Monday, 14 September 2009

Japan

Views

Япон Улс

Япон улс нь номхон далайд харъяалагдах арал улс агаад Хятад, Орос, Солонгос улсуудтай тэнгисээр хил хийн бөөр залган орших авай. Тус улс нь нийт 6.800 ширхэг арлаас бүрддэг гэдгийг та бүхэн мэдсэн үү. Гэхдээ эдгээрээс 340 нь л 1 километрээс урт бөгөөд Хоккайдо, Хоншю, Шикокү, Кюшү гэсэн энэ 4 арал нь нийт газар нутгийн 99,37%-ийг эзэгнэнхэн орших бөлгөө. Ер нь бол сайхан уулархаг нутаг байх шиг санагдсан хэдий ч хүмүүс нь тал газар амьдрахыг эрхэмлэдэг юм уу даа. Учир нь газар тариалан, тээвэр, холбоо гэхээр уулархаг газар зардал өндөр гардаг бололтой. Мэдээж хамгийн алдартай уул нь Фүжи хайрхан. Энэ нэр нь ч Японд их түгээмэл юм. Арал улс болохоор тэр байх, газар хөдлөлт, галт уул, хар салхи гэсэн гамшигууд энд байна аа. Гэхдээ ихэнх барилгууд нь хир баргийн газар хөдлөлтийг торохгүй давна гээд бараг бассан маягтай бидэнд ярих нь бахархалтай. Хүн амын тоогоор дэлхийд эхний аравт орох бөгөөд 2003 оны тооллогоор нь 127,5 сая хүн тоологдсон нь нэг км.квадрат талбайд бараг 350 орчим хүн амьдрах нигууртай аж. Ийм ч учраас энэ улсад хүн ард нь талаар нэг тарж биш тэнгэр өөд баганадан амьдарч байхуй. Миний оюутны байрны өрөө нь хаа хаашаа 4 алхам байх юм аа. 00-ийн өрөө нь онгоцны 00 шиг л надад санагдаад болдоггүй. Нилээд гүзээ суусан Монгол дарга ирвэл 00-д нь эргэхийн тулд яах аргагүй буяны таргаа хасахаас өөр аргагүй юм билээ. Энэ өрөө нь Токио хавийн зарим оюутны байруудаас харин ч том байна гэсэн шүү бурхан минь. Токио, Осака, Нагоя, Ёокохама, Саппоро, Кобэ, Кёото, Фукуока, Кавасаки, Хирошима, Китакюшү, Сэндай хотууд нь метрополитан буюу 1 саяас олон хүн амтай гол суурин газрууд нь байгаад байх шиг байгаа юм. Хүн амын масс хөгшрөлт маш том асуудал болж байгаа нь илт анзаарагдаж байна. Наритагаас Токио орох замд зэрвэс ажвал азийн бусад хотуудаас нэг их ялгарах юмгүй санагдсан хэдий ч булан тохойг нь гүйцэд үзэж амжаагүй байж өмнөө дүгнэлт хийж байвал өршөөнө буй заа. Хүмүүсийн захиж хэлсэнчлэн анхнаасаа би бүх юм нь гял цал улс байх гэж бодож байсан хэдий ч Сеүл, Сидней, Сингапур, Бангкок, Тайпэй, Шанхай, Хонг Конг зэрэг хотуудаас тэгтлээ тасарчихсан гэж хэлж боломгүй л байна одоогоор бол. Токио хот нь 1868 оноос эхлэн албан ёсны нийслэл гэж цоллуулж эхэлсэн юм билээ. Газарзүйн байршлаасаа болж энд их эрт нар мандаж эрт харанхуй болох юм. Тийм ч учраас Наран улс хэмээн бид цоллодог байх нь.

Энэхүү улс нь ардчилсан засаглалтай, парламентийн хоёр танхимтай агаад үе дамжин ирсэн эзэн хаантай. Хаан нь одоо үндсэндээ бэлэгдлийн шинжтэй болсон юмуу даа. Яг өдийд Юкио Хатояама (Yukio Hatoyama) хэмээх эр энд ид од болж байна. The Nikkei Weekly” сонинд бичсэнээр бол тэрээр Японы ардчилсан намын дарга бөгөөд саяны болж өнгөрсөн парламентийн сонгуульд гайхалтай ялалт байгуулж 1955 оноос хойш парламентийг эзэгнэж байсан Либерал ардчилсан намыг номхруулж дөнгөснөөрөө Японы Обама хэмээн өргөмжлөгдөж буй аж. Ялсан намын мөрийн хөтөлбөрт ахлах сургуулиас доош насны бүх хүүхдэд сар бүр 26.000 иен (390.000 орчим төгрөг) өгнө гэсэн зүйлс байсан. Магадгүй иймэрхүү амлалтууд нь ялалтын гол үндэс нь ч байж болох юм. Энэ эрийн намтрыг цухас сонирхсон чинь чухам л элит гэр бүл гэдгийн сонгодог жишээ байх ажгуу. Өдгөө 62 насны сүүдэр тухайлсан энэ хүн Японы ардчилсан намыг үндэслэгч нарын нэг төдийгүй түүний өвөө нь ерөнхий сайд, аав нь Гадаад харилцааны сайд, ах нь Дотоод явдал, харилцаа холбооны сайд байсан юм билээ. Америкийн Кеннедигийн гэр бүлтэй төстэй “загвартай” гэж хэлж болохоор. Нөхцөл байдал ямар байгааг, хэнтэй ярьж байгааг үл тоон хэлэх гэсэн юмаа шулуухан хэлдгээрээ Японы улс төрд алдартай бөгөөд сонгуульд ялсаныхаа дараахан “Япон улс АНУ-ын түүчээлсэн эдийн засгийн салхинд хэт их намирч байна” хэмээн шулуухан мэдэгдэл The New York Times-д өгөөд амжсан гэж байгаа. Энэ өгүүлбэрийг би өөрийнхөөрөө Монгол руу буулгамар аядсан шүү. Буруу зөрүү байх вий. Англиар the Japanese economy has been buffeted by the winds of market fundamentalism in a U.S.-led movement гэж мань эр хэлсэн байна лээ. Нялуунаас шулуун нь дээр гэдэг зарчмыг би өөрөө ч бас баримталдаг тул 9-р сарын 16-нд Япон улсын ерөнхий сайдын сэнтийд албан ёсоор залрах энэхүү эрхэмд амжилт хүсье ээ гэж. Энэ улсын англи хэл дээр гардаг сонингуудыг цухас гарчиглахад үнэхээр мэргэжлийн түвшинд, сэдэв, жанраараа дагнасан, тусгай колумнист буюу шинжээчид голлон байдаг юм байна. Уншихад урамтай гэж. Монголынхоо өдөр тутмын аж үйлдвэр, нийгмийн салбараар мэргэшин ажиллаж буй сэтгүүлч нарыг энд хэдэн сарын дадлага хийлгэх юмсан. Ямар их эерэг өөрчлөлт, шинэчлэлийг хэвлэлээр дамжуулан нийгэмд гаргаж чадах бол оо.

Эдийн засгийн хувьд дэлхийд тэргүүлэх агаад тэр чинээгээрээ дэлхийн ээжийн үүрэг гүйцэтгэж хөгжиж буй орнуудад асар их хэмжээний тусламж үзүүлдэг. Зөвхөн 1999 онд 15,32 тэрбум ам.долларыг гадагшаагаа тусламжаар цацсан гэнэ. Эсрэг нэг мэдээлэл нь алив нэг хөгжиж буй улсад үзүүлж буй мөнгөн тусламжийн тодорхой хувь нь маргааш нь гэхэд Швейцарийн банк руу шилжүүлэг болон ордог гэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргагч, эрх баригч нарын дундаас нь идэж буй мөнгө. Энэ мэдээллийн эх сурвалжийг мартсан байна. Ямар ч байсан олон улсын нэг байгууллагын хийсэн судалгааг эртээд интернэт дээрээс яг харж байсан юм шүү. 1868 он буюу Мэйжигийн үеэс эхлэн Япон улс нь гадаад харилцаагаа чөлөөтэй болгосноор бусад улстай, ялангуяа барууны улсуудтай нягт холилдож эхэлсэн байна. Яг энэ түүхийн сонгодог жишээ нь Том Круизийн тоглосон “Сүүлчийн самурай” кино юм даа. Уламжлалт өв заншил, соёл урлаг, харилцаа нь Ёокохама хотын боомтоор орж ирж буй барууны соёлтой хэрхэн зөрчилдөж буйг гайхмаар сайхан харуулсан кино. Ер нь бол анх энэ улсыг барууны улсад мэдүүлсэн хүн нь Марко Поло гэдэг юм билээ. Өдгөө Япон улс нь дундаж наслалт ба дээд боловсролын багш, оюутны зохистой харьцаа, автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийд 1-д, ДНБ, бусад улсад үзүүлж буй зээл, буцалтгүй тусламж, өдөр тутмын сонингийн эргэлт, тоо, цөмийн эрчим хүч үйлдвэрлэлээрээ дэлхийд 2-т тус тус орж буй хүчирхэг гүрэн ажээ. Өдийд энэ улсад байгаль дэлхийд ээлтэй технологи моод болж өнгөрөөд өдөр тутмын хэрэглээ болсон байна. Жишээ нь, Токиогийн их сургуулийн хуучин ерөнхийлөгч саяхан өөрийн хаусны дээврээ тэр чигээр нь нарны цахилгаан эх үүсвэр болгож үүндээ 4 сая иен зарцуулсан тухай The Nikkei Weekly сэтгүүлд бичсэн байна. Японд буй бүх машинуудыг цахилгаан хөдөлгүүртэй болгосон ч агаарт ялгаруулж буй хорт хийг дөнгөж 10%-р л бууруулах боломжтойг эд нар судлаад гаргасан байна.

Хоолны хувьд буурцаг буюу miso шөл ба будааны хүүхэд болох шинжтэй. Шингэц сайтайгаас гадна хурдан хугацаанд хийж болдог амар хоол юм. Сакэ нь Солонгост байдаг сөөжүүг бодвол арай үнэтэй юм. Гэхдээ “чанар”-ын хувьд ялгааг нь үл мэдрэв. Асахи пиво нь харин их таалагдаад байгаа. Энэ зурган дээр байгаа манай оюутны байрны хажууд байдаг дэлгүүрээс ойр зуурын юмаа яарсан үедээ аваад байгаа. Япон нь халуун рашаан, саунаараа их алдартай юм. Манай сургуулийн 50 өөр улсаас ирсэн 50 оюутан нэгэн зэрэг саунд орж энэ үзүүлэлтээрээ Гиннесийн номонд бичигдсэн юм байна. Гэрчилгээ нь оюутны хоолны газарт өлгөөтэй байна билээ. Спортоор бараг хүн болгон хичээллэх юм. Спортын олон клубууд сургууль дээр байгаагаас би айдо буюу богино хугацаанд илд гаргаж наадах, мөн кэндо, амжвал иогийн клубд нь явах санаа төрөөд сачийгаа мэдэхгүй суугаад байна. Өчигдөр айдо заалган модон илдээр наадаж буй Канад оюутныг харсан чинь их сайхан мэдрэмж төрсөн. Тэр Япон багшид нь нэг ойрмогхон очиж шавь орох санаа буй. Миний байгаа газарт өвөл цас их унадаг тул цанын баазууд эргэн тойрон зөндөө байдаг юм гэсэн. Сургуулиас цана, чарга, цанын боард аваад явж болох юм билээ. Ер нь бол нилээд уулархаг газар тул ой мод ихтэй дээрээс нь уул, үүл холилдон буй байгалийн сайхан зураг дунд хэсэг ном нүдэх болсон нь сайхан л байна. Загас мэдээж гол хоолны орц. Одоогийн байдлаар бараг 400.000 ширхэг хөргөгчөөр тоноглогдсон загас агнуурын хөлөг онгоцууд нь жил бүр ойролцоогоор 6 сая гаран тонн загас барьдаг ч энэ нь хаанаа ч хүрэхгүй дахиад гадны улсуудаас загас импортолдог юм байна. Бусад улсууд хэлээд, хориглоод байхад халим агнаад байдаг нь жаахан тоогүй. Тэр том сайхан амьтныг алаад, өвчөөд байгааг нь харахаар үнэхээр муухай юм билээ.

Тээврийн хувьд эд нар дугуйнаас авахуулаад шинкансэн хэмээх хурдан галт тэргээр зорчих ажгуу. Дэд бүтцийн хөгжлийг нь ганц жишээгээр хэлье. 1 км.квадрат талбайд 3 км авто болон төмөр замтай гэнэ. Токиогоос шинкансэнд суугаад оюутны хотхон руугаа ирж байх зуур галт тэргэн дотор байх явуулын дэлгүүрийн каталогийг үзээд л энэ улсын хөгжлийг шууд дүгнэж болох санагдсан. Тэр зарж байгаа юмнууд нь хүний нарийн, бүдүүн бүхий л хэрэгцээ, тав тухыг хангахын төлөө хийгдсэн зүйлс байгаа нь гайхалтай. Жишээ нь, хэвтэж байгаад ном, сонин уншихад зориулсан тавиур, цамцаа дотуураа хийгээд өмд өмсөхөөр цамц хааяа гадуур гараад, хөдлөөд байдгийг болиулах бүс маягийн юм, таяг ба шүхэр хоёрын “эрлийз”, зөв унтахад зориулсан дэр, тэвэрч унтдаг чихмэл маягийн юм, нүдээ ойр ойрхон анивчдаг хүнд зориулсан тусгай мэдрэгчтэй нүдний шил, дугуй унаад явж байх зуур зураг авах зориулалттай камер гэх мэтчилэн.

Японд ирээд шууд анзаарагдсан, их амар санагдсан зүйл бол хүмүүс нь шүлс, нус, цэрээ хаяна гэсэн ойлголт байхгүй. Улаанбаатарт байхад ёстой үгээ хэлээд л гудамжаар явдаг даа. Өөдөөс ирж байгаа хүн ках ках гээд л улаан хоолой, гавлын ясан доторх бүхий л нунжгай шингэнээ аман дотроо цуглуулж цуглуулж пүд хийтэл урд хаях нь ямар жигшмээр гээч. Ялангуяа хүүхэд шуухадтай явж байгаа, мөн элдэв халдварт өвчин гараад байгаа энэ үед бусдын хажууд гаргаж боломгүй үйлдэл байхаар. Та нар Улаанбаатарын гудамжаар явангаа ажиглаад үзээрэй. Өөдөөс чинь болон зөрж өнгөрч буй хүмүүсийн талаас илүү нь хажууд чинь пад пад хийтэл шүлсээ хаяж, хурууныхаа өндгөөр хамрын үзүүрээ жаахан дээшлүүлж байгаад машид сурамгай нусаа хийх бий вий. Тэр нус мус нь ямар ч бэлэн хамрын үзүүр дээр нь байдаг юм. Энэ зүйл бол яах аргагүй бидний нийтлэг муу зуршлуудын нэг юм даа. Гадаад орчин нь сайхан болоод эхлэхээр хүмүүс энэ муу дадлаа хаях биз ээ. Дараагийн нэг онцлох ёстой зүйл бол хогийг ялгаж хаяхаас гадна том хэмжээний хог хаях, хуучин тавилга, эд хогшлоо шинэчлэх бол зүгээр гудамжинд гаргаж хаяж болохгүй мөнгө төлж байж хаях юм. Жишээ нь ТВ ба хөргөгч хаях бол тус бүр 4.000 иен (60.000 орчим төгрөг), 6.000 иен (90.000 орчим төгрөг). Машин энэ тэр нь бүр үнэтэй болох байх. Өнөөдөр ойр байх жижиг хот руу явж танилцаж, хүнсний юм цуглууллаа. Хэл мэдэхгүй хүний лай нь ёстой гарах юм. Элсэн чихэр, давсаа дэлгүүрт нь ялгаж чадахгүй болохоор уур ч хүрэх шиг. Нялх хүүхдүүд бүх юмыг ам руугаа хийж амталж хорвоотой танилцдаг бол япон хэлгүй миний бие бараг бүх юмыг хамартаа ойртуулж үнэрлэж л “хэл нэвтрэлцэж” өнгөрлөө дэлгүүрт нь. Гараад алхаж байгаад маш сайхан цэцэрлэгт хүрээлэн, сүм хийдийн цогцолборт орсон юм. Сонирхон цаашаа явтал “ариун ус” маягийн булаг, ус уух зориулалттай бололтой модон шанага, аяга байх. Учир мэдэхгүй тул тааж байгаад хутгаад уугаад, толгойгоо норгож сэргэнгээ эргэн тойрноо сайтар анхаартал оршуулгын газар байдаг байгаа. Энэ хүмүүс алив юмыг ингэж л тохижуулж, хүндэтгэж, арчилж явдаг нь үнэхээр биширмээр юм.

Япон хэл сурах гэж элэгийг нь авч байна. Хирагана, катагана, канжи гээд гурван өөр төрлийн үсэг, зурлага хэрэглэх юм энэ “балай” хогнууд чинь. Өнөөдөр багшаасаа яагаад ийм олон төрлийн зурлага хэрэглэдэг юм гэсэн чинь эдгээр нь 6-р зууны үед хятадын ханз үсгээс санаа аваад үүссэн аж. Гэхдээ анх үүсч байхдаа зөвхөн эрчүүд нь катагана, канжи, харин эмэгтэйчүүд нь хирагана хэрэглэдэг байсан, хэрэглэхийг шаарддаг байсан гэнэ лээ. Катагана нь хурц өнцгүүд ихтэй “эршүүд” зурлага бол хирагана нь үүнийг бодвол арай “ормоонтик”, уян зөөлөн зурлага гэж үнэхээр ажиглагдах юм. Миний хувьд катаганаг бичихэд илүү амар санагдсан агаад сараачаад сараачаад явуулаад байгаа. Одоо яаж энэ олон учир нь олдохгүй “эрэгтэй”, “эмэгтэй” 94 зурааснуудыг цээжилнэ ээ золиг гэж. Канжи нь бол бүр 2.000 гаран байдаг гэж байгаа. Японоор цээж бичиг хийж шалгалт өгнө гэж бодохоор л зуу байтугай зарааг зулзагатай нь залгисан юм шиг болоод байх юм. Харин дуудлагын хувьд анги дээр өдөр болгон сайн дурын Япончууд болох орон нутгийн хөгшид, ахлах сургуулийн охид, залуус ирж танхимд бидэнтэй цуг суун яриа, дуудлага дээр их туслах юм. Японд анх ирсэн эхний хэдхэн хоногийн сэтгэгдэл маань нэг иймэрхүү л байх шив дээ. Удахгүй албан ёсны хичээл эхлэхээр маш завгүй болох байх гэж бодон суух ажгуу. Наран улсад Монголчууд бишгүй байдаг бололтой. Удахгүй энэ улс дахь Монголчуудын community-ийн нэг хэсэг болох биз ээ.

Дээр бичсэн тоон мэдээллүүдийг Views of Japan”, ”Student guide to Japan” гарын авлага, The Nikkei Weekly” ба “Japan Plus” сэтгүүлүүд, The Nikkei Weeklyсонингоос авсан болно. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл харах болон мэдээллийг бататгахыг хүсвэл эдгээр эх сурвалжуудыг ухаад үзээрэй. Зурагнуудыг манай сургуулийн Koy ба Tee хэмээх хоёр Тайланд оюутан авсан болно.

7 comments:

smbr said...

Interesting

byambaa said...

блог хаягийг чинь өөрийн блогтоо оруулцан шүү.

их урт бичлэг байнаа. умших гэсэн...

gegeen said...

tokyo ch yostoi yariad baival duusahgui ih yumtai hot shw, kkk.

Unknown said...

Good to hear from you buddy. I dont see you often online...

Buzz me when you are online.

Cheers,

Bayasaa

Anonymous said...

Маш сонирхолтой мэдээлэл байна. Сайн сураад байждээ. Амжилт хүсье!
Туги

Zoloo said...

interesting to read. good luck Vinzo.

3apaa said...

Хэ хэ тэгээд давс чихрээ яаж ялгаж байна? Задлаад амсаад байвал гэрээрээ дүүрэн давс цуглуулах байх даа айн хэхэ.