Sunday, 9 December 2007

Smoky city

Views

Хотын утаа

“Үүр битгий цайгаасай” гэдэг дуу шиг энэ өвөл хурдан дуусаасай, гэр хорооллын айлууд нүүрс, машины дугуй түлэхээ болиосой, байдгаараа утаа хаяж явдаг машины оронцогууд явахаа зогсоогоосой гээд аятайхан хоолойтой бол дуулаад од болчих юмсан. Өвлийн ид хүйтэн эхлээгүй байхад зургаан цаг дөхүүлээд л бараг урд машины дугаар нь харагдахгүй шахам угаар, утаан дунд явж, амьсгалж, амьдарч байна шүү дээ Улаанбаатар хотынхоон.

Хичнээн сайхан байшинд амьдраад, хичнээн сайхан машин унаад, хичнээн сайхан хувцсаар гангалж яваад яваад ийм орчинд амьдраад бидэнд хэрэг байгаа гэж үү? Иргэн хүний орлого сарын 3 билүү 6 мянган америк доллараас илүү гараад ирэнгүүт тухайн хүн гэрийнхээ гадаа мод тарьж эхэлдэг гэж би хаа нэгтээ саяхан уншиж байсан юм байна. Монгол улсад маань дэлхий ч даахааргүй болсон баян нөхдүүд зөндөө бий болоод байна гээд хэвлэлээр шуугиад байдаг. Эдгээр хүмүүс маань гэр доторхоо тохижуулж дууссан бол орц, хаус, гудамждаа хөрөнгө оруулалт хийж буян болоосой билээ.

Саяхан манай найз 25-р эмийн сангаас 5-р сургууль хүртэл орой алхаад ханиагаад цэрээ хаясан чинь тас хар “юм” гарч байсан гээд толгой сэгсрээд байсан. Энэ мэт зүйл нь хүн болгонд анзаарагдахгүй байгаа ч орой гэртээ ороход гадуур хувцас, үснээс нил утаа, угаар үнэртэж байгаа нь ялангуяа хөдөө яваад ирсний дараа илт анзаарагддаг.

Гэр хорооллын айлуудад хийн түлшийг салшгүй хэрэглээ болгох юмсан. Хэрэглэхэд хамаагүй цэвэрхэн, бас ч гэж хямдхан, амар шүү дээ. Гол нь хаа хамаагүй газар тамхиа татаад унтраалгүй шиддэг хэнэггүй, газаа нээсэн бол хаахаа хааяа мартах гээд байдаг мартамхай Монголчуудад маань жаахан аюултай байж болох юм. ОХУ-с БНХАУ-руу Монгол улсаар дамжуулан тавих хийн хоолойн төсөл юу болсон бол оо? Тэрийг нь дайруулж тавиад дундаас нь хэрэглээний хийгээ аваад хэрэглээд сууж байх юмсан. Мөн Богд уулыг нүхэлж Улаанбаатар хотод дээр тогтоод байгаа утаан агаарын урсгалыг соруулж гаргана гээд нилээд олон жилийн өмнөөс яриад байсан юмсан. Тэр төсөл нь юу болсон бол оо? Засаг төр солигдоод, дараагийн ээлж нь хоолондоо ороод юун утаа мутаа байгаа биз дээ дээгүүрээ. Дээр үед хүмүүс дал ная наслахдаа үсрээд л гурван засгийн нүүр үздэг байсан гэдэг. Гэсэн гуч хүрээгүй би бараг арваад засгийн нүүр үзчихээд сууж байдаг.

Саяхан 2007 оны улсын төсвийн зардлын бүтцийг харсан чинь зардлын индексээрээ хамгийн өндөр нь буюу гурав нилээд гаран тэрбум төгрөгийг улс бензин шатахуунд үрсэн, үрдэг юм байна жил болгон. Гурван жилийн мөнгийг нь хуримтлуулж байгаад Улаанбаатарын замыг “тасархай” гоё болгож, өргөсгөж, гүүр барьж, хонгилон зам тавьж, нийтийн тээврийн салбарт эргэлт хийхээр мөнгийг босгож чадна шүү. Далан зургаан тойрог руу болсон болоогүй төсөлд мөнгө цацаж байснаас пропорционалиар бодвол Монгол улсын хүн амын тал хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотод Монгол улсын нийт хөрөнгө оруулалтын тал хувь нь зарцуулагдмаар ч юм шиг.

Дархан байдаг найзууд маань Улаанбаатарынханд зориулаад онигоо гаргасан байна лээ. Улаанбаатар хотын унаган хэдэн залуус хөдөө салхинд гарч гэнэ ээ. Тэгсэн чинь нэг нь реакци өгөөд салгалаад татаад унаж байна гэнэ. Найзууд нь хүүе хаая болж байх хооронд нэг нь машинаа асаагаад нөгөө реакци өгсөн найзаа асаж байгаа машины яндангийн доор хэвтүүлсэн чинь Ёооё гээд босч ирж байна гэсэн. Өөрөөр хэлбэл цэвэр агаарт гараад реакцинд орсон юм гэнэ ээ. Ийм явдал бодитоор болсон гэвэл би лав нэг их гайхахгүй. Дэлхий дээр химийн дайн болоод хорт утаа энэ тэрээр улс орнууд хоорондоо байлдвал Улаанбаатар хотын утаанд хүн харх болсон бид нар торолгүй амьд үлдэх байх аа. За тэр ч яах вэ, шөнө сайхан цонхоо онгойлгож унтах юмсан. Өвөл хурдан дуусаасай. Эсвэл нөгөө дэлхийн дулаарал нь нэгмөсөн болсон шиг болоод өвөл болохоо больчмоор юм доо энэ дэлхий хангай (модон ширээгээ гурван удаа тогшив, тоглосон шүү Бурхаан).

5 comments:

Zorigoo said...

hahaha

Zorigoo said...

Er n bol yag unen l dee
Bas oroi usand orhod uvulduu bol buur usee ugaah bolgond usee haraar buduulsan hun shig l har tortog ursdagshd.

Uur goy yum bicheerei hu...

Brd,
Zorigoo
Huuchin ajiliin chin and

Anonymous said...

UB-t amidarch bui tamhi tatdaggui minii , huduu dunsen tamhi tatdag ahiin uushig 2 yag adilhan hordoj baina hoo.......

Bi ug ni eruul mendee bodood tamhi tatahgui baij boldog ch UB-nhaa utaag uushiglahgui baih bolomj algaa....

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Hey, eniig shiideh gej oroldson shuu, setgegdlee uldeegeerei

Unknown said...

Uul ni ter Mongoloro damjuulj China ruu exportloh LPG-iin tusul nileed yarigdsan bolovch manaihiig toiruulj hiiheer bolson gej duulsan. Russia ch ter, China ch ter Mongoliig dairuulj hooloi tatsanaar manai ulsiin hiliin oiroltsoo baidag Russia, Chinagiin hotuudiin heregleeg hangah bolomjtoi gej uzsen shig baina le... Manaihan gehdee huchin charmailt gargaagui baih shuu. Tumen goliin projetc-oo gej...