Thursday, 18 October 2012

An interview on Business Times

МҮХАҮТ-ын Business Times сонинд өгсөн ярилцлагаа оруулж байна.








-Юуны өмнө эдийн засагчийн хувьд танаас манай эдийн засгийн маргаашийн талаар ямар бодолтой байгааг тань сонсоё?
-Бид эдийн засгийн үр өгөөжийг хүртэхийн тулд зөвхөн маргаашаар бүх юмыг төсөөлнө гэвэл хэцүү. Маргааш бүх юмыг сайхан болгохын тулд, эсвэл сайхан харагдуулахын тулд магадгүй ирэх 10 жилийн бизнесийн боломж болон өгөөжийг золиослох ёсгүй гэж хэлэх гээд байна л даа. Маргаашийг биш дунд болон урт хугацааг төлөвлөж шийдвэр гаргахын тулд бид хүссэн хүсээгүй том зургаа харах ёстой болдог. Том зураг гэдэг нь улсын хэмжээнд сэтгэхээс гадна бүс нутаг, цаашилбал дэлхийн хэмжээнд оролцоотой байна гэсэн үг. Оролцоо гэдэг нь бид зөвхөн гадагшаа экспорт хийх биш энд импортлох бодлого, үйл явц ч хамаарна. Газар доорх уул уурхайн баялаг, нөөцийн мэдээ нэмэгдээд байх тоолонд л эдийн засаг өсөхгүй шүү дээ. Хэзээ бодит өсөлт мэдрэгдэх вэ гэхээр тэрхүү баялаг эдийн засгийн эргэлтэнд орж байж л сая “амтлагдана”. Хүмүүс “Зураг зурах бол мэргэжил, харин зарах нь урлаг” гэж ярьдаг. Тиймээс ирээдүй ямар байх нь чухам бидний өнөөдөр гаргаж буй шийдвэрийн цар хүрээ, алсын хараанаас шууд хамаарна.
-Монголд хамгийн түрүүн хөгжүүлэх ёстой салбарыг манайхан олон жил ярьж байна. Таныхаар алийг нэрлэхвэ. Хүн бүр хэрэгцээг нь мэдэхгүй байгаа ч заавал шаардлагатай байгаа салбар нь юу вэ гэж асуух гээд байна л даа. Жишээ нь өнөөдөр манайд даатгалын салбар түлхүү хөгжих боллоо...?
-Таны хэлээд байгаа хүн бүр хэрэгцээг нь шууд мэдэрдэггүй ч нийгэмд заавал байх ёстой шаардлагатай зүйлсийг англиар “public goods” гээд байгаа юм. Манайхан жишээ нь, зам дагавал хөгжил ярьдаг. Өөрөөр хэлбэл эдийн засаг, нийгмийн үндсэн дэд бүтцүүд болох эрчим хүч, ус, зам, боловсрол, эрүүл мэндийн цогц бөгөөд боловсронгүй сүлжээг нь бий болгоод өгвөл бид хэн хэнээсээ Монголд ямар бизнесийг хөгжүүлэх ёстой вэ гэж асуух шаардлага гарахгүй. Хүмүүс, бизнес, нийгэм өөрөө аяндаа хөгжөөд явчихна. Эдгээр нь хувийн хэвшил дангаараа хийхэд хэт том, зарим нь тухайн компанийн эдийн засгийн хувьд огт ашиггүй төслүүд тул төр, засаг оролцохоос өөр аргагүй байдаг. ХЭАА-н форматад байсан нэгжүүд одоо компани болж, тархай бутархай мэт үйл ажиллагаа эрхэлж байсан нь эхнээсээ групп, холдингийн зохион байгуулалтанд ороод эхэллээ, манайд. Гэвч үндэсний хэмжээний хатуу болон зөөлөн дэд бүтэц бий болгох ажил дээр төр ба хувийн хэвшлийн түншлэл байхаас өөр боломжгүй. Сүэцийн суваг бол төр хувийн хэвшлийн сонгодог жишээ гэж боддог.
-Өнөөдөр эрчимтэй мэт хөгжөөд байгаа банк, санхүү, даатгалын салбарын тухайд...?
-Жишээ нь даатгалын тухайд энэ салбар хөгжихийн тулд хүмүүс ажилтай буюу цалинтай, компаниуд ашигтай буюу борлуулалт сайтай ажиллах ёстой. Ийм байхын тулд дээр дурдсан дэд бүтэц байх ёстой. Нэг удаагийн байдлаар шийдвэр гаргадаг хүмүүс, аж ахуйн нэгжид даатгал нэг их сонин биш байх. Харин дунд болон урт хугацаанд тогтвортой бизнес хийхэд даатгал чухал. Нийгэм хөгжихийн хэрээр хүн өөрөө өөртөө хүндрэл багатай асуудлыг шийдэхээс гадна эргэн тойрны хүмүүстэй багахан шиг төвөг удахыг хүсдэг байх. Тэр ч утгаараа зарим нэг даатгал заавал даатгуулах гэсэн бүлэгт тооцогддог. Хэдэн жилийн өмнөх тоог харж байхад манай улсын нэг хүнд ногдох даатгалын хураамж 2-3 ам.доллар гэж байсан. Харин зах зээлд бараг ижил хугацаанд шилжсэн ОХУ-д эн энь 40, цаашлаад АНУ-д 3000, Японд 4000 ам.доллар байдаг. Тэгэхээр энэ боломж мөн үү гэвэл мөн л болж таарах нь. Даатгалын давуу тал нь даатгуулж буй зүйлийн үнэлгээг тооцож гаргадаг. Эд хөрөнгийн үнэлгээн дээр бид тодорхой ойлголт, стандарт, хэмжих үзүүлэлттэй болсон боловч хүний амь нас, эрүүл мэнд дээр огцом дэвшил олж харахгүй байгаа. Уг нь логикоор тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын даатгалаас илүү жолооч, зорчигч, иргэдийн амь насны даатгалыг заавал даатгах ёстой төрөлд оруулж өгмөөр байгаа юм. Жишээ нь, яахаараа гадаадын мэргэжилтэнүүд амь насны иж бүрэн даатгалтай ажиллаад манайханд байдаггүй вэ. Үзвэр үйлчилгээн дээрээ гадны хүмүүст өндөр үнээр тасалбараа зардаг байж өөрсдийн эрүүл мэндээ эсрэгээр нь үнэлээд байж боломгүй байх.
-Та яриандаа төр, хувийн хэвшлийн оролцооны талаар нилээд дурдлаа. Төр, засгийн ажлын тухайд хэлэхэд “Нэг яаманд хоёр дэд сайд +Төрийн нарийн бичгийн дарга” байгаа. Ажил нь тийм их юм уу. Эсвэл сайд нь салбараа огт мэддэггүй улс төрийн томилгоо хийгддэг учраас ийм олон туслахтай байдаг юм болов уу гэмээр. Төр дэндүү нүсэр юм. Та бизнес эрхлэгчийнхээ хувьд дээрх аппараттай тулж ажиллаж байгаа. Энэ талаарх байр суурь, санал бодлоо дэлгэрэнгүй хэлнэ үү?
-Дарга бол хийдэг биш хэлдэг хүн байх ёстой гэж хүмүүс бас ярьдаг л юм. Гэхдээ ямар нийгэмд, ямар орчинд дарга байх нь тусдаа асуудал. Манай өнөөгийн нөхцөлд бол 95 хувь тултал нь хийдэг, таван хувь л ярьдаг хүмүүс байх ёстой мэт. Тэгэхээр удирдах хүмүүсийн сонголт, чанар, харилцаа бидэнд хамгийн чухал нь болов уу. Магадгүй нийгэм, эдийн засгийн бүхий л үзүүлэлтүүд өндөр хөгжсөн орнуудын түвшинд очсон үед хийхээсээ илүү ярьдаг хүмүүс нь чухал болох байх. Яг одоогийн Монголын нөхцөлд ярьдаг нь олдоод, хийдэг нь цөөдөөд байна. Ярьснаа бүтээдэг хүмүүс хэрэгтэй болохоос нэг ярьсан юмаа хувцасаа солиод дахиад ярьдаг хүмүүс өөрөө манай нийгмийн асуудал болж хувираад байна.
-Гэхдээ тэд шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчид байх ёстой биз дээ...?
-Тиймээ, ямар ч орчинд байсан дарга шийдвэр гаргадаг байх ёстой. Хамгийн чухал нь гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээдэг, хүлээх чадвартай, хүлээх зоригтой байх ёстой. Шийдвэр гаргадаггүй бол дэд дарга нь байна уу, тэргүүн дарга нь байна уу ялгаагүй үйл ажиллагааны нэг л гацаа болдог. Төр нүсэр байх эсэх нь хийх ажлаас нь буюу өөрсдийнх нь тавьсан зорилтоос шууд хамаарах болов уу. Тухайн зорилт, стратегиа дагаж бүтцээ гаргаж, тухайн бүтэцдээ таарсан хүнээ томилж байгаа бол өөр хэрэг. Тэрнээс биш эсрэгээр буюу хүндээ тааруулж ажлын байр бий болгож, тухайн ажлын байр буюу даргуудын местэнд зориулж төрийн засаглалаа хийж байвал хоол идэж буй тогоо руугаа нулимж байгаа хэрэг болох байх. Өөрөөр хэлбэл ил тод байдал, сайн засаглалыг хэлэх гээд байна. Гэхдээ хичнээн сайн төрийн бүтэц, засаглалын схем байгаад зөв бөгөөд чадалтай хүмүүсээ уг бүтцэд оруулж сонгож чадахгүй бол ямар ч хэрэг байхгүй биз. “Алтан урагийн хүрээнд” биш мэргэжилтэн, “хөндлөнгийн менежер”-үүдийн хүрээнд макро шийдвэр гардаг бүтэц, соёл гэж хэлэх юм уу даа.
Ажил хийдэг туслах бол үнэхээр чухал. Чи надаас дарга нарын цүнхийг барьж явдаг хүмүүсийг асуугаагүй байх гэж бодож байна. Тийм хүмүүсийг би ч сайн мэдэхгүй. Дарга ч бай, цэрэг ч бай өөрт тулгарсан асуудал, өмнөө байгаа ажилдаа л эзэн болох нь чухал. Энэ нь бас заавал төрийн албаар хязгаарлагдахгүй...
-Иргэн, бизнес эрхлэгч хүний хувьд таныхаар төр, засгийн байгууллагууд иргэддээ хүрч үйлчлэхийн тулд үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулбал зохилтой вэ?
-Хууль номоо дагаад явбал татвар төлнө, хуулиа зөрчсөн ч торгууль төлнө гэдэг хэлц бас байдаг юм билээ. Татвар бол бидний заавал төлөх ёстой үүрэг. Харин торгуулах эсэх нь тухайн этгээдийн “эрх чөлөөт” сонголт. Торгуулийн хэмжээ нь татварын хэмжээнээс бага байгаа нөхцөлд л хүмүүс торгуулах чөлөөт сонголтыг хийх болов уу. Үүний эсрэг талд төрийн байгууллагыг төлөөлөн иргэдэд үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй хүмүүс яагаад муу үйлчилгээ үзүүлээд байна гэхээр иргэдэд үйлчилсэн чинээгээрээ ажлынхаа үр шимийг хүртэж чадахгүй байгаатай холбоотой болов уу. Төрийн нүсэр дэд бүтцээс гадна төрийн албыг үүрэг хариуцлага биш боломж гэж “андуурч” бодоод орсон нөхдүүд бишгүй байдаг. Тааралддаг.
Бизнесийн байгууллагуудын хувьд төрөөс нэг их аваад байх үйлчилгээ байхгүй шүү дээ. Бизнесийнхээ орлогоор өөрөө өөртөө үйлчлээд л явчихна. Төртэй юугаар голцуу холбогдож байна гэхээр аливаа нэг гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, стандарт, лиценз, тодорхойлолт гэх мэт бичиг цаасны ажлаар. Нэг жишээ хэлэхэд хэдэн жилийн өмнө банкинд ажиллаж байхдаа төрийн далбааны дүрсийг нэг бүтээгдэхүүн дээрээ ашиглах гээд хуулийг нь уншсан чинь хотын захиргаанаас ч билүү зөвшөөрөл авах ёстой гээд заасан байсан. Тэр дагуу нь хүсэлт тавьж, явуулаад хэдэн долоо хоног болсон. Хариу байдаггүй. Утсаар яриад, очоод уулзахаар тэр мэднэ, тэр хариу өгнө гээд олон хүн дунд гүйлгээд, ачир дээрээ хэн нь ч шийдвэр гаргадаггүй, ингэж байсаар манай нэг төслийг хэдэн сар хойшлуулсан. Одоо ч хариу өгөөгүй л байх. Гэхдээ бүтээгдэхүүн маань зах зээл дээр гарсан. Гарах гарахдаа амжилттай болсон. Түүнээс гадна анх интернэт банкны үйлчилгээг Монголд нэвтрүүлж байхад ямар хууль эрхзүйн зохицуулалт байгаагүй. Байхгүй юман дээр зөвшөөрөл гэсэн ойлголт үгүй нь мэдээж. Зарим тохиолдолд бизнесийн байгууллагууд үнэхээр төрийн хурдаас хамаагүй хурдтай явж хөгжиж байна. Өөрөөр хэлбэл баялгийн хараал гэхээс гадна эдгээр зөвшөөрөлтэй холбоотой чөтгөрийн тойргоос бид аль болох хурдан л гарах ёстой байх. Дээрээс нь иргэдэд үйлчилдэггүй өдөр гээд төрийн байгууллагууд хаалгаа барьдагийг ер ойлгоддоггүй юм. Энэ нь одоо цуцлагдаж байх шиг. Төр иргэддээ хүрч үйлчлэхийн тулд дунд нь байгаа олон шат дамжлагаа багасгавал тэгээд болоод явж байгаа юм, өөр юу хүсэх вэ. Төрийн босоо удирдлага төр дотроо л байдаг юм байгаа биз, харин иргэдэд үйлчлэх талбар дээр төр хэвтээ удирдлагатай байж, шат шатандаа хурдан шуурхай шийдвэр гардаг байх нь зохистой биз ээ.
-Манайд хөрөнгө оруулах гэж байсан гадны компаниуд эхнээсээ шийдвэрээ цуцалж байгаа нь юутай холбоотой вэ? Төр, засаг солигдох бүрт өмнөх бүх шийдвэр хүчингүй болж өөр нэг шийдвэр гаргадаг манай улс төрчдөөс болоод байх шиг...?
-Бизнесийн эрсдэл нь хэмжигдэхүйц, тооцогдохуйц байх ёстой. Тэгж гэмээнэ хөрөнгө оруулагч нар эрсдлээ тооцон мөнгөө халааснаасаа гаргадаг. Эс бөгөөс мөрийтэй тоглоом тоглож байгаатай ялгаа юу болох билээ. Хөдөөний салаа зам шиг олон янзын чиглэл, тодорхой бус нөхцөлд нүдийг нь боогоод явуулж байгаа хүн шиг л хандаад байвал ямар ч этгээд наашаа зүтгэхгүй шүү дээ. Миний мэдэхийн зарим нэг гадны санхүүгийн байгууллагууд хийхээр ярьж төлөвлөж байсан төслүүдээ зогсоож өөр бүс нутаг руу хөрөнгөө хуваарилж эхэлсэн мэдээтэй байгаа. Шалтгааныг нь асуухаар улс төрийн тогтворгүй, тодорхой бус байдал гэж хариулдаг. Миний хувьд манай зарим нэг улстөрчийг мэдлэггүйдээ биш мэдээлэлгүйдээ, санаатай биш сэтгэлгүйдээ, маргаашийг биш өнөөдрөөр сэтгэж шийдвэр гаргах гээд байна уу даа гэж боддог. Хөндлөнгөөс ингэж ажиглагдаад байдаг. “Шавартай булингартай усыг цэвэршүүлэхийн тулд зүгээр л оролдохгүй хэсэг орхичих” гэсэн хэлц үг байдагчлан нийгэм, эдийн засгийн шилжилтийн үеийн дараа сэтгэлгээний шилжилт манай нийгмийн бүх давхарга дээр явагдаж байна гэж ойлгож байгаа. Төрийн эрх нэг намаас нөгөө намд шилжих үйл явц гинжнээс алдуурч буй нохой эрх чөлөө мэдэрч буй шиг байж болохгүй байх л даа. Төрийн түвшинд эрх баригч болон парламентад суудалтай намуудын зорилго, чиглэл, ач холбогдол нийтэд маш ойлгомжтойгоос гадна тогтвортой байхад гадны гэлтгүй дотоодын бизнесийн байгууллагуудад ч чухал. Тухайн нам гэдэг институцийн үнэ цэнэ, эрхэм зорилго, философийг мэдэж байж дэмжих эсэх, гишүүн болох эсэхээ шийдэхээс хэн нэгэн эрх баригчийн цүнхийг барьж гүйснээр, бүх юмных нь бамбай болж жүжиглэх замаар нам, улс төртэй холбогдох ёсгүй мэт. Улс төрийн мэдлэг, мэдээлэл, боловсрол, ёсзүй зэргийн түвшин нь зарим эх оронч төрийн түшээд ба захын хорооллын залхуу архичин хоёрт адилхан л харагдаад байдаг.
-Компаниуд нийгмийн хариуцлага гээд янз бүрийн кампанит ажил хийхээс илүү бусадтайгаа шударга өрсөлдөж, луйвар, хулгай хийхгүй бол болох юм шиг ?
-Нийгмийн хариуцлага гэдгийг хамгийн энгийнээр бол бусдад нэмэр болохгүй бол бүү нэрмээс бол гэж би ойлгодог. Нийгмийн хариуцлага гэхээр заавал компани, аж ахуйн нэгжийн хийдэг ч юм биш. Учир нь компани гэдэг хувь нийлүүлэгч, захирлуудын зөвлөл, гүйцэтгэх удирдлага, ажилчдаас бүрддэг. Эдгээр субъектууд эцсийн дүндээ бүгд л хувь хүмүүс шүү дээ. Эерэг сэтгэлгээтэй, ёс суртахуунтай, хуулиа даган мөрдөж биелүүлэх ёсзүйтэй хүмүүсгүй компани хичнээн нийгмийн хариуцлага гэж ажиллавал зүгээр л нэг тархи угаасан болхи сурталчилгаа л болно.
Жишээ нь, Э.Бат-Үүл хотын даргын ажлаа сайн хийж байна гээд бараг ихэнх хүмүүс дүгнэж байгаа. Сайн анзаарвал нийтийн тээврийн хэрэгслийг нэгдүгээр эгнээгээр явуулах, зөвшөөрөлгүй барилга барихгүй байх гээд бүхий л шийдвэр, тогтоолууд нь өмнө гарсан л байдаг. Гол нь бид түүнийгээ хэрэгжүүлдэггүй, хуулиа мөрдөггүйд л байж. Үүнийг нь хүчлээд мөрдүүлээд эхлэхээр үр дүн нь илт мэдэгдэж байгаа нь энэ юм. Өөрөөр хэлбэл нийгмийн хариуцлага гэж реклам хийж мөнгө цацаж байснаас хуулийн хүрээнд хийж чадах юмаа дор дорноо тултал нь сайн хийж, тэр чинээгээр олон ажлын байр бий болгож, тэр чинээгээр улсад татвар төлж чадаж байвал жинхэнэ утгаараа нийгмийн хариуцлага биш гэж үү. Ажилчдынхаа цалинг хугацаанд нь тавьж чадахгүй, авилга өгч, бусдыг луйвардаж мөнгө олж байгаа бол тэр компани яав ч нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч биш. Түүнтэй адилхан ажил хийж улсад татвар төлж үзээгүй, бусдын өмнөөс байг гэхэд өөрийнхөө төлөө гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээж чаддаггүй, зориггүй хувь хүмүүс бол бас л нийгмийн өмнө хариуцлагагүй бөгөөд нэмэргүй этгээд болон хувирч байгаа юм. Зөв боловч хэцүү шийдвэрийг гаргаж чадах чадвартай бөгөөд зоригтой хувь хүмүүс бизнес болон улс төрийн тавцанд арай л цөөдөөд байна уу даа гэж бодогддог.
Манай нийгэмд гэхэд “проблем” нь байгаад гол нь биш тухайн асуудал буюу асуудалд хандаж буй хүмүүсийн хандлагаас л бүх юм хамаараад байгаа юм шиг. Ухамсар сайтай, нийгмийн идэвх өндөр, бизнесийн өндөр ёсзүйн стандарттай иргэдтэй болсон цагт хөгжлийн асуудал “проблем” байхаа аяндаа болих биз ээ.
-Дэлхийд алдартай “Моторола” компани ажилчдынхаа сургалтанд зориулсан нэг ам.доллар бүртээ ажлын бүтээмжийг 30 ам.доллараар өсгөж байдаг та хэлж байсан. Манай дотоодын компаниуд энэ тал дээр учир дутагдалтай. Хэдийгээр ашиг олох зорилготой ч гэсэн түүнийг олоход хамгийн их үүрэгтэй оролцох хүн нь ажилчид гэдгийг хатуу баримтламаар юм?
-Одоог хүртэл аливаа сургалтыг манай ихэнх компаниуд шагнал байдлаар ажилчдадаа хуваарилж шийдээд байх шиг нь анзаарагддаг юм. Ялангуяа, гадаад улс руу сургалтанд явна гэдэг нь нэр хүнд бүхий шагнал гэж аль аль нь ойлгоод байдаг. Уг нь сургалт бол шагнал бус шаардлага байх ёстой биз дээ. Шагнуулаад, гадагшаа сургалтанд явж буй тэр хүмүүстэй тааралдаж байхад очоод сургалтандаа суухгүй казино тоглоод, дэлгүүр хэсээд л явчихдаг юм билээ. Тийм хүмүүстэй ямар юмных нь ажлын бүтээмж ярих вэ дээ. Иймээс тэр бүр шилдэг мэргэжилтэн биш харин зөв хүнтэй хамтран ажиллах ерөнхий хандлага бизнест харагдаад эхэлсэн. Шилдэг болгон зөв байдаггүй, харин зөв хүмүүс амархан шилдэг болдог учраас тэр. Тиймээс ажилчидаа ямар хүмүүсээс бүрдүүлж чадаж байгаагаас тухайн компанийн үзүүлэлт хамаарахаас гадна мэдээж зөв хүмүүст ямар гүйцэтгэлийн үнэлгээ, урамшууллын систем хэрэглэж байгаа нь ч шууд нөлөөлнө.
Ярилцсан Г.МӨНХДЭЛГЭР

Thursday, 4 October 2012

Pre-paid society

Урьдчилсан төлбөрт нийгэм

Эхлээд мөнгөө төл, дараа нь үйлчилгээгээ ав гэдэг сонгодог зарчим бий. Хүний нийгэм тэр чигээрээ итгэлцэл дээр суурилдаг мэт боловч үл итгэлцэх байдалд орохгүйн тулд, түүнээс үүдэн гаран эрсдэл ба хариуцлагаас зайлсхийхийн тулд бид өөрөө өөрсөддөө асар их хэмжээний нэмэлт зардлыг гаргаж байдаг. Жишээ нь: эскроу данс, хариуцлагын даатгал, хяналтын асар үнэтэй системүүд, банкуудад хүртэл тусгай сейфний хүртэл үйлчилгээ гараад удаж байнам. Зарим нөхрүүд, эхнэрүүд гэр бүлийн хүнээсээ байрны ордероо нуудаг юм гэсэн.

Холливүүдийн киног харж байхад тухайн хүний бүртгэлийн дугаарыг нь мэдэж аваад л ерөнхий системээсээ гэрийн хаяг, утасны дугаар, банкны данс, эзэмшиж буй хөрөнгүүд, гэр бүлийн байдал энэ тэрийг нь шууд мэдээд байдаг. Монголд зам дээр нэг осол гарч хүн эндлээ гэхэд сонин дээр зургийг нь тавихаас наагуур болж байж уг хүнтэй холбоотой мэдээллийг цуглуулан барин гэрийнхэнтэй нь холбоо барьж байна.

Эрнандо дэ Сото хэмээх эдийн засагч ирээд 800 гаруй хүн дээр түүвэр судалгаа хийснийхээ дараа 7,5 тэрбум ам.долларын хөрөнгө бүртгэлгүйгээр монголчуудын гарт байгааг гаргаж ирсэн. Энэ нь сая Худалдаа Хөгжлийн Банкны бондоор босгосон мөнгөнөөс 25 дахин их мөнгө буюу ирэх 5 жилд Монголд хэрэгтэй байгаа хөрөнгө оруулалт, их бүтээн байгуулалтын төслүүдийн нийт өртгийн даруй 10 гаруй хувьтай тэнцэж байгаа юм. Саяхан хөрөнгө, орлогоо мэдүүлгээ бөглөхгүй ээ гээд ажлаасаа нилээд хэдэн төрийн албан хаагч гарсан байна билээ. Энэ мэт нийлсэн далд эдийн засгийн хувийг оруулбал Монгол улсын алдагдсан боломжийн өртөг хэдэд хүрэх бол? Нийгмийнхээ бүхий л баялагийг үнэлэхийн тулд бүхий л зүйлс бүртгэлтэй байх ёстой ба бүртгэл нь байнга шинэчлэгдэж байх ёстой.

Хамгийн чухал зүйл нь мундаг мэдээллийн сан, систем байж болох ч тухайн системд эргэлдэж буй мэдээ нь өөрөө нь зөв буюу бодитой байх ёстой. Эс бөгөөс морь унасан толгойгүй хүнээс ялгаагүй болно. Саяхан Оюу толгойн төслийн баг ашигт малтмалын экспортын судалгаа хийх гээд толгой нь эргэж дууссан сурагтай байна лээ. Учир гэвээс гаалийн мэдээ, компаниудын мэдээ, тээврийн мэдээнүүд нь эрс зөрөхөөс гадна хилийн боомтууд дээр али алийнх нь тооцоонд ороогүй хэдэн мянган тонн ашигт малтмал хэвтэж байх юм гэнэ. Түүнчлэн та нар өөрсдөө туршаад үзээрэй. Бараг аль ч Монголын арилжааны банкны 5 өөр салбараас 5 өөр бүтээгдэхүүнийг нь авбал та 5 удаа яг ижил хувийн материалаа бэлтгэж өгнө. Төлбөрийн картын хугацаа нь дуусаад хугацааг нь сунгуулаад шинээр хэвлүүлж авахад хүртэл Монголын топ банк дахин материалаа бүрдүүлж ир гэх жишээтэй. Үхсэн баасных нь 100% онлайн банк. Онлайн гэдэг үг зөвхөн гүйлгээ хийхэд л хамаатай гэж ойлгосон хэвээр л бололтой юм билээ.

Барууны үйлчилгээний байгууллагуудад data mining гэсэн мундаг ойлголт байна. Үүнийг дагаад иргэд, байгууллагын иж бүрэн мэдээлэл цаг, минут тутам шинэчлэгдэж байдаг. Ач холбогдол нь тухайн хүнийг юу хийсэн гэдгийг нь мэдэхээс гадна тухайн хүн юу хийж бүтээх чадвартай, эсрэгээр юуг нураах буюу ямар төрлийн эрсдэлтэй гэдгийг нь хоромхон зуур мэдээллийг нь хараад дурын хүн дүгнэлт хийж боломжтой. Үүгээрээ нэг хүний хийсэн балгийг арван хүн үүрэхгүй, нэг хүний хийсэн гавъяаг хоёр хүн хүртэх боломжийг нийгмийн харилцаанд орж буй бүхий л субъектуудад нээж өгч байдаг мэт. Баруунд цалингаа картаар авдаг нөхөрт жилийн дараа банкнаас алтан карт олгож, дахиад жилийн дараа шууд автоматаар зээлийн эрх нээж өгч байх жишээтэй. Хамгийн гол нь нөгөө нөхөр тогтмол ажилтай, орлоготой л байх ёстой.

Нийгэм хөгжихийн хирээр эхлээд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ харилцагч нартаа хүргээд дараа нь төлбөрөө нэхэмжилж авдаг ерөнхий хандлага байна. Хэн ч мэдэхгүй нөхөрт мэдээж бүтээгдэхүүнээ тэр болгон дараа тооцоогоор өгдөггүй. Олны танил хүнд өгөөд өнөөх нь алга болсон ч мэдээллийн сангаараа дамжин тухайн хүнийг ямар ч төвөггүй олоод авчихна.

Өөрөөр хэлбэл эдийн засгийн хөгжлөөс илүү нийгмийн хөгжлөөс хамаарч хүмүүс, компаниуд дараа тооцоогоор буюу дараа төлбөрөө хийх хандлага руу шилждэг бололтой. Ухаан нь шилжилтийн ороо бусгаа үед худалдан авагч нь ч тэр, худалдагч нь ч тэр “нэг удаагийн” үйлчилгээн дээр дулдуйдаж богино хугацаанд өндөр ашиг, эрсдлийг авч хүлээхэд бэлэн байдаг. Ам мэхээр барилддаг бөхчүүд болон аман гэрээгээр тохиролцдог бизнес хол явахгүй ээ гэсэн үг. Харин хэд хэд унаж босоод хаширсаны дараа хэн ч гэсэн тогтвортой бизнесийг хүсэх агаад найдвартай орлоготой байхын тулд найдвартай харилцагчтай байх ёстой болох аж.    

Бизнесийн байгууллага ямар ч төрлийн шийдвэр гаргахдаа мэдээж хамгийн эхний шалгуур нь өгөөж, үнэ цэнэ, ач тус буюу эдийн засгийн голцуу хүчин зүйлс байна. Хоёр дахь гол хүчин зүйл нь уг арилжаа, гүйлгээ, үйлдэл нь хуулийн хүрээнд багтах ёстой. Үүний нөгөө талд хувь хүн ч гэсэн цалин авахын тулд чанартай сайн ажиллаж үр дүн гаргах ёстой. Үр дүн гаргахын тулд мөн л хуулийн хүрээнд шударгаар хөдөлмөрлөх ёстой. Энэхүү эдийн засгийн болон хуулийн хүчин зүйлсийг тал талдаа ягштал мөрдөөд эхэлбэл аяндаа дараа төлбөрт нийгмийн үндэс суурь нь бүрдэх биз ээ. Энэ нь цаашилбал эдийн засаг ба хуулийн хүчин зүйлсээс илүүтэйгээр ёс суртахууны болон сайн дурын үндсэн дээр шийдвэр гаргаж ганцхан өөрийнхөө өмнө бус өрөөлийн өмнө хариуцлага хүлээнэ гэсэн үг.

ДНБ-ийг улс орны эдийн засгийн хэмжүүрээр голцуу сонгож авдаг бол нийгмийн хөгжлийн ерөнхий албан бус хэмжүүрийг замын хөдөлгөөний соёл (хууль биш шүү) ба нийт гар утас хэрэглэгч нарын дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт хэрэглэгч нарын харьцаагаар тооцож болох мэт. Японд жишээ нь нийт гар утас хэрэглэгч нарын 95% гаруй нь дараа төлбөрт бөгөөд жуулчид, түр хугацаанд оршин суугч гэх мэт нь л дараа төлбөрт утас хэрэглэдэг юм билээ. Ер нь бол нэг ажилгүй "баагий" албатай юм шиг гар утас авч хэрэглэчихээд төлбөрөө төлж чадахгүй гудамжинд гарч төлбөр өндөр байна, шулуулж байна гэж жагсаал хийх эрхтэй л дээ...

Wednesday, 29 August 2012

Vulture

Тас

Санхүүгийн хямрал нь далд болон ил эдийн засгийн зөрүүг бага ч болов багасгах давуу талтай. Үүнийг онигоороо тайлбарлаж болох. Хэсэг найзууд наргиж байгаад хоолонд орох болжээ. Хоолоо захиалаад тооцоогоо хийх гэтэл хэн ч надад мөнгө байхгүй гээд мөнгө гаргасангүй. Хоолоо идэж чадалгүй зоогийн газраас гараад замдаа юунаас ч юм болж муудалцаад бүгд халамцуу байсан тул цагдаад баригдан эрүүлжүүлэхэд оров. Эрүүлжүүлэхэд орохдоо бүгд халаасаа нэгжүүлж бүртгэл хийлгэтэл бүгд ил болон далд халаасандаа багагүй хэмжээний мөнгөтэй байж бие биенийхээ өмнө шившиг болсон гэдэг.

Энэ оны эхний хагас жилийн байдлаарх банкуудад буй аж ахуйн нэгжүүдийн хадгаламжийн хэмжээг бүртгэлтэй буй 66.000 компанид тэгшитгэн хуваавал нэг компани 30 тэрбум төгрөгийн хадгаламжтай байхаас гадна иргэдийн хадгаламжийг хүн амын тоонд шууд тэгшитгэн хуваавал иргэн бүр ойролцоогоор банкинд 1 сая төгрөгийн хадгаламжтай байна. Өөрөөр хэлбэл банкуудад буй 4.3 триллион төгрөгөөс хувь иргэдийн хадгалж нь 2.8 триллон төгрөг байна. 2 гаран тэрбум ам.доллар гэсэн үг. Түүнчлэн Монголын банкуудад байршиж буй хадгаламжийн хэмжээ өнгөрсөн жилтэй харьцуулахад 26%-р өсч 4.3 их наяд (trillion) төгрөгт хүрсэн байна. Иргэд болон байгууллагуудын гудас болон сейфэн доторх мөнгө үүнд ороогүй байгаагаас гадна манайхны гадаадад байршуулсан мөнгөний дүн ч үүнд ороогүй байгаа. Яаж бид бүхэн ийм хуримтлалтай болов?

Чөлөөт эдийн засаг бүхий тогтолцоонд шилжээд бид даруй 20 гаран жил болж буйн илрэл болж Монголын томоохон компаниудын үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой шил дарааллан болж байна. Зуу зуун жилийн настай барууны компаниудтай харьцуулахад 20 жил гэдэг бол хүнээр бол шилжилтийн нас нь болов уу. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацааны эхэн үед манай бизнесменүүдийн хувьд ганзагын наймааны алтан үе гэгддэг хугацаа нь бизнес, арилжааны ертөнцөд хөлөө олох гол хөшүүрэг болсон болов уу.  Энэ үед торноос суллагдсан шувуу шиг л хувь хүмүүс, за үсрээд л гэр бүлийн хүрээнд чухам өөрсдийн зөн совин, хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн юуг, яаж хийх вэ гэдэг асуултын хариуг олохоор дор бүрнээ хөдөлж эхэлсэн.

Компаниудын амьдралын мөчлөгийн дараагийн үе нь ХЭАА, нөхөрлөл, хоршоод үүссэн үеэс эхэлсэн гэж хэлж болно. Энэ үед хүмүүс илүү хоорондоо хамтран ажиллах, харилцан итгэлцэх байдлаар багаар ажиллаж бие биенийхээ дутууг нөхөж, байгууллагын онолоор бол функциональ хуваарилалтыг хийж эхэлж байжээ. Энэ үеийн бизнесийн гол зорилго нь яаж хурдан өсөлт хийх вэ, яаж хурдан бизнесээ томруулах вэ гэдэг дээр төвлөрч байсан ба өмч хувьчлал нь энэ үеийн циклийн гол импактад тооцогдох байх.

Харин эдийн засгийн өсөлт, хямралын энэ үед Монголд бүртгэлтэй байгаа 60 гаран мянган аж ахуйн нэгжүүдийн гол зорилго нь санхүүгийн удирдлагаар дамжуулан бизнесээ хэрхэн хянах, хэрхэн нэгдсэн төлөвлөлтөнд оруулж базах вэ гэдэг дээр байгаа байх. Өөрөөр хэлбэл хяналт, хяналт, бас дахин хяналт.

Нарийн анзаарч харвал дээрх дурдсан бүртгэлтэй олон аж ахуйн нэгжүүдийн нилээд хэд нь зөвхөн дотоод төдийггүй гадаад зах зээлийн орчинд тохируулан маркетинг болон хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлээд эхэлсэн байна. Ихэнх групп компаниуд өнөөдөр 5-9 бизнесийн үндсэн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагаас салбарын орлого ба зах зээлийн өсөлтөөс илүү оруулсан хөрөнгө оруулалтынхаа өгөөж дээр түлхүү төвлөрч эхэлсэн. Энэ ч шалтгаанаар томоохонд тооцогддог групп компаниудын зарим нь үндсэн бус элдэв бизнесээсээ гарч, цөөн хэдэн болон үндсэн бизнес дээрээ л төвлөрөх хандлага харагдаж байна. Байгууллагын амьдралын мөчлөгөөр бол энэхүү үе шатыг тогтворжилтийн үе гэнэ. Улс харин эсрэгээр эдийн засгийн солонгоржилт гэдэг бодлогыг түлхүү ярьж эхэлж байх жишээтэй.

Дахиад л дээр дурдсан компаниудаас цөөн хэд нь өрсөлдөх давуу талаа олж авах, олж авсанаа баталгаажуулж салбар дахь байр сууриа батжуулах зорилгоор стратегийн түвшний удирлагыг хийгээд эхэлсэн буй. Энэхүү зорилгыг биелүүлэхийн тулд зарим групп компаниуд өдий хүртэл авч явж ирсэн гэр бүлийн бизнесээ задлах, хамтрагч нар салж тусдаа гарах, бүтэц болон өмчлөлийн өөрчлөлт хийх, стратегийн хөрөнгө оруулагч нарыг гаднаас оруулж ирэх зэрэг үзэгдлүүд анзаарагдаж байна. Үр дүнд эдгээр компаниудад бизнесээ өргөжүүлэн гадаад зах зээл рүү тэлж гарах, олон улсын санхүүгийн захаас харьцангүй хямд санхүүгийн эх үүсвэр босгох боломж гарч байна. 2011 оны улсын төсвийн татварын орлогын 72%-ийг бүрдүүлээд байгаа топ 100 компаниудын цөөн хэд нь стратегийн удирдлагаар дамжуулан компанийн бизнес ба санхүүгийн тогтвортой байдлыг эдийн засгийн ороо бусгаа энэ үед хангахын тулд бусдаасаа нилээд ахисан түвшинд ажиллаад хэдийнээ эхэлжээ. Өөрөөр хэлбэл өмчийн эзэн бүгдийг мэддэг, хийдэг ХЭАА биш хувьцаа эзэмшигчид компанийг өмчилж, ТУЗ нь компанийг засаглаж, гүйцэтгэх удирдлага удирддаг сонгодог тогтолцоо руу хүссэн хүсээгүй бид алгуурхан боловч явж байна.

Ямар ч хувь хүн, байгууллага, улсын хувьд аливаа юмыг ойлгож байж хийх, эсвэл бусдыг шууд дагалдан дуурайх, эсвэл өөрсдөө хийж үзэж байж туршлагажих гэсэн ерөнхийг гурван тохиолдол байдаг. Өнгөрсөн 20 гаруй жилүүдийг гүйлгээд харвал бид аливаа юмс үзэгдэл гэх нь хаашаа юм ойлголтыг зөрүүнээс салаагүй л байна. Салтлаа бас овоо хэдэн жил болохоор ч байна. Нөгөө талаасаа бусдыг шууд хуулбарлан дууриаж өсөж хөгжинө гэдэг нь ч зарим зүйл дээр баталгаагүй болж байна. Иймээс хамгийн эрсдэл өндөр нөхцлөөр буюу өөрсдөө өөрсдийнхөө хүсэл, чадлаар хийж “шууд хийх” л хандлага хаа сайгүй хүчтэй анзаарагдаж байна. Гэхдээ энэ процесс дунд free riders, short termism, hot money, responsible leadership, ethical choice зэрэг хувь хүн, компанийн хүрээнээс гадна төрийн бодлогын хэмжээнд зохицуулах шаардлагатай асуудлууд, эрсдлүүд байгаа.

Тас хэмээх том бөгөөд сүртэй шувуу байх. Гэвч жаахан өөлбөл өөрөө ан хийхээсээ илүү бусдын барьсан бэлэн олз дээр ирж ходоодоо дүүргэдэг аж. Гэхдээ л экологи талаасаа байгаль цэвэрлэж байдаг ачтай амьтад. Дарвины онолоор бол хүчтэй, хурдан, чадалтай нь шигшигдэн дараа дараагийн үеэ төрүүлэн чадавхижиж байдаг байгалийн шалгарлын зүй тогтол буй аж. Харин хүний нийгэмд булчингийн хүчээр бус ухааны цараар асуудлыг шийдээд олон мянган жил болж байгаа мэт боловч зарим үед биеийн хүчээр шийдсэнээс долоон дор шийдэл, шийдвэрүүд гарсаар л байна.

Иймээс дээрх асуудлуудыг цогцоор шийдэхийн тулд бид төрийн засаглал ярихаасаа илүү намуудын засаглал, компанийн засаглал гэхээсээ илүү өмчлөгч гэр бүлүүдийн засаглалын асуудлуудыг нухацтай ярилцаж тунгаан хэрэгжүүлэх цаг айсуй.

Дээрээс нь халамж тусламж биднийг хол явуулахгүй гэдгийн жишээ нь Африк тив. Африкийн улсууд өнгөрсөн 42 жилийн хугацаанд нийт 568 тэрбум ам.долларын санхүүгийн буцалтгүй тусламж гаднаас авсан боловч нэг хүнд ногдох ДНБ-ийн өсөлтийн хэмжээ нь 0% байх юм.

Эцэст нь хэлэхэд бидний агаа, эгээ, заримынх нь аав ээжүүд маань шагшин ярьдаг ганзагын наймааны алтан үе ард хоцорч магадгүй түүний хоёр дахь давалгаа буюу боломж нь нэмүү өртөг ба оюуны баялаг бүтээж ашиг олох алтан үе залуус бидний өмнө аль хэдийн ирээд байнам. Аливаа компанийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ын дарга, гишүүн болох тийм ч хүнд биш. Харин болсон хойноо тас шувуу шиг бусдын барьж хаясан сэгээр хооллон голоо зогоох бус бодитоор биет болон биет бус баялаг бүтээж, бусдын өмнө хариуцлагатай манлайлал үзүүлнэ гэдэг нь том даалгавар мэт.

Friday, 22 June 2012

Let us make ethical revolution more than economic revolution

Эдийн засгийн бус этикийн хувьсгал хийе

Хувьсгал гэдэг үгийг заавал үймээн самуун, бослого хөдөлгөөнөөр ойлгох албагүй болов уу. 20 гаруй жилийн турш бид нийгэм, улс төр, эдийн засгийн томоохон өөрчлөлтүүдийг хийсээр ирлээ. Ижил зорилгод өөр өөр арга замаар хүрэхээр тэмүүлж буй улс төрийн ялгаатай үзэл бодол бүхий намууд энэхүү өөрчлөлтүүдийг хийх явцдаа өөрсдөө ч гэсэн багагүй хөгжиж, төлөвшиж авсан байх.

Ямар ч тушаал шийдвэрийг гаргах, гаргасны дараа хүчээр байна уу, аясаар нь байна уу хэрэгжүүлэхэд  амархан мэт боловч хүмүүсийн ухамсарын түвшинд хүртэлх гүнзгий өөрчлөлтийг хийхэд багагүй хугацаа шаардлага гэдгийг бидний жишээ маш тодоор харуулж чадна гэж бодож байна.

Улс орноо хөгжүүлэх, сайхан амьдрахыг адгийн архичингаас авахуулаад бүхий л улстөрчид нь бодож хичээдэг л байх. Гэхдээ хувийн явцуу сонирхол бүхий санхүүгийн сахилга батгүй, мэргэжлийн ёс суртахуунгүй нөхдүүд төрийн, бизнесийн, анги хамт олны, өрх гэрийн бүхий л түвшинд тааралдаж байдаг. Тааралдахаар барахгүй заримдаа биднийг удирдахаас гадна бид өөрсдөө өөрсдийнхөө амьдралыг шийдэх шийдвэр гаргах түвшинд гаргадаг, гарахад нь ч өөрсдөө ч мэдэлгүй тусалсан байдгаа гарсан хойноо л мэдэж араас нь харамсах аж.

Бизнесийн түвшинд энэхүү байдал харьцангүй гайгүй байна гэж хэлж болно. Монгол компаниуд олон улсын зах зээл дээр гарч эхэлснээс гадна хаалттай компаниудыг нээлттэй болоход нь хөшүүрэгдэж санхүүгийн дэд бүтцүүдийг бий болгоод байна. Үүнтэй уялдан компанийн сайн засаглал гэж олон жил яригдаж багагүй ч ажил хийгдэж буй ч үүний дараагийн түвшин болон компанийн эзэд болон эзэн гэр бүлийн засаглал гэсэн томоохон сорилт Монгол компаниудад тулгарч эхэлж байгаа. Хувийн өмчийг 8 настай балчираас 80 настай буурай хүртэл яс махандаа шингэтэл ойлгож мэдэрсэн нь ардчилалын гол үнэт зүйлсийн нэг боловч яаж тэрхүү хувийн өмчтэй болох нь хувь хүний боловсрол, овсгоо, ур чадвараас гадна ёс суртахууны маш том сорилт юм.  

Анги, хамт олон, гэр бүлийн хүрээнд өөрт ногдсон ажлыг аль болох өөр дээрээ эрсдэл багатайгаар буюу хариуцлага хүлээхгүйгээр, хурдан хугацаанд, нүд хуурч, бусдыг ашиглаж хийхийг оролддог, хийдэг хэсэг ч элбэг байдаг. Эдгээр хүмүүсийг саяхныг хүртэл бид ямар овсгоотой юм, ямар сэргэлэн юм, ямар овоо юм гээд магтдаг байсан. Тэр чинээгээр тэд өөгшиж 5 найз, ангийн 30 хүүхдүүдийнхээ өмнө хийдэг байсан үйлдлээ бизнес болон төрийн түвшинд зоригтой хийдэг болсон бус уу? Ямар ч үйл ажиллагаанд таарсан шүүмж байдаг ч бүтээлч буюу асуудлыг шийдэх шийдэл бүхий шүүмж манай нийгэмд асар их дутагдаж байна.   

200,000 дөнгөж гаруй өндөр настнууд, 70,000 хүрэхгүй хөгжлийн бэрхшээлтэй нийгмийн эмзэг бүлэг,  60,000 орчим ажилгүйчүүд иргэдээс бүрдсэн 3 хүрэхгүй сая хүнийг жилийн 10 гаруй хувийн өндөр өсөлттэй 8 гаруй тэрбум ам.доллар бүхий эдийн засгаар дамжуулан улсад бүртгэлтэй 60,000 орчим аж ахуйн нэгжүүдийг оролцуулан, зах зээлийн үнэлгээ нь 1.3 триллион ам.доллар бүхий шуугиулаад байгаа уул уурхайн том  10-хан ордуудыг ашиглах эрх бүхий шийдвэрийг гаргах 76-хан Монгол хүнийг сонгох, эргээд нөгөө 3 хүрэхгүй сая Монгол иргэд өөрсдөө төрийн эрх барихаар сонгогдох эрх нь нээлттэй байгаа бидэнд. Энэ бол шинжлэх ухааны хүнд сонголт биш, энэ бол урлаг, уран сайхны түр зуурын сонголт бүр ч биш. Харин ёс суртахуун буюу этикийн сонголт гэж бодож байна.

Хэн нэгнийг дохиж ажлаа хийлгэдэг, хэн нэгний дохиур болж амьдардаг хүмүүсээс бид нийгмийн бүхий л түвшиндээ салах цаг нь болжээ. Сонгогдох гэж хүмүүсийн этикээс илүү сонгогч олны ухамсарын түвшин, төлөвшил бүхий л юмны үндэс суурь юм.

Зүрх ба толгой хоёрын тулаанд ходоод хождог гэсэн нэг хэлц байдаг юм гэсэн. Эдийн засаг хэдий чухал ч этикгүй эдийн засгийн удирдлага нь чөтгөрийн тойргийг үүсгэхээс гадна нэг нь унавал бүгд унах тул дохьдог, дохиулдаг нөхдүүдийн зохион байгуулалт улам “төгөлдөрших” аюултай билээ. Улс орны шийдвэр гаргах дээд түвшний институцийг сонгохын тулд бид зарим нэг этикийн доройтолд орсон хүмүүст “ухамсрын шанаа” өгөх өдөр айсуй!

Thursday, 14 June 2012

С.Оюун: Улстөр миний хувьд үүрэг, хариуцлага

Сэлэм эргүүлээд том том реформ гэхээс илүү бага багаар байгаа юмнуудаа л сайжруулаад л явах нь илүү чухал байна - Hard work and details

5 жилийн өмнө хүүхдүүдээрээ дамжиж би Оюун эгчтэй анх танилцаж байсан. Тэр үед буюу 2007 оноос бид Хромсомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сан гэдэг ТББ-р дамжин холбогджээ. Өнгөрсөн долоо хоногт холбооны удирдах зөвлөл хуралдаж холбооныхоо тэргүүн болох С.Оюуныг сонгуулийн үйл ажиллагаанд нь тодорхой хэмжээгээр дэмжиж оролцох, өөрсдийн чаддаг, мэддэг зүйлээрээ туслах шийдвэрийг гаргасан юм. Би магадгүй миний хамгийн сайн чадах юм нь сайхан чөлөөтэй ярилцлага хийгээд тэрийг нь блогоороо дамжуулан олон нийтэд хүргэх гэж бодлоо. Энэ ч зорилгоор холбооныхоо гүйцэтгэх захирал Ариун, түүний 2 охинтой нь цуг холбооныхоо тэргүүнтэй ярилцага хийлээ. Өмнө нь би Тимтэй энэхүү ярилцлагыг хийж байснаас бус Монгол хүнтэй албан ёсоор ингэж сурвалжлагч шиг ярилцлага хийж байгаагүй юм байна. Онцолж хэлэхэд энэ бол захиалгат бичлэг, эсвэл цэвэр улс төрийн сурталчилгаа огт биш бөгөөд би хувьдаа хүндэлж явдаг хүнийгээ өөрийн нүдээр харж, ярилцаж, мэдэрч, эргээд энэхүү мэдрэмжээ миний блогийг уншдаг та бүхэнтэй хуваалцахыг зорьсон билээ. Харин миний бичлэгүүдээс хааяадаа авч сайт дээрээ тавьдаг сайтуудын хүмүүсийг энэхүү бичлэгийг олон хүнд тараавал бид их баярлах болно.

-Та бид хоёр холбоогоор дамжин танилцсан ч ингэж тухтай ярьж байгаагүй юм байна. Өмнө нь ажил хэргийн шугамаар уулзаж, таны талаар сонин хэвлэлийн түвшинд л мэдээлэлтэй байдаг. Одоо тухтай ярилцаж намтарыг тань сонсмоор байна.
-Нээрээ бид хоёр тухтай ярилцаж байгаагүй юм байна. Би 1964 онд Улаанбаатарт төрсөн. Аав маань Санжаасүрэн гээд Дорнодын Дашбалбарын гаралтай буриад хүн байсан. Багш, түүхч мэргэжилтэй, төлөв даруу, номын хүн байсан. Ээжийг минь “Сэрэлт” кинонд тоглосноор нь хүмүүс мэддэг. Доржпалам гээд эмч мэргэжилтэй, анагаахыг төгссөн. Анагаахад сурч байхад нь буюу оюутан байхдаа “Сэрэлт” кинонд тоглосон байдаг. Ээж ааваасаа гурвуулаа хоёр ахтай. Бид 23 дугаар сургуулиар хүмүүжсэн. Сургуульд орохоосоо өмнө бичдэг, уншдаг болоод хичээл номоо ах нартайгаа хамт хийдэг байлаа. Яагаад ч юм өөрөө болъё гээгүй байхад л ангийн дарга, пионерийн бүлгэмийн зөвлөлийн дарга болсы дарга болчихдог байсан. Гэхдээ хувь хүн талаасаа би өөрөө амбиц их багатай л даа. Магадгүй энэ нь улс төрчийн хувьд сул тал байх. Дарга болъё гээгүй байхад болчихсон байдаг. Тиймээс заримдаа би өөрөө өөрийнхөө эсрэг яваад байгаа юм шиг санагддаг л юм. Улс төрд оръё өөрөө хүсээд зүтгээгүй л дээ. Харин дараа нь ахынхаа нэр хүнд, олон түмний хариуцлага, итгэлийг дааж өндөр хариуцлагатай явах ёстой гэж бодон хичээж явдаг болохоос ерөнхийлөгч болно, ерөнхий сайд болно гэж амбицалж байсангүй. Ард түмэн их том итгэл үзүүлсэн болохоор амбицаас илүү хариуцлагыг эрхэмлэж явдаг. Итгэл даах ёстой, надад итгэж байгаа хүмүүсийнхээ төлөө ямар нэг юм хийх ёстой, нэг л том хариуцлага юм шиг бодогдоод өнөөг хүртэл улс төрд явж байна.
-Таньтай нэгэнт уулзсаных улс төр, түүний систем, дэд бүтэц, зохион байгуулалтын талаар бас ярилцаж, мэдээлэл авмаар байна. Энгийн жишээгээр сонгуулийн мажоритари ба пропорциональ системийг тайлбарлаж өгөөч?
-Пропорциональ систем гэдэг нь сонгогч намд саналаа өгнө. Улстөрийн намууд жагсаалтаа гаргаад авсан саналын хувиараа парламентад суудал авна. Тухайлбал, бид нийт сонгогчдийн 10 хувийн санал авлаа гэхэд парламентад бүлэг байгуулах хэмжээнд хүрнэ гэсэн үг. 2008 оны сонгуулиар 11 хувийн санал авсан юм. Мажоритар систем нь нэр дэвшигч тойргоос санал авч парламентад орж ирнэ. Нам сонгогчдын 10 хувийн санал авсан ч парламентад нэг ч суудалгүй үлддэг “Winner takes all” буюу ялагч бүгдийг хамна гэдэг зарчмаар энэхүү схем ажилладаг. Тойргоос хүн гарна, аль нэг тойрогт хэн хамгийн их санал авсан нь гарч байгаа юм. Том хүчин зүйлс нь намын рейтинг байдаг. Нийт сонгогчдын талаас бага буюу 40 хувийн санал авсан хирнээ парламентын нийт суудлын 70-80 хувийг авах боломжтой байдаг. Жишээ нь, 2000 оны сонгуульд тухайн үеийн МАХН сонгогчдын 53 хувийн санал авсан боловч парламентын нийт суудлын 95 хувийг авсан байдаг. Тэгэхээр улстөрийн нам хөдөлгөөн эвсээд байсан шалтгаан нь энэ юм.
-Улстөрийн намууд нэгнээсээ хэрхэн ялгарч байна. Юугаараа ер нь ялгарах ёстой байдаг юм бэ?
-Дэлхийд улс төрийн намуудын гурван том үзэл баримтлал байдаг. Социалистууд буюу Социал демократууд (МАН), Консерватив буюу барууныхан (АН), Либерал буюу төвийг сахисан намууд (ИЗНН). Манай намын хувьд төвийг сахисан, аль нэг тал руу туйлшрахгүй, бүх юмыг зах зээлд даатгахгүй, шаардлагатай хэмжээнд төрийн оролцоог байлгана гэсэн бодлоготой. Хүн өөрөө хөдөлмөрлөж, төр хөдөлмөрийг нь үнэлж амьдрал ахуй нийгэм хөгжинө, харин нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай бүлэгт төр халамжаа үзүүлэх ёстой гэж үздэг.
-ИЗНН-ын мөрийн хөтөлбөр Амьдрал гэсэн нэртэй. Энэ хөтөлбөрийн гол агуулга, зорилго нь юу вэ?
-ИЗНН 2012 оны сонгуульд “АМЬДРАЛ” хөтөлбөртэйгээр орж байна. Үргэлж иргэдийнхээ дунд байж жаргал зовлон, хүсэл тэмүүллийг нь мэддэг болохоор Амьдрал хөтөлбөрийг боловсруулсан.
1. Өрх толгойлсон эмэгтэйчүүд
2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
3. Жижиг дунд бизнес буюу хувийн хэвшил гэсэн нийгмийн амин чухал асуудлыг шийдэхгүйгээр ирэх 2020, 2030 оны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Төрийн зохицуулалт тодорхой хэмжээгээр байх ёстой ч хувийн хэвшлээ дэмжсэн зах зээлийн эдийн засаг байх ёстой. Улс төрийн хариуцлагагүй амлалтыг болиулах цаг болж. Жишээ нь, 21000 төгрөгийг долдугаар сарын 1-нээс эхлэн өгөхөө болино. Одоо хавтгайрсан халамж бус нийгмийн зорилтот бүлэг болох өрх толгойсон эх, халамжлах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэндээ өгөх хэрэгтэй.
-Танай нам хэдэн жил болж байна. Анх байгуулагдахдаа л либераль үзэл баримтлалтай нам гэж явсан уу?
-Үүсгэн байгуулагдаад 12 жил болж байна. Анхнаасаа төвийг сахисан, аль нэг тийшээ туйлшрахгүй, зах зээлд бүх юмыг даатгахгүй, гэхдээ зөвхөн шаардлагатай хэмжээнд төрийн оролцоог байлгана гэж ярьж байсан. Нөгөө талаар бизнесийг дэмжих ёстой, татварыг бууруулах талаар бас ярьж байсан. Энэ нь эдийн засгийн либераль талдаа бодлого юм. Одоо байгалийн баялаг, эрчим хүч гэдэг нь стратегийн түвшинд яригдаж байна. Ийм үед зах зээлд бүгдийг даатгаж болохгүй.
-Улстөрийн намууд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд засгийн эрх барих хэрэгтэй. Гэтэл нэг нам хэт олонхи болох хандлага алга. Намууд манайх ялна, тэдэн хувийн санал авна гэж мэдэгдэх болж. Энэ нь сонгогчдын санал өгөх итгэлийг алдаад байна уу?
-ИЗНН-ын хувьд 2008-2012 оны парламентад 3 суудалтай байлаа. Одоо энэ тоог бүлэг байгуулах хэмжээнд буюу 8 суудлаас дээш суудал авахын төлөө ажиллаж байна. Бүлэг байгуулж чадвал парламентад тавих хяналтаа сайжруулж асуудал шийдэх боломж нээгдэнэ.
-УИХ-ын сонгууль асар их мөнгөөр явагдах болж. Мөнгөний сонгууль гэсэн нэр томъёо бий болоод байна?
-Ардчилал хөгжсөн улс орнуудад сонгуулийн зардал харьцангуй цомхон байдаг билээ. Европт гхэд монгол мөнгөөр бодоход 30-50 сая төгрөгийг нэр дэвшигч зарцуулж байх жишээтэй. Гэтэл өнөөдөр Монголд нэр дэвшигч тойрогт 900 сая төгрөг зарцуулсан гэж байх юм. Эрх барьж байгаа том намууд сонгуулийн сурталчилгааны ажлын өртөгийг өсгөөд байгаа нь мөнгөний сонгууль гэх яриаг гаргаад байна. Европын орнуудад сонгуулийн сурталчилгааны үед төлбөртэй сурталчилгаанд маш хатуу хязгаарлалт тавьдаг юм байна лээ. Манайд бас ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл улстөрчдийн нөлөөнд байна. Хэдий хэвлэл нь, сэтгүүлч нь ярилцлага аваад, бидний мэдээллийг түгээмээр байдаг, надад сайн ч гэсэн эзэд нь улс төрийн хувьд өрсөлдөгчид учир боломжгүй байх жишээтэй.
-Танай нам сонгуульд нийгмийн бүхий л давхаргаас нэр дэвшүүлэхийг зорьсон нь харагдаж байна. Энэ нь зөв үү эсвэл том зургаа харж чаддаг лидерүүдээ илүү төлөөлж сойх ёстой юм уу?
-Улстөрчийн хувьд парламентад орж ажилласан байдлаасаа лидер мөн биш нь мэдэгддэг. Харин салбар бүртээ амжилттай ажиллаж, амьдарч буй олон хүмүүс нийгэмд байгаа. УИХ-д орвол одооны их хурлын лидерүүдээс ерөөсөө дутахгүй ажиллах боломжтой залуус олон бий. Гол нь явцуу эрх ашгийн төлөө явдаггүй зөв хүмүүс л байх ёстой. Манай намаас Алтанхуяг гээд евангилист хүн дэвшиж байгаа. Эмчлэгдэх найдваргүй болсон хүмүүсийг асардаг. Энэ залуу яг л хүмүүсийн төлөө явдаг, өөрийн итгэл үнэмшилтэй, өөрөө мөнгө төгрөгөө босгоод л гүйж байгаа. Магадгүй их хуралд орлоо гэхэд макро эдийн засгийн том том тоонууд ярьж, эрчим хүч, уул уурхай гэж ярихгүй байж магадгүй ч нийгмийн халамж, нийгмийн бодлого, эрүүл мэндийн чиглэлээр үнэн сэтгэлээсээ ажиллах хүн. УИХ-д одоо нормальний, улс орноо л гэсэн сэтгэлтэй хүн дутагдаад байгаа юм шиг санагддаг. Бизнесмэнүүд улс төрд орж болно л доо. Гэхдээ дэндүү ихээр орох нь эрсдэлтэй юм. Яагаад өндөр цалинтай, ашиг хийдэг бизнесмэнүүд улс төр рүү шуураад байгаа юм бэ? Бизнесийн мэдээлэл урьдчилан авах, өөрсдийн лоббиг хийгээд явцуу эрх ашгийн төлөө явчих бий л гэдэгт аюул бий.
-Танай намын гишүүд хэд орчим байна одоо?
Түрүүчийн сонгуулиар бид нар 126000 гаран хүний санал авсан гэж тооцохоор бидний дэмжигчдийн тоо 100000 гаруй байна. Яг батлахтай гишүүдийн тоо нь 30000 гаруй хүн байдаг.
-УИХ дахь эмэгтэй гишүүдийн квотын асуудлыг та анх хөндөж байсан санагдах юм?
-Жендэрийн хууль боловсруулахаас өмнө ярьдаг байсан. 2004-2008 онд сонгуулийн хуулийн ажлын хэсгийн дарга байхдаа нэлээд сайн лобби хийж байж эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиар батлуулж байсан боловч сонгуулиас өмнө уначихсан юм.
-Энэ 30 хувь зөвхөн нэр дэвшигч нарын хувьд л яригдаж байснаас парламентад суух гишүүдийн 30 хувь биш, тийм үү?
-Мажоритари системийн хувьд зөвхөн нэр дэвшигчид гэж явахаас өөр аргагүй юм байна лээ. Харин пропорцианаль системийн хувьд болдог. Намууд дүрэмдээ 30 хувиас доошгүй нь эмэгтэй байна, эмэгтэйчүүдийн намын жагсаалтын дээгүүр бичүүлнэ гэх мэт аргаар оруулж болж байна. Одоогийн хуулиар 20 хувь болсон байгаа. Манай намын хувьд намын жагсаалтын эхний зургаад хоёр эмэгтэй байгаа бол Ардын намын хувьд эхний аравт нэг л эмэгтэй байх жишээтэй. Тэгэхээр 30 хувийн санал авч байж 1 эмэгтэй гарах нь. Гэхдээ эмэгтэйчүүдийн сонгуулийн явцыг сонсож байхад манай эмэгтэйчүүд сайн явж байх шиг байна.
-Дээр ярьсан бүх юмыг базаад та ИЗНН-ын философи, хэтийн зорилгыг маш товчоор хэлээд өгөөч?
-Бидний хэтийн зорилго сайн засаглалын хамгийн том дуу хоолой болж улс төрийг илүү ил тод, нээлттэй болгож, шударга ёсыг бий болгохыг хүсэж байна. Энэ нь хяналт гэсэн үг. Нөгөө талаар эдийн засгийн хувьд либераль бодлого баримтлах, мөн сүүлийн үед ногоон бодлого хүчтэй орж ирж байгаа гэсэн гурван гол зүйл байна. Хяналт гэдгийн хувьд бүлэг байгуулах хэмжээнд буюу 8-10 хүнтэй их хуралд ажиллахыг хэлж байгаа болохоос би одоо энд 30, 40 суудал авна гэж худлаа ярих хэрэггүй. Ер нь их хурлад 3 гол үүрэг байдаг. Хууль тогтоох (legislative) буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэд, уул уурхайгаас болж эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх сан байгуулах гэх мэт, гүйцэтгэх засаглал буюу засгийн газрыг хянах (oversight), иргэдээ төлөөлөх (representative) гэх. Ер нь УИХ гэдэг чинь ямар учиртай байгууллага юм, ямар эрхтэй юм гэдгийг бас тэр болгон хүмүүс мэддэггүй тохиолдол байдаг юм билээ.
-За энэ удаагийн сонгуульд бүлэг байгуулах хэмжээний суудал авна гэж зорьж байгаа юм байна. Тэгвэл арай урт хугацааны зорилго буюу жишээ нь 10 жилийн дараа ИЗНН хаана явна гэж төсөөлж, төлөвлөж байна?
-10 жилийн дараа өөрийн гэсэн байр суурь, орон зайтай, тэргүүлэх 2, 3 улстөрийн хүчний нэг байгаасай л гэж хүсч байна.
-Таны хувьд тэгвэл их хурлын гишүүнээс гадна УИХ-ын дэд дарга, засгийн газрын гишүүн ч байж үзсэн юм байна. Аль ажил нь хамгийн кайфтай ч гэх юм уу, таны хувьд илүү бүтээмжтэй нь байсан бол?
-Улстөрд явсан өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд дийлэнхэд нь сөрөг хүчин байсан л даа. Хоёр жилд нь л төр барилцсан байдаг юм. Энд бол кайфтай эсвэл кайфгүйгийн асуудал биш . Улстөрийн хүчин бол засгийн эрх барихын төлөө л явдаг. Тэгж байж бид нар бодлогоо хэрэгжүүлнэ. Гэхдээ сөрөг хүчин байснаар хий хоосон шүүмжлэхийн оронд бүтээлчээр шүүмжилж, шийдэл тал дээр нь ажиллахыг үргэлж хичээсээр ирсэн. Их хуралд суугаад туршлагатай болсны дараа эргээд харахад цөөнх байсан ч гэсэн хичээж ажиллавал 1 сая, 1.5 сая шиг мөнгө, том бодлогын асуудал биш юмаа гэхэд хууль санаачлан батлуулах, санал гаргах зэрэг ажлуудыг хийгээд яваад байж болдог юм.
-Улстөртэй холбоотой асуултуудаа дуусгая аа. Сонирхож байсан юмнуудаа таниас асууж хариултаа авлаа. Гэхдээ энэ сэдвийг базаад та улстөрд байгаа 10 гаруй жилийн хугацаанд хувийн зүгээс болон нам тань Монголын төрд хийсэн, улс эх орныхоо төлөө хийсэн 3 том бодит ажлаа нэрлээч гэвэл юу юу байна?
-Эхнийх нь Авлигатай тэмцэх хуулийг анх санаачлаад, ажлын хэсгийг нь даргалаад, хуулийг нь батлуулсан. Өнөөдөр үүний үр дүнд Авлигатай тэмцэх газар нь байгуулагдаад ажиллаж байна. Мөн хөрөнгө, орлогын мэдүүлгээ бид сайн дураар мэдүүлдэг болоод хэвшиж байна. Хоёр дахь нь Атрын 3-р аян. Манай намын гишүүн Ганхуяг ХАА-н сайд байхдаа хамгийн том хийсэн ажил нь энэ байсан. Бид засгийн газарт орохоосоо өмнө ХАА-д татаас өгөх ёстой, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих ёстой гэж мөрийн хөтөлбөртөө нилээд ач холбогдол өгч оруулсан байдаг юм. Тэр үед зах зээлд бүх юмыг даатгах юм шиг хандлага өргөн байсан. 2000, 2001 оноос эхлэн зарим салбаруудаа, ялангуяа ХАА, хүнсний салбар дээр хамгаалалтын бодлого байх ёстой юм байна гэж ажиллаж байсан. Хятадын чанаргүй, хямд бүтээгдэхүүнтэй дотоодын аж ахуй эрхлэгч нарт татаас өгч дэмжиж байж л өрсөлдөх боломж гарахаар байдаг юм. Үүнийг Ганхуяг маань санаачилсан юм. Хэдийгээр үүнд нэр дурдаглахгүй байгаа ч гэлээ үнэхээр хэрэгжүүлэхэд нь гар бие оролцсон хүн. Мөн энд зээлийн баталгааны санг дурдмаар байна. Одоо хууль нь батлагдаад байгаа болохоос бид 10 жилийн өмнө үүнийг анх ярьж байсан юм. Тухайн үед хүмүүс шоолоод л юун зээлийн баталгааны сан бэ? Зээл чинь зах зээлийнхээ хуулиар л явна биз дээ, баталгааны сан гэхээр чинь бүр дампуу юм болохгүй юу гэдэг байсан. Гадны туршлагаар ЖДҮ-т их байдаг юм байна лээ. 2004-2005 онд би Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг даргалж байсан юм. Лүндээжанцан бид хоѐр даргалж байсан. Энэ хуулиар сонгуулийн тогтолцоо, намуудын санхүүжилт, сонгуулийн санхүүжилт зэргээр нилээд өөрчлөлт оруулсаны нэг нь эмэгтэйчүүдийн квотын асуудал байсан юм. Улстөр дэх эмэгтэйчүүдийн төлөөллийн асуудал дээр би өөрийгөө нилээд оролцоотой байсан гэж боддог.
-Таны талаарх сонин хэвлэлийн мэдээллийг харж байхад ээжийн чинь тухай нилээд гардгаас бус аавын тань тухай мэдээлэл хомс санагдсан. Иймээс та аавынхаа тухай дэлгэрэнгүй ярих боломжтой юу надтай?
-Аав Дорнодын Дашбалбарын хүн. 13 хүүхэдтэй малчин айлын отгон хүү нь байсан юм билээ. Гэхдээ гэрээсээ ганцаараа дээд сургууль төгссөн хүн нь. Дорнод аймгийн төв Чойбалсанд байгуулагдсан анхны 10 жилийн анхны төгсөлт. Дараа нь Улаанбаатарт ирээд МУИС-ийн түүхийн ангийг төгсөөд Москвад нийгмийн ухааны академд докторын зэрэг хамгаалсан. Монголдоо буцаж ирээд боловсролын салбарт олон жил ажилласан. Боловсролын яамны дэд сайдаар хүртэл ажиллаж байснаас гадна Дээд боловсролын хороонд орлогч дарга хийж байгаад МУИС-ийн нийгмийн ухааны факултетийн декан хийж байсан. Ер нь бол их төлөв даруу, номын, их тийм ажилсаг, шударга, хүмүүст их тусладаг хүн байсан. Гэвч аав харьцангүй эрт буюу 51 насандаа намайг дөнгөж 10 дугаар ангиа төгсөж байхад өвчнөөр нас барсан.
-Танай аав, ээж хоёр анх яаж танилцаж байсан юм бол?
-Тухайн үед ээж “Сэрэлт” кинонд тоглоод “од” болсон байсан гэсэн. Манай ээжийг эргүүлдэг байсан нэг залуу хойшоо дипломатын сургуульд явах болоод найздаа ээжийг танилцуулж манай Доржпаламыг сайн харж хандаж байгаарай гээд явсан гэдэг. Ирсэн чинь нөгөө найз нь буюу манай аав ээжтэй суучихсан байсан гэсэн. Ээжийн аав Симуков гэдэг орос хүн байсан. 1923 онд Козловын экспедиц гэж том баг Монголд ирсэн байдаг. Энэ нь Козловын 2 дахь том баг нь байсан бөгөөд Козлов нь өөрөө том судлаач, географик хүн байсан. Өвөө минь Монголд үлдээд 15 жил Монголыг нэвт шувт судлан тухайн үеийн газарзүйн хүрээлэнгийн эрхлэгчээр нь олон жил ажиллаж, Монгол хэлийг ус цас шиг эзэмшин, түүх соёлыг нь Монгол хүнээс илүү судалсан байдаг. Тухайн үед өөрийнх нь Орос эхнэр ирээд 5 жил Монголд амьдарсан байдаг. Манай энэ Орос эмээгийн нилээд их зураг хөрөг үлдсэн байдаг. Цугтаа өвөөтэй цуг Монголоор экспедицээр чамгүй их явсан байдаг. Өвөө маань манай орос эмээгээс Монгод хоёр хүүхэдтэй болсон ч Алтай нэртэй эхний хүүхдээ багад нь өвчний улмаас алдсан. Хоёр дахь хүүхэд нь охин гарангуут Говь гэж нэр өгөөд эхнэртэйгээ цуг Орос руу буцаасан юм билээ. Өөрөө удалгүй араас нь 1, 2 жил ажиллаад очно гэж байтал хэлмэгдүүлэлтийн үе эхэлж өвөөг KБГ баривчлан 1939 онд Орос руу авч явсан. Ээж маань нялхаасаа Монгол айлд үрчлэгдсэн тул Монгол хүн шиг өсч хүмүүжсэн ба өргөж авсан ээж нь Өвөрхангай аймгийн маш сайхан сэтгэлтэй ээж байсан гэж ярьдаг юм. Гэвч манай ээжийг 17 настай байхад нь бурхан болсон юм билээ.
-Улстөрч гэдэг хүний хувьд, улс төр гэдэг ажлын хувьд таны хувьд ажлын чинь хамгийн гоё үе, хамгийн муухай буюу үзэн ядмаар хэсэг нь юу байдаг вэ?
-Хамгийн муухай зүйл нь улс төрийн ажлыг арга барил нь нэг нэгнээ унагаах гэж хэлмээр юм уу даа. Тэгж өрсөлдөгчөө унагааж байж, шүүмжилж байж, хянаж байж ялалтанд хүрэх тул өөрөө энэ чинь их ядаргаатай ажил байхгүй юу. Муухай ч ажил юм шиг, тийм ээ? Гэхдээ үүнийг зөвөөр бодох юм бол зөв л дөө. Жишээ нь үнэхээр буруу зөрүү юм байгаа бол тэрийг нь шүүмжилнэ, илрүүлнэ, засна. Нэг талдаа улс эх оронд хэрэгтэй юм шиг мөртлөө нөгөө талдаа дандаа ийм хурц тэмцлийн дунд бие биеэсээ өө хайж явах, дээрээс нь захиалгатайгаар буруу мэдээлэл бичих, хүнийг гүтгэх, доромжлох асуудлууд дунд явах нь миний хувьд их хэцүү санагддаг.
-Зарим хүмүүс чинь улстөргүй бол амьдарч чадахгүй мэт байх юм. Таны хувьд?
-Улс төрийг миний нийгэмд, улс орондоо оруулах үүрэг, хариуцлага гэж ойлгож, хийх ёстой гэж бодож явдаг. Дээрээс нь нам байгуулаад, толгойлоод, олон мянган хүнийг түүчээлээд явж байгаагийн хувьд тэр олон хүний өмнөөс хариуцлага хүлээгээд явж байна гэж ойлгодог.
-Та С.Зориг агсны хэрэг илрэхгүй нь гэж итгэл алдарч байсан уу. Одоо ч таньд итгэл байна уу?
-Бага зэргийн итгэл байгаа. Миний бодлоор мөрдөн байцаагчид хичээж ажиллаад, хамгийн сүүлд Ерөнхийлөгч хүртэл аюулгүйн зөвлөл дээр сонсоод ингэ тэгэ гээд анхаарал хандуулаад байгаа ч мухарлаж чадаагүй байна. Бусад орны иймэрхүү захиалгат хэргүүд илрэх нь бас ховор байдаг юм билээ.
-Та бид хоёр 2007 онд танилцаж байсан. Хүүхдүүдийнхээ талаар ярилцая?
-Тийм байх. Тэр үед Магнай та хоёр, бас Эрдэнэ (Эрдэнэчулуун эгч маань Хромсомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сан ТББ-ийн анхны гүйцэтгэх захирал) багш хэдүүлээ уулзаж байсан.
-Би ер нь бол Тэмкаг л цухас мэдэхээс бус танай хүүхдүүдийг сайн мэдэхгүй л дээ. Та бас нэг хүүхдээ өргөж авсан гэдэг байх аа?
-Тийм байх. Чи манай хүүхдүүдийг сайн мэдэхгүй болов уу. Нэг хүүхдээ өргөж авсан. Гэхдээ тэрийгээ одоо хэлэхээ больсон.
-Яагаад?
-Яагаад гэвэл хүүхэд том болоод. Бид нар багаас нь Анарт хэлээгүй учраас... Би бол хэлэх ёстой гээд номноос уншсан л даа. Тэртэй тэргүй хүүхэд том болохоор хэн нэгнээс мэдчихдэг юм байна. Тиймээс хөндлөнгийн хүн хэлэхээс өмнө хэлэх ёстой юм билээ.
-Нөхөртэйгээ яаж танилцаж байсан билээ?
-Нөхөртэйгээ юу. Багаасаа, бараг 6, 7 настайдаа танилцаж байсан гэж байвал яах уу? (тачигнатал инээв) Манай Баяраа ахтай хамт гимнастикийн сэкцэнд явдаг байсан юм. Манай Баяраа ах гимнастикаар их сайн хийчээллэдэг байсан.
-Ах чинь тэгвэл бас дүүгээ сайн захиж үлдээсэн чинь таныг аваад суучихсан уу, үгүй юу?
-Хэхэ. Манай Энхбаяр чинь гимнастикийн сэкцэнд идэвхтэй явдаг, гимнастикийн улсын 6 удаагийн аварга шүү дээ. Тэр чинь аягүй мундаг тамирчин байхгүй юу. Ах нартай найз. Дараа нь Зоригоо ахыг хойно сурч байхад Энхбаяр бас хойно оюутан болж очиж байсан. Биеийн тамирын дээд сургууль төгссөн, хажуугаар нь бас сэтгүүлчийн анги төгсөж мэргэжлийг нь эзэмшсэн, манай Зоригоо ахтай бас найз, Москвад. Тэгээд ирээд Монголын радио, телевизэд нилээд хэдэн жил ажилласан. Нилээд чадалтай сэтгүүлч л дээ. 1998 онд Зоригоо ахын хэрэг явдал гараад гэртээ ирэхэд надад хамгийн их тусалж, дэмжиж, түшиж байсан хүн. Тэр үед маш хэцүү үе байсан. Удалгүй нөхөн сонгууль гээд явахад бүх юмыг маань хийлцээд л явсан. Улс төрд ч гэсэн аягүй их түшиг болоод л. Тэгээд л... Би чинь одоо 34, 35-тайдаа ирсэн юмуу даа Англиас. Тэгээд л сүүлдээ 4-үүлээ болоод л бага хүүхдээ гаргах гэсээр байтал 38, 39-тэй болчихсон.
-Хүүхдүүд чинь одоо хэдтэй билээ?
-3-тай, 6-тай, 9-тэй. Тэмүүлэн, Анар, Нарангоо. Тэмүүлэн маань 2003 онд төрөөд, дараа нь Анарыг 3 жилийн дараа өргөж аваад, тэгээд Нараа төлөвлөгөөгүй гарчихсан (инээв).
-Та Дауны синдром буюу хромсомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах холбоон дээрээ тэргүүн гээд явдаг. Магадгүй өөрөө тийм хүүхэдтэй болохоор ч тэр үү танай намын мөрийн хөтөлбөр дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэлсэн бодлого нилээд байх шиг байна лээ. Улс төрөөс гадна энэхүү холбооныхоо ирээдүйг та яаж харж байна?
-Энэ маань сайн дурын ажил. Хэдхэн гэр бүл авч явж байгаа ч бид нилээд хичээж ажиллаж байгаа гэж боддог. Дор дороо зөндөө л ажил хийсэн, хийж байгаа. Цаашдаа бидний гол зорилго бол тогтолцоог өөрчлөөд, төр нь бидний хийгээд байгаа, хийх гээд байгаа зүйлсийг тогтолцоондоо оруулж, системийн хүрээнд шийдүүлдэг байх юм. Үүний тулд бид өөрсдийн үйл ажиллагаагаа төрд сайтар ойлгуулах, нийгэмд зөв ойлголтыг бий болгох, нийгмийн хандлагыг өөрчлөх ажлууд их чухал гэж бодож байгаа. Яг бид нар чинь улсын өмнөөс бүх ажлыг холбоо хийж чадахгүй шүү дээ. Бүх гэр бүлүүд, бүх хүүхдүүдэд хүрч чадахгүй. Чадлаараа ажиллаж байгаа ч гэсэн бид энэхүү тогтолцоог өөрчлөхөд хувь нэмрээ оруулж чадах юм бол бид нарын хамгийн гол ажил болно гэж бодож явдаг. Тэгээд дээрээс нь заавал том ажил гэлтгүй эцэг эхчүүд маань хоорондоо уулзаад, зөвлөлдөө, бие биеэ дэмжээд, туршлагаа хуваалцахад нь бид туслах нь холбооны бас нэг гол ажил байх ёстой. Төрөөс үзүүлэх ёстой боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн ажлуудыг бид тэртэй тэргүй хийж чадахгүй шүү дээ дангаараа нэг төрийн бус байгууллага. Тэгэхээр яг тэр зөв системийг нь бүрдүүлэхэд бид өөрсдийн зөвлөгөө, сэтгэл, мэдлэг туршлагаараа хувь нэмэр оруулах, том зураг буюу roadmap гаргахад нь төрд туслах ёстой. Учир нь бид өөрсдөө амьдрал дээрээ энэ бүх зүйлсийг үзээд, даван туулаад, шийдлүүдийг туршаад явж байгаад болохоор тэрийгээ төр засагт ойлгуулж, төр засаг нь ийм системтэй болоход нь зөв нөлөөлөх юм бол бидний гол ажил болно оо. Харин нэгэнт ийм тогтолцоо бий болсон тохиолдолд бидний хийх гол ажил бол гэр бүлүүдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх, сургалт, төсөл, хөтөлбөрүүдийг зохион байгуулаад л явна. Гэхдээ хандах, хүрэх ёстой бүх гэр бүлүүдэд хүргэх цогц үйлчилгээг ТББ хэзээ ч хүргэж хийж чадахгүй шүү дээ. Тийм хүлээлтийг ч гэсэн хүмүүст, нийгэмд бий болгох хэрэггүй л дээ.
-Эцэст нь асуухад сонгуулийн үр дүн дээр таны таамаглал юу байна?
-Би ингэж бодож байгаа. Хоёр том намын аль нь үнэмлэхүй ялалт авахгүй юм шиг байна. Дээрээс нь 5 хувийн босгыг манайх болон МАХН давах байх гэж бодож байна. Бусад намууд хэцүү.
-5 хувь гэдэг нь?
-Нөгөө намын жагсаалтын дагуу сонгогч нарын 5 хувийн саналыг авч байж л тухайн нам парламентад суудалтай болно. 5 хувь гэдэг нь бараг 70000 сонгогч гэсэн үг. Бидний хувьд их хуралд бүлэг байгуулах хэмжээ гэж байгаа боловч бас л чанга.
-За цаг гаргаж надтай уулзаж ярилцсанд баярлалаа!
-Чамд ч гэсэн баярлалаа!

Wednesday, 18 April 2012

Economic growth

Эдийн засгийн өсөлт

“Catch me if you can” гэдэг кино шиг Монголын эдийн засгийн хурдацтай өсөлтийг даган дээшилж чадахгүй бол хувь хүн, компаниуд амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэв гэдэг зүйл болох биз. Гэхдээ энэхүү өсөлт хязгаартай ба хугацаатай. Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо ДНБ-ийн бодит өсөлтийг 2014 он хүртэл дунджаар 14% гэж тооцож байна.  City групп (2011 оны 2 сар) 2015 онд хүртэл хамгийн хурдацтай өсөх эдийн засаг бүхий орнуудын жагсаалтыг гаргахад Монгол улс жилийн 14.2%-ийн өсөлтөөр жагсаалтыг тэргүүлж, ардаа Ирак, Энэтхэг, Хятад зэрэг улсуудыг орхисон байх юм. Түүнчлэн 2030 онд хүртэлх хугацаанд эдийн засгийн өсөлтөөр дэлхийд тэргүүлэх улсуудыг тооцоход ч мөн адил Монгол улс 9.7%-ийн жилийн дундаж өсөлтөөр тэргүүлсэн байна.

Энэ их эдийн засгийн өсөлтийн хаялага хаана, хэнд, хэрхэн “наалдаж” байгаа нь сонин. Нэг хүнд ногдох ДНБ-ийн (PPP аргачлал) хэмжээгээр энэхүү үзүүлэлтийг дунджаар гаргадаг. Цөөхөн хэдхэн улсын хувьд эдийн засаг хурдацтай тэлэхийн хирээр хувь хүний хөгжил нүдэн дээр харагдах ёстой. МcKinsey&Company-ийн 2011 оны судалгаагаар дараах сонирхолтой дүр зургууд гарсан байх юм.

Дэлхийн эдийн засгийн түүхэнд нэг хүнд ногдох ДНБ нь хамгийн богино хугацаад 2 дахин өссөн улсуудыг Англи улс 1800-гаад оны дунд хүртэл тэргүүлж байжээ. 1700-1854 оны хооронд Англичууд нэг хүнд ногдох ДНБ-ээ 2 дахин өсгөж чадсан ба үүндээ тэд бүхэл бүтэн 154 жилийн зарцуулжээ. Тухайн хугацаанд энэхүү улсын хүн ам 9 сая байсан байна. Дараа нь АНУ 1800-аад оны эхнээс сүүл хүртэлх 53 жилийн хугацаанд мөн нэг хүнд ногдох ДНБ-ээ 2 дахин өсгөж тухайн үеийн 10 сая хүнээ баясгаж байжээ. Цаг хугацааны үечлэлээр Герман улс дараа нь бичигдэх агаад 65 жилийн хугацаанд 28 сая хүнийхээ нэг хүнд ногдох ДНБ-ээ 2 дахин өсгөсөн байна.

Хамгийн сонирхолтой нь 1900 оны эхнээс энэхүү давалгаа Ази тив рүү шилжин орж ирсэн байх юм. Ази тивийг түүчээлэн Япон улс 20-р зууны эхний хагаст 33 жилийн дотор 48 сая хүнийхээ нэг хүнд ногдох ДНБ-ийг 2 дахин өсгөж чадсан бол Солонгос улс үүнд 16-хан жилийг зарцуулж 22 сая хүндээ хүргэж чадсан байна. 20 ба 21-р зууны зааг дээр Хятад улс гайхамшигтай амжилт гарган 12 жилийн дотор л тэрбум гаруй хүнийхээ нэг хүнд ногдох ДНБ-ийг 2 дахин өсгөсөн бол Энэтхэг улс 16 жилийг зарцуулжээ.

Монгол улсын хувьд энэхүү мэдээллийг эх сурвалжаар аван тооцож үзэж болохоор санагдав. 1990-2010 оны хооронд Монгол улсын нэг хүнд ногдох ДНБ-ийн өсөлтийн дунджийг тооцвол 5% л гарч байх юм. Харин 2002-2010 оны өсөлтийн дундаж нь бараг 10% дөхөж байна. Огцом өсөлт 2004 оноос үүссэн байх бөгөөд 2010 он хүртэлх тоог харвал 8 жилийн дотор Монголчуудын нэг хүнд ногдох ДНБ 2 дахин өсчээ. Катар энэ тэрийг харсангүй ч Хятад, Энэтхэгийн амжилтыг аль хэдийн даваад гарчээ.

Улс үндэстний баялаг, орлогын тэгш хуваарилалтыг хэмждэг ЖИНИ индекс гэж буй. Энэхүү үзүүлэлт 0 рүү тэмүүлэх тусам бүх ард иргэдэд баялаг тэгш хуваарилагдаж байна гэж үзэх боловч амьдрал дээр ийм байх боломжгүй. Хамгийн бага ЖИНИ индекс бүхий улсууд болох баруун европын хэдхэн улсуудад л энэхүү индекс нь 20 орчим байх юм. Харин Монгол улсын хувьд жилээс жилд энэхүү индекс өсч буй баян ядуугийн ялгаа нэмэгдэж буй гэж дүгнэж болох. Гэхдээ хамгийн сонирхолтой нь Монголтой ойролцоо ЖИНИ индекс бүхий орнуудыг гүйлгэн харвал Австрали, Канад, нөгөө өндөр хөгжилтэй баруун европын зарим орнууд хүртэл байх юм. Бусад улсуудыг сайн мэдэхгүй, гэхдээ Австрали улсад хэсэг байсных, Австраличууд хэрхэн хөдөлмөрлөж, цалингаа сараар, долоо хоногоор, үйлчилгээний газрууд бүр цагаар хэмжиж хуваарилдаг болохыг мэднэ. Баялаг бүтээхэд хөдөлмөрийн чадвартай бараг хүн бүр оролцож байх шиг байгаагаас гадна Австрали улсын ажилгүйдлийн түвшин 5 орчим хувьтай байх аж. Гэтэл Монгол улсын хувьд ажилгүйдлийн түвшин 11 орчим хувьтай байгаа атлаа Австрали болон Канадын иргэдтэй бараг адил хэмжээнд орлогын хуваарилалттай байна.

Тэгэхээр баялаг, үнэ цэнийн тэгш хуваарилалт гэж ярих нь утгагүй хэрэг болох нь. Харин баялаг, үнэ цэнийн шударга хуваарилалт гэж байх ёстой болох нь. Халаас нь цоорхой архичин нөхрийн 21,000 төгрөгийг илүү цагаар хагас, бүтэн сайн өдөргүй ажиллан татвараар дамжуулан өгч буй залуус ЖИНИ индексийг багасгаж байна гэж бодоод байдаг. Ажилгүй, бэлэнчлээд сууж байгаа идэр насны залуусын тоог цөөлөхгүйгээр (механик бууралт буюу нас баралт энэ тэрийг хэлээгүй юм шүү) олон улсын тавцанд ЖИНИ индекс яагаад ч буурахгүй билээ. Монгол улсын эдийн засгийн үсрэнгүй хөгжил яагаад надад наалдахгүй байна гэдэг асуултыг төрөөс биш, гудамжинд орилж буй нөхдүүд өөрсдөөсөө асууж, шалтгаанаа хайвал зохилтой. Гэхдээ согтуу биш эрүүл үедээ!    

Monday, 16 April 2012

Media

Хэвлэл мэдээлэл

Та бид хэвлэл мэдээллийг 4 дэх засаглал хэмээн нэрийдээд удаж байна. Гэхдээ 4 дэх засаг гээд өөрсдийгөө ойлгочихсон хэдхэн сэтгүүлч нар бас байх шиг байгаа юм.

Орчин үеийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн үсрэнгүй хөгжил энэхүү ойлголтыг хүн болгонд бататган өгч байна. Жиргээ хийдэг зарим хүмүүсийн дагагч нар нь Монголын хамгийн том өдөр тутмын сонингуудын сар, жилийн захиалагч нарын тооноос даваад удаж байна. Хэвлэл мэдээлийн хувьд интернэт нь өөрөө текст, дуу, видео бичлэгийн нэгдсэн талбар болоод буй нь магадгүй Монголд мэдээлэл харилцаа холбоо болон хэвлэл мэдээллийн салбаруудын синержиг үүсгэх үндсэн нөхцөл болж буй болов уу.

Хэвлэл мэдээлэл гээд судлахаар мэдлэг ба мэдээллийн монополь гэсэн ойлголт нилээд тааралдах аж. Ухаан нь дундад зууны үед сүмүүд албаар латинаар бүх харилцаа холбоогоо хийдэг байсан тул зөвхөн латин хэлтэй, боловсролтой, нийгмийн дээд давхаргад сүмийн үйл ажиллагаа хүрч үйлчилж, тэр чинээгээр улс орны гол шийдвэрүүд цөөн хэдэн хүний хүрээнд гарч мэдлэг үйлдвэрлэл, хадгалалт, хуваарилалт хязгаарлагдмал хүрээнд байжээ. Түвдээр байгаа бүх шашны номыг Монголоор орчуулж хүргэх, мэтгэлцэх үйл ажиллагаа яагаад хийгдэхгүй байгаа бол? Мөнгө болон эрх мэдлээс гадна мэдээлэл нь аливаа улсын хувь заяаг шийдвэрлэх голлох хүчин зүйлс болоод удаж байна.

Иймээс хэвлэл мэдээлэлтэй холбоотой технологийн асуудал дээр мэдээллийн эх сурвалжид шууд орох, хандах боломж буюу эрх, түүнчлэн дэд бүтцийн хяналт маш чухал зүйлд тооцогдох нь байна. Яагаад бизнес эрхлэгч нар RIM технологи бүхий Blackberry утсыг хэрэглээд байна гэвэл мэдээллийн аюулгүй байдал, яагаад CDMA технологи дэлхий даяар хүчтэй тархаагүй гэхээр цэргийн технологиос үүдэлтэй гэх мэт. Интернэтэд ФМ радио хөгжлийн цулбуураа атгуулаад зах зээлээс арчигдах шахаж байсан боловч интернэт орчны Streamed Radiо-гийн шинэ загвар эргээд хүчээ авч байх жишээтэй.

Мэдээллийн хувь үнэтэй ба үнэгүй гэсэн 2 төрөл байх шиг байгаа юм. Үнэгүй мэдээлэл нь ихэвчлэн масс нийгэмд зориулагдсан бөгөөд ТВ, интернэт, ФМ байхад явж байгаа мэдээллийг нь төлбөр төлөхгүйгээр үзэгч, сонсогч нар авах боломжтой. Харин сэтгүүл, сонин, төлбөрт суваг зэргийг мөнгө төлж байж авна. Иймээс редакцийн бодлого гэх мэт зүйлээрээ мэдээллийн сувгууд ялгаатай байхаас гадна зорилтот зах зээл нь ч өөр байх нь. Ухаан нь шууд масст хандсан мэдээлэл нь чухал байх уу, эхлээд нийгэм, хамт олны сэтгэлзүйг бүрдүүлэгч бүлэг хүмүүст (opinion leaders) хандах уу гэх мэт. Мэдээлэл үнэтэй болж эхлэнгүүд мэдээллийн эх сурвалжууд болон мэдээллийг мэдээ, анализ болгож байгаа хүмүүсийн үнэ цэнэ, зохиогчийн эрх зайлшгүй яригдаж эхлэх ёстой.

Яг дээрх асуудалтай холбоотой хэвлэл мэдээллийн чөлөөт байдал гэсэн асуудал үргэлж сөхөгдөнө. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө нь чухал ч гэсэн түүнээс эрхэм чухал зүйлс бол хэвлэл мэдээллийн байгууллагуудын нийгмийн хариуцлага байх ёстой болов уу. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээлэл нийгэмд мэдээлэл өгөхөөс гадна ард иргэдийг боловсрол, ухамсрын түвшинд сургах, чиглүүлэх, зөв бөгөөд бодит шийдвэр гаргахад нь туслах ёстой. Хэвлэл мэдээллийн сувгуудын төрөлжилт явагдаж эхлээд байна. Хүн дуртай хувцсаа авч өмсөж, дуртай дуугаа сонсож, дуртай хоолоо ресторанаас захиалдаг шиг мэдээллийн сувгуудыг удахгүй үзэгч сонсогч нар personalization, customization хийх нь бараг тодорхой чиглэл болоод байх шиг байна. Мөнгө төлж байгаа бүхий л этгээдүүдийн хүслийг нь биелүүлдэг, редакцийн бодлого байхгүй, аль нэг тал руу туйлширсан хэвлэл мэдээллийн байгууллага урт наслахгүй. Өнөөдөр Монголд байгаа 130 сонин, 95 телевиз, 72 радио, 102 сэтгүүлүүд хар аяндаа зах зээлийн жамаар зах зээлээс шахагдаж гарах, хоорондоо нэгдэх процесүүд явагдах нь тодорхой биз ээ. Магадгүй огт реклам явуулдаггүй телевизийн сувгуудийг үзэгч нар сар болгон тогтмол мөнгө төлж захиалан үздэг хандлага ч шинэ зах зээл болох боломжтой.

Түүнчлэн ардчилсан нийгэм бүхий улсад үзэгч сонсогч нар нь өөрсдийг нь төлөөлөн сонгогдсон төрийн түшээд нь юу ярьж хийгээд байгаа нь хангалтгүй санагдсан үед хэвлэл мэдээллээр дамжуулан төрд нөлөөлөх, нийгмийг оролцоогоо нэмэгдүүлэх хүсэлтэй байдаг нь дэлхийн хэвлэл мэдээлэл ба улс төрийн түүхүүдээс тодхон харагдана.

Товчхондоо мэдээлэл бол мэдлэгийн цуглуулга байх ёстой болохоос биш цуу яриа, хов жив, захиалгат бичлэгүүдийн хогийн сав байх ёсгүй билээ. 

Thursday, 12 April 2012

Prisoner’s dilemma

Сэжигтэний ацан шалаа

Ийм нэг ойлголт бизнесийн сурах бичгүүдэд элбэг тааралддаг. Хоёр нөхөр хулгай хийжээ. Удалгүй цагдаа хоёуланг нь барьсан боловч хангалттай нотлох баримт аль алинд нь цуглуулж чадаагүй байна. Тиймээс энэхүү хоёр сэжигтэнг мөрдөн шалгахаар баривчлан тус тусад нь хорьж бие биенээс нь болон нийгмээс тусгаарлав.

Эхний сэжигтэнтэй цагдаа ганцаарчлан уулзаад хэрвээ та хоёр хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрвөл өөрт нь 2 жилийн хорих ял хүлээлгэнэ. Хүлээхгүй бол цагдаа зайлшгүй нэмэлт нотлох баримт цуглуулах ёстой болох бөгөөд магадгүй хангалттай баримт цуглуулж чадахгүй бол эхний сэжигтэн буруугүйд тооцогдон чөлөөлөгдөж, эсрэгээрээ баримт бүрдвэл 5 жил хоригдох болохыг сануулжээ.

Уг цагдаа нөгөө сэжигтэнтэй уулзаад мөн л яг адил зүйл ярьсан байна. Хоёр сэжигтэн мэдээж цагдаагийн тулгалтыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд нотлох баримт олдохгүй бол буруугүйд тооцогдож суллагдахаа мэдэж байгаа. Гэвч тэд хоорондоо холбогдож ярилцах боломжгүй бөгөөд нэг нь нөгөөгийнхөө эсрэг юу ярих, яриа нь яаж зөрөхийг аль аль нь таашгүй. Энэхүү хэрэгт сэжиглэгдэж буй хоёр нөхрийн эрсдлүүд болон боломжуудыг дараах зургаар харуулж болох.

Дээрх зургаас харахад мэдээж хоёр сэжигтэн хоёулаа цагдаатай хамтарч ажиллахгүй буюу хэргээ хүлээхгүй байхад өөрсдөд нь хамгийн ашигтай байхаар байна. Харин хэн нэг нь хэргээ хүлээгээд нөгөө нь хүлээхгүй нөхцөлд хэргээ хүлээсэн нь хамгийн муу хувилбар буюу 5 жилийн ял ганцаараа авахаар байна. Гурав дахь хувилбар буюу хоёулаа хэргээ зэрэг хүлээвэл аль аль нь 2 жилийн ял авах нь байна.

Энэхүү тоглоомын онолд бүх мэдээлэл нээлттэй гэж тооцогдох ба хоёр тоглогчтой, нэг удаагийн шийдвэр гаргах, гарсан шийдвэрээс хамаарч үр дүн нь шууд мэдэгдэх тоглоом билээ.

Яагаад ацан шалаа гэхээр аль аль нь хэргээ хүлээхгүй нөхцөл нь сэжингтнүүдэд хамгийн ашигтай боловч хэрэв хэн нэг нь хэргээ дангаараа хүлээвэл хэргээ хүлээгээгүй нөгөө нөхөр хамгийн хүнд ялыг нь ганцаараа үүрэх нөхцөл юм.

Дээрх нөхцөл нь хамтран ажиллаж буй хоёр хувь хүн, бизнесийн байгууллагын хооронд элбэг тохиолдох ерөнхий харилцаа бөгөөд улмаар манай улстөрчдийн хувьд жинхэнэ dilemma болж эхэлж байх шиг байнам. Эвтэй эсвэл Эбтэй байхдаа хүчтэй?