Views
Санхүүгийн зуучлагч нар
Ойрмогхон санхүүч мэргэжилтэй, мэргэшсэн нягтлан бодогч нэгэн найзтайгаа хууч хөөрч суухад мань бүсгүй Монголд ажил хайж байсан тухайгаа ярьсан юм. Мань хүн
өөрөө хэд хэдэн шалгуур гаргаад түүнийхээ дагуу компаниудаа сонгон холбогдсон
байна. Найзын маань ажил олгогчид тавьж байсан нэг шалгуур нь давхар тайлан,
баланс гаргадаг компаниудад ажиллахгүй гэсэн нөхцөл байжээ. Харамсалтай нь ийм
шалгуурт нь тэнцэх компаниуд Монголд олдоогүй юм гэсэн. Ердөө нэг жилийн л өмнө шүү
дээ. Хичнээн сайхан төсөл, хичнээн сайхан хөрөнгийн бирж байгаад дээрх нийтлэг
стандарт, бизнесийн сахилга батаа засаагүй цагт Монголд маань хөрөнгийн зах
зээл ном журмаар хөгжинө гэхэд тун хэцүү. Palepu & Healy-ийн Business Analysis & Valuation: Using
Financial Statements гэдэг номыг уншингаа зарим
мэдээллийг нь ашиглан энэхүү бичлэгийг тэрлэн сууна.
Алив улсын эдийн засгийн гол зорилго нь байгаа нөөц буюу хуримтлалаа
хэрхэн хамгийн үр ашигтай хуваарилах буюу зарцуулахад орших байх. Улс орны хуримтлал үүсгэдэг
гол бүлэг нь өрх гэрүүд байдаг гэж ихэнх санхүүгийн сурах бичиг дээр дурдсан
буй. Энгийн жишээ авъюу. Нөгөө талд нь сайхан сайхан санаа, төсөлтэй боловч
санхүүгийн боломжгүй хэсэг бизнесийн бүлэг байна. Уул нь санаснаар бол 100 сая төгрөгийн
хадгаламжтай хүн 50 сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийчихвэл жилийн дараа оруулсан хөрөнгө
оруулалтыг чинь хоёр нугалаад өгөх төсөл, бизнес байна гэж байгаа хүнд банкнаас
хадгаламжаа аваад тухайн бизнесийн хөрөнгө оруулагч болчихвол аль аль талдаа
ашигтай. Даанч дараах үндсэн гурван зүйлээс болж тэр болгон санаснаар болдоггүй
бололтой. Үүнд:
1. Хадгаламж эзэмшигч болон төсөл санаачлагч хоёр уг төслийн талаар тэнцүү хэмжээний мэдээлэл, мэдлэгтэй байж чаддаггүй. Ухаан нь төсөл санаачлагч нь нанотехнологийн нарийн зүйл яриад байхад ганзагын наймаагаар арай гэж босгосон 100 сая төгрөгийн хадгаламжтай нөхөр уг төслийг 100% ойлгоод харилцан мэдээлэл солилцоно гэхэд тун хэцүү.
2. Ялангуяа хөгжиж буй орнуудад хадгаламж эзэмшигч болон төсөл санаачлагч хоёрын хооронд итгэлцэлийн асуудал тун эмзэгхэн байдаг. Төсөл санаачлагч санхүүжилт босгохын тулд юу юу гэж “бурахыг” сэргэлэн хадгаламж эзэмшигч гадарлахаар. Сэргэлэн бус хадгаламж эзэмшигчийн хувьд ердөө 50 сая төгрөгийн санхүүжилт л шаардлагатай байгаа төсөл дээр “панаалдуулсаар” байгаад 100 саяаа бүгдийг нь тавиад туусан байх магадлал өндөр.
3. Ерөнхийдөө хэлэхэд, ихэнх хадгаламж эзэмшигч нар санхүүгийн нарийн мэдлэггүй байдаг. Ялангуяа энэхүү жишээгээр авч буй нанотехнологи, цаашилбал мэдээллийн технологи, дэд бүтэц, уул уурхай гэх мэт бизнесийн ирээдүйн хандлага, эрсдэл, боломжийг бие даан судлан, нарийвчилсан шинжилгээ хийх боломж болон чадвар тун хомс байна.
1. Хадгаламж эзэмшигч болон төсөл санаачлагч хоёр уг төслийн талаар тэнцүү хэмжээний мэдээлэл, мэдлэгтэй байж чаддаггүй. Ухаан нь төсөл санаачлагч нь нанотехнологийн нарийн зүйл яриад байхад ганзагын наймаагаар арай гэж босгосон 100 сая төгрөгийн хадгаламжтай нөхөр уг төслийг 100% ойлгоод харилцан мэдээлэл солилцоно гэхэд тун хэцүү.
2. Ялангуяа хөгжиж буй орнуудад хадгаламж эзэмшигч болон төсөл санаачлагч хоёрын хооронд итгэлцэлийн асуудал тун эмзэгхэн байдаг. Төсөл санаачлагч санхүүжилт босгохын тулд юу юу гэж “бурахыг” сэргэлэн хадгаламж эзэмшигч гадарлахаар. Сэргэлэн бус хадгаламж эзэмшигчийн хувьд ердөө 50 сая төгрөгийн санхүүжилт л шаардлагатай байгаа төсөл дээр “панаалдуулсаар” байгаад 100 саяаа бүгдийг нь тавиад туусан байх магадлал өндөр.
3. Ерөнхийдөө хэлэхэд, ихэнх хадгаламж эзэмшигч нар санхүүгийн нарийн мэдлэггүй байдаг. Ялангуяа энэхүү жишээгээр авч буй нанотехнологи, цаашилбал мэдээллийн технологи, дэд бүтэц, уул уурхай гэх мэт бизнесийн ирээдүйн хандлага, эрсдэл, боломжийг бие даан судлан, нарийвчилсан шинжилгээ хийх боломж болон чадвар тун хомс байна.
Lemons гэсэн санхүүгийн тусгай нэр томъёо байх. Хэрэв хөрөнгө оруулагч
буюу хадгаламж эзэмшигч нөхөр сайн ба муу төслүүд болон бизнес санааг ялгаж чадахгүй үед ялангуяа
ядруухан төсөлтэй, ирээдүйн өгөөж нь тун тааруу, эрсдэл маш өндөртэй бизнесийн
санаатай нөхөр хамаг байдаг уран үг тэргүүтнээр 100 саяын
хадгаламжтай нөхрийн толгойг эргүүлнэ. Үүний үр дүнд тухайн хадгаламж эзэмшигч
маань үнэхээр сайн буюу өгөөжтэй төсөл болон тааруу буюу хулхи төслүүдийг ижил
хэмжээнд үнэлж эхэлдэг байна. Хамгийн харамсалтай нь эндээс хохирч буй тал нь
маш сайн төсөлтэй нөхдүүд юм. Өөрөөр хэлбэл эд нар тааруу төсөлтэй нөхдүүдийн
хөлд чирэгдэн өндөр өртгөөр санхүүжилт авах эсвэл төслөө хэрэгжүүлэлгүй орхих
хоёр л замтай болох нээ. Ихэнх тохиолдолд сайн төсөлтэй хүмүүс тухайн зах
зээлийг орхиж гардаг бөгөөд алсдаа тааруу төсөл барьсан нөхдүүд тухайн
хадгаламж эзэмшигч нарыг хоргоосоор үлддэг байна. Ганц нэг хадгаламж эзэмшигч
нар нь дүүрсэн хэрэг гээд уг төсөлд нь хөрөнгө оруулалт хийж хэд хэд хэмх шатах
агаад яваандаа төсөл барьсан, шинэ санаа санаачлага ярьсан хүмүүст итгэхээ
больж, тэр хэмжээгээр зах зээл дээр тогтворгүй байдал үүсдэг нигууртай
бололтой.
Товчхондоо юу хэлэх гэсэн вэ гэвэл нийт иргэдийн санхүүгийн ерөнхий
мэдлэгийг дээшлүүлэхгүй бол Монголд хөл дээрээ тэнцэн барин буй хөрөнгийн зах
зээл элгээрээ унах аюултай байж болохоор. Нийт ард иргэдийн мэдлэгийг
дээшлүүлнэ гэхээр богино хугацаанд үр дүн нь гарах ажил мөн үү биш үү гээд бас
л асуудал үүсч байгаа юм. Тэгвэл өөр гарц юу байж болох вэ?
Мэргэшсэн, мэргэжлийн өндөр ёс суртахуунтай санхүүгийн зуучлагчид энэхүү
асуудлын гарц байж болохоор. Ухаан нь санхүүгийн зуучлагч нарыг автомашины
механиктай зүйрлэдэг байна. Хөрөнгө оруулах гэж байгаа хүн маань үндсэндээ
хуучин машин авах гэж байгаа худалдан авагчтай адил гэсэн үг. Нэгэнт уг бизнес
санаа өөрөөс нь гараагүй, мөн өөр компанийн хувьцааг худалдаж авах гэж буй тул.
Да хүрээ зах гараад машин сонирхохоор машин зарж буй гарууд үндсэндээ хоёр л
нийтлэг зүйл хэлдэг дээ. Нэг нь бараг Монголд яваагүй машин, дандаа л гараажид
хэвтэж байсан. Нөгөө нь эмэгтэй хүн барьж байсан, эхнэр барьж байсан, бараг
яваагүй гээд. Эдгээрийг нь барин тавин батлах боломжгүй тул итгэхэд нэг хэцүү,
итгэхгүй байх нэг хэцүү. Үнэхээр эхнэр нь барьж байсан, өвөл бараг яваагүй,
Монголд орж ирээд нэг жил болсон машинаа зарж байгаа хүн тэгж хэлж байгаа 100 хүн дотор 5 байж болно. Яаж
ялгах вэ тэрийг нь тэгвэл? Хамгийн амархан арга нь машин сайн мэддэг хүнээр үзүүлэх, эсвэл
мэргэжлийн техникчид мөнгийг нь өгөөд оношлуулах.
Дөнгөж хөгжиж буй хөрөнгийн зах зээл дээр бидэнд ийм “оношлогч”, “механикууд”
тун хэрэгтэй болов уу. Ном, зохиол уншиж байхад хоёр төрлийн зуучлагчид байгаад
байх шиг. Эхнийх нь санхүүгийн зуучлагч нар бөгөөд үүнд вэнчур капитал (VC) фирмүүд буюу секси
төслүүдэд хөрөнгө оруулагч нар, арилжааны банкууд, даатгалын компаниуд, хамтын
сангууд байх. Эдгээр нь нэг талаас хөрөнгийн илүүдэлтэй байгаа нөхдүүдээс
мөнгийг нь цуглуулан ашигтай гэж үзэж буй төслүүд рүү хөрөнгө оруулалт хийж
мөнгө хүүлэх буюу ашиг олдог байгууллагууд. Хоёр дахь нь мэдээллийн зуучлагч
нар. Эдгээр нь аудитын компаниуд, санхүүгийн шинжээчид, эрсдлийн үнэлгээ өгдөг
хөндлөнгийн үнэлгээний компаниуд, түүнчлэн санхүүгийн мэдээллээр дагнасан
хэвлэл мэдээллийн байгууллагууд ч орно. Аль аль төрлийн зуучлагч нар нь тухайн
төсөл, компани, зах зээлийн түүхий мэдээллийг боловсруулан шинжилж, нэмүү өртөг
бүхий санхүүгийн мэдээ, тайлан болгодог бөлгөө. Өөрөөр хэлбэл сайн болон муу
төслүүдийг ялган салган ойлгоход нөгөө 100 сая төгрөгийн хадгаламжтай нөхөрт туслана гэсэн
үг. Харамсалтай нь Монголд маань иймэрхүү бүтцээр ажиллаж буй газар тун цөөхөн.
Арилжааны банкуудын удирдлага танил тал, найз нөхдийнхөө явуургүй төсөлд зээл
олгуулахын тулд хөөрхий данс хариуцсан менежер, зээлийн мэргэжилтэнгүүтээ
шахна, дарамтлана. Дээрээс нь мэдээлийн зуучлагч нар нь үнэндээ тухайн
компанийн өөрөө нийтэд зарласан мэдээлэл дээр ямар нэг үнэ цэнэ буюу өртөг
шингээж, мэргэжлийн түвшинд боловсруулалт, таамаглал хийлгүүгээр шууд copy and paste хийгээд мэдээллийн сувгуудаар бөмбөгдөөд байх шиг үе үе ажиглагдаад
байдаг юм. Дунд нь value add хийхгүй бол дундын зуучлагч нарын хэрэг юу билээ. Надтайгаа адилхан
машин мэддэг механикч ирчихээд авах гэж буй машины минь хамрыг нь сөхөж үзээд
харсан болоод гайгүй юм шиг байна, ав ав энэ машинаа гэж хэлж байгаатай агаар
нэгэн буюу. Миний уншиж буй энэ номон дээр ихэнх хөгжиж буй орнуудын санхүүгийн
зуучлагч нар нь insider мэдээлэгч буюу тухайн компанийн дотоод мэдээллийг ямар нэгэн аргаар олж
авч, боловсруулалгүй шууд хүмүүст тараадаг, онцгүйгээр хэлбэл тэр тэгж байна
гэсэн, тэр компани тэгэх гэж байгаа юм шиг байна лээ гэх маягийн хов жив
хөөцөлдөж явдаг хүн шиг байдаг гэсэн байна. Тухайн мэдээлэл дээр ямар ч нэмүү
үнэ цэнэ үүсгэдэггүй гэсэн үг. Монголын дийлэнх мэдээллийн сайтуудыг харж байхад мөн адил. Нэгнийхээ анх бичсэн юмыг авторыг нь солиод л өөрийн мэдээллийн хэрэгслээрээ цацаад байна. Ядаж жаахан цаашаа ухаад, нэмэлт мэдээлэл, баримтаар баяжуулахгүй бол тухайн хүнийг сурвалжлагч гэх үү, тоть гэх үү. Үнэндээ олон мэдээллийн сайт байх боловч нэг сайтыг нь бүгдийг нь уншсан байхад бусад мэдээллийн сайтыг нь унших шаардлагагүй болоод байгаа нь үүнийг нотлоод байгаа юм. Санхүүгийн зах зээл ийм байдалд орвол шууд сөнөө л гэсэн үг.
Үнэлгээний компаниудаас гадна Монголд шалгаруулаад байгаа оны шилдэг,
оны топ аж ахуйн нэгжүүдийн шалгаруулалт хааяа сонирхолтой санагдаад байдаг юм.
Яг хөрөнгийн зах зээл гээд аваад үзвэл биржийн арилжаанд идэвхтэй оролцдог 50 хүрэхгүй л
компани байгаа байх. Гэтэл ТОП 100 аж ахуйн нэгж шалгаруулаад унахаар хөрөнгө оруулагч нар яаж ялган
салган шийдвэр гаргах вэ? Гурван хүн уралдаж би шагналт гуравдугаар байранд орлоо гэдэг шиг л юм сонсогдож
буй биз. Мөн түүнчлэн нэг компани нэг л аудитийн байгууллагаар жил бүр
тайлангаа хянуулаад байдаг. Уул нь жил бүр өөр өөр газруудаар хянуулж cross checking хийлгэж байвал хувьцааг нь худалдан авах гэж хүнд илүү найдвартай
сэтгэгдэл төрүүлэхээр. Заримдаа бараг Монголын аудитын компаниудыг өөрсдийг нь аудит
хийдэг аудитын компаниуд хэрэгтэй юм шиг бодогдох юм. Өөрөөр хэлбэл санхүүгийн
зуучлагч нар сайн хөгжлөө гээд бас л асуудлыг бүрэн шийднэ гэхэд хэцүү. Учир нь
Монгол шиг жижиг газар талуудын ашиг сонирхлын зөрчил ба аль аль байгуулагын
засаглалын асуудлууд цогцоороо хөндөгдөнө гэсэн үг.
Тэгэхээр дахиад л яах вэ тэгвэл гэдэг асуудал гарч
ирнэ. Нэг боломжит хувилбар нь хүний хүчин зүйлийг аль болох бага байлгаж болохоор. Ухаан нь мэдээллийн технологийг ашиглан мэдээлийг цаг тухайд нь
түргэн шуурхай, нийтэд тэгш эрхтэйгээр түгээх. Цахим арилжааны систем гэсэн үг.
Аль 10 жилийн өмнө буюу 2000 онд Нью Иоркийн хөрөнгийн бирж болон НАСДАК дээр нийт арилжааны үнийн
дүнгийн 18%-ийг нь хувь хүмүүс гэрээсээ, ажлаасаа цахим хэлбэрээр хийж байсан юм билээ.
Өнөөдөр уг хувь хэдэд хүрснийг мэдэхгүй байна. Яг үнэндээ бол мэдээллийн
технологи нь санхүүгийн зуучлагч нарын хамгийн том өрсөлдөгч болж буй хэрэг юм.
Дөнгөж 3 сарын өмнө Токиогийн хөрөнгийн бирж систем дээрээ шинэчлэл хийж 2-3 секүнд болдог
байсан нэг арилжааг 0.005 секүндийн дотор гүйцэтгэдэг болоод байна. Энэ нь нэг өдөрт хамгийн
ихдээ 46 сая гүйлгээ хийх боломжтой гэсэн үг. Үүнээс гадна хамгийн сонирхолтой
мэдээлэл гэвэл мэдээллийн технологийн хурдацтай хөгжил эргээд өндөр хөгжилтэй
орнуудын хөрөнгө биржүүдийг бодит аюулд оруулаад байна. Энэ нь брокер,
дилерүүдийн компаниудын үзүүлж эхлээд буй хувийн арилжааны систем (Personal Trading Systems) юм. Энэхүү хувийн арилжааны системээр хийгдсэн нийт гүйлгээний өнгөрсөн
оны дүн JASDAQ дээр хийгдсэн дүн рүү бараг дөхөж очсон гэж буй нь алсдаа JASDAQ болон
Токиогийн хөрөнгийн биржүүд орших уу, эс орших гэдэг шиг асуудал болбол гайхах
зүйлгүй. Яагаад гэвэл ийм системүүд нь уян хатан, өртөг багатайгаас гадна
гүйлгээний цаг нь бараг хоногийн 24 цаг байна. Энэ тухай маш сонирхолтой мэдээлийг
схем, статистикийн хамт Nishihara хэмээх
сурвалжлагч “Stock investors turning to personal trading” нэртэйгээр The Daily
Yomiuri сонины 21,345-р дугаарт бичсан байна билээ.
Чадварлаг санхүүгийн зуучлагч нараас гадна ард
нийтийн боловсрол ба мэдээллийн технологи нь богино хугацаанд Монголын
хөрөнгийн зах зээлийг урагш түлхэх гол хүчин зүйлүүд байх болов уу гэх
мунхаглах авай. Хуучин элэнц өвгөдүүд маань "Хэрхэхийг тэнгэр мэдтүгэй" гээд харанхүй дайрдаг байсан бол одоо тэр цаг нь биш болжээ. Аль 1990 онд А.Тоффлер "The most important economic development of our lifetime has been the rise of a new system for creating wealth, based no longer on muscle but on mind" гэж хэлж байсан байх юм.
Хөх тэнгэр хэрхэхийг хамаг Монголчууд өөрсдөө мэдсүгэй!
Хөх тэнгэр хэрхэхийг хамаг Монголчууд өөрсдөө мэдсүгэй!
6 comments:
Бид зүгээр л өөрсдийгөө хуураад л хуураад л түүнийгээ хөгжил гэж нэрийдээд л нисээд байх мэт. Хамгийн чухал нь МАСС дотор урсгал сөрж сэлэх л хамгаас хүнд дээ. Монголд ирээд өөрчлөлтийн салхийг эхлүүлнэ гэж найдаж байна. Харин тэр үеийн нийтлэлүүд ямар байх болоо? Төсөөлөхгүй байна. Гэхдээ хүлээж байя.
Нийтлэлүүд чинь улам сайжирч байна.
Амжилт хүсье!
Сайхан бичлэг байна. Цаашдаа санхүүтэй холбоотой зүйлс бичиж байгаарай. Амжилт хүсье
Ихэд таалагдсан бөлгөө.
Ene ih sain bichleg boljee. Ajiglaad baihnee manai heden medeellin suvguud, site-uudar hund medleg medeelel bolchhhoor iimerhuuu niitleluud tun hovor bna, ene tal deer bolovsroltoi humuusee sonsoj baimaar bna.
Ene ih sain bichleg boljee. Ajiglaad baihnee manai heden medeellin suvag site-uudar hund medleg medeelel bolchhhoor iimerhuuu niitleluud tun hovor niitlegdej bna, ene tal deer bolovsroltoi humuusee sonsoj baimaar bna.
Post a Comment