Дээрхтэй холбогдуулаад хэлэхэд “хувь хүний нийгмийн хариуцлага” гэдэг асуудал яагаад байж болохгүй гэж? Харин ч хамгийн түрүүнд бид ярих ёстой, хэрэгжүүлэх ёстой асуудал байгаа бус уу. Жишээ нь, буруу замаар яваа нэгнээ зөв чиглүүлэх, зурагтаар гарч байхдаа чих, хамраа ухахгүй байх, гудамжиндаа хог, нус цэрээ хаяхгүй байх, ядаж хүүхэд, хөгшидийн хажууд хараалын үгс хэлэхгүй байх, таксины жолооч ч бай, орцныхоо цэвэрлэгч ч бай өдөр тутам тааралддаг хүмүүстэйгээ хэн ч байсан ялгалгүй мэндэлж сурах ч гэх юм уу. Монголчуудын онигоо байдаг биз дээ. Гадаадын авиакомпаниар анх удаа үйлчлүүлж байгаа нэг нөхөр үйлчлэгч бүсгүй инээмсэглэж өнгөрөөд байхаар нь надад талтай, сээтэгнэж байна гэж бодоод маш том андуурч эндүүрч байсан тухай.
Ер нь бидний дунд хөрш айлуудаа таньдаг мэддэг, зөрж өнгөрөхдөө мэнд усаа мэдэлцдэг хүмүүс хэд байгаа вэ? Хөрш айлаа биш юмаа гэхэд байрны даргаа мэддэг хүмүүс байна уу? Чухам иймэрхүү л жижиг юмнаас компанийн нийгмийн хариуцлага эхлэх ёстой болов уу? Тэгэхгүй гай гамшиг, ядуу зүдүү хүмүүс болохоор л сайн хүн, сайн компани болох гээд мөнгө төгрөг өгөөд, эргээд зурагт, сонингоор бичигдэх нь компаниудын эрхэм зорилго байж яав ч таарахгүй. Энэ үйлдэл нь эргээд нөгөө тусламж авдаг хүмүүст бэлэнчлэх, байнга туслуулах сэтгэхүйг бий болгох магадлалтай. Жишээ нь, хэдэн жилийн өмнө 3, 4-р хорооллын жалганд болохгүй ээ, үер буудаг гээд байхад хүчээр шахуу буучихаад үер, усны аюул болонгуут албатай юм шиг ард түмэн, баян компаниуд, чинээлэг хүмүүс тусламжийн гараа сунгаач ээ гээд байсан. Хүмүүс, компаниуд туслаад гэр орон өгөөд байсан чинь үерт автаагүй зарим өрхүүд гэрээ албаар буулгаж нуучихаад гэр авах гээд явж байгаад азаартсан мэдээ яваад байсан. Ингэвэл ямар хэрэг байгаа юм бэ?
Баян, мөнгөтэй хүмүүс л заавал туслах ёстой гэдэг ойлголт тэр болгон байж болохгүй. Тэртэй тэргүй тэр хүмүүс шууд бусаар, нүдэнд үл харагдах аргаар нийгэмдээ асар ихээр тусалж байгаа гэж боддог. Жишээ нь, анх плазма болон LCD зурагтууд харьцангүй өндөр үнэтэй дэлхийн зах зээлд гарч ирж байсан. Чухам түүнийг нь нөгөө мөнгө өгөхөөр нь инээгээд, мөнгө өгөхгүй болохоор нь уурлаад, чичээд байдаг өнөө хэдэн хөрөнгөтнүүд чинь эхэлж худалдаж авна. Энэ мөнгө нөгөө зурагт үйлдвэрлэдэг үйлдвэрлэгч нарт дараагийн үйлдвэрлэлээ улам их хэмжээгээр үйлдвэрлэх боломж олгож, тэр чинээгээр нэгжийн үнийг буулгаж, дунд орлоготой иргэд ийм төрлийн зурагт авах боломж олгож байгаа нь бодит үнэн. Тухайн компанийн ашиг орлого өсөхийн чинээгээр олон хүнийг ажлын байраар хангаж, улсад төлөх татвар нь нэмэгдэж, нөгөө “муухай ааштай” 130,000 гаруй төрийн албан хаагчдын хоолны мөнгийг өгч байгаа. Хууль ёсоор татвараа төлж байгаа хувь хүн, албан байгууллагууд чинь л чухам ерөнхийлөгч, ерөнхий сайд, өнөөх гайхал 76-ийн цалинг төлж, УБЗ дугаартай бензин хүүлдэг бандгар жипүүдийг нь тэжээж байгаа шүү дээ. Энэ бидний нийгмийн хариуцлага биш гэж үү?
Өөрийгөө засаад өрхөө зас, өрхөө засаад төрөө зас гэдэг үг юутай үнэн буй. Бүрэн бус дунд боловсролоо ч гүйцэд авч чадаагүй, орон оронгүй, ядаж зээлээр ч болов байр аваагүй нөхдүүд төр нийгмийн идэвхи гаргаад, бусдын өмнөөс санаа зовоод, улс төр яриад, нам хуйд орж бужигнуулаад, нөхөр, эхнэр, хүүхдүүд, аав, ээж, эмээ, өвөөгийнхөө өмнө хувийн хариуцлага хүлээж чадахгүй байж бас болоогүй нийгмийн хариуцлага, дэлхийн дулаарал, цөлжилт энэ тэр гэж яриад байгаа нь инээдтэй л харагддаг юм. Ичих нүүрэндээ элэг наасан хүмүүс үе үе тааралдах л юм. Ядаж байхад тэр “элэг” нь ямар ч зузаан юм. Үгүй яах вэ, санаа нь сайхан юм даа.
Бие биенээ байнга эерэг энергиэр цэнэглэж, хувь хүн болгон нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч бодгаль болох зорилго өмнөө тавьж, энэхүү нийгэмдээ идэвхтэй ажиллаж амьдарцгаая.