Wednesday, 31 December 2008

Driving culture and country’s development

Замын хөдөлгөөний соёл ба улс орны хөгжил

Гурав хоногийн өмнө аав, ээжийнх рүүгээ явж байгаад зам дээр дайруулан нас барсан хүн, түүнийг дайрсан машин, жолооч, цагдаа нарын хажуугаар гарсан юм. Машин барьж байхдаа хөдөлгөөнд соёлгүй, бүдүүлэг оролцож буй нөхдийг хараад нэг юм бичиж санал бодлоо та нартай хуваалцана даа гээд бодож явж байсанд минь маш хүчтэй ташуур болж нуруун дундуур минь гүвдрүү үсэртэл ороолгосон юм шиг л боллоо.

Монголчуудад юу байна, мөнгө л байгаа юм биш үү? Японоос автомашин импортолдог улсуудыг Монгол улс Сингапур, Малайз зэрэг улсуудын урд гишгэн тэргүүлж буйг эндээс харж болно. Баян байгаа биз

Аливаа улсын хөгжил, соёлыг нэг хүнд ногдох ДНБ, бичиг үсэгт тайлагдсан байдал, нярайн эндэгдэл, урт наслал гэх мэт гол гол хэдэн хүчин зүйлсээр хэмждэг. Үүн дээр нь замын хөдөлгөөний соёлын тухай хэмжиж болохуйц үзүүлэлтүүдийг нь оруулбал яг таарах юм шиг харагдаад байдаг юм. Автомашинтай хүний хувь хүний хөгжил, зан чанар болон түүний ёс суртахуун тэргүүтэн нь чухамхүү тэрхүү бодгалийн замын хөдөлгөөнд хэрхэн оролцож байгаагаар нь шууд харагдаж чаддаг гэдэгтэй та бүхэн надтай санал нийлэх үү?

Гэрэл дохион дээр явган зорчигчийн зурвас хөндөлсөж зогсдог жолооч, бэлэн эгнээ замаараа явахгүй заавал голоор нь явдаг жолооч, машины зогсоол дээр машинаа ном ёсны байрлалаар нь бус гурван машин зогсох зайд хөндөлдүүлж тавьдаг жолооч, дүрэм зөрчин өөр гэрлээр орж аваар гаргах шахдаг жолооч нарын гэр орон, ажил албан дээрээ үзүүлж гаргадаг зан авир нь үүн шигээ гаж байдаг биз. Бие биендээ зам тавьж өгөөгүй төлөө хэрэлдэх бол юу ч биш бүр гарч ирээд зодолдож буй жолооч нарыг хэд хэд харсан. Яагаад ийм өчүүхэн юмнаас болоод өөрсдийгөө нервтүүлээд байдаг юм бол оо гээд гайхаад бардаггүй юм. Энэ бүх зүйл зөвхөн уур, неврээр тогтоод зогсдог бол амар санж. Гэтэл Түдэв гуайн энэ оны 9 сард хэвлэгдсэн Дал сонинд бичсэнээр бол манайд автын ослоор өдөрт нэг хүн амиа алдаж, гурван хүн хөнгөн, хүндээр бэртдэг болжээ. Мянган хүнд ногдох автомашины тоогоор дэлхийн 180 орны хойноосоо гуравт ордог атлаа авто ослоор нас барсан хүний тоогоороо эхний 16-д орж байгаа юм байна.

Замын цагдаагийн газрын ажилтнууд “Өнөөдөр хөдөлгөөний аюулгүй байдал Монгол Улсад онц ноцтой байдалд байна. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр хөдөө орон нутагт гарч буй гурван осол тутмын нэгд нь хүн нас барж байна. Улаанбаатарт 4.5 хэрэг тутмын нэгд нь хүн амиа алддаг. Энэ бол том үзүүлэлт. Долдугаар сарын 1-ний үймээний үеэр дөрвөн хүн буудуулж нас барсан нь бүх хүний анхаарлыг татлаа. Гэтэл замын осол гэх чимээгүй дайнд маш олон хүн нас барж, гэмтэж байна. Түүний ард хэчнээн хүний аж амьдрал сүйрч байгаа бол” гэж халаглан Өнөөдөр сонинд ярилцлага өгсөн байна билээ. Эдгээрийн нилээд хувь нь согтуу жолооч нарын хийсэн үйлдэл байгаа гэдэгт би бат итгэлтэй байна.

Авто осолд замын чанар, өргөн мэдээж шууд нөлөөлж буй. Хот, аймгаас орж гарах тоолонд татвар аваад байдаг. Тэр мөнгө хаашаа ордог юм бүү мэд. Долоон метр стандартын өргөнтэй байдаг замаас нэг метрийн өргөнийг нь “идэж” гүзээгээ дүүргэсэн хүний үнэргүй дарга нар хойд насандаа халуун тогоонд шаруулах биз дээ. Ядаж байхад тарган бие нь хурдан ч шарагдахгүй нилээд их тамын тогооны “нүүрсийг” үрэх биз. Үүнээс гадна ийм заманцар дээр хурд хэтрүүлэн давхидаг жолооч нарын түмэн буруу бий. Шумахерийн машин, уралддаг зам нь биднийхээс шал өмнөө юм байдаг байхгүй юу даа.

Хэдэн долоо хоногийн өмнө ажлынхаа урд талын зам дээр машинаа тавьсан байж байгаад дугаараа хураалгаад дүүргийнхээ замын цагдаагийн газраас арван мянган цаас төлж авсан. Ёстой кайфтай мөнгөө төлсөн. Гэвч тэрнээс хойш манай энэ хавиар цагдаа ах дахиж яваагүй дэг. Өөрөөр хэлбэр арга зам нь байгаад байдаг хэрэгжүүлдэг хүмүүс нь тогтмол хэрэгжүүлэхгүй бол хууль гууль болох юм даа. Тэгэхээр би зүгээр л тэр өдрийн азгүй нэгэн тахиа болсон болж таараад байгаа юм.

Бидний эргэн тойронд хөлхөлдөж буй 200.000 орчим автомашиныг жолоодогч та бид л соёлтой, ухаалаг байхгүй бол “Би хүн сүхдэж алаагүй, сүх зарсан дэлгүүрийн буруу” гэдэг онигоо шиг бүх бурууг хуучин, ямбий машин оруулж ирсэн, замын цагдаа нь хахууль авдаг, тэр эхэлж намайг шахсан болохоор би шахаж явна ч гэдэг юм уу буруу хандлагаар бие биедээ хандаад байвал замын байдал одоогийнхоос долоо дордоно шүү. Сахилагагүй жолооч нар энэхүү бичлэгийг заавал үзээрэй.

Monday, 29 December 2008

Vodka

Архи

Энэ сард бараг ирэх жилд уух архи, дарсныхаа хэмжээг гүйцээчих шиг болно лээ. Ёстой хавьд уулзаагүй найзуудтайгаа уулзсанаас гадна ажил, амины шугамаар нижгээд нөхөдтэй хундага тулгав. Дараа нь энэ бүхнийг эргэцүүлээд өөрийн бодож хэлсэн, бусдаас сонссон зүйлсээ тунгаавал аль алиныхаа ажил амьдралд хэрэг болох мэдээлэл, зөвлөмж бишгүй байхаас гадна өмнө нь үл ойлголцож байсан зүйлсийн учиг ч бузгай сайн олдох аж. Дотроо бодож явдаг хирнээ хэлж зүрхэлдэггүй юмсыг архи, дарс гэгч шингэн хүмүүний амнаас гаргадаг нь илт. Бие биендээ хэлье гэсэн үедээ хэлээд явахгүй, асууя гэсэн юмаа тэр дор нь асууж зүрхлэхгүй дотроо хураагаад л яваад байх. Тэгсэн хирнээ хүн гэдэг амьтан заавал архи ууж байж багаа авч ориг нүүрээ харуулдаг зан гаргадаг нь сонин. Уусан архины шил нь ярьдаг байсан бол маргааш нь ямар олон хүний нүүрийг улайтал нь ярих байсан бол гэж хааяа бодож дотроо инээдэг юм. Зарим хүн аягүй бол шууд амиа хорлоод зогсохгүй сүнс нь хүртэл дахиад “үхэх” гэж оролдож мангартах байх.

Юу хэлэх гэсэн бэ гэвэл хэтэрхий хувийн шинжтэй биш л бол ойр зуур бодож явдаг, бие биендээ хэлэх гэсэн юмаа заавал архи дарс уулгүйгээр өдөр тутмын харилцаан дээрээ нөхөр ёсоор бие биендээ хэлээд явах потенциал болон “иргэний зориг” ямар ч түвшин, зиндаа болон хүрээний хүмүүсийн хооронд байх ёстой болов уу. Чухам хальт тэгж чаддаг хэсэг хүмүүс бие биенээ найзууд гэж нэрлээд байх шиг байгаа юм. Ямар ч хүн хөөрч наргиж, хөгжилдөн цэнгэлдэлгүй л яанам билээ. Гэлээ гэхдээ ямар ч хүний хувьд эрүүл, согтуу хоёрын зөрүү болон хуурамч болон ориг нүүрний багны ялгаа нь аль болох тэг рүү тэмүүлэх ёстой гэж бодном.

Sunday, 21 December 2008

Payment card survey result

Төлбөрийн картын санал асуулгын үр дүн

Өнөөдөр буюу 9 эхлэхийн өмнөх амралтын өдөр цахим бизнесийг банктай холбохоор ажиллаж буй ажлынхаа хэдэн залуусыг дуудан чөлөөт ярилцлага буюу brainstorming хийж, гар утас, төлбөрийн картын ирээдүйн бизнесээ ярилцлаа. Үүнээсээ гэнэт санаа аваад төлбөрийн картын талаарх санал асуулгаа блог дээрээсээ хартал хугацаа нь болоод санал авахаа больсон байгаа тул үр дүн болон өөрийн төсөөллөө та бүхэнтэй хуваалцахыг хүслээ. Блогоороо дамжуулан төлбөрийн картын бизнес эрхэлж буй Монголын арилжааны банкуудын эрэмбэ, зах зээлд эзлэх хувийг тандах гэж оролдлоо. Бараг 1 жил орчим блог дээрээ байлгаж нэг хүн олон сонголт хийж болох зарчмаар нийт 101 хүн саналаа өгчээ. Энэхүү үр дүнгээрх Монголд картын бизнесийг эзэгнэгч топ 5 банкуудыг эрэмбээр нь жагсаавал:

  1. Худалдаа Хөгжлийн Банк (55%)
  2. Хаан Банк (20%)
  3. ХасБанк (16%)
  4. Голомт Банк (15%)
  5. Монгол Шуудан Банк (5%)

Би өөрөө ХХБ-нд ажиллаж байсан, одоо ХасБанкинд ажиллаж байгаа гэдэг утгаараа ихэвчлэн миний таньдаг, хуучин цуг ажилладаг, ажиллаж байгаа хүмүүс энэ үзүүлэлтэнд нөлөөлсөн нь дамжиггүй боловч ерөнхий чиг баримжаанаас нэг их хол зөрөхгүй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл эдгээр банкуудыг картын зах зээлд хамгийн идэвхтэй ажилладаг банкууд гэж хэлж болох нь байна. Энэ жагсаалтанд орж чадаагүй банкууд битгий гомдоорой. Энэ нь зөвхөн миний блогоор л орж санал өгсөн хүмүүсийн хариулт юм шүү.

Монгол улсын карт эзэмшигч нарын тоог 1 саяд хүргэх тухай мөрөөдлөө нилээд дээр бичиж байжээ. Үүнээс хойш бас ч гэж нилээд ажил эхэлсэн байна. Хамгийн том нь Монгол банкнаас удирдан “Төлбөр Тооцооны Үндэсний Зөвлөл” гэгчийг байгуулсан бөгөөд анхдугаар хуралдаанаа хийж “Стратеги баримт бичиг боловсруулах”, ”Хууль зүйн”, ”Хяналт ба зохицуулалт хариуцсан”, ”Мэдээллийн технологийн” гэсэн дөрвөн дэд ажлын хэсгүүд байгуулан бүх банкуудын төлөөллийг оруулан ажиллаж байна.

Арилжааны банкуудаас мэдээлэл цуглуулж нэгтгээд Монгол банкны гаргасан тайланд дурдсанаар бол 2007 оны эцэст идэвхтэй карт эзэмшигч нарын тоо 538.900 байсан бөгөөд жилийн өсөлтийн хувьд урд жилтэй нь харьцуулбал 36% гэж тооцвол 2008 он буюу энэ оны эцэст ойролцоогоор 800.000 руу нилээд дөхөх бололтой. Идэвхгүй картын тоог оруулбал энэ тоо 1 сая аль хэдийн хүрсэн байх. Идэвхгүй карт гэдэг нь сүүлийн 6 сарын дотор ямар нэгэн орлого, зарлагын гүйлгээ хийгдээгүй картыг хэлэх бөгөөд энэ нь банкны системд дунджаар 30 орчим хувь байх шиг байгаа юм. Эдгээр нь ихэвчлэн оюутны, үнэгүй, бэлэгний, “шахааны” картууд байх бий вий. Сайхан мэдээ гэвэл картын гүйлгээний тоо 2007 оны эцэст 4,1 саяд хүрч өмнөх оноосоо 86%-ийн супер өсөлт үзүүлсэн байна. Эдгээр гүйлгээнд ногдох мөнгөн дүн нь 660 тэрбумд хүрч мөн л 46%-ийн өндөр өсөлтийг үзүүлсэн байна. Ирэх оны эхээр 2008 оны мэдээлэл гарахад энэхүү тоонууд өссөн байх болно гэдэг би мөрийцөхөд ч бэлэн байна. Карт гаргагч банкны тоо 10 хэвээрээ байхгүй нэмэгдэнэ гэж бас бодож байна.

Гэвч хамгийн том асуудал энэ зах зээл дээр юу байна вэ гэхээр гол картын гүйлгээг боловсруулдаг, өөрийн гэсэн бие даасан системтэй банкууд нь хоорондоо холбогдож ажилладаггүй, ажиллахыг нэг их хүсдэггүйд байгаа юм. Түүнээсээ болж давхар хөрөнгө оруулалт хийх, зах зээл дээр тогтсон эрүүл үнэ, өртгийг хүчээр унагах, шударга бус өрсөлдөөн хийхийг оролдох зэрэг асуудлууд үүнээс эхтэй гэж бодном. Бидний энэ байдлыг хараад картын системээ Монголд зарсан Орос, Малайз, Канадын агаа, эгээ нар инээдээ барьж ядан сууж буй бөлгөө. Үүнийг нь мэдрээд, дээрээс нь харилцагч нараа бодоод банкууд бие биендээ харилцан ашигтай байж болох бүх шийдлүүдийг судлаад хэлэлцээд, ярилцаад явж байна. Үүнтэй уялдаад Mongolian Online Secured Transactions буюу МОСТ хэмээх хуулийн этгээд хүртэл байгуулагдан системийн архитектороо гаргаад хамтран ажиллах банкуудаа уриалаад явж буй. Огт юм хийгдээгүй биш, хийгдэж байгаа. Гол нь энэ олон банк, энэ зах зээлд оролцогч бүх талуудыг ашиг сонирхлыг дээд зэргээр нь хангасан шийдэл олж, бүгдээр нь хүлээн зөвшөөрүүлэх нь л гол хүнд ажил болж байна. Энэ нь яваандаа зөвхөн төлбөрийн карт ч бус мобайл банк, e-billing, интернэт банк зэрэг технологи дээр суурилсан банкны бүхий л бүтээгдэхүүн, сувгуудын цогц суурь болох юм. Энэ талаар бас нилээд дээр жижигхээн судалгааны ажил маягийн юм хийж байсныгаа Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулиас зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж хэлэлцүүлээд амжсан гэж байгаа.

Проблем, асуудал их байгаа хэдий ч Монгол улс маань американ экспресс, JCB картуудыг ямар ч асуудалгүй төлбөрт хүлээн авч байна, чип карт гарчихсан, мөнгө гаргадагаас гадна хүлээн авдаг АТМ оруулаад ирчихсэн, интернэт протокол дээр суурилсан болон утасгүй ПОС терминалуудыг ашиглаад эхэлчихсэн, лоялти системийг ашиглаж байгаа буюу аль хэдийн co-brand буюу үйлчилгээний байгууллагуудтай хамтарсан картууд гаргаад эхэлчихсэн, бэлгийн карт, платинум карт, лэди карт гаргаад амжилт олчихсон, Visa international, Master card Worldwide-тай маш зузаан харилцаатай болчихсон, дэлхийн аль ч улсад Монголын банкуудын төлбөрийн картын гүйлгээ амжилттай хийгдэж буй, дотоодын төдийгүй дэлхийн томоохон дурын цахим хуудаснаас картаараа дамжуулан хүссэн бараа үйлчилгээгээ худалдан авч буй, тэр байтугай ХХБ, Хаан банкуудын картын систем хоорондоо амжилттай холбогдон ажиллаж байсан түүхүүд, ажиллаж байгаа процесууд хормын дотор миний нүдний өмнө зурайн өнгөрч байна.

Төлбөрийн карт хэрэглэгч эрхэм та хууль эрхзүйн орчин нь бүрэлдээгүй ч зоригтой хөрөнгө оруулалт хийж бүх эрсдлийг өөрсдөө хүлээн харилцагч нартаа дэлхийн түвшний үйлчилгээ үзүүлж буй бүх банкууддаа баярлалаа гэж хэлэх ёстойгоос гадна хоорондын шударга бөгөөд цэвэр өрсөлдөөнд улам бүр төгөлдөршиж буй картын бизнест тань амжилт хүсье гэж ерөөх ёстой бус уу? Аягүй л бол таны халаасанд нэг биш банкны нижгээд картууд байгаа даа.

Friday, 12 December 2008

Banking problem?

Банкууд асуудалтай болов уу?

За хөө, наадам, УИХ-ын сонгууль, 7-р сарын 1-ны аймшигт явдал, олимп, орон нутгийн сонгууль, дэлхийн санхүүгийн хямрал, Анод банкны шуугиан гээд амьдрал үргэлжилсээр. Банкны салбарт ажиллаж буй болохоор хүмүүс за юу болоод байна, Анод яасан юм, мөнгийг маань гаргуулаад өгөх таньдаг хүн байна уу, танайх яах юм, банкууд дампуурч эхэлж байгаа юм уу, дараагийнх нь хэн юм гэхчилэн зүсэн зүйлийн асуултанд даруулсаар байна. Ерөнхийлөгчөөс эхлээд, УИХ, эдийн засгийн байнгын хороо, Монгол Банк, Монголын банкуудын холбоо системийнхээ тогтвортой байдлыг хадгалж үлдэх, хүмүүст зөв мэдээлэл өгөхийн тулд чадах бүхнээ хийж байгаа ч цуу ярианы хүч, өргөн фронтыг тэр болгон давж чадахгүй байх шиг.

Энэ оны хавраас эхлэн инфляцитай тэмцсэний үр дүнд эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт эрс багасаж, тэр нь Монголын хавар буюу гол бизнесүүдийн ид сезонтой давхцсан тухай тухайн үеийн нөхцөл байдлыг хальт дүгнэн сараачиж байсан юм байна. Гэхдээ нөхцөл байдал өдрөөр биш цаг минутаар өөрчлөгдөж буй өнөө үед маргааш ямар валют, товаарын ханш ямар байхыг мэддэг хүн байвал яах аргагүй аль нэгэн бурханы хамаатан болж таарна. Анод банкийг маань тойрсон энэ удаагийн асуудал нилээд хурцаар яригдаж хүн болгоныг сандралд оруулж байгаа ч Анод банкийг ингэсэн дээр нь улам доошлуулж алга болгох гэсэн хэсэг нөхдүүдийн хүчтэй явуурга ч бас мэр сэр ажиглагдаж байна. Энэхүү үйл явдал дэлхийн санхүүгийн хямралтай шууд холбоогүй ч яах аргагүй Монголын эдийн засгийн байдал, засгийн газрын бодлого, намуудын популист амлалт, өндөр иифляци, төрийн сангийн сул бодлоготой ямар нэгэн сэжмээр холбогдож буй. Үр дүнд нь олон улсын хөндлөнгийн үнэлгээний Fitch агентлаг Монгол улсын “Тогтвортой” гэсэн үнэлгээг бууруулж сөрөг тэмдэг тавьсан тухайгаа өчигдөр дэлхий нийтээр зарлаж байх жишээтэй.

Дэлхийн санхүүгийн хямралын улмаас Монголын голлох экспортуудын үнэ шалдаа буутал унаснаас гадна төр ашигт малтмалын 68%-ийн татвар зарласнаас хойш Монгол банкинд тушаагддаг байсан алтны хэмжээ эрс багассан. Үүний үр дүнд Монголын валютын нөөц богино хугацаанд дундраад байна. Гэнэтийн ашгийн татвараас хуримтлагдсан “Монгол Улсаа Хөгжүүлье” сангийн бүтэц нь үндсэндээ хөрөнгө оруулалт, хүүхдийн мөнгө, эрсдлийн сан гэсэн гурван зүйлээс тогтдогоос эрсдлийн санд буй 240 орчим тэрбум төгрөгийг арилжааны банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг сайжруулах зорилгоор тараан байршуулах тухай одоо ид яригдаж байна. Өчигдрийн байдлаар 1 ам.доллар 1320 төгрөгтэй тэнцэж байгаа бөгөөд томоохон арилжааны банкууд валютын хар зах дээр сая, сая доллар зарж интервенци хийж байгаа нь нууц биш. Яг ийм байдал БНСУ-д хэдхэн долоо хоногийн өмнө ажиглагдаж байлаа. Иймээс дан ганц Анод банк, Монгол банк, төр муу ажилласан гэж хэлж болохооргүй бөгөөд тэд ч гэсэн бид нараас болоогүй гэж хэлэх нь жудаггүй хэрэг болох буй заа.

Банкуудыг нэг завин дээр суун харилцах, хадгаламж эзэмшигч, зээлдэгч нар хэмээх далай дээгүүр сэлүүрдэж буй баг гэж ойлгоно уу. Харилцах, хадгаламж эзэмшигч нэмэгдэхийн хирээр зээлдэгч нар нэмэгдэн сэлүүрийн эрч улам хүчтэй болдог. Харин зээлдэгч нар нь их болох тусам банкны систем өөрийн олж ирсэн эх үүсвэрийн хүрээнд л хурдтай, хүчтэй сэлүүрдэхээр хязгаарлагдах жишээтэй. Гэвч нөгөө тогтвортой байсан бүх хадгаламж эзэмшигч нар нэгэн зэрэг бөөнөөрөө завь руу дайрвал хичнээн том аварга хөлөг онгоц байсан ч хэдхэн хоромын дотор живэх бөлгөө. Титаник дээр аваарын завиа булаацалдаад хүмүүс ямар араншин, ямар эмх замбараагүй байдал гаргаж бие биенийхээ аминд хүрдэгийг санаж байна уу? Иймээс бид замбараатай, тайван байх ёстой бөгөөд үүний тулд өөрсдөө маш сайн мэдээлэл, мэдлэгтэй байх ёстой. Завин дээр байгаа запаас аваарын жижиг завиудаас гадна төр хадгаламжийн баталгаа буюу асар том нөөц завь хажууд бэлдээд өгсөн байгааг та бүхэн болгоомуй.

Wednesday, 3 December 2008

Standard

Стандарт

Google-дэж үзээд "Standard - A method, procedure, or measurement that is widely accepted as being the best available” гэсэн гол тодорхойлолтыг оллоо. Үүнийг “Бусад шийдлүүдээсээ хамгийн сайн, шилдэг гэж үнэлэгдэн нийтээрээ дагаж мөрдөхөөр зөвшөөрөгдсөн арга, үйл ажиллагаа, хэмжих хэрэгслийг стандарт гэнэ” гэж хар үгээр орчууллаа.

Мэдээлэл гэдэг зүйлс дэлхий байтугай гариг эрхэс хооронд зорчиж эхэлсэн, өдрөөс өдөрт “хавтгайрч” буй орчин ертөнцөд та бид амьдарч байна. Бидний эргэн тойрон эргэлдэж буй бүх мэдээллүүд бараг нэг стандартад орсон байна. Бичлэгийн агуулга, бүтэц, хэллэг, байршил, давтамж гэх мэтээрээ. Сонингууд хүртэл хар, шар гээд зорилтот зах зээлээрээ дагнаад стандарт болчихсон байна. Харин энэхүү “стандарт” мэдээ, мэдээллийг хэн нь ямар өнцгөөс харж шийдвэр гаргаж байгаа нь л та бидний ялгаатай талыг харуулж буй хэрэг. Зарим нэг нь өө, ёстой сайхан мэдээлэл байна гэж байхад нэг хэсэг нь цаг, цаасны гарз гэхэд нөгөө хэсэг нь ёстой санал нийлэхгүй гээд маргалдаж мэтгэлцэх жишээтэй. Харин стандартаа барьж бичээгүй мэдээ, тайланг уншихаар ямар их нерв барагдаж, цаг хугацаа алддагийг дан ялангуяа санхүүгийн салбарт ажилладаг хүмүүс сайн мэдэж буй.

Яг дээрхтэй адилхан аливаа бизнесийн байгууллагуудын хувьд хоорондоо ялгагдах юм тун чиг ховордож буй. Жишээ нь, барилгын компани гэхэд адилхан нь хэдэн өрөө байруудыг давхараар нь тусгаарлан, лифть, машины зогсоолын хамт стандартын дагуу барьж буй. Гэтэл яагаад Жигүүр Гранд хамгийн нэг хүндтэй хэвээр байсаар байна? Учир нь одоо манай улсад мөрдөгдөж буй барилгын материал, эдлэхүүн, техникийн шаардлага болон турших аргын 250-д үндэсний стандартыг л хамгийн гайгүй мөрддөг учраас.

Монгол Улсад нийт 5300 стандарт мөрдөгддөг юм байна. Үүнээс 360 нь барилгынх байдаг юм байна. Монголд 650 гаруй хүнсний стандарт байгаад байна аа ард түмээн. Үүнийг мэдсэн бол хоол, архинд хордож нас барсан хүмүүсийн сүнс нь хүртэл гомдож байгаа байх аа. Тэр байтугай “Стандартчилал, хэмжилзүйн төв”, “Улсын мэргэжлийн хяналтын газар” гэсэн том байгууллагууд хүртэл байдгаас дэлхийн ард түмэн маань “Дэлхийн стандарт­чил­лын өдөр”-ийг хүртэл бий болгосон байдаг юм байна. За тэгээд цаашилбал, шүүх, цагдаа, шорон, эрүүлжүүлэх гээд хүчний байгууллагуудыг дурдаж болохоор байна. Олон улсын түвшинд ISO гээд цуврах байх.

Банкуудын хувьд ч ялгаагүй жишээ нь, хадгаламж нээлгэнэ гэдэг нь нэг л стандарт процедур. Очно, мэдээлэл авна, хүү, шимтгэлийн нөхцөлтэй нь танилцана, гэрээ байгуулна, мөнгөө хийнэ, хадгаламжийн дэвтрээ авна. Яг дэвтрээ авсаны дараа нь тухайн харилцагчыг үдээд гаргаж байна уу, өшиглөөд гаргаж байна уу гэдгээрээ тухайн банкууд ялгагдах жишээтэй. Өөрөөр хэлбэл харилцагчийн үйлчилгээний стандарт.

За тэгээд цаашилбал эрүүл ахуйн шаардлага, стандартаа мөрдсөн бол Азийн Чоно компаниас болж тэр олон хүн үхэхгүй байх байлаа, SS клубт тэр олон хүн хордохгүй байлаа. Жолооч нар дүрэм, стандарт, соёлынхоо дагуу яваад байвал замын осол байтугай, түгжрэл ч гэсэн ямар ч асуудал биш мэт. Бензинийн үнэ өсч буурч буй өнөө үед хувийн машинтай халтуур хийдэг нөхдүүд байтугай албан ёсны таксины компанийн жолооч нар хүртэл амандаа хэлсэн тоог хэлж явж байна аа. Тоолуурын заалт нь үнэн ажиллаж байгаа гэдэг нь тун бүрхэг, хянадаг хүн, тогтолцоо ч байхгүй. Харин миний бүдүүн ч гэхэд хэцүү бак ч гэхэд хэцүү нэгэн найз маань нэгэн дураараа авирладаг таксинцарын жолоочонцорыг болгоод өгсөн байна лээ.

Хүмүүсийн хоорондын харилцаа ч гэсэн дээрхтэй агаар нэгэн. Хэлсэн бол хийдэг, амласан бол биелүүлдэг, цаг болзсон бол цагтаа ирдэг амьдралын нийтлэг стандартуудыг мөрдөж заншихгүйгээр хоорондоо баг болж ажиллана гэдэг нь туйлын хүнд. Нөгөө талаасаа хүмүүс нь гэсэн өөрсдийн хийх ёстой ажил, үүргийн минимум стандартыг заавал мэддэг байх ёстой. Эрхийн стандартаа мундаг мэдээд байх шиг байгаа юм. Усны гол суваг дээр баригдсан гээд байгаа Баян Монгол хороолол, Онцгой байдлын Даш генерал, сайд асан Отгонбаяр, нийгмийн даатгалын газрын Эрдэнэ гэсэн хүмүүсийн хийсэн үйлдэл “стандартын дагуу” байсан уу бус байсан уу гэдгийг ”стандартын дагуу” шүүн мэдэх үйл ажиллагаа одоо ид явагдаж байна. Үр дүн нь тун гайхалтай гарах бий вий.

Манайх шиг ороо бусгаа улсад нийгэм дэх асуудал бүр болохгүй томоохон, глобаль асуудлууд дээр төрөөс техникийн зохицуулалт хийж багахан хүч хэрэглээд байх шиг байгаа юм. Харин ёс суртахуун бүхий соёлтой нийгэмд стандарт гэдэг зүйл нийгмийн бүхий л салбарт бичигдээгүй хууль хэлбэрээр оршин иргэдийнх нь дунд сайн дураар мөрдөгддөг юм шиг байгаа юм.

Юу хэлэх гээд байна вэ гэвэл бид аз жаргалтай, сайн сайхан амьдрахад нэг их шинэ санаа санаачлага, асар их хэмжээний хөрөнгө оруулалт, дүрэм журам шинээр нэмэх шаардлагагүй. Харин одоо байгаа хэдэн стандарт, шаардлагаа л дор бүрнээ ягштал биелүүлэхэд “Эрс шинэчлэл” хөдөлгөөнийхөн брэнд нэрээ та бидэнд шууд алдана доо. Эргээд эргэн тойронд байгаа стандарт бус хүмүүс, байгууллагуудтай харьцахгүй байхад л болоо биш үү? Нэг их удалгүй тэд дампуурах нь дампуурч, ухаарах нь ухаарах биз. Харин үүний тулд бид нар бултаараа энэ стандарт гэдэг юмыг мэдээд, мөрдөж, бусдыгаа шахаж шаардаж явах ёстой болоод байна даа хөө. Өөрөөр хэлбэл хяналт, хариуцлага гэсэн үг. 1000-ын архи битгий авч уу л даа, ямбий таксинд битгий суу л даа. Эргээд чанартай юм хэрэглэхийн тулд өөрөө эхлээд бүх хүнтэй чанартай харьц л даа гэж бие биендээ хэльюү.