Удирдахуйн үндэс
Менежментийн онолын суурь
болсон төлөвлөлт, зохион байгуулалт, манлайлал, хяналт гэсэн үндсэн 4 функц байна аа. Дэлхийн ямар ч их
сургуулийн хүний нөөцийн үндсэн хичээлээр эдгээрийг дурддаг болов уу. Ухаан нь энэ 4 функцыг сайтар
зохион байгуулж хоорондын тасралтгүй холбоосийг гагнаж байж
тухайн байгууллага, цаашилбал тухайн улсын эрхэм зорилго бүрэлдэж, тэр чинээгээрээ байгууллагын бүтэц нь ойлгомжтой болж, улмаар тухайн байгууллагын өөрийн гэсэн өвөрмөц соёл нь бүрэлдэж, ирээдүй рүү яаж явах зам нь зурайх буюу байгууллагын дунд, урт хугацааны стратеги,
бодлого нь саруулхан болох учиртай юм шиг байгаа юм. Энэ 4 функцыг хувь хүний төлөвшилд ч шууд хэрэглэж болохоор. Бараг 10 орчим жил төрийн ба хувийн янз бүрийн байгууллагуудад нилээдгүй төрлийн ажлуудыг хийж байсны
хувьд дээр дурдсан удирдлагын онолын эхлэл болох төлөвлөлт, төгсгөл болох хяналтын үйл ажиллагаа Монголын зарим
нэг байгууллагуудад учир дутмаг мэт анзаарагдаад буй.
Төлөвлөлтийг хийхдээ ихэнх
байгууллагууд богино хугацааны буюу өнөө, маргаашийн ашиг орлого дээр суурилан хийдэг
нийтлэг хандлага байна. Хулхи бизнесээр нилээд мөнгө цохиж аваад дараа нь компаниа
дампууруулж, эсвэл нэрийг нь солиод дахиад л өнөөх олиггүй бизнесээ давтаад явна. Сонгодог
макро түвшний
жишээ нь УИХ-ын сонгуулийн амлалт, сонгуулийн үйл ажиллагаа ба дахин
сонгууль. Богино хугацаанд суурилсан, баахан элбэг бэлэн амлалт өгч байгаад сонгогдоно. Дараа
нь тойргоо солиод дахиад үзнэ. Ер нь УИХ-ын гишүүнийг жалгын хогоо цэвэрлүүлэх гэж, дүүргийн эмнэлэг, цагдаад машин
авч өгүүлэхийн тулд сонгох ёстой эсэх?
Овоо босгоогүй бол
шаазгай юунд суух билээ гэгчээр цагаан цаасан дээр юу ч бичсэн болохоор ард түмэн, өөрөөр хэлбэл “зах зээл” нь бэлэн
байгаа тул нөхдүүд улс төр болон эдийн засгийн хувьд
шууд бизнес хийх платформ байдлаар та биднийг ашиглаж байна. Буруу хэллээ. Та
бид өөрсдөө ашиглуулаад байна.
Зохион байгуулалтын хувьд бол
бараг барууныхан Монголчуудаас сурах цаг нь болсон бус уу. Том жижиггүй нийгмийн бүхий л түвшинд хуваах бялууныхаа
хэмжээ, хувиа тохирсон байхад зохион байгуулалт бол ямар ч асуудал биш. Юун тэр
Италийн мафийн зохион байгуулалт юм шиг байгаа юм. Хүн болгон бие биенээсээ эдийн
засаг, нэр хүнд,
цаашилбал амь насаараа хамааралтай болсон байдаг тул ингэхээс ч өөр аргагүй мэт. Гол нь энэхүү зохион байгуулалтын нэгдлийг
макро түвшинд
буюу улс орны хэмжээнд задалж томруулж өгвөл, түүнчлэн нөхдүүдийн ашиг сонирхол, эрхэм зорилгыг тулга тойрсон
биш, тив тойрсон хэмжээнд өргөжүүлэх боломжийг нь олговол ажил ямар хурдан явж, улс
орон ямар түргэн хөгжих бол оо гэж хааяа
бодогдох.
Манлайлал хэмээгч функцын
хувьд жаахан гадаад хэл гадарладаг болсон, эсвэл зурагт, сонингоор гарах эмгэгт
баригдсан хүмүүсийн тоо геометрийн
прогрессоор өсөөд байгаа мэт хандлага зэрвэс
ажиглагдах аж. Нэг л их том том ярьсан улсууд байх боловч ярьсан юмаа утга
найруулгыг нь болъёо гэхэд дүрмийн алдаагүй Монгол, Англиар бичээд хэвлээд гаргах хүн хэдэн хувь нь байгаа бол
гэдэг сонирхолтой асуудал шүү. За тэр бичгийн хэвийг нь энд дурдахаа болъё доо.
Зарим хүний
бичгийг лав би нилээд хэдэн шил шар айраг уусны дараа л хальт гаргахаар юм
билээ. Товчхондоо манлайлах гэдэг амбиц хүн болгонд ижил заяасан боловч чухам юун дээр
манлайлах ёстой вэ гэдэг ухааныг бурхан даанч харам заяаж дээ та бидэнд. Тухайн
хүний үнэ цэнийг нь байгууллагын урт
хугацааны зорилготой уяж чадвал алсдаа бүгд биш юм аа гэхэд дийлэнх хүмүүс дор бүрнээ өөрийн оюуны болон биеийн хүчний дээд, доод хязгаарыг
мэдрэн бурхангүй
газрын бумба үе үе галзуурдагаа болих нигууртай
бус уу. Хэлэх гээд байгаа санаа маань урт хугацааны төлөвлөлт байхгүйгээс зарим нэгэн маань 25
км-ийн марафонд гарч байж 100 метрт гүйх гэж байгаа юм шиг хамаг хүчээ эхний хэдхэн секүндэд шавхсан хирнээ бусдыгаа
айлгаж эсвэл аргадан байж тэднээрээ эргэж чирүүлэн бариандаа орж буйгаар зүйрлэмээр санагдав. Тэгэн барин
байж барианд орсон байж зарим нь ёс суртахуун, этикийн хувьд ичмээр гэхэд ч
гоёдмоор авир гаргахыг нь харахаар бурханы нулимс дуусдаггүй юм байхдаа гэж гайхмаар.
Хяналт гэдэг үгний үндсэн утга орчин цагийн Монгол
хэлэнд энэ утгаараа хэвээр байгаа юу гэдэгт би хааяа дотроо бодоод эргэлзээд
байдаг болсон байна лээ. Хяналт, хариуцлага гэдэг үг Монгол улсын ерөнхийлөгчийн эрх мэдэл шиг
хязгаарлагдмал, Японы эзэн хааны эрх мэдэл шиг бэлгэдлийн шинжтэй болоод удаж
буй бус уу? Богино хугацааны төлөвлөлт буюу нэг удаагийн “цавчаа” дээр угаас хянах
гэдэг утгагүйгээр
барах уу боломжгүй зүйл болох нь гарцаагүй. Түүнчлэн тийм дээд зэргээр зохион
байгуулагдсан мафийн шинжтэй гадаад орчин буюу масс хүмүүсээс тусгаарлагдаж хязгаарлагдан
хамгаалагдсан бүлэглэлүүдийн үйл ажиллагааг хянах тохиолдуулах
нь хар арьстан хүмүүсээс бүрдсэн хоккейн баг өвлийн олимпын аварга болохтой агаар нэгэн бөлгөө.
Аж ахуйн нэгжээс эхлэн төрийн түвшинд хүртэл нэг иймэрхүү нийтлэг дутагдалтай хандлага
байгаа мэт надад харагдах бөгөөд эдгээр буруу зөрүү хандлагын улмаас бид өөрсдийн үнэ цэнээ мэдрэхгүйгээр үр барам эх захаа алдаад удаж
байна. Үр дүнд нь ахмад, дунд, залуу үеийн хоорондох үл ойлголцол, замбараагүй соёлын нэгдэл болон зөрчил үүсч хөдөөгийн олон салаа зам шиг хөгжил рүү хөтлөх үндсэн замаа тод харах билгийн
мэлмийгээ та бид өөрсдөө булингартуулж байнам.
Тэгээд шийдэл юу вэ гэж үү? Шийдэл бол та! Маргааш таныг
бурхан өөр дээрээ ир гэж имэйл явууллаа гэж бодоод дараа нь таныг энэүү ертөнцөөс үдэж гаргах ёслол дээр хэн хэн
ирж, юу юу гэж хэлэх бол оо гээд нэг тунгаагаад үзээрэй. Ашгүй нэг
хоолны сав хорогдлоо гэж дотроо сэм бодох хүмүүс мэр сэр байх бий вий гэж
хааяа хэний янаагүй айж, ичиж
явбал энэ улс маань жаахан ч гэсэн хөгжих байлгүй дээ эрх биш. Чингисийн удмын, тэнгэр заяат Монголчууд айна гэж юу байх вэ. Харин бид нар
жаахан ичээд л сурчих хэрэгтэй байна. “How to be shy for dummies” гэдэг ном байдаг болов уу?