцэтгэх захирал болон удирдах зөвлөлийн нэг гишүүний хамт Сингапур улс руу ажлын айчлал хийгээд ирлээ. Айлчлал маш их үр дүнтэй болсон бөгөөд хаашаа явахаа мэдэхгүй хааяа эргэлздэг байсан бүхий л асуултандаа хариулт авч мэргэжил, сонирхол, passion (Монголоор орчуулах үг олж чадахгүй нь энэ утга дээр) нэгтэй олон сайхан хүмүүсээр найз нөхдийнхөө хүрээг тэллээ. Бидний ажлыг цаг үргэлж дэмжиж байдаг бүхий хувь хүмүүс, байгууллагуудад талархахын сацуу энэ удаагийн аялалд санхүүгийн шууд дэмжлэг үзүүлсэн Цэрэн Тур компани болон тэдний аялагчид болох 16 Австрали жуулчинд баярлалаа. Тим Коеп хэмээх залуу нь Монголоос Унгар хүртэл арван мянган бээр газрыг ганцаараа мориор туулсан гайхалтай хүн бөгөөд чухам энэ залууг “World Expeditions” хэмээх компани хөтчөөр урьж, дагалдан ирэх 16 Австрали жуулчин зөвхөн Монголын сайхныг бишрээд явах биш нийгэмд тус болох сайн санааны хандив цуглуулсан юм. Тус хандив нь Цэрэн Турын санал болгосны дагуу хромсомын өөрчлөлттэй хүүхэд буюу дауны хам шинжтэй хүүхдүүдийг нийгэмд зөв таниулж ойлгуулах үүднээс “Хромсомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сан” ТББ-д хандивлагдсан бөлгөө. Түүнчлэн SFECO Mongolia болон Туркийн олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн агентлагт талархаж байна. Түүнчлэн энэхүү аялалыг дэмжин зохион байгуулж өгсөн Сингапур дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам болон ноён Алберт Тео-д чин сэтгэлээсээ баярлалаа.

Сингапур улсын Movement for the intellectual disabled of Singapore буюу MINDS, Association for persons with special needs буюу APSN, Сингапур улсын Дауны холбоодын гүйцэтгэх захирал, удирдлагын баг болон удирдах зөвлөлийн дарга, гишүүдтэй албан уулзалт хийж төвүүдээр нь зочилсон on site visit хийв. Бид нараар дамжуулж эдгээр байгуулагуудын зарим гүйцэтгэх удирдлагууд нь анх удаагаа хоорондоо уулзсан юм. Миний хувьд англи хэл халтар хултар сурсаны хамгийн том үр дүн, буянтай ажил нь өнгөрсөн долоо хоногт гарсан гэж хэлж болох юм. Эдгээр байгууллагууд нь байгуулагдаад 30-50 жил болж байгаа туршлагатай хамт олон байх бөгөөд хэдэн мянган хүнд үйлчилж, хэдэн зуун хүнийг дотроо ажиллуулж байна. Удирдах зөвлөлийн дарга, гишүүд нь эрдэмтэн, докторууд байх агаад бүгд сайн дурын үндсэн дээр цалингүйгээр ажиллаж байна. Хариулт нь ердөө л “because of my passion” гэж байлаа. Ийм төрлийн байгууллагуудад бизнесийн байгууллагууд хандив өргөвөл татвараас шууд чөлөөлөгдөх бөгөөд ер нь улс нь хөгжөөд ирэхээд иргэдийнх нь амьдралын философи, үнэт зүйл нь дагаад хөгждөг бололтой. Эдгээр бүх байгууллагуудыг анх цөөн тооны эцэг эхчүүд санаачлан байгуулж эхэн үедээ сүмийн заалыг гуйн цуглаан, хичээлээ заадаг байснаа бидэнд хуучилж байсан бөгөөд та нар яг бидний замнасан замаар явж байна хэмээн урам өгч байв. Харин одоо бүгд төрийн санхүүжилт авдаг үндэсний төдийгүй бүс нутгийн нөлөө бүхий байгууллага болжээ. Сингапурт Монгол шиг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд групп, тэтгэмжийн мөнгө гэж өгдөггүй бөгөөд харин тусгай сургуульд нь хүүхдийн тоогоор нь төрөөс санхүүжилт өгдөг аж. Нэг хүүхдэд ногдох мөнгөний хэмжээний Сингапурын дундаж түвшиний оффисийн ажилтаны жилийн цалингаас илүү гээд бодохоор энэхүү улс нийгмийн халамж гэдгийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж буйг төвөггүй харж болохоор.

Хамгийн сонирхолтой зүйл нь Сингапурт хүний хөгжлийн бэрхшээлийг төрөл, зүйлээр нь ангилахгүй шууд нь IQ дээр нь суурилан түвшинг нь тогтоож бүлэглэн хичээлээ заадаг юм байна. Тухайн хүний хувьд олдмол, төрөлхийн бэрхшээл эсэх нь нэг их чухал биш гол нь IQ түвшин нь чухал гэсэн үг. Бүхий л сургалтын хөтөлбөр, заах аргалчлал нь үүн дээр суурилдаг юм билээ. Түүчлэн зөвхөн сургаад зогсохгүй эдгээр хүмүүсийг ажлын байраар хангадаг юм байна. Жишээ нь MINDS байгууллагын хамгийн том түнш нь Сингапурын үндэсний авиа компани бөгөөд хүүхдүүд энэхүү компанийн чихэвчийг цэвэрлэн бэлтгэж угсардаг юм билээ. Хэдэн мянгаар нь. Энэ нь цэвэр арилжааны шинжтэй бөгөөд цалинтай. Хөгжлийн бэрхшээлтэй гэдэг утгаар ажлыг дутуу хийх, буруу хийх, алдаа гаргавал уучлал үзүүлэх, өршөөх гэсэн ойлголт тэнд алга. Өөрсдийгөө бид хөгжлийн бэрхшээл гэдэг үгээр халхавчлахгүй хэмээх бардам зогсох тэднийг хараад өмнө нь сөгдмөөр.

Энэ бүх цогц бөгөөд гайхамшигтай ажлуудыг хараад бид өөрсдийн эрхэм зорилго, ирээдүйн ажлаа дахин нэг эргэж харах нь зүйтэй гэсэн шийдэлд яах аргагүй хүрсэн юм. Зүй нь маш олон гар туслахыг хүсэн ирэх бөгөөд гэм нь тэд бүгд өөр өөр тийшээгээ авч явах гээд та нарыг чангаагаад байдаг шүү гэж хэлсэн нь хамгийн чухал зөвлөгөө байв. Түүнчлэн олон нийтэд зөв мэдээлэл өгөх, эцэг эхчүүдийн групп байгуулах, багш нарыг бэлтгэдэг сургагч нарыг бэлдэх, ялангуяа сайн дурын ажилтануудтай тулж ажиллахыг хүсч байлаа. Биднийг Монголоос хөдлөхийн өмнөхөн “Удахгүй та нар хүүхдийн нэр барьж явдаг худалч, луйварчингаараа дуудуулж эхэлнэ шүү. Сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай” хэмээх ижил төрлийн ТББ-д ажилладаг нэгэн бүсгүй өөрийн Монгол дахь туршлагаасаа хуваалцаж байна лээ. Бүгдэд нээлттэй, шударга байх нь бидний гол зарчим тул бидний цаг заваа хумслан ямар ч цалингүй хийдэг энэхүү ажлыг элэг нэгт Монголчууд ингэж дүгнэхгүй байх гэж найдах юм даа.

Сингапурын Дауны Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, үүсгэн байгуулагч Энэтхэг хүн хэлэхдээ Монголд лаборатори байхгүй нь сайн хэрэг. Түүнийг авах гээд ч хэрэггүй. Угаасаа цаанаасаа бидэнд илгээж буй бурхны бэлгийг бид буцаах эрхгүй шүү дээ хэмээн үнэн сэтгэлээсээ бидэнд үглэж байв. Өргөн уудам нутагт тархай бутархай суурьшдаг бид нарт мобайл багш, эмч нарыг групп үүсгэж ажиллах саналыг нилээд нухацтай хандан хэлж байв. Хүүхдийг 18 хүртэл сургах, хүмүүжүүлэх цогц схем энэ улсад аль хэдийн бий болжээ. Харин 18-с дээш насныханд нь зориулсан програм, дэд бүтэц хараахан иж бүрэн бий болоогүй байна. Үүн дээрээ тэд маань ид ажиллаж буй юм билээ. Монголд энэ асуудал нойл байгаа нь шууд хэлэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг эх хүүхдээсээ өмнө үхэж болохгүй л гэсэн үг. Сингапурын дауны холбооны удирдах зөвлөлийн дарга их сонирхолтой зүйл хэлж байсан нь даатгал байлаа. Эцэг, эхчүүд, залуу хосууд ирээдүйн хүүхдээ бүрэлдэхээс нь өмнө даатгах. Даатгалын хураамжаар нь эмнэлэг, халамжийн байгууллагууд хүүхдийг нь насан туршид нь халамжлах бөгөөд бизнес талаас нь ч харвал тун боломжийн санаа юм. Монголд эд хөрөнгийн даатгалаасаа халиагүй байгаа өнөө үед энэ санааг ойлгох, хэрэгжүүлэх хүмүүс, зах зээл нь хир байгаа юм бол доо?

Буудлын ресторандаа өглөөний цайгаа уух зуураа харваас дауны хам шинжтэй хүүгээ дагуулан яваа ээжийг харсан юм. Зорьж очин танилцаж яриа өдвөл 80 дөхөж байгаа Австрали ээж 44 настай даунтай хүүгээ дагуулан аялж яваа нь тэр. Анх удаагаа ийм том болсон даунтай хүнийг харсан бөгөөд насыг нь таа гэвэл би 30 орчим л гэж хэлэх байлаа. Тэрхүү залуу тусдаа амьдардаг төдийгүй хоол хийх, хувцас угаах, индүүдэх зэрэг бүхий л ажлаа өөрөө хийдэг ажээ. Тэр байтугай банкинд өөрийн данстай агаад бие даан үйлчлүүлж, ажил эрхэлдэг гээд бод доо. Тэр бүү хэл найз бүсгүйтэй. Биднийг уулзаж байх хооронд нь Австралиас найз хүүхэн нь love you, miss you зэрэг мессежийг хэд хэд илгээгээд амжина лээ. Тийм ч учраас Сингапурт эдгээр хүмүүсийг Not disabled, differently abled буюу Хөгжлийн бэрхшээлтэй бус ялгаатай л чадвартай хэмээн үзэж хандаж, харьцаж, хайрлаж, хүндэлдэг юм билээ. Бэлтгэсэн, зориулалтын орчинд нь эдгээр хүүхдүүд, хүмүүс нь тийм гэдгээ батлан ажиллаж амьдарч та бидэнтэй цуг татвараа төлөлцөн тухайн улсынхаа төсвийг бүрдүүлсээр байх ажгуу. Манай холбооны мөрөөдөл чухам энэ болой.

1 comment:

Anonymous said...

Ter laboratori gedeg ni yuu ve? dawn syndrome-g ert onoshloh lab gej oilgoloo, yaagaad avah hereggui gej?