Wednesday, 9 June 2010

Sony

Сони корпорацийн захирлуудын зөвлөлийн дарга, ерөнхийлөгч болон гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Nobuyuki Idei хэмээх алдарт Япон эрхэмтэй уулзах завшаан тохиов. Ахимаг насны жинхэнэ уламжлалт Япон эр байх агаад дэлхийн алдартай компанийг удирдаж байсан гэсэн шиг нилээд “баавар”-тай, их зантайдуу, зарим хүн бол бүдүүлэг гэж хэлж болохоор зан авиртай нэгэн санагдав. Профессорууд ээлж дарааллан асуулт асууж Сонигийн талаар өөрсдийн саналаа (эерэг биш санал, дүгнэлтүүд) хэлэхэд “та буруу бодож байна” гэж царай нь хүрлийн хариулах бөгөөд зарим профессорууд тоо баримт, статистик дурдаж хэлсэнээ баталгаажуулах үед “So what?” буюу тэгээд юу гэж хэмээн “том босс” царайлах аж. Энэ зэргийн хүнд тийм зэргийн зиндаа байлгүй л яахав гэж тухайн үед бодсон ч уулзалтын дараа үнэхээр тийм мундаг хүн мөн үү, манай бизнесийн сургууль дээр ирж ингэж “томрох” ямба нь юу билээ хэмээн бодонгоо хэдэн Япончуудыгаа чихдэж асуулт асууж гарав. Түүнчлэн аз болоход санхүүгийн тэнхимийн профессор маань уг уулзалтанд байсан тул өнөөдрийн хичээлээр мань эрийг Сонид боссоор томилогдож очсоноос эхлэн халагдах хүртэлх үеийн хувьцааны үнийн хэлбэлзэл болон мань эрийн уулзалтан дээр хэлсэн гол өгүүлбэрүүд дээр анализ хийж хэдүүлээ анги дээрээ тухтай ярилцав. Мань эрийг том албан тушаал авснаас удалгүй Сонигийн хувьцааны ханш сансрын хурдаар өссөн байдаг юм байна. Гэхдээ үүнд мань эр шууд нөлөөлсөн үү гэвэл бас хэцүү. Учир нь яг тэр үед интернэт бүүм таарсан байх юм билээ. Түүнээс гадна мань эрийн эрхэм зорилго, алсын дараа, ялангуяа Playstation зэрэг шинэ бизнесийн төрлүүд мэдээж уг компанийн өсөлтөнд нөлөөлсөн байж таараа. Гэхдээ ямар хэмжээгээр гэдэг нь асуудал. Викидэж үзэхэд мань эрийг Business Week сэтгүүл 2005 оны дэлхийн хамгийн муу менежерээр шалгаруулсан байх юм. Гэнэт хурдтай өссөн хувьцааны үнэ мөн л гэнэт хурдтай унаж мань эр удирдлага атгаж байсан сүүлийн жилүүдэд Сонигийн захирлуудын зөвлөлийн нилээд дарамтан доор байж байгаад арга буюу албан тушаалаа өгсөн бололтой юм. Магадгүй энэ нь бидэнтэй уулзахдаа жаахан ааш муутай байсан нэг шалтгаан байж болох л юм. Ямартай ч Акио Морито гуай бараг 30 жилийн өмнө нисдэг тэргээрээ манай сургуулийн кампус дээр ирж байснаас хойшхи Сонигийн дараагийн төлөөллийн хамгийн нөлөө бүхий зочноор ноён Идэи зүй ёсоор тооцогдоно.

Мань эрийн яриаг ерөнхийд нь даяарчлал ба манлайлал гэсэн хоёр том сэдэвт багтаан ойлгож болохоор байв. Васедагийн их сургуулийг төгсөөд анх Сонид жирийн албан хаагчаар ажилд орж уг корпорацийн хамгийн өндөр албан тушаалд хүрсэн бахархалтай нэгэн. Ажиллах хугацаандаа Сонид гурван удаа халагдах өргөдлөө өгч байсан боловч тэр тоолонд нь цалинг нь өсгөн, албан тушаалыг нь ахиулж байсан гэдэг. Сони шиг гэр бүлийн хаалттай компанид мань эр анхны хөндлөнгийн этгээд болж гүйцэтгэх удирдлагад нь орж байсан түүхтэй юм байна. Өөрөө албан тушаалаа өгөхөөсөө өмнө америк хүнийг албаар “балиашиглан” гүйцэтгэх захирлаар үлдээсэн юм билээ. Учрыг ухвал даяарчлал, Япон соёл, манлайлал гээд нилээд том сэдвүүд өөрийн эрхгүй хөндөгдөж байна билээ. Мань эрийн үед Сонид гадаад ажилчдын хувь эрс нэмэгдсэн гэж яригддаг агаад өдгөө Сонигийн нийт ажилчдын 2/3-ийг л Япончууд эзэлж байна. Дэлхийн зах зээлд эрчимтэй түрж орсон үе нь Сони корпораци 1980-аад оны дундуур Columbia Pictures-ийг тухайн үедээ 3,4 тэрбум доллараар худалдан авсан үе гэж хэлж болно. Энэхүү үйлдэл нь америкууд, холливүүдийг тухайн үед нилээд сандаргаж байсан агаад ямар сайндаа Newsweek сэтгүүл 1989 оны 10-р сарын дугаараа Эрх Чөлөөний Хөшөө буюу The Statue of Liberty-ийн хатагтайд кимоно өмсүүлсэн зурагтайгаар “Japan invades Hollywood” гэсэн гарчиг бүхий нүүр хуудастай хэвлэгдэж байсныг ноён Идэигээс өөрөөс нь үзэв. Чухам энэ үеэс эхлэн Сони өрнийн ба дорны соёлын том зөрчилдөөнд хутгалдан орсон гэдэг. Дорнын соёл, тэр дундаа Япон бизнесийн соёл, уламжлалыг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Ялангуяа 1980 оны Япончууд гээд төсөөлөөд үзээрэй. Гэтэл эдгээртэй цуг АНУ-ийн зүүн болон баруун эрэгт дуу хөгжим болон сүүдэр шийний бизнес хийдэг янкинууд нэг дээвэр дор ажиллаж эхэлсэн нь асар том соёлын ялгааг үүсгэж, Сониг глобаль компани болох эхлэлийг нь тавьжээ. Энэхүү соёлын ялгаанаас гадна тухайн үед Сони шиг зөвхөн hardware үйлдвэрлэдэг байсан компани нэмээд цоо шинээр энтертайнмент бизнес руу орсон нь корпорацийн соёл, стратеги, бодлогыг тэр чигээр нь өөрчлөх шахсан юм гэнэ.


Энэ хурц зөрчилдөөн дунд Сони хэрхэн амьд үлдсэн нь маш сонирхолтой байв. Сонид удирдлагын гурвалжин гэсэн ойлголт байх агаад уг гурвалжингийн дээд үзүүр нь CEO буюу vision, зүүн доод үзүүр нь COO буюу operational excellence, баруун доод үзүүрээ CFO буюу harmony, өөрөөр хэлбэл сorporate governance-ийн гол тэнхлэгүүд гэж томъёолдог юм байна. Өөрийгөө ярихаасаа өмнө өөрөөс нь өмнө нь ажиллаж байсан CEO нар Сонид яг ямар баялаг, нэмүү өртөг бүтээсэн тухай дурдав. Анхны CEO нь хагас дамжуулагчийн бизнесээр Сониг хөл дээр нь бат зогсоож чадсан бол 2 дахь CEO нь CD, MD, tape player-ийг зах зээлд нэвтрүүлэн манлайлагч болж чаджээ. Харин 3 дахь CEO буюу мань эрийн Сонид оруулсан гавъяа буюу mission нь digital convergence байжээ. 4-р үеийн CEO буюу одоогийн америк захирал ноён Ховард нь Sony United гэсэн vision-тэй ажиллаж байгаа бөгөөд хэдхэн долоо хоногийн өмнө Google-тэй хамтран Next Generation TV буюу телевизийн дараагийн үеийн хувилбарыг гаргахаар хамтран ажиллах эхлэлээ тавиад байна. Тэгэхээр гүйцэтгэх захирал нарын алсын хараа, тухайн байгууллагад зориулан томъёолж буй эрхэм зорилго нь ямар чухал зүйл болохыг эндээс ойлгож болохоор байна. Гэхдээ эд нарын дунд олсон ололтоос гадна алдсан боломжууд ч асар их бий. Жишээ нь, 1999 онд Сони цахим номны санааг олоод прототайф бүтээгдэхүүн хийчихсэн байсан нь одоогийн iPad-ийн өвөө юм уу хаашаа юм. Түүнчлэн аль 2005 он гэхэд Сонид Palm буюу touch screen дэлгэж бүхий халаасны компьютер, PSP тоглоом буюу удирдлагын гар бүхий бичил компьютер (их сургуулийн оюутнууд туршилтын роботын тархийг PSP-р хийдэг юм билээ), Швэдийн Эриксонтой (бараг 10 жилийн өмнө 50:50 хувиар хамтарсан компани байгуулсан) хамтарсан харилцаа холбооны гурван том тусдаа бизнес байсан билээ. Даанч эдгээр нь гурван тусдаа зах зээлд гурван өөр компани болж ажиллаж байсан. Энэхүү гурван төхөөрөмжийг нийлүүлээд томоор харвал хэдхэн хоногийн өмнө 4G хувилбараа гаргаад буй iPhone таны нүдэнд харагдахгүй байна гэж үү? Гэтэл тухайн үед Apple-ийн сураг бараг л бол гардаггүй байсан билээ. Гэтэл өнөөдөр Сони Palm-ийн үйлдвэрлэлээ бүр мөсөн зогсоож уг бизнеэсээс гарч, Сони Эриксон нь Самсунгд борлуулалтаараа дээрэлхүүлж, PSP тоглоом нь Nintendo-д аль хэдийн дарлуулчихсан байна. Яг өнөөдрийн байдлаар Apple 228 тэрбум долларын хөрөнгөөрөө 222 тэрбум долларын зах зээлийн үнэлгээтэй Microsoft-ийг ардаа орхин дэлхийг шуугиулж байна. Гэхдээ энэхүү манлайлал нэг их удаан үргэлжлэхгүй байх гэж бодож байна. Учир нь Apple-ийн хэрэглэж буй технологи аль хэдийн бусад компани, улсуудад улам төгөлдөржин хөгжиж байгаагаас гадна жаахан муу ёрловол Стив Жовс нэг өдөр “чад хийвэл” уг компанийн ирээдүй тун бүрхэг болно. Асар том технологи, бизнесийн туршлагатай Sony корпорацийн зах зээлийн үнэлгээ нь өнөөдөр дөнгөж 24 тэрбум доллар байгаа нь Apple-с бараг 10 дахин жижиг компани болон хувирсан байна. Харин Google-ийн хувьд хэдийн бодит буюу барьж, хазчихмаар бүтээгдэхүүн байхгүй ч 152 тэрбум доллараар санхүүгийн зах зээл дээр үнэлэгдэж байгаа нь гайхалтай. Дээрх жишээгээр Сонигийн алдагдсан боломжийн өртгийг тооцох гэж жаахан ухнатав. Өөрөөр хэлбэл одоо ч гэсэн Сонид асар том боломжууд байсаар л байна. Эсрэгээрээ өөр хүчтэй том компани Сониг худалдаад авахыг ч бас үгүйсгэж болохгүй.

Идэи захирлын үед интернэтийн хөгжлийн оргил үе таарч мэдээллийн технологийн стратегидаа зарчмын том шинэ чиглэлүүдийг Сони корпораци оруулж байсан байна. Vaio брэнд 1996 онд мэндэлж байсан ч борлуулалт нь асар багаар тоологдож Япончуудыг сандаргасан түүхтэй. Эндээс Соничууд чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх ямар ч асуудалгүй, харин тэрийгээ яаж сурталчлах нь том асуудал юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон гэдэг. Vaio-ийн маркетинг дээр туслахын тулд Intel корпораци 150 маркетингийн тусгай мэргэжилтэнгүүдийг Япон руу илгээж байсан байх юм. Synergy гэдэг энэ буюу. Мань эрийн хэлснээр ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ гэдэг л хамгийн хүнд ажил байсан гэх. Үүнийгээ дараах жишээгээр их аятайхан тайлбарлав. Тайгер Вүүдс бол мэргэжлийн гайхалтай тамирчин (саяхны айхтар үүлэн борооны явдлуудыг нь энд оруулаагүй юм шүү). Гэхдээ гольфдоо л сайн. Түүнтэй адилхан Японы алдарт тамирчин Ичиро бэйсболлд гаргуун нэгэн. Харин нэг өдөр Тайгер Вүүдсээр бэйсболл, Ичирогоор гольф тоглуулбал ижилхэн амжилт гаргаж чадах уу. Магадгүй. Гэхдээ чадахын тулд асар их зүйлийг тэд өөрчлөх ёстой болно. Энэ өөрчлөлтийг би яриад байна гээд санаа алдана билээ зайлуул. Японы бизнесийг өрсөлдөөнд амьд үлдэхийн тулд үзэлцдэг бол барууныхан өрсөлдөөнд тэргүүлэгч байхын тулд өрсөлддөг. Энэ чанар Сонид хангалттай байгаагүй гэж хүлээн зөвшөөрч байна лээ. Түүнээс гадна гэнэтхэн Сони корпорацитай холбоотой аливаа асуултанд одоо хариулахаа болъёо, учир нь миний хэлсэн үг, мэдээллүүд уг компанийн үйл ажиллагаанд одоог хүртэл шууд нөлөөлөх тул эрсдэлтэй гэж хэлэв. Сонигийн ид өсөлтийн үед Япон АНУ-ийн эдийн засгаас 20 жилээр хоцорч явж байсан бол яг одоо Хятад Японоос 20 жилээр хоцорч яваа дүр зургийг би харж байна гэж глобаль бизнесийн цар хүрээг дүгнэж байв. Өөрөөр хэлбэл хөгшин Япон өвөө залуухан Хятад бандитай үзэлцэх болоод байна. Япон улс бизнесийн загвараа өөрчлөхгүй л бол жаахан бандид нулиулна гээд нилээд нухацтай мэдэгдэнэ билээ. Гэхдээ Солонгосуудаас буюу Сони Самсунгаас бол огтхон ч айхгүй гэдгээ хэлнэ лээ. Яагаад юм, бүү мэд. Яг энэ яриан дунд нь яагаад гээд асуусан бол ямар нэгэн байдлаар эргээд ам руугаа алгадуулах байсан тул дуугуй өнгөрөв.


Өнгөрсөн долоо хоногт Нью Иоркод байж байгаад ирсэн гэх агаад мань эрийн дүгнэлтээр бол АНУ хямралаас бараг гарчихсан байна. Харин европ жаахан хэцүү хэвээр байгаа тухай айлдаж байна билээ. Түүний ярианы дараагийн гол сэдэв нь манлайлал байлаа. Энэхүү сэдвийн жишээгээрээ саяхан огцордог Хатояама ерөнхий сайдынхаа чихийг нь халууцтал хэлж байна билээ дээ. Мань эрийг Япон улсын түүхэн дэх удирдагч, манлайлагчийн хамгийн муу жишээ гэж дүгнэнэ билээ. Энэ талаар тухтай сууж байгаад бичээд дараагийн бичлэгээр оруулмой. 

Sunday, 6 June 2010

Toyota

Японд ирчихээд Тоёота машины үйлдвэр тэргүүтэнтэй нь танилцаагүй бол Францад очоод Эйфелийн цамхаг үзээгүйтэй адил гэж зарим хүмүүс ярих аж. Corolla, Vitz, iQ загваруудыг үйлдвэрлэдэг Тоёота корпорацийн Такаока хэмээх үйлдвэрт нь зочлох завшаан тохиов. Энэхүү үйлдвэр нь Нагояа хотоос холгүй орших Тоёота хотод байрлах бөлгөө. Тоёота хотод амьдардаг иргэдийн талаас илүү хувь нь Такаока үйлдвэрт ажиллах бөгөөд уг хотод Хонда, Ниссан зэрэг өөр машинууд гудамжаар нь явж байхыг харахад жаахан эвгүй л юм билээ. Зөвхөн Такаокагийн үйлдвэр л гэхэд өдөрт 680 машин буюу жилд 250,000 машин үйлдвэрлэдэг юм билээ. Хоёр ээлжийн ажилчидтай байх агаад бараг бүрэн автоматчилагдсан үйлдвэрт роботуудын тусламжтайгаар гулдмай ган төмрийг нүд ирмэх зуур хэрхэн машин болгож буйг харахад үнэхээр сонирхолтой байв. Ажилтан тус бүр нэг л төрлийн ажлыг хийх агаад хоёр ээлжийн ажилтантай гэж тооцвол нэг хүн өдөрт 340 нэг ижил үйлдлийг давтан хийдэг гэж хэлж болох юм. Дөнгөж ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд ирж буй залуу туслах ажилтанаар ороход дунджаар 1,600 ам.долларын цалин авдаг юм билээ. Их сургууль болгоны supply chain management, logistics, strategic management хичээлүүд дээр үздэг Тоёотагийн алдарт “Just in time системийг газар дээр нь ийнхүү үзэв. Нэг автомашин маань том, жижиг нийлсэн 30,000 эд ангиас бүрддэг юм байна. Тоёотагийн хувьд ихэнх эд ангиа аутсорсинг буюу бусдаар захиалан гүйцэтгүүлдэг тул Тоёота дампуурлаа гэвэл хэдэн мянган жижиг, дунд бизнесүүд Япон төдийгүй дэлхий даяар даган муужрах юм байна. Саяхан нэг эд ангийг нь хийдэг бэлтгэн нийлүүлэгчийн үйлдвэрийн газарт нь газар хөдлөлт болоход Тоёотагийн бүхий л үйлдвэрлэл хэдэн өдрөөр саатсан гэж байна билээ. Хэдий бүх зүйл нь роботуудын тусламжтайгаар хийгдэх ч хүний оролцоогүйгээр машин босно гэж байхгүй юм билээ. Будгийн тасаг нь хамгийн их цахилгаан зарцуулдаг аж. Гурван давхар будаг явж байж машинаа будаж дуусгадаг юм билээ. Профессор маань Тоёота корпорацийн Тоёота үйлдвэрлэлийн систем ба Apple корпорацийн iPhone-ийн бизнес загваруудыг экосистем, ложистик, зардал, технологи, нэмүү өртгийн талаас нь судлан харьцуулалт гаргаж, ижил төрлийн бизнес загвартай гэж батлахыг оролдож буй нь бас их сонирхолтой ярианы сэдэв байлаа.

Тоёота корпораци нь Токио, Нагояа, Тоёота хотуудад оффисуудтайгаас гадна Япондоо 12 үйлдвэртэйгээс би нэг үйлдвэр дээр нь очиж үзсэн нь энэ буюу. Эдгээрээс гадна дэлхийн 26 улсад нийт 53 салбар компани, үйлдвэрүүдтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Нийтдээ 320,000 гаран ажилчидтай гэж ярих агаад групп доторх охин компаниудыг нь тоолбол 520 гараад явах юм байна. Хэдийгээр 2009 оны 3-р улирлын байдлаар нийт 20,529 тэрбум иэнийн борлуулалт хийсэн ч 436 тэрбум иэнийн алдагдалтай ажиллаад буй юм билээ. АНУ болон бусад улсуудад гарсан автомашины доголдол, дефектээс болоод өнөөдрийг хүртэл уг компани том асуудалтай байсаар л байна. Жолоочийн аюулгүй байдлаас гадна хэрэв жолооч хүн дайрлаа гэж бодоход машин хамраараа хүн мөргөхөд ямар тохиолдолд, ямар хэлбэрийн хамартай машин хийвэл мөргүүлж буй хүнд хамгийн бага аюул, хохирол учруулах боломжтойг хүртэл судлан үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байх юм билээ. Хамгийн сүүлийн үеийн Lexus, Corolla-д сууж үзэхэд үндсэндээ дотоод бүх хяналт, үйл ажиллагааны систем нь бүрэн компьютер болсон байна. Том кристал дэлгэц, түүнийг удирдах хулгана тэргүүтэн нь яг л онгоцны удирдах салоныг санагдуулж байв. Хэдий ийнхүү бүх юм хурууны үзүүрээр удирдах боломжтой болсон ч нэг жижиг алдаа системд гарвал тун хэцүү болохыг алдарт Prius–ийн жишээ харуулсаар байна. Гэнэт хааз нь нэмэгдээд жолоочийн удирдлагаас гарч буй проблемийг олохын тулд инженерүүд нь уг машины хэдэн арван чипийг нэг бүрчлэн ухаж буй гэж ярилцах юм билээ. Орчин үеийн машин дунджаар 15 микро процессортой болсон гэж манай профессорын нэгэн нийтлэлд дурдсан байсан. Prius-ийн энэхүү үл мэдэгдэх гажигаас болоод АНУ-д 52 хүн уг машинийг унаж яваад амь насаа алдаад байгаа тухай CBS news 3 сард мэдээлж байсан. Вирус оруулаад системийг буруу ажиллуулах, эвдэх боломжууд ч байх бололцоотой. Ингэж бодохоор дээр үеийн 69-өө л сайхан унаад явж байх нь өлзийтэй ч юм шиг. Ихэнх шинжээчид энэхүү проблем нь hardware биш software-ийн проблем гэсэн онош гаргаад буй юм билээ. Гэсэн хэдий ч 1997 онд анх массаар үйлдвэрлэгдэж эхэлсэн дэлхийн хамгийн анхны hybrid мотор бүхий Prius машин нь автомашины зах зээлд нэг шинэ хуудсыг нээсэн гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ. Энэхүү машин нь 2008 онд байдлаар нийт 1.7 сая зарагдаад байгаа юм билээ. Энэүү машинтай холбоотой гарсан сөрөг мэдээллүүд Facebook, Twitter-р дамжин асар түргэн хугацаанд дэлхий даяар тарсан нь Тоёота корпораци Social networking site-уудыг бизнесийн үйл ажиллагаандаа стратегийн зорилгоор ашиглахад хүргэсэн удаатай. Sony корпораци хөгжим болон ТВ-ийн бизнес дээрээ хэт их анхаарал тавьж, интернэтийн хөгжлийг огоорсноос болж Apple компанид далаараа цэвэр тавиулсан гашуун түүх Япончуудад байдаг. Sony-ийн энэхүү алдааг Тоёота тойрон гарч чадах уу гэдэг том асуудал үүсээд байх шиг байгаа юм. Манай профессор нийтлэл дээрээ ингэж бичжээ. Хэдий зарим хүнд мөрөөдлийн мэт санагдаж болох ч энэ цаг тун удахгүй гэдэгт би хувьдаа итгэж буй.

“If the car behaves like a modern electronic gadget that could be connected to Internet – Indeed automobiles are increasingly becoming web-enabled – the problems can be more or less monitored in real time and the fixes can be done cheaply and swiftly. That is where a big threat to an established player like Toyota could come.”

Энэхүү компанийг үндэслэгч эрхэм Сакичи Тоёода нь 1867 онд төрсөн бөгөөд анхны седан машинаа 1936 онд хийж дуусгаснаар Тоёота компани 1937 онд албан ёсоор үүссэн түүхтэй юм байна. Crown-ийн хамгийн анхны загвар буюу дээж нь 1957 онд АНУ-руу ачигдаж байснаас гадна Corolla 1966 онд төрсөн юм байна. Харин Lexus брэнд 1989 онд АНУ-д зориулан бүтээгдэн үүсч байсан ч Япондоо дөнгөж 2005 онд танилцуулагдсан байх жишээтэй. Өөрөөр хэлбэл АНУ Тоёотагийн хувьд ямар чухал зах зээл болохыг энэхүү мэдээллүүд харуулж байна. АНУ-ын зах зээлд нэвтрээд бараг 50 жилийн дараа буюу 2007 онд Тоёотагийн борлуулалт анх удаа Форд, Крайслер-ийн борлуулалтаас давсан түүхтэй.   

Нилээд хэдэн долоо хоногийн өмнө Тоёота корпорацийн Corporate Value Creation Department-ийн дарга нь хоёр цэрэг, нэг инженертэйгээ ирж бидний хэдэн оюутантай workshop хийсэн юм. Эдийн засгийн болон компанийн хямралын энэхүү хүнд нөхцөлд төсвөө тануулаагүй үлдсэн цорын ганц нэгж нь энэ хэлтэс нь юм билээ. Энэхүү залуучуудын гол зорилго нь next generation car зохион бүтээх. Тэр ч утгаараа нилээд хэдэн жилийн өмнө i-Unit прототайфийг бүтээгээд байгааг нь Тоёота хотод нүдээрээ үзэв. Мань нөхдүүд цаасаар хүртэл машин хийж үзсэн гэж байгаа. Гол концепц нь машин бол зүгээр нэг тээврийн хэрэгсэл биш хүний амьдралын салшгүй үнэ цэнэ байх ёстой гэсэн үзэл байна. Ингэхдээ машин нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байхаас гадна байгаль орчин, хүрээлэн буй орчиндоо халгүй байх ёстой гэсэн нөхцөлтэй. Мань этгээдүүдийн ярьж буй зүйлийг сонссон хүмүүсийн ихэнх нь ямар тэнэг юм сэдэж, ярьж явдаг байна аа гэж бодохоор. Мөрөөдлийн шинжтэй, бүр зөгнөлт ч юм шиг сонин зүйлс ярихаас гадна бидний сэтгэхүйгээс тэс өөрөөр сэтгэж юмыг бодож байгаа нь гайхалтай санагдаж билээ. Тэрийг нь хэлэхээр бидний хийж байгаа юмыг хүмүүс одоо ойлгохгүй, олон жилийн дараа ойлгоно, тэрнээс гадна бидний бүтээл масс зах зээлд биш тодорхой хүрээнд л эхэлж зориулагдан гарна гэж байсан юм. Одоогийн байдлаар ирээдүйд Тоёота хаашаа явах вэ гэдгийг Living Beautifully, Adequate Existence, Human-like Encounters гэсэн гурван үзэл баримтлалаар баримжаалаад байгаа юм билээ. Та бүхэн гүүглэдээд үзвэл эдгээрийн зарим нэг зураг, видео файлуудыг олох байх. 
Нагояа хотод орой нь очиж буудаллан жаал сонирхон явахад Токио хотыг бодвол нилээд өргөн гудамжуудтай юм шиг санагдав. Хүмүүстэй ярьж үзэхэд тийм, учир болбоос дэлхийн 2-р дайны хөлд хамгийн их нэрвэгдэж, агаарын бөмбөгдөлтөөс хамгийн их хохирол амссан хот нь Нагояа юм байна. Дайны дараа сэргээн босголт хийхдээ ийнхүү өргөн гудамжууд зассан бололтой.

Friday, 28 May 2010

Fortunetellers

Би хэн бэ?

Өдгөө дэлхий дээр барагцаагаар нийт 25 сая fortunetellers буюу зөнч, далдыг харагч, мэргэч (нэг л үсэг зөрүүлэхэд мэрэгч гээд их эвгүй утгатай болох юм байна) төлөгч нар байдаг гэж ойрмогхон нэг сониноос уншиж байв. Эдгээр хүмүүс нь дэлхийн нийт хүн амын 4 хүрэхгүй хувь болох боловч та бидэн нийлсэн 6 гаруй тэрбум хүний ихэнхийнх нь хувь заяаг “залуурдан” удирдах аж. Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүст хангалттай зах зээл байгаа хэрэг.

Ойрмогхон мундаг боловсролтой, гайхалтай ажлын туршлагатай, олон улсын тавцанд нэр хүнд бүхий хоёр ч эрхмийн амнаас нилээд төстэй зүйл унахыг хоёр "навчаараа" сонсов. Утга нь болбоос тэд бакалавр буюу их сургуулиа төгсөж, анхны эрдмийн зэргээ авсаны дараахан дэлхийн дугаар нэг мэргэжилтэн гэж өөрсдийгөө санаж, ёстой хийхгүй, чадахгүй зүйл үгүй мэт санаж байжээ. Дараа нь магистер буюу мастер гэсэн эрдмийн цолоо амжилттай хамгаалсаны дараа энэ дэлхий дээр бас бидний мэдэхгүй, чадахгүй зүйл байдаг юм байна шүү гэж бодож эхэлцгээсэн гэнэ. Нилээд сүүлд эзэмшсэн мэргэжлээрээ докторын зэргээ хамгаалж, бас ч болоогүй тухайн салбарынхаа мэргэжлийн сертификатыг (CFA, Certified IT manager гэх мэт) авсаныхаа дараа энэ дэлхий дээр хэн ч биш гэдгээ ухаарсан гэдэг. Хүн хэлэлтгүй би ч бас өмнө нь бат итгэлтэй байдаг байсан зарим нэгэн асуудлууд дээрээ хэдий чинээ олон ном гүйлгэж харах, олон төрлийн хүмүүстэй уулзах тусам эргэлзэх болсон байна билээ. Худалч хүнд өмнө бараг л дурын асуултанд тийм эсвэл үгүй гэж хариулт шидэж чаддаг байсан бол одоо магадгүй л юм, тийм юм болов уу, үгүй ч байж болох л юм гэсэн бөөрөнхий хариултууд өгдөг болсноо сүүлийн үед бас анзаарав. “Насны” юм уу, академик стандартын “хаялага” уу, эсвэл Япон соёлын нөлөөний “уршиг” уу?

Өөрөөр хэлбэл сурах, судлах, үзэх юм нийгмийн болон байгалийн шинжлэх ухааны хувьд барагдашгүй их бөгөөд ноён оргилд нь хүрэхэд хүмүүний нас хүрэлцэхгүй нь батлагджээ. Иймээс бидний зарим нэгэн яагаад гэсэн төрөл бүрийн асуултандаа өдгөө хүртэл төгс хариулт хэн нэгнээс авч чадахгүй, тийм хариулт нь байхгүй (unavailable) байгаагаас гадна хүн бүр өөр өөрийн өнцгөөс тухайн асуудлыг дүгнэн эцэс төгсгөлгүй мэтгэлцээн өрнүүлж буй. Магадгүй энэхүү хэсэгхэн зурвас дээр зөнч нар “ажиллан” тэрхүү маргааны цоорхойг та бидэнд нөхөж өгдөг юм болов уу.

Англи хэлэнд “You can’t manage something that you can’t describe! гэсэн хэлц байдаг. Өөрөөр хэлбэл чи өөрөө ойлгож, тайлбарлаж чадахгүй байгаа зүйлсээ амжилттай хийж, бусдад ойлгуулан удирдаж чадахгүй гэж. Тэгэхээр ямар ч хүн эхлээд өөрийгөө тайлбарлаад, өөрийгөө ойлгоод, хамгийн гол нь өөрийгөө хүлээн зөвшөөрөөд сурчих хэрэгтэй юм шиг байгаа юм. Өөрийгөө хэн гэдгээ мэдэхгүй, хүлээн зөвшөөрөх дургүй хүмүүс олшрох тусам ямар ч нийгэмд сөрөг асуудлууд ихсэх хандлагатай байдаг байх гэж тааж байна. Өөрийг чинь тодорхойлох ганц үг юу вэ гэж сүүлийн үед компаниуд ажил горилогчтой уулзахдаа их асуудаг болсон дог шүү. Энэ асуултанд хариулахыг хүсэхгүй буюу хариулж чадахгүй байгаа бол санаа зоволтгүй. Өөрийг чинь хэн вэ гэдгийг нилээд дөхүүлээд хэлчих, ирээдүйг чинь бол бараг тодорхой шахуу хэлээд өгөх хүмүүс хөвсгөлийн тайгаас авахуулаад гандангийн үүд, тэр байтугай орцны чинь үүдэнд хүртэл сууж байгаа.

Ардчилал гэдэг нь миний эрх чөлөө таны эрх чөлөөгөөр хязгаарлагдана гэгдэх боловч аливаа хүний итгэл үнэмшил, мэдлэг боловсрол хэн нэгнээс заавал хамаарах учир огтоос үгүй билээ. 

Wednesday, 19 May 2010

Going private

ХХК

Энд тэнд хэвлэгдсэн санхүүтэй холбоотой сүүлийн үеийн хэдэн нийтлэл унших зуур “Going private” гэсэн сэдвүүд нилээд тааралдаж дараах зүйл бодогдов. Монголд хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулна, компаниудыг идэвхижүүлнэ гэж ярьж байх зуур санхүүгийн зах зээл дээр нэг том давалгаа үүссэн байх шиг байна. Тэр нь Private Equity Business. Үүнийг хүмүүс Монголоор юу гэж эвтэйхэн хэлээд байлаа даа. Санадаггүй ээ. Энэ төрлийн арилжаа нь ихэвчлэн LBO буюу “Leveraged buyout” схем дээр суурилан явагддаг бололтой. Энэхүү схем нь худалдан авагч нь өөрийн хөрөнгөөрөө биш бусдаас авсан зээл, гадны санхүүжилтээр тухайн компанийг худалдан авах орчил юм билээ. Өөрөөр хэлбэл Private Equity сангуудаас гадна хувь хүн болон бусад санхүүгийн болон санхүүгийн бус институциуд ч хөрөнгийн бирж дээрх бүртгэлтэй компаниудаас хувьцааны үнэ нь компанийн бодит үнэ цэнээс доогуур буй (undervalued) эсвэл үр ашиггүй, амжилтгүй ажиллаж байгаа (underperforming) компаниудын бүх хувьцааг худалдан авч уг компанийг бирж дээрх бүртгэлээс нь хасуулдаг байна. Эдгээр компаниудын ихэнх нь жижиг, дунд бизнесүүд байх нь элбэг аж. Түүнчлэн ийнхүү худалдагдаж буй компаниудын ихэнх нь бизнес эрхлээд нилээд олон жил болж үйл ажиллагаа нь тогтворжсон боловч удирдлага болон бизнес нь “зэвэрсэн” буюу Рагугийн хэлдгээр “мэдрэмж баайхкүй” компаниуд байдаг гэж хэлж болохоор. Харин эсрэгээрээ цоо шинэ хэн ч мэдэхгүй буюу эрсдэл өндөртэй төслүүдийг санхүүжүүлж хөрөнгө босгож өгөхөд нь зуучилж буй нөхдүүдийг “Venture Capitalist” гээд байх шиг байгаа юм. “Going private” гэдгийг хувьцаа нь хөрөнгийн биржээр дамжин олон нийтэд нээлттэй арилжигддаг байсан компани хаалттай болох буюу хувьцаа нь олон нийтэд арилжигдахаа больж буйг (ХХК) хэлээд байх шиг байна.  

Зах зээл дээр үйл ажиллагаа нь харьцангүй тогтворжсон, жижиг, дунд хэмжээний компаниуд яагаад ингэж өөрийн бизнесээ бусдад зарах болов гэдэг асуулт гарах нь дамжиггүй. Мөн л ном, хэвлэл уншиж байхад ажиглагдсан зүйл бол Sarbanes-Oxley Act (SOX) нилээд нөлөөлсөн байж болох талтай л юм билээ. Учир нь нилээд хэдэн жилийн өмнө Энрон энэ тэр гэнэт дампуурч олныг шуугиулсан. Бизнесийн бараг бүхий л салбаруудад нөлөө үзүүлсэн Америкийн томоохон компаниудын дампуурлын гол шалтгаан нь дотоод хяналт, байгууллагын засаглал, хүмүүс хоорондын сонирхлын зөрчил гэж ихэнх шинжээчид үздэг билээ. Харин сүүлийн үед мэдээллийн технологи ба тухайн байгууллагын IT-ийн буруу стратегиас үүдэлтэй гэж хүмүүс бичиж эхэлж байна билээ. Өнгөрсөн долоо хоногт Deutsche Securities-ийн Токио дахь салбарын IT governance хариуцсан менежер ирж сонирхолтой яриа өрнүүлэхэд тэгж дурдана билээ. Мань эрийн дурдсанаар бол дэлхийн томоохон компаниудын дампуурлын шалтгааныг IT-тэй холбож эхэлж буй болохоор энэ тал дээр Deutsche групп их анхаарал тавьж эхэлснээс гадна гадна, дотны шалтгалтууд тасрахаа больсон гэж байв. Японы засгийн газраас жишээ нь эдний дээр аудит ороод бараг жил болох гэж буй гэсэн. Deutsche Securities-ийн хувьд бүх ажилчдын утас, цахим шуудангийн мэдээлэл автоматаар бичигдэн архивлагдан компани дээр 5 жил хүртэлх хугацаагаар хадгалагддаг гэж байна. Түүнчлэн цахилгаан эх үүсвэрийн болон интернэтийн дор хаяж хоёр өөр провайдартай хамтарч ажилладаг гэнэ давхар. Нэг нь ямар нэг шалтгаанаар зогсвол back up хийх зорилгоор. Disaster Recovery Site-ийн байршлыг нь хэлүүлэх гээд чадаагүй. Юу гэж мань мэтэд хэлэх билээ дээ угаасаа. Уул нь Япончууд мэдээллийн технологийн аутсорсингийг Энэтхэгт их хийлгэдэг байсан боловч сүүлийн үед найдвартай, баталгаатай байдлыг нь бодоод өөрсдөө Япондоо, Япон хүмүүсээр хийлгэх хандлага илт мэдрэгдэж буйг дурдана билээ. Deutsche группын дэлхийн бараг бүх тив дээрх олон арван улсуудыг хамарсан Global Backbone Network Map-ийгаа харин нуулгүй үзүүлнэ билээ. Үнэхээр гайхалтай. Ёстой well structured аалзны тор гэсэн үг. Улс болгон нь хоорондоо дундын хамааралгүйгээр шууд холбогддог юм билээ. Тиймээс ухаан нь Токио ба Сидней хоёрын холболт тасарсан байхад Токио Америк, Ази, Европын улсуудтай асуудалгүй холбоотой байна л гэсэн үг. Холболтын бүх шугамаа түрээсэлдэг бөгөөд хамгийн их зардал нь Америк ба Европ тивийн холболтонд байдаг бололтой юм хэлсэн. Учир нь энэ хоёр тивийн хооронд далай доогуур шилэн кабель татсан юм билээ. Энэ төслийн кодыг нь миний дипломын удирдагч багш бичсэнээр барахгүй патентийг нь эзэмшдэг байх жишээтэй. Энэ залуу таны цалинг өгдөг хүн байна шүү дээ гэсэн чинь профессор маань даруухан инээмсэглэж байна билээ.

За нөгөө Америкийн том компаниудын дампуурал ярьж байгаад нилээд хадуураад явсан байна. Уг дампуурлуудын учир шалтгаан нь юу ч байлаа гэсэн Америкийн хоёр сенатч компанийн засаглал, дотоод хяналтыг чангатгах зорилгоор хууль санаачлан батлуулсан нь өдгөө бараг дэлхий даяар стандарт болоод байна. Энэхүү баримт бичиг дотор мэдээллийн технологид зориулсан тусгай хэсэг хүртэл бий. Түүчлэн Япон улс хүртэл J-SOX гэсэн стандарт гарган санхүүгийн салбартаа мөрдөж буй. Энэхүү SOX стандарт мөрдөгдөж эхэлснээр Америкийн компаниудын хувьд санхүүгийн тайлагнал, аудит, эдгээрт зориулсан тусгай дэд тайлангуудыг хөндлөнгийн байгууллагуудаар хийлгэн Монголоор бол Санхүүгийн Зохицуулах Хороондоо байнга гаргаж өгөх ёстой болжээ. Харамсалтай нь иймэрхүү төрлийн үйлчилгээ нь АНУ-д нилээд үнэтэй байдаг тул арай ядан өөрийгөө дөнгөж даган авч явж буй компаниудын хувьд санхүүгийн нэмэлт дарамт болж эхэлсэн гэж хэлж болохоор. Иймээс зарим компаниуд бусад том болон өөрийг нь сонирхон хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагааг нь улам өргөжүүлэх хүсэлтэй, чадалтай компаниудад зарагдах сонирхолтой болж эхэлсэн бололтой. Нөгөө талаар, мөнгөтэй хүмүүсийн хувьд үйл ажиллагаа нь жигдэрсэн, боломжийг компаниудыг тун боломжийн үнээр худалдаад авахад ядах юмгүй билээ. Тийм ч учраас “Any fool can buy a company. You should be congratulated when you sell” гэж KKR компанийг үүсгэн байгуулагч Henry Kravis хэлсэн биз ээ. АНУ-д SOX-с болоод Private Equity бизнес өргөжиж байгаа гэж дүгнэвэл дэлхийн бусад улсуудад яагаад мөн “моод” болоод байгаа нь сонирхолтой байгаа юм. Учир SOX бол зөвхөн АНУ-д бүртгэлтэй компаниудад хамааралтай билээ. Үүнийг ухаад судалгааны ажил хийвэл тун сонирхолтой байх болов уу.

Хэрэв энэ төрлийн буюу Private Equity бизнес хүчээ асар хүчтэй аваад үйл ажиллагаа нь жигдэрсэн компаниудыг биржийн бүртгэлээс хасуулан хаалттай компани болгоод байвал алсдаа хөрөнгийн бирж буюу хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлөх эсэх, биржүүдийн хувьцааны индекст хир нөлөөлөх бол гэсэн гэнэн бодол төрөөд тэсэлгүй санхүүгийн профессор дээрээ гүйж очин асуув. Гэтэл харин ч хөрөнгийн зах зээл төдийгүй тухайн улсын эдийн засагт маш эерэг нөлөөтэй. Учир “унтаа” компаниудыг амь оруулж, сул компаниудыг улам хүчирхэг болгож өгдөг аж. Учир нь нөгөө “үлбэгэр” компаниудыг худалдан авч хаалттай компани болгосон нөхдүүд хэдхэн жилийн дараа (дунджаар 5 жил) буцаад бирж дээр гарч ирэн IPO хийж анх оруулсан хөрөнгөөсөө илүү хөрөнгө босгодог байна. Монголд маань тун таармаар схем шиг санагдахыг хэлэх үү. Учир болбоос нийт Монголын маань дийлэнх компаниуд жижиг дунд бизнесүүд байгаагаас гадна ёстой л өөрсдийгөө арай ядан авч яваа нөхдүүд буй гэж харагдаад байдаг. Монголын хөрөнгийн бирж дээр 300 гаруй компаниуд бүртгэлтэй байгаагаас гарын арван хуруунд багтах нь л өөрсдөө IPO хийсэн болохоос бусад нь бүгд өмч хувьчлалын компанит ажлын үед бүртгэгдсэн байдаг. Том компаниуд нь жижгүүдээ ирээдүйн өрсөлдөгч гэж үзэн нам дарж устгахаасаа илүү эрч өгч хүчирхэг компаниуд нь дэмжээд хамтраад өгвөл уул нь...

Saturday, 15 May 2010

Aim high, fly high

Эзэн хичээвэл заяа хичээнэ

Нилээд хэдэн сарын өмнө Kuniaki Watanabe хэмээх эрхэм сургууль дээр ирж сонирхолтой яриа өрнүүлсэн юм. GE-ийн босс Jack Welch-тэй хамт ажиллаж GE Industrial Automation President хийж байсан япон эр байв. GE-ийн бараг хамгийн анхны Япон бөгөөд залуу захирал болж уг компанийн түүхэнд бичигдсэн гэж буй. Нэг өдөр мань эрийг Jack Welch хувийн онгоцоо АНУ-с явуулж урьж дуудаад ажлаас халсан гэдэг. Буцаж ирэхдээ энгийн онгоцоор ирсэн гээд урьж авч ирсэн профессор маань нуг нуг инээж аминчлан хэлж билээ. Харьцангуй баруунжсан япон байх бөгөөд жирийн япон иргэдийг бодвол богино хугацаанд олон ажил сольж байсан байх. Түүнийгээ тайлбарлахдаа Токиогийн метроны буудалд ажлын оргил ачааллын цагийн үеэр масс зорчигчид бүгд алхам алхамаар урагшлах бөгөөд тэр дунд хичнээн яарч байгаа хүн яаж ч хурдан явъя гэсэн ямар ч боломж байхгүй. Түүнтэй адил Японы бизнесийн орчин, шийдвэр гаргалт удаан тул ажлаа ойр ойрхон сольж байлаа гэж байв. Мань эрд Jack Welch дараах хэдэн зүйлсийг манлайлагч хүнд байх зайлшгүй чанарууд гэж зөвлөсөн юм билээ. Гэхдээ анх ажилд авахдаа хэлсэн үү, ажлаас халахдаа хэлсэн үү бүү мэд.
  • Одоо байгаа бодит байдалтайгаа эвлэрч, нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч сур. Тийм байсан бол ч, эсвэл тийм байгаасай гээд мөрөөдөөд суух нь зохимжгүй.
  • Бүх хүнтэй шударга бөгөөд илэн далангүй бай.
  • Асуудлыг зохицуулах гэж бүү оролд. Харин өөрөө манлайлан асуудлыг шийд.
  • Заавал хүнээр хэлүүлж, шаардуулахгүйгээр хийх ёстой зүйлсээ хийж сур.
  • Хэрвээ өөрт чинь бусадтай өрсөлдөх давуу тал, өрсөлдөх чадвар байхгүй бол битгий өрсөлд.
  • Өөрийнхөө хувь заяаны цулбуураа гартаа атга. Үгүй бол хэн нэгэн цулбуурыг чинь барин дуртай зүг рүүгээ залах болно.
Лидер буюу манлайлагч, тэргүүлэгч байхыг хүн болгон хүсдэг. Бусдыг манлайлахын тулд эхлээд ердөө өөрөө өөртөө л үнэнч байхад хангалттай юм шиг байгаа юм. Сонин харж байхад их, дээд сургуулийн хуурамч дипломтой хүмүүсийн тухай нилээд бичжээ. Өөрөөр хэлбэл бусадтай өрсөлдөх давуу талаа хуурамчаар олж авсан гэсэн үг. Яахав дээ ганц нэг хичээл дээр эх орны алтан гурав аваа л биз, гол нь толгойдоо юу үлдээж чадсан нь л чухал биз дээ. Нилээд хэдхэн жилийн өмнө хуучин ажлын газар дээр Боловсролын Яамнаас дипломын шалгалт ирж байсан юмдаг. Ажилд авах ярилцлага дээр ийм ч их сургууль, тэгж ингэж төгссөн гээд ярьж байсан залуус үзүүлэх юмгүй бүлтэгнээд зогсож байсан сан. Огт дипломгүй байсан уу, хуурамч байгаад баригдсан уу бүү мэд. Өрөвдөлтэй гэхээсээ илүү ямар ч хийморь лундаагүй л харагддаг юм билээ. Японд болон бусад барууны оронд байсан бол тэдгээр хүмүүс тухайн орчиндоо нэр хүндээ хуга алдаж нийгмийн ямар ч үнэлэмжгүй болох тул өөр хот тосгон рүү нүүх, гадаадад цагаачлах, амиа хорлох гэсэн 3 сонголттой л байх байсан байх. Улаанбаатарт авто машины осол өдөр алгасалгүй гарч, нижгээд хүний амийг авч одож байна. Эдгээр осол гаргасан жолооч нарын яг хэдэн хувь нь жолооны үнэмлэхээ ном дүрмээр нь авсныг судлах юмсан. Хамаатны хүнийг нь хуурамч үнэмлэхтэй хүн машинаараа дайрч гэмтээсэн нөхцөлд л хуурамч жолооны үнэмлэх гаргаж өгсөн хүн нь хийж буй зүй бус үйлдлийнхээ гэмийг ойлгох биз ээ.

Хэлэх гэсэн санаа минь ямар ч хүнд амьдралын жанжин шугам, зорилго байгаагүй цагт тодорхой амжилтанд хүрэхэд хэцүү л юм шиг байгаа юм. Ухаан нь анх чийдэн зохион бүтээсэн Эдисон гуай хэдэн удаагийн туршилтын дараа анхны чийдэнгээ өлгийдэж авсан гэж бодно. Түүний 10,000 амжилтгүй туршилтын дараа хүн төрөлхтөн бид өдгөө өрөөндөө чийдэн хэрэглэж байна. Мань эр зорилгогүй, ажилдаа дургүй байсан бол 10 удаагийн амжилтгүй оролдлогын дараа уг туршилтаа хаях байсан биз ээ. Өөрөө өөртөө л үнэнч байж чадсан хэрэг. Дээрх бүх жишээ, мэдээллүүд нь манлайлагч хүмүүсийн дийлэнх нь гаднаасаа биш дотроосоо “гялгар” байдаг бололтой юм шүү гээд хэлээд байх шиг байна. NASA анхны сансрын хөлгөө задгай сансарт хөөргөсний дараа нэг том асуудалтай тулгарсан гэдэг. Тэр нь сансрын нисэгч нарын авч явсан бал нь задгай сансарт гарахгүй байжээ. Сансрын бал зохион бүтээхийн тулд NASA хэдэн арван сая ам.доллар зарцуулж судалгаа, туршилт хийсэн боловч амжилт олоогүй гэдэг. Аргаа бараад Америкууд Оросуудаас асуутал Оросууд ямар ч проблем байдаггүй, бид сансарт бал биш харандаа хэрэглэдэг гэсэн гэдэг. Ухаан нь бэлэн байгаа боломжит сонголтуудыг үл огоорвол ямархуу байдлаар цаг хугацаа болон зардал мөнгөөр шатаж болохын сонгодог жишээ. Манлайлагч нь бусдаасаа цойлон гарахын тулд эхлээд бусдын хийж бүтээснийг судлан, үнэлж сурах хэрэгтэй гэсэн санаатай сүүлийн жишээг холбож болохоор санагдав. Өөрөөр хэлбэл далавчтай болгон нисдэггүй гэдэг шиг. Янз бүрийн ном хэвлэл үзэж байхад энэхүү сэдвийг хоёр зүйлээр ерөнхийдөө багцалж хэлээд байх шиг. Нэг дэх нь зөв зүйл хийх. Хоёр дахь тухайн юмыг зөв хийх. Do the right thing the right way! Энэхүү зүйлийг бид амьдралынхаа стандарт буюу үнэ цэнэ болгож чадаагүй цагт лидер энэ тэр болох нь юу л бол. 

Tuesday, 11 May 2010

Sorrow

Харуусал

Аавыгаа ийм амархан алдана гэж бодоогүй тэнэглэж явжээ. Амжиж очоод уулзана гэдэгтээ итгэлтэй байснаар барахгүй хүүдээ захисан Япон архи буюу сакэг нь эмийн сангаас асууж байгаад авсан эмтэй цуг аваад нисээд очсон боловч... Ганцхан хоног хүүгээ хүлээсэн бол аав таньтайгаа хүү нь уулзах байсан юм. Хөөрхий ижий минь хол газар намайг санаа нь зовоно гээд сүүлийн хэд хоног бие нь хүндэрснийг надад хэлээгүй байсан байгаа юм. Гэрт нэг л том орон зай үгүйлэгдээд, ганцаараа үлдсэн ижий минь намайг буцаж явах үед минь нулимс дуслуулан гаргаж өгч буйг хараад сургууль руугаа явмааргүй л байлаа. Дипломын ажлаа аавынхаа гэгээн дурсгалд тусгайлан зориулан бичих болно оо.

Аав минь буянтай хүн байжээ. Хаврын хавсарга, цас хялмаалсан өдрүүд дундаас намуухан, дулаахан, цэлмэг тэнгэр бүхий тэр л өдөр бидэнд захилсан юм шиг ирж буяны ажлыг нь зохион байгууллаа. Ямар олон хамаатан садан, манай гэр бүлийн найзууд ирэв ээ. Гэнэт болон богино хугацаагаар Монголд очоод найз нөхөддөө хэлж амжаагүй ч тэд маань хаа нэгтээгээс мэдээд бөөнөөрөө ирж арван жил, оюутны ангиуд, хуучин ажлын андууд минь бүгдээрээ сэтгэлийн дэм миний гэр бүлд хайрласанд маш их баярлалаа! Японоос хүртэл профессор маань хаанаас ч юм миний гар утсыг олон залгаж харуусал илэрхийлж, яаж туслах вэ гэж асууж байсан сан. Та бүхэнд бүгдэд нь дахин маш их баярлалаа!

Аавыгаа нутаглуулаад нэрийг нь хорооны бүртгэлээс хасуулан явахдаа хүний амьдрал дэндүү богино юм гэдгийг улам ихээр мэдэрч явлаа. Гэр бүл маань миний амьдралын үнэ цэнэ хэзээд байх болно. Бултаараа бие биенээ улам ихээр хайрлацгаая.

Thursday, 15 April 2010

A dog without the owner

Эзэнгүй нохой

Andre Kostolany гэдэг хүний нэрийг ойрмогхон анх удаа сонсоод өөрөөсөө тун чиг ичив. Мань эр хэдийгээр 1999 онд насан өөд болсон боловч санхүүгийн мэргэжилтэнгүүд энэхүү хүнийг Европын Warren Buffett гэдэг юм байна. Санхүү, хөрөнгийн зах зээлийн чадварлаг мэргэжилтэн байсан төдийгүй хэлсэн үг, ишлэлүүд нь их сонирхолтой бөгөөд алдартай юм. Нилээд хэдэн ном хэвлүүлсэн боловч ихэнх нь герман хэл дээр байдаг бололтой. Мань эрийн бүтээлүүд дундаас хамгийн их таалагдсан хэсэг нь нохой ба эзэн хоёроор зүйрлэсэн хөрөнгийн бирж буюу хувьцааны үнэ болон эдийн засгийн уялдаа холбоог тайлбарласан санаа нь байв.

Өөрөөр хэлбэл эзэн нь нохойгоо үе үе гадаа гаргаж салхилуулдаг. Хөөрхий нохой чийгтэй байшинд хоригдож байгаад гадаа гарахаараа байж ядан нааш цаашаа гүйн давхиж, эзнийхээ урд хойно нь орон тоглон нааддаг билээ. Эзэн ихэвчлэн нохойгоо уяатай хөтлөн явах агаад нохой нь уяаны уртын хэмжээнээс хэтэрч эзнээсээ холдохгүй гэсэн үг. Яг үүнтэй адилаар нааш цааш савчин эзнээ тойрон эргэлдэж буй нохойг хөрөнгийн бирж дээрх хувьцааны үнийн хэлбэлзэл, эзнийг нь тухайн улсын эдийн засаг гэж зүйрлэсэн байгаа юм. Ухаан нь нааш цааш тонгочин гүйн тоглож байгаа нохой биш уг нохойг хөтлөн буй эзэн гуай хаашаа явж буй нь хамгийн чухал гэсэн санааг гаргажээ. Гайхалтай энгийн зүйрлэл.

Монголынхоо зарим нэг компанийн байдлыг хөндлөнгөөс ажиглахад нохой хөтөлж яваа мань нөхөр угтаа уг нохойны жинхэнэ эзэн бус юм шиг харагдаад байдаг юм. Өөрөөр хэлбэл зарим компаниудын хаашаа явж буй алсын чиглэл нь тун чиг тодорхой бус, үе үе явж байсан чиглэлээ огцом өөрчлөхөөс гадна хэт ойрын зорилт, явцуу богино хугацааны ашиг дээр суурилсан. Заримдаа нохойндоо анхаарал халамж тавилгүйгээр үл барам санаатайгаар уяанаас нь алдууртал нь сул тавьж орхино. Магадгүй нохой хөтөлж яваа эзнийх нь дээр өөр нэгэн жинхэнэ босс нь үргэлж хөшигний ард байдгаас болоод нохой хөтөлж яваа хүн яг хаашаа алхаж нохойгоо салхилуулахаа мэдэхгүй үе үе бухимдаад буй мэт санагдах. Нохой болон нохойг нь салхилуулж буй хүнээ ингэж зовоож байснаас хөшигний араас өөрөө ил гарч ирээд нохойгоо үе үе эрхлүүлж байгаасай билээ.

The relation between stock exchange and economy is like a man walking his dog. The man walks slowly, the dog runs back and forth. (Andre Kostolany)

Monday, 12 April 2010

Financial intermediaries

Санхүүгийн зуучлагч нар

Ойрмогхон санхүүч мэргэжилтэй, мэргэшсэн нягтлан бодогч нэгэн найзтайгаа хууч хөөрч суухад мань бүсгүй Монголд ажил хайж байсан тухайгаа ярьсан юм. Мань хүн өөрөө хэд хэдэн шалгуур гаргаад түүнийхээ дагуу компаниудаа сонгон холбогдсон байна. Найзын маань ажил олгогчид тавьж байсан нэг шалгуур нь давхар тайлан, баланс гаргадаг компаниудад ажиллахгүй гэсэн нөхцөл байжээ. Харамсалтай нь ийм шалгуурт нь тэнцэх компаниуд Монголд олдоогүй юм гэсэн. Ердөө нэг жилийн л өмнө шүү дээ. Хичнээн сайхан төсөл, хичнээн сайхан хөрөнгийн бирж байгаад дээрх нийтлэг стандарт, бизнесийн сахилга батаа засаагүй цагт Монголд маань хөрөнгийн зах зээл ном журмаар хөгжинө гэхэд тун хэцүү. Palepu & Healy-ийн Business Analysis & Valuation: Using Financial Statements гэдэг номыг уншингаа зарим мэдээллийг нь ашиглан энэхүү бичлэгийг тэрлэн сууна.

Алив улсын эдийн засгийн гол зорилго нь байгаа нөөц буюу хуримтлалаа хэрхэн хамгийн үр ашигтай хуваарилах буюу зарцуулахад орших байх. Улс орны хуримтлал үүсгэдэг гол бүлэг нь өрх гэрүүд байдаг гэж ихэнх санхүүгийн сурах бичиг дээр дурдсан буй. Энгийн жишээ авъюу. Нөгөө талд нь сайхан сайхан санаа, төсөлтэй боловч санхүүгийн боломжгүй хэсэг бизнесийн бүлэг байна. Уул нь санаснаар бол 100 сая төгрөгийн хадгаламжтай хүн 50 сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийчихвэл жилийн дараа оруулсан хөрөнгө оруулалтыг чинь хоёр нугалаад өгөх төсөл, бизнес байна гэж байгаа хүнд банкнаас хадгаламжаа аваад тухайн бизнесийн хөрөнгө оруулагч болчихвол аль аль талдаа ашигтай. Даанч дараах үндсэн гурван зүйлээс болж тэр болгон санаснаар болдоггүй бололтой. Үүнд:


1.    Хадгаламж эзэмшигч болон төсөл санаачлагч хоёр уг төслийн талаар тэнцүү хэмжээний мэдээлэл, мэдлэгтэй байж чаддаггүй. Ухаан нь төсөл санаачлагч нь нанотехнологийн нарийн зүйл яриад байхад ганзагын наймаагаар арай гэж босгосон 100 сая төгрөгийн хадгаламжтай нөхөр уг төслийг 100% ойлгоод харилцан мэдээлэл солилцоно гэхэд тун хэцүү.


2.    Ялангуяа хөгжиж буй орнуудад хадгаламж эзэмшигч болон төсөл санаачлагч хоёрын хооронд итгэлцэлийн асуудал тун эмзэгхэн байдаг. Төсөл санаачлагч санхүүжилт босгохын тулд юу юу гэж “бурахыг” сэргэлэн хадгаламж эзэмшигч гадарлахаар. Сэргэлэн бус хадгаламж эзэмшигчийн хувьд ердөө 50 сая төгрөгийн санхүүжилт л шаардлагатай байгаа төсөл дээр “панаалдуулсаар” байгаад 100 саяаа бүгдийг нь тавиад туусан байх магадлал өндөр.


3.    Ерөнхийдөө хэлэхэд, ихэнх хадгаламж эзэмшигч нар санхүүгийн нарийн мэдлэггүй байдаг. Ялангуяа энэхүү жишээгээр авч буй нанотехнологи, цаашилбал мэдээллийн технологи, дэд бүтэц, уул уурхай гэх мэт бизнесийн ирээдүйн хандлага, эрсдэл, боломжийг бие даан судлан, нарийвчилсан шинжилгээ хийх боломж болон чадвар тун хомс байна.

Lemons гэсэн санхүүгийн тусгай нэр томъёо байх. Хэрэв хөрөнгө оруулагч буюу хадгаламж эзэмшигч нөхөр сайн ба муу төслүүд болон бизнес санааг ялгаж чадахгүй үед ялангуяа ядруухан төсөлтэй, ирээдүйн өгөөж нь тун тааруу, эрсдэл маш өндөртэй бизнесийн санаатай нөхөр хамаг байдаг уран үг тэргүүтнээр 100 саяын хадгаламжтай нөхрийн толгойг эргүүлнэ. Үүний үр дүнд тухайн хадгаламж эзэмшигч маань үнэхээр сайн буюу өгөөжтэй төсөл болон тааруу буюу хулхи төслүүдийг ижил хэмжээнд үнэлж эхэлдэг байна. Хамгийн харамсалтай нь эндээс хохирч буй тал нь маш сайн төсөлтэй нөхдүүд юм. Өөрөөр хэлбэл эд нар тааруу төсөлтэй нөхдүүдийн хөлд чирэгдэн өндөр өртгөөр санхүүжилт авах эсвэл төслөө хэрэгжүүлэлгүй орхих хоёр л замтай болох нээ. Ихэнх тохиолдолд сайн төсөлтэй хүмүүс тухайн зах зээлийг орхиж гардаг бөгөөд алсдаа тааруу төсөл барьсан нөхдүүд тухайн хадгаламж эзэмшигч нарыг хоргоосоор үлддэг байна. Ганц нэг хадгаламж эзэмшигч нар нь дүүрсэн хэрэг гээд уг төсөлд нь хөрөнгө оруулалт хийж хэд хэд хэмх шатах агаад яваандаа төсөл барьсан, шинэ санаа санаачлага ярьсан хүмүүст итгэхээ больж, тэр хэмжээгээр зах зээл дээр тогтворгүй байдал үүсдэг нигууртай бололтой.

Товчхондоо юу хэлэх гэсэн вэ гэвэл нийт иргэдийн санхүүгийн ерөнхий мэдлэгийг дээшлүүлэхгүй бол Монголд хөл дээрээ тэнцэн барин буй хөрөнгийн зах зээл элгээрээ унах аюултай байж болохоор. Нийт ард иргэдийн мэдлэгийг дээшлүүлнэ гэхээр богино хугацаанд үр дүн нь гарах ажил мөн үү биш үү гээд бас л асуудал үүсч байгаа юм. Тэгвэл өөр гарц юу байж болох вэ?

Мэргэшсэн, мэргэжлийн өндөр ёс суртахуунтай санхүүгийн зуучлагчид энэхүү асуудлын гарц байж болохоор. Ухаан нь санхүүгийн зуучлагч нарыг автомашины механиктай зүйрлэдэг байна. Хөрөнгө оруулах гэж байгаа хүн маань үндсэндээ хуучин машин авах гэж байгаа худалдан авагчтай адил гэсэн үг. Нэгэнт уг бизнес санаа өөрөөс нь гараагүй, мөн өөр компанийн хувьцааг худалдаж авах гэж буй тул. Да хүрээ зах гараад машин сонирхохоор машин зарж буй гарууд үндсэндээ хоёр л нийтлэг зүйл хэлдэг дээ. Нэг нь бараг Монголд яваагүй машин, дандаа л гараажид хэвтэж байсан. Нөгөө нь эмэгтэй хүн барьж байсан, эхнэр барьж байсан, бараг яваагүй гээд. Эдгээрийг нь барин тавин батлах боломжгүй тул итгэхэд нэг хэцүү, итгэхгүй байх нэг хэцүү. Үнэхээр эхнэр нь барьж байсан, өвөл бараг яваагүй, Монголд орж ирээд нэг жил болсон машинаа зарж байгаа хүн тэгж хэлж байгаа 100 хүн дотор 5 байж болно. Яаж ялгах вэ тэрийг нь тэгвэл? Хамгийн амархан арга нь машин сайн мэддэг хүнээр үзүүлэх, эсвэл мэргэжлийн техникчид мөнгийг нь өгөөд оношлуулах.

Дөнгөж хөгжиж буй хөрөнгийн зах зээл дээр бидэнд ийм “оношлогч”, “механикууд” тун хэрэгтэй болов уу. Ном, зохиол уншиж байхад хоёр төрлийн зуучлагчид байгаад байх шиг. Эхнийх нь санхүүгийн зуучлагч нар бөгөөд үүнд вэнчур капитал (VC) фирмүүд буюу секси төслүүдэд хөрөнгө оруулагч нар, арилжааны банкууд, даатгалын компаниуд, хамтын сангууд байх. Эдгээр нь нэг талаас хөрөнгийн илүүдэлтэй байгаа нөхдүүдээс мөнгийг нь цуглуулан ашигтай гэж үзэж буй төслүүд рүү хөрөнгө оруулалт хийж мөнгө хүүлэх буюу ашиг олдог байгууллагууд. Хоёр дахь нь мэдээллийн зуучлагч нар. Эдгээр нь аудитын компаниуд, санхүүгийн шинжээчид, эрсдлийн үнэлгээ өгдөг хөндлөнгийн үнэлгээний компаниуд, түүнчлэн санхүүгийн мэдээллээр дагнасан хэвлэл мэдээллийн байгууллагууд ч орно. Аль аль төрлийн зуучлагч нар нь тухайн төсөл, компани, зах зээлийн түүхий мэдээллийг боловсруулан шинжилж, нэмүү өртөг бүхий санхүүгийн мэдээ, тайлан болгодог бөлгөө. Өөрөөр хэлбэл сайн болон муу төслүүдийг ялган салган ойлгоход нөгөө 100 сая төгрөгийн хадгаламжтай нөхөрт туслана гэсэн үг. Харамсалтай нь Монголд маань иймэрхүү бүтцээр ажиллаж буй газар тун цөөхөн. Арилжааны банкуудын удирдлага танил тал, найз нөхдийнхөө явуургүй төсөлд зээл олгуулахын тулд хөөрхий данс хариуцсан менежер, зээлийн мэргэжилтэнгүүтээ шахна, дарамтлана. Дээрээс нь мэдээлийн зуучлагч нар нь үнэндээ тухайн компанийн өөрөө нийтэд зарласан мэдээлэл дээр ямар нэг үнэ цэнэ буюу өртөг шингээж, мэргэжлийн түвшинд боловсруулалт, таамаглал хийлгүүгээр шууд copy and paste хийгээд мэдээллийн сувгуудаар бөмбөгдөөд байх шиг үе үе ажиглагдаад байдаг юм. Дунд нь value add хийхгүй бол дундын зуучлагч нарын хэрэг юу билээ. Надтайгаа адилхан машин мэддэг механикч ирчихээд авах гэж буй машины минь хамрыг нь сөхөж үзээд харсан болоод гайгүй юм шиг байна, ав ав энэ машинаа гэж хэлж байгаатай агаар нэгэн буюу. Миний уншиж буй энэ номон дээр ихэнх хөгжиж буй орнуудын санхүүгийн зуучлагч нар нь insider мэдээлэгч буюу тухайн компанийн дотоод мэдээллийг ямар нэгэн аргаар олж авч, боловсруулалгүй шууд хүмүүст тараадаг, онцгүйгээр хэлбэл тэр тэгж байна гэсэн, тэр компани тэгэх гэж байгаа юм шиг байна лээ гэх маягийн хов жив хөөцөлдөж явдаг хүн шиг байдаг гэсэн байна. Тухайн мэдээлэл дээр ямар ч нэмүү үнэ цэнэ үүсгэдэггүй гэсэн үг. Монголын дийлэнх мэдээллийн сайтуудыг харж байхад мөн адил. Нэгнийхээ анх бичсэн юмыг авторыг нь солиод л өөрийн мэдээллийн хэрэгслээрээ цацаад байна. Ядаж жаахан цаашаа ухаад, нэмэлт мэдээлэл, баримтаар баяжуулахгүй бол тухайн хүнийг сурвалжлагч гэх үү, тоть гэх үү. Үнэндээ олон мэдээллийн сайт байх боловч нэг сайтыг нь бүгдийг нь уншсан байхад бусад мэдээллийн сайтыг нь унших шаардлагагүй болоод байгаа нь үүнийг нотлоод байгаа юм. Санхүүгийн зах зээл ийм байдалд орвол шууд сөнөө л гэсэн үг.

Үнэлгээний компаниудаас гадна Монголд шалгаруулаад байгаа оны шилдэг, оны топ аж ахуйн нэгжүүдийн шалгаруулалт хааяа сонирхолтой санагдаад байдаг юм. Яг хөрөнгийн зах зээл гээд аваад үзвэл биржийн арилжаанд идэвхтэй оролцдог 50 хүрэхгүй л компани байгаа байх. Гэтэл ТОП 100 аж ахуйн нэгж шалгаруулаад унахаар хөрөнгө оруулагч нар яаж ялган салган шийдвэр гаргах вэ? Гурван хүн уралдаж би шагналт гуравдугаар байранд орлоо гэдэг шиг л юм сонсогдож буй биз. Мөн түүнчлэн нэг компани нэг л аудитийн байгууллагаар жил бүр тайлангаа хянуулаад байдаг. Уул нь жил бүр өөр өөр газруудаар хянуулж cross checking хийлгэж байвал хувьцааг нь худалдан авах гэж хүнд илүү найдвартай сэтгэгдэл төрүүлэхээр. Заримдаа бараг Монголын аудитын компаниудыг өөрсдийг нь аудит хийдэг аудитын компаниуд хэрэгтэй юм шиг бодогдох юм. Өөрөөр хэлбэл санхүүгийн зуучлагч нар сайн хөгжлөө гээд бас л асуудлыг бүрэн шийднэ гэхэд хэцүү. Учир нь Монгол шиг жижиг газар талуудын ашиг сонирхлын зөрчил ба аль аль байгуулагын засаглалын асуудлууд цогцоороо хөндөгдөнө гэсэн үг.

Тэгэхээр дахиад л яах вэ тэгвэл гэдэг асуудал гарч ирнэ. Нэг боломжит хувилбар нь хүний хүчин зүйлийг аль болох бага байлгаж болохоор. Ухаан нь мэдээллийн технологийг ашиглан мэдээлийг цаг тухайд нь түргэн шуурхай, нийтэд тэгш эрхтэйгээр түгээх. Цахим арилжааны систем гэсэн үг. Аль 10 жилийн өмнө буюу 2000 онд Нью Иоркийн хөрөнгийн бирж болон НАСДАК дээр нийт арилжааны үнийн дүнгийн 18%-ийг нь хувь хүмүүс гэрээсээ, ажлаасаа цахим хэлбэрээр хийж байсан юм билээ. Өнөөдөр уг хувь хэдэд хүрснийг мэдэхгүй байна. Яг үнэндээ бол мэдээллийн технологи нь санхүүгийн зуучлагч нарын хамгийн том өрсөлдөгч болж буй хэрэг юм. Дөнгөж 3 сарын өмнө Токиогийн хөрөнгийн бирж систем дээрээ шинэчлэл хийж 2-3 секүнд болдог байсан нэг арилжааг 0.005 секүндийн дотор гүйцэтгэдэг болоод байна. Энэ нь нэг өдөрт хамгийн ихдээ 46 сая гүйлгээ хийх боломжтой гэсэн үг. Үүнээс гадна хамгийн сонирхолтой мэдээлэл гэвэл мэдээллийн технологийн хурдацтай хөгжил эргээд өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгө биржүүдийг бодит аюулд оруулаад байна. Энэ нь брокер, дилерүүдийн компаниудын үзүүлж эхлээд буй хувийн арилжааны систем (Personal Trading Systems) юм. Энэхүү хувийн арилжааны системээр хийгдсэн нийт гүйлгээний өнгөрсөн оны дүн JASDAQ дээр хийгдсэн дүн рүү бараг дөхөж очсон гэж буй нь алсдаа JASDAQ болон Токиогийн хөрөнгийн биржүүд орших уу, эс орших гэдэг шиг асуудал болбол гайхах зүйлгүй. Яагаад гэвэл ийм системүүд нь уян хатан, өртөг багатайгаас гадна гүйлгээний цаг нь бараг хоногийн 24 цаг байна. Энэ тухай маш сонирхолтой мэдээлийг схем, статистикийн хамт  Nishihara хэмээх сурвалжлагч “Stock investors turning to personal trading” нэртэйгээр The Daily Yomiuri сонины 21,345-р дугаарт бичсан байна билээ.

Чадварлаг санхүүгийн зуучлагч нараас гадна ард нийтийн боловсрол ба мэдээллийн технологи нь богино хугацаанд Монголын хөрөнгийн зах зээлийг урагш түлхэх гол хүчин зүйлүүд байх болов уу гэх мунхаглах авай. Хуучин элэнц өвгөдүүд маань "Хэрхэхийг тэнгэр мэдтүгэй" гээд харанхүй дайрдаг байсан бол одоо тэр цаг нь биш болжээ. Аль 1990 онд А.Тоффлер "The most important economic development of our lifetime has been the rise of a new system for creating wealth, based no longer on muscle but on mind" гэж хэлж байсан байх юм. 


Хөх тэнгэр хэрхэхийг хамаг Монголчууд өөрсдөө мэдсүгэй! 

Saturday, 10 April 2010

Income disparity

Баян хоосны ялгаа

Дөнгөж нэг сая гаран хүнтэй, хүн амын дундаж цалин нь 350 хүрэхтэй үгүйтэй ам.доллар бүхий Улаанбаатар хотод аль хэдийн Louis Vuitton, Hugo Boss, Ermenegildo Zegna, болон  Giorio Armani-ийн салбарууд буюу boutique дэлгүүрүүд нь нээгдэж, тэр ч байтугай сонин хэвлэл, интернэтээр The Rezidor Hotel Group, Hilton Hotels Corporation, Shargri-La зэрэг дэлхийд алдартай зочид буудлын гигантууд тун удахгүй буюу энэ онд нийслэлд маань үүдээ нээхээр төлөвлөөд байх шиг байна.

Гэтэл өдгөөг хүртэл нэр алдартай хөрөнгө оруулалтын банкууд албан ёсны төлөөлөгчийн газраа Монголд нээгээгүй Бээжин, Сөүлээс хамаарч байгаагаас гадна Starbucks болон McDonald’s зэрэг сүлжээнүүдийн нээгдэх эсэх сураг төдийлөн сонсогдохгүй л байна.

2008 оны 5 сарын байдлаар Нэгдсэн Үндэстний Байгууллагад нийт 192 орон бүртгэлтэй буй юм билээ. Эдгээр улсууд дунд Монгол улс маань баян, хоосны ялгаагаараа 97-р байрт жагсаж байна. Гэхдээ энэхүү мэдээлэл нь Монголын 2002 оны тоон мэдээлэл дээр үндэслэсэн байна билээ. Улсуудын баян, хоосны ялгааг хэмждэг олон улсад түгээмэл хэрэглэдэг нэг хэмжүүр нь GINI индекс гэсэн хэмжүүр байх агаад Монгол улсын 2009 оны бодит мэдээллийг оруулан дахин хэмжилт хийвэл ядуурлын түвшин хир өөрчлөгдсөнийг харж болохоор буй.

Миний таамаглалаар бол ядуурлын дундаж түвшин бага зэрэг буурч буй мэт харагдах боловч баян, хоосны ялгаа тэр хэмжээгээр ихэсч байгаа мэт санагдаад байх юм. Түүнийг нь ч гадныхан гярхай ажигласан бололтой. Тийм ч учраас нийгмийн дундаж давхаргад масс үйлчилгээ үзүүлэн бизнес хийдэг дэлхийд алдартай түргэн хоол, кафетериануудын сүлжээ Улаанбаатарт нээгдээгүй байхад тансаг зэрэглэлийн зочид буудал, чамин хувцас, үнэт эдлэл тэргүүтэнийн салбар дэлгүүрүүд хэдийн нээгдээд байгаа мэт.       
    

Monday, 5 April 2010

The Japan Model

Япон Загвар

Хичээлийн маань сүүлийн улирал өнөөдрөөс эхэлж байна. Одоо ч юу байх вэ. Хаврын семестерийн 10 долоо хоног, диплом бичих 2 сар харвасан сум шиг өнгөрөөд намар Монголдоо аль нэг газар ажиллах гээд “контоор” метрлээд гүйж байх биз ээ. Болж өгвөл энэ семестерийн сүүлийн шалгалттай зэрэгцээд дипломоо урьдчилж бичээд дуусгачих санаатай нухаад буй. Дипломын ажлын маань удирдагч багш болох профессор Жэй өнгөрсөн долоо хоногт өөрийн бичсэн нэг өгүүллийг уншиж хэрэгтэй юм байвал бичиж байгаа ажил дээрээ ашиглаарай гээд өгсөн юм. Уг нийтлэлийг мань эр 2009 оны 12 сард The Japan Model: Applied Elsewhere? нэртэйгээр Effective Executive сэтгүүлд хэвлүүлж байжээ. Их сонирхолтой нийтлэл бөгөөд гол санааг нь бас бус мэдээллийн хамтаар өөрийн бодолтой цуг хавсаргахыг оролдов.

Япон улсыг Азийн улсуудаас хамгийн түрүүнд аж үйлдвэржсэн орон буюу өндөр хөгжилтэй улс болсон гэж үздэг. Түүгээр ч үл барам саяхан Хятад улсад гүйцэгдэхээсээ өмнө буюу 1969 оноос хойш өдгөөг хүртэл дэлхийн хоёр дахь том эдийн засаг бүхий улсын жагсаалтанд бичигдсээр байлаа. Энэхүү амжилтын гол үндэс нь Япон Загвар юм гэж мань эр дүгнэжээ. Саяханы болж өнгөрдөг дэлхийн санхүүгийн хямрал нь товчхондоо засгийн газрын оролцоо бизнест хэрэгтэй юм байна гэдгийг батлав гэж маргаж байна. Өөрөөр хэлбэл Японы засгийн газар болон бизнесийн хамтарсан нэгдлийг Япон Загвар гэх бөлгөө. Энэхүү хямралын тухай сэдвээр Токиогийн хөрөнгийн биржийн ерөнхийлөгч манай сургууль дээр иж ярилцлага хийж байсныг энд сийрүүлж байсныг энэхүү бичлэгтэй цуг уншвал их зүгээр санагдав. Япон улсын түүхээс авч үзвэл бизнесүүд нь хоорондоо маш их холбогдсон, групп, консорциумын хэмжээнд төрийн оролцоо, дэмжлэгтэйгээр голцуу явагддаг юм билээ. Чухам энэхүү загвар л Япон улсыг 15-хан жилийн дотор буюу дайны дараа 1955-1970 оны хооронд дэлхийн хоёр дахь том эдийн засаг бүхий орон болгосон ажээ. Төрийн хүнд суртал, удаан шийдвэр гаргалтын үйл ажиллагааг нь Америкууд шүүмжлэн заримдаа Япон улсыг “Япон ХХК” гэж егөөдөн ярилцдаг байсан аж. Гэхдээ энэхүү систем нь яг дайны дараа ч үүсчихээгүй, аль 1868 он буюу Мэйжигийн үед үндэс нь тавигдсан гэх юм билээ. Тэр үед Япон улс барууны улсуудаас хөгжлөөрөө хол хоцорч буйгаа мэдэрч эхэлсэн агаад тэдэнтэй зэрэгцэх, улмаар гүйцэж түрүүлэхийн тулд феодлын нийгмээс капиталист нийгэм рүү шилжих ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрийг хэрэгжилтийг мэдээж засгийн газар гардан хэрэгжүүлж улмаар өнөөг хүртэл бизнест нөлөө бүхий субъект нь байсаар л байна. Гэхдээ энэхүү засгийн газрын оролцоо нь коммунист нийгмийнх шиг системээс шал өөр бүтэцтэй байсныг болгооно буй заа. Гэсэн ч энэхүү эхний загвар нь удаан амьдраагүй агаад төрийн оролцоо хэт их байснаас болж авилга, хээл хахууль, хүнд суртал, монопол бизнесүүдээс болж амжилтгүй болсон юм. Японы улс төр ба бизнесийн холбооны талаар Японы нэгэн улс төрчтэй уулзсаны дараа энэхүү бичлэг дээрээ дэлгэрэнгүй бичиж байжээ.

Үүний дараа Японы засгийн газар төрийн өмчит үйлдвэрүүдээсээ илүү хувийн хэвшлийнхэнийг бодлого, стратеги, мөнгөөр дэмжиж эхэлжээ. Ингэхдээ Япон улсын хувьд стратегийн ач холбогдол бүхий бизнесүүдийг дэмжиж байжээ. Ялангуяа дайны дараа Япон улс нөөц хуваарилах систем буюу Fund Allocation System-ийг нэвтрүүлсэн бөгөөд энэ нь импортлогч нар бизнесээ хийхийн тулд гадаад валютын арилжаа хийх тусгай зөвшөөрлийг Японы гадаад худалдааны яамнаас авах ёстой байдаг байжээ. Үүгээрээ Япон улс улсынхаа валютын нөөц, гадаад худалдааны балансаа шууд удирдан зохицуулдаг байсан аж. Энэхүү стратегийн амжилттай болсон нэг шалтгаан нь Япончууд богино хугацааны ашгаас илүү урт хугацааны өгөөжийг харж, тэр чиглэлийн бизнесүүдийг бүхий л эрсдлийг үл ойшоон тэтгэж ирсэнд оршоод байх шиг байна. Японы ид сэргэн мандалтын үед буюу 1954-1968 оны үед эдийн засгийн өсөлт нь барууны орнуудынхаас 2-3 дахин өндөр өсөлттэй байсан нь гайхалтай.

Япон улсын бизнесийн түүх, санхүүгийн зах зээлийн он цагийн мөчлөгийг сонирхон судлаваас Big Four Zaibatsu болон Big Six Keiretsu гэсэн нэр томъёонуудтай нилээд тааралдах болно. Эдгээр нь төрөл бүрийн салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын нэгдэл юм. Монголоор бол MCS, Newcom, Бодь групп гэх юм уу даа. Миний ойлгож, мэдрэснээр бол Мицүбиши корпораци дайны өмнөөс эхлээд одоог хүртэл Японы хамгийн том бизнесийн бүлэглэл хэвээр байсаар л байна. Барууны болон Монголын бизнесийн орчноос тэс ялгаатай зүйл нь багийн ажил, насан туршдаа нэг компанид ажиллах нөхцөл, хувь хүний болон компанийн нэр хүнд, хоорондын итгэл үнэмшил. Одоог хүртэл энэхүү Японы бизнесийн онцлог оршсоор л байна.

Японы энэхүү загварын гол оролцогч нарыг тоймлон тайлбарлавал толгойд нь мэдээж засгийн газар түүний боловсруулсан бодлого байх. Түүний дараагийн шатлал нь гадаад худалдаа болон сангийн яамдууд байх агаад эдгээрийн стратеги, нөөц хуваарилах систем, хэрэгжүүлэх механизмууд нь багтана. Нөгөө талаас бизнесийн болон санхүүгийн группууд энэхүү харилцаанд нэгдэнэ. Бизнесийн группын түүчээ нь улс орны хувьд стратегийн ач холбогдолтойд тооцогдох салбарууд байна. Энэ нь Японы хувьд машин механизм, электроникс, инженерийн үйлдвэрлэл үйлчилгээ, автомашин гэх мэт нь орж байв. Бизнесийн группын дараагийн шатлал нь жижиг, дунд бизнес эрхлэгч нар. Бүр дараагийн шатлал нь жижиг, дунд бизнес эрхлэгч нарын ажлыг аутсорсинг маягаар гүйцэтгэдэг хувь хүмүүс гэж хэлж болохоор байна. Банкны группт төв банкаар тэргүүлүүлсэн хөгжлийн банк, үйлдвэрлэлийн банк, урт хугацааны зээлжүүлэлтийн банк, жижиг бизнесийг санхүүжүүлэх банк гэх мэтчилэн төрөлжсөн арилжаан банкууд байдаг юм байна. Гол ид шид нь ийнхүү бизнесийн салбарууд, компаниуд, банкуудыг төрөлжүүлснээр нэг салбарт өрсөлдөх аюулыг багасгаснаас гадна олон хүн баялагаас хувь хүртэх боломжийг олгож байгаад байгаа юм. Жишээ нь, үндэсний хэмжээний том компаниуд нь жижиг, дунд бизнесүүдтэй гэрээ хийх ба эдгээр жижиг, дунд компаниуд нь хувь хүмүүстэй аутсорсинг гэрээ хийж ажлаа хийлгүүлнэ. Ингэснээр нийгмийн үе шат болгонд нэмүү өртөг бүтээгдэх агаад том компаниуд нь гэсэн аутсорсинг хийж эдгээр хөдөлмөрийн хүчийг ашигласнаар үйлдвэрлэлийн зардлаа 50-60% хэмнэж чадсан гэгдэх юм билээ. Технологи дээр ач холбогдол өгч хөгжүүлсний хүчинд Япон улс ДНБ-ээ 1965-1980 оны хооронд 10 дахин өсгөж 1 триллион ам.долларт хүргэж байжээ. Дээр дурдсан Японы засгийн газрын дэмжиж байсан стратегийн ач холбогдол бүхий салбаруудад ажиллаж байсан компаниуд нь өдгөө Япон улсын үндэстэн дамнасан том корпорациуд болон хэрхэн ажиллаж буйг та бидэн харж буй.

Энэхүү амжилтын суурь нь дээр дурдсан Японы улсын бизнесийн онцлог болох багийн ажил, бие биенээ дэмжсэн хоорондын бизнес сүлжээ, соёлтой зайлшгүй холбоотой. Монголд бол аль болох хүнд хэлэхгүй байж байгаад өөрөө ганцаараа идчих гээд зүтгээд байдаг. Түүнээс гадна ямар ч хувийн бодлого, чиглэлгүй бусдыг дууриан хамаг мөнгөө шавхан барин Lexus-ийн он залуу жийп авчихаад бензинийн мөнгөө дийлэхгүй микродоод явж буй залуусын жишээг саяхан сонсож байлаа. Урт хугацааны ашиг буюу том зургаа харалгүй богино хугацааны хүлээсэнд хүлүүлсэн бидний нэг хэвшмэл зангийн илрэл юм уу даа. Хаммер авах гэдгийг амьдралын зорилгоо болгосон хүмүүс ч Монголд бишгүй бий. Үнэхээр хувь хүний амьдралын эцсийн том зорилго нь тэр машиныг бусдад гайхуулахын тулд авах юм гэж үү дээ? Иймэрхүү сэтгэлгээнээс салаагүй цагт бид бултаараа улс орны хөгжил гээд ярих гээд үзвэл хир баргийн яриа хоорондоо таарахгүй л болов уу. Тэгвэл Монгол Загвар нь юу байж болох вэ?   

Нэгэн сонирхолтой зүйл нь Японы энэхүү хөгжлийн туршлагыг бидний азийн бар гэгдэх улсууд хуулбарлан авч ашигласан гэж үздэг юм байна. Хамгийн анх Тайвань улс үүнийг хэрэгжүүлж цагтаа дэлхийн компьютерийн motherboard-ийн зах зээлийн бараг 90%-ийг дангаараа гартаа атгаж байсан байх. Хэдий тийм боловч Тайвань улс Сони, Тоёота шиг үндэстэн дамнасан өөрийн үндэсний компани байгуулж хараахан чадаагүй гэж мэргэжлийн хүмүүс дүгнэдэг юм байна. Үүнийг ухвар шалтгааныг нь цаашид мөшгин судлавал Монголд их хэрэгтэй юм шиг санагдаад буй. Тайвань улсын үсрэнгүй хөгжлийн шалтгаан нь Японы том компануид Тайвань улсад салбараа нээж, үйлдвэрлэлийн баазаа болгосон явдал гэж үздэг. Шувуун цуваанд Японы дараа нисч байсан Тайвань улсын аз нь байсан гэсэн үг.

Японы хурдацтай хөгжлийн бас нэгэн түлхүүр нь барууны орнуудад хөгжиж бэлэн болтлоо хэдэн зуун жил шаардагдсан технологийг шууд хуулбарласан явдал гэж ярих юм билээ. Үүнийгээ “late comer advantage” хэмээн томъёолох. Азийн бар улсууд, Ялангуяа Солонгосчууд Японоос энэхүү аргыг нь хуулбарлан амжилттай хэрэглэснээр өдгөө технологийн салбарт Япон улсын хамгийн том өрсөлдөгч нь болчихоод байна. Япон мэргэжилтэнгүүд хагас, бүтэн сайнд нууцаар Солонгос нисч тэнд ажиллаад буцаж ирдэг байсан тухай зөндөө мэдээлэл байдаг юм билээ. Хамгийн сонирхолтой судалгааны хэсэг нь Хятад улсын тухай байв. Хятад ба Япон, Солонгосын хөгжлийн ялгаа болон хоцрогдлыг нь Хятад улсын хувьд аутсорсинг хийж захиалга өгдөг компаниуд нь үндэсний компаниуд нь биш талаас илүү хувь нь гадаадын компаниуд байгаад оршино гэж профессор дүгнэсэн байв.

Дээр сургуулийн нэг теле хуралд оролцсон юм. Тэр үед анх удаагаа “Flying Geese” загварын тухай сонсож байснаас энэхүү бичлэг дээрээ буулгасан буй. Энэхүү загвар ёсоор бол зэллэн нисч буй шувуун цувааны түүчээ нь Япон улс бөгөөд шувуун цувааны хоёрдугаар эрэмбийн улсууд нь бидний ярих дуртай азийн барууд буюу Солонгос, Тайвань, Сингапур, Хонг Конг. Харин гуравдугаар эрэмбийн улсууд нь АСЕАН-ийн тэргүүлэгч улсууд болох Филиппин, Индонези, Тайланд, Малайз улсууд байх бол дөрөвдүгээр эрэмбэ буюу шувуун цувааны бөгс орчим хамгаалалт болж явдаг улсууд нь Хятад, Вьетнам зэрэг бүс нутагтаа хөгжлөөрөө сүүл мушгиж буй улсууд багтана. Энэхүү загварчлалыг профессор Акамацу аль 1962 онд гаргаж байсан боловч өдийг хүртэл улс орнуудын эрэмбэ дараалал нэг их өөрчлөгдөөгүй болов уу гэж бодож байна. Гэхдээ Хятад улсыг эс тооцвол. Шувуун цувааны эрэмбэ буурах тусам “late comer advantage”-ийг ашиг тус өсөх боловч эргээд цаг хугацааны үнэ цэнэтэй харьцуулах үед тэрхүү давуу тал нь сул тал болох бүрэн боломжтой юм. Өдгөө шувуун цуваан дунд хамгийн хүчирхэг гишүүн нь яах аргагүй Хятад улс болж, өдөр ирэх тусах цуваан дахь эрэмбээ бага багаар ахиулж баймой. Хэдий Хятад улс дотоодын асар том зах зээл дээрээ тулгуурлан хүчээ авч буй боловч экспорт дээр дулдуйдсан эдийн засаг дээр маш их анхаарал тавьж байна. Үүний ганц жишээ нь Африк тив руу хийгдэж буй Хятад улсын экспортын жилийн өсөлт 12 орчим хувь буюу жил бүр дунджаар 20%-р өсөж байхад дэлхийн бусад улсуудын Африк тивтэй хийж буй экспортын худалдааны өсөлт 1998 оноос хойш дунджаар жилийн 2%-ийн өсөлттөй, бараг ямар ч өөрчлөлтгүй байна.

Товчхондоо профессор өөрийн нийтлэлээ дүгнэн хэлэхдээ азийн улсуудын хөгжилд хоёр зүйл нь маш их нөлөөтэй байсаар л байна. Энэ нь засгийн газрын оролцоо ба технологи нутагшуулах хурд хоёр гэж. Тухайн улсууд энэхүү хоёр асуудал дээр хир хурдан шийдэр гаргаж, орцыг нь хир тааруулахаас улс орны хөгжлийн асуудал хамаарах болой гэжээ. Үүн дээр нь нэмээд хэлэхэд хувь хүний хөгжил, ёс суртахуун, үнэлэмжийн асуудал Монгол шиг хөгжиж буй орнуудад маш чухалд тооцогдох байх гэж бодох юм. Яг үнэндээ өнөөдөр бол технологи асуудал биш байхаа болиод удаж байна. Харин өдөр ирэх тусам хүн өөрөө л бүх болох болохгүй юмны үндэс нь болон хатингаршсаар байх шиг.