Tuesday 16 February 2010

Consumer payment systems – Japan

Views

Японы өргөн хэрэглээний төлбөрийн систем

Хэдэн хоногийн өмнө дэлгүүрээс хүнсээ цуглуулан банкны картаар худалдан авалт хийх гэсэн чинь болсонгүй ээ. Гайхаад учрыг нь асуувал Японд зөвхөн кредит эсвэл дебит картаар ПОС терминал дээр үйлчлүүлдэг гэнэ. Банкны картны нөгөө нэр нь cash card. Үүнийг зөвхөн АТМ-с бэлэн мөнгө авах, бэлэн бус шилжүүлэг хийхэд ашиглах агаад минийх тэр карт нь болж таарав. Дээрээс нь loan card гэж энд байна. Тэр нь Монголоор бол зээлийн эрхтэй дебит карт. Японд ПОС терминал дээр зөвхөн дебит эсвэл кредит картаар л гүйлгээ хийх боломжтой гэж Япон анд хэлэв. Хэдий технологийн хувьд бүх юм энд нээлттэй ч эрсдлээс шалтгаалаад төлбөрийн сувгуудаа ийнхүү хязгаарласан ажээ. Иймээс Японд дебит карт өргөн хэрэглээ биш бөгөөд үүний оронд FeLiCa буюу гар утсан дээр суурилсан төлбөрийн цахим суваг ихэд хүчээ авч буй. Үүнийгээ тэд e-Money хэмээх бөлгөө. Мөн хэд хоногийн өмнө “Mobile Business Strategies” хичээлийн шугамаар Токио руу энэхүү танилцах аялалыг хийгээд ирсэн юм. Японы гурав дахь том мобайл оператор SoftBank-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, wireless төлбөрийн системийн үндсэн гол тоглогч болох FeliCa компанийн ерөнхийлөгч, гар утасны контентийн бизнес хийдэг Герман компанийн захиралуудтай тус тус уулзаж тун сонирхолтой яриаг өрнүүлсэн юм.

SoftBank-ийн дэд ерөнхийлөгчийн насыг таагаад 40-тэй гээд хэлсэн чинь 70-тай “хөгшин” болж таараад. Шоконд оров. Байгаа төрх, танилцуулга хийж байгаа стиль зэрэг нь Монголоор бол 40 эргэм насны компанийн захиралтай яг ижил. Өөрийгөө ядаж 40 хүртлээ биеэ “гуа сайхан” талаас нь энэ хүн шиг ариг гамтай авч явж чадах уу гэж бодсон чинь тун чиг эргэлзээтэй. Уг компани нь нийт 108 охин компанитай, 21,000 ажилтантай бөгөөд 1981 онд байгуулагдаж байжээ. Босс нь Солонгосын 3-р үеийн эрлийз хүн байдаг юм билээ. Yahoo-ийн Jerry Yang-ийг бизнесээ эхэлж байхад нь хөрөнгө оруулалт хийж туслан өдгөө түншийн зузаан харилцаагаа хадгалж буй юм байна. Гүүглээс илүү Яахүү Японд өргөн хэрэглэгддэг нь магадгүй энэхүү эрхэмийн нөлөө байж болохоор. Хамгийн сүүлийн амжилт нь iPhone-ийг Японы зах зээлд нэвтрүүлэн ёстой “цусыг нь хольж өгч” байна. iPhone амжилттай зарагдсан гадаад улсуудыг Япон улс буюу SoftBank өнөөдөр дэлхий дээр тэргүүлж байна. Яг хэдийг зарсан бэ гэсэн асуултыг ихэд эмзэг хүлээж авч хариулах боломжгүй бизнесийн нууц гэсэн болой. Ямар ч байсан энд iPhonism гэдэг нэр томъёо гараад бузгай удаж байнам.

Үнэндээ би гар утасны бизнес ийм секси, сонирхолтой гэж ер бодож яваагүй байжээ. Хорхой хүргээд байхаар нь мэдээлэл цуглуулан базах гэж оролдлоо. Зах зээл нь хумигдаж буй орчинд Япончууд хэрхэн мөнгө хийж буйг гар утасны компаниудын бизнес загваруудаас нь харж болж байна. Маш сонирхолтой байлаа. Японыг Монголтой адилхан cash based society гэж Харвардын их сургуулийн профессор Бенжамин ба Андрей нар өнгөрсөн оны 5 сард бичсэн кэйс дээрээ онцолж бичсэн байна. Өөрөөр хэлбэл 2007 онд Япончууд нийт худалдан авалтынхаа 80% гаруй хувийг бэлэн мөнгөөр хийсэн байх юм. Наран улсын 127 сая иргэд нийт 273 сая төлбөрийн карт эзэмшиж байгаагийн дөнгөж 7% хүрэхгүй хувь нь кредит карт байх ажгуу. Мерчантууд нь кредит карттай хүмүүст үйлчлэх нэг их дуртай биш бололтой. Учир нь банкууд үйлчилгээний байгууллагаас 2-7%-ийн шимтгэл гүйлгээ болгоноос суутгана. Түүнчлэн хэдхэн жилийн өмнөөс л Япон улс зээлийн нэгдсэн системтэй болсон гэдгийг сонсоод бараг шоконд оров. Эдгээр шалтгаанууд нь e-Money үүсэх үндсэн хөрс нь болсон бололтой. Японы гар утасны хэрэглээ хэр тухай энд хальт бичсэн буй. Японд нийт гар утас хэрэглэгч нарын 99.7% нь дараа төлбөрт, дөнгөж 0.3% нь урьдчилсан төлбөрт. Маш сонирхолтой бүтэц! Энэ ондоо багтаад Гүүглийн андройд технилогийг Японы хоёр ч мобайл оператор нэвтрүүлэхээр ажилдаа ороод байна.

Цахим мөнгө буюу E-Money нь үндсэндээ төлбөрийн карт болон гар утсанд суурилагдсан чип бөгөөд Wireless хэлбэрээр мэдээлэл солилцон төлбөр гүйцэтгэх хэрэгсэл юм. Хэдий цахим мөнгө 2001 оноос Японд хэрэглэгдэж эхэлсэн ч өнөөдөр энэ чиглэлээрээ дэлхийн дугаар нэг улс болсон байна. Инээдтэй зүйл нь Монголд олон тусдаа картын системуудыг банкууд малладаг шиг Японд цахим мөнгөний 8 том тусдаа сүлжээ байна. Тухайлбал Edy, Suica, Quicpay, iD, Pasmo, Nanaco, Waon, Icoca гэх мэт. 2008 оны байдлаар Японы хүн амын 60% гаруй хувь нь цахим мөнгийг хэрэглэж байсан баримт байна. Төлбөрийн карттай адил цахим мөнгө нь урьдчилсан төлбөрт буюу дебит карт, дараа төлбөрт буюу кредит карт гэдэг шиг хоёр үндсэн хэлбэртэй болоод энд удаж буй ажгуу. Хамгийн сонирхолтой энэхүү цахим мөнгөний үйлчилгээг банк, санхүүгийн байгууллагууд биш харин гар утасны компаниуд, төмөр замын компаниуд, томоохон дэлгүүрүүд харилцагч нарт үзүүлдэг байх юм. Дараагийн инээдтэй зүйл нь Монголд нэг үйлчилгээний байгууллагууд дээр олон банкны олон төрлийн ПОС-ууд байдаг шиг энд нөгөө 8 цахим мөнгөний компаниудын тус тусдаа цахим уншигч нар нь байх юм. Мерчантууд нь үүнийг мобайл операторуудаас түрээсээр хэрэглэдэг ба нэг ПОС-ийн үнэ нь 60,000-100,000 иэн орчимд байна. Бүдүүн бааргаар харьцуулбал Монголын төлбөрийн картын системийн өнөөгийн байдал ба Японы цахим мөнгөний системийн өнөөгийн байдал тун чиг адилхан санагдмой.

Дээрх бүх найман цахим мөнгөний систем нь FeLiCa технологийг хэрэглэдэг юм байна. Үүнийг анх Sony корпораци зохион бүтээсэн бөгөөд одоо ч энэхүү компанийн гол хувийг эзэмшдэг. Дараагийн гол хөрөнгө оруулагч нь Японы хамгийн том мобайл оператор болох NTT DoCoMo. Бид танилцах аялалын үеэр танилцуулга хийж байсан менежер залуугийн гар утасыг нь ашиглан Starbucks ба MacDonald’s-р үйлчлүүлж үзсэн юм. Яг л contactless төлбөрийн карт гэсэн үг. Энд тэндгүй гар утсан дахь цахим мөнгөө цэнэглэх машинууд байж байна. Чухам энэхүү технологи нь банкуудын дебит картыг зах зээл дээрээс шахан гаргаж буй бололтой. FeLiCa нь 2,700 жилийн өмнө анх үүссэн түрийвчийг гар утас болгон зорилготой ажиллаж буй ч санхүү болон зарим бизнесийн мэдээллээ дэлгэх нэг их дуртай биш байв. Үүнийг нь бид бизнес нь санасан зоргоор нь амжилттай явахгүй байгаа юм байна гэж таав. Үнэндээ бизнес загварыг нь нэг их сайн ойлгоогүй. Ямар ч байсан нөгөө 8 компанидаа системээ өгч loyalty fee авч амьдарч байгаа юм билээ. Энэ нь нийт орлогынх нь 70%-ийг эзэлдэг ажээ.

Мөн хэдэн долоо хоногийн өмнө Qualcomm-ийн дэд захирал ирж анги дээр лекц уншсан юм. Тоёото-гийн дараа хоёрт ордог Японы том компани боловч баргийн хүн үүнийг нь мэддэггүй. Чухам Qualcomm хэмээх хагас дамжуулагч үйлдвэрлэгч компанийн ачаар 10 жилийн өмнө Нокиа ба Моторола хоёрын дарангуйлалд байсан гар утасны зах зээл задарч одоо хэдэн зуун гар утас үйлдвэрлэгч нар дэлхий дээр өрсөлдөж байна. Мань эрийн хэлж буйгаар гар утас, компьютер, гэрийн цахилгаан хэрэгслүүд нэгдэж нэг төхөөрөмж болох үе шат эхэлсэн агаад энэхүү төсөл дээр ажиллаж эхэлсэн тухайгаа хэлж байв. Леново Skylight гэж нэрлэгдэх iPad-тай адилхан зөөврийн төхөөрөмж бүтээсэн бөгөөд үүний хагас дамжуулагч дээр мөн хамтран ажилласан бөгөөд одоо HP-ийнхан Андройд дээр суурилсан зөөврийн компьютер гаргах төсөл дээр мөн оролцож буйгаа хэлж байв. Мөн батерей шаарддаггүй кристаль дэлгэц аль хэдийн зах зээлд гарсан байна. Эрвээхэйн далавчийг нарны гэрэлд янз бүрийн өнцгөөс харахад төрөл бүрийн өнгөөр солонгорч харагддаг үзэгдэл дээр үндэслэн энэхүү технологийн нээсэн байх аж. Технологи, тэр дундаа гар утасны бизнес маш сонирхолтой санагдаад эхлэв!   

6 comments:

SE said...

tun sonirholtoi niitlel bna thanks,

Nasas said...

Хэрэгтэй мэдээллээр дүүрэн бичлэг болжээ. Нэг хүсэх зүйл байна - Hokoku-Renraku-Sodan гэдэг арга японы компаниудад ихээхэн хэрэглэгдэх болсон талаар нэг найзаасаа дууллаа. Энэ талаар бичлэг оруулах боломж байна уу?

Otgonbileg said...

xarin tiimee, mongold neg gar teneg ambissiin yeiin scheme, business solution-aar uuriin businessee xugjuulex geed neg yum shaxax geed bdag... teriig n nuguu xeden garuud n medexgui., oo lag solution, unen valuable enee teree geed xuurtsugluud bdag yana daa bz...

gadna ingej xugjuud xiicheed, xiigeed, xiixgeed bgaa yumiig yaj mongoliiin xursund suulgax n ix ajil bna daa. yagaad bid busdiin xugjliin shat bureer yavax bish shatiig algasch yavj boloxgui gej...

Unknown said...

Sonirholtoi bichleg baina.

Ene bichlegiig unshaad neg zuil sanaand orchihloo baiz:

Mani 2004 ond baihaa, Seoul-d baihdaa neg night club orson yum tend baij baital heden solongos ohiduud gartaa tsunh ch ugui, turuivch ch ugui orj irj baahan uuh ideh yum zahialaad bujiglej bujiglej garah gehed ni bi sonirhood, yaaj tulburuu tuluh ni ve geed ajaad baisan chin gar utasaaraa tulburuu hiicheed garaad yavna bilee. Tuhain ued uneheer sonin sanagdsan shuu. Solongoschuud odoo gar utasaaraa tulburuu tulj, ATM-nees mungu avch, ger bolon office-doo nevtreh soronzon card, metro, avtobus, taxind tulbur tuluh zergeer ashiglaj baina. Barag ihenhi gar utas ni T-Bank (gedeg baihaa, sain sanahgui baina)application-toi baidag baih shuu.

Mongol maani yadaj avtobus-ndaa soronzon card heregledeg bolchih yumsan.

Bayar said...

Монголд Felica-г нэвтрүүлэх гэж оролдож байгаа улсууд байгаан болуу? Гар утсаа байг гэхэд contactless картыг нэвтрүүлсэн ч зах зээл байгаа шиг санагдаад байгаам даа.

Энхээ said...

сонирхолтой мэдээлэл байнаа.
Энийг саяхнаас л хийх гээд Мост гэдэг төсөл хэрэгжээд эхэлсэн бололтой. Удахгүй би Nightclub-н төлбөрөө утаснаасаа хийх болтугай. Ккк