Шинжлэх ухаан ба стандарт
Ойрмогхон АНУ-д PhD-гээ хамгаалж энэ хавар төгсөх гэж буй Тайвань, Япон, Солонгос гэсэн
гурван орны иргэдтэй сургууль дээрээ уулзан, тэдний докторын эрдмийн ажилтай
товч танилцах завшаан тохиов. Энэ гурван хүн бүгд манай сургуулийн санхүүгийн
тэнхимд багшаар ажиллах хүсэлт гаргасан агаад миний хувьд санамсаргүй сууж
байгаад санаандгүйгээр сонгогдсон “Graduate School of International Management
Council” буюу бизнесийн сургуулийн оюутны зөвлөлийн гишүүний албан тушаалын ачаар
эдгээр эрдэмтэдтэй уузсан бөлгөө. Миний ойлгож буйгаар энэхүү оюутны зөвлөлийн
хамгийн өндөр эрх мэдэл нь бизнесийн сургуульд багшлахаар ирж буй бүх кандидат
нартай бусад профессорууд, сургуулийн хүний нөөцийн албатай ижил түвшинд
шийдвэр гаргах процесст оролцож нэр дэвшигч бүртэй ганцаарчилсан ярилцлага
хийж, эрдмийн ажлын танилцуулга, профессоруудын өмнө хийдэг хамгаалалт дээр нь
оролцдог юм байна. Өөрөө “шалдан” оюутан юм байж барууны орнуудад зарим нь бүр
хэд хэдэн мастер хамгаалсан, дэлхийн нэр хүндтэй санхүүгийн компаниудад дор
хаяж 7 жил ажилласан туршлагатай, одоо АНУ-ийн нэр хүндтэй их сургуулиудад
докторын зэргээ хамгаалахын сацуу туслах багшаар ажиллаж буй “атамануудаас” та
яагаад заавал акедемик салбарт ажиллах хүсэлтэй байна, тэр дундаа яагаад Японд
ажиллах хүсэлтэй байна, манай сургуульд багшаар орвол таны багшлах арга барил,
техник, стиль чинь юу байх вэ, оюутнуудыг үнэлэх үнэлгээний системийн талаар юу
гэж бодож байна, өөрийн эрдмийн ажлаа хийж буй сэдвийнхээ хүрээнд бизнесийн
талбар дээр ажлын туршлагатай эсэх, гэр бүлтэй эсэх энэ тэр гэсэн зарим нь бүр
хаа хамаагүй “хөндлөн” асуултуудыг нэр дэвшигч нарт тавьж оюутны зөвлөлийн
албан тушаалынхаа “үр шимийг” машид таатайгаар амтлав.
Тавигдсан танилцуулгууд, материалуудын 80% нь дан тоо,
томъёо, математикийн загварчлалууд, гаргалгаанууд. Үүнийгээ бизнесийн
практикийн мэдээллээр туршиж үзэн дүгнэлтээ гаргах бөлгөө. Гэхдээ дүгнэлт
гаргаж, өөрийн загварчлалаа батлахын тулд зарим нэг нийгэм, эдийн засгийн
хувьсагчийг (variable) тогтмол гэж авч үзэх аж. Үнэндээ тэгэхээс өөр аргагүй юм билээ. Энэ ертөнц дээр бидний
эргэн тойронд буй бүхий л хамаарах болон үл хамаарах хувьсагч нарыг хамаатуулан
судалгааны ажлыг хийж шинжлэх ухаанд баталгаа гаргана гэдэг бараг л байж
боломгүй зүйл мэт. Тийм ч учраас докторын зэргээ хамгаалж буй хүмүүсийг янз
бүрийн асуулт асууж унагая гэвэл яаж л бол яаж унагаж болохоор санагдав.
Угаасаа асуугдаж буй болон асууж буй талуудаасаа гадна судалгааны сэдэв маань
өөрөө төгс хэмжигдэхгүй учир. Түүнээс гадна байгалийн шинжлэх ухаанаас гадна ихэнх
нийгмийн шинжлэх ухаанд яг таг тодорхойлсон стандарт байхгүй тул англи хэлэнд “Beauty is eye of the
beholder” гэдэг хэлц байдаг шиг тухайн судлаач асуудлыг аль талаас нь харж байна
гэдгээс шалтгаалан өмнөө дүгнэлтүүд гарах учиртай бололтой. Жишээ нь “Optimal Consumption and
Portfolio Choice for Long-Horizon Investors with Non-tradable Labor Income when
Asset Returns are Predictable” гэсэн сэдвээр докторын ажлаа хийж буй эрхмийн гол санаа нь хүн ажиллаж
байх хугацаандаа болон тэтгэвэртээ гарсаныхаа дараа цалин, тэтгэвэрийн мөнгөө
хэрхэн хамгийн үр ашигтай зарцуулж, өгөөж олох тухай загварчлал байх. Гэхдээ
энэхүү загварт тухайн хүн ажиллаж байгаад гэнэт нас барах, тэтгэвэртээ гарсан
мөртлөө давхар ажил хийж орлого олох, гэр бүлийн хүний орлого тооцогдох, давхар
ажил хийх буюу ажил, тэтгэвэр, үхэл гэсэн хүний нийгмийн идэвхтэй амьдралын
гурван үе шатыг алгасч болохгүй, мөн үе шатууд дамжиж буцаж болохгүй гэсэн
хязгаартайгаар загварчлалаа боловсруулсан байх.
Судлаач дүгнэлтээ гаргаж баталгаагаа хийхийн тулд зарим нэг хүнд хэцүү
эдийн засаг, загварчлал, эконометриксийн томъёололуудыг хялбарчлан хувиргасан
нь бас маргаан дэгдээж байв. Тухайн судлаачийн гаргасан дүгнэлтийг уншигч нар
нь бас хэрхэн өөр өөрийн түвшинд “орчуулж” хүлээн авахаас их юм шалтгаалах юм
билээ (depends on how to
interpret). Докторын зэрэг горилон судалгааны ажлаа хийж буй
эдгээр эрдэмтэд болон тэдгээрээс асуулт асууж мэтгэлцэж буй профессоруудаа
хараад би нэг л зүйлийг машид сайн ойлгов. Энэ дэлхий дээр аливаа асуудлыг 360 градус буюу
байж болох бүхий л талаас нь харан судалгааны ажил хийх чадвартай төгс хүмүүн
үгүй бөгөөд цаг үргэлж хувьсах шинж чанартай энэхүү орчлон ертөнц ба нийгмийн
зүй тогтлыг тодорхой хэмжээнд тайлбарлахын тулд зарим нэг үзүүлэлтийг тогтмол
гэж авахаас өөр аргагүй. Тиймээс зарим нэг хэт бүдүүн баараг тооцоогоор авсан тогтмол
хэмжигдэхүүн дээр суурилсан судалгааны ажлын дүгнэлт бодит амьдралтай
нийцэхгүй, буруу тайлбарлагдах, бусдад буруу мэдээлэл, чиглэл өгөх аюултай
байна. Өөрөөр хэлбэл доктор хамгаалсан хүмүүсээс илүү доктор хамгаалсан тэрхүү
эрхмийн эрдмийн ажлыг судлаад зөв мэдээлэл, зөв дүгнэлт гаргах чадвартай уншигч
нарын ерөнхий мэдлэг, ажлын туршлага та бидэнд хамгаас илүү хэрэгтэй санагдав. Баабарын
хэлсэн “Доктор буюу эрдэмтэн хүн гэдэг
чинь өнөөгийн Монголын нийгэмд ‘амьд хүн’ гэсэн утгатай болчихсон” гэдэг гашуун боловч үнэний ортой ёжлол энэхүү бичлэгийг бичиж байхад
бас санагдаж байна.
Эцэст нь дүгнэхэд нэгэн алдартаны хэлсэн бас нэгэн зүйл тархинд бууж баймой.
Bachelor буюу Бакалаврын зэрэгтэй хүн бол юу хийх гэж байгаагаа мэддэг хүн, Master
буюу Магистрийн зэрэгтэй хүн юмыг яаж хийх гэж байгаагаа мэддэг хүн, харин Ph.D
буюу Доктор хүн тухайн юмыг яах гэж хийж байгаагаа мэддэг хүн гэж. Өөрөөр
хэлбэл докторын зэрэг хамгаалсан хүмүүсийн судалгааны ажил, дүгнэлтийг харж
байхад хамгийн сүүлд гаргасан дүгнэлт нь их энгийн, зарим хүмүүс бол энэ чинь
угаасаа амьдрал дээр байдаг мэдээжийн л зүйл шүү дээ гэж дуу алдмаар. Гэхдээ
миний ойлгосноор докторын ажлын ид шид нь энэхүү дүгнэлтийг бодит тоо баримт ашиглан
яв цав батлах, баталж чадахгүй юмаа гэхэд ядаж өөрийн цуглуулсан тоо
баримт дээрээ үндэслэн хүмүүсийг итгүүлэхэд л орших бөлгөө. Өөрөөр хэлбэл үүний
дараа ижил сэдвээр өөр нэгэн хүн илүү өндөр түвшинд, илүү сайн тоо баримт дээр
суурилан тэс өмнөө дүгнэлт гаргах боломжтой гэсэн үг. Тийм ч учраас нийгмийн
зарим салбаруудыг жишээлбэл маркетингийг 50% нь шинжлэх ухаан (science), 50% нь
урлаг (art) гэж баруунд томъёолоод эхэлсэн байх ажгуу.