Friday, 15 August 2014

Passion, experience, and knowledge!

Сэтгэл бол нэг л зүйл. Тэрний ард туршлага, мэдлэг хэрэгтэй.

В.Ганзориг (В.Г): Цаг гарган хүрэлцэн ирж ярилцлага өгч байгаа танд баярлалаа. Өөрийг чинь харангуут л бизнесийн орчин, эдийн засаг, ЭЗЭН 100 нүдэнд харагдаад хэл загатнаад байх юм. Төсөл, бизнесийн хэмжээ томрох тусам компанийн болон улсын засаглал гэдэг зүйл хичнээн чухал болох нь харагдах юм даа.

Б.Бямбасайхан (Б.Б): Өнөө үед чинь үнэ цэнэ, соёл гээд янз янзын ойлголтууд байна. Тэгээд ч ер нь Монголын өнөөдөр болж байгаа, болохгүй байгаа юм бүхнийг харахаар дандаа л хүнтэйгээ холбоо байгаа биз дээ? Хүн нь гайгүй болоод ирэхээр орчин гайгүй болдог. Хүн нь болохгүй байвал өнөөдрийн нийгэм булингартаад л байдаг. Ийм үед хүмүүст зөв мэдээ, мэдээллийг хүргэдэг схем маш чухал. Түүнчлэн хувь хүний, байгууллагын соёл үүнд маш чухал юм шиг байгаа юм. Эдгээрээр дамжуулж хүмүүст үнэ цэнэ, зөв хандлагыг хүргэвэл уг нь. Гэхдээ л мэдээ, мэдээллийг бусдад яаж зөв бөгөөд хүртээмжтэй хүргэвэл зүгээр вэ гэж би байнга бодоод л явдаг. Нөгөө тал нь медиа бол ойлгомжтой хэрэгсэл болчихлоо. Тодорхой санаа байвал тэрийгээ хэлээд явж болдог. Буруу санааг ч, сайн санааг ч хоёуланг нь бугшуулж болдог. Хувь хүн л гайгүй болох юм бол хариуцлага үүсч бүх зүйлс эерэг тал руугаа явахаар байна гэх юм уу даа.

В.Г: Хувь хүн бүр хариуцлагатай болтлоо цаг их авах юм биш үү? Баабар гуайн хэлснээр хэдэн оныхон ч билээ үхэж дуусч байж гэдэг шиг?

Б.Б: Тийм. Өөрөөр хэлбэл тэр бол цаг хугацааны хувьсал маягийн зүйл байх шүү дээ. Гэхдээ энэ хувьсал нь дуусаг гээд бид зүгээр суугаад байж болохгүй. Бид нар өөрт байгаа цагаа янз бүрээр хуваарилан ажиллаж амьдарч байна. Ажилдаа, гэр бүлдээ гэх мэт. Ингэж хувааж байгаа цаг, боломжийнхоо тодорхой хэсгийг сайн дурын ажил, олон нийтийн ажил руу яалт ч үгүй чиглүүлэх шаардлага гарч байна аа.

В.Г: Саяхан Монгол-Солонгосын эдийн засгийн форум боллоо. Ирсэн төлөөлөгчидтэй нь би бараг хоёр өдөр бүтэн цуг явлаа. Тэдний дийлэнх нь 1990-ээд оны эхээр Монголд ирж байсан нөхдүүд байна. Зарим нь бараг дөрөв таван удаа ч ирсэн гэнэ. Би сонирхоод яг одоогийн Монголын нөхцөл байдал Солонгосын улс төр, бизнесийн хэдэн жилийн өмнөхтэй төстэй байна вэ гэж асуухад тэд нар 10-20 жил гэж хэлж байна. Гэхдээ бүх Солонгосчууд яг тохирсон юм шиг хэлж байсан нэг зүйл нь Монголд бүхэл бүтэн үе өөрчлөгдөж байна гэж байв. Би 1990 оны сүүлчээр ирэхэд хэдэн хүмүүстэй уулзаад явдаг байсан. Арван жилийн дараа ирэхэд хуучин харилцаа алга болжээ гэх жишээний. Ялангуяа бизнесийн салбарт дандаа шинэ залуус гараад ирчихсэн байна гэж солонгосчууд ярьсан. Надад төрсөн сэтгэгдэл нь Солонгос компанид ажилчид нь lifetime буюу нэг газраа удаан ажилладаг соёлтой. Солонгосын дарга гэсэн хүн нь бараг хамгийн багадаа 50, 60 насыг давсан байдаг. Гэтэл Монголд даргын албан тушаал дээр бараг 20, 30-тай залуус томилогдон ажиллах нь хэвийн. Энэ дээр зарим Солонгосууд дасахгүй байгаа мэдрэмж надад төрж байлаа. Үүнтэй холбоотой асуудлыг ч сүүлийн үед хэвлэлээр ярьж бичиж байна. Туршлагагүй, юм мэдэхгүй, нусгай “бацаанууд” гараад ирлээ. Улстөрд ч, бизнест ч. Гадаадад сургууль төгсөөд ирж байгаа зарим нь Монголоо мэдэхгүй, худлаа үнэн гадаад дотоодоор ярьсан хүмүүс гараад ирлээ гэх хандлага байдаг. Үүнд та ямар бодолтой байдаг вэ? Та бол гадаадад нэлээд олон жил байсан бөгөөд Монголын тэргүүлэх зэрэглэлийн компанид ажиллаж байгаа туршлагатай хүн. Ер нь тэр хандлагыг мэдэрсэн үү? Мэдэрсэн бол тэдгээр хүмүүст ямар хариу үйлдэл өгч байгаа вэ?

Б.Б: Шинэ үе үнэхээр гарч ирж байна. Энгийнээр тайлбарлавал, нэг хэсэг бизнес болон улстөрийн амьдралд орсон дийлэнх хүмүүс би ганзагын наймаа хийдэг байсан гээд л дандаа яриа нь эхэлдэг байсан шүү дээ. Тэгээд л ямар, ямар эрсдэлээр яаж гарч ирсэн тухайгаа ярьдаг. Бид нар тэр үед нь жаахан байсан. Үнэхээр ганзагын наймаа хийж өсөөгүй. Өнөөдөр шинэ үеийн залуус тэр үеэсээ юугаараа өөр вэ гэхээр бид тодорхой ажилтай ба түүндээ тохирсон тогтмол орлоготой болжээ. Тэр орлогынхоо тодорхой хэсгийг бид нар орчин үеийн хөрөнгийн зах зээл дээр жижигхэн ч гэсэн янз бүрийн хөрөнгө оруулалтууд хийж байна. Нэг бол компанийн хувьцаа худалдаж авдаг ч юм уу, эсвэл үл хөдлөх хөрөнгө ч юм уу. Тэр бол бидний хувьд эрсдэлээ хүлээгээд л явж байгаа нэг хэлбэр юм. Олсон орлогоороо Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээрээс хувьцаа худалдаж аваад  шатаж, өөрөө эрсдэлээ хүлээж байсан, ашигтай ажилласан тохиолдлууд ч байгаа. Тэгэхээр бидний үед ганзагын наймаа гэдэг зүйл байхгүй өөр эх үүсвэрээс орлогын хуримтлал үүсгэдэг тэр үе нь юм.
Магадгүй сүүлийн 20 жилд гаднаас бид бизнес, эдийн засгийн орчинд дандаа шинэ зүйлс оруулж ирж танилцаж байсан учраас өөрсдийнхөө жижиг зах зээл дээр хоорондоо харьцангуй өрсөлдөөн багатай явж ирсэн байх. Нөгөө талаас бид энэ дэлхийн нэг хэсэг учраас манай эдийн засаг томроод тодорхой хэмжээнд очихоор Хятадад, Америкт, Орост юу болж байна гэдэгтэй зайлшгүй холбогдоно. Энэ нөхцөлд бид нар өөр маягаар ажиллахгүй бол болохгүй. Өмнө нь би чамайг таньдаг, эсвэл тэр намайг мэддэг гэдэг утгаар бизнес хийдэг, ганц хуудас билэгдлийн шинжтэй гэрээ хийдэг ч юм уу, тэр үе нь өнгөрч байна. Бидний ярьж байгаа хөрөнгө оруулалт, төслүүдийн хэмжээ маш том болж, хэдэн сая доллараар хэмжигддэг боллоо. Тийм төслийг яаж хийдэг юм гэхээр олон улсад аль хэдийн үүсчихсэн менежмент, санхүү, инженерингийн тодорхой стандартад нь нийцүүлэн хийж байж амжилтанд хүрдэг. Тэдгээр стандартад нь бид хүргэж ажиллаж чадахгүй бол бид амжилтанд хүргэхгүй. Ёстой энэ зүг рүү л бид нөгөө капитализмыг алгасна гэдэг шиг хурдан очих хэрэгтэй болов уу. Өмнө нь таны хэлсэнчлэн Солонгост ихэнх хүмүүс бүх л насаараа нэг компанид ажиллаж байж өндөр албан тушаалд хүрдэг. Харин өнөөдөр бидний залуусын хувьд хэдий айхтар их биш ч хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэгээрээ шийдвэр гаргах бүх түвшинд ажиллах боломж нь нээлттэй байна үнэхээр. Нэг бодлоор цахилгаан шат гэж хэлмээр ч юм шиг.

В.Г: Миний анзаарснаар бизнесийн хэмжээ томрох тусам улстөрийн нөлөөлөл, оролцоо нь нэмэгдээд байх шиг байгаа юм. Саяны хэлдэг зүйлийг уг нь хэдэн жилийн өмнөөс ойлгоод, ярихаасаа илүү үйл хэрэг болгоод явсан бол олон гэрээ зурагдаад, бүтээн байгуулалт нь эхэлчихсэн байх байсан болов уу. Ингэхгүй байгаагийн шалтгаан нь юу юм бэ? Түрүүний хэлснээр ганзагын наймаа ч юм уу, өнгөрсөн нийгмийн үед хүмүүжсэн хүмүүс маань тэр үеийнхээрээ сэтгээд байна уу? Өөрөөр хэлбэл, тэр хүмүүсийн “материал” нь л тийм байна уу, эсвэл тэгээд явбал зөв гэдгийг нь ойлгож байгаа мөртлөө албаар ямар нэг шалтгаанаар мэдэхгүй царайлж гацаагаад байна уу? Миний хувьд ийм хүрээлэлд ойрхон байдаггүй болохоор гадна талаас нь харахад гайхдаг. Хүн болгон л ухаантай зүйл яриад байдаг. Тэгсэн мөртлөө бодит ажил хэрэг байхгүй. Түүний шалтгаан нь юу юм бэ?

Б.Б: Шалтгаан нь уу? Шалтгаан нь гэвэл туршлагагүй л байх. Эрчим хүчний салбарыг жаахан гадарладаг хүний хувьд хэлэхэд Монголчууд бид саяхныг хүртэл цахилгаан станц өөрсдөө барьж байгаагүй, үзээгүй байсан. Дандаа л орос “ах нар” нь хүрч ирээд барьж өгчихөөд яваад өгдөг. Тэрийг нь бид нар олон жилийн хугацаанд ашиглаад гартаа оруулаад ажиллуулаад сурчихсан. Манай эрчим хүчний салбарын мундаг инженерүүдийг харахаар бүгд л ТЭЦ 3-с ажлын гараагаа эхэлсэн улсууд байдаг. ТЭЦ 3-т монтёроос эхлээд явсаар байгаад зарим нь улстөрч болсон байна, зарим нь салбарынхаа том захирлууд болсон улсууд ч байдаг. Тэгэхээр бид нар юмаа сууринаас нь эхэлж барьж, гардан удирдан бүтээн байгуулж үзээгүй учраас тэдгээрийг барихад ийм процесс байдаг гэдгийг мэдэхгүй байгаа юм.

В.Г: Тэгэхээр үйлдэл хийхээсээ айдаг, эмээдэг, алдчихвий гэсэн сэтгэлгээтэй?

Б.Б: Тийм. Нэг бол тэр ажлууд нь нэлээд амархан юм шиг харагддаг. Ингээд л болчих юм шиг. Нөгөө талдаа том төслийг хийнэ гэдэг шат алгасч болдоггүй процесс байдаг. Яг л инженерингийн хийх ёстой бүх зүйлсийг хийж байж л цаашаа явна. Үнэхээр болж байна уу, үгүй юу гэдэг нь төслийн шат болгонд нөгөө стандартуудын дагуу хэмжигдээд л явна. Мөн нөгөө талдаа миний хийдэг ажил санхүүжилтийн ажил байдаг. Бас л адилхан нөгөө төслийн үе шатуудыг алгасчих юм бол дандаа зогсолт үүсч, төсөл саатаж хугацаанаасаа хоцордог. Төслийг хурдан хийхийг хүн бүр сонирхож хүсдэг. Гэхдээ яаран сандран аль нэг шатыг алгасчихаар яах аргагүй буцчихдаг. Бид нарын хувьд олон улсын, гадны байгууллагууд, тэдгээрийн инженерүүдтэй нь ойр ажиллаад ганц сурсан зүйл бол инженерийн том төсөл, мега бүтээн байгуулалтыг ном журмынх нь дагуу шат дараалалтай хийхгүй бол буцдаг юм байна гэдгийг мэдэрсэн. Тэгээд сурчихаараа хүн юмыг харахдаа дандаа тэр өнцгөөсөө хардаг юм байна шүү дээ. За өнөөдөр ийм үйлдвэр, цахилгаан станц баръя гэж санал гаргах юм бол миний толгойд тэр нөгөө л процесс бууж харагдаад эхэлж байгаа юм. Эхлээд төслийн урьдчилсан ТЭЗҮ хийнэ, түүнийг нь тийм ийм мэргэжлийн хүмүүс хэмжиж шалгана. Үүний дараа жинхэнэ ТЭЗҮ хийнэ. Дараа нь бид энэ төсөлд хэдэн төгрөг босгоно, ийм инженерийн баг ажиллана, тийм санхүүгийн баг ажиллана гэх мэт бүх зүйлсээ хардаг. Шинэ үеийн залуусын магадгүй өмнөх үеэсээ ялгагдах, өөр байж чадах зүйл нь энэ байх. Өнөөдрийн амьдралд дээр харахад энэ процесс нь өөрөө уг ажлыг хурдан хийх л аргачлал юм. Мэдээж хүн бурхнаас заяасан гүйлгээ ухаантай, сэргэлэн байж болно. Гэхдээ том цахилгаан станц барихад хэчнээн гүйлгээн ухаантай байгаад энэхүү процессыг дагахгүй бол  болдоггүй л дээ. (Инээв)

В.Г: Таны намтрыг уншиж байхад хүмүүсийн хэлдгээр элит гэр бүлээс гаралтай гэж хэлж болохоор санагдсан. Аав чинь Нью-Йоркт байсан. Та багадаа гэр бүлээ дагаад баруунд өсч хүмүүжсэн. Та аав, ээжийнхээ талаар товч танилцуулахгүй юу?

Б.Б: Манай аав, ээж тэр үедээ л яг тохирсон гэр бүл юм. Хоёр хүүхэдтэй. Манай аав жолооч. Ээж дипломат хүн. Энэ хоёрыгоо харахаар хүүхдүүдээ хүн шиг хүн болгоё гэж зорьж байсан нь илт харагддаг. Бүх л зүйлээ бид хоёрт зориулсан. Түүнийхээ төлөө ч өөрсдийнхөө карьер зэргийг хоёрдугаарт тавьж байсан болов уу. Манай аавын надад сургасан гол зүйл бол хүн мэдлэгтэй байж гэмээнэ аливаа нийгэмд амжилттай явна гэдгийг багаас минь сургасан. Хүүхэд жоохон байхдаа бөх ч болмоор байдаг, бокс ч тогломоор байдаг. Янз бүрийн юм руу савчихад аав тоогоо бод оо миний хүү гэдэг байлаа. Ер нь одоо бодоход эрх л өссөн байх даа.

В.Г: Би ээжийг чинь гэж мэдээгүй, аавыг чинь дипломат гэж бодож байлаа. Ээж чинь хэн гэдэг хүн бэ?

Б.Б: Нямсүрэн гэдэг.

В.Г: Аав, ээж хоёр тань одоо хаана, юу хийдэг вэ?

Б.Б: Одоо Монголдоо гавъяаныхаа амралтанд байгаа. Манай хүүхдүүдийг хараад л. (Инээв)

В.Г: Бага байхдаа аав, ээжийнхээ томилолтыг дагаад гадаадаар баахан явсан уу?

Б.Б: Тэгсэн. Америк явсан, сүүлд Чехэд томилолтоор яваад тэтгэвэртээ гарсан даа. Манай ээж сургуульд мэргэжлээр нь сураад л Гадаад яаманд ажилд ороод л тэр системээр явсан. Манай аав Засгийн газрын авто баазад байсан. Сүүлд Гадаад хэргийн яаманд орсон. Нэг талаараа энэ гэр бүл улсад их ашигтай гэр бүл байсан болов уу. Яагаад гэвэл томилолт өгөхөд хоёулаа явчихдаг. Хоёр айл явуулахын оронд нэг айл томилчихдог.
Ер нь бол хүмүүжил гэдэг үнэхээр чухал юм билээ. Бид одоо ингээд нас 30 гараад ирэхээр, ялангуяа бизнес удирдаад эхлэхээр үүнийг улам их мэдэрч байна. Ямар улсуудыг бизнестээ авч ажиллуулах вэ гээд л хүнийг олон талаас нь шинжиж байгаа шүү дээ. Мэдээж хаана сургууль төгссөн нь чухал. Нөгөө талаас ямар хандлага, хүмүүжилтэй хүн бэ гэдэг нь бүр чухал. Өмнө нь би нэг зүйлийг ойлгодоггүй байсан. Тэр нь хүмүүс “Чи хэний хүүхэд вэ” гэж асуудаг шүү дээ. Үүнийг ойлгодоггүй, төдийлөн ойшоодоггүй байсан. Одоо бол яах аргагүй үүнийг хардаг болсон. Зөв хүн байх юм бол түүнийг сургаад амжилттай, карьерынх нь дагуу явуулах юм бол илүү амар бөгөөд бизнесийн хувьд ч үр ашигтай. Түүнээс биш хичнээн мундаг сургууль төгссөн ч гэсэн хүн нь, ялангуяа хандлага нь буруу байвал түүнтэй ноцолдсоор байтал дуусна. Бид нар жил хагасын өмнө жижигхэн компани байгуулаад үйл ажиллагаагаа эхлээд явж байгаа. Хамгийн түрүүнд бие биенээ ойлгодог, бие биенийхээ үнэт зүйлс, мөн чанарыг мэддэг хүмүүс нийлчих юм бол ямар ч байсан амжилттай явж болох нэг тийм шинэ эрин гарч ирж байна.

В.Г: Зөв хүн эсвэл үнэт зүйлд нийцэж байна гэдгийг ямар шалгуураар та нар хэмжиж, үнэлж ажилд авч өөрийнхөө багтаа элсүүлж байна вэ? Жилийн өмнө би нэгэн сонин уншиж байхад жишээлбэл, Хонконгод хөрөнгө оруулалтын ч билүү, арилжааны банкууд ч билүү хүн авахдаа ёс суртахууны тест давхар авдаг болсон. Энэ нь бүр стандарт болчихсон гэх мэдээ гарсан байсан. Тэгэхээр саяны зүйлийг хэмжихэд хэцүү, зөв буруу гэж тодорхойлоход хүнд байх. Нэг удаа худлаа ярьсныг яах вэ, хагас зөвд оруулах уу ч гэх юм уу. Шууд ажилд авахад туршилтын хугацаа гэж байгаа байх л даа. Гэхдээ та хэд үүнд хэрхэн ханддаг вэ? Түншүүд, хамтрагч нараа яаж сонгож байна вэ?

Б.Б: Яг одоо цөөхөн хүнтэй жижиг баг байгаа учраас хүнд төрж байгаа мэдрэмжээ л ашиглаж байна. Хүнтэй уулзаад эерэг сэтгэгдэл төрдөг шүү дээ. Энэхүү хүнд төрүүлдөг анхны сэтгэгдэлийг би сүүлийн үед нилээд хувьдаа үнэлээд эхэлсэн. Зарим хүнтэй уулзахаар үнэхээр таалагдахгүй сэтгэгдэл байдаг. Гэхдээ яг таалагдахгүй гэсэн дээ биш л дээ. Дотор чинь нэг юм  ажиллаад байгаа юм шиг мэдрэмж төрдөг дөө. Нөгөө талаас бид өөрсдийнхөө өнгөрсөн үеийг харахыг хичээдэг. Бид нар бүгдээрээ л хүүхдүүд байсан. Том болоод тодорхой ажилд ороод явдаг. Тэрийг харахад сэтгэл байвал юмыг хийж болдог гэх ойлголт байна. Тэр чинь миний амьдралд байнга байж л байдаг. Шинэ юм руу орвол мэдэхгүй юм руу л ордог. Гүрийсээр байгаад л гол мөн чанарыг нь ойлгох хэрэгтэй. Жишээлбэл, цахилгаан станц барих гээд байгаа юм бол яагаад барих гээд байгаа гэдгээ сайн ойлгож байгаад, яаж барьдаг юм гэдгээ судалж байгаад, за одоо чаддаг хүмүүс нь тэрийг хийх юм байна гээд багаа бүрдүүлээд явдаг. Сэтгэл байвал юмны ард гарч болдог л доо. Гэхдээ сэтгэл бол нэг л зүйл. Тэрний ард туршлага, мэдлэг хэрэгтэй. Энэ бүх зүйл нийлж байгаад бодит төсөл цахилгаан станц, үйлдвэр болдог.

В.Г: Бямбаа захирал айлын бага нь гэсэн үг үү, том нь уу?

Б.Б: Айлын том нь.

В.Г: Гэр бүлтэй юу?

Б.Б: Гэр бүлтэй.

В.Г: Найзууд дунд ганц бие эмэгтэйчүүд зонхилох хувийг эзэлдэг болчихож. Нөхөр олж өгөөч хэмээн тоглоод хэлдэг юм. Гэр бүлгүй бол таныг “зарчихъя” гэж бодсон худлаа юм байна? (Инээв)

Б.Б: (Инээв)

В.Г: Хүүхэдтэй юу?

Б.Б: Дөрвөн хүүхэдтэй.

В.Г: Өө, тийм үү. Өнөр бүл болж байгаа юм байна. Хэдэн настайдаа гадаад явсан вэ? Дундуур нь ирэхгүй байж байгаад сая “Ньюком”-д орохоосоо өмнө бүрмөсөн Монголдоо ирэв үү?

Б.Б: Би 1998 онд яваад 2010 онд ирсэн. Монголд би МУИС-ын Олон улсын харилцааны ангийг төгсөөд гадагшаа мастерт явсан. АНУ-ын Вашингтон хот руу явж сураад, тэндээ бас ажиллаад тав, зургаан жил болсон. Дараа нь Азийн Хөгжлийн Банкинд (АХБ) ажиллаад бас тав, зургаан жил болсон доо. АХБ-нд ажиллаж байхад нэг сонирхолтой зүйл нь олон орны хүмүүстэй ажилладаг. Хятад, Энэтхэг, Америк, Франц гэх мэт. Ийм нөхцөлд хүн бусадтай харилцахад нэлээд зүйл сурдаг юм билээ. Хүнтэй харьцах харилцааны урлаг, ёсзүй бол сурах ёстой хамгийн том зүйл. Үүн дээр бид нар их алддаг. Бие биенийхээ хажууд сууж байгаа хирнээ л нэгнээ дутуу ойлгоод байдаг шүү дээ. Үүнийг системтэйгээр хийж сурвал бид нийгэм, эдийн засгийн талбар дээрээ нэлээд өөрчлөлт авчирна. Бие биенээ бүрэн ойлгож чадаж байж сайн шийдвэр гарахаас хагас дутуу ойлгочихоод шийдвэр гаргаад байвал онцгүй л үр дагавар гарна. Энэ нь бизнес дээр, амьдрал дээр зөндөө анзаарагддаг.

Цагаа тулахад хүн чинь өөрөө байгалиасаа заяасан янз янз болдог, улстөрждөг, ашиг сонирхлынхоо төлөө л явдаг. Тийм учраас тэрийг л системтэй болгох хэрэгтэй.

В.Г: Хоорондын хагарал үүсээд байгаа нь ойлголцолын асуудал байна уу, эсвэл итгэлцэлийн асуудал байна уу? Заримдаа нэг юм яриад ингэх ёстой гэдгийг аль аль тал нь ойлгоод байдаг. Тэгсэн мөртлөө нэгэндээ даалгаад өгөхдөө, хамтраад ажиллахдаа жийрхсэн, зарим нь дээд түвшиндөө улс төрийн намаараа ялгараад явдаг ч юм уу зүйл анзаарагдах юм.

Б.Б: Тийм учраас системтэйгээр хийх нь зөв гэж би боддог юм. Учир нь бид бүгд хүн. Хүн л болсон хойно янз янзын авир, зан ааш гаргаж хувирч болно шүү дээ. Цагаа тулахад хүн чинь өөрөө байгалиасаа заяасан янз янз болдог, улстөрждөг, ашиг сонирхлынхоо төлөө л явдаг. Тийм учраас тэрийг л системтэй болгох хэрэгтэй.

В.Г: Өөрөөр хэлбэл тоглоомын дүрэм гэсэн үг?

Б.Б: Яг тийм. Тэр нь л ойлгомжтой байдаг. Түүгээрээ тоглоод явчихдаг баймаар байгаа юм. Өөрөөр хэлбэл хувь хүн болгоноос хамаарах хүчин зүйлсээс багахан ч болтугай ангид баймаар. Нөгөө талаар би гадны байгууллагад ажиллаад сурсан юм бол системтэй ажиллаж дадсан. Үе шат, юм алгасахгүйгээс гадна ажлыг доороос барьж аваад дээшээ хийсээр байгаад дуусгадаг.

В.Г: Дунд сургуулиа гадаадад төгсөөд Монголдоо ирээд нэгдүгээр курсээсээ их сургуульд сурсан гэсэн үг үү?

Б.Б: Аравдугаар ангиа би 54 дүгээр сургуульд төгссөн. Тэгээд их сургуульд Монголдоо орсон.

В.Г: Их сургуулиа төгсөөд гадаад явах чинь оюутнуудын мөрөөдөл. Тэр үед ч дөнгөж гадаад дотоод хэл сурч эхэлсэн үе байх. Намайг арван жилд байхад зөвхөн Орос хэл л үзэх ёстой, өөр сонголтгүй л байсан шүү дээ. “Радуга”-г 1-7 хүртэл нь үзэхээс англи хэлний мэдлэг байхгүй. Англи хэлтэй, “толгой”-той нь гадагшаа явдаг байсан болов уу. Ялангуяа баруунд сурах тэтгэлэг гэдэг зүйл хамгийн чухал. Тэгэхгүй бол өөрсдийнхөө зардлаар гадаадын сургуульд сурна гэдэг тэр үед нилээд хязгаарлагдмал байсан. Ямар шугамаар сургуульд явсан бэ? Тэтгэлэгтэй байсан уу? Тийм бол тэтгэлгээ яаж олсон бэ?

Б.Б: Тэтгэлэгтэй байсан. 1997 онд Залуу Лидер клубээс “New World” арга хэмжээг зохион байгуулаад шилдэг оюутан гээд нэг сонгон шалгаруулалт явагдсан юм. Эцсийн шатаанд таван оюутан тунаж үлдсэн юм. Тэдний нэг нь би байлаа. Би тэр үед МУИС-ийн Олон улсын харилцаанд 3-р курст сурч байсан. Мөн Гэгээрлийн яаманд ажилладаг байлаа.  

В.Г: Хагас цагаар ажилладаг байв уу, бүтэн цагаар уу?

Б.Б: За бараг л бүтэн цагаар даа. Би тэндээс их л олон зүйлийг сурсан даа.

В.Г: Сургуулиа төгсөөгүй байж яаманд юу хийдэг байсан юм бэ?

Б.Б: Гадаад харилцааны чиглэлээр. Багаасаа хэл гадарладаг байсан учраас бага зэрэг орчуулгын ажил хийнэ. Хэлмэрчээр явна. Нэг давуу тал нь ямар нэг судалгааны ажил, дипломны ажил хийхдээ энэ талаа ашиглаад барууны ном, мэдээлэл ашиглаад бичдэг байсан. Манай Баярхүү, Баясах багш миний гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэсэн улсууд. Тэд намайг ажил хий гэж хэлсэн. Ажилд ороод гол нь хүмүүстэй харилцах харьцааг сурсан. Миний анхны цалинтай бүтэн цагийн ажил маань төрийн яамны ажил байсан. Энэ ажлаа би жил хагас хийсэн.

В.Г: “New World”-ийн шалгаруулалтын шилдэг оюутнаар шалгараад төрийн сангаас тэтгэлэг авсан гэсэн үг үү?

Б.Б: Тийм. Шилдэг таван оюутны нэгээр шалгараад гадаадад сурах эрх авсан. Бакалаврын зэргээ авахаас өмнө мастерт сурах тэтгэлэг авах чинь том ажил байхгүй юу. Тэтгэлэг авснаар миний хийх ёстой ажил гадаадад сурах суруулиа олох, тэр сургуульдаа тэнцсэн бичгээ л авч ирэх ёстой байсан. Миний цаашаа үргэлжлүүлж сурна гэж бодож төлөвлөж байсанд минь энэ тэтгэлэг их дэм болсон.

В.Г: Жилийн 16 мянган ам.доллар гэдэг мөн үү?

Б.Б: Тийм ээ.

В.Г: Яаж яваад Америкийн сургуулийг сонгов?

Б.Б: Тухайн үед хамгийн сайн сургууль нь Америкт л байдаг гээд. Би чинь олон улсын харилцааны чиглэлээр сурч байсан. Энэ чиглэлээрээ ч цаашид явна гэсэн бодолтой байв. Америкт энэ чиглэлийн хоёр гурван сайн сургууль байдаг. Жорж Вашингтоны их сургууль маань Вашингтон хотод байдаг. Миний хамрагдсан хөтөлбөр нь ажил хийж байгаа, өөрөөр хэлбэл Төрийн Департмент, Гадаад харилцааны яам, Дэлхийн банкинд ажиллаж байгаа хүмүүс нь орж суралцдаг тийм програм байсан. Тэгээд л энэ сургуульд орсон. Хичээл нь орой явагддаг. Нэг жил сурсныхаа дараа ажилд орчихож байгаа юм. Өдөр нь ажлаа хийчихээд, орой нь сураад л.

В.Г: Мастерын зэргийн судалгааны ажлын чинь сэдэв нь юу байв?

Б.Б: Олон улсын эдийн засаг, олон улсын байгууллагууд, олон улсын эрх зүйн  орчин чиглэлээр. Заавал сонгох хичээлээрээ цуглуулах ёстой кредитээ цуглуулсныхаа дараа сонгох хичээлүүдээ дандаа MBA-ийн хичээлүүдийг авсан.  

В.Г: Төгсөөд шууд ирэхгүйгээр тэндээ ажиллах боломж гараад хэсэг ажиллав уу?

Б.Б: Тэгсэн. Ажиллаж байсан байгууллага маань олон улсын хөгжлийн чиглэлийнх байсан ба USAID-ын төслүүдийн үндсэн гүйцэтгэгчээр гэрээгээр төслүүдийг нь хийдэг байгууллага байсан. Тэдгээр төслүүд нь хөгжиж буй орнуудад голцуу чиглэгддэг. Байгаль орчны хамтын ажиллагаа гэж байгаа юм. Үүнийг нөгөө талаар тайлбарлавал, цэвэр эрчим хүч (clean energy), үр ашигтай эрчим хүч юм. Энэ бүхний хамгийн сайн практик нь Америкт байсан. Тэрийг нь Азийн орнууд руу нэвтрүүлэх, өөрөөр хэлбэл, Дели, Манила гэх мэт хамгийн их агаарын бохирдолтой хотуудыг цэвэрлэх байв. Үүний тулд технологи, менежмент, бодлогын шийдлүүдийг нь гаргаж, хүмүүсийг нь бэлтгэж сургадаг. Энэтхэг, Вьетнам, Тайланд, Филиппинээс хүмүүсийг авчирч сургадаг байсан. Энэ нь надад маш их хэрэгтэй туршлага болсон.

В.Г: Вашингтонд байхдаа гэсэн үг үү?

Б.Б: Тийм ээ.

В.Г: Тэнд хэр удсан бэ?

Б.Б: Бараг зургаан жил болсон.

В.Г: Тэгээд дараа нь АХБ-нд орсон уу?

Б.Б: АХБ чинь бас л олон улсын харилцааны хөгжлийн чиглэлийн байгууллага. Нөгөө анх эхэлсэн чиглэлээ л хөөсөн гэсэн үг. Нэг сайн юм нь, би тухайн үед цэвэр эрчим хүч, үр ашигтай эрчим хүчний талаар гол зүйлсийг нь ерөнхийд нь судалчихсан байсан. Сүүлд АХБ-нд ороод нөгөө том төслүүд рүү нь ороод эхлэхээр энэ ерөнхий ойлголт маань хэрэг болж байгаа юм. Тэрнээс биш би тухайн үед яг одоогийн энэ ажил маань ирээдүйд салхин цахилгаан станц ч юм уу, эрчим хүчний чиглэл рүү ороод ажиллуулна гэж арван хэдэн жилийн өмнө би огт бодож байсангүй.

Цахилгааны шугамаар нүүрсээ заръя

В.Г: АХБ-нд орох саналыг та өөрөө тавьсан уу, эсвэл тэд үү?

Б.Б: АХБ дотор “Young Professionals гээд жил болгон дэлхий даяар таван хүнийг шалгаруулдаг програм байдаг юм. Гол зорилго нь банкныхаа ирээдүйн удирдлагыг бэлддэг. 30 нас хүрээгүй, тодорхой ажлын туршлагатай хүмүүсийг сонгон шалгаруулдаг. Нээлттэй зарладаг энэхүү хөтөлбөрт жилдээ 5000 гаруй хүн өргөдлөө өгдөг юм. Тэр хөтөлбөрийнх нь нэг сайн тал нь тухайн хүнийг ажлын байран дээр нь системтэйгээр сургаад явчихдаг. Банкныхаа бүх үйл ажиллагаанд оролцуулж, газар болгонд нь зургаан сараар сөөлжин ажиллуулдаг. Карьер төлөвлөлтийг нь системтэй хийж өгч, хувь хүнийг нь хурдан өсгөдөг.

В.Г: Тэгэхээр үүнд нь тэнцсэн гэсэн үг үү?

Б.Б: Тийм ээ.

В.Г: Манила хотод хэдэн жил болсон гэсэн үг үү?

Б.Б: Тэнд зургаан жил хагас болсон. АХБ-ны яг төв дээр нь.

В.Г: Филиппинээр ярих уу? Тэнд бараг хоёр дахь хэл нь англи уу?

Б.Б: Бидний харилцдаг  хүрээний хүмүүс англиар чөлөөтэй ярьдаг.

В.Г: АХБ-наас өмнө нь ажиллаж байсан байгууллагын чинь бүтэн нэр нь юу гэсэн бэ?

Б.Б: Яг ажиллаж байсан байгууллага маань “Institute of International Education” гэдэг төрийн бус байгууллага юм. Вашингтоны ихэнх төрийн бус байгууллагууд нь USAID хөтөлбөртэйгээ маш ойрхон ажиллаж гол төслүүд дээр нь гэрээ хэлцлүүдийг авч хэрэгжүүлдэг байсан. “U.S and Asia Environmental Partnership гэдэг төсөл дээр нь би ажиллаж байсан.

В.Г: Тэгээд АХБ-нд зургаан жил хагас сурчихаад Монгол руугаа бүрмөсөн ирсэн үү?

Б.Б: Тийм. Монголд ирсэн гол зорилго маань Салхитын цахилгаан станцын төсөл байсан.

В.Г: Тэгэхээр цаагуураа энэ чинь АХБ-ны бас нэг ажил, төсөл нь байсан гэсэн үг үү?

Б.Б: Үгүй. АХБ-тай ямар ч хамаагүй.

В.Г: АХБ тэгээд тав, зургаан мянган залуусаас шалгаруулж аваад, зургаан жил хагас өөрсдийн бүх нөөцөөрөө бэлдсэн хүнээ гаргачихаж байна уу? Гарахад амархан байсан уу? Би болохоор АХБ-ны шугамаар Монголд туслах зорилготой ирсэн юм болов уу гэж ойлгож байсан минь үгүй байжээ. Гэнэт яагаад огцом шийдвэр гаргав?

Б.Б: Миний хийдэг ажил цахилгаан станц, дамжуулах сүлжээ, түгээх сүлжээ, үр ашигтай эрчим хүчний төслүүдийг концепциэс нь авахуулаад боловсруулаад, ТЭЗҮ-г нь хийгээд санхүүжүүлдэг байсан юм. Банкны гол хийдэг ажил нь санхүүжилтийг нь бий болгодог. Үүний хажуугаар эрчим хүчний зохицуулалтын талаар нэлээд ажилласан. Эрчим хүчний зах зээл гэж юу болох талаар нэлээд ойлгосон гэсэн үг. Төв Азийн улсууд болох Монгол, Хятад, Казахстан, Узбекстан гэх мэт улсуудын “Төв Азийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа” гэж хөтөлбөр байдаг. Энэ хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлдэг ба энэ хөтөлбөрийн нэг суурь нь эрчим хүч байсан. Би энэ эрчим хүчний хөтөлбөрийг нь хариуцаж ажиллаж байсан. Энэ хөтөлбөрт төслүүд нь, эрчим хүчний зохицуулалт, зах зээлийн моделиуд нь бүгд багтдаг. Тиймдээ ч Монголын Улсын Эрчим хүчний зохицуулах газартай ойр ажилладаг байсан. Сургалт, семинар, янз бүрийн хурал цуглаан хийдэг. Энэ тэндээс олон улсын мэргэжилтнүүдийг авч ирж хуралдуулдаг. Монголд ч ирж хуралдуулж байсан. Би монгол хүн болохоор Монголдоо аль болох том хурлуудыг зохион байгуулахыг боддог байлаа.
2007 онд байх аа, Монголд нэг хурал зохион байгуулсан. Тэгсэн Салхитын цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил эхэлж байна гэсэн мэдээлэл өгөөд, гэрээгээ зурсан гэж ярьж байсан юм. Тэгэхээр нь би энэ тухай хоёр гурван жил энэ тэнд ярьж явахгүй юу. Цаана чинь монголчууд хүртэл салхин цахилгаан станц барьж байна. Та нар тэр системээ бэлд, ийм өөрчлөлт, бодлого, зохицуулалтаа, тарифаа ингэж зохицуулах хэрэгтэй гээд сэргээгдэх эрчим хүч ирээдүйд шаардлагатай гээд хоёр гурван жил явсан газар бүрнээ ярьж, мэргэжлийн зөвлөгөө өгч явсан.
2010 онд нэг өдөр Манилад байхад над руу тухайн үед “Ньюком”-ын захирал байсан Болд гэдэг залуу “Бид нарт салхин цахилгаан станцын төсөл байгаа, чи мэдэх үү” гээд ярьсан юм. Би “Наад төсөл чинь дуусаагүй юм уу” гээд гайхтал “Үгүй ээ, болоогүй. Чи үүнийг сонирхохгүй биз” гээд. Тэгэхээр нь очиж сонирхоод, Монголд ирээд Салхитын уул дээр нь очиж хүртэл үзсэн юм. Салхитын уулан дээр гараад нүдээ аниад төсөөлж байгаа юм л даа. Ерөнхий концепц нь ийм байж болох юм байна, дэд бүтцүүд нь ингэж бүрэлдэж байна гээд л. Тэгээд л хамт явсан хүнтэйгээ энэ төслийг болохоор юм байна шүү гэж ярилцсан. Тэртэй тэргүй өөр газар адилхан ажил л хийж байсан. Узбекстан, Казахстанд очоод салхин цахилгаан станцын ажил хийж байсан. Яг энэ ажлаа Монголдоо ирээд хийе гэж бодсон. Тэр үед Монголд Оюутолгойн гэрээ зурагдчихсан, тэсрэх гээд яг л гоё болж байсан үе. Тэгээд ер нь энийг бариад хийчихье гэж бодсон. Ирээд бизнес концепцио аваад, ТЭЗҮ-гээ хийгээд, санхүүжилтээ босгоод л ажилласан даа.

В.Г: Одоо 100 хувь дуусчихсан биз дээ?

Б.Б: Тийм ээ. Гол нь энэ ажилд “Ньюком” компанид энэ төслийг гэх чин сэтгэл нь байсан. Энэ сэтгэл дээр туршлага, мэдлэг нэмэгдээд амжилттай болсон гэж боддог. Тэгээд ч Монголын том групп компани энэхүү томоохон бүтээн байгуулалтын ард зогсож байсан тул хөрөнгө мөнгө босгох ажил боломжийн байсан.

В.Г: Энэ төсөл чинь таныг ирэхээс өмнө эхэлсэн юм байна. Би таны эхлүүлсэн төсөл гэж ойлгоод яваад байсан юм?

Б.Б: Би концепци байх үед нь ирсэн.

В.Г: Өмнө нь хөрөнгө оруулагчид нь энэ төслийг хийнэ гээд шийдчихсэн байжээ?

Б.Б: Тийм тийм. Олон жилийн өмнө суурь судалгааг нь хийчихсэн байсан. Ийм түвшинд байхад нь би авсан. Салхитад анх очиход хэмжих аппарат тавьчихсан байсныг санадаг юм. Уулын доор машинаас буухад ямар ч салхигүй байхад нь их гайхаж билээ. Энэ ч дээ, хэцүүхэн л юм гэж бодож байлаа. Уул өөд өгсөхөд нэлээд их салхилж эхэлсэн. “Аа за за” л гэж бодсон. Тэгээд л энэ эхэлсэн байсан ажлыг үргэлжлүүлж бүх юмыг нь хийгээд дуусгасан.

В.Г: Дараа нь удалгүй “Ньюком” группийн гүйцэтгэх захирал болсон байх. Хэдий хэр хугацааны дараа гүйцэтгэх захирал болсон бэ?

Б.Б: 2010 онд ороод 2011 оны сүүлчээр байх аа. Салхитын санхүүжилтыг нь босгоод, барилгын ажлыг нь эхлүүлээд бүх юм нь жин тан болоод. Яг тухайн үед ТЭЦ 5 гэсэн том төслийг барьж авах гээд багагүй ажилласан.

В.Г: “Ньюком”-д нийтдээ гурван жил орчим болжээ?

Б.Б: Тийм ээ. Ямартаа ч Монголд ирээд цахилгаан станц барина аа гэсэн зорилготой байсан. Түүнийхээ дараа дахиад нэг цахилгаан станц барина гэсэн зорилготой бас байсан. Энэ зорилгоо одоо харвал манай эрчим хүчний зах зээл гэдэг бол миний бодлоор хамгийн өрсөлдөх чадвартай байж болохуйц салбар юм. Уул уурхай бол ойлгомжтой. Оюутолгойн зэс, Эрдэнэтийн зэс, Тавантолгойн нүүрс гээд хүн болгон мэддэг болсон. Тэрийг авах гэсэн худалдан авагчид нь бэлэн байж байдаг. Энэхүү уул уурхайн салбарыг “солонгоруулах” хамгийн ойрхон салбар нь эрчим хүч гэдэг. Бид нар ч тухайн үедээ нэг хэллэг гаргаж байсан юм. “Эрчим хүчний диваажин” гээд. Ерөнхийлөгчийн тамгын газрын Цагаан гуай анх хэлсэн байх даа. Нүдээ аниад бодохоор боломжтой санагддаг юм. Жишээ нь, 10, 15 жилийн дараа бид нар, салхи, нүүрс, хийгээр ажилладаг том том цахилгаан станцуудыг Монголдоо байгуулаад эрчим хүчээ бүс нутагтаа экспортолдог болно гэж.

В.Г: Далай доогуур кабель татаад Япон руу гаргана гэсэн нь та хэдийн яриад байдаг зүйл билүү? Азийн супер юу билээ?

Б.Б: Тийм тийм. Азийн супер сүлжээ. Тэр санаа чинь ерөөсөө бүс нутгийн зах зээлийг бий болгож байгаа хэрэг юм. Би дотроо тооцоо хийж үзэхээр нэлээд гайгүй харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, өнөөдөр бид нар нүүрсээ ухаад төмөр зам дээр ачаад зарах нь нэг хэрэг. Харин эрчим хүчний нүүрсээ яах вэ гэдэг асуудал байна шүү дээ. Дээрээс нь нар, салхины энэ боломжоо яах вэ гэдэгэ асуулт гардаг. Цахилгаан станц бол батлагдсан технологи шүү дээ. Бараг улс болгон бариад үзчихсэн шүү дээ. Сүүлийн үед цахилгаан станц барих технологи улам үр ашигтай, цэвэрхэн, илүү чанартай, аюулгүй болж байгаа. Тийм станцуудыг Монголд байгуулаад тэгээд л цахилгааны шугамаар нүүрсээ заръя л гэсэн санаа шүү дээ.

В.Г: Одоо энэ концепцийн статус ямар байгаа бол? Төрийн зүгээс Цагаан зөвлөх ерөнхийдөө дэмжсэн юм байна, тийм үү?

Б.Б: Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орчихсон байгаа шүү дээ. Эрчим хүчний экспортлогч улс болно оо гээд. Бид нар экспортоо нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэг нь эдийн засгийн нөхцөл байдлаас ч харагдаж байна. Үүний тулд дэлхийд, бүс нутагтаа өрсөлдөж чадах бүтээгдэхүүнээ экспортолж байж л валют нь орж ирнэ. Тэрний нэг хэсэг бол эрчим хүч. Дээрээс нь занар, нүүрсийг хийжүүлэх нь эрчим хүчний нэг хэлбэр юм. Эрчим хүчний экспортоо эрчим хүч түгээгч болчих юм бол бид нар хүний эрхшээлд байдаг биш бусад хүний байнга хэрэглэдэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг болно. Энэ нөхцөлд зах зээлд үнэ дээшээ доошоо болж хэлбэлзэх үед ч бид тогтвортой бизнестэй байх болно гэсэн үг. Жишээлбэл, бид хэн нэг хүн, байгууллага, улстай цахилгаан нийлүүлэх гэрээ хийчих л юм бол тэдгээр маань цахилгаанаа авсаар л байх болно. Гучин жил ч авна. Өөрөөр хэлбэл маш тогтвортой бизнес гэсэн үг.
Яахав, зэс, коксжих нүүрс, уул уурхайн бүтээгдэхүүнүүд эдийн засгаа дагаж явж байна. Цахилгаан эрчим хүч, бензин бол эдийн засгаа дагуулж явдаг. Яг хүнд хэрэгтэй юмыг үйлдвэрлээд байх юм бол болж байна. Хүнд хэрэггүй юм үйлдвэрлэх гээд хэчнээн гоё санаа гаргаад явахгүй байна шүү дээ. Харин хүнд хэрэгцээтэй зүйлсийг бусадтай өрсөлдөхүйц үнээр үйлдвэрлэхээр болоод байгаа. Ингээд тооцоод үзэхээр том хэмжээний цахилгаан станцыг Монголд баривал цахилгааны үнэ нь буурна. Тэгвэл бид нар Азийн зах зээл рүү, хамгийн түрүүнд Хятад руу зарна. Хятадын том даргын айлчлал гээд энэ талаар нэлээд ажлууд хийгдэж байгаа. Ер нь бол зах зээлийг нь нээж өгч байгаа.
Өнөөдөр бид хомсдолд байна гээд суугаад байх шаардлагагүй. Хомсдолд байгаа юм чинь тэрнээсээ гарна шүү дээ. Гарах төслүүд нь хэрэгжээд явж байгаа. Маргаашийнхаа ажлыг өнөөдрөөс эхлэхгүй бол болохгүй. Том том цахилгаан станц барих, худалдаа хийх энэ бүх юманд нэлээд цаг хугацаа ордог. Бас л нөгөө капитализмыг алгасч болдоггүй тийм процесс учраас одооноос эхлэх шаардлагатай. Ингэж ажиллаж чадвал арван жилийн дараа эрчим хүчний экспортлогч болчихсон байх болно. Энэ нь олон ажлын байр бий болгоно. Орлого нь тогтмол орж ирдэг болно.

Өнөөдрийн энэ монгол стандартыг олон улсын стандартад хүргэж байж Монгол Улсын зах зээл дээр өрсөлдөх чадвартай болно.

В.Г: Монголын тэргүүлэх группт 3 жил гаран ажиллаж байгаад хувийн бизнесээ эхлүүлсэн сураг дуулдсан. Nova Terra гээд компанийн нэрний утга учир нь юу юм? Нууц биш бол ямар баг бүрдүүлэв? Саяны ярьсан эрчим хүчнийхээ том амбицтай төсөл, философио та хэд энэ компаниараа дамжуулж хэрэгжүүлэх гэж байна уу? Үндсэн үйл ажиллагааны чиглэл юу вэ? Хэр амжилттай явж байна?

Б.Б:Nova Terra гэдэг нь латинаар шинэ газар гэсэн үг. Бидний гол хийдэг ажил хамгийн түрүүнд бусдын хооронд гүүр болох ажил юм. Гадаад, дотоодын ялгаагүй. Түрүүний ярьснаар өнөөдрийн энэ монгол стандартыг олон улсын стандартад хүргэж байж Монгол Улсын зах зээл дээр өрсөлдөх чадвартай болно. Үүний тулд бид тэр гүүрээ барих ёстой. Тэр гүүрийг хүн л барина, тэр тусдаа монгол компани л түлхүү барих ёстой.
Ажил үүргийн хувьд эрчим хүчний төслүүдийг түлхүү хөөж байна. Эрчим хүчний төсөлд маш их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулагддаг. Тооцоо судалгаа хамгийн түрүүнд хийгдэх ёстой. Үүнд анхаарлаа хандуулаад явж байна.
Манай хамтрагчид өмнө нь цугтаа ажиллаж байсан, бие биенээ таньж мэддэг улсууд байдаг. Хамгийн чухал нь түрүүний өөрийн чинь хэлсэн итгэл гэдэг зүйл нь бүрэлдчихсэн. Хүмүүс хамтдаа юм бүтээгээд эхлэхээр чинь бие биенээ улам сайн мэддэг болж байна. Энэ хүн энэ ажилд сайн юм байна. Тэгэхээр энэ чиглэлээр бид хамтраад ажиллая гээд сэтгэл шулуудсан улсууд бий.
Жишээ нь, Нэмүүн гэдэг хуулийн мэргэжилтэй хүн байна. Тэр дундаа арилжааны, компанийн хуулиар (Commercial and Corporate Law) нилээд сайн мэргэшсэн. Бид бие биенээ багаасаа мэднэ. Мөн Салхитын төсөл дээр ажиллаж байсан Бурмаа гэдэг бүсгүй байна. “ХААН” банкны захирлаар ажиллаж байсан Петр Морроу бий. Банк санхүүгийн зах зээлийг сайн мэддэг, нэр хүндтэй хүн. Бид хэд нийлээд арай өөр зарчмаар ажиллаад үзье, анхнаасаа хамтраад ажиллая гэж шийдсэн юм.

В.Г: Үүсгэн байгуулагдсанаасаа хойш хийсэн томоохон бизнесийн ажлууд байна уу?

Б.Б: Байгаа. Үйлдвэрийн гэрээ хэлцлүүд, эрчим хүчний төслүүд гээд нэлээд ажлуудын ард гарлаа.

В.Г: Танай оффис хаана вэ?

Б.Б: Гранд оффис”-т байрлаж байна.

В.Г: Дээр таны хэлснээр ганзагын наймаанаас авахуулаад эргэлтийн хөрөнгөтэй болсон, өмч хувьчлалаар түрүүлж мэдээлэлтэй байсан болохоор өмчтэй, объекттой болчихсон нэг үе байна. Дараагийнх нь муугаар хэлэхэд янз бүрийн лиценз эргэлдүүлээд мөнгөтэй болсон хэсэг хүмүүс байна. Одоо эд маань бизнесээ цэгцлэх ажил руугаа орж байгаа харагдах юм. MCS жишээ нь, цөөн, томоохон салбарууд дээр л төвлөрнө гээд зарлачихлаа. Бусад нь “Ньюком”, “Таван богд”, “Шунхлай”, “Бодь”, “Моннис” группуудыг харахаар хэрэгтэй, хэрэггүй юмаа зараад, эсвэл ажилчиддаа хувьчилж өгөөд эхэлж байх шиг. Үүний дараа тэд том бүтээн байгуулалтын төслүүд рүү орох гээд. Энэ нэг хэрэг. Хоёр дахь нь компанийн засаглал  гэдгийг нэлээд чухал зүйл юм болов уу гээд бодоод явж байлаа. Компанийн засаглал нь магадгүй мөсөн уулын орой. Далайн доор байгаа үндсэн хэсэг нь гэр бүлийн засаглал юм болов уу. Компанийг анх “Тамирын голын мөсийг долоох шахам” олж босгосон хүмүүсийн дийлэнх нь магадгүй тав, арван жилийн дараа эхнээсээ тэтгэвэртээ гарах нас нь болчихсон. Өв залгамжлагч хүүхдүүд нь эрийн цээнд хүрчихсэн, гадаад дотоодод сургууль төгсчихсөн яг л нэг үеийн шилжилт маягийн зүйл явагдах гээд байна. Гэр бүлийн гишүүдийн харилцаа, комплексээсээ болоод салаад, компаниа хуваагаад шүүх цагдаагаар ч хүртэл явж байсан тохиолдол дуулдаж байдаг. Та том компанийн менежер хийж байсан, одоо хувийн компаниа ажлуулаад явж байгаа, мөн АХБ зэрэг олон улсын өндөр зэрэглэлийн засаглалтай компанид ажиллаж байсан хүний хувьд ойрын 5-10 жилд Монголын томоохон групп компаниуд, гэр бүлийн эзэмшлийн компаниудын трэнд чиглэлийг юу гэж харж байна вэ?

Б.Б: Нэлээд сайн анхаарал хандуулж, үндсэн салбаруудаа тодорхойлж төвлөрөх хэрэгтэй болов уу. Нэг үеэ бодвол бид бараг бүх зүйлсийг хийдэг болсон. Бизнесийн диверсификацийг хэт их хийсэн. Одоо энэ зүйлсээ хумиж байгаа нь зүй ёсны хэрэг л дээ. Ер нь үйл ажиллагаа нь жигдэрсэн, тодорхой болсон компаниудаа нээлттэй болгох чиглэл рүү орох байлгүй дээ. Үнэхээр бизнесээ тэлье гэж байгаа бол зарим компаниудаа нээлттэй болгож хөрөнгийн бирж дээр гаргах тал руугаа явах байх.

В.Г: Тэгэхээр листэд болно гэдэг чинь хөрөнгийн биржийн шаардлага гараад ирлээ, яалт ч үгүй засаглал гээд?

Б.Б: Одоо бидний нүдэнд арвин туршлага харагдаж байна. Хорин хэдэн жилийн өмнө огт хувийн хэвшил байдаггүй байсан бол одоо том компаниуд гараад ирчихсэн. Одоо бид бизнесийн гэрээгээ сайн хийж сурах хэрэгтэй. Гэрээгээ стандартын дагуу хийчихвэл таван жилийн дараа хоёулаа маргахгүй. Анхнаасаа л хоёулаа ийм дүрмээр тоглоно гээд гар хөлөө барьчихсан бол үүгээрээ л тоглоё гэнэ. Бидний хийдэг ажил Монголд байгаа бизнесийн концепци төслийг жинхэнэ бизнес болгоод, үйлдвэр, станц болгоод ажиллуулах юм. Энэ процес дотор засаглал маш чухал. Үүнийг хэрхэн зохицуулах вэ гэхээр явж явж гэрээгээр л зохицуулдаг. Тэр гэрээндээ талууд нь ямар үүрэг хариуцлага хүлээхийг нь маш тодорхой, нарийн заагаад өгчихвөл цаашдаа асуудал гарахгүй болов уу. Гэхдээ аливаа бизнес чинь хүний харилцаа учраас янз бүрийн юм болох байх л даа. Энэ чинь хаана ч болж байдаг үйл явц шүү дээ. Дээхнэ нэг хүн хэлж байсан юм. Гэр бүлийн компаниудын хөгжлийг харахаар Америк, Европт тодорхой үе нь өнгөрөөд явчихсан, өнөөдөр нэлээд өөр болчихсон. Ази тал руугаа харвал арай нэг өөр дүр зураг байна. Гэр бүлийн компаниудад зөвлөгөө өгдөг Хонконгийн фирмтэй уулзаж байхад It takes 23 years to earn family company’s trust for hired CEO’s but unfortunately everyone leaves in the year 22 буюу эзний гэр бүлийн бус хүрээнээс тавигдсан гадны гүйцэтгэх захирлуудын хувьд өмчийн эздийн итгэлийг олоход 23 жил шаардагддаг. Харамсалтай нь хөлсөөр ажиллаж буй бүх гүйцэтгэх захирлууд яг 22 дахь жил дээрээ уг компанийг орхидог гэж хэлж байсан юм. Хонконгийн компаниуд яг нэг үе солигдоод явж байна. Тэгэхээр хийж байгаа ажилдаа шаардлагатай чадвартай хүнээ цуглуулаад, түүнийгээ үнэлээд явдаг зам улам тодорхой болоод байна. Өөрөөр хэлбэл, бид хүнийг сайн үнэлж сурах хэрэгтэй. Заримдаа хүнээ үнэлэхээ мартчихдаг. Хүн үнэлж чадна гэдэг бол маш чухал. Миний бизнесийн зарчим бол энэ бүхний хараад суралцаж байгаа учир бид хамгийн түрүүнд хүнээ үнэлэх ёстой. Зөв сайн хүнээсээ эхлэх хэрэгтэй.

В.Г: Ажлын хажуугаар хувийн амьдрал гэж хүн болгонд байна. Чөлөөт цагаараа юу хийх сонирхолтой вэ? Миний мэдэхээр Өмнөд Африкийн нэрэмжит консул, за тэгээд төмөр өргөдөг юм шиг байгаа юм. Өөр янз бүрийн цол гуншин юу байна? ВСМ (Business Council of Mongolia) гээд байна. Эд нартай яаж холбогдов? Энэ олон ажлууд дундаас цагаа яаж зохицуулж байна? Сайн дурын ажил гэдэг чинь ёстой хувь хүн, нийгмийн хариуцлага болчихоод байгаа. Үүнд хэр зэрэг ач холбогдол өгдөг вэ?

Б.Б: Сүүлийн үед улам л их цаг зараад байна. Нэг талдаа орчин нь сайн, хүн нь сайн байвал бизнес илүү амжилттай явна гэдэг “гэнэн” бодол тээж байна. Монголын Бизнесийн зөвлөл гээд  250 компанийн нэгдэл байна. Гол нь хоорондоо мэдээлэл солилцдог, шаардлагатай үед дуу хоолойгоо нэгтгэдэг. Энэ байгууллагын ТУЗ-ын дарга гэдэг гуншинтай. Дээрээс нь “Монголын эдийн засаг” гэдэг сэтгүүлийн зөвлөлд байдаг. Эдийн засгийн асуудлаар мэдээлэл солилцох, авах үүднээс оролцоод явдаг. Улстөрч ч бай, эдийн засагч ч бай, энгийн иргэн ч бай мэдээлэлтэй хүн зөв шийдвэр гаргадаг шүү дээ. Мөн сүүлийн үед Байт сурийн холбооны үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй болсон. Охидуудаа энэ спортоор хичээллүүлье гэсэн бодол бий.

В.Г: Өмнөд Африктай хэрхэн холбогдсон бэ?

Б.Б: Элчин сайд нь гурав, дөрвөн жилийн өмнө Монгол Улсад айлчлахдаа бизнесийн улсуудтай уулзсан юм. Бид оройн зоог бариад, янз янзын асуудал ярилцсан. Тухайн үед намайг “Та ийм ажил сонирхож байна уу” гээд хүсэлт тавихаар нь “Би эхлээд судалъя” гэсэн. Тэгээд зүгээр ч юм шиг санагдсан. Гол нь би Өмнөд Африкийг яагаад сонирхсон юм бэ гэхээр хоёр гурван шалтгаан бий. Нэгт, Нельсон Манделатай нэг удаа уулзчих юмсан гэж бодож байсан. Тухайн үед амьд сэрүүн байсан шүү дээ. Хоёрдугаарт уул уурхай. Нүүрсийг боловсруулах, нүүрс химийн үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлсэн туршлага байгаа. Тэрийг цаашдаа бизнестээ хэрэг болох юм байна гэж бодсон. Нөгөө тал нь манай аав, ээж намайг олон улсын харилцаа, дипломат чиглэлээр ажиллана гэж боддог байсан болов уу, бага байхаас л. Тэр хүслээ бас давхар бодолцсон. Өнгөрсөн жил Өмнөд Африкийн дэд ерөнхийлөгч Монголд айлчиллаа. Мөн саяхан Бээжинд суудаг элчин сайд нь Монголд ирж ажилласан.

В.Г: Мөн Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа хэвээрээ юу?

Б.Б: Хэвээрээ.

Гэхдээ зөв хүмүүс нь ороход тэр замыг бид нар бүрэлдүүлж өгөх ёстой.

В.Г: Улс төрийн ореантаци юу билээ? Аль нэг намын гишүүн үү?

Б.Б: Ардчилсан намын гишүүн.

В.Г: Үндэсний зөвлөлдөх хороонд нь байдаг уу?

Б.Б: Үгүй ээ. Миний хувьд нам гишүүнчлэлтэй байхыг буруу гэж үздэг. “Registered democrat, registered republican гэдэг маягийн байвал зүгээр юм болов уу гэж боддог. Гэхдээ аливаа эдийн засгийн бодлогод санал хэлэх тийм эрх юм байх ёстой байлгүй яахав. Нөгөө процесс маань л яваад буй хэрэг гэж ойлгоод байгаа. Дахиад л харахад хүнтэйгээ л холбоотой байхгүй юу. Улс төрийн байгууламжууд нь байна. Мэдээж системд нь доголдол байгаа болов уу. Гэхдээ зөв хүмүүс нь ороход тэр замыг бид нар бүрэлдүүлж өгөх ёстой.

В.Г: Алдарт “ЭЗЭН-100” хөтөлбөр энэ долоо хоногт дуусч байна уу? Та энэ 100 хоногийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаад байгаа. Үүнд ажиллахад манай шийдвэр гаргагчид санал тавьсан болов уу гэж би ойлгож байгаа. Энэ саналыг шууд хүлээн авсан уу? Ард түмний дунд 100 хоногийн хүлээлт байна. Анх зорьсон зорилтоо биелүүлсэн гэж үзэж байна уу?

Б.Б: Ноднин арваннэгдүгээр сард билүү дээ, “Ухаалаг төр” гэдэг санаачилга эхэлсэн. Түүнд нэг ийм ойлголт байгаа. Улс төрийн болоод эдийн засгийн шийдвэр гаргах процесст аль болох олон хүн оролцох юм бол гарсан шийдвэр нь өөрөө илүү дүр дүнтэй байна гэсэн ойлголт бий. “Inclusive Economic Institution” гээд. Үүнийг бүрэлдүүлэхийн тулд бид өөрсдөө зүтгэх ёстой. Зүгээр суучихаад “энэ ч болохгүй байна, тэр ч болохгүй байна” гээд байх амархан шүү дээ. Гэхдээ чиний амьдралд нөлөөлөх шийдвэрийг өөр хүмүүс гаргаад, тэр нь чамд муугаар тусаад байвал утгагүй байгаа биз дээ? Тэр процесст өөрөө оролцъё. Тэр тусмаа татвар төлдөг буюу бизнес эрхлэгчид түлхүү оролцвол гаргаж байгаа шийдвэр нь илүү үр дүнтэй юм. Тэгэхгүй бол хараад байсан чинь юу болсон гэхээр ихэнх эдийн засгийн бодлого, хууль эрх зүйн орчны шийдвэрүүдийг хэзээ ч бизнес эрхэлж үзээгүй, бүр тухайн хүний суурь нь 1990-ээд оноос өмнө тавигдсан хүн хууль бичээд суувал тэр хүн асуудалд ямар өнцгөөс хандаж байна гэхээр бүх юмыг төр шийднэ гэсэн өнцгөөс хандаад байдаг юм байна. Бид ямар нийгэмд амьдарч байгаад ямар нийгэмд ирсэн билээ дээ?Guilty until proven innocent буюу гэм буруугүй нь батлагдаагүй л бол гэм буруутай гэдэг зарчмаар бид амьдарч байсан. Эрхзүйн орчин, нийгэм нь ч тийм байсан. Одоо бол эсрэгээрээ “Innocent until proven guilty” буюу гэм буруутай нь нотлогдоогүй л бол гэм буруугүй. Энэ хоёрын хооронд асар том зөрүү байгаа. Манай аав ээж жишээ нь хууль бич гэхэд тухайн үеийн сэтгэхүй хандлагаар л бичнэ. Хууль бичдэг зарим хүмүүс маань гадны дотны зөвлөх ашиглан бичихээр заримдаа уг хуулийнхаа яг мөн чанарыг бас бүрэн ойлгож чаддаггүй. Жишээ нь татварын систем ч гэдэг юм уу. Үүнийг өөрчлөх цаг нь болж байгаа гэж харж байгаа.
Өнөөдөр шинэ үе гараад ирчихсэн. 1990 оноос хойш төрсөн, тэр үед хоёр настай байсан коммунизм гэдгийг мэддэггүй энэ хүмүүс нэг том үеийн өөрчлөлтөд орж байгаа. Энэ процесст бид өөрсдөө идэвхтэй оролцъё. Эдийн засгийн шийдвэрээ гаргах юм бол гарсан шийдвэрт нь дургүйцэх биш шийдвэр гаргах процесст нь оролцох хэрэгтэй. Засгийн газраас энэ боломжийг нь нээж өгч байгаа нь маш чухал юм яг мөн чанарыг нь харвал. Том компаниудын захирлуудын хувьд энэ процесийг “Тэгж л байдаг юм.  Хэрэгтэй үедээ сонсчихоод, сонгуулийн үеэр хандиваа өгчихдөг хэрэгтэй хүндээ. Бид өөрсдөө шаардлагатай лоббигоо тэрэнтэй тэргүй хийчихдэг” гэж үздэг юм шиг байгаа юм. Шийдвэр гардаг үйл ажиллагаанд татвар төлдөг хүн, татвар хураадаг хүн өөд өөдөөсөө харж байгаад асуудлуудаа ярилцаад, тодорхой ойлголтын зөрүүгээ арилгахаар шийдвэр гаргагч нь эрүүл шийдвэр гаргах боломжтой болж байгаа юм.

В.Г: 100 хоногийн хүрээнд хийсэн хамгийн том бодитой ажил гэвэл юуг хэлэх вэ?

Б.Б: Хамгийн түрүүнд энэ механизмын эхлэлийг тавьсан. Ерөнхий сайдтай тохирсноор энийг байнга байлгана. Энэ зөвлөл 100 хоногт дуусчихгүй үргэлжлээд явна. Үүнд мэргэжлийн холбоод нь хүрч ирээд өөрсдийн санаагаа танилцуулаад, шийдэл болгоод, засаг төрөөс гардаг шийдвэр, процессыг нь эхлүүлээд хамтраад явдаг байна. Тэр талаас нь маш зөв гэж харж байна.

В.Г: Анх 100 хоногийн зарлахад хүмүүсийн хүлээлт маш өндөр байсан. Мөн үүнийг далимдуулж нөгөө талд “оноо авах” гэсэн хүмүүс ч байгаа. Эдийн засаг чинь сэргэсэнгүй, долларын ханшийг хар. Хэн хариуцлага хүлээх вэ гэх зэргийн мессэж явах гээд байна. Үүнд энэ хөтөлбөрийн зорилго нь юу байсан юм бэ? Одоо хариуцлага гээд яриад эхлэхээр ямар тайлбар хийсэн нь дээр вэ, олон нийтэд?

Б.Б: Мэдэхгүй асуулт юм даа. Улс төрийн тайлбарууд нь хийгдэх байх. Би сайн дурынхаа ажлын хүрээнд энэ зөвлөлийн нарийн бичиг гэж ажиллаж байна. Бидний хувьд эдийн засгийн зөвлөлийн хүрээнд Монголын 180 гаруй компанитай уулзлаа. Тэдгээр хүмүүсээс “Бизнесийн орчноо яаж сайжруулах вэ?” гэж хамгийн түрүүнд асуухад “Том төслүүдээ хурдан явуулъя, тэр дундаа Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилтийг хурдан оруулж ирье, бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлцгээе. Сүүлийн дөрвөн жил Оюутолгойн үзүүлэх нөлөө их байсан юм. Үүнийгээ үргэлжлүүье” гэж байна лээ. Сая бизнесийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулах үеэр ДЦС-5 төслийн концессын гэрээг зуруулаад одоо ингээд ажил нь явж байна. 1.3 тэрбум ам.долларын бодит хөрөнгө оруулалт Монголд орж ирэхээр болсон. Цаана нь дахиад дөрвөн том концессын гэрээ зурагдсан. Нийт хэмжээ нь том юм билээ. Өнөөдөр бидэнд юу хэрэгтэй вэ гэхээр нэг талаар экспортоо нэмэгдүүлээд валютынхаа орлогыг нэмэх, нөгөө талаар хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байж ам.доллар ба төгрөгийн харьцах ханшийг тодорхой түвшинд барина. Гэтэл экспортын орлого, гадаадын хөрөнгө оруулалт багасахаар ам.долларын ханш нэмэгдээд байгаа. Энэ нь эдийн засгийн болохгүй байгаагийн шинж тэмдэг юм.
Орж ихэр хөрөнгө оруулалтаа яаж нэмэгдүүлэх гэхээр бэлэн төслүүд байж гэмээнэ хүмүүс мөнгөө оруулна шүү дээ. Өнөөдөр бэлэн байгаа гурван том төсөл байгаа. Оюутолгой, Тавантолгойн төслүүд, эрчим хүчний хоёр том цахилгаан станцын төслүүд хэлэлцээрийн шатандаа явж байна. Энэ нь Тавантолгойнх, ДЦС-5-ынх юм. Нэгний гэрээ нь дөнгөж сая зурагдлаа. 900 мегаваттын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх төслүүд зэрэг явж байна. Дээрээс нь төмөр замын төслүүд байгаа. Эд нарыг дагаж ажлын байр бий болж, орлого нэмэгдэнэ шүү дээ. Бид энэ талаар ихээхэн анхаарал хандуулсан. Хэрхэн гаднаас хөрөнгө мөнгө орж ирэх тэр урсгалыг нэмэгдүүлэх вэ? Бид нэг том алдаа гаргачихсан. Тэр нь хөрөнгө оруулагчдын итгэл гэдэг юмыг алдчихсан. Итгэл гэдэг юм маань үнэндээ бидний сүүлийн 25 жил хийсэн хөдөлмөр байхгүй юу. Энэ чинь явсаар байгаа Монголын эдийн засгийн өсөлттэй шууд уялдаатай шүү дээ. Арай гэж гайгүй болж ирж байсан үед итгэлийг хэдхэн сарын дотор алдаж болдог юм байна. Стратегийн хөрөнгө оруулалтын гэх тэнэг хууль гаргачихсан. Уг нь гаргаж байгаа санаа нь зөв байх. Гэвч үүнийгээ маш буруу процессоор явуулчихсан чинь “муу хууль” гэдэг нэртэй болчихсон.
Зах зээл чинь өөрөө толь шүү дээ. Бүх юмыг эргээд харуулчихаж байгаа юм. Тэр хуулийг сайн эсвэл муу гэдгийг хуульчид дүгнэдэг бол өөр хэрэг. Тэгэхгүй бол нэг муу зүйл явж байна гэвэл ингээд явчихдаг. Жишээлбэл, ДЦС-5-ын концессын гэрээ зурагдлаа гэхэд эрчим хүчний салбарт маш эерэг мэдээ болно. Үүнд хөрөнгө оруулдаг компаниуд дэлхийд маш цөөхөн шүү дээ. Тэгэхээр Монголд гэрэл асаад эхэлж байгаа юм. Сая Японтой зурна гэж тохирсон EPA гэрээгээр яг ийм эерэг сигнал явсан.  Энэ бол зүгээр уг гэрээ зурагдана гэдэг нь мэдээ явсан шүү дээ. Одоо бол бид хандлагаа засах ажлууд хийгээд явж байна гэж харж байгаа. Одоо бол гол нь төслүүд. Төсөлтэй байж ажил явагдана. Сая Кувейтынхан ирээд ярьж байна шүү дээ. “Монголчуудаа, бид арав гарай жил танай ерөнхийлөгч болгонтой уулзахаар Монголд хөрөнгө оруулаач ээ гэдэг. Төслүүдээ аваад ир гэхээр нэг ч төсөл авч ирдэггүй шүү дээ” гээд.

В.Г: Бямбасайхан 100 хоногоо амжилттай давбал Эдийн засаг хөгжлийн сайд болох гэнэ гэсэн шуум хэвлэлээр гарсан байсан. Ямар учраас ийм яриа гараад байгаа юм бэ? Мөн Ардчилсан намын гишүүн юм байна. Ирэх таван жилийн улс төр, бизнес, хувийн төлөвлөгөө юу юм бэ, карьераа юу гэж харж байна вэ?

Б.Б: Бизнесийн орчин, дэд бүтцийн том төслүүд дээр ажиллана гэж бодож байна. Гол нь мэддэг чаддаг юмаа хийе. Багахан шиг туршлага байгаа. Энэ нь ямар ч байсан үйлдвэр, цахилгаан станц, том юмыг бий болгох тэр процессыг жоохон ч гэсэн ойлгож эхэлсэн байгаа. Тэрийгээ амьдрал  дээр хэрэгжүүлье. Ойрын ирээдүйд Монголд цахилгаан станц, үйлдвэр, зам баригдана. Дэд бүтэц, эрчим хүчний салбарт байнга бүтээн байгуулалт явагдана. Үүнд монголчууд өөрсдөө процессдоо илүүтэй идэвхтэй оролцдог болно. Жинхэнэ контент талаас нь оролцох ёстой. Хөрөнгө оруулалт, төслийн удирдлага бүх юмаа өөрсдөө хийдэг болох зорилго байх ёстой. Ер нь дунд урт хугацаанд эрчим хүчний салбар нь Монголын эдийн засгийн хоёр дахь том салбар болох байх. Би бодохдоо хөдөө аж ахуйгаасаа түрүүлнэ гэж бодож байгаа. Ноос ноолуур биш, мах нь биш. Харин эрчим хүчний салбар л хөгжлийн хоёр дахь шатыг авчрах болов уу. Энэ талаар нэгдсэн бодлоготой, зорилготой болох хэрэгтэй байна. Би үүнд ажиллана гэж бодож байна.

Бүх шийдвэр чиний сайн сайхны төлөө гарахгүй шүү дээ.

В.Г: Төрийн аль нэг шатны, шийдвэр гаргадаг хүмүүс таны туршлага мэдлэгийг үнэлээд төрийн аль нэг шийдвэр гаргах албан тушаалд ирээч гэвэл тэр саналыг хүлээж авах уу?

Б.Б: Ёстой мэдэхгүй байна. Энэ талаар боддоггүй. Улс төрийн амьдрал бол уг нь бол процесс нь бид төлөөллөө сонгосон. Тэд л ажлаа хийх ёстой байх л даа. Тэдний зорилго бол макро эдийн засгийн орчин, хууль эрх зүйн орчин, эрүүл саруул амьдрах орчныг бүрэлдүүлж өгөх юм. Бизнесээ хийж байгаа хүмүүс нь бүтээн байгуулалтын ажилдаа оролцоод, ажлын байраа бий болгоод явах юм.  Саяны үйл явдлуудаар “Inclusive decision making буюу хүртээмжтэй шийдвэр гаргалт гэдэг зүйл зайлшгүй шаардлагатай нь харагдаж байна.
Дандаа улстөрчид эдийн засгийн шийдвэр гаргаад байвал өөрөө бизнес хийж үзээгүй хүн асуудлаа нөгөө талаас нь л харна. Тэгэхээр ирээдүйгээ сайхан болгохын тулд хүртээмжтэй шийдвэр гаргах үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. Өнөөдөр хүн болгон өмнөх ажлуудаа хийгээд явбал бүгдээрээ л адилхан завгүй хүмүүс. Цаг өөрөө хомс зүйл тул цагаа өөрсдөө зөв удирдаж зохицуулах ёстой. Цагийн удирдлагаас гадна ажлын бүтээмж маш чухал. Чамд үнэхээр хамаатай шийдвэр гарах гээд байгаа бол тэрэнд чи оролцох ёстой. Бүх шийдвэр чиний сайн сайхны төлөө гарахгүй шүү дээ.  
В.Г: Саяхан та YGL буюу Дэлхийнзалуу удирдагчаар шалгарсан. Бүрэн эрхийнхээ ирэх 6 жилд өөртөө болон Монголдоо юу бүтээж, нааж авна гэж бодож байна?

Б.Б: Мэдээж хэрэг тэр сүлжээ, бизнес, улстөр, ниймгийн тэр том платформын ач холбогдлыг маш сайн ойлгож байгаа. Би л өөрөө идэвхтэй байж тэндээс юмаа гаргаж авах байх. Тэрийгээ сүүлийн үед анхаарч бас ажиллаж чадахгүй байгаа. Ер нь бид нар Монголын залуус олон улсын янз янзын талбарт хамрагддаг боллоо. Арван жилийн өмнө ийм боломж байсангүй, маш цөөн боломжууд л байсан байх. Одоо бол бид нар өөрсдөө бор зүрхээрээ гэх нь ч хаашаа юм, өөрсдөө явж байгаад, эсвэл өөр хүн чамайг нэг зүйлд уриалдаг. Зүтгэсээр байгаад нэг зүйлд хүрдэг. Энэ бол маш том прогресс. Энэ чинь нөгөө хорин таван жилийн хөдөлмөр байхгүй юу. Бид бүгд духан дээрээ Монгол гэдэг тамгатай байгаа. Улам сайн хөдөлмөрлөх ёстой. Үүнээс цааш явах ёстой. Ийм зүйлд орж чадаж байгаа бол өөрөө л сайн ажиллаж хүрээгээ тэлж, үнэ цэнээ бий болгох хэрэгтэй.

В.Г: Таны сүүлийн хэдэн жил ажиллаж байсан ажлын цар хүрээнд Дэлхийн эдийн засгийн форумын үйл ажиллагаа багагүй уялдаатай байсан бололтой байсан юм билээ. Би яагаад ингэж бодсон бэ гэхээр Дэлхийн эдийн засгийн форумын “Twitter” хаягаар танд тусгайлан баяр хүргэсэн байсан?

Б.Б: Энэ чинь дахиад л хүн хоорондын харилцаа. Одоо бид нэг зүйл дээр анхааралтай байх хэрэгтэй байна. Тэр асуудал юу вэ гэхээр хэзээ нэгэн цагт нэг хүнийг хулхидчих юм бол дэлхий нөгөө өнцөгт энэ нь мэдэгддэг болчихлоо. Миний өмнө нь арваад жилийн өмнө танилцаж байсан хүмүүс яаж ийгээд л чиний амьдралд эргээд тааралддаг. Ажил хэргийн шугамаар ч тэр, олон нийтийн сүлжээнд ч тэр тааралддаг. Өнөөдрийн энэ нээлттэй орчинд нэг буруу алхах юм бол үр дагавар нь их болсон. Итгэл гэдэг юм чинь олон юмнаас бүрддэг. Тэрийгээ алдахад амархан. Тээр холыг харж амьдрахгүй бол болохгүй болжээ. За би энэ нэг нөхрийг хулхидчихъя гэсэн зах дээр гаргадаг араншингаа гаргах юм бол өнөөгийн бизнесийн орчинд яавч тохирохгүй.

В.Г: Багагүй залуучууд хүн ирээд “Би гадаад сураад ирлээ. Одоо хаана ажиллах вэ” гэж асуудаг. Миний бодлоор дөрвөн сонголт байдаг юм шиг санагддаг. Эхнийх нь төрийн байгууллага, хоёрдугаарт чаддаг л юм бол хувийнхаа бизнесийг эхлүүлэх, гуравдугаарт хэл устай бол түүнийгээ ашиглаад өндөр хангамжтай олон улсын байгууллагуудад ажиллах, эсвэл хувийн том группүүдэд хөлсний менежер хийх. Энд бол карьераа ч хийнэ, бас гайгүй цалин мөнгөтэй. Ийм дөрвөн зүйл байна. Тантай цаг гаруй ярилцахад энэ дөрвөн сонголтыг бүгдийг нь туулжээ. Тө, олон улсын байгууллага, том компанийн гүйцэтгэх захирал, одоо ингээд хувийн юмаа хийгээд явж байна. Тэгэхээр магадгүй эдийн засаг өсч байна, гадаадаас ирэх гээд тандсан залуус байгаа. “Очих уу, байх уу” гээд л. Тэдэнд урам өгсөн, Монголд яагаад ирэх ёстой юм бэ, ирсэн хойноо анхаарах зөвлөгөө маягийн зүйл хэлээч гэвэл?

Б.Б: Хамгийн эхний зүйл бол хүн хариуцлагатай байх ёстой. Эхэлсэн ажлыг дуусгаж чаддаг байх ёстой. Тэгж байж хүнд туршлага гэдэг зүйл бий болдог. Хүн түүнийг номноос олохгүй. Өөрөө тэр замаар гүйж байж олдог. Туршлагыг юугаар ч орлуулж болохгүй. Ер нь хүн их, дээд сургууль төгслөө гэхэд тэндээс юу сурч байна вэ гээд харахаар харилцаа сурч байгаа юм. Их сургуулиас шууд нарийн мэргэжлийн эмч, инженер, менежер төрдөггүй. Хүн хүнтэй харилцаж сурдаг. Тэр бол амьдралын чинь бүх л үеийн чинь хэрэгцээ шаардлага. Харилцаа гэдгийг маш сайн хийж байх хэрэгтэй. Их дээд сургууль төгссөн хүмүүс өөрийгөө бичгээр болон амаар илэрхийлж чаддаг болох нь чухал. Төрийн ч байна уу, ямар ч ажил дээр ажлын эхний жил бусадтай харилцах харьцааг чинь сайжруулж өгдөг. Өөрөөр хэлбэл хүн болгож байна гэсэн үг.

В.Г: Харилцаагаа сайжруулах гэдэгт “хор найруулах”-ыг хэлээгүй биз дээ? (Инээв)

Б.Б: Үгүй дээ (Инээв). Гол нь өөрийнхөө зорилгодоо хүрэхийн тулд зорилгоо хүнд тайлбарлаж ойлгуулах, түүнээсээ ажлаа амжилттай хийгээд тэрнээс чинь тодорхой үр дүн гарна шүү дээ. Тэгэхээр бид дийлэнх тохиолдолд харилцаагаа мартаад бүх юм ганцхан над дээр байгаа, байдаг гэдэг асуудал, цаг үе өнгөрсөн. Том ч бай, жижиг ч бай зүйлийг бид багаар л хийдэг болсон. Өнөөдрийн орчин ч ийм байна, том төслүүд нь ч ийм байхыг шаардаж байна. Багаар ажиллана гэдэг чинь хүмүүстэй харилцах хэрэгтэй. Харилцаа сайн байж гэмээнэ хоёр хүн биедээ итгэдэг болно. Үүнд л анхаарах хэрэгтэй болов уу. Түүнээс биш ирэх, ирэхгүй, хаана ажиллах нь тэр хүний сонголт шүү дээ. Ирэх үү, ирэхгүй юу гэж асууж байгаа хүнд ир гэж хэлнэ. Харин би энд сайхан байна. Ийм байна, тийм байна гэвэл за, ок. Цаг хугацаа явах тусам хүний үнэ цэнэ нэмэгддэг. Өнөөдөр ирэхгүй ч байж болно. Тэгээд маргааш ирдэг. Маргааш чиний үнэ цэнэ нэмэгдсэн л байдаг. Тэгэхээр хүн өөрөө л эрсдэлээ тооцоолох асуудал тулгарч байна гэсэн үг л дээ.

В.Г: Та бизнесийн олон компанийн захирлуудтай уулзаад явдаг. Өөрөө ч дээр дурдсан дөрвөн сонголтыг бүгдийг нь туулаад гарчихсан.  Залуусын асуудал зүйл нь цалин мөнгөний асуудал, бонусын схем байдаг. Би таны цалинг асууж байгаа юм биш шүү. Түрүүний хэлдгээр сэтгэлтэй, тууштай, мэдлэгтэй, туршлагатай дундаж түвшний хүн ирэхэд сарын цалин, үнэлэмж таны бодлоор хэд орчим төгрөг байгаа бол Монголд өдийд?

Б.Б: Гурван жилийн ажлын туршлагатай, сайн сургууль төгссөн, зүтгэе сэтгэлтэй хүнд гурав, дөрвөн сая төгрөг байх байлгүй дээ өнөөдрийн орчинд. Академик туршлага бас чухал шүү. Тэрийг бас шууд үгүйсгэж болохгүй. Учир сургуулийн орчин хувь хүнийг бие хүн болгож, хүмүүжиж, сурч, төлөвших процесст асар чухал үүрэгтэй байдаг шүү.

В.Г: За баярлалаа цаг гарган ярилцлага өгсөнд тань!


Б.Б: Баярлалаа!

https://twitter.com/ganzorigv