Еэ еэ бөө вөө буюу ичиг ичиг
Гадаадад амьдарч буй иргэдийнхээ эх орныхоо хөгжилд хувь нэмрээ
оруулахаар гаргаж буй бүтээлч, шинэ санаачлагыг дэмжих, зохион бичлэгээрээ
дамжуулан төр засагтаа санал бодлоо хүргэх боломжийг бүрдүүлэх зорилгоор
зарласан “Эх орныхоо хөгжилд – Миний оролцоо” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны
тухай мэдээллийг анх Цахим өртөөний сүлжээнээс авч байлаа. Харин саяхан
Твиттерийн хуудаснаас уг уралдаанд шалгарсан бүтээлүүд цахим хувилбараар зохион байгуулагчийн энэхүү вэб дээр тавигдсан тухай мэдээлэл аваад шимтэн уншихаар суусан
юм.
Гэтэл тусгай байранд шалгарсан энэ эссэний гарчиг нь нэг л танил
харагдаад болдоггүй шүү. Ороод үзтэл миний дээр бичиж байсан энэхүү бичлэгийг
үг, үсгийн зөрүүгүй хуулаад зохиогчийн нэрийг нь солиод тавьсан байх юм. Дээхнэ
үед би оюуны хулгай, хуулан бичлэгтэй холбоотой энэхүү бичлэгийг бичиж байсан
билээ.
Япон улсын Акита их сургуульд сурдаг юм уу, ажилладаг юм уу бүү мэд
Жаргалдаваа ЛХАГВАСҮРЭН гэдэг нөхөр цагаан махны хэрэг хийхээр барах уу бүр
Монгол улсын төр засгаас оюуны хулгай хийснийхээ төлөө шагнал энэ тэр авсан
бололтой дог шүү. Өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуульд уул нь энэ тухай
маш сайн зааж, анхааруулдаг юмсан. Энэ залуугийн маань чих нь хатуу юу эсвэл тийм
нэг сайхан гүндүүгүй Монгол уу гэдэг асуултыг блогийг минь яг одоо уншиж буй танд
тавимаар санагдав.
Энэ том хил хязгааргүй бөгөөд эрх чөлөөт цахим ертөнц дотор ийм замаар хир
удаан бөгөөд хир хол явж чадна гэж тооцоолсон юм бол доо хөөрхий энэ залуу! Хэрэв
энэ залуу сурдаг бол Японы сургууль руу нь би энэ тухай мэдэгдвэл тухайн улсын
стандартаар бараг л сургуулиасаа хөөгдөх байх шүү. Хөөрхийг тэгж бүлтэгнүүлэх
сонирхолын хэлтэрхий надад байхгүй ч хүний бүтээл хулгай хийн тэр тусмаа Монгол
улсын төр засгаас шагнал авсан нь эмгэнэлт драмын жүжиг шиг л санагдах ажгуу.
Монголчууд ичих нүүрэн дээрээ элэг наасан гэж ярьдаг. Энэ харин овоо
зузаан элэгтэй нөхөр дөг шүү. Хэний янаагүй бид нар айхаасаа илүү ичиж сурмаар
байгаа юм даа!