Бусадтай тэнцүү харьцаж бусдаар ижил хүндлүүлье!
Алив зүйлийн борлуулалт, амжилтын 90 гаруй хувь нь яриа буюу хүмүүс хоорондын харилцаа байдаг гэсэн судалгаа, онол байдаг. Би хувьдаа хүмүүсийг ялгалгүй харьцаж аль болох нээлттэй байхыг эрмэлздэг. Магадгүй заримдаа хэт нээлттэй байдаг болов уу. Тийм ч болохоор миний найзууд, танилуудын хүрээ бас ч гэж харьцангүй өргөн. Нөгөө талаасаа шууд надтай тулж чөлөөтэй ярих нь ховор (Үүнд “хүмсүүдийн” согтолтын зэргийг нь оруулж тооцоогүй хэлсэн болно). Миний найзууд дотор удам дамжсан “тасарсан” баян айлын хүмүүс, жинхэнэ “бор зүрхээрээ” бусдад гай болохгүй яваа хүмүүс, мундаг толгойтой боловсролтой залуус, өнөө маргаашийг аргацаан өнгөрүүлж буй нөхдүүд, худлаа үнэн ярьж “бүлт авдаг” хүнд гарууд, согтохоороо ирж машин барь, эрүүлжүүлэхээс гаргаж өг гэж “эелдэг” загнах андууд, улаан цагаан худлаа ярьж архины мөнгө авдаг хамаатнууд ч бишгүй бий. Дээр үеийн жишээ гэвэл аль дивангарт буюу арван жилд байхад манай ангийн зарим охидууд сарын юм ирсэн чинь дамсагний мөнгө байдаггүй. Мөнгө зээлээч гээд хаалга тогшдог байж билээ. Саяны жишээ гэсэн чинь манай байрны гараажийн жижүүр залуу аминчлан дуудаад уулзаж байна аа. Яасан гэсэн чинь ажил явдал гараад хамаг мөнгөө шавхсан чинь сургалтын төлбөрөө төлж чаддаггүй. “Хэдэн” сарын хугацаатай “хүүгүй” мөнгө зээлдүүлэх үү гэж асууж билээ.
Миний зарим “фракцийн” найзууд хааяа хэлдэг юм. Чи бидэнтэй бусад найзалдаг найзуудаа танилцуулаач гэж. Би одоохондоо үгүй ээ л гэдэг. Дээр дурдсан эрс тэс “бүлэглэл, зиндааны” хүмүүсийг хооронд нь танилцуулдаг, дараа нь хоорондоо таардаггүй, хэрүүл уруул, зодоон цохион болох бий гэж эмээдэг учраас л тэр билээ. Хааяа зарим хүмүүсийг хараад хэлмээр санагддаг юм. Юу гэвэл хааяа ч гэсэн зиндаа, зэрэг дэв, албан тушаал гэсэн нүүрний багаа хуулж хаян автобус микронд сууж, билет таслагчид “загнуулахаа” болъёо гэхэд хог ачиж буй залуу, орцны цэвэрлэгч эгч, байрны жижүүр өвөөтэйгээ тааралдах болгондоо мэндэлж байвал “нөл” цагаан энерги цуглууллаа л гэсэн үг бус уу (Уул нь үүнийг заавал шашин, сүсэг бишрэлтэй холбох албагүй л дээ!). Эсрэгээрээ хөөрхий хөөрхий гээд байхад тоодоггүй, даварсаар даварсаар “Дагвын” оронд очих гээд байгаа эрхмүүдэд эрийн хугархай, эмийн хэлтэрхий байж, бусдад эрхлэхээ багасга гэж хэлмээр ч юм шиг. Мэдээж эхний ээлжинд аль аль талаасаа тэвчээр гаргаж, харилцан бие биенээ уучилж сурах ёстой юм шиг байгаа юм. Нэгэн алдартаны хэлсэн үгийг саяхан харж байсан юм. Тэр нь “Амьдрал бол мөрөөдөл, айдас хоёрын нийлбэр” гэж. Энэ хоёрын алтан тэнцвэрийг олж амьдрах ухааныг хүн ялгалгүй харьцаж сурахтай хослуулсан нийгэм байгуулах нь хүмүүн төрөлхтөний бас нэгэн мөрөөдөл биз ээ.
Ямар ч төрлийн, зиндааны хүмүүстэй уулзан ярилцахад тухайн хүмүүсийн орчинд нь байвал ярьж буй хүмүүсээ илүү их би мэдэрдэг. Хар “гонжоом”, цагаан цамцаар гангалаад тансаг буудлын хурлын өрөө, эсхүл ресторанд гадна, дотны ажил хэрэгч хүмүүс, түшмэдтэй уулзан Монгол байтугай дэлхий дахины нөхцөл байдлын тухай ярьж байснаа орой нь элэгдсэн “шоорт, ханцуйг нь тайрсан цамц, сандаалтай талх авах гэж гарангаа байрныхаа жижүүр залуу болон шинэ сүү зардаг жижиг дэлгүүрийн худалдагч эгчтэй хууч хөөрөхөд ямар сайхан бөгөөд сонирхолтой мэдрэмж төрдөг гээч. Түүнчлэн эмх цэгц бүхий оффисийн өрөөнд эрээн зангиа тэргүүтэнээр хувцаслан жигдэрсэн хамт олныг, тэрхүү орчныг, ярьж буй сэдвүүд, ертөнцийг үзэх үзлийг нь яарсан үедээ барингаа мэнд мэдэн хууч хөөрч сонин сайхан солилцдог таксины жолооч, лагерь явах гэж дайгддаг микрийн “кондуктор” хүүхдүүдтэй харьцуулахад бас л нэгэн амьдралын өөр кайфыг авч, нэг бүлэг нь цагаан өнгийг цагаан гэж мэтгэж байхад нөгөө бүлэг тас хар гэж баталж байгааг сүүлдээ өөрөө ч ойлгохгүй амьдралын философи дунд манарах ажгуу.
Нилээд хэдэн сарын өмнө хүүхдэдээ төрсний гэрчилгээ авах гээд дүүрэг дээр шинэ маамуутай болсон эцэг эхчүүдын дунд оочерлон зогсож байв аа. Бараг хоёр цаг гаран зогссон байх. Гэтэл 30 гаран насны залуу нярай хүүхдээ тэврээд эхнэртэйгээ хүрч ирэн хүмүүстэй юм ярьж явснаа оочерын хамгийн эхэнд хээв нэг зогсож билээ. Хүмүүс ч хүүе хаая болоод ирсэн дугаараараа зогс гээд шаардлага тавиад эхэлсэн чинь өнөөх чинь харин хүүхэд нялх, гэр холын хол гэр хороололд тул намайг та нар урдуураа оруулах ёстой гээд жишим ч үгүй шүднийхээ завсраар сийгүүлдэг байгаа. Миний арын залуу би ч гэсэн нялх хүүхэдтэй, хүүхдээ машинд гадаа хүнд харуулаад орхисон байгаа, тэр маань энэ хүмүүст хамаагүй болохоор би бусадтай адил оочерлоод одоо эхэнд нь ирж байна гээд учирлатал нөгөөх “домбоо” чинь надад тэгвэл машин байхгүй гэж элийрээд. Арын бүсгүйчүүд тэгсэн хэний төлөө амьдраад байгаа юм, оочерлож чадахгүй юм бол яах гэж хүүхэд гаргасан юм гээд тачигнаад эхэлсэн тулдаа эхнэр нь санаа зовж хоёулаа дугаарлаж зогсоё гэтэл залуу эд нар заавал намайг урдуураа оруулах ёстой гээд нэг үзээд, байцаагчийн өрөөнд дайрч орж нэг үзээд биднийг дийлээгүй. Миний ард зогсож байсан залуу энэ мууг барьж аваад нүдчих үү гээд, би боль яах юм энэ тэр гэж төрийн цагдаагийн үүрэг хэдэн хором гүйцэтгэв шүү дээ. 30 нилээд гарсан энэхүү залууг бүх талаар нь өөрийнхөө 4-р ангийн дүүтэйгээ харьцуулахад яалт ч үгүй манай дүү илүү болж таараад байгаа юм. Гэвч “тэр муу” залуу “учрыг нь олоод” секс хийгээд хүүхэд гаргачихсан байдаг. Элээ минь! Яаж тэр вэ? Ээ, хожуу ч гэсэн оочирлох ёстой гэж ухамсарласан эхнэр шүү юм нь “тусалж юм хумыг” нь чиглүүлсэн байж таарах нь л дээ зайлуул гэж. Өрх гэрийнхээ гишүүнтэйгээ харьцахдаа гаргадаг эелдэг харьцаа, соёлтой хандлагаа бид нар яагаад хааяа ч болтугай гудамжаар зөрөн өнгөрч буй, таньтай нийгмийн бүх төрлийн харьцаанд ямар ч түвшинд орж буй үл таних тэр нэгэн эрхэмд гаргаж болохгүй гэж? Тэр эрхэм нь заавал мөнгөтэй, эрх мэдэлтэй, алдар нэртэй, царайлаг, өндөр, туранхай, залуухан, ардаа татлаа түтлээгүй байх албагүй биз дээ журмын нөхөд минь? Та бидний амьдран буй нийгмийн багагүй хувь нь бие биенээ билгийн биш “бэлгийн” нүдээр хардаг болсонд харамсан энэхүү бичлэгийг тэрлэн суугаа ухаантай. Зарим хүмүүс “дайсны талын” нөхдүүдийн “бэлгийн” нүдэнд өртчих санаатай нүүрэн дээрээ нүүр зуран алиалагч болж, толгой, бөгснийхөө байрлалыг солин барин алиатаж гэр бүлийн гишүүдээ алдар нэр, мөнгөний төлөө худалдахад ч бэлэн байгаа араншин гарган, үйлдэл үзүүлж байгаа бодит жишээ магадгүй танд дор хаяж нэг байгаа даа? Байхгүй бол сайн байна. Байгаа бол бүр сайн. Яагаад гэвэл өөрийг тань бурхан тусгай шалгуураар сонгон тэрхүү “чаралба, шимнуус” нарыг сургах, ухааруулах, хүмүүжүүлэх тусгай даалгаврыг өгсөн гээд л ойлгочих. You are the one dear!
Гэхдээ мэдээж сайхан эерэг энерги “харилцан өгөлцдөг” халуун дулаан харилцааг хөрш айлынхаа хүнээ хүндэлж хариу хүндлэл хүлээх байдлаар бага багаар эхэлсэн нь дээр биз ээ! Тэрнээс биш учиргүй “гудманд” яваа хүн болгоны өмнө хошуугаа дэвсээд гүйж яв гэсэн үг биш болмой. Аан! Уул шугамандаа чухам ингэж, “тал талаасаа сэтгэл, зүтгэл” нэгэн зэрэг гаргаж байж л нийгэм маань бултаараа “балансжин” иргэн бүрийн үндсэн хуульд заагдсан ардчилалын эрхэм заалтууд жинхэнэ утгаараа биелэгдэх юм байна шүү дээ. Гэтэл “одооны” зарим залуус яаж байна. Болохгүй ээ! Хүндлүүлж тоогдохын тулд эхлээд хүндэлж тоож сурна аа гэдэг юм шүү дээ! Merci Beaucoup! (Сүүлийн хэсэгт Ди Зи Мэн ахын дуунаас “гулгуулчихлаа”. Нэрийг нь дурдсан учраас B Production зохиогчийн эрх гэж “айлгахгүй” хэмээн найдаж байнам).
Saturday, 27 June 2009
Wednesday, 10 June 2009
Global mining turmoil
Даяаршиж буй уул уурхайн бужигнаан
Дэлхий даяар Чайналко (Chinalco), Би Эйч Пи (BHP
Billiton), Рио Тинто (Rio Tinto), Монголд маань Оюу толгой, Таван толгой гэсэн “нэр үгнүүд” сүүлийн үед
бараг хүн бүрийн амны уншлага болж, “За байз, уул уурхай руу оръё доо” гэдэг
хэлц хүртэл моодонд ороод байна. Монгол болон Австрали улсуудын газар нутаг,
хүн ам, эдийн засгийн ерөнхий бүтэц нь тун төстэй бөгөөд дэлхий даяар
бужигнуулан шуугиулж байгаа орд бааз газар нь миний сурч байсан баруун Австрали
тул тэнд хэсэг байсных, бас сүүлийн үеийн “моод” дагаж уул уурхайн талаарх
мэдээллийг Bloomberg, Reuters,
BBC, CNN, Euromoney, Time, Economist, Forbes, The New York Times, The
Independent зэрэг мэдээллийн хэрэгслүүд дээр гарсан
мэргэжлийн оролцогч, шинжээч нарын дүгнэлт болон дотоодын зарим мэдээллийн эх
үүсвэрийг ашиглан нэгтгэн өөрийн нимгэхэн бодлоо та бүхэнтэй хуваалцмаар
санагдлаа.
Саяны бараг л амжилтгүй
болоод байгаа Хятадын төрийн өмчийн дэлхийд хөнгөн цагааны үйлдвэрлэлээр
тэргүүлдэг Чайналко компанийн Англи, Австралийн эзэмшлийн Риод оруулах 19,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ нь бүтсэн бол Хятад улсын
түүхэнд гадаад улсад, гадаадын компанид оруулж буй хамгийн том санхүү, хөрөнгө
оруулалтын гэрээ болж түүхэнд бичигдэх байлаа. Бараг 5 сарын өмнө
олон нийтэд зарлагдсан энэхүү гэрээний нөхцлөөр Чайналко 12,3 тэрбум долларыг шууд хөрөнгө оруулалт буюу хувьцааг нь авах, 7,3 тэрбум
нь хөрвөх өрийн бичгээр гарч буюу тусгай нөхцлөөр тодорхой хугацааны дараа
компанийн хувьцаанд хөрвөх байлаа. Ингэсэн бол Чайналко Риогийн 18 хувийн
хувьцааг гартаа дангаараа атгаж, Захирлуудын зөвлөлд нь хоёр ширхэг “хужаа
баагий” суух байсан нь Риогийн одоогийн хувьцаа эзэмшигч нар болон Австрали
улсын засгийн газар, улс төрчдийн дургүйцэл болон болгоомжлолыг зэрэг төрүүлсэн
юм. Гэсэн хэдий ч Чайналко Риогийн 9 хувийг эзэмшсэн хэвээр бөгөөд
цаашдын үйл явцыг “эзэмшин буй 9 хувийнхаа хүрээнд машид анхааралтай”
ажиглана хэмээх айлгах, сүрдүүлэхийн хооронд Рио-д хэлээд амжаад байна.
Хоёр тал өнөөдрийг хүртэл
гэрээний нөхцлөө бага зэрэг өөрчлөн хамтран ажиллана гэж үзсээр байгаа ч Рио
аль хэдийн 15,2 тэрбум долларын үнэ бүхий Rights issue буюу одооны
хувь нийлүүлэгч нартаа эзэмшиж буй хувь хэмжээтэй ижил хэмжээний хувьцааг санал
болгохоор зэхэж буй бололтой юм. Олон улсын шинжээч нар дор хаяж 12 тэрбум
долларыг одооний хувь нийлүүлэгч нар нь хөнгөлөлттэй үнийн нөхцөл бүхий Rights issue-р нэмж босгох бүрэн боломжтой хэмээн дүгнэн бичицгээж байна.
Чайналкотой хийхээр амласан гэрээнээс буцсаны торгуульд Рио 195 сая долларыг төлөх болж байгаа хэдий ч Би Эйч Пи-тэй тэнцүү хэмжээгээр
буюу 50:50-ийн харьцаагаар хувь нийлүүлсэн хамтарсан компани байгуулж Баруун
Австрали дахь Пилбара орчмын уул уурхайн орд газруудыг Чайналкотой хамтран
ашиглахаар (гомдлыг нь тайлах зорилгоор гэж хараад байгаа) бэлтгэл
ажлаа В төлөвлөгөө маягаар боловсруулаад эхний үйлдлээ хийгээд эхэлсэн
бололтой. Эдгээр зарчмын нөхцлүүдийг харилцан зөвшөөрсөн Санамж бичигт гарын
үсэг зурсанаа хоёр тал нийтэд зарлаад байна. Эдгээр бүхий өөрчлөлттэй
холбоотойгоор Рио-ийн гүйцэтгэх удирдлага болон захирлуудын зөвлөлийн
бүрэлдэхүүнд нилээд өөрчлөлт гарахаар шинжтэй болж байна.
Харин Рио ба Би Эйч Пи-ийн
нэгдэлтэй холбоотойгоор дэлхийн ган үйлдвэрлэлийн гигантууд эсэргүүцлээ шууд
илэрхийлж эхэлсэн бөгөөд түүхий эдийн монополь байдал олон улсын зах зээл дээр
үүсч байна хэмээн Хятад, Япон, Солонгос, Европын эцсийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэгч нар мэдэгдэл хийгээд байна. Учир нь дэлхийн 2 ба 3 дахь
төмрийн хүдэр боловсруулагч гигантууд Баруун Австрали дах Пилбара орчмийн
ордуудыг ашиглах зорилгоор хоорондоо нэгдэж байгаа нь 2004-2008 оны
хооронд үүссэн үнийн огцом өсөлтийг авч ирнэ хэмээх болгоомжилж буй. Рио, Би
Эйч Пи болон Бразилийн Вэйл Эс Ай гэсэн 3 компани л дэлхийн төмрийн хүдрийн
экспортын 75 хувийг дангаараа атгадаг бөгөөд одоо Рио, Би Эйч Пи хоёр хоорондоо
нэгдэнгүүд энэхүү монопольчлол улам чангарна хэмээн импортлогч нар түгшиж
дургүйцэж байгаа нь зүйн хэрэг. Энэхүү нэгдэх үйл явцыг хоёр компани дээрээс
харж байсан бөгөөд одоо л чухам үйлдэл хийх боломж нь гарч буй аж. Хоорондоо
нэгдсэнээр хоёр аварга маань бие биенийхээ дэд бүтэц болох төмөр зам, усан
тээврийн зогсоолуудаа харилцан ашиглах болж байгаа бөгөөд үүний үр дүнд Би Эйч
Пи олборлолтоо 150-с 170 сая тонн болж өсгөж байгаа бол Рио 200-с 170 сая
тонн болж бууруулж байгаа юм. Үүний тулд Би Эйч Пи Риод 6 тэрбум
долларыг төлөхөөр нэгэнтээ тохиролцжээ. Гэсэн хэдий ч энэ нь нэмэгдэхүүний
байрыг өөрчилсөн нь нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэж бусад улсууд эгдүүцэж
байна. Харин Австралийн улстөрчид Хятадын коммунистуудтай газрын баялгаа
хуваалцахгүй боллоо хэмээн сэтгэл хангалуун маадайж эхэлжээ. Тэд өөрсдийн байр
сууриа Австрали улсын гадаадын хөрөнгө оруулалтын агентлагаар дамжуулан
илэрхийлж хэрэгжүүлсэн юм.
Уул уурхайн үнийн өсөлт
бууралтаас шалтгаалан том үйлдвэрүүд зардлын удирдлага дээрээ түлхүү анхаарч
эхлээд байна. Үнийн өсөлтийн үед олборлолт, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх нь зүйн
хэрэг боловч энэ нь нөгөө талаасаа үйл ажиллагааны зардал, тэр дундаа шатах,
тослох материал, хүн хүчний зардлыг эрс өсгөж байдаг. Энэхүү баланс нь алдагдаж
ашигт нөлөөлж эхэлмэгц компаниуд зардлаа багасгахын тулд уурхайнуудаа хааж,
шинэ төслүүд рүү орохоо зогсоож байна. McKinsey хэмээх зөвлөх компанийн шинжээч
нарын үзэж байгаагаар энэ жил уул уурхайн салбарын нийт хөрөнгө оруулалт 62 тэрбум доллар байгаа нь өнгөрсөн жилийнхээс хоёр дахин бага байгаа
бөгөөд 2010 онд үүнээс ч багасах болно гэж үзэж байна. Иймээс том компаниуд ойрын
үед шинэ төслүүд рүү орох сонирхолгүй байгаа нь илт мэдрэгдэж байгаа бөгөөд энэ
бүх том бүтцийн өөрчлөлт, глобаль өөрчлөлтөнд нь Монгол дахь Би Эйч Пи-ийн
салбар “өртөж” үүдээ хаасан байж болох талтай. Магадгүй Хятадуудын гомдлыг
тайлахын тулд Монголын зах зээлийг найр тавин өгч байж ч болох юм бүр
цаагуураа. Хэн мэдлээ! Нөгөө талаасаа харилцан зөвшилцөлд хүрч чадахгүй хүнд хэлэлцээр
хийж, том эрсдэл үүрэхгүйн тулд Монгол, Конго, Гивенэй зэрэг улсууд дахь
бизнесийн боломжийг хаяж ч болох нөхцөл цаагуураа үүсээд байгаа юм шиг Рио, Би
Эйч Пи хоёрын хувьд. Ийм тохиолдол үүсвэл бизнес огт зогсохгүй дэлхийн том
гигантуудын оронд дараагийн зиндааны буюу арай бага түвшиний тоглогч нар,
магадгүй хэн ч мэдэхгүй “нэг гар” хүссэн хүсээгүй орж ирнэ. Ингэснээр
бүтээгдэхүүний өртөг улам өсөх магадлалтайгаас гадна Монголын хувьд хоёр
толгойгоос олж болох байсан ашиг нь эрс буурах аюултай байж болохоор.
1,3 гаруй тэрбум хүнтэй, дэлхийн хамгийн олон цэрэг бүхий нүсэр
армитай Хятад улсын хувьд уул уурхайн энэхүү бужигнаан, металь, түүхий эдийн
үнийн хэлбэлзэл нь яах аргагүй тэргүүн зэргийн ач холбогдолтой зүйл нь
ойлгомжтой. Хятад улс сүүлийн 25 жилийг хүнд, хөнгөн үйлдвэрийг
хөгжүүлэхэд түлхүү анхаарч ирсэн бөгөөд одоо эдгээр хэдэн мянган үйлдвэрүүд нь
түүхий эдгүй, эсвэл маш өндөр үнэ бүхий түүхий эдээр ямар ч ашиггүй ажиллах
аюултай тулгараад байна. Иймээс Хятадын засгийн газар, том компаниуд нь түүхий
эдийн үнэ буурч байгаа үед маш их хэмжээний худалдан авалтийг хийж эхэлж байгаа
бөгөөд энэ нь 2009 онд Ази тивийн хөрөнгө оруулалтын банкуудын гол үйл ажиллагаа нь байлаа.
Түүнчлэн түүхий эдийн нөөцийг тогтмол хэмжээнд барьж үнэ өссөн үед дэлхийн зах
зээлд түүхий эдээ зарж үнийн бодлогод шууд оролцож эхлээд байна. Хямралын үеийн
энэхүү цаг үед хамгийн их мөнгөтэй улс бол яах аргагүй Хятад улс байсаар л
байна. Тийм ч учраас дэлхийн бараг бүхий л улс орнууд Хятадаас болгоомжилж
стратегийн ордууд, үйлдвэрийн газруудаа мөнгийг нь бодоод шууд зарчихаж
чадахгүй “шийрэгнэж” байна. Улс орны язгуур эрх ашиг, ирээдүйгээ бодвол энэ ч
зөв мэт боловч цэвэр бизнес гэдэг утгаар харахад бас их төвөгтэй. Одоо Хятадууд
мөнгөөр бүх юмыг шийдэж болохгүй ойлгоод байгалийн баялаг ихтэй улсуудтай бараг
бартер маягийн гэрээг хийж эхлээд байгаа нь сонирхолтой дүр зураг юм. Жишээ нь,
Бразил, Оросод мөнгө зээлээд оронд түүхий нефть авах гэх мэт. Иймээс Хятад
гүрэн байгалийн баялаг, түүхий эдийн үндэстэн дамнасан бизнес рүү өмнө
байгаагүйгээр түрэмгий орж, байж болох бүхий л боломжийг алдахгүй ажиллах болно
гэдэг нь илтэд мэдрэгдэж байна. Баталгаа нь зөвхөн 2008 онд Хятад 51,1 тэрбум долларыг гадаад хөрөнгө оруулалтанд зарцуулсанаас 31,3 тэрбум
нь буюу 60 гаруй хувь нь байгалийн баялаг, түүхий эдийн шууд хөрөнгө оруулалт
байна. Харин 2009 онд 12,3 тэрбумийг шууд уул уурхай, байгалийн баялагийн салбарт гадагшаа
хөрөнгө оруулалт нийт нийт хөрөнгө оруулалтанд байгалийн баялагийн эзлэх хувийн
жинг 98 хувь болгох таамаглалыг Dealogic институци гаргаад байгаа нь
Монгол улсын хувьд анхаарахгүй байхыг аргагүй зүйл бөлгөө.
Ямар ч бизнес хэдий чинээ
глобаль болно төдий чинээ улс төрийн нөлөө орж ирж байгааг та бүхэн мэдэрч,
харж байгаа байх. Ийнхүү олон улсын компаниуд Хятадын төрийн өмчит, төрийн
бүрэн мэдлийн компаниудтай харьцахаас зайлсхийж байгааг Хятадууд соргогоор
анзаарч олон улсын зах зээлд танигдсан компаниудад багахан шиг хөрөнгө оруулж,
цаад утгаараа энэ мэтийн компаниудаар дамжуулан нөгөө зугтаад байгаа
гигантуудтай харьцахаар үзээд байх шиг байгаа юм. Үүний сонгодог жишээ нь,
Хятадын хамгийн том эрчим хүчний компани болох Петро Чайна нь Сингапур
Петролиумд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж 45 хувийг
нь эзэмших болсон явдал. Энэхүү дүр зургийг олон улсын шинжээчид, ялангуяа The Economist-ийн аналистууд “Sino-Trojan
Horse” буюу Сингапурчууд Хятадуудын
халхавч болж байна хэмээн дүгнэж байгаа бөгөөд үнэхээр ч Петро Чайна нь
төрийнхөө мэдлээс гараагүй цагт энэ хэллэг туйлын үнэн байх өндөр магадлалтай.
Дэлхий даяар шуугиулж байгаа Чайналко-ийн хэлцэлд Австралийн гадаадын хөрөнгө
оруулалтын хороо 6-р сарын 14-нд албан ёсоор хариу өгөх бөгөөд энэ хариу эерэг гарсан ч Рио-ийн хувь
нийлүүлэгч нар 7 сарын дундуур болох хурлаараа эцэслэн шийдвэрлэх юм байна. Энэ
асуудал нь Хятад, Австрали улсуудын улс төр, гадаад харилцаанд асар том
зөрчилдөөн нэгэнт үүсгээд амжжээ. Энэхүү түүх нь 2005 онд Хятадуудын төрийн өмчийн CNOOC компани Америкийн UNOCAL-р дамжуулан
АНУ-д оруулах гэж байсан хөрөнгө оруулалтын бүтэлгүй түүхтэй яг ижил өрнөж
байна. Хятад улсын хувьд үйлдвэрлэгч ба хэрэглэгч нэгэн зэрэг байхыг хүсч
байгаа нь яах аргагүй хамгийн том стратеги, тоглоомын дүрэм нь хэмээн харагдаж
байна. Яагаад ч буруутгах аргагүй.
Харин манай улсын дэд
бүтэц, уул уурхайн төслүүдийн зах зээлийн багтаамжийг барагцаалж үзвэл 930 сая тонн зэс, 236 тонн алтны нөөц бүхий
алдарт Оюу толгойн орд, нүүрсний Таван толгойн орд, Транс Сибирийн
паралель төмөр зам, Монголын Иргэний Агаарын Тээврийн хувьчлал, шинэ баригдах
онгоцны буудал, Монголын баруун хязгаараас зүүн хязгаар руу шинээр
нэмж тавих 1550 км хар зам, дагалдах
эрчим хүчний төслүүдийг
тооцвол ирэх 15 жилд нийт 29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа юм. Эдгээрийг дотоодоосоо санхүүжүүлэх ямар ч боломж бидэнд одоогоор
байхгүй. Хэсэгчлэн санхүүжүүлсэн ч гэсэн дотоодын банкуудын төгрөгийн эх үүсвэрийн зардал
нь жилийн 16 хувь бөгөөд дээр дурдсан том төслүүдийн хувьд эх үүсвэр нь дэндүү
өндөр өртөгтэй болох юм. Яг өнөөдрийн
байдлаар Монголын банкны салбарын хэмжээний чанаргүй зээлийн 10 хувьд хүрч байгаа нь байдал болон боломж ямар байгааг баталж баймой.
Иймээс зайлшгүй гадаадын нэр
хүнд бүхий хөрөнгө оруулалтын банкууд, үндэстэн дамнасан корпорациуд ба хувийн
том хэмжээний бизнес эрхлэгч нар Монгол улсыг сонирхон, энэхүү төслүүд дээр
хэлцэл хийх шатанд оролцохоос өөр
аргагүй. Асар их мөнгөтэй Хятад улс өндөр хөгжилтэй орнуудад хөрөнгө
оруулж чадахгүй байна, одоо тэр мөнгийг хаана эргэлдүүлэх вэ гэдэг маш том
асуултын тэмдэг дэлхий даяар хэсч баймой. Магадгүй Энэтхэг, Африк руу цутгах уу? Магадгүй
Монгол руу юу? Харин Монголчууд бид оруулах уу, үгүй юу гэдгийг бултаараа шийдэх
болох нь дээ тэр үед нь та бид! Бид ч юу байх вээ, эрхэм гишүүд, дарга нар гэх гэж байлаа.
Tuesday, 2 June 2009
Think again!
Дор бүрнээ сайтар эргэцүүлнэ үү!
Саяхан National Geographic Channel үзэж суутал энэхүү реклам гарч байна аа. Та, чи, бид бүгд төрсөн өдрөө баяр хөөр болгон тэмдэглэж байхад дэлхий дээр 17 сая хүн яг ижил өдөр төрснөө “мэдэлгүй” энд тэнд тэмдэглэн цэнгэн хөгжилдөж, тэр хэмжээгээр найзууд нь “шатаж” байдаг юм байна. Арван жилийн сургуульдаа хүн дунджаар 17 орчим дотны найзтай болдог бол 40 настайдаа тэднээс 2 нь л найз гэж дуудагдан, эсвэл чамайг тэгж дуудан үлдвэл их юм гэнэ.
Хүн төрснөөсөө насан эцэслэх хүртлээ (Дунд нь машинд дайруулж, хачигтай алим идчихгүй л бол шүү дээ) үсээ засуулахгүй байдаг байсан бол дунджаар 950 км урт ширэлзсэн үстэй байх байсан байна (Толгойны үс шүү!!! Орчуулагч). Аливаа хүн өдөрт дунджаар 18 удаа инээдэг гэнэ. Монгол хүний хувьд энэ статистик эсрэгээрээ уур гэсэн “төрөл жанраар” гарах магадлалтай л юм. За тэгээд хүн амьдралынхаа туршид дэлхийг 3 удаа тойрсонтой тэнцэх хэмжээний газрыг алхаж, хоёр зээрдээ ашигладаг юм байна. Орц, биш ээ, хаус эсвэл харшийн хаалга гэж томъёолох нь зөв юм байна, өмнөөс оффисийн үүд хүртлээ машинаар хүргүүлдэг дарга нарын хувьд энэ бол мэдээж шал өмнөө статистик бөлгөө. Харин санаандгүй цахилгаанд цохиулж чад хийх магадлал дэлхийн 6,7 тэрбум хүнд 10.000 тутамд нэг тохиолддог нигууртай бурханы зурсан зураг нь юм байна.
Нэгж хүмүүн дунджаар 30 тонн хоол, 9.000 аяга кофег амьдралынхаа туршид идэж, ууж тэр орчим хэмжээний өтгөн, шингэн ялгадсыг “дотооддоо үйлдвэрлэн татваргүй гадагш экспортолж” үүнийхээ төлөө амьдралынхаа 3 жилийг 00-ийн өрөөнд үддэг хэмээжээ. Хүн амьдралынхаа бүхэл бүтэн 20 жилийг унтаж (Зүгээр л унтаж шүү! Секс биш! Орчуулагч), 10 жилийг ажлын байран дээрээ, 7 сарыг замын түгжрэлд (Хувийн машин байх албагүй. Автобус, микро гэсэн төсөөллүүд орно), 2.5 сарыг утсаар ярьж (Мессеж бичих цагийг нарийн тооцоогүй юм шиг байгаа юм), 12 жилийг телевизор үзэж, 19 өдрийг харин телевизорийнхоо удирдлагыг хайж өнгөрөөдөг юм байна аа. Хүн өөрийн амьдралын 1/5 буюу дөнгөж 20 орчим хувийг л эх дэлхий, нийгэм, гэр бүлийн хувьд идэвхтэй өнгөрөөдөг юм байна. Арай ч дээ!!!
Өөрөөр хэлбэл та бид дунджаар (2007 оны мэдээгээр Монгол хүний дундаж наслалт 66 байсан) 70 жил амьдарна хэмээн сайрхавал (Хотын утаа, хортой хүнс, хориотой спирт, хөлдүү жолооч, хэмхэрхий машин, онгоц энээ тэрээ нар нь л “цагаас өмнө” аваад явчихгүй бол шүү дээ) 25 настай галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй залуусын хувьд дэлхийтэй, бусадтайгаа “биетээр” харьцаж, харилцаж, хүрэлцэж, шүргэлцэж, мэдрэлцэж амьдрахад, энэ дэлхийн иргэн гэдгээ бусаддаа харуулахад ердөө л 9 жил үлдчихсэн байх юм. Эрчүүдийн хувьд 70 ч хүрэхгүй “жанч халах” магадлалыг би энд огт тооцоогүй байна шүү. Ер нь 80 болон 70-аад оны хүмүүсээр жишээ авахаа болъё. Тэгэж хүмүүсийн толгой дахь цагаан үсний тоог нь нэмээд юу хийх вэ. Энэхүү томъёоллоор бол бараг эрүү өвдөг нь нийлсэн хүмүүс болох гээд байна. Гэхдээ хийж бүтээе гэвэл жил байтугай минут ч багадахгүй гэдгийг л бултаараа ухамсарлаж бие биенийхээ цагийг хэмлэхгүй амьдрах юмсан. Бие биендээ бэлэглэх сайхан инээмсэглэл, дотно үгс (Мэдээж хэт янаг биш!), эерэг буюу цагаан энерги та бидний насыг уртасгаад зогсохгүй байгаль ээжийн хүүхдүүд гэдгийг улам их мэдрүүлнэ гэдгийг эрхэм та надаар эс хэлүүлэх буй заа.
За ингэхэд танд одоо юу бодогдож байх юм? Think again!
Subscribe to:
Posts (Atom)