Tuesday, 17 May 2016

Axis of parasite

Паразитийн тойрог

Хэдхэн жилийн өмнө “Чөтгөрийн тойрог” гэдэг хэлц “моод” болж, бүтэж буй болон бүтэхгүй байгаа бүхнийг амтай болгон энэ муу чөтгөрийн тойргоос боллоо гэдэг тайлбар хийдэг байв. Шалтгаан нь “энгийн” хүн ойлгохын аргагүй философилог мэт мөртлөө их энгийн. Буруугаа л хэн нэгэн рүү чихэх, өөрсдийгөө өмөөрөх, хариуцлагаас зугтах. Энэхүү чөтгөрийн тойргоос болж улс орны хөгжил удааширч, бизнесийн орчин муужирч, төрийн засаглал доройтсон гэж ярих.

Мега болон макро түвшний энэхүү чөтгөрийн тойрог дээр яг хариуцлага хүлээх хүн байхгүй бөгөөд дандаа институци, биет бус объектууд “буруутан” нь болж асуудал дуусдаг байв. Харин бид хэзээ ч хувь хүн дээрээ эдгээр асуудлыг төдийлөн ярьж хөндөж байсангүй мэт.

Хувь хүн рүү дээрх хэллэг ба асуудлыг буулган хөрвүүлбэл бид өөрсдөө хачиг буюу “Паразитийн тойрог” болжээ. Бидэн дунд баялаг гэхээс илүү үнэ цэнэ, үнэт зүйл бүтээж бас түгээж буй хэсэг нь улам бүр цөөрсөөр байна. Тэдгээр цөөрч буй “үндэсний цөөнхөө” харх, жоом шиг хурдан үржиж буй нийгмийн олонхи, масс болсон хэсэг нь үнэндээ хачиг шиг шимж ажиллаж амьдарч байна. Гэхдээ бас ухаантай паразитууд. Шимж буй олзоо бүр үхүүлчихгүйхэн шиг гэхдээ бас “давруулчихгүйхэн” шиг сорж шимж амьдрах нь манай нийгмийн амьдралын хэв маяг болох нь ээ харамсалтай нь.

Ажил хийхийг хүсч буй хүмүүст нь, ажлыг чанартай бас үнэнчээр хийдэг хүмүүсийн үнэ цэнэ цалин, ажлын хөлс гэх мөнгөөр үнэлэгдэж хуваарилагдахгүй хирнээ ажлыг хийлгэхгүй гэсэн хэсэгт бүлэгт нь тэр хийлгэхгүй ажлыг нь хийлгэхгүй ээ гэж урамшуулал, хувь хүртээж буй улс, институци, аж ахуйн нэгж хэрхэн яаж өөдлөх билээ!

Хамгийн харамсалтай нь паразитанд шимүүлж ажиллаж, амьдарч буй хүмүүсийг харж буй микроскопийн дуран авайг алслан анзаарвал тэрхүү хүмүүс маань өөрсдөө бас хэдэн арваараа хэн нэг хүний паразит болж шимэн зоогдсон дүр зураг тодрох бөлгөө. Хэн нэгэнд шантаажлуулан шантаажлуулан ажиллаж амьдрах хирнээ хэзээ ч гомдоллодоггүйн нь шалтгаан нь өөрөө бас хэн нэгнийг шантаажилж гол зогоох урлаг нь бөлгөө.

Төр засгийн хэмжээнд алсын хараа үгүй тул институци нь өөрөө хөгжлийн хачиг болчихсон. Бизнес, компанийн хэмжээнд засаглал нь тунгалаг бус учир үнэ цэнийн хачиг болчихсон.  Хувь хүний хэмжээнд хандлага ба боловсрол нь ядмаг тул өөрийнхөө үнэт зүйлийнхээ хачиг болчихсон өөрийгөө шимүүлж, бусдыг шимж гол зогоож буй мэт.


Үүнийг паразитийн тойрог гэмой.

Tuesday, 10 May 2016

Think ... and think again!

Бод бас дахин бод! Тунгаа, эргэцүүл
20 жилийн өмнө би Японд сурч төгссөн Сингапур хүнтэй уулзаж байсан юм. Тэрээр Сингапурт Япон компанид ажилладаг байлаа. Энэ үе бол Сингапурт үндэсний бүтээмжийн хөдөлгөөн ид эхэлж байсан үе байсан бөгөөд Сингапур улс Японоос бүтээмжийн тухай, бүтээмжээ хэрхэн өсгөх тухай ба бэгүй судалж сурч байсан үе.
Тэр үед би энэхүү залуугаас асууж билээ. Япон ба Сингапур хүмүүсийн ялгаа нь юу вэ? Яаж Япон компаниуд үргэлж хүнээ үргэлж шинэ зүйл хийж бүтээх, бүтээмжээ өсгөхөд нь анхаарч хурцалж чадаад байдаг юм бол? Яаж Япончууд төгс төгөлдөр бүтээгдэхүүнийг цаг үргэлж санаачлан бүтээгээд байна? Яагаад автомашин, камер үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлээд байна вэ гэж асууж байв.
Харин тэр надад хариулахдаа яагаад гэвэл Японд бүх зүйл хүмүүжлээр нь дамжин багаас нь эхэлдэг. Сурагч байх үеэс нь эхлэн Японд хүүхдийг яагаад энэ зүйлийг хийж байгаа юм бэ гэдэг асуултыг асуухаас гадна яах гэж энэ зүйлийг хийж байгаа юм гэдэгт хариулуулж сургадаг. Тийм учраас л Япон ажилчид цаг үргэлж юмыг шинээр сэтгэхээс гадна илүү шилдэг зүйл бүтээхийг эрмэлздэг. 
Япон аав хананд зураг хадах гэж байхдаа хүүхдээсээ хадаас аваад өгөөч гэж асуухад хүүхэд нь дан хадаас аваачаад өгвөл аав нь алх нь хаана байна гэж асуудаг. Хүүхэд нь уучлаарай аав аа би алхаа аваад ирье гэж хариулна. 
Харин Сингапур аав яг ижил асуулт асуухад Сингапур хүүхэд уучлаарай гэж хэлэх болов уу, эсвэл та өөрөө надаас алх авч ир гэж асуугаагүй шүү дээ гэж хариулах болов уу?
Өөрөөр хэлбэл бид хэн нэгний хий гэсэн болгоныг хийх ёсгүй юм аа. Бид үргэлж би юуг ямар зорилгоор хийх гэж байна вэ гэж асууж байх ёстой. Түүнээс гадна би өөр юу хийж чадах вэ гэдгээ ч өөрөөсөө асууж бай. Үргэлж байгаа байдлыг сайжруулах арга замыг бодож бай. Хэрэгтэй, өгөөжтэй л бол хийж байгаагаасаа шал өөр зүйлийг ч үргэлж бодож, өөр өнцөг агуулгаас сэтгэж хайрцаглагдахгүй байх нь чухал. Ингэж байж л бид одоо байгаагаасаа илүү сайжирна.
Дахиад нэг бодоод үзээрэй. Хадаас л авч ирээ юу? Алх нь хаана байна? Энэ зургийг би өөр хананд өлгөх ёстой юу? Эсвэл энэ ханан дээр өөр зураг өлгөх ёстой юу? Ер нь зурагны оронд уран баримал тавих ёстой ч юм уу? Миний зорилго хананд зураг л өлгөх юм уу, эсвэл өрөөгөө чимэглэж сайхан харагдуулах гээд байгаа билүү?
Бод бас дахин бод! Би яг юуг яах гэж хийх гээд байгаагаа тунгаая, эргэцүүлье.
Siong Guan LIM. The Leader, the Teacher and You. Page 80

Sunday, 24 January 2016

Identity, Image, and Reputation

Corporate identity (Ондоошил), Image (Донж), 
ба Reputation (Алдар)-ийн ялгаа ба мөн чанар

Компанийн ондоошил гэдэг нь тухайн зах зээл, нийгэм дээрээ хэн байхыг хүсч буй, хаашаа тэмүүлж буйгаа илэрхийлж буй илэрхийлэл юм билээ уг нь. Иймээс компанийн айдентити буюу ондоошилоо тодорхойлохын тулд эхлээд яах гэж тэр компани, хуулийн этгээд, институци байгуулагдсан юм, эрхэм зорилго нь юу юм, юуны тулд оршин тогтнож буйгаа эхлээд ойлгох ёстой мэт. Эдгээр энгийн асуултанд хариулж чадахгүй буюу зорилгогүй байгуулагдсан, алсын хараагүй ажилладаг удирдлагын хувьд компанийн ондоошилоо тодорхойлж чадна гэдэг нь асар эргэлзээтэй хэрэг билээ. Харин лого, симбол, нэр, уриа зэрэг нь жишээлж хэлбэл косметик засварууд л билээ. Зорилгоо тодорхойлгоогүй байж лого "зуруулж" тэрийгээ компанийн брэндинг, айдентити хийсэн гэж ойлгож байгаа хүмүүсийг жишвэл шатрын 64 нүдний булангийн 4 нүдэнд л ажиллаж байгаа шоргоолжтой зүйрлэж болох. 

Харин имиж гэдэг нь тухайн компанийн нийгэмд харагдахыг хүсч буй дүр нь нийгмийн бүх бүлгүүдэд ямар утгаар харагдаж, ойлгогдож байгаагийн тусгал буюу хариу рэакц гэж хэлж болохоор. Үүнийг Монгол хэлнээ донж гэж буулгавал зохих мэт. Компани, институци нь асар олон нийгмийн бүлгүүдтэй харилцдаг. Жишээ нь, засгийн газар, ард иргэд, иргэний нийгэм, бизнесийн байгууллагууд, олон улсын байгууллага, ТББ-ууд гэх мэт. Зорилгоо зөв тодорхойлж, корпорацийн ондоошилоо томъёолж чадсан компанийн хувьд хүссэн хүсээгүй нийгмийн бүхий л давхаргын шууд болон шууд бус дэмжлэгийг авч чаддаг. АНУ-ын Форд компани тухайн үедээ Америк иргэн болгоныг машинтай болгоно гэдэг зорилго тавьсан нь Форд төдийгүй АНУ-ын засгийн газрын зорилго, имиж, тус улсын соёл болсон түүхтэй байдаг. Тэгэхээр бид зөвхөн нэг нэгэн эсвэл хэсэг бүлэг даргад зориулж зорилгоо тодорхойлж болохгүй нь ажээ. Эсвэл бид ашгийн төлөө бүх нөөцөө золиосолж, нийгмийн том давхаргаа алсын хараандаа оруулахгүй байж бүр болохгүй ажээ. Тэгэх л юм бол өөрсөддөө тааруулсан хичнээн сайхан зорилго тодорхойлоод ч нийгэмд яагаад ч зөв имиж үүсэхгүй нь байна. Улстөрийн намын хувьд ирэх сонгуульд л санал авахын тулд зорилгоо тодорхойлж буй бол институци бус санал худалдаж авах арилжааны хэрэгсэл юм. 

Харин reputation буюу компанийн алдар нэр, үнэ цэнэ гэдэг нь дээр дурдсан corporate identity буюу компанийн ондоошил ба image буюу донж хоёрын хооронд үүсч буй зааг гэж ойлгож болох юм аа. Энэхүү зааг ялгаа бага байх тусам л тухайн байгууллага, институцийн нэр алдар сайн бөгөөд үнэн байдаг байх нь. Өөрөөр хэлбэл зорилгоо зөв тодорхойлсон ба тэрхүү зорилгыг нь нийгэм ойлгож дэмжиж байна гэсэн үг. Харин энэхүү зааг ялгаа их байх тусам л ам, ажлын зөрүү ихтэй хүмүүс шиг ойлгогдож тэр хирээр нэр алдаргүй болдог ажээ. Жишээлбэл, нүүр амаа дарвайтал нь будаж, брэндийн цуглуулга болсон хирнээ зөв бичиж чаддаггүй, худлаа нөхдүүдийг бид "ээ худлаа л гар байна шүү дээ" гэж ярьдагтай агаар нэг. 

Эцэст нь хэлэхэд компанийн брэндинг хийх, рэ-брэндинг хийх, корпорацийн айдентитиг гаргах, хөгжүүлэх гэдэг нь лого зурах, брэнд бүүк хийхээс шал өмнөө бизнес юм. Цогцоор нь хийж гэмээнэ буюу 3D хэмжээсээр ажиллаж байж амжилтанд хүрдэг схемийг бидний дийлэнх маань харамсалтай нь агуулгаа огт ойлгохгүйгээр хэлбэр хөөж 2D, зарим нь бүр 1D схемээр хийж, хийх гэж оролдож түмний шившиг болоод байх юм. Бүгдээрээ экосистем, эргэн тойрноо 3D-р харж, ойлгож, хүндэлж, хайрлаж, харилцан ашигтай хамтран ажиллах цаг нь болжээ.

Monday, 4 January 2016

6 factors shaping the global economy in 2016

2016 онд дэлхийн эдийн засагт нөлөөлөх 6 гол хүчин зүйлс

Швед улсын сангийн сайд асан ноён Anders Borg нь дэлхийн эдийн засгийн талаарх дараах сонирхолтой нийтлэл бичсэнийг чадах чинээгээрээ орчуулан та бүхэнд хүргэж байна. Мань эр Хятадад явагдаж буй реформоос авахуулаад  “Брексит” буюу “Британи Европын холбоо”-ноос гарах эрсдлийг хүртэл хөндсөн байна. Том зургаа харах, алсын хараатай байх гэдэг нь ямар чухал зүйл болохыг би лав хувьдаа энэхүү нийтлэлийг уншаад улам бүр ойлгов. Та бүхэн болгооно уу!

2016 он дэлхийн эдийн засгийн хувьд хүнд бөгөөд том сорилттой жил болно.

Дэлхийн эдийн засгийн өсөлт олон жил үргэлжилсэн уналтын дараа бага багаар ажиглагдаж эхэлж байна. Гэвч Олон Улсын Валютын Сан (ОУВС)-ийн гаргасан тооцоогоор бол дэлхийн ДНБ-ийн өсөлт 3,5%-тай гарсан нь 10 гаруй жилийн өмнө болсон дэлхийн санхүүгийн хямралын дараах жилийн өсөлт болох 4,5%-с ч бага байгаа юм. Хэдий тийм боловч энэхүү өсөлтийн хэмжээ нь сүүлийн 5 жилийн дундаж өсөлтөөс хамаагүй дээр үзүүлэлт гэдгийг бид анзаарах ёстой.

АНУ ба ИБУИНВУ нь хямралаас өөрөө өөрсдийгөө авч гарч байгаа хэдий ч хямралтай тэмцсээр байгаад хүнээр бол биеийн эсэргүүцэл нь асар суларсан. Евро бүсийн хувьд эдийн засгийн тэлэх бодлогыг барьж буй бөгөөд өсөлтийг дэмжихийн тулд энэхүү бодлогыг цаашид ч үргэлжлүүлэх нь тодорхой байна. АНУ ба Европт аль алинд нь хөрөнгө оруулалтын түвшин бага хэвээр, бүтээмжийн өсөлт сул, экспортын салбарууд нь эдийн засагтаа, хямралын эсрэг асар бага хувь нэмэр оруулсан хэвээр л байна. Энэ зуур Ази тивд гэсэн эдийн засгийн өсөлт бага багаар буурсан хэвээр байдалтай байна. Дэлхийн худалдааны эргэлтийн өсөлтийн хувь нь дэлхийн ДНБ-ний өсөлтийн хувиас ч бага түвшин рүү орсон байна. Хямралын дараах дэлхийн эдийн засаг, бизнесийн энэхүү эмзэг өсөлт нилээд хэдэн хүчин зүйлсээс шууд шалтгаалж байна.

Нэг: Улс төрийн популизмийн жил?

2016 он улс төрийн популизм гэдэг тамгатай байна. Сул эдийн засаг ба хөдөлмөрийн, баялагийн бүтээмжийн уналттай нөхцөл байдал нь бодит цалин ба хэрэглээнд шууд сөргөөр нөлөөлдөг. Өнөө, маргаашаа тойрсон асуудлууд нэмэгдэх тусам хүмүүсийн алсын хараа бүдгэрч, одоо байгаа нөхцөл байдлаа богино хугацаанд сайжруулахын тулд ирээдүйгээ золиосолж эхэлдэг. Donald Trump (АНУ-ын бизнесмен, тэрбумтан, 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй нэгэн), Jeremy Corbyn (Британийн улстөрч ба Хөдөлмөрийн намын тэргүүн, сөрөг хүчний тэргүүн), Alexis Tsipras (Грекийн улстөрч ба 185 дахь ерөнхий сайд), Nigel Farage (Британийн улстөрч, Британийн тусгаар тогтнолын намын тэргүүн), Marine Le Pen (Францын улстөрч, Үндэсний фронт намын ерөнхийлөгч), Bernie Sanders (АНУ-ын улстөрч, хамгийн олон жил бие даагчаар явж буй конгрессийн гишүүн), Pablo Iglesias Turrión (Испанийн улстөрч, Подемос намын генсек) гэх мэтийн улстөрчид ард иргэдийн энэхүү эмзэг байдлууд болох амьдралын стандарт муудах, санхүүгийн тогтворгүй, баталгаагүй байдлыг нь ашиглан хувийн тоглолтууд хийж эхэлдэг.

Олон хүчин зүйлс популизм ба олон нийтийн бухимдлыг өөгшүүлж дэвэргэдэг. Ажлын байрны баталгаатай байдлыг өнөөдөр даяар өрсөлдөөн, цахимжуулалт, роботын эрин үе үгүй хийж байна. Шинэ ажлын байрны боломжууд гэдэг нь өнөдөөр голцуу түр хугацааны, хагас цагийн, эсвэл ч ямар нийгмийн даатгал, тэтгэмжийн схемд ороогүй хувиараа ажил эрхлэгч байх л нөхцөл л болж хувирч байна. Үүний хамгийн том жишээ нь “Uber юм. Хэдэн мянган сайн дурын жолооч нар тодорхой хэмжээний орлого олж буй боловч нийгмийн халамж, хамгаалалтын системээс гадуур байсан хэвээр л байна. Чанартай боловсролын эрэлт, нарийн мэргэшил бүхий боловсон хүчин, нийгмийн харилцааны чадвар, ааль (social skill) зэрэг үзүүлэлтүүд нь хөдөлмөрийн зах зээлийн стандарт, босгыг асар өндөр болгож, тэр хирээр өрсөлдөөнийг хурцалж байна. Үйлдвэрчний эвлэл гэдэг институци утгаа алдаж байна. Ажлын байрны тогтвортой, найдвартай байдал үгүй болж хөдөлмөрийн зах зээл бүхий өнөө үед үйлдвэрчний эвлэлийн нөлөө, чадал өдөр ирэх тусам улс орнуудад суларч, ажил олгогчид, төр засагтай хэлэлцээр хийх чадамж, давуу талууд нь багассаар байна. 

Ямар ч засгийн газар алсыг харсан, бүтцийн өөрчлөлт хийх буюу реформын шинж чанартай ажлуудыг хийх үед сонгогч нар голцуу түүнийг нь ойлгодоггүй буюу хэт ойрын зорилт хүслээ гүйцээх энгийн шийдлүүдийг шийдвэр гаргагч нараас илүүтэйгээр хүсдэг. Улстөрийн илтгэлцлийг тогтвортой барихын тулд сонгогч нарт улстөрчид бодит цалинг өсгөх, ажлын байр бий болгох, нийгмийн халамж, хангамжийг сайжруулах богино хугацааны шийдэл, саналуудыг санал болгож байж л санал цуглуулж чаддаг. Гэхдээ энэхүү нөхцөл нь эдийн засгийн реформ хийсний үр дүнд сэргэсэн бизнесийн орчил, эрүүлээр өсөж буй хөдөлмөрийн зах зээлийн үед л ном ёсоороо биелэгдэх боломжтой байдаг билээ.

Товчхондоо хамгийн том эрсдэл юу вэ гэхээр урт хугацааны зорилгоо тодорхойлоод хэрэгжүүлээд явъя гэхээр сонгогч нараас авах санал, итгэлээ авч чадахгүй гэж айсан шийдвэр гаргагч, улстөрчдийн популист үйлдэл юм. Энэхүү үйлдэл эргээд хэзээ ч үл дуусах нийгмийн сүлжээ болж бидний хэлдгээр чөтгөрийн тойргийг үүсгэж шинээр тойрог тойрох тусах ард иргэд ба улстөрчдийн хоорондын холбоо улам холдож том ан цав гардаг юм.

Хоёр: Дэлхийн аюулгүй байдал ба цагаачдын хямрал

2016 оны дэлхийн гол үйл явдлын нэг нь яах аргагүй АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэхүү сонгууль нь АНУ-ын дотоодын сонгууль мэт боловч томоор харвал АНУ цаашид “дэлхийн цагдаа” байж чадах уу, үгүй юу гэдэг асуултын гол хариу болох юм. Хэрэв АНУ гадаад бодлогоо зохистой тодорхойлж чадахгүй, дайн самуунтай газруудад зэвсэгт хүчнээ оруулах боломжгүй, хүсэлгүй байх аваас дэлхийн аюулгүй байдлын тэнцвэр алдагдах эрсдэл бидний өмнө үүснэ.

Хэдий АНУ-ын дэмжлэггүй хөдлөхөд хэцүү боловч Европ аюулгүй байдлынхаа талаар дорвитой үйлдэл хийх цаг нь болоод байна. Саяхан Парист болсон эмгэнэлт явдал нь АНУ, Франц, ИБУИНВУ, тэр байтугай Халифат үүсгэх амбиц буюу Исламын улсуудын террористуудын эсрэг тэмцэж буй ОХУ-ыг хүртэл хооронд нь нэгтгээд байна. Ямартаа ч АНУ ба Европ нь дунд болон урт хугацаандаа Ойрхи Дорнод, Хойд Африк, Афганистан зэрэг бүс нутгуудад алан хядагч нарын эсрэг хамтдаа тэмцэх шаардлагатай болсныг цаг үе бидэнд ойлгуулж байгаа. Хэрвээ том гүрнүүд дээр дурдсан том бүс нутгуудыг Боко Харам, Аль-Шабааб, Талибан, Даэш зэрэг террорист нарын мэдэлд үлдээвэл дэлхийн аюулгүй байдал асар том эрсдэлтэй хэвээр байх болно.

Цагаач нарын хямрал нь Европ тивийн хувьд 2016 оны хамгийн хүнд асуудал нь хэвээр байсаар байх болно. НҮБ-ийн тооцоогоор бол зөвхөн 2015 онд 1 сая гаруй цагаач нар Европ тив рүү орогнол хүсэж цагаачилсан байна. Харин дэлхий даяар улс төрийн орогнол хүсэж нэг орноос нөгөө орон руу цагаачилсан хүмүүсийн тоо 2015 онд 60 саяд хүрээд байгаа нь 2014 онтой харьцуулбал даруй 40%-р өссөн үзүүлэлт юм.

Герман, Швед, Унгар, Австри, Итали зэрэг улсууд нь цагаач нарын нөлөөнд хамгийн их орж буй улсуудаар Европ дотроо тооцогдоно. Унгар ба Швед улсуудын хувьд нэг хүнд ногдох цагаачдын тоогоор толгой цохиж буй бол нийт цагаачдын тоогоор Герман улс тэргүүлж байна. Сүүлийн хэдэн долоо хоногт Европ тив рүү ирэх цагаачдын тоо эрс багассан нь магадгүй өвлийн хүнд цаг агаараас болсон болов уу. Магадгүй Европын холбоо Турк улстай саяхан хийсэн улс төрийн гэрээ нь энэхүү цагаачлалын асуудалд шууд нөлөөлж буйг үгүйсгэхгүй.

2016 онд Исламын улсуудын террористууд дотоод улсуудынхаа эсэргүүцэл, тэдний эсрэг үймээн самуунд онилогдох болно. Хэрвээ эдгээр алан хядагч нарын үйл ажиллагаа суларвал Сири, Ирак зэрэг улсуудын нөхцөл байдал сайжрах бүрэн боломжтой. Гэхдээ л Сири, Иракийн зөрчилтэй бүс нутгуудаас дүрвэсэн 4 сая гаруй цагаач нар хөрш улсуудад нь байршсаар байна (Туркт 2.2 сая, Ливанд 1.1 сая, Йорданд 650,000)

Түүхээс харахад бүс нутгийн хямралаас болж дүрвэж буй цагаач нарын тоо нилээд хэдэн жилийн дараанаас тогтворжиж эхэлдэг. Талибаны зэвсэгт хүчний үймээнээс болж Европ руу Афганистанаас улс төрийн орогнол хүсэж ирсэн цагаачдын тоо 2015 онд 100,000 хүн байсан ба энэхүү тоо цаашид ч өсөх хандлагатай байна. Хэдий 2016 онд 2015 оныг бодвол цөөн цагаачид ирэх хандлагатай байгаа боловч урт хугацаандаа 2016 ба 2017 оны дунджаас харьцангүй их цагаачид жил бүр Европ руу цагаачлах хандлага ажиглагдаж байна.
Европ тив рүү чиглэх энэхүү цагаачдын урсгалын богино хугацаанд үзүүлэх эдийн засгийн нөлөө нь эерэг буюу ялангуяа Герман ба Шведийн ДНБ-ийн өсөлтөнд шууд эерэгээр нөлөөлнө. Цаашилбал Европ тивийн хөгширч буй хүн амын бүтэц, буурч буй хүн амын өсөлтөнд ч мөн эерэг нөлөөтэй. Ангела Меркелийн томъёолсончлон цагаачид нь “Дотоод Даяарчлал”-ийг бий болгож, ажиллах хүчийг солонгоруулан, илүү бүтээлч эдийн засгийг бий болгох боломжтой.

Богино хугацаанд энэ олон хүнийг нэгтгэж нийлүүлнэ гэдэг нь ямар ч улсын хувьд асар том сорилт юм. Швед улсын хувьд Сири улсаас очсон цагаач нар хөдөлмөрийн зах зээл рүү бараг асуудалгүй орж, нийгэмдээ уусч чаддаг. Харин Сири улсаас доогуур хөгжилтэй улсуудаас (Сири улсад дайн болохоос өмнө нэг хүнд ногдох ДНБ нь 5000 ам.доллар байсан) их хэмжээний цагаачдыг хүлээж авах нь Швед улсын хувьд том асуудал үүсгэнэ. Цагаачдын интеграцыг сайн хийхийн тулд хүлээж авч буй улсууд нь хөдөлмөрийн зах зээлээ аль болох уян хатан байлгах хэрэгтэй ба боловсролд оруулах хөрөнгө оруулалт, нийгмийн зардлыг өсгөх, халамжийн төсвөө нэмэх шаардлагатай болно. Энэхүү шаардлагууд нь Герман ба Швед улсуудын хувьд аль алинд нь асар хүнд байх болно. Ирээдүйг тольдвол 2017 ба 2018 онд эдгээр улсуудад ажилгүйдэл нэмэгдэх ба энэхүү ажилгүйдэл нь нийгэмд цалингийн дарамтыг бий болгож, цаашилбал инфляцид нөлөөлөх сөрөг талтай.

Гурав: Брекситийн референдум

Европын улстөрийн ирээдүйд хүчтэй нөлөөлөх нэг зүйл нь ИБУИНВУ-ын Европын холбоо дахь гишүүнчлэлийн асуудал ба түүнтэй холбоотой референдум юм. Референдум болгон тодорхой бус зүйлийг агуулсан байдаг. Гэнэтийн, тодорхойгүй зүйлс, үйл явдал нь ямар ч зүйлийн үр дүнг дурын зүг рүү чиглүүлж болдог. Хамгийн бодитой таамаг нь ИБУИНВУ-ыг Европын холбоондоо үлдэх байх гэдэгт огтолцож байгаа. Хэрэв Британиуд Европын холбооноос гарлаа гэхэд түүнээс үүсэх улс төрийн болон эдийн засгийн үр нөлөө, хохирол нь дааж давашгүй байх болов уу.

Хөгшин Европын улс төрийн тэнцвэрт байдал нь нээлттэй, чөлөөт худалдаа бүхий зах зээлээс илүү хүнд сурталтай, төвлөрсөн систем руу чиглэж байгааг нуух ёсгүй. Европ ба ИБУИНВУ аль аль нь АНУ, Хятад, Япон, Энэтхэгтэй харьцуулбал даяар өрсөлдөөний хувьд хамаагүй сул нөхцөл байдалтай байна. Британийн хувьд урт хугацааны эдийн засгийн үр нөлөө, үр дүн нь тийм ч таатай харагдахгүй байна. Европын холбоог бүх талаараа түшихгүй л бол тун удахгүй дэлхийн санхүүгийн төв гэгддэг Лондон асуултын тэмдэг болон хувирахад бэлэн байна. Популист улстөрчид Европын холбооноос Британи гарахад ямар ч зардал гарахгүй гэж байгаа ч бодит байдал дээр энэ бол тоглоом биш билээ. Дани улсын референдум нь тус улсыг 1992 онд айхтар хямрал руу түлхэж байсан түүхтэй бөгөөд Брексит буюу ИБУИНВУ Европын холбооноос гарах нь түүнээс ч том хохирол, эрсдлийг энэ бүс нутагт үүсгэх аюултай.

Тодорхой бус нөхцөл байдал хэдий их байх тусах сонгогчид статус квог голчлон харж шийдвэрээ гаргадгийг бид анхаарах ёстой. Бараг эдийн засгийн бүх мэргэжилтнүүд, уламжлалт улс төрийн намууд ба дийлэнх бизнесийн секторууд “ТИЙМ” гэж маргаж байхад энэ чиг л зөв чиглэл баймаар. Гэвч популизмийн эрин үед тодорхой бус байдал байсаар л байх бөгөөд сонгуулийн албан ёсны дүн гарсан хойно л бид цаашаа хаашаа явах вэ гэдгээ бодитой барагцаалах боломжтой билээ.

Дөрөв: Дэлхий дээрх ОХУ-ын нөлөө

Дэлхийн санхүүгийн зах зээл ба улс төрийн орчинд хүчтэй нөлөөлдөг дараагийн нэг тоглогч бол яах аргагүй ОХУ билээ. 2015 оны төгсгөлд ерөнхийлөгч Путин хуучин хашааны гадна байсан Орос улсын имижийг Сири, Ирак дахь алан хядагчидтай тэмцдэг хүчирхэг гүрэн болгон өөрчилж чадсан. Энэхүү өөрчлөлт нь тун эмзэг байгаа. Зүүн Украинтай холбоотой Путины гаргасан түрэмгий үйлдэл нь түүнд эргэж буцах, уян хатан байх ямар ч боломжийг бий болгоогүй. Үнэндээ ОХУ-ын гадаад бодлогын нэг хэсэг нь Исламын улсуудын алан хядагч нарыг намнахаас илүү ерөнхийлөгч Аль-Ассадад л илүү их дэмжлэг болж буйг нь бодит байдлаас харж болно.

Урт хугацаанд ОХУ одоо буй дэглэмээрээ нэг их хол явахгүй ба дэлхийн тавцанд хүчээ алдах болно. Буурч буй хүн амын өсөлт, архидалтаас үүдэн амиа алдаж буй залуус, уул уурхайн баялаг дээр хэт дулдуйдсан орчил нь үүнийг батална. Ирээдүйд бүтээмж, инноваци л Орос улсыг авч явна. Богино хугацаанд хэрэв ОХУ-ын хөрш улсууд нь сул талаа харуулах л юм бол Орос шууд тэр сул талыг нь ашиглан өөрийн тоглоом болгох эрсдэлтэй. Ерөнхийлөгч Путин бол популизмын мастер бөгөөд барууны эсрэг ямар ч суртал ухуулгыг ямар ч цаг үед хэний ч эсрэг гаргаж тавих, ашиглах чадвартай.

Ирэх жилүүдэд ОХУ руу оруулах хөрөнгө оруулалт өндөр эрсдэлтэйд тооцогдоно. ОХУ-ын эдийн засгийн өсөлтийн гол хөшүүрэг нь гадаад хөрөнгө оруулагчид байна. Орос улс өөрөө хуучны эдийн засгийн бүтцээ өөрчилж реформ хийх, бусадтай хамтран ажиллах нээлттэй байдлыг бий болгож чадсан нөхцөлд л гадаадын хөрөнгө оруулагчид орж ирнэ. Энэхүү түрлэг нь 2015 оны сүүлээр ОХУ-ын улстөрд гарсан өөрчлөлттэй шууд холбогдоно. Тэр хүртэл ихэнх хөрөнгө оруулагчид Оросын тундар удахгүй гэсэх байх гэдэг хүлээлттэй ичээндээ суусаар байх болно.

Тав: Үлбэгэр өсөлт, тогтворгүй зах зээл

Дэлхий даяарх эдийн засгийн өсөлт ирэх жил их л үлбэгэр байх нь. Цаашилбал санхүүгийн зах зээл дээр бид нилээд том хямралыг харах болно. Хэдий АНУ-ын эдийн засаг сэргэж буй, Европ сул хэдий ч өсөлттэй байгаа ч удааширч буй Хятадын эдийн засгийн өсөлт нь олон улсын санхүүгийн зах зээл дээр маш олон тодорхойгүй байдлыг үүсгэнэ. “Жигтэй” мөнгөний бодлогын хүрээнд сүүлийн хэдэн жилд богино хугацаатай асар их мөнгийг дэлхийн санхүүгийн систем руу урсгаж бид хямралыг аргацаасан. Хөрвөх чадвар султай зах зээл ба санхүүгийн шинэ журам, тоглоомын дүрмээс болж маш олон арилжааны банкууд хүнд байдалд орж, олон улсын санхүүгийн тавцанг сэгсрэгдэж байна.

Энэхүү санхүүгийн сэгсрэлтийг зогсоох гол хүчин зүйлс нь АНУ-ын инфляци ба Хятадын реформ хоёр л байх болно. Хэрэв АНУ-д инфляци тогтворжиж, Холбооны нөөц үүнийгээ удирдаж чадвал ам.долларын ханш чангарах боломжтой болно. Мөн инфляцийг ч зохих түвшинд хүртэл бууруулж чадна гэсэн таамаглал байна. Дотоодын сул хэрэглээ ба эдийн засгийн нөөцийн муу ашиглалт нь эрэлт дээр суурилсан инфляцийг өдөөж чадахгүй л байна. Бүтээмжийн өсөлтөнд голлох нөлөөтэй, технологи дээр суурилсан шийдлүүд нь эдийн засгийн өсөлтийг бодитой дэмжих боловч хөрөнгө оруулалтын зардал ба өртгийг нь зохистой түвшинд барих нь бас нэг сорилт болж байна.

Холбооны нөөцийн банк ба бусад улсуудын төв банкуудын өмнөх түүх, статистикуудаа ашиглан инфляцийг тооцож таамагладаг уламжлалт загварууд нь аль хэдийн утгаа алдлаа. Яагаад гэвэл өнгөрсөн үеийн дата ашиглах бус технологи дээр суурилан сансарын хурдтай явж буй хөгжлийг өөр зүйлсээр хэмжиж таамаглахгүй бол бодитой байж чадахаа больжээ. Түүнчлэн инфляци ба цалинтай шууд уяж холбохгүйгээр ажилгүйдлийн түвшинг яваандаа бууруулах үндсэн арга бол яах аргагүй хувь хүний бүтээмжийг дээшлүүлэх асуудал болж хувирч байна.

2016 оны бас нэг онцлох зүйл нь дижитал шилжилт буюу цахим хувьсгал юм. Энэ нь бидний амьдралын бүхий л хэсэгт улам бүр нөлөөтэй болж эхлэнэ. Магадлал болон боломж нь бидний нүдэн дээр маш илэрхий байна. Маш олон старт ап компаниуд шинээр үүсч сүүлийн хэдэн жилийн турш багагүй амжилттай явж байгаа боловч тухайн улсын макро эдийн засгийн түвшинд энэхүү өсөлт нь мэдрэгдэхгүй л байна. Яагаад гэвэл өсөлт хамгийн доод түвшнээс эхэлж буй болохоор тэр. Гэхдээ жил ирэх бүр энэхүү хандлага бага багаар өөрчлөгдсөөр байна. Олон хүн өдөр тутмын хэрэглээ болох банкны гүйлгээ, дэлгүүрт хийх худалдан авалтаа цахим болгох тусам л бидний нийгмийн ба бизнесийн харилцааны үндэс суурь хүссэн хүсээгүй өөрчлөгдөж буйг бид анзаарах ёстой. Иймээс компаниуд энэхүү өөрчлөлтөнд дасан зохицох, уян хатан байх, стратегиа өөрчлөх, үнэ ба ашгийн хувиа бууруулахаас өөр аргагүй байдалд хүрч байна.

Хамгийн хүнд асуудал нь энэхүү цаг үед улс орнууд ажил эрхлэлтийн хувиа хэрхэн өсгөх вэ гэдэгт байна. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд одоохондоо энэ асуудал өндөр аваагүй байна. Хэдий АНУ-ын хөдөлмөрийн зах зээл хүчтэй хэвээр буй боловч Англи, Герман ба Нордикийн орнуудын хувьд асуудал удахгүй босох эрсдэлтэй.

Зургаа: Хятадын реформ

2016 он нь АНУ-ын хувьд инфляцитайгаа тэмцэх нь эдийн засгаа сэргээх гол ажил байх бол харин Хятадын хувьд эдийн засгийн реформоо хийж чадах эсэхээс хамаарч улс орны хөгжлийн цаашдын чиг нь гарна. Хэрэв Хятад эдийн засгаа бага багаар хөрөнгө оруулалт дээр суурилсан схемээс дотоодын хэрэглээ дээрээ суурилсан загвар руу шилжүүлэн дахин тэнцвэржүүлж чадвал энэ нь урт хугацаандаа тогтвортой өсөлтийг бий болгож, Хятадын бизнесийн салбарт бодит өгөөж өгөх реформ болно.

Хятадын засгийн газар их олон удаа, хамгийн сүүлд жишээ нь Давос болон Далианы дэлхийн эдийн засгийн форумын үеэр нээлттэй эдийн засаг бий болгох, чөлөөт зах зээлийг бүрдүүлэх реформ хийх тухайгаа дурдаж баталж байгаа. Энэхүү реформыг хийхэд учирч болох үндсэн эрсдэл нь Хятадын өөрийнх нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн удирдлага, лобби групп болон хуучныг баримтлагч улстөрчид болон шийдвэр гаргагч нар байх болно. Дэлхийн эдийн засгийн хувьд Хятадад хийгдэх энэхүү реформ нь асар чухал бөгөөд олон хүмүүс, институциуд энэ реформ амжилттай хийгдэх эсэх, эсвэл эсэргүүцэлдээ дийлдэн нуран унах эсэхийг амьсгаа даран ажиглаж байна.

Хэрэв зээлийн хумилт явагдаж энэ нь Хятадын эдийн засгийн өсөлтийг удаашруулах дохио илрэх л юм бол Хятадын Төв Банк (People’s Bank of China) сангийн бодлогоо яаралтай хэрэгжүүлж эдийн засгийг богино хугацаанд тэлэх арга хэмжээг авах ёстой. Энэ үед Хятадын юань суларч Ази тивийн хувьд гол валютын үнэ цэнэ багасах боломж үүснэ. Ямар ч нөхцөлд бид энэ онд болон ирэх хэдэн жил уул уурхайн бүтээгдэхүүний үнэ зах зээл дээр үргэлжлэн унах, асар тогтворгүй байхыг харах болно. Магадгүй дэлхийн зах зээл дээрх уул уурхай ба бусад түгээмэл арилжаалагддаг бараа бүтээгдэхүүний үнийн нөхцөл нь инфляцийг бага байлгах нөхцлийг зарим улс оронд бүрдүүлж болох юм. Гэхдээ л супер цикл гэж нэрлэгддэг эдийн засгийн өсөлтийг бид харах хүртлээ багагүй хүлээх хэрэгтэй болох болов уу.

Өнөөгийн Хятад улс нь бусад хөгжиж буй улсуудын хувьд хичнээн чухал түнш болсныг бид энд дурдахгүй өнгөрч болохгүй. Ази тивийн эдийн засгийн өсөлт, Латин Америк, Африк тивийн үндсэн өсөлтүүд нь тухайн бүс нутгаас Хятад руу урсдаг төмрийн хүдэр, зэс, газрын тос зэргийн эрэлтээс шууд хамаардаг болоод удаж байна. Хэрэв Хятад дотоодын сорилтуудаа давж чадвал энэ нь бусад хөгжиж буй орнуудын хувьд өсөлтөнд нь шууд эерэгээр нөлөөлөх хүчин зүйл болж чадах хэмжээнд Хятад улс нь олон улсын худалдаа, эдийн засгийн талбарт хүчтэй тоглогч болж нэгэнт чаджээ.

Хятад хөгжиж буй орнуудын хувьд гол түнш нь боловч эдгээр улсуудын эдийн засаг мэдээж бүхлээрээ Хятадаас хамаардаг гэж бас ойлгож болохгүй. Энэтхэг, Индонези, Бангладеш, Филиппин, Бразил, Мексик, Колумб, Нигер, Эфиоп, ба Зүүн Африкийн улсууд нь эдийн засгийн өсөлтөө дотоодын эх үүсвэрээсээ бүрдүүлэн амжилттай удирдаж явсаар байна. Ямар ч улс төрийн реформ засаглалыг сайжруулдаг. Засаглал сайжирснаар худалдаа хийхэд учирдаг байсан саадууд аяндаа арилдаг. Түүнчлэн засаглал сайжирснаар бизнес хийхэд учирдаг хууль эрхзүйн орчин эрс цэвэршиж, гол нь худалдаа хийхэд гардаг зардал мэдэгдэхүйц буурдаг. Хамгийн гол зүйл нь ажилчдын, ард нийтийн боловсролын түвшин огцом дээшилдэг эерэг үзүүлэлтүүд гардаг юм. Гар утас ба цахим хувьсгал нь хүн болгон хүссэн мэдээллээ хүссэн газраасаа авах боломжийг бүрдүүлж буй бөгөөд энэ нь эргээд улс төрийн нээлттэй, тунгалаг байдлыг сайжруулж буй хэрэг юм.

Хөгжиж буй улсуудын хувьд 2016 он нь багагүй сорилтуудыг үүсгэнэ. Хэрэв АНУ-д Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөж, харин Хятадын төв банк юанийн ханшаа сулруулах бодлого явуулах юм бол энэ нь дэлхийн эдийн засагт нилээд эвгүй нөхцөл байдлыг үүсгэнэ. Эдийн засаг тогтворгүй энэ нөхцөлд улс орнуудын хувьд эдийн засгийн гадаад нөхцөл байдал нь яах аргагүй дотоодын эдийн засгийн бүтцээ өөрчлөх үндсэн нөхцөл нь болох болов уу. Хэрвээ Бразил, Турк, Нигер, Оросын засгийн газрууд олон улсын зах зээлээ томоор харж дотоодын эдийн засгийн реформаа амжилттай хийж чадвал дэлхийн эдийн засгийн хямралын ялагчид болох боломжтой. Гэвч одоогийн байдлаар ийм найдвар их л хол харагдаж байна.

Хөгжиж буй улсуудын хувьд даяарчлал нь илүү их боломжийг авч ирж буй гэдгийг бид ойлгох ёстой. ОУВС-ын тооцоогоор бол 2016 онд 3.4 тэрбум хүн ДНБ нь жилд 6%-с дээш өсч буй улсуудад ажиллаж, амьдрах болно. 6%-ийн өсөлт гэдэг бол тухайн улсын эдийн засаг нь ердөө 20 гаруй жилийн дотор л 3 дахин өсөх бодит боломж юм. Дахин хэлэхэд энэ боломж нь хүн төрөлхтний хувьд ядууралтай тэмцэх, ядуурлыг бууруулах алтан боломж юм. Хүн төрөлхтний түүхэнд өмнө нь хэзээ ч ийм сайхан боломж гарч байгаагүй билээ. 

Гэсэн хэдий ч 2016 он нь ялангуяа хөгжиж буй улсуудын хувьд тэнгэрийн умдаг атгах жил болох уу, эс бөгөөс амандаа орсон шар тосоо хэлээрээ түлхсэн жил болох уу гэдэг асуулт нээлттэй үлдэж байна. Гадаад зах зээлийн нөхцөл байдал нь улсуудын дотоодын эдийн засагтаа реформ хийх үндсэн ташуур нь болох бөгөөд мэдрэмжтэй хийж чадвал эерэг үр дүн гарах нь тун тодорхой байна.

Эцэст нь дүгнэн хэлэхэд 2016 онд бол хүнд жил байх болно. Эдийн засаг бага багаар сэргэх ба энэхүү өсөлтийн голлох манлайлагч нь АНУ болон бусад өндөр хөгжилтэй улсууд байна. Гэвч популизм, гео-улстөрийн эрсдэл, санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал зэрэг нь боломжийг аюул болгоход төө хирийн зайтай байсаар л байх болно.

Нийтлэлийг бичсэн: Андерс Борг. Дэлхийн эдийн засгийн форум, Даяар санхүүгийн системийн санаачлага төслийн УЗ-ийн дарга

Sunday, 27 December 2015

Скайтелийн iPhone-тэй шинэ жил

Цоо шинэ iPhone аваад яг долоо хоног дээрээ нэгэн арга хэмжээ дээрээс хулгайд алдаж багагүй бухимдаж билээ. Скайтел компани үнэнч хэрэглэгчийн статусаар лизингээр авсан энэхүү утсандаа харамсахаас илүүтэйгээр дотор байгаа дата, мэдээлэл нь миний хувьд багагүй ач холбогдолтой байсан билээ. Гомдлын мөр гээд найзуудын санал болгосноор утсаа алдсан дүүрэг, хорооныхоо цагдаад нь очоод өргөдөл гаргаад мэдүүлэг бөглөж орхисон юм. Миний хувьд иймэрхүү зүйлд орооцолдож, цагдаад хүсэлт гаргаж байгаагүй тул дотроо нэг их найдлаг байгаагүй, дээрээс нь сонин хэвлэлээс авсан мэдээллийн ойлголтоор цагдаа гэхээр нь хүн загнасан, ширүүн дүр төрхтэй, харьцаа муутай нөхдүүдтэй тулах нь дээ л гэж бодож байлаа.

Харин бодит байдал яг эсрэгээрээ байлаа. Мөрдөн байцаагч залуу Та Та гэж авгайлахаас гадна хагас, бүтэн сайнгүй залгаж нэмэлт мэдээлэл авч ажлаа хийх. Амралтын өдрөөр гээд өөдөөс нь хэлэхээр бид нар чинь өдөр шөнөгүй, ажил, амралтын өдөргүй ажиллах ёстой юм аа, та санаа зоволтгүй асууж тодруулах зүйлсээ асуугаарай гэх нь бараг 5 одтой зочид буудлын тансаг үйлчилгээ авч буй мэт л сайхан санагдаж байв. Хагас бүтэн сайнд миний төлөө ажиллаж байна гэж бодохоос өөрийн эрхгүй хүндлэл төрдөг аж.

Өргөдөл гаргаж, мэдүүлэг бөглөсөн даруйд тусгай дугаараас гар утсанд мессэж ирж бүртгэлийн дугаар болон асууж тодруулах зүйл байвал шууд холбогдох цагдаагийн утас, мэдээлэл ирдэг болсон байна. Хамгийн ололттой нь http://www.service.police.gov.mn/ сайт руу орж өргөдөл, хүсэлт гаргасан хэрэг маань хэрхэн шийдэгдэж буй явц, хэн гэдэг мөрдөн байцаагч ажиллаж байгаа, түүний холбоо барих бүх хаяг, албан тушуул болон санал хүсэлтээ шууд трак хийж болдог болсон байна. Яг л нөгөө явуулсан илгээмж маань хаана явааг нь DHL-ийн системээр мониторинг хийдэг шиг. Миний утас олдох уу гэж асуухад хайрцаг сав, баталгааны бичгээ бүгдийг нь над дээр үлдээчих ээ, тун удахгүй би танд энэ хайрцаг дотор чинь утсыг чинь хийгээд хүлээлгэж өгөх болно оо гээд өөртөө тун чиг итгэлтэй хэлээд намайг өрөөнөөсөө гаргахад нь тоглоомтой нөхөр байна даа гэж бодож байсныг нуух юун. Саяхан бас орцондоо утсаа дээрэмдүүлсэн танилын маань танилын ухаалаг гар утсыг цагдаа нар олж өгсөн гэж сонсоод итгэл багахан төрж л байлаа.

Утсаа алдсанаас яг 2 долоо хоногийн дараа цагдаагаас яриад та завтай бол хүрээд ирээч гэж байна. Яваад очтол утас маань олдсон, утсыг маань авсан, хэрэглэж байсан хүн нь намайг хүлээгээд цомцойтол сууж байх нь тэр. Ядаж байхад хальж мэддэг хүн байж таараад өмнөөс нь ичээд, бараг дотроо яах гэж утсаа буцаж олох доо гэж “гэмшиж” суулаа. Хүний өмнөөс ичих шиг хэцүү зүйл энэ хорвоод байдаггүй байх аа...

Өнөө цаг үед ухаалаг утас хулгайлах шиг тэнэг хулгай байхаа больсон бөлгөө. Утас болгон, чип болгон кодтой, өөрийн гэсэн сериал дугаартай болсон ийм нөхцөлд өөр хүний иргэний үнэмлэх хулгайлж буйтай л агаар нэгэн утгагүй үйлдэл болсон аж. Их нарийн аргууд байдаг юм байна. Гэхдээ хулгайч нарт шипи өгөхгүйн тулд, мөн цагдаагийн арга ажиллагааны технологи задлахгүйн тулд эдгээрийг энд бичих нь зүйд нийцэхгүй биз ээ.

Миний хувьд энэ шинэ жилийн хамгийн гоё бэлэг нь тэрхүү цагдаагийн сэтгэл, ажил, чадвар, харьцааны соёл нь байлаа. Юм юм хөгжиж л байгаа юм байна. Төрийн, цагдаагийн үйлчилгээний чадвар бас үйлчилгээний чанар ингэж мундаг сайжирсан гэж огт бодож байсангүй. Мэдээд, мэдрээд өөрөөсөө бас л ичиж суунам. Баярлалаа та нарт!

Хэдхэн хоногийн дараа он солигдох гэж буй энэ мөчид энэхүү бичвэрийг уншин суугаа та бүхэнд мэдээж эрүүл энхийг хүсэхээс гадна бие биенээсээ хулгай хийхгүй, худал ярихгүй ажиллаж, амьдрахыг ерөөе! Огт бодоогүй, хэзээ ч тэгэхгүй гэж бодож байсан хүмүүс худалч, хулгайч байхыг мэдэх шиг хүнд хэцүү бөгөөд эмгэнэлтэй муухай зүйлс энэ хорвоод ховор байх аа.

За та минь хэн нэгний ухаалаг гар утсыг “санаандгүй” олоод хэрэглэж байгаад баригдаад онигоо болов доо. Тэрний оронд өөрөө эзнийг нь олоод аваачиж өгөөд шагналаа авсан нь хулгай хийснээс хамаагүй цэвэрхэн мөнгө болохоос гадна “ажиллагаа” багатай үйлдэл болно шүү.


Бүгдээрээ хулгай хийхээ л больчихъё л доооо...

Monday, 21 December 2015

Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалд ТА бэлэн үү?

Дэлхийн эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч Klaus Schwab-ийн бичсэн энэхүү нийтлэлийг орчуулан та бүхэнд хүргэж байна. Энэхүү сэдэв нь удахгүй буюу 2016 оны 1 сард болох Давосын чуулганы үндсэн сэдвээр сонгогдсон бөгөөд дэлхийн бүх лидерүүдийн анхаарлыг зүй ёсоор татаж буй сэдэв бөлгөө.
Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлэн өөрсдийн аж амьдрал, ажлын орчин нөхцөл юугаан сайжруулахын тулд мэргэн оюун ухаанаа харамгүй зарцуулж, заримыг нь бараг шавхаж байна. Hargreaves-ийн анх зохиосон эргэлдэх хөдөлгөөнөөр ноос самнах машинаас авахуулаад Ford-ийн машин үйлдвэрлэл, угсралтын анхны шугамууд, Wozniak-ийн компьютерийн хэрэглээнд хувьсгал гаргасан шийдлүүдийг энд дурдаад байвал дуусашгүй. Харин өнөөдөр бид хоорондоо холбогдсон хэдэн тэрбум төхөөрөмжүүд, 3D хэвлэгч, супер ухаалаг роботуудыг нэгэнт бүтээж чадсан болохоор “Дэлхийн аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал”-ын тухай нухацтай ярих цаг нь нэгэнт болжээ.
Энэ хувьсгал зөвхөн манай нийгэм ба эдийн засгийг өөрчлөөд зогсохгүй хүн гэдэг бодгалийн шинж төлөвийг ч өөрчлөх хүчтэй байна. Харин ХҮН бид үүнд бэлэн үү?
Аж үйлдвэрийн хувьсгалын түүхүүд
Энд бидний ярих гэж буй аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал нь өмнөх 3 хувьсгалуудаасаа ялгаатай. Ийм ч учраас үүнийг хувьсгал гэхээс илүү хувьсал гэж хэлбэл зохилтой. Өмнөх аж үйлдвэрийн хувьсгалуудын үед гарч байсан технологийн дэвшлүүд нь нийгэмд бодитой үр нөлөө үзүүлэх хүртлээ хэдэн арван жилийг элбэг шаарддаг байв. Жишээ нь, эдийн засагч Robert Gordon-ийн бичсэнээр “Аж үйлдвэрийн 1 ба 2-р хувьсгалын хэмжигдэхүйц үр дүн нь хүмүүст хүрэхэд элбэг 100 жил шаардагдсан” гэжээ. Үнэхээр өнөөдрийг хүртэл дэлхий дээр 1,3 тэрбум хүн байнгын гэрэл цахилгаангүй амьдарч, дэлхийн нийт хүн амын багагүй хэсэг нь өнөөдрийг хүртэл аж үйлдвэрийн 1 ба 2-р хувьсгалаас үүдэн бий болсон шинэ технологи, дэвшлүүдээс хүртэж чадаагүй байгаа нь харамсалтай ч бодит үнэн билээ. Харин одоо бидний ярьж буй хувьсгал нь бодит цагийн (real-time) хувьсгал юм. Өөрөөр хэлбэл өчигдрийн шинжлэх ухааны ололт нь өнөөдрийн хамгийн хоцрогдсон бүтээгдэхүүн нь болж буй асар хурдтай өөрчлөгдөн хувьсаж буй нийгэмд бид амьдарч байна.
Энд зөвхөн өөрчлөлтийн хурдыг яриагүй бөгөөд энэхүү өөрчлөлт хамрах хам хүрээг бид бас дурдах ёстой билээ. Саяхныг хүртэл бизнес эрхлэгчид, ажил хэрэгч хүмүүс үйл ажиллагаагаа сайжруулахын тулд өөрсдийн ажиллаж буй орчилдоо л өөрчлөлт хийж, бүтэцийн өөрчлөлтийг дотроо хийхийг шийдэл гэж ойлгодог байлаа. Тэдний гаргаж буй шинэлэг санаа, санаачлага нь зарим нөхцөлд үнэхээр шинэ хөгжүүлэлт болж чаддаг ч харамсалтай нь энэхүү хөгжүүлэлт нь дийлэнхдээ зөвхөн ганц бүтээгдэхүүнээр л хязгаарлагддаг байв. Харин аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал нь тэднийг, биднийг дээр дурдсан уламжлалт системийг эвдэхийг шаардахаас гадна системийг шинээр тодорхойлох ёстойг сануулаад удаж байна. Энэ улмаар манай нийгэм тэр дундаа бидний технологи, хоорондын харилцаа, улс төрийн бүтэц, төрийн загвар эрс өөрчлөгдөхөд ч хүргэж болох дүр зураг тодхон харагдаж байна.
Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалыг тодорхойлох дараагийн нэг том зүйл бол түүний БҮТЭЭЛЧ УСТГАЛЧ (Creative Destruction) шинж чанар юм. Өөрөөр хэлбэл ямар нэг шинэ технологи гарч ирснээр хуучны хийж байсан үүрэг, функцыг тэр чигээр нь орлохоос гадна хамаагүй илүү өндөр түвшинд хийж өмнөх шийдлийг хэрэглээнээс байхгүй болгох процессийг БҮТЭЭЛЧ УСТГАЛ гэж томъёолж буй хэрэг юм. Гэхдээ бид хөдөө аж ахуйн салбараас аж үйлдвэрийн салбар руу шилжсэн хувьсгалыг сайшаан ярихын сацуу өнөөг хүртэл хөдөө аж ахуйн салбартаа ажиллаж, тэднээс хоолоо олж идэж буй хүмүүс болон машин, тоног төхөөрөмжийн “ачаар” ажилгүй болсон олон хүмүүсийг давхар бас бодолцох ёстой билээ.
Гэхдээ товчхондоо өнгөрсөн хугацаанд явагдсан бүх аж үйлдвэрийн хувьсгалууд нь хүн төрөлхтний аж амьдрал, нийгэмд маш том эерэг нөлөө үзүүлсэн гэж дүгнэн хэлж болно. Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал ч гэсэн бүрэн автоматжуулалт, технологийн дэвшлээрээ дамжуулан АНУ-ын нийт ажлын байрны 47% хүртэлхийг ирэх 12-24 жилд бүрэн устгаж байхгүй болгох боломжтой байна. Гэхдээ ийм нөхцөл үүсвэл санал болгох гарц, шийдэл БИДний хэнд ч маань байхгүй хэвээр л байна. Ийм учраас технологийн энэхүү өндөр хурдацтай хөгжил буюу цахим хувьсгалын хүн төрөлхтөнд, БИДний нийгэмд үзүүлж болох сөрөг үр дагаваруудыг улс орны лидерүүд нухацтай тооцон бодож, хэлэлцэх цаг нь нэгэнт болжээ.

БИДний өмнө тулгарч буй асуудлууд

Энэхүү аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалыг тайлбарлаж буй би бээр эдгээр бүх технологийн хувьсгал, хүч нь БИДний амьдралд эерэгээр нөлөөлөх болно гэдэг бат итгэлтэй байдаг. Ухаалаг системүүдийн орчил болох ухаалаг гэр, үйлдвэр, ферм, цахилгаан сүлжээ, хот нь бүтээгдэхүүн ба үйлдвэрийн нийлүүлэлтийн систем, ложистикт гардаг асуудлуудаас авахуулаад дэлхийн дулаарлыг шийдэхэд ч бодитой нөлөө үзүүлэх бүрэн боломжтой. Хамтын эдийн засаг (Sharing Economy) гэсэн ойлголт өдгөө аль хэдийн хүчээ авч эхэлсэн бөгөөд энэхүү шийдэл нь хоосон байшингаас авахуулаад хүмүүсийн машин хүртэл бүхий л зүйлсийг үр ашигтай эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжтой шийдэл юм. Санхүүжилтийн хувьд ч олон шинэ арга хэрэгсэл, механизмүүд хүчээ авч байна. Дурдвал, олон нийтийн санхүүжилт (Crowdfunding), хувь хүний зээллэгэ (peer-to-peer lending) зэрэг нь олон хүнийг хил хязгаар, цаг хугацааны асуудалгүйгээр дурын санхүүжилтийн эх үүсвэртэй золгох боломжуудыг бий болгож байна.

Технологийн эдгээр дэвшлүүд яагаад ийм амжилттай, хурдтай яваад буйн нэг нууц нь бие биенээ нөхцөлдөн хөгжиж буйд оршиж байна. Генетикийн нээлт, хөгжлүүд, хиймэл оюун ухаан, роботууд, нано технологи, 3D хэвлэгч, био технологи гэх мэт нь бүгд бие биенээ нөхөж, бие биенээ түшин хөгжиж байна. Чухам ийм учраас л аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал нь бидний төсөөлснөөс илүү их нөлөөг асар богино хугацаанд нийгэмд, дэлхий даяар үзүүлэх хүчтэй юм.

Эдгээр асар их боломжийн урд мөн л том хэмжээний сорилтууд БИДний өмнө байсаар л байна. Жишээ нь, технологиос шалтгаалан ажлаа алдаж буй хэдэн мянган хүмүүсээс гадна зарим судлаачид Solow Paradox-ийг нэрлэж байна. Энэ нь хүмүүс хэдий их хэмжээний хөрөнгө оруулах тусмаа зөвхөн мэдээллийн технологид л найдан хувь хүн, хамт олны бүтээмжгүй болох парадоксийг хэлдэг аж. Түүнчлэн зарим хүмүүс цахим хувьсгал нь нийгмийн тэгш бус байдлыг жигдлэн балансжуулахад асар их нэмэртэй гэж байхад бүр зарим нь харин ч эсрэгээрээ нийгмийн ялгааг улам ихэсгэж, монополиудыг үүсгэн, соёл, нийгэм, эдийн засгийн эрх мэдэл, хүчийг цөөн хэдхэн хүмүүсийн гарт төвлөрүүлж байна гэж хүчтэй мэтгэлцсээр байна.

Цахим хувьсгалын хамгийн том сорил нь энэхүү хувьсгал нь дэлхийг өөрчлөөд байгаад огтхон ч биш юм. Харин энэхүү хувьсгал нь БИДнийг өөрчилж буйд оршиж байна. Өөрөөр хэлбэл бидний өдөр тутмын харилцаа, бидний чөлөөт цагаа өнгөрөөж буй хэв маяг, бидний дотны хүмүүс хоорондын холбоос, зохиогчийн эрх, контентийн эзэмшил, хувь хүний нууцлал зэрэг ХҮН байх гэдэг утга учрыг тодорхой хэмжээнд бодитойгоор өөрчлөөд эхэлснээс гадна БИД өөрсдөө өөрчлөгдөөд эхэлсэнд асуудлын цөм оршиж байна.

Эдгээр бүх өөрчлөлт, нөлөө нь аж ахуйн нэгж, том корпорациуд, засгийн газруудыг ч өөрчилж эхэлж буй бөгөөд цаашилбал хүмүүсийн хэрэглээ, үйлдвэрлэл ба ажил эрхлэлтэнд шууд нөлөөлж, бүхэл бүтэн салбарыг байхгүй болгож, оронд нь цоо шинэ салбарыг үүсгэж чадаж байна. Тэгэхээр энэ бүх өөрчлөлтөнд шийдвэр гаргачид, бодлого боловсруулагчид маань бэлэн үү? БИД бүгд энэ бүх өөрчлөлтийг мэдрээд эхэлсэн ч энэ нь дөнгөж ЭХЛЭЛ гэдгийг мэдэж буй ХҮН хир олон байна вэ?
Шинэ “тивийг” хайх нь буюу ЗӨВ чиглэл рүү залуурдах нь
Дээр дурдсан сорилтууд бүгд бодитойгоос гадна БИД судлаач эрдэмтэн Stephen Hawking-ийн анхааруулж буй бодит эрсдлүүдийг сайтар тооцож анхаарах ёстой. Эдгээр эрсдлүүд нь голцуу хиймэл оюун ухаантай холбогдох бөгөөд жишээлбэл, жолоочгүй автомашин, цахим туслагч болох Siri, Google Now, Jeopardy асуулга, тааварт ялагч болсон супер компьютерийг нэрлэж болж байна. Холливүүдийн “Transcendence” кино энэ сэдвийг их сайхан гаргасан байдаг. Тэгэхээр энэхүү технологийн хувьсгалтай зэрэгцээд бид хэрхэн ажилгүйдлийг улам бүр багасгаж, хувь хүний бүтээмжийг улам бүр ихэсгэж, дэлхий даяарх мэдлэг, мэдээлэл, баялаг, боломжийн шударга болон тэгш хуваарилалт бүхий системийг бий болгох ёстой юм бол оо?

Харамсалтай нь БИДний өнгөрсөн ямар ч түүх дээрх асуултанд хариулах эх сурвалжийг бидэнд өгч чадахгүй. Гэхдээ энэхүү өнөөгийн нөхцөл байдал маань БИДэнд, улс орнуудын манлайлагч лидерүүдийн хийж чадах зүйлс болон хийх ёстой зүйлсийг нь маш тодорхой гаргаж чиглүүлж өгч буйг дурдах нь зүйтэй. Энэхүү хувьсгалын хүч, боломж нь хэрхэн БИДнийг, бидний бизнес ба бидний төрийг өөрчилж буйг, өөрчлөх боломжтойг бид мэдэрч байна. Иймээс бид энэхүү боломжийг ХАМТДАА зөв зүгт нь залах машид чухал байнам.

Иймээс миний зүгээс ТАНД тавьж буй сорилт бол дээрх хэцүү асуултуудад хариулахад туслан, хаашаа ч өнхрөн явах боломжтой байгаа энэ том боломжийг ХАМДАА зөв зүгт залахад туслана уу гэж хүсмээр байна.