Хятад Загвар
Хятадын хувьсгалын дараахан буюу 1912 онд Сун Ят Сэн Америк маягийн ардчилал, засаглалыг хүчтэй шүүмжилж байжээ. Мань эрийн тухайн үед дэвшүүлж байсан нэг санаа нь улстөрд орж ирж буй хүмүүсээс шалгалт авч, тэрхүү шалгалтыг нь давсан хүмүүсээр төрийн эрх бариулах байжээ. Ингээгүйгээс АНУ-ын сенатад ямар их дэмий, хэрэггүй хүмүүс сууж буйг ч мань эр шүүмжилж байв.
Одоо ч гэсэн энэ санаа улс болгоны төр түшилцэж яваа, түшилцэхээр санаархаж буй этгээдүүдийн хооронд ярьдаг яриа болов уу. Ухаан нь алдар нэрээрээ бус үнэ цэнэ, чадал зүтгэлээрээ аливаа хувь хүн төрд үнэлэгдэж, сонгогчдоор хэмжүүлүүлэх ёстой гэсэн санаа. Мерит дээр суурилсан зарчим ч гэж хэлж болох.
Хятадын Цинхуагийн их сургуульд олон жил багшилсан Канадын улс төрийн философич Даниэл Бэл маш сонирхолтой ном гаргажээ. Номын нэр нь “Хятад Загвар” буюу энэхүү мерит дээр суурилсан улстөрийн тухай. Энэхүү номоороо барууны чөлөөт ардчилсан засаглалаас илүүтэйгээр Хятад маягийн меритократ засаглал хэрхэн амжилттай хэрэгжиж буйг батлахын хичээжээ. Гол аргумент нь өнөө цагийн бараг ихэнх улстөрчид одоо буй, өнөөдрөөрөө байгаа сонгогчдын хүсэл шаардлагад нийцүүлж л сонгогдож, тэдний өмнө хариуцлага хүлээдэг. Өнөө цагийн нийт сонгогчдын хэдэн хувь нь бидний ирээдүйг, бидний дараа үеийн ирээдүйг төлөөлж чадах бол?
Тэртээ 100 гаруй жилийн өмнө Сун Ят Сэн барууны маягийн ардчилал нь тэнэг мулгуудуу, хөөрүү онгироо, сагсуу, ойворгон хүмүүс чухал ажилд томилогдох, сонгогдох боломжийг гаргадаг сул талтай юм байна гэж хүчтэй шүүмжилж байжээ. Ийм төрлийн нөхдүүд нийгэмд шийдвэр гаргах түвшинд тодорхой хувиар гараад ирэхэд л улс орон мөхөх эрсдэлтэй хэмээн дүгнэж байжээ.
Хятад загвараар бол төр түшилцэх хүмүүс нь ард нийтээс шууд сонгогдохоос гадна тодорхой хэмжээний шалгалтуудыг өгч, заавал тэнцсэн байх ёстой гэж номлох ажгуу. Түүнчлэн төрд орж л байгаа бол заавал хамгийн доод албан тушаалаас эхэлж, шат бүрээр нь өгсөж явах ёстой аж. Эхний ажил нь хөдөө, орон нутагт байх ёстой гэх мэт. 2009 онд ерөнхий сайдаар томилогдож байсан Батболд албан тушаалаа хүлээн авах үеэрээ “Төрийн жинхэнэ албанд гавъяа зүтгэлийн буюу меритократ тогтолцооны зарчмыг тууштай хэрэгжүүлэх бодит шаардлага байна” гэж хүртэл хэлж байсан байх юм.
Гэхдээ мерит бүхий лидерүүд ч албан тушаалд очихоороо их амархан эвдэрч, өөрчлөгдөх тохиолдол хаа сайгүй бишгүй л байдаг. Тэгэхээр мерит нь өөрөө хувь хүний итгэл үнэмшил, зүтгэл гавъяанаас гадна хувь хүний ёсзүй, этиктэй шууд холбогдох ёстой болов уу.
Хонг Конгийн даргын сонгууль нь нэр бүхий хэдхэн зуун хүнээр л төлөөлүүлэн явагддаг байхад зарим улсад парламентийн 2 танхим байдаг. Төлөөллийн ардчилал, шууд ардчилал гээд л энэ олон ойлголтууд өндөг ба тахианы эхлэл шиг сонирхолтой бас ярвигтай сэдэв бололтой.
Хонг Конгийн даргын сонгууль нь нэр бүхий хэдхэн зуун хүнээр л төлөөлүүлэн явагддаг байхад зарим улсад парламентийн 2 танхим байдаг. Төлөөллийн ардчилал, шууд ардчилал гээд л энэ олон ойлголтууд өндөг ба тахианы эхлэл шиг сонирхолтой бас ярвигтай сэдэв бололтой.