Views
New City
Энэхүү амралтын өдрүүдэд гадаадад мастер, докторын зэрэг хамгаалсан залуус Тэрэлжид цуглан “Нийслэлийн хөгжил-Залуусын оролцоо ба сэтгэлгээ” хэмээх чуулга уулзалтыг хийж хотын хөгжил, дэвшлийн талаар өөрсдийн сурч, амьдарч байсан гадаадын орнуудын үлгэр жишээ бөгөөд хэрэгжүүлж болохуйц саналуудыг ажил хэрэг болгохын төлөө 2 өдөр нилээд халуухан хэлэлцэж, зарим нэг нь бараг нулимс унаган мэтгэлцээн хийлээ. Энэхүү чуулганд нийтдээ 400 гаруй залуус бүртгүүлсэнээс ярилцлага хийж байгаад 150 орчим залуусын сонгон авч явсан. Нийслэл хотын нэгэн иргэний хувьд өдөр тутам биднийг нервтүүлж байдаг замын хөдөлгөөн, хог, хүмүүсийн сэтгэлгээний доройтол, хотыг чиглэх их нүүдэл, гамгүй хэрэглээ, стандартын талаар би блог дээрээ бичихээс цаашгүй явж байсан бол хэсэг залуус богино хугацаанд эдгээр асуудлыг шийдэхийн төлөө бодит ажлууд хийж эхэлж буйг дуулаад халуун ам бүлээрээ байх ёстой хагас, бүтэн сайн өдрийн амралтын өдрүүдээ золиослон барин зорин очсон юм. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулагч нь их сургуулийн маань нөгөө ангийн нэг оны төгсөлтийн залуу байсан нь бахархахгүй байхын аргагүй зүйл байв.
Монгол Улсын нийт хүн амын 70% нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн дөнгөж 0,3%-д нь л “шамбааралдан” амьдардагаас хамгийн том төвлөрөл нь Улаанбаатар хот юм. Улаанбаатар хотод жил болгон 30.000-40.000 иргэд шилжин ирж, нийслэл хотын хүн амын 65% нь 35 хүртэлх насны залуус болжээ. ДНБ-ийн 60% нь нийслэл хотод бүтээгдэж байна гэж хотын орлогч дарга хэлнэ лээ. Хог хаягдал, автозамын хөдөлгөөн, зогсоолын хэт ачаалал, хотын гэрэтүүлэг, хотын ногоон байгууламж, хот байгуулалт, гэр хороолол, агаарын бохирдол, хаягжилт, нийтийн тээвэр, залуусын чөлөөт цагаа өнгөрөөх газар, аюулгүй байдал, эрүүл мэнд гэсэн сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг хийсэн бөгөөд өөр өөр улсад төгссөн залуусыг хольж баг бүрдүүлэн ажиллуулав. Нийтдээ ОХУ, БНХАУ, Турк, Австрали, Герман, Япон, Хонг Конг, АНУ, Англи зэрэг 10 орчим орнуудад боловсрол эзэмшсэн залуус ирсэнээс миний хуваарилагдсан багт АНУ, Англи, Австрали, Герман, Турк улсуудын төлөөлөл байсан бөгөөд бид “Залуусын чөлөөт цагаа өнгөрөөх газар” сэдвийн хүрээнд шийдэл гаргахаар оноогдсон. Гаргаж буй шийдлүүд, багийн сахилга бат, цаг барилт, уралдаан тэмцээнд идэвхитэй оролцох байдал зэргээр нь 2 өдөр багуудыг дүгнэн шалгаруулсан бөгөөд манай баг нийт үзүүлэлтээрээ Best Team болж цомоор шагнуулан бусдад “бичигхээн атаархагдав”. Багийн ахлагч, гишүүдийнхээ цэгцтэй, нямбай, хурдтай ажил, үйлдлийн үр дүнд нь энэ шагнал бидэнд ирсэн бөлгөө. Миний хувь нэмэр гэж бараг байсангүй дээ. Сүүлийн өдөр л багаа төлөөлөн нийтэд танилцуулга хийж, буухиа тэмцээнд нь оролцох шив. Уул нь би автозамын хөдөлгөөн, зогсоолын хэт ачаалал хэсэгт орох хүсэлтэй байсан юм. Хэлэх гэж, батлах гэж байсан санаа минь хотын төвлөрөл ихтэй хэсэгт 9-12 давхар автомашины битүү зогсоол барих явдал байлаа. Газрыг нь хотоос шийдэж өгөөд хувийн хэвшилд даалгавал тун дажгүй төсөл болохоор. Эзэн нь машины зогсоолын төлбөрөө цагаар, минутаар тооцож аваад арилжааны журмаар ажиллавал сайхан бизнес болно доо.
Хот, хөдөөгийн ялгаа, хотын соёлын талаар мэтгэлцэж байх хооронд амралтын газрын захиргаанаас гомдол бүхий албан бичиг ирэв. Утга нь хуралд оролцогч нар амралтын газарт тамхины хогоо маш ихээр хаяж байна гэсэн. Энэхүү явдал нь хот, хөдөөгийн хүмүүс, залуусын хооронд ялгаа байхгүй, харин хувь хүн болгоны хувьд ухамсарын түвшин өөр гэдэг миний дүгнэлтийг улам бататгасан юм. Гадаадад сурч, тэр мундаг сургуулиас нь тэр айхтар зэрэг цолыг нь авч ирээд тамхины ишээрээ байгалиа бузарлах шахсан тэр хэсэг залуус нилээд ичээ байлгүй дээ. Мэдээж тамхи татдаг бүгд нь тэгээгүй гэдэгт итгэж буй. Магадгүй гадаадад байхдаа тийм үйлдэл гаргадаггүй хирнээ Монголдоо “орчинд нь тааруулж” сөрөг үйлдэл хийдэг байж болох юм. Энэхүү сэтгэлгээний өөрчлөлтийг хийх гэдэг л хэний янаагүй хамгийн хэцүү асуудал болоод байна даа та бидний хувьд. Энэ талаар хувь хүний нийгмийн хариуцлага гээд би дээр бас бичиж байжээ. Галуу, шувууны мах хэсэг идсэн мань мэт нь өөрсдөө үлгэр жишээ үзүүлэх ёстой нь гарцаагүй. Гэхдээ дан дангаараа биш хоорондоо нэгдэж хийвэл илүү үр дүнтэй болов уу гэж боддог олон залуусын хүслийн уулзвар нь энэхүү хурал байсан буй заа.
Хурлаас гаргасан санал санаачлагуудыг бодит ажил хэрэг болгохын тулд оффис, боловсон хүчин зайлшгүй хэрэгтэй болно доо. Байрыг нь хотын орлогч дарга буюу Мөнхбаатар, боловсон хүчний жилийн цалинг нь Орон Сууцны Санхүүжилтын Корпорацийн захирал Алдаржавхлан дааж зохицуулахаар газар дээр нь шийдвэр гаргасан нь хуралд нийслэлийн залуу дарга нар оролцсоны супер давуу тал нь байлаа. Хуралд оролцогч нарын мэдээлэл бүхий датабааз үүсгэн хоорондын мэдээллийн цахим сүлжээ үүсгэх гэсэн манай багийн саналыг дэмжин хамгийн анхны хийх ажлаа болгосонд Best Team-р шалгарсан “Авхаалжтай 12” баг сэтгэл дүүрэн байжухуй. Миний хувьд бас нэгэн хэрэгтэй зүйл бол төрөл бүрийн салбарт ажиллаж буй сайхан залуустай танилцаж, андуудын хүрээг тэлсэн явдал байсан бөлгөө. Эдгээр залуус нь нийгмийн нэгэн жинтэй масс болж хоорондоо улам нягтран нэгдэж идэвхтэй, бүтээлч, уйдах завгүй зүтгэх нигууртай байх ёстой. Бичиж, бодож явдаг зүйл маань ажил хэрэг болж эхэлж буйд баярлаад ханашгүй. Иймэрхүү массын тухай сараачиж байсныг энэ бичлэгийн сүүлийн хэсгээс уншихад илүүдэхгүй байх гэж бодном.
Энэхүү ажлыг зохион байгуулсан New City ТББ-ын залууст маш их баярлалаа гэж хэлье. Юу юугүй борооших нь дээ хөө гэдэг шиг хийх ажил ч улам л их болох нь дээ хөө.
5 comments:
Congrats
goy bichjee. Bid bagaaraa uneheer negdej chadsan.
ТВ-р цацаж байгаа уриалга болон 1 ярилцлага үзсэн. Чуулга уулзалт нь амжилттай болж ажил хийж эхэлсэнд нь баяртай байна.
Nice to hear that kind of initiative!
Good luck!
Dude, GoGo deer neg iim bichleh garsan baina le. Ih zuv sanagdlaa.
http://news.gogo.mn/r/57931
cheers,
Post a Comment