Wednesday, 27 January 2010

Skills or Networking

Чадвар уу, танилын сүлжээ юу?

Хүн ер нь аятайхан амьдарч, сайхан ажилд ороход мэргэжлийн ур чадвар чухал уу, эсвэл танил тал чухал уу гэсэн сонирхолтой сэдвээр саяхан анги дээрээ ярилцав. Турк, АНУ, Японд доктор хүртэлх эрдмийн зэргийг нь хамгаалж, гурван өөр тивд ажиллаж, амьдарч буй Турк профессорын хувьд мэргэжлийн ур чадвар биш танил тал, хүнтэй харилцах чадвар нь чухал гэж байжухуй. Оюутан байхад нь өөрөөс нь хамаагүй “толгой муутай” залуус ижил компанид ажилд орохоор өрсөлдөөд мань эрийг далаар нь цэвэр тавьж байсан агаад учир нь тухайн залуусын эрдмийн ажлыг удирдаж байсан профессорууд нь тухайн компанийн захиралуудтай зузаан харилцаатай байсан ажгуу. Ухаан нь мань эрийн хэлсэн гол санаа нь итгэлцэл бол хүний хамгийн чухал чанар гэх аж. Яг хэлсэн үгээр нь буулгавал “Trust is the most important human factor. It is a human nature”. Мань профессорын хамгийн таалагдсан зүйл нь өөрөө бизнесийн салбарт давхар ажиллаж байсан тул алив онол, жишээг хэлэхдээ академик ба практик аль аль талаас нь асуудлыг хөндөж тайлбарлах аж.

Бид банк бол итгэлцэл дээр тогтдог бизнес гэж их ярьдаг. Энэ нь ч үнэн. Хүмүүсийн хоорондох нөхөрлөл, дотно харьцаа, үерхэл ч үүнтэй агаар нэгэн бөлгөө. Тодорхой хэсэг бүлэг хүмүүстэй тодорхой эрх ашиг, эрх мэдлийн төлөө түр зуур “найзалж” байгаад хаягдсан хүмүүс нь ухаан нь Анод банк шиг “дампуурагдах” (Энэ үгэн дээр passive verb-г Монгол хэлнээ ашиглах гэж оролдов. Утга нь яагаад ч юм минийхээр ингэж буугаад байх юм) юм болов уу. Танилын сүлжээ гэдэг үгний цаана хүмүүсийн итгэлцэл, тэрхүү итгэлцэлийн цаана тухайн хүний арвин их туршлага, амжилттай ажиллаж, амьдарч буй түүх нь байгаа байх. Ухаан нь чадвар уу, танилын сүлжээ юу гэдэг асуултын нөгөө хувилбар нь чадвар уу, ажлын туршлага уу гэж байх болохоор. Жишээ нь, дэлхийн хамгийн алдартай анагаахын их сургуулийг мастер, докторын түвшинд нь хүртэл “улаан” дипломтой хамгаалаад шинэхэн төгсөж ирсэн залуу ба насаараа буюу 40 жилийн туршлагатай мэс заслын эмч хоёрын алинд нь та илүү итгэж эрүүл мэндээ даатгах вэ? Хүмүүс амнаас ам дамжин яригддаг тэр нэгэн настай эмчийг хүмүүс ихэвчлэн сонгохыг эрмэлзэх байх. Шууд сонголт хийхэд амаргүй байгаа биз?  

Профессор өөрийн санаагаа батлахын тулд хэд хэдэн жишээ, судалгаа дурдав. Үүний нэг нь хүмүүс хоорондын гэр бүлийн харилцаа, эсрэг болон эерэг хүйстэнүүдийн үерхэлийг судалбаас дийлэнх хосууд нэгнийгээ сонгохдоо аль арван жил, оюутны ширээнээс гадна ажлын газрын хүн, түүнчлэн найзын найз, найзын найзын найзууд нь байсан байна. Одоо ч иймэрхүү хандлага байгаа байх. Магадгүй найзын найзын найзын найзууд гэсэн дэдийн дэдийн дэд салаа мөчир рүү орж байгаа байх. Америк кинон дээр гараад байдаг Blind Dating нь бүр аргаа барсан үед хэрэглэдэг зүйл үү эсвэл түр зуурын харилцааг эрхэмлэх буюу азаа үзэх гэсэн хүмүүст зориулагдсан байх.  

Миний хэлэх гээд байгаа санаа маань алив хүн чадвартай ч байх ёстой, өөрийг нь ирлэж, шордож, ухааруулж, уйлуулж, зөв өрсөлдөөнөөр байнга хурцалж байдаг ажил мэргэжил, хобби, анд нөхдийн танилын хүрээтэй ч байх ёстой байх. Учир нь анд нөхөд, ажил мэргэжлийн хүрээн дотроо та хэн бэ, хаана нь яаж “байршин”, үзэл бодлоо, хүсэл зоригоо хэр илэрхийлж, хэрхэн дэмжүүлэх вэ гэдэг нь таны чадвараас шууд шалтгаалах тул. Бидний эргэн тойронд олон жишээ байдаг даа. Ухаан нь 5 найзын нэг нь амралтаараа салхинд гаръя гэж нөгөө 4-төө хэд хэд хэлээд уриалаад амжилт олохгүй байхад нь өөр нэг нь ижил санал хэлэнгүүт бусад нь шууд тэр дор нь дэмжих жишээний. ҮүнийгCommunity leaderгэж нийгмийн шинжлэх ухаанд нэрлээд байх шиг байгаа юм. Уул шугамандаа энэхүү лидер маань цэвэр өөрийн хүч авъяас, мэдлэг чадвараар ялгагдан бусдыг манлайлах учиртай ч Монголд энэ төрөлд харъяалагдах гээд ядаж байгаа зарим нөхдүүд мөнгө, эрх мэдэл, эсвэл хүчирхийлэлийн аль нэгийг ашиглан бусдыг араасаа хүчээр дагуулах гээд байдаг юм шиг харагдаад байдаг юм. Эдгээр хүмүүсийг даган далдагнаж байгаа хүмүүс нь яах аргагүй хамгийн хямдхан (мөнгө тэдэнд замын цагдаагийн дохиур шиг үйлчилдэг тул), хамгийн бялдууч (эрх мэдлийг бусдыг захиргаадах, бусдыг дарамтлах хэрэгсэл гэж боддог тул эрх мэдэлд хүрэхийн тулд өөрийг нь дарамталдаг боссынхоо утсан хүүхэлдэй нь болж явдаг тул), хамгийн арчаагүй (чадваргүй, мэдлэггүй хүн бусдын биеийн болон сэтгэлийн хүчинд автахдаа амархан бөлгөө) хүний нэгэн төрөл зүйл гэж тооцогдох байх.

Дээр зүйлээс харахад чадвар ба зөв танилын хүрээнээс гадна тухайн хүнийг зөв зүгт залуурдах сэтгэл хамгийн чухал буй заа. Англиар бол Passion гээд ихэнх тохиолдолд хэлээд байх шиг байгаа юм. Хүмүүний сэтгэл гэдэгтэй холбогдуулан нэмж хэлэхэд бизнесийн салбарт Blue Ocean гээд стратегийн нэг төрөл үүсээд удаагүй байгаа юм билээ. Энэхүү бизнесийн стратегийн гол зарчим нь өрсөлдөгч нартайгаа бүү өрсөлд, ижил төрлийн бүтээгдэхүүн битгий үйлдвэрлэ. Шинэ эрэлтийг бий болго, өмнө ч хэний ч хийж байгаагүй зүйлсийг сэдэж бизнес хий гэсэн утгатай. Бүр энгийнээр хэлбэл бизнесийн салбар, зах зээлийн эдийн засаг хэмээх гүн хөх далайд цус урсгалгүйгээр хоорондоо зэрэгцэн ажиллаж амьдарч, далайн усыг цэнхэр хэвээр нь байлгах гэсэн санаа. Одоогийн бизнесийн ихэнх загварууд хоорондоо алалцан далайн усыг цусаар дүүргэж буй гэж энэхүү ойлголтыг үндэслэгч нар нь тайлбарлаж байна билээ. Хичнээн толгойтой, чадвартай, хичнээн сайн, мундаг танилын хүрээтэй байсан ч аливаа хүнд СЭТГЭЛ байхгүй бол бид тэрхүү тулалдаанд биечлэн орж цусаа урсгахгүй ч гэсэн магадгүй гэмгүй бусдын цусаар будагдсан далайн усанд насан туршдаа амьдарна (амьдарч буй). Үүний нэг энгийн жишээ нь мэргэжлийн хяналтын газраас ус, бохирын шугамаа солиулахгүй бол болохоо байсан байна шүү гэж анхааруулсаар байтал ямар нэгэн арга хэмжээ авалгүй байсаар хэдэн гэмгүй нялзрай нярайн амиар паар, бохирын хоолойгоо сольж байгаа юм бэ дээ 1-р төрөх газар.  

Friday, 22 January 2010

Rules or relationships?

Хууль, дүрэм үү эсвэл харилцаа холбоо юу?

Саяхан Nancy J.Adler-ийн бичсэнInternational Dimensions of Organizational Behavior номыг Cross Cultural Management хичээлийн нэг даалгавраа хийхдээ гүйлгэж харав. Олон улсын менежерүүдийн дунд явуулсан маш сонирхолтой нэгэн судалгааны дүн энд байх юм.

Та хамгийн сайн найзтайгаа цуг машинаар нь явж байжээ. Гэтэл найз нь хүн дайраад хүнд гэмтээв. Уул нь тэр зам дээр 20 км/цаг хурдтай явах ёстой ч найз чинь 35 км/цаг хурдтай явж байсныг та мэдэхийн дээдээр мэдэж байсан гэж бодъё. Тэр үед эргэн тойронд гэрч байгаагүй гэж бас бодно уу. Хэрэв таныг найз маань уг зам дээр 20 км/цагийн хурдтай явж байсан гэж шүүхийн өмнө хэлбэл найз чинь маш хөнгөн шийтгэл хүлээх болно гэж найзын чинь өмгөөлөгч хэлбэл та ямар шийдвэр гаргах вэ гэж.

Гэтэл өндөр хөгжилтэй орнуудын менежерүүдийн 90-ээс дээш хувь нь жишээ нь Канад (96%), АНУ (95%), Швейцар (94%), Австрали (93%), Швед (93%), Норвеги (93%), Герман (91%) найзыгаа өмөөрч худал мэдэгдэл шүүхийн өмнө хийж чадахгүй, үнэнийг хэлнэ гэсэн байна. Харин Өмнөд Солонгос (26%), Венесуэль (34%), Орос (42%), Индонези (47%), Хятад (48%) зэрэг улсуудын менежерүүдийн тал нь ч хүрэхгүй хувь нь шүүхэд үнэнийг мэдүүлнэ гэсэн аж.

Асар том зөрүү байгаа биз. Ухаан нь өндөр хөгжилтэй орнуудын компанийн менежерүүд үйл явдлын зураг, ирээдүйн үр дүн, нөлөөллийг том зургаар харж чаддаг чадвартай, зоригтой байхад хөгжиж буй орнуудын хүмүүс нь бие биенийхээ найз нөхөд гэсэн хүлээсэнд баригдан нийтээр даган мөрдөх стандартыг бусдын эрх ашгийг золин золин огоордог хандлагатай юм шиг байна даа.

Одоо та өөрөөсөө асуугаад үз дээ. Машинд та зорчигчоор явж байсан. Жолооч нь таны хамгийн сайн найз байсан бол та ямар шийдвэр гаргах бол? Түүнчлэн жолооч нь таны аав, эсвэл ээж, эсвэл нөхөр, эсвэл гэргий тань байсан гэвэл та ямар шийдвэр гаргах байсан бэ? Таны найзын болон ураг төрлийн холбоо шийдвэрт тань хир нөлөөлөх эсэх?

Өөрөөр хэлбэл бодит үнэн үү эсвэл найз нөхөр, төрөл төрөгсөдөө гэсэн сэтгэл тань түрүүлж байх уу? Аль нь ер нь зөв эсэх? Таны гаргасан шийдвэрээс хэн нь хожих ёстой гэж? Яагаад?

Wednesday, 20 January 2010

Japan airlines bankruptcy

Өчигдөр JAL буюу Японы иргэний агаарын тээврийн компани 25 тэрбум ам.долларын өр төлбөрийн улмаас дампуурлаа зарлав. Энэхүү мэдэгдэл нь дайны дараа Япон улсын аж үйлдвэрийн салбарт тохиож буй хамгийн том дампуурлын мэдэгдэл боллоо гэж сонингуудад бичигдэж байна. Энэхүү мэдэгдлийн дагуу Япон Улсын засгийн газар уг компанийг ивээлдээ авч үйл ажиллагааг нь цааш нь хэвийн үргэлжлүүлэхэд туслах болно гэдгээ мэдэгдэв. Өөрөөр хэлбэл татвар төлөгч нарын мөнгөөр уг компанийг аврах нь байна. Бараг 60 жилийн түүхтэй энэхүү компани нь 280 гаруй онгоцтой агаад дэлхийн 35 улсын 220 гаруй хотууд руу нислэг үйлддэг аж. Эдгээр үзүүлэлтээрээ дэлхийн хамгийн том 10 агаарын тээврийн компанид тооцогдож байв. Сүүлийн долоо хоногийн дотор хувьцааны үнэ нь 90%-р унаж, өчигдөр дахин 40%-р унасан бөгөөд яг одоо компанийн нэгж хувьцаа нь 5 иэн хүрэхтэй үгүйтэй болж компанийн нийт зах зээлийн үнэлгээ нь 1 ширхэг Боинг 787 онгоцтой үнэтэй тэнцээд байна. Хэдхэн цагийг өмнө биржүүд дээрээс уг компанийн хувьцааг татаж, бүртгэлээс хассан тул мэдээллийн сайтууд дээр мэдээлэл нь ч гарахаа болив (2 цагийн өмнө 0.38 иэн болсон байсан юм).

Уг компани нь зөвхөн Японд л гэхэд 3000 гаруй байгууллагуудтай бизнесийн түншээр хамтран ажилладаг агаад Японы тэргүүлэх зэрэглэлийн арилжааны болон хөрөнгө оруулалтын голлох банкууд санхүүжилт хийсэн байсан нь эдгээр байгууллагуудын эрсдлийн үнэлгээг савлуулах хүчин зүйл болж магадгүй гэж шинжээчид бичиж эхэлж байна. Одоогийн ерөнхийлөгч нь огцрохоо мэдэгдээд байгаа бөгөөд оронд нь KDDI-ийг (Мобикомийн хөрөнгө оруулагчдын нэг) үндэслэгчдийн нэг, бас лам гэж сонингуудад бичигдээд байгаа Казуо Инамори удирдлагыг гартаа авах бололтой. Шинэ удирдлага бүтцийн өөрчлөлтийг даруй эхлүүлэхээр төлөвлөж буй агаад үүнд орон тоог 30%-р цомхотгох буюу 16.000 орчим хүнийг ажлаас халах, жамбо жэт хөдөлгүүр бүхий онгоцуудыг хэрэглээнээс шахаж бага хэмжээтэй, түлш бага зарцуулдаг онгоцуудаар паркаа шинэчлэх зэрэг томоохон арга хэмжээг авахаар зэхэж байна. Компанийн одоогийн үйл ажиллагаанд ямар ч өөрчлөлт гарахгүй гэж амлаж байгаа ч бизнесийн хүрээгээ багагүй хэмжээгээр хумих шинжтэй байх шиг байна билээ. Түүчлэн харилцагч нарынхаа майлэж онооны картуудын бонусуудад хүртэл баталгаа гаргаж өгч байна. Америкийн хэд хэдэн авиакомпани энэхүү компанид хөрөнгө оруулалт хийх, худалдан авах саналаа тавиад буй юм билээ. Гэхдээ Японы засгийн газар үүнийг бараг зөвшөөрөхгүй биз ээ.

Монголд Зоос банк, Японд JAL хоёр төрийн мэдэлд ингээд очдог юм байжээ. Очсон ухвар шалтгаан нь тэс өмнөө тул шууд харьцуулалт хийж хэлэхэд хэцүү л юм.

Sunday, 17 January 2010

Mongolia to Establish “National Champions”

Mongolia is seeking to create three national holding companies. Prime Minister Batbold Sukhbaatar has made a number of important policy statements in his recent meetings in Ulaanbaatar with mining industry executives, representatives of the securities market as well as in his interview with the Wall Street Journal. The Mongolian government intends to establish three major state-owned holding companies (which we would call “national champions”) and raise significant amounts of capital by offering their shares in international and domestic stock markets.  Raising billion of dollars through IPOs would allow the mineral-rich nation to finance major mining, energy and infrastructure projects. These three envisioned national holding companies are:

·         Mongol Erdes (Mongolian Minerals) to consolidate mining assets;
·         Mongol Erchim (Mongolian Power) to combine power assets;
·         Mongol Ded Butets (Mongolian Infrastructure) to include various infrastructure projects.

Will Mongol Erdes become crown jewel of Mongolia Inc? Mongol Erdes, the national mining holding company might be established under already existing Erdenes MGL LLC, a 100% state-owned entity. On behalf of the government, Erdenes MGL perhaps through Mongol Erdes may to own stakes in other 14 strategic deposits, including a massive Tavan Talgoi coking coal mine.  Mongol Erdes may possibly emerge as Mongolia’s largest and most valuable company, catapulting into a must-own stock (like Gazprom in Russia) while its planned local listing would be a huge boost for the Mongolia Stock Exchange attracting strong interest both domestic and global investors. 

MSE may be partially sold to major stock exchanges. Prime Minister S. Batbold stated that the government would consider selling 20-30% stake in the Mongolia Stock Exchange (MSE) to one of the major exchanges operating in London, New York, Toronto, Tokyo, Hong Kong or Singapore in a bid to introduce advance operational knowhow and technologies and extensively revamp currently under-resourced domestic bourse.

The Mongolian people to own shares in strategic deposits. The Prime Minister said that the Mongolian people will have the opportunity to participate in growth and upside from development of strategic deposits once the mining company is listed on domestic stock exchange. We believe distribution of shares to Mongolian public (“people’s IPO”) is more effective solution which allows the Mongolians to benefit from mineral wealth in the long term compared earlier proposed inflation-triggering cash handouts.

It seems that public rate highly the Prime Minister’s vision and initiatives in developing the national economy, local capital markets and effectively managing resource wealth; however, it looks like Russian business ecosystem to me. If these initiatives are successfully implemented, these “national champions” would be the main engines of industrialization and economic growth in the coming decade and as public listed companies are poised become one of best investment opportunities in Mongolia.

Wednesday, 13 January 2010

Nomunication

Номү гэдэг нь Японоор уух гэсэн үг. Энэхүү үгийг Communication гэсэн англи үгтэй “эвцэлдүүлсэн” NOMUNICATION гэдэг Janglish үг байдаг юм байна. Хүмүүс хоорондоо танилцахад, ялангуяа бизнесийн хүрээний хүмүүс үе үе хэрэглэдэг бололтой. Утга нь мэдээж градустай шингэн ууж дотор юугаан халаан, яриа юугаан задлан хоорондоо “зузаан” болох. Баруунд бол ice-breaking party гэж байдагтай төстэй юм уу даа.

Нилээд хэд хоногийн өмнө ангийнхаа дөрвөн Япон залуутай бүх шалтгалтаа дуусгасны баяр болгож нижгээд төрлийн спиртийн төрлийн “умдаан” ууж хэсэг буу халсан юм. Мастерын курсийн эхний улирал ямар байв, ер нь яах гэж та нар Мастераа хийж байгаа вэ гэсэн миний асуултанд дөрвөн янзын өөр хариулт ирсэн бөгөөд эдгээр нь нийлээд ерөнхийдөө Япон хүмүүсийн ном, сониноос уншсан мэдээлэлтэй ойролцоо юм уу гэж би тухайн үедээ бодож байв. Өвлийн амралтаараа өөр өөр хот, тосгонуудаар аялаад янз бүрийн Япон хүмүүстэй уулзаж байхад дээрх дөрвөн ангийнхаа залуустай ярьсан яриа минь байнга санагдаж байв.

Уламжлалт Япон. Нэг Япон залуу нь жаахан халангуутаа дотроо уудалж эхлэв. Би энэ сургуульд сурах гэж л ирсэн. Та нартай хааяа нийлэхээр, бас хичээл дээр заримдаа та нар хэт “назгайрах, дарвих” гээд байх юм. Тэр нь надад онцгүй санагддаг гэж байв. Мөн профессор нарын багаар ажиллуулдаг нь таалагддаггүй. Би ганцаарчилж ажиллах дуртай гэдгээ ч хэлээд авав. Барууныханд нэг их дургүй. Учир нь нэг их ажил гардаж хийгээгүй мөртлөө хурал цуглаан, дарга нарын өмнө “аймаар” их ажил өөрөө гардаад хийчихсэн юм шиг ярьж чаддаг. Түүнээс болж дарга нар нь тэд нарыг өндрөөр үнэлж, яг хөшигний цаана ажил хийсэн жинхэнэ баатрыг олж харж чаддаггүй гээд сэтгэл толгой сэгсэрч байв.

Шинэ Япон. Хоёр дахь Япон залуу бодож бодож чанга дуугаар миний энэ сургуульд орж, олон улсын оюутнуудтай цуг сурч байгаагийн зорилго маань өөрийн гэсэн identity буюу бие хүн гэсэн тодотголоо илүү гаргах, олж авах гэж байв. Ажил дээр, найзууд нь, гэрийнхэн нь үргэлж мань эрийг нэрээр нь буюу өөрөөр нь бус харин компаниар нь овоглон дууддаг аж. Үүндээ их дургүй агаад өөрийн нэрээрээ дуудуулах, түүний тулд уламжлалт Японы харилцааны хэв маягаа эвдэх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрсөн залуу байх ажгуу. Энэхүү өөрчлөлтийн төлөө бараг юу хий гэнэ тэр бүх юмыг хийвэл хийчих гэсэн залуу байх. Дээрээс нь ядаж байхад эхнэр нь Японы алдартай электрониксийн компанийн захирлын охин юм билээ. Бодвол хадам аав хааяа мань эрийн янзыг үзэн үглэдэг буй заа.

Дундаж Япон. Дээрх хоёр залууг бодвол энэ залуу маань эктрем биш яг дундаж байгаад байгаа юм. Англи хэлний мэдлэгээ улам дээшлүүлэх гэж энд байгаа. Учир нь ирэх оны сүүлээр АНУ-руу томилогдон тэнд хэсэг ажиллах болсон учраас гэж байв. Өнөр гэр бүлтэй, амьдрал нь тогтсон, ер нь бол хаанаас нь ч харсан өөрийн гэсэн жанжин шугамтай.  

Гүндүүгүй Япон. Энэхүү залуу маань гадаад улсад олон жил ажиллаж байсан туршлагатай тул ер нь задгай, чөлөөт сэтгэлгээтэй. Япон ажиллаж байхдаа борлуулалтын менежер хийдэг байсан ба зарим өдөр гадуур гарч үйлчлүүлэгчидтэй уулзана гэж хэлээд Токиогийн Яаманотэгийн шугамын метронд суугаад бүхэл өдөр унтдаг байснаа ярин хөхөрч байв. Энэхүү метроны шугам нь цагираг хэлбэртэй бөгөөд нэг билет аваад ороход өдөржин нэг л тойргоор явдаг юм гэсэн. Оюутны хотхон дээр байхад нь эхнэр нь Японы нөгөө захад амаржиж байх бөгөөд ямар хүүхэд байна гэсэн чинь “Little monkey” л байна лээ гээд инээж байх.

Хэдий дөрвөн өөр төрлийн хариулт байгаа ч эдгээр бүх залуус ажлын хариуцлага, цаг барилт зэрэг дээр ямар ч ялгаа байхгүй, ер нь бараг алдаа гаргахгүй. Арав гаруй жил ажиллаж байгаа мөртлөө нэг залуу нь хэзээ ч ажлаасаа хоцорч үзэж байгаагүй гэж бардам хэлэх бөлгөө. Гэсэн хэдий ч анзаарагдсан зүйл нь бүх л зүйлсийг яг зааврын дагуу хийнэ. Ухаан нь шалгалт авах цаасан дээр ингэж тэгж бөглөнө гэсэн заавар байхад мань мэт нь тэрийг нь уншилгүй цаг хэмнэн “зөн совингоороо” тестээ шууд бөглөж эхэлж байхад зааварчилгааны хуудас байхгүй бол манай хэд яах ёстой эсэхээ багшаас баталгаажуулахаас нааш эхлэхгүй шинжтэй. Нүүр нүүрээ харж байгаад шууд санаачлага гарган юм эхлэхдээ жаахан тиймхэн боловч цахим шуудангаар сайн харилцана хүмүүстэй. Хэл ус болон даруу төлөв зан аашнаасаа болдог байх. Хэдий тийм боловч янзан бүрийн “галзуу” гэмээр сэдвээр хааяа ярилцан хөгжилдөх үед “ёстой нээрээ, яаж ийм юм ярьж, шууд хэлж чадаж байна аа” гэсэн мөртлөө явахгүй инээд алдан тааламжтай сонсоод л суугаад байна. Янзын нөхдүүд байна аа гэж.

Хамгийн сонирхолтой мэдээлэл нь бүгд жаахан халангуутаа байн байн уучлал эрж байснаа Чингис хааныг Япон хүн гэсэн домог бидэнд байдаг. Битгий эмзэглээрэй гээд дахиад л байн байн уучлал гуйж билээ. Тухайн үед бараг улс болгон нь өөрийн хүнээ болгох гэдэг юм аа гээд анзааралгүй өнгөрсөн ч тэдний ярьж байсан зүйлсийг нь өнөөдөр интернэтээс хайж үзвэл сонирхолтой материалууд энд байх ажгуу. Товчхондоо тэдний хэлсэн зүйл нь “The Legend of Yoshitune” буюу 13-р зууны үед Японы хан хүүд хоорондоо муудалцан ах нь дүүгээсээ цэргийн эрдмээр муу байсан тул түүндээ атаархан алуулах гэж оролдох аж. Дүү нь үүнээс зугтан Монголд ирж амьдран Чингис хаан болсон юм байх. Энэхүү домог, онол дээр суурилсан “The Secret of Genghis Khan” гэдэг ном хүртэл аль 1958 онд хэвлэгдэн гарч бүр bestseller болж байсан байх юм энэ Наран Улсад. Түүнчлэн Хубилай хааны эсрэг тулалдсан Японы армийг удирдан тулалдсан Hōjō Tokimune хэмээх энэхүү жанжин эндээ их алдартай юм шиг байна билээ. Ялангуяа Японы хойд нутгаар байдаг хүмүүс эдгээр түүх, домгийн талаар сайн мэдлэг, мэдээлэлтэй байдаг гэсэн болой. Nomunication хийгээд бузгай сонирхолтой мэдээлэл эс авсан бус уу?

Monday, 11 January 2010

$700 Billion US Bailout Plan

"It's not based on any particular data point, we just wanted to choose a really large number." — a Treasury Department spokeswoman explaining how the $700 billion number was chosen for the initial bailout, quoted on Forbes.com Sept. 23, 2009.

Well, no comment on this statement from my side. So “funny”!

Friday, 8 January 2010

Human computer?

Та хүнэн компьютер уу, компьютерэн хүн үү?

Өнөөдөр нэг Япон профессор буюу хувьдаа хүний нөөцийн зөвлөх компанитай дунд эргэм насны эр “Аливаа байгууллагын хүний нөөцийн удирдлага, бодлого стратеги нь комьпютерээр бол hardware, харин тухайн байгууллагын зан төлөв, ажилчдын хандлага нь software гэж хэлэв.

Үүнийг цааш нь “баяжуулбаас”: Монголд маань хямд үнэтэй, хулхи software-үүд цөөн биш байгаа юм уу гэж. Эдгээр нь вирус гэж нэрлэгдэж болох дотно, гадны буруу зүгийн хүмүүсийн нөлөөнд орохдоо амархан. Амархан гэхээсээ илүү хямдхан гэвэл зохилтой байх. Угаасаа “хулхи” тул амьдралын үнэлэмж бага боловч материаллаг хэрэглээний өндөр стандарттай. Ориг програм хангамж авюу гэтэл тоног төхөөрөмжийн хүчин чадал нь дийлэх эсэх нь эргэлзээтэй. Дийллээ гэхэд тоног төхөөрөмжөө зориг гаргаж солино гэдэг нь будлиантай. Өөрөөр хэлбэл өөрчлөлт. Энэхүү өөрчлөлтийг хийдэг хүмүүсийг лидерүүд хэмээдэг гэж профессор томъёолов. Өөрчлөлт шаардлагагүй бол лидер хэрэгггүй мэт боловч бидний эргэн тойронд хором бүр хувьсан өөрчлөгдөж буй орчлонгийн эрээн бараан дунд лидергүй бол төөрөөд алга болохоор ч юм биш. Магадгүй энэ их хурдтай өөрчлөлт дунд хүн бүр өөрийгөө лидер хэмээн бодож, бяр нь амтагдсан зарим нь эргэн тойрныхоныгоо хүний, өөрийнгүй “нульж” өгч буй заа.

Зөв хандлага бүхий шижигнэсэн залуусаас (Хэдийгээр шууд батлан хоёр гараа өргөн дэмжихэд хэцүү ч гэсэн 50-с дээш настай хүмүүсээс өөрчлөлт хүлээгээд хэрэггүй гэж Япон багш хэлж байна лээ) бүрдсэн баг буюу software-г хурдтай ачаалж, ажиллуулж чадах “компьютер” бидэнд маш олноор хэрэгтэй мэт. Эс бөгөөс майкрософт эксел 2007 бүхий тооцоолон бодох машинтай хирнээ дадал болсон сампингаа хэрэглээд суудаг ня-ботой агаар нэгэн болох бөлгөө. Эсрэгээр хааяа хамаг мөнгөө зараад хамгийн сүүлийн үеийн компьютер авчихаад байдаг (гадаадын зөвлөх компаниудад Монголчууд энэ чиглэлд бузгай мөнгө төлдөг). Гэтэл тэрэнд нь суулгах програм хангамж нь аль “амбас” гуайн үеийн юм байвал хаашаа харж “үхэх” билээ. Зах зээлийн шилжилтийн үе өнгөрсөн мэт санагдавч алаагүй байгаа баавгайн арьсыг булаалдан хоорондоо хэмлэлдэж буй Монголчууд бидэнд хүн хүнээ гэх сэтгэл, бие биенээ хайрлах хайр нь ямар их ядмаг харагдаж байна вэ. Албаар вирус бүтээж олонд тараагаад эргэж өөрөө бусдын машиныг асар их үнээр цэвэрлэн өгч буй “шимнуус” шиг л санагдах юм хааяа. Энэ эрчээрээ явбал тун удахгүй бид хайр, ухамсар, хүндлэл, баяр баясгалан, нинжин сэтгэл, инээд хөөр гээч зүйлсийг мэдрэх чадваргүй робот буюу төмөр хүн болоход тун ойр мэт. Төмөр гэхэд ч гоёдох юм байна. Дэлхий дээр одоогоор олдоод байгаа хамгийн хатуу метал чинь юу билээ хөө? Гэхдээ биднээс долоон дор үндэстэн, улсууд нижгээд бий гэж сэтгэлээ хааяа хууран тайвшруулах. Нээрээ одоо бодоод байхад хэн нэгний чин сэтгэлээсээ баярлан тас тас инээж буй инээдийг сонсоогүй удсан ч юм шиг. Хүүхдийн инээдийг эс тооцвол эргэн тойрны инээд нэг л хуурамч, гарч буй дуу авиа нь инээдний хөгөндөө тохироогүй. Солгой инээд гэж байдаг бол тэгж хэлэхээр.  

Өөрөөр хэлбэл энэхүү хүнтэй холбоотой асуудал нь дэлхийн аль улсын компаниуд, засгийн газрын хувьд асуудал байсаар л байна. Учир нь дэлхийн улс үндэстэн бүр өөр өөрийн гэсэн үнэ цэнэ, амьдралыг үзэх үзэл, философийн онцлогтой. Харин даяарчлалын балгаар гэх үү ачаар гэх үү, ямар ч үндэстэн, ямар ч соёлтой байсан нь хамаагүй ерөнхийдөө дэлхийн нийт хүн төрөлхтөний үзэл бодол, философи, амьдралыг үзэх үзэл нь нэг стандарт болох тийшээ хөтлөгдөж буй шинжтэй санагдах ажгуу. Энэхүү стандарт нь танд биш таны хөршид зориулсан стандарт ч байж болох л юм. Иймээс хүнэн компьютер биш бие биенээ компьютер шиг дэмжин ажиллаж, хайрлаж хүндэтгэдэг хүн хэвээрээ үлдэцгээе.

Friday, 1 January 2010

Let us open a new book!

Шинэ жилийн мэндчилгээнүүд дунд минь Edith Lovejoy Pierce-ийн хэлсэн дараах үг бүхий цахим мэндчилгээ машид их таалагдав.

We will open the book. Its pages are blank. We are going to put words on them ourselves. The book is called "Opportunity" and its first chapter is New Year's Day.

Орчуулах гэж оролдвол:

“Номныхоо хуудсыг хамтдаа нээцгээе. Бүх хуудас нь цав цагаахан буй. Эдгээр хуудсыг бид л өөрсдийн үгээ бичиж дүүргэх болно. Энэхүү номны нэрийг “Боломж” хэмээн нэрийдэх бөгөөд номны маань тэргүүн бүлгийн нэр нь Шинэ Жилийн Өдөр”.

Тийм ээ, өнөөдөр шинэ оны анхны өдөр. Би хувьдаа дараа жилийн өдийд таны бичсэн “ном”-ны 2010 он хэмээх тэргүүн бүлгийг гэр бүл, найз нөхөд, амраг садан чинь уншаад үнэхээр таниар чин сэтгэлээсээ бахархаасай гэж хүсэн ерөөж байна. Түүний тулд бусдаас хэрэгтэй юмыг нь авах, бусдаас сурахын зэрэгцээ хамгийн гол нь бусдад хэрэгтэй зүйлсийг нь өгч, бусаддаа чаддаг юмаа заахыг хичээнэ биз ээ. Бусдын хамаг “шим шүүс”-ийг минь сорж аваад “хув хуурай” болгосны дараа хаяад явдаг түр зуурын “найзууд” бидний эргэн тойрон цөөн бус буй. Зарим нь мэддэг чаддаг бүхий л зүйлсээ хуваалцан, мэдээллээ чадах ядахаар түгээж байхад зарим хүмүүс яагаад ийм богино настай увайгүй зан гаргадаг юм бол гэж гайхаад бардаггүй юм.  

Боломж хүмүүст тэр болгон олдоод байдаггүй гэж би боддог. Харин боломжийг олон дахин олж авахын тулд бусдад эхлээд боломж олгох ёстой мэт. Эс бөгөөс өөрийн тань хувьд “Боломж” гэж үзэж буй зүйлс чинь бусдын нүдэнд “Аюул” хэмээн уншигдаж та насны бөгст ганц шил шар айраг хуваагаад уух найзгүй, бүсгүйчүүдийн хувьд ойр зуурын сонин хачин солилцох хүнгүй гуяа ганзаглаад хадан гэр рүүгээ гэлдрэх бий вий. Иймэрхүү хүмүүсийн хувьд там гэж байдаг бол хойд насанд нь тэр зүг рүү л мөр нь гарах байх даа. За тэр ч яахав. Шинэ оны анхны өдөр дэмий балай юм бичээд хүүхэд, нохой айлгачихна цаашаа. Аминдаа би бусдын бичсэн буруу “зүгийн” “зөрүү” номноос бүү үлгэр дууриал авагтун гэж хэлэх гээд байгаа санаатай.

Эцэст нь бултаар номныхоо “Шинэ Жилийн Өдөр” хэмээх тэргүүн бүлгийг шинэ оны анхны өдөр хамтдаа эхэлж, шударга өрсөлдөөн, хүнлэг чанар, хүндлэл, хайраар хагаж цацсан олон жилийн дараа ч гэсэн эерэг энерги, эрч хүчийг цацруулсан түүхэн “Best seller” болгоцгооё өөрсдийн номоо. Life is for sharing!