Monday 7 September 2009

Leaving for Japan

Views

Япон явахаар шийдлээ

Нэгдүгээр курсын оюутан байхад эдийн засгийн онол ордог байсан багш минь хичээлийн жилийн төгсгөлийг хааж бэсрэг яриа өрнүүлж билээ. Хэлэхдээ оюутан болоод та нар нэг жил боллоо. Өнгөрсөн хугацаанд юу хийж амжуулсан бэ, ирэх онд юу хийхээр төлөвлөж байгаа вэ гэж асуухад хариулах хариулт тухайн үед ёстой олдоогүй. Өөрөөр хэлбэл юу ч хийж амжуулаагүй байсан гэсэн үг. Түүнээс хойш эрчимтэйгээр бүхий л зүйлийг амжуулах гэж хичээж, системтэй төлөвлөлт хийх заншихаар мэрийж эхэлсэний үр дүнд дараа жил нь гарын арван хуруунд багтах хариулттай болсон байж билээ. Төгсөх жилээ бузгай хэдэн жааз бүхий шагналын гэрчилгээ, ганц хоёр “төмөр”, талархлын тууз цуглуулж, шагналын мөнгөөрөө голцуу ангийн банди нараа овоо хэдэн “100”-ийн хуушуур, хэдэн халуун сав сүүтэй цайгаар цайлсан тооцоо гарч байсансан. Худалч хүнд бол заримдаа бараг л дараа сарынхаа оюутны амьдралын тарчигхан хэсэг зардлаа удахгүй болох тэр тэр илтгэл, уралдааны шагналаас “босгоно” гэж тооцоолдог байж билээ. “Залуухан” ч байж, “халуухан” ч байж!

Би сурах дуртай. Тэр ч эрчээрээ “хар залуудаа” Австралид МВА хийж, одоо бодоход арай л эртэдсэн гэдгээ ойлгоод байгаа. Тухайн үед олигтой ч ажлын туршлага байхгүй жаахан банди 20-40 жилийн ажлын арвин туршлагатай ахлах менежерүүд, компанийн захирлуудтай хамт нэг баг болон бие даалтын ажлууд хийж, марган мэтгэлцэж байснаа одоо бодохоор сүрдмээр бас ичмээр. Чухам тэр үед л практик мэдлэг, ажлын туршлага гэж үнэлж болшгүй чухал зүйл юм гэдгийг ухаарч эхэлж билээ. Акедемик мэдлэг олж авахад бол асуудал байхгүй, сураад гарахад цаг хугацаа ч нэг их орохгүй. Мөнгө байхад, мөнгө байхгүй бол толгой байхад тэтгэлэг хаанаас л бол хаанаас олдоно. Харин ажлын туршлагын хувьд хамгийн том төлбөр нь цаг хугацаа юм даа яалт үгүй. Ямар ч их мөнгө төлье гэсэн чи маш богино хугацаанд туршлага хуримтлуулна гэдэг юу л бол? Тэр ч утгаараа ер нь гадаадад мастер хийж ирээд Монголдоо болон хувийн амьдралдаа хир ахиц гаргаж чадав, боловсролдоо оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж амжив уу гэж өөрөөсөө асууж үзлээ. Боломжийн боловч чамлалттай буюу үүнээс дээр байж болохоор л байлаа гэдэг хариулт гарч ирж байна. Хамгийн гол нь сайн баг, сайхан хамт олны оломгүй их хүчээр банкны салбарт гарын арван хуруунд элбэгхэн багтах шинэ бүтээгдэхүүнүүдийг Монголдоо анхдагч болж гарган нутагшуулж, маркетингийн нижгээд шийдлүүдийг хэрэгжүүлэн, хэд хэдэн олон улсын зөвлөгөөн, эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавихчаан аяджээ. Түүнчлэн хэдэн төрийн бус байгууллага, клубт элсэн, заримыг нь сэтгэл нийлсэн нөхөдтэйгээ хамтран байгуулцаж нийгэмдээ идэвхтэй ажиллаж амьдрахыг хирэндээ л эрвийх дэрвийхээрээ хичээсэн аж. Хийж байсан ажлынхаа дээжийг мэдээлэл болгон анхны бичлэгээ болгон блог гэж энэхүү зүйлийг хөтлөн эхэлж, яг одоогоор өөрсдийнх нь хэлснээр шинэ бичлэг бүрийг минь хуруу даран хүлээдэг таван уншигчтай болоод сууж байна. Энэ бүхий л үр дүнд хүрэхэд амархан байгаагүй бөгөөд бүгд хамт олны багийн ажил байсан гэдгийг хэлэх ёстой. Цэвэр Монгол сэтгэлгээ, хандлагыг яаж барууны маягтай хослуулах, байгууллага доторх фракц бүлэглэлүүдийг мэдрэх, хамтрах, хооронд нь тааруулах, хувийн тоглолт ихтэй хүмүүсийг багаар ажиллуулах, хувь хүн бүрийн чадвар, ёс суртахууныг амтлах, хамт ажиллах, мэтгэлцэх, хэрэлдэх, заримдаа ажлын төлөө хоорондоо заамдалцаж ажлын байрныхаа 00 руу орж “поогоо” хийх гэж хүртэл “далдайж” л байлаа. Хамгийн анхны төсөл дээр хэрүүл хийж намайг хүлээн авч байсан анд маань одоо миний хамгийн сайн багийн тоглогч болсон байгаа нь сайхан санагддагаас гадна маш олон сайхан хамт олон, банкны салбарт мэдэгдэхүйц танилын сүлжээтэй болсон юм. Энэ бүх зүйлийг би дэмий нэг өгүүлсэнгүй. Дээрх бүх туршлагыг танд дэлхийн ямар ч том, алдартай их, дээд сургууль чамайг хэдэн арван мянган доллар төлье гэсэн ч өгч чадахгүйд хамаг учир байгаа бөлгөө. Иймээс graduate буюу мастер, доктороо хийх гэж байгаа хүмүүст заавал арвин их ажлын туршлага байхыг шаарддаг нь ийм нигууртай ажгуу.

Голлон ажилласан төслүүд маань ихэвчлэн мэдээллийн технологи, цахим технологийн мэдлэг, мэдээлэл шаардсан ажлууд байсан тул энэ чиглэлээр номын дуу сонсох юмсан гэж ихэд хүсэмжилж “тэчъяадан” явсан бөлгөө. Хааяа ай-ти-гийн залуустай ном хаялцаад мэдэхгүй юм ярьж эхлэхээр нь бизнес санаагаа ойлгуулж чадсангүй гэж гутран өөрийгөө голдог юм. Бараг тохиолдлын шахуу японы нэгэн сургуулийн танилцуулах өдөрлөгт уригдан очоод бодож явсан хүслээ биелүүлэх эхлэлээ тавьсан юм. Сургуулийн дүрэм ёсоор бүхий л шат дамжлагуудыг нь дамжсаны эцэст сургуульд сурах урилга, сургалтын тэтгэлэг авсан минь яалт ч үгүй дээр нуршин дурдаад байгаа ажлын туршлага, бүтэлтэй болон бүтэлгүй болсон төслүүдийн түүхүүд, өөрийн эрхэм зорилгоо илэрхийлж бичсэн хоёр эссэтэй салшгүй холбоотой бөлгөө. Техник, технологиороо дэлхийд тэргүүлэгч улсад энэ чиглэлээр нь мастерын зэрэг хамгаална гэдэг бас ч гэж дажгүй сонголт, хүнд даваа байх болов уу гэж дотроо бодож сорилтыг амтлахаар сонголтоо хийлээ. Хэдийгээр нэг бус хүн дахиж Мастерийн зэрэг авахаар цаг үрэн сурах хэрэг байгаа эсэх, танилтай бол Монголд бүх юм ОК үгүй бол хичнээн мастер хийгээд ч хэрэггүй шүү дээ чин сэтгэлээсээ зөвлөснийг дурдах хэрэгтэй болов уу. Гэсэн хэдий ч тун удахгүй манай нийгмийн масс хэсэг хүмүүсийг танил тал, хамаатан садан биш чадвар, боловсролоор нь үнэлдэг үе ирнэ гэдэгт мунхаг миний бие яагаад ч юм бат итгэлтэй байгаа бөлгөө. Тэртээ тэргүй хүнийг аргалж ажиллуулдаг, хүн аргалж амиа зогоодог хэсэг бүлэг хүний оронцог, хүүхэлдэйн тоглоомууд нь аяндаа зах зээлийн хатуу нугачаанд нухлагдаад, ижил сүргээсээ ялгаран идээшилж эхэлсэн буй.

Миний шалгарч сонгогдон Цахим бизнесийн удирдлагаар мэргэшин мастер цол горилж буй International University of Japan (IUJ) буюу Японы олон улсын их сургууль, энэхүү сургуулийн “бүтээгдэхүүнүүд” нь 2009 онд ажил олгогч нарын шилдэг сонголтоор шалгарсан бөгөөд энэ нь дэлхийн 200 шилдэг бизнесийн сургуулиудыг бизнесийн удирдлагын мастерийн програмаар төгссөн залуусыг ажиллуулж байгаа корпорациудаас авч үнэлсэн үнэлгээ юм байна. Ойрхи дорнодоос эхлэн Энэтхэг, Хятад, АСЕАН-ийн орнуудыг оруулан Австрали тив хүртэлхийг багтаасан энэхүү бүс нутагтаа нэр хүндээрээ 27-д жагсаж байгаа бөгөөд бөгөөд Япон улсдаа 1 номер гэж энд бичсэн байх юм. Энэхүү судалгааг QS хэмээх 1990 онд байгуулагдсан 5 тивд орших 100 гаруй төлөөлөгчидтэй, Лондон, Парис, Сингапур, Аликант, Бээжин, Иохансбург, Сидней, Вашингтонд салбартай дээд боловсролын салбарт дэлхийд тэргүүлэгч медиа, үйл ажиллагаа зохион байгуулагч, мэдээлэл технологийн компани хийсэн, тогтмол хийдэг юм байна. Эдний зохион байгуулдаг the QS World MBA Tour нь их алдартай гэгддэг бөгөөд жил бүр дэлхийн 39 орны 70 хотод нийт 50,000 гаруй МВА хийхээр амбицалж буй шижигнэсэн залуусыг дэлхийн шилдэг сургуулиудтай нүүр тулан уулзуулдаг аж. Түүнчлэн QS компани нь Wharton, NYU, Chicago, INSEAD, LBS, IESE зэрэг дэлхийн 400 гаруй бизнесийн сургуулиуд, Columbia, MIT, Duke, California, LSE, Warwick, Edinburgh, Melbourne, Politecnico di Milano, National University of Singapore зэрэг дэлхийн 180 гаруй их сургуулиуд, Goldman Sachs, Morgan Stanley, AT Kearny, Bain, Eli Lilly, GE, Shell, McKinsey зэрэг 200 гаруй үндсэнтэн дамнасан ажил олгогч корпорациудтай шууд харилцан мэдээлэл солилцон ажилладаг юм байна.

За энэ сургуулийн зэрэглэл, нэр хүнд ч яах вэ. Хурдан очоод сурах, зулгаах юмнуудыг нь бүгдийг нь гүйцээгээд үтэр түргэн буцаж Монголдоо ирэх минь. Монголд орхиод явж байгаа ажлууд, цаг хугацаа, алдагдах боломжийн өртөгүүд маш хайран байна үнэхээр. Өөрт таатай нилээд боломжийг огоорон энэхүү сонголтыг хийлээ. Гэсэн хэдий ч Япон улсын ёс заншил, хөгжлийн хурдацаас амтлаад ирнэ гэдэг тийм ч муу сонголт байх ёсгүй гэж итгэж буй. Саяхан харж нилээд таалсан мэргэн үгээр энэхүү бичлэгийг жаргаая.

A fool's brain digests philosophy into folly, science into superstition, and art into pedantry. Hence University education by George Bernard Shaw (1856-1950)

9 comments:

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Good luck! I believe you'll do great! ;-)

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

АМЖИЛТ

ganga said...

tanai blogiin togtmol unshigch negeer nemegdlee. Olon saihan yum bicheerei, amtarhan unshih bolno.

the quikZ said...

Please keep us posted from Japan. Congratulations on winning the scholarship. Have a good pleasant journey down the education road!

Unknown said...

Hey homie! Heard you made it safely. Good luck! All the best!

Hope i'll see you in Tokyo soon.

Unknown said...

Good luuccckkk :)


Pearle Deppsu

smbr said...

Амжилт!

gegeen said...

hee, ter olon masteriin hereg baigaamuu. yamar tetgeleg genee ho. anddaa amjilt husye daa.

Anonymous said...

hi
tanid bayar hurgeye. Taniig manai surguuli(ICB) tugssun gej sonsoj bsan.
bi 2008 ond ICB tugssun yum.
ICB-iin diplomiig gadaadad yamar surguuliud huleen zuvshuurdug bol ene talaar medeelel uguuch..

Bayarlalaa. Amjilt huseye.