Monday, 21 February 2011

Mongolia tightens rules for investors

Монгол Улсын ерөнхий сайд С.Батболдын Австрали улсад хийж буй айчлал болон өчигдөр нээгдсэн Монгол Австралийн бизнес форумын тухай “The Australian Financial Review” сонин өнөөдрийн дугаартаа ийм гарчиг өгч нийтлэл гаргасныг өглөөний цайгаа уух зуураа сийрүүлж байна.

Стратегийн ордууд дээр гадны хөрөнгө оруулагч нарт өмнөхөөсөө чанга шаардлага Монголын төр тавьж эхэлж буйг энэхүү нийтлэлд онцолсон байна. Монгол Улсын ерөнхий сайд Австрали улсад анх удаа айлчилж байгаа бөгөөд уг форумын үеэр хэлсэн үгэндээ ерөнхий сайд уул уурхайн орлого, ашгаас Монгол улсын иргэн бүр үр шимийг нь хүртэх ёстой гэж хэд хэдэн удаа маш тодоор онцолж хэлсэн юм. Ингэхийн тулд хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулах том ажил буйг ч дурдаж байв.

МХБ нь ЛХБ-тэй хамтран ажиллах болсон нь Австралийн хөрөнгийн биржийн хувьд тийм ч таатай санагдахгүй байгаа нь өнөөдөр өглөө миний Австралийн хөрөнгийн биржийн төлөөлөлтэй уулзан уулзалтаас мэдрэгдэж байв. Дэлхийн том биржүүд хоорондоо нэгдэж эхэлсэн энэ үед Австралийн хөрөнгийн бирж ч зүгээр суугаагүй байна. Тэд аль хэдийн Сингапурын хөрөнгийн биржтэй нэгдэх асуудлыг хоёр талаасаа судалж эхэлжээ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг Австралийн хөрөнгийн биржээс энэ тухай мэдээлэл түгээх зөвшөөрөл өгсөний дараа би блог дээрээ шинэ бичлэг болгон оруулахаар төлөвлөж байна.

Ер нь бол ерөнхий сайдын хэлж буй үгнүүдийг ажиглаж байхад өмнө нь бизнес хийж байсан хүний зааг, зангараг мэдрэгдэж байх агаад уг нийтлэл дээр ерөнхий сайдын хэлсэн “Economic growth will require sustained and concerned action over a period of years. Well thought out, planned and executed investments are the key to this growth” гэж хэлсэн өгүүлбэрийг ихэд онцолсон байна.

Том таван толгойн тендерт оролцох судалгаа хийхээр гадаадын нийт 755 банк, санхүүгийн байгууллагууд, төрөл бүрийн хөрөнгө оруулалтын сангууд Улаанбаатар ирсэн агаад эдгээр нь сонголт хийж 17 санхүүгийн байгууллагыг дараагийн шатанд үлдээгээд буйг уг сонинд дурджээ. Энэ дотор Австралийн Fortescue Group үлдээд байгаа юм байна.

Бизнес форумын үеэр сонирхолтой сонсогдож байсан зүйл нь нарийн болон өргөн цагираг дээр аль алин дээр нь явж чадах зүтгүүр, вагон болон дундын стандартын тухай яриа байв.

Энэхүү нийтлэлээс харахад том таван толгойн тендер ба үйл ажиллагааны эхлэл нь Монгол улсын хувьд дараа дараагийн стратегийн ордуудад хэрхэн эргэлдүүлэх маш том үлгэр жишээ болох төдийгүй үндсэн загвар нь болох ёстойг гадны ихэнх мэргэжилтэнгүүд өгүүлж байна.

Нэг бодогдсон зүйл нь нэгэнт дэлхийн нүүрсний зах зээл дээр Монгол нь Австрали улсын хамгийн том өрсөлдөгч болж байгаа өнөө үед Австрали улсын компаниуд энэхүү тендерт орох нь манай улсын стратегийн хувьд ялсан нөхцөлд хир зөв байх нь нэг асуудал байх болов уу? Харин хоёр улс хоорондоо шууд өрсөлдөлгүйгээр Хятадын эсрэг нүүрс худалдах үнээ харилцан барих нөхцөл давхар яригдаж таарах байх. Гэхдээ энэ нь олон улсын бизнесийн эрхзүйн хэмжээгээр ямар түвшинд хүртэл зөвшөөрөгдөх нь бас л нэг асуулт болж байна. 

Monday, 14 February 2011

Mongolian relations with Australia

Монгол Австралийн харилцааны лавлах

Ерөнхий сайдын ирэх долоо хоногт Австрали улсад хийх албан ёсны айлчлалтай холбоотой дараах мэдээллийг зохион байгуулагч МҮХАҮТ-с илгээснийг та бүхэнтэй хуваалцахаар сэтгэв. Монгол ба Австрали улсуудын хоорондын харилцааны талаар товч бөгөөд цэгцтэй сайхан мэдээлэл байна.

Монгол Улс Австрали Улстай 1972 оны 9 дүгээр сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс 2008 оны 10 дугаар сард Австралийн нийслэл Канберра хотноо Элчин сайдын яамаа байгуулж, Монгол Улсаас Австрали Улсад суурин суух анхны Элчин сайд Ц.Жамбалдорж Австралийн Амбан захирагч Эрхэмсэг хатагтай Квентин Брайст 2008 оны 10 дугаар сарын 30-нд Итгэмжлэх Жуух Бичгээ барьсан. Австрали Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Сэм Герович энэ 8 дугаар сарын 17-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид ИЖБ-ээ барьсан.

Австралийн Сидней хотноо Монгол Улсын Өргөмжит Консулын газар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Өргөмжит Ерөнхий Консулаар Австралийн иргэн Питер Слоун 10 гаруй жил ажиллаж байна. Улаанбаатар хотноо Австралийн Өргөмжит Консулаар Монгол Улсын иргэн Ж.Элбэгсайхан ажилладаг.

Монгол Улсын Их Хуралд Монгол-Австралийн парламентын бүлэг /дарга нь УИХ-ын дэд дарга Н.Энхболд/, Австралийн Парламентад Австрали-Монголын парламентын бүлэг /дарга нь Парламентын гишүүн Кирстен Ливермор/ 2008 онд байгуулагдсан. Австралийн Бээжин дэх ЭСЯ Монгол Улсыг хариуцан ажиллаж байгаад 2008 оны 9 дүгээр сараас Сеүл дэх ЭСЯ нь хариуцах болсон. Гэхдээ манай талын хүсэлтийн дагуу Бээжин дэх Австралийн ЭСЯ Монголын иргэдэд виз үргэлжлүүлэн олгож байхаар тохиролцсон.

Нэг. Улс төрийн харилцаа

1980-аад оны дундуур манай парламентын төлөөлөгчид, ГЯЯ-ны сайд Австралид айлчилж, хөдөө аж ахуйн чиглэлээр цөөн тооны хүмүүс Австралид очиж туршлага судалж байсан.
1990-ээд оноос буюу Монгол Улс ардчилсан тогтолцоо руу шилжсэн үеэс хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа мэдэгдэхүйц идэвхжсэн. Австралийн Амбан захирагч Билл Хайден 1994 онд Монголд, Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1997 онд Австралид албан ёсны айлчлал хийсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тус улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Найрамдал, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Австрали Улсын Хамтарсан Мэдэгдэл” гаргасан бөгөөд уг мэдэгдэлд: “Өөр хоорондын харилцаандаа бие биеэ хүндэтгэх, эрх тэгш байх зарчим болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн бусад хэм хэмжээг үндэс болгоно” гэж хоёр талын харилцааны үндсэн зарчмыг тодорхойлсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2005 оны 9 дүгээр сард Австрали Улсын Ерөнхий сайд Жон Ховардтай, Ерөнхий сайд С.Баяр 2008 оны 9 дүгээр сард Австралийн Ерөнхий сайд Кевин Раддтай НҮБ-ын ЕА-н чуулганы үеэр тус тус уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар санал солилцож байв. Хоёр орны Парламентын хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна. Монгол Улсын Улсын Бага хурлын дарга 1992 онд, УИХ-ын дэд дарга 1998 онд, Австралийн Парламентын Сенатын танхимын төлөөлөгчид 1990, 1991 онуудад харилцан айлчилсан. Австралийн Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Дэвид Хоукер 2005 онд Монголд, УИХ-ын дарга Ц.Нямдорж 2007 онд Австралид тус тус айлчилсан. Манай Гадаад хэргийн сайд 1993 онд Австралид айлчлах үеэр “Хөгжлийн хамтын ажиллагааны меморандум”, “Жижиг төсөл хэрэгжүүлэх тухай меморандум”-д гарын үсэг зурсан. Монгол Улсын Сангийн сайд 1998 онд айлчилж төрийн захиргааны шинэтгэлийн асуудлаар туршлага судалж байв. Австралийн Гадаад бодлогын асуудал эрхэлсэн Парламентын нарийн бичгийн дарга 2003 онд, Аж үйлдвэр, аялал жуулчлал, байгалийн нөөцийн сайд Иан Макфарлейн 2005 онд, Гадаад хэргийн сайд А.Даунер 2007 оны 4 дүгээр сард Монгол Улсад айлчилсан ба манай Гадаад харилцааны сайд тус улсад айлчлах урилгатай.

Улсын Их Хурлын гишүүн Д.Балдан-Очир тэргүүтэй УИХ, ХХААХҮЯ-ны төлөөлөгчид 2009 оны 3 дугаар сарын 24-31-нд Канберра, Сидней хотуудад ажиллаж, Австралийн Ноосны бирж, Үр тарианы Холбоо, Ноос үйлдвэрлэгчдийн холбооны үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан. Австралийн Парламентийн гишүүн, Австрали-Монголын парламентын
бүлгийн дарга Кирстен Ливермор тэргүүтэй төлөөлөгчид 2009 оны 7 дугаар сарын 22-30-нд УИХ-ын дэд дарга Н.Энхболдын урилгаар Монгол Улсад айлчлав. Төлөөлөгчдийг УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нар хүлээн авч уулзав.

Австралийн Ерөнхий сайд К.Радд 2008 оны 8 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Австрали Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж байгааг дэмжихийг хүссэн захидал ирүүлсэн ба НҮБ-ын ЕА-н чуулганы үеэр Ерөнхий сайд нар уулзахад манай тал өөрийн байр суурийг илэрхийлсэн. Австралийн Гадаад хэргийн сайд С.Смит 2008 оны 12 дугаар сард Гадаад харилцааны сайд С.Батболдод АСЕМ-д элсэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн захидал ирүүлсэн ба манай тал Австралийг дэмжихээ илэрхийлсэн захидал 2009 оны 1 дүгээр сард өгсөн. Хоёр орны хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх үүднээс манай тал “Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Гэрээ”, “Дипломат, албан паспорт бүхий иргэд харилцан визгүй зорчих тухай”, “Байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын Санамж бичиг”, “Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хоорондын хамтын ажиллагааны тухай Протокол”-ын төслүүдийг австралийн талд гардуулсан.

Хоёр. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа

Хоёр талын худалдааны эргэлт 2009 онд 18,4 сая ам.доллар болсон. Үүний 0,7 саяыг экспорт, 17,7 саяыг импорт эзэлж байна. 2010 оны байдлаар хоёр орны нийт худалдаа 11,3 сая ам.доллар болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 19 хувиар нэмэгдсэн байна. Худалдааны баланс 10,99 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. 1990 оноос хойш Австрали улсаас нийтдээ 19,8 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг 47 компани хийсэн байна.

2008 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Discover Mongolia” уул уурхай, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг Австралийн Би-Эйч-Пи Биллитон, Рио Тинто компаниуд ивээн тэтгэж, хамтран зохион байгуулсан. Австралийн Гадаад хэргийн сайд А.Даунер 2007 оны 4 дүгээр сард Монгол Улсад айлчлах үеэр уул уурхай, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон. Энэ дагуу уг ажлын хэсгийн анхдугаар хуралдааныг мөн оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Хамтарсан ажлын хэсгийн П хуралдааныг Канберра хотноо 2009 оны 9 дүгээр сард хийсэн. Монгол-Австралийн хоорондын хамтын ажиллагааны ирээдүйтэй салбар, чиглэлийн нэг нь уул уурхайн салбар бөгөөд 2006, 2008, 2009, 2010 онд манай төлөөлөгчид австралийн уул уурхайн хөгжлийн туршлагатай танилцсан.

Гурав. Зээл, тусламж

Австрали Улс 1994 оноос Монгол Улсад хандивлагч орнуудын уулзалтад тогтмол оролцож ирсэн. 1997/1998 онд 2,6 сая, 1999/2000 онд 3 сая, 2000/2001 оны санхүүгийн жилээс 3,3 сая ам.долларыг Монголд хэрэгжүүлэх хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрүүдэд зарцуулж ирсэн. 2008-09 оны санхүүгийн жилд австралийн тал 5,2 сая австрали долларын тусламж Монгол Улсад үзүүлсэн ба үүний 3 сая нь Хөгжлийн албан ёсны тусламжийн агентлагийн шугмаар хэрэгжиж буй тэтгэлэгт сургалтад зарцуулагдав. Австралиас манай улсад үзүүлж буй тусламж дараах 3 чиглэлд төвлөрч ирэв. Үүнд:

1. Сайн засаглал. “Чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр” /Capacity building Programme/. Энэ хөтөлбөр 1998 оны 10 дугаар сард Засгийн газар хоорондын Санамж бичиг байгуулснаар хэрэгжиж эхэлсэн. 10 жилийн хугацаатай ба өнгөрсөн онд хугацаа нь дууссан. Энэ хөтөлбөрийн үргэлжлэл болгон Монгол-Австралийн Сургалтын Хөтөлбөр /MASP/ хэрэгжүүлэх тухай Санамж бичгийг 2008 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотноо байгуулсан. Уг хөтөлбөрийн дагуу монголын оюутнуудад жилд олгох тэтгэлгийн тоо 28 болсон.

2. Дэд бүтцийн хөгжил: Дэлхийн Банк болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн шугмаар байгаль орчин, усан хангамжийг сайжруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлж байна. Тухайлбал, Дэлхийн Банкны шугмаар Улаанбаатар хотын хүрээлэн буй орчин, усан хангамжийг сайжруулах /USIP/ төсөлд австралийн тусламжийн 50 гаруй хувь нь зарцуулагдсан.

3. Төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих хөтөлбөр /Small activity scheme/. Энэ хөтөлбөр нь шилжилтийн үеийн нийгмийн бэрхшээлүүдийг даван туулахад чиглэгдсэн жижиг төслүүдийг санхүүжүүлэх буцалтгүй тусламж хэлбэрээр хэрэгжсэн. Энэ хөтөлбөр 1993 оноос хэрэгжиж эхэлсэн ба эмэгтэйчүүд, хүүхэд, ядуурлыг бууруулах, хөдөө аж ахуй зэрэг чиглэлийн төслүүдэд 2 сая орчим доллар зарцуулсан.

Австралийн Шинэ Өмнөд Уэльс муж улсын Засгийн газар манай улсад 5 тахь бэлэглэснийг 1995 онд Говь-Алтай аймгийн тахийн талд нутагшуулсан. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар АРФ-ын сайд нарын уулзалтад Тайландын Пукет хотноо өнгөрсөн 7 дугаар сарын сүүлчээр оролцох үеэрээ Австралийн Гадаад хэргийн сайд Стивен Смиттэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон. Сайд С.Смит санхүү, эдийн засгийн хямралыг гэтлэн давахад зориулж Австралийн Засгийн газар Монгол Улсад 5 сая ав.долларын буцалтгүй тусламжийг Дэлхийн Банкаар дамжуулан олгохоор шийдвэрлэснийг уулзалтын үеэр мэдэгдсэн. Мөн 2010 онд зудын хүндрэлийг даван туулахад зохиулж 1 сая ав. доллар буцалтгүй тусламжаар өгсөн. “Залуу элчин” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс жил бүр Австралийн 20 орчим сайн дурынхныг 1 жилийн хугацаатайгаар хүлээн авч, эрүүл мэнд, байгаль орчин, бизнес, боловсролын салбарт ажиллуулдаг.

Дөрөв. Боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа

Сүүлийн жилүүдэд Австралид ирж суралцаж буй монгол оюутны тоо нэлээд нэмэгдэх хандлагатай байна. Манай оюутнууд Австралийн Засгийн газрын тэтгэлэг, Монгол Улсын Төрийн сангийн зээл болон хувиараа гэсэн байдлаар ирж суралцаж байна. Австралийн талын тэтгэлгээр 1994 оноос эхлэн монгол оюутнуудыг менежмент, бизнес, хууль, төрийн захиргааны удирдлага, олон улсын харилцаа болон бусад чиглэлээр дипломын дараах сургалтад хамруулж эхэлсэн ба одоогийн байдлаар 200 орчим хүн уг сургалтад хамрагджээ. Өнөөдрийн байдлаар Чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 80 оюутан Австралийн Үндэсний Их сургууль, Мельбурн, Аделайд, Мэрдок, Гриффит болон Викторигийн Их сургуулиудад суралцаж байна.

Монгол Улсын Төрийн сангийн тэтгэлгээр Өмнөд Уэльсийн Их сургууль, Сиднейн их сургууль, Монашийн Их сургууль, Канберрагийн Их сургууль зэрэг 15 их, дээд сургуульд нийт 200 орчим хүн суралцсан байна. Түүнчлэн манай оюутнууд австралийн их, дээд сургуулиудад хувийн зардлаар ирж суралцаж байна. ЭСЯ-ны судалгаагаар Баруун Австрали мужид – 8 оюутан (Күртний Технологийн Их сургууль, Баруун Австралийн Их сургууль, Мэрдокийн Их сургууль), Куинсланд мужид – 9 оюутан (Куинсландын Их сургууль, Гриффитийн Их сургууль), Виктори мужид – 7 оюутан (Викторигийн Их сургууль, Мельбурний Их сургууль, Свинборний Технологийн Их сургууль), Шинэ Өмнөд Уэльс мужид – 20 оюутан (Сиднейн Их сургууль, Австралийн Худалдааны Их сургууль, Сиднейн Технологийн Их сургууль, Макуарийн Их сургууль, Меркүри коллеж, Оксфорд коллеж, Мартины коллеж), Өмнөд Австрали мужид – 1 оюутан (Флиндерсийн Их сургууль), Канберрагийн Их сургуульд 4 оюутан тус тус суралцаж байна.

Thursday, 10 February 2011

Bring the world in Mongol


Монгол хэмээх нэрийг дэлхийд гаргаж яваа зөндөө бахархмаар Монголчууд буй. Харамсалтай нь дийлэнх нь Монголд бус тухайн гадаадын улс оронд ажиллаж амьдардаг тухай бид олонтоо сонин хэвлэлээс уншиж байгаа. Эдгээр нөхдүүдийн гадаад улсуудад үүсгэн бий болгосон энэхүү биет бус хөрөнгийг биет хөрөнгө хэлбэрээр Монголд авчрах ажил өдгөө маш чухал мэт. Тэдгээр Монголчуудын маань яг хэдэн хувь нь би Монгол хүн болохоороо, би л Монгол улсынхаа нэр төрийг гаргах үүрэгтэй болохоороо гэдэг сэдлээр ажиллаж, амьдран өнөөгийн нэр хүнд, байр суурийг гадаад улсдаа олж, дэлхийд Монголын нэрийг гаргаж буй нь сонирхолтой сэдэв санагдав. Хөлбөмбөгчид үнэхээр азтай хогнууд шүү. Дуртай тоглоомоо тоглоно. Дээрээс нь цалин авна гэдэг яриа байдаг санаанд орсон бөлгөө. Сайн боловсролын үр дүн нь магадгүй шийдвэр гаргах итгэл буюу зориг болон бусдад өгөх биет болон биет бус хаялага байдаг юм уу?


Хөгжил хүнээс эхлэнэ гэж хэлэлцдэг боловч тухайн хөгжсөн хүн нь хаана ажиллаж, амьдарч байгаагаас тухайн улс, үндэстний хөгжил хамаарах нь маргаангүй билээ. Монголын нэрийг дэлхийд гаргахын сацуу Монголдоо тив, дэлхийн нэрийг гаргах үйл явдал, бүтээн байгуулалт ус агаар мэт өдгөө хэрэгтэй байнам. Таван зуун долларын цалинтай ажилд авна гэсэн зараар хүмүүс ирэхгүй байхад сарын хорь хүрэхгүй долларын тэтгэмж өгнө гэхээр хэдэн арван метр урт дараалал халамжийн төв, банкуудын гадаа үүсч байгаа нь бидний үнэлэмжийг шалгаж буй хэрэг юм. Гадаадад сурч боловсрон эх орондоо ирж буй залуусын гол үүрэг нь сурсан эрдэм, мэдлэгээс илүү тухайн улсуудын сэтгэлгээ, ухамсрын стандартыг Монголдоо төлөвшүүлэх юм болов уу? Эдийн засгийн өсөлтийн ачаар тухайн нарийн мэргэшлийн хүн дотоодоос олдохгүй бол гаднаас хөлслөөд авах шиг амархан зүйл өдгөө алга. Харин хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийж байж “гүндүүгүй” Монгол хүнийг цаг барьдаг, хэлсэндээ хүрдэг, хуулиа дагадаг, хэрэглэгчийг хаан гэж үздэг болох вэ гэдэг асуултанд хариулахад тун төвөгтэй. Хайр, итгэл хоёрыг тухайн улсын хувь хүмүүс, нийгмийн хөгжлийг хэмжих хэмжүүр болговол бид хэд дэлхийд хаана давхих байсан бол?

Бичихэд амны билэггүй ч гэсэн барууны зарим орнуудад гэр бүл, найзууддаа төвөг удахгүйн тулд дунд эргэм насандаа дийлэнх хүмүүс нь оршуулгын газраа өөрөө худалдан авч, холбогдох зардлаа тооцоолон хадгаламж хэлбэрээр байршуулан тусгаарласан байдаг тухай өөрсдөөс нь хэд хэд сонсож байсан. Хамт ажиллахдаа биш, хамт түр болон бүр амьдрахдаа ч биш, үхэхдээ хүртэл хажуу хавирганы хүмүүстээ саад, төвөг учруулахгүй юм шүү гэж боддог болбол та бидний үнэлэмж хир өөрчлөгдөж, тэр нь улс орны хөгжилд яаж нөлөөлөх бол? Тэр үед магадгүй Монгол улс дэлхий хэмээх их айлын том өрөө нь мэт санагдах байх даа. 

Бид хэн нэгэнтэй өөрсдийгөө харьцуулахгүй бол хөгжлийн тухай асуудлыг ярихад хэцүү билээ. Сайн яваа нэгэнтэй өөрийгөө харьцуулж хурцалж, өрсөлдөж явахын сацуу заримдаа магадгүй элэг бүтэн, эрхтэн эрүүл, сэтгэл амар, эрх чөлөөг бүрэн амталж буйдаа баярлаж явах ёстой юм шиг байгаа юм. Зуу гаруй жилийн өмнө нэг Walter Bagehot гэдэг хүн бүх хүмүүс нэгэн зэрэг бүгд эрх чөлөөтэй бөгөөд эн тэнцүү амьдрах боломж энэ дэлхийд байхгүй гэж хэлсэн юм билээ. Гэхдээ л ядаж энэхүү хөгжлийн ялгааг багасгах нэг боломж нь дэлхийн стандартыг Монголд нутагшуулах гэж бодогдох юм.

Харьцуулалт байхгүй бол бидний ажил уйтгартай болохоос гадна өрсөлдөөн байхгүй бол бидний хувьд хөгжил гэж ярих нь өөрөө утгагүй хэрэг болох биз ээ.