Sunday 6 March 2011

ASX

Views

Австралийн хөрөнгийн бирж

Тус улсын хөрөнгийн биржийн гол хөдөлгүүр нь байгалийн баялаг дээр дулдуйдан бизнес хийдэг компаниуд байх аж. 2010 оны 12-р сарын байдлаар тус биржид бүртгэлтэй компаниудын зах зээлийн үнэлгээ нь 1,5 триллион долларт эргэлдэж байв. Үүний 45.1%-ийг байгалийн баялаг, ашигт малтмалын компаниуд эзэлж байна. Түүнчлэн өнгөрсөн оны сүүлээр нийт 2,216 компани тус бирж дээр бүртгэлтэй байгаагаас 36.8% нь мөн л эрчим хүч, уул уурхай, металийн компаниуд байх бөлгөө. Зах зээлийн үнэлгээгээр Ази тивдээ Японы дараа хоёрт жагсах боловч хөрөнгө оруулалтын сангийн хэмжээгээр Америк, Люксенбүрг, Францын дараа дэлхийд дөрөвт, Ази тивдээ нэгт бичигдэж байна. Үүний гол ид шид нь Superannuation fund буюу тэтгэврийн сан юм. Энэхүү санд яг одоогийн байдлаар 1,199 тэрбум австрали доллар эргэлдэж байна. Монголын хөрөнгийн зах зээлийн хурдыг эрчимжүүлэх нэг хөшүүрэг нь яах аргагүй энэхүү тэтгэвэрийн сангийн схем юм.

Австралийн хөрөнгийн биржийн мэдээллийг харж байхад хамгийн сонирхолтой санагдсан тоо нь тус биржийн индекс байв. 2000-2010 оны хоорондын индексийг нь Hang Seng, Dow Jones, Nasdaq, Nikkei, FTSE 100 зэрэгтэй харьцуулахад тогтмол өндөрт явж байсан байх юм. Өөрөөр хэлбэл биржүүдийн индексийн өөрчлөлтийн хувийг 2000 оноос хойш тооцон гаргасан мэдээг нь харвал S&P/ASX 200 нь 51% ба Hang Seng нь 40%-ийн өсөллтэй байхад Nasdaq -38%, Nikkei -52%, FTSE 100 -17%, Dow Jones -3%-ийн сөрөг өөрчлөлттэй байгаа нь сонирхолтой мэдээлэл байв.

2011 оны 1 сарын байдлаар Австралийн хөрөнгийн биржийн дэлхийн 8 дахь том биржид албан ёсоор тооцогдож байгаа бөгөөд 9 ба 10-р байранд Nasdaq OMX групп ба Лондонгийн хөрөнгийн биржүүд жагсаж байгаа нь тус биржийн чансааг бас харуулж буй хэрэг юм. Дэлхийн том хөрөнгийн биржүүд нь нэгдэл нь энэхүү жагсаалыг нилээд өөрчлөх нь ойлгомжтой хэрэг бөгөөд хэрэв Австралийн хөрөнгийн биржийн Сингапурын хөрөнгийн биржтэй нэгдэх хэлцэл амжилттэй хийгдвэл энэхүү групп нь дэлхийн хөрөнгийн биржүүдийн жагсаалтанд 5-д эрэмблэгдэх боломжтой гэж тус биржийн төлөөлөл уулзалтын үеэр хэлж байв. Энэхүү нэгдэлд дэлхийд тэргүүлэгч Хонг Конгийн хөрөнгийн бирж хүртэл сонирхлоо илэрхийлсэн гэсэн албан бус мэдээллүүд ид урсаж байна. Англи, Канад ба Герман, Америкийн (NYSE) хөрөнгийн биржүүдийн нэгдлүүд нь цаашид биржүүд газар зүйн онцлог гэхээсээ илүү борлуулж буй бүтээгдэхүүнээрээ төрөлжин томрох дүр зураг харагдаж байна.

2010 оны санхүүгийн жилд хамгийн их мөнгө босгосон 5 биржүүд нь Нью-Иорк, Хонг Конг, Лондон, Насдак болон Австралийн хөрөнгийн биржүүд болж байна. Тэр дундаа уул уурхайн компаниудын хөрөнгө босголт дээр Австралийн хөрөнгийн бирж Торонтогийн хөрөнгийн биржтэй өнгөрсөн онд эн тэнцүү өрсөлдөж бараг ижил хэмжээний хөрөнгүүд буюу тус бүрнээ 12 тэрбум орчим ам.долларын хөрөнгө босгосон байх юм. Хайгуулын шатанд яваа уул уурхайн компаниуд хөрөнгө босгоход хамгийн таатай бирж нь ASX гэдэгт маргах хэрэггүй аж. Гэхдээ тус биржийн ажилчдын хэлж байснаар 20 жилийн өмнөхтэй харьцуулбал байгалийн баялаг ашиглан хөрөнгө босгох компаниудын тоо эрс цөөрсөн гэж дурдаж байв. ASX-ийн гол онцлог нь биржид бүртгүүлэх шалгуур нь нилээд уян хатан байх бөгөөд BHP Billiton, Rio Tinto гэсэн аварга компаниуд бүртгэлтэй байдаг нь тус биржийг дэлхийд өрсөлдөхүйц болгож буй хэрэг биз ээ.

No comments: