Saturday, 2 July 2011

Power and Responsibility

Эрх мэдэл ба Хариуцлага

Аливаа улс үндэстэн, аж ахуйн нэгжийн хамгийн үнэт капитал нь хүн гэж сүүлийн үед нилээд тунхаглах болов. Логикоор бодоход аливаа капитал үнэ цэнэтэй байх эсэх асуудал нь тухай капиталын эрэлт дээр суурилж таарах байх. Хүн дээр жишээлэхэд үнэ цэнэ, зорилго, мөрөөдөл, чадвар, мэдлэг, хандлагаар нь хэмжигдэх юм болов уу? Адилгүй чадвар, ялгаатай зорилго бүхий хүмүүсийн үнэ цэнэ адил байх ёстой, хүн л юм чинь ижилхэн үнэлэгдэх ёстой гэвэл бизнесийн зарчмаар бол ойлгомжгүй асуудал болох билээ.

Дотоод, гадаадад төгссөн нижгээд залуустай уулзаж ярилцаж байхад дараах зүйлс нийтлэх анзаарагдав. Зарим залуус нь Монгол гайгүй болж байгаа сургаар л зорьж ирж байх шиг. Уул уурхайн ордууд эргэлтэнд ороогүй байсан бол тэд мөд ирэхгүй байсан байх гэж бодохоор жаахан тиймхэн санагдах. Мэдээж хүн болгон боломжтой, таатай газар руу тэмүүлэх нь зүйн хэрэг ч мастераас дээш зэрэг цол бүхий ухамсартай иргэд бусдад тэрхүү боломж, таатай байдлыг бий болгох процест өөрөө хувь нэмэр оруулах сэтгэлгүй байвал тиймхэн л байх юм билээ.

Дараагийн нэг анзаарагдсан зүйл нь гаднаас ирж буй нөхдүүдийн дийлэнх нь том компанид өндөр албан тушаалд шууд буух амбицтай. Мэдээж үүнийг залуу хүний хувьд үгүйсгэх аргагүй боловч тухайн том зорилго, том амбиц нь тухайн нөхцөл байдалдаа тохирсон, ирээдүйд бодитоор биелэгдэх боломжтой байх нь хамгаас чухал. Залуус бид огт мөрөөдөхгүй, мэргэжлийн болон этикийн том амбиц гаргахгүй бол амжилтанд хүрэхгүй нь ойлгомжтой. Хэрэв чи боломжийг харж, мэдэрч байгаа бол хэрхэн боломжийг бодит байдал болгох төлөвлөгөө чинь л эрхэм билээ. Өөрөөр хэлбэл зарим залуус маань өнгөрсөн фактууд дээрээ хэт их суурилан одоо үеийн нөхцөл байдалтайгаа сайн холбож томъёолж байгаа боловч ирээдүйн төлөвлөгөөгөө үүн шигээ тодорхой гаргахгүй, харахыг хүсэхгүй байгаа мэт санагдсан бөлгөө. Жишээлбэл өвөл болохыг мэдэхгүй гоё өнгөтэй цэцэг болгон дээр нисч буугаад явдаг эрвээхэй шиг. Хэний айраг исч, хэний охин өссөнийг харж айл хэсээд явбал баялаг хаана бүтээгдэх билээ.

Энд тэндхийн ном сонин уншиж, амжилтанд хүрсэн хүмүүстэй уулзаж байхад тэдгээр хүмүүс өөрсдийнхөө чадвар, боломж, үнэ цэнэ, сонирхол, хүсэл тэмүүлэл, мөрөөдөлөө аль эртнээс томъёолж төлөвлөсөн хүмүүс байгаад байх шиг байгаа юм. Тэгэхээр ажилд орохын тулд тухайн том компани, эсвэл том албан тушаалд тааруулж өөрийгөө зэрэмдэглэх биш харин өөртөө тохируулж буюу өөрийн үнэ цэнэ, чадвар боломж, сонирхол, хүсэл мөрөөдөлдөө тааруулж сонголт хийвэл хамаагүй илүү урт настай сонголт байх юм уу. Урт настай гэхээсээ илүү хариуцлага хүлээх чадвар нь хамаагүй өндөр байх боломжтой мэт санагдана. Хариуцлага хүлээх чадварааc амжилт бараг бүрэн хамаардаг гэж хэлж болно биз ээ.

Арав гаруй жилийн өмнө хэвлэгдэж байсан Алвин Тоффлерийн “Эрх мэдлийн шилжилт” хэмээх номонд эрх мэдэл нь хүчирхийлэл, эд баялаг, мэдлэг гэсэн гурван зүйлийг дагаж байдаг хэмээн дүгнэсэн байдаг. Хариуцлага гэдэг зүйл энэ гурван зүйлийн хаана нь зангидагдаж явдаг бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрөх. Хүн төрөлхтөний соёл иргэншлийн эхний үеүдэд бусадтай хариуцлага тооцох хамгийн амархан бөгөөд магадгүй ганц арга нь хүчирхийлэл байсан байх. Эд баялагийн үнэлэмж хүмүүсийн дунд бий болсноор хүнийг мөнгөөр болон эд баялагаар урамшуулаад зогсохгүй мөн хариуцлага хүлээлгэж “хоосруулж” болдог хөшүүргийг бий болгосон буй заа. Бэлэн өгч буй загасанд сэтгэл нь ханалгүй тэрхүү өгч буй загаснуудыг барих аргыг сурах эрмэлзэл нь хүмүүсийг мэдлэг дээр суурилсан эрх мэдлийн талбар руу түлхсэн нь мэдээж.

Мэдлэгийг дагаж ирж байгаа эерэг үр дагавараас гадна сөрөг үр дагавар буюу эрсдэл өссөн нь магадгүй хариуцлагын тогтолцоонд том сорилтыг та бидэнд үүсгэж буй мэт. Мэдлэгийн хуваарилалт нь өөрөө ихэвчлэл мэдээлэл хэлбэрээр дамжигдах тул магадгүй эдгээр мэдлэг, мэдээллийг бусдад дамжуулах, эс дамжуулах гэсэн ёс суртахуун, мөн чанарын асуудал үүсээд багагүй хугацаанд хүмүүс бидний нийгэмд оршиж байгаа мэт. Тэгэхээр ирээдүйд эрх мэдлийн хуваарилалт нь ёс суртахуун, хүн чанар дээр тогтох ёстой эсэх? Эс бөгөөс хүн хутгалж хөнөөсөн хүний буруу биш хутга зохион бүтээсэн хүний буруу гэдэг шиг стандарт та бидний нийгэмд тогтох ёсгүй билээ.