Дэлхийн даун синдромын өдөр жил бүрийн 3 сарын 21-нд болдог билээ. Хүний 21 дэх хромсомын гурвалаар билэгдсэн энэхүү өдөр айсуй. Та бүхэн доорх 13 минутын богинохон бичлэгийг Монгол хэл дээр хөрвүүлсэнийг үзэж товч бөгөөд тодорхой мэдээлэл авна уу. ТЭД бол БИДЭНТЭЙ л адилхан хүмүүс!
Tuesday, 18 March 2014
Tuesday, 11 March 2014
Young Global Leaders (YGL)
Дэлхийн
Залуу Манлайлагчид
Загалмайн
шашинтай хүмүүсийн хувьд (заавал христийн шашинтан биш ч барууны
хувьд уламжлал, соёл шахуу болсон зүйл) нэг гоё уламжлал байдаг нь зул сарын баяраар ойр дотны хүмүүстээ өнгөрсөн
жилдээ хийж бүтээсэн ажил, тохиолдсон онцлог үйл явдлууд болон ирэх жилээр хийх
гол ажлын төлөвлөгөөгөө дурдсан захидлыг бие биедээ илгээдэг юм. Австрали “ээж”
маань болон Австрали дахь дотны найзууд маань жил бүр энэхүү захидлаа над руу
илгээж, би тухайн жил тэдгээрийн гэр бүлд юу болж өнгөрсөн, ирэх жил ажил,
амьдралдаа юу хүсэж мөрөөдөж, төлөвлөж буйг нь мэддэг юм. Энэхүү уламжлалыг
даган би ч гэсэн гэр бүл дотроо жилийн төлөвлөгөө гаргаж, бас өнгөрсөн жилийн
ажлаа гэр орондоо тайлагнадаг байвал хэмээн 2012 оноос бодож эхэлсэн бөлгөө.
2012 оны зул
сарын баяраар Австралийн Нотр Дэймийн их сургуулийн профессор, 2003-2005 оны
хооронд намайг суралцаж байхад Бизнесийн сургуулийн маань захирал маань байсан,
мөн миний мастерийн ажлыг маань удирдсан удирдагч багш доктор профессор Жорж Кэйлистэй сургууль дээрээ дахин уулзах завшаан тохиосон юм. Бараг 10 жилийн
өмнө элсэн орж байсан сургуулийнхаа кампусаа эргэж, номын сандаа хэдэн цаг суух
далимаар багштайгаа уулзан кофе уух зуураа юу эсийг хөөрөлдөх билээ. Энэ ярианы
үеэр бид хөгжилтэй ба хөгжиж буй орнуудын талаар, хувийн хэвшил ба төрийн байгууллагуудын
харилцаа холбоо, хамтын ажиллагаа ба сорилтууд, үндэстэн дамнасан том
корпорациудын жаргал ба зовлон, нээлттэй ба хаалттай компаниуд, гэр бүлийн
компани, компанийн засаглал гэх зэргээр ам уралдан ярьцгааж байгаад багш маань
Дэлхийн эдийн засгийн форум, “Дэлхийн залуу манлайлагч” форумын талаар анх
надад цэгцтэй мэдээлэл, ойлголт өгсөн юм. Багш маань өөрөө 1998 онд Австрали
улсаас шалгаран оролцож байсан бөгөөд тэр үеийн туршлага, мэдлэг нь өдгөө
хүртэл маш их хэрэг болж буйгаас гадна олон сайхан найз нөхөд, хамтрагчтай
болсон тухайгаа хэлж билээ. Тухайн үед багш маань Баруун Австралийн хамгийн том
далайн бизнес, үүн дотроо хоол, далайн бараа бүтээгдэхүүн, сувдны бизнес бүхий
гэр бүлийн компаниа удирдан авч явж байсан аж. Эдгээрийг хүүрнэж ярихаас гадна
намайг энэхүү форумд нэрээ өгч сонгон шалгаруулалтанд орох ёстой гэж ятган, бүр
өөрөө нэрийг минь дэвшүүлэх тухай саналаа хэлж билээ. Кофе уух далимаа уулзах
нэг цаг орчмын хугацааны энэхүү яриа миний хувьд маш гүнзгий сэтгэгдэл төрүүлж,
багшийнхаа ийм том итгэл найдварыг үүрч явдгаа гэнэт шахуу мэдэрч, нэг бодлын
бахархаж, нөгөө бодлын ихэд эмээж билээ. Хэд хоног бодъё, өөрөө эхэлж судалж
үзье гэж хариулан салаад 2012 оны шинэ жилийн тэр нэг орой ирэх жил хийх хувийн
болон хувьсгалын ажлын төлөвлөгөө, мөрөөдлийн жагсаалтандаа Дэлхийн залуу манлайлагчдын
форумд өрсөлдөх, нэрээ дэвшүүлэх гэсэн зорилтыг бичиж, тэр даруйдаа багшдаа энэ
тухайгаа имэйлээр мэдээлж байв. Энэ тухайгаа ч 2012 оны шинэ жилийн үеэр өөрийн
твиттер хуудас дээрээ “ирэх жил өөрийнхөө өмнө нэгэн том зорилго тавьлаа” гэж
бичиж байв.
Монголдоо
ирсэн даруйдаа мэдээлэл цуглуулж Монгол улсаас өмнө нь Эрдэс баялаг, эрчим
хүчний сайд асан Д.Зоригт, Сангийн дэд сайд асан, “Хас”-ийн Ч.Ганхуяг, Сүмогийн
их аварга Дагвадорж тухайн үедээ Япон улсаас, Байгал орчин, ногоон хөгжлийн
сайд С.Оюун, Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нар шалгарч байсныг олж мэдэв. Монголын Даун Синдромын Холбооны
удирдах зөвлөлийн гишүүний хувьд ойр ажилладаг Оюун эгчээс энэхүү
шалгаруулалтын тухай асууж, багш маань миний нэрийг дэвшүүлье гэсэн яах уу гээд
зөвлөгөө автал гадны хүнээр нэрээ өгч, дэвшүүлүүлж яадаг юм, би чамайг номитэйт
хийх буюу нэрийг чинь дэвшүүлье гэж хэлж билээ. Улстөрийн тавцанд олон жил
зүтгэж буй нийгэмдээ алдартай бас нэгэн хүн ингэж хэлэхэд хэдий тийм амархан
шалгарч, сонгогдоно гэдэг итгэл үнэндээ байгаагүй ч тэр даруй сэтгэл шулуудан
нэрээ өгч, Дэлхийн эдийн засгийн форум, Дэлхийн залуу манлайлагчдын форумын
сонгон шалгаруулалтанд оролцож үзэхээр шийдсэн билээ.
Гэтэл хэдхэн
хоногийн өмнө шуудан ирж 2014 оны Дэлхийн залуу манлайлагчаар Монгол улсаас
шалгарсан тухай мэдээлэл ирж, Дэлхийн Эдийн Засгийн Форумыг үүсгэн байгуулагч,
тэргүүн ноён Klaus Schwab-с энэхүү
форумд элсэх албан ёсны урилга ирсэн байв. Баярлан хөөрөхөөс илүү маш том
хариуцлага нөгөө талаас нуруун дээр ирж буй хэрэг. Профессор
Klaus Schwab энэхүү Дэлхийн залуу манлайлагчдын форумыг 2004 онд үүсгэн
байгуулсан бөгөөд жил ирэх тусам бие биеэсээ харилцан хамаарч, тэр хирээр үүсч
буй эсрэг ба сөрөг нийгмийн асуудлуудыг цогцоор нь харж, шийдэл гаргах дараа
үеийн залуусыг бэлдэх үндсэн зорилго агуулсан аж. Өөрөөр хэлбэл өөрсдөө бие
даан ирээдүйг харсан зөв шийдвэр гаргахаас гадна шийдвэр гаргагч нарт урт
хугацаагаа харсан эерэг, зөв шийдвэр гаргахад нь туслах, шинэ санаа,
санаачлага, эрч хүчийг бадраах нэгэн бүлэг хүмүүс, нийгэмд эерэг өөрчлөлт авч
ирэх нэгэн чухал давхарга төлөөллийг үүсгэн бэхжүүлэхийг зорьж буй ажгуу. Өөрөөр
хэлбэл Дэлхийн залуу манлайлагч гэдэг нь бие биесээ хурцлан өрсөлдөж, бие
биеэсээ суралцан хамтран ажиллаж, асуудлыг олон талаас харж, шийдлийг нэг
өнцгөөс гаргах хувийн болон мэргэжлийн зүгээс нийгэмдээ бодитой хувь нэмэр
оруулж чадах, оруулах сэтгэлтэй залуусын нэгдэл гэж хэлж болохоор. Энэхүү форум
нь эдгээр залуусын хувьд үндсэн платформ, дэмжих систем нь болж өгөхөөс гадна
эдгээр залуусыг цаг үргэлж шахаж бодит эерэг үр дүн, ажлыг нийгэмдээ хийхийг
шаарддаг аж. Таалагдаж буй гол концепц
нь иймэрхүү зөв, мундаг гэгдэх шалгарсан залуусаас их юм хийж бүтээхийг
шаардахаас гадна өөр шигээ залуусыг олныг бий болгож төрүүлэхийг, гаргаж ирэхийг,
сургаж хүмүүжүүлэхийг шаарддаг бөлгөө. Ийм ч учраас одоо буй идэвхитэй
ажиллаж буй ихэнх дэлхий залуу манлайлагчид маань олон улсын байгууллагууд,
төр, засгийн байгууллагууд, хувийн хэвшлийн томоохон институциудад зөвлөхөөр
ажиллаж шийдвэр гаргагч нарын хамгийн ойрын түнш нь болж чаджээ.
Тэд өөрсдийн
сүлжээ, дэд бүтцээ ашиглан асуудлуудыг ил гарган хэлэлцүүлэхээс гадна тохирох
шийдлүүдийг олон хэрэгжүүлж бодит ажил хэрэг болгох тал дээр гол анхаарлаа
тавьдаг аж. Жишээ нь, дэлхийн дулаарал, халдварт өвчин, боловсролын систем,
ядуурал, ажилгүйдэл гэх мэт. Сүүлийн үед дэлхийн залуу манлайлагчдын хийсэн
томоохон ажлуудаас дурдвал:
- Канад ба Колумб улсуудын хооронд хийгдсэн чөлөөт
худалдааны гэрээг эдгээр улсуудын залуу манлайлагч нар хийжээ
- Deworm хэмээх хөтөлбөрийг дэлхийн залуу манлайлагчид
санаачлан хэрэгжүүлж дэлхий дээр эрсдэлд байсан 600 гаруй сая хүүхдийн
тоог 40 сая болгон бууруулж, нийт 27 улсад энэхүү хөтөлбөрөө хэрэгжүүлжээ.
Дэлхий дээр
байтугай, Монгол улсад ч маш олон залуучуудын байгууллагууд байдаг. Монголд
гэхэд л жишээ нь, улстөрийн намуудын дэргэдэх залуучуудын байгууллагуудаас
гадна МЗХ, Ротаракт, JCI гэх мэт багагүй урт цуваа хөврөх
байх. Жишээ нь, JCI
байгууллагын тухай би өмнө хоёр ч арга хэмжээнд нь оролцон, ЭНЭХҮҮ бичвэрийг бичиж байсан. Иймээс
миний шалгараад буй энэхүү байгууллагын талаар цэгцтэй ойлголтыг блог уншигчид
авхай нартаа өгөх нь зөв гэж бодон энэхүү бичлэгийг тэрлэн сууна.
Дэлхийн залуу манлайлагчдын форум нь өдгөө улс орон
бүрээс шигшигдсэн 900 гаруй гишүүнтэй, нийгэм, улстөр болон бизнесийн бүхий л
давхаргыг төлөөлсөн өвөрмөц бүтэцтэй байгууллага юм. Энэхүү форумын зорилго нь
салбар бүртээ амжилттай ажиллаж буй залуусаас бүрдсэн багийг үүсгэн тэдний цаг
болон нөөцийг дэлхий дахинд тулгамдаж буй асуудал, хүрээлэн буй орчин, эдийн
засаг, бизнес, нийгмийн голлох асуудалд чиглүүлж асуудлыг шийдэх шийдлийг
гаргаж, нийгэмд эерэг өөрчлөлт бий болгох юм. Энэхүү залуус нь дэлхийн өнцөг
булан бүрээс, нийгэм, улстөр, бизнес, эдийн засаг, боловсрол, төрийн бус
байгууллагуудын төлөөлөл болж шилэгддэг ажээ. 40-с доош насны хүмүүс байх ёстой
гэсэн үндсэн шалгууртайгаас гадна тухайн залуусын салбар бүртээ хийж бүтээж буй
ажил, амжилтуудаас гадна нийгэмдээ хир хүрч үйлчилж, бодитой ажил (бизнесийн
бус буюу олон нийтийн ажил) хийж буйг хамгийн чухал шалгуураар тооцож
үнэлж дүгнэдэг ажээ. Дэлхийн залуу манлайлагчдын програмын тухай 3 минутын
видео танилцуулгыг ЭНДЭЭС үзнэ үү.
Залуу манлайлагчдын форум нь Дэлхийн эдийн засгийн
форумын нэг хэсэг нь бөгөөд Швейцарын засгийн газрын санаачлагаар ашгийн төлөө
бус, бүрэн бие даасан статустай байгуулагдсан байгууллага юм. Шилэгдэж
сонгогдсон дэлхий залуу манлайлагчид нь 6 жилийн хугацаанд идэвхитэй ажиллах
ёстой болдог ба энэ хугацаанд зохиогдох бүхий л хурал зөвлөгөөн, уулзалт,
форумууд, судалгаа шинжилгээний ажлууд, шинэ санаа, санаачлага бүхий төслүүдэд
бодитой хувь нэмэр оруулах үүрэгтэй. Засаглалын бүтцийн хувьд өөрийн гэсэн
удирдах зөвлөлтэй ба энэхүү зөвлөлд 11 гишүүн сонгогдон дэлхий даяарх залуу манлайлагч,
удирдлагч нарыг Женев ба Хятад дахь оффисоос ерөнхий удирдлага, координациар
ханган ажилладаг.
Бахархам, биширмээр олон залуус Дэлхийн залуу манлайлагчид
дотор байх юм. Жишээлбэл, саяхан Итали улсын төдийгүй Европын холбооны улсуудын
хамгийн залуу ерөнхий сайдаар тодрон сонгогдсон Matteo Renzi байна. Түүнчлэн Yahoo компанийн гүйцэтгэх захирал Marissa Mayer, Google компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Larry
Page, Дисковери сансрын хөлгийн нисгэгчээр Япон улсаас орсон одон орон, сансар
судлаач Nasoko Yamazaki гэх мэт дурдвал нилээд урт жагсаалт гарах нь. 2014 оны
хувьд нийт 66 улсаас 214 залууг шалгаруулсаны 109 нь эмэгтэйчүүд байна. Нийт
214 залуусын тал хувь нь хувийн хэвшлээс, тал хувь нь олон нийтийн байгууллага,
төрийн төлөөлөл ажээ. Олон нийтийн байгууллагууд дундаа мөн акедемик, урлаг,
соёл, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, ашгийг бус байгууллагуудын төлөөлийг
тэнцвэртэй оруулжээ. 2014 онд шалгарсан залуусын 49 нь зүүн Азиас, 46 нь Европ
тивээс, 17 нь Өмнөд Америкаас, 18 нь Ойрхи Дорнод, Хойд Африкаас, 48 нь Хойд
Америкаас, 17 нь Өмнөд Азиас, 19 нь Африкийн Сахарын бүсээс шалгарчээ. Энэ жил
буюу 2014 оны шалгаруулалтанд тэнцсэн залуус дунд Шведийн Hennes & Mauritz
(H&M) компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Karl-Johan Persson,
Болливүүдийг шуугилж буй жүжигчин, найруулагч Farhan Akhtar, ажлын байрны
шилдэг гар утсаарх оутсорсинг шийдэл гаргасан TaskRabbit-ийн Leah Busque, Хятадын
№2 онлайн худалдааны 360buy.com-г үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Liu
Qiangdong, Зүүн Африкийн мэдээлэл, харилцаа холбооны тэргүүлэгч Seven Seas
Technologies-г үүсгэн байгуулагч Michael Macharia, Египт улсын төв банкны тэргүүн
дэд захирал Rania al-Mashat, Өмнөд Африкийн иргэн, Холливүүдийн алдарт
жүжигчин, үзэсгэлэнт бүсгүй Charlize Theron, Мяньмар улсын газрын тос,
байгалийн хий, барилга, санхүүгийн гигант Ken Tun, Оросын супер модел, хүүхдийн
төлөөх буяны санг үүсгэн байгуулагч Natalia Vodianova, Украины алдарт хүнд
жингийн боксчин Wladimir Klitschko, нилээд хэдэн улсуудын парламентийн гишүүд
ба сайд нар багтсан байх юм. Эдгээр залуусын тухай
дэлгэрэнгүй мэдээлэл болон энэхүү байгууллагын тухай цэгцтэй мэдээллийг ЭНДЭЭС бас ЭНДЭЭС бас ЭНДЭЭС авна уу.
Энэхүү форум нь залуучуудад мэргэжил, мэдлэгийн хувьд
хоорондоо өрсөлдөх, хамтран ажиллах, илүү ихийг бүтээх, илүү том зургаа харах
боломжийг олгодгоос гадна хамгийн чухал нь хувь хүний хувьд өсөн дэвжих, ур
чадвар, багийн тоглолт, дэлхийн хэмжээний томоохон төслүүдийг удирдах ба
удирдуулах том сорилтыг бий болгодог байна. Энэхүү систем гишүүдийг олон их
ажил, илүү том зорилгыг биелүүлэхээс гадна өөр олон залуу манлайлагч, удирдагч
нарыг төрүүлэхэд оршдог. Дэлхийн залуу удирдагчдын форум нь дараах 3 үндсэн
зорилготой ажээ.
Хамтын ажиллагаа: Хүн төрөлхтөний өмнө үүсээд том асуудлуудыг
шийдэх шийдэл олох залуу манлайлагч, удирдагч нарын даяар сүлжээг бий болгох,
тэдний хамтын ажиллагааг системтэйгээр чиглүүлэх, зохион байгуулах
Суралцах: Хамтын ажиллагаа, бүс нутаг болон нийгэм,
улстөр, бизнесийн салбарын талаарх мэдлэг, мэдээлэл, туршлагыг солилцох,
өвлүүлэх, дэлхийг удирдах дараа үеийн манлайлагч нарыг төрүүлэх
Үйлдэл:Асуудлыг тодорхойлоод зогсохгүй шийдэх
шийдлийг энэхүү хамт олноороо олж хэрэгжүүлэн бодит үр дүн гарган, нийгэмдээ
эерэг өөрчлөлтийг бий болгох
6 жилийн албан ёсны гишүүнчлэлийн хугацааны дараа Дэлхийн
залуу манлайлагч, удирдагчдын Алюмнай холбоонд элсэж болдог ба 1993-2003 оны
хооронд буюу Дэлхийн залуу удирдагчдын форум үүсгэн байгуулагдахаас өмнө байсан
“Маргаашийн дэлхийн залуу удирдагчид” холбооны гишүүд энэхүү холбоонд байдаг
байна.
Жил бүр мянга мянган шилдэг залуусын материалыг Дэлхийн эдийн засгийн форум
судлан үзэж шалгаруулдаг ба энэхүү шалгаруулалтын дараа хамгийн шилдэг гэсэн
200 хүртэлх залуу удирдлагчдыг сонгон Дэлхийн залуу манлайлагчдын форумд
урьдаг. 2014 оны сонгон шалгаруулалтын хувьд
5000 гаруй анкетууд цугларсанаас шалгаруулалт хийж 66 орноос 214 залууг
сонгожээ. Энэ жилийн хувьд Монгол улсаас анх удаа 2 хүн сонгогдсон агаад миний
биеэс гадна Ньюком группыг тэргүүлэн ажиллаж байсан, Монголын бизнесийн
зөвлөийн тэргүүн Бямбасайхан шалгарсан байна. Жил ирэх бүр шалгаруулалтанд
оролцогч нарын тоо нэмэгдэж, тэр хэмжээгээр сонгон шалгаруулах арга, аргачлал,
үйл ажиллагаа нь улам нарийн бөгөөд төвөгтэй болж буй аж.
Нэр дэвшигдсэн залуус бүрийг маш нарийн шалгуураар шүүдэг бөгөөд хөндлөнгийн сонгон шалгаруулалтыг дэлхийд алдартай хүний нөөцийн “Heidrick & Struggles” Head Hunting фирм хийж, эцсийн шүүлтийг Жорданы хаант улсын хатан хаан Раниа Аль Абдуллагийн тэргүүлсэн сонгон шалгаруулах комисс хийдэг юм байна. Дэлхий залуу манлайлагчдын форумд уригдах шилдэг залуусыг тэдний ажил, мэргэжлийн амжилт, ололт, туршлагаар нь дүгнэхээс гадна хувь хүний нийгмийн хариуцлага, хийсэн ажлыг нь онцгойлон авч үздэг бөлгөө.
Олон Монгол залуус ирэх жилүүдэд энэхүү байгуулагын гишүүн болж, зөвхөн
Монголдоо бус дэлхийн тавцанд нэрээ гаргах болтугай.
Subscribe to:
Posts (Atom)