Tuesday, 23 October 2007

New Zealand

Views

Шинэ Зеландад хийсэн богинохон аялал
Тэр нэгэн аймшигт цунами болдог жил, яг тэр өдрүүдээр Шинэ зеландын хойд арлаар нь аялаж байсан юм. Өглөө босоод зочид буудлынхаа лоббид сонин гарчиглаж байхад аймшигт мэдээг хүлээж авсан бөгөөд тэр үед миний амьдарч байсан Баруун Австралийн Перт хотод хүртэл мэдэгдсэн гэж байгаа.
Аялалын эхэнд сонирхолтой санагдсан зүйл маань Сиднейгээс Австралийн ихэнх дотоод нислэг, тэр байтугай Шинэ зеланд руу нисэх гол нислэгүүдийг Австралийн Qantas биш Арабын Emirates агаарын тээврийн компани гүйцэтгэж байсан явдал байсан. Өмнө нь нисч байсан авиа компаниудаас Австрали болон Сингапурын авиа компанийн олон улсын нислэгүүдийн стандарт маш өндөр түвшинд байсан боловч тэдний хажууд Fly Emirates гэсэн уриа бүхий Арабын авиа компанийн энгийн зэрэглэл бүхий суудал нь, тэдний үйлчилгээ нь тасархай тасархай. Тэр 00 энэ тэр нь үнэн тансаг. За тэр ч яахав. Окланд хотод онгоцноос буугаад хамгийн түрүүн анхаарал татсан зүйл бол тэндэхийн уугуул иргэд болох Маори нар бүхий л үйлчилгээ, нийгмийн бүхий л салбартаа ажиллаж байсан явдал юм. Австралид лав би 2 жил гаран болохдоо Аборижинал хүмүүс ажил хийж, нийтэд үйлчилж байхыг бараг хараагүй дээ. Үүнийг маори нар өөрсдөө ярихдаа том биетэй улсууд тул анх европууд газар нутаг дээр нь ирээд боолчлох гэхэд нь идэвхтэй тэмцэж чадсаний хүчээр одоо ийнхүү нийгэмдээ цагаан арьстануудтай ижил, тэгш байр суурьтай байгаа гэж байсан. Ахмад Кукийг шараад идчихсэн гэж байгаа. Хэхэ, гэхдээ үнэн худлыг нь сайн мэдэхгүй шүү. All blacks гээд регбигийн баг нь дэлхийд алдартай бөгөөд тамирчид нь нийгэмдээ их нэр хүндтэй. Даанч 2004 онд байхаа Австралид зохиогдсон регбийн дэлхийд аваргад олигтой амжилт үзүүлж чадаагүй бөгөөд хэдхэн онооны зөрүүгээр Англи дэлхийн аварга болж, Австрали аман хүзүүдэж билээ.
Ер нь бол миний аялж байсан улсуудаас хамгийн үзэсгэлэнтэй байгальтай нь Шинэ зеланд улс. Байгалийн бүх төрлийн үзэсгэлэн гоо болох далай, далайн эрэг, ширэнгэ ой, уул толгод, мөнх цаст оргилууд, тал газар, хөдөөгийн фермер, хотын соёлыг бүгдийг нь үзэхэд хэдхэн цаг л машинаар давхихад хангалттай. Бөгжний эзэн киноны гол байгалийн үзэсгэлэнг чухам энэ улсад л авсан байдаг ба жуулчдын гол зочлох цэгүүдийн нэг болсон байдаг. Гэхдээ машин хөлслөн цуг аялсан Швейцар найз маань манайх улс нэг их дутахгүй гэсэн нь үнэн байх аа. Нэг европ явж үзэх юмсан. Аялалын хугацаа богино буюу 7 хоног л байсан тул бид хэд зөвхөн хойд аралтай нь л танилцахаар шийдсэний дагуу hot beach буюу дор нь галт уул оргилж буй учраас элсийг нь жаахан ухахад л халуун ус гардаг далайн эрэг, Bay of Islands буюу байгалийн үзэсгэлэн бүрдсэн гинжин арлууд, хадан цохионууд, Rain forest буюу шигүү ой мод, өндөр уулын цас мөсөн оргилууд, мал сүрэг бэлчсэн тал газруудаар нь аялах хөтөлбөр гарган тэр дагуугаа явж билээ. Одоо хүртэл амтыг нь мартдаггүй гоё хоол бол Шинэ зеландын Fish and Chips. Төмс нь ямар гоё амттай бөгөөд том гээч. Түүчлэн Окланд хотын Queen’s гудамжаар нь дээш, доош явж аялсан, дэлгүүр хэссэн нь ер мартагддаггүй юм. Бас нэг дурсамжтай зүйл нь Окландын Sky Tower байсан юм. Өндөр нь хэд гэж байлаа байз. Ямар ч гэсэн лифт болон дээд давхар нь бүгд шилэн шалтай тул их эвгүй. Тээр өндөрт бүх юм хөл дор харагдаад, шил нь хагарчих юм шиг санагдаад эвгүй золиг байна билээ. Түүнчлэн тус хотын City bus tour, boat tour-ийг заавал үзэх ёстой. Харин нэг аятайхан зүйл нь Австралийг бодвол юмны үнэ арай гайгүй, Австрали доллар нь Шинэ зеланд долларыг бодвол ханш өндөр болохоор аялалд маань давуу талтай байлаа. Хийхийг хамгийн их хүсч байсан боловч яг цагаа тулахаар айгаад чадаагүй зүйл нь Bunji Jumping буюу олсоор хөлөө уяж байгаад гүүрнээс, байшингийн орой дээрээс үсрэх байсан юм. 50 метр өндрөөс үсрэнэ гэхээр нь бид бодоод байсан юм. 10 жилд байхдаа 100 метрт гүйхээр жаахан л зай байгаад байдаг байсан 50 метр бол өндөр нь юу л шалиа аж, үсрэнэ гэж бодож байсан чинь яг өндөр дээр гарсан чинь ээ бурхан минь. Юун 9 давхар байшин. Тэгээд нэг гэрээн дээр заавал гарын үсэг зурдаг юм билээ. Олс нь тасардаг ч юмуу, чөлөөт уналт хийж байх үедээ зүрх хаагдах зэргээр тухайн хүн “чад” хийвэл хэн ч хариуцлага хүлээхгүй, үхэх эрсдэл хүлээгээд үхэхэд хэнд ч гомдолгүй гэсэн утгатай юман дээр гарын үсэг зур гэхээр нь бүр сонирхолгүй болж орхисон. Дэлхийн хамгийн их хоньтой энэ улсаас бид мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбартаа сурах, ашиглах юм гөө мөн их байна лээ дээ. УИХ-ын гишүүд, том дарга нар очоод туршлага судлаад байна гээд зурагтаар гараад байдаг. Ажлаа хийж л байгаа байлгүй дээ, би энд төрийн төлөө оготно гэдэг шиг олон юманд санаа зовоод юу хийхэв.
Зул сарын баярыг Шинэ зеланд айлд тэмдэглэж, Окланд хотын төв гудамжинд байх Хубилай хаан гэсэн Монгол нэртэй Хятад ресторанд очиж Монгол пасспортоо үзүүлэн манай хааны нэрийг битгий ашигла гэж хэлж байсан хөгжилтэй түүхээр аялалаа өндөрлөж билээ. Завтай болоод мөнгөтэй байсан бол Шинэ зеландын өмнөд арал болон Фижи арал руу явмаар л байсан даа.

1 comment:

gegeen said...

sonirholtoi bailaa. aust-s orj irj bn. buh bichlegiig chini unshdag shuu.