Thursday, 4 October 2012

Pre-paid society

Views

Урьдчилсан төлбөрт нийгэм

Эхлээд мөнгөө төл, дараа нь үйлчилгээгээ ав гэдэг сонгодог зарчим бий. Хүний нийгэм тэр чигээрээ итгэлцэл дээр суурилдаг мэт боловч үл итгэлцэх байдалд орохгүйн тулд, түүнээс үүдэн гаран эрсдэл ба хариуцлагаас зайлсхийхийн тулд бид өөрөө өөрсөддөө асар их хэмжээний нэмэлт зардлыг гаргаж байдаг. Жишээ нь: эскроу данс, хариуцлагын даатгал, хяналтын асар үнэтэй системүүд, банкуудад хүртэл тусгай сейфний хүртэл үйлчилгээ гараад удаж байнам. Зарим нөхрүүд, эхнэрүүд гэр бүлийн хүнээсээ байрны ордероо нуудаг юм гэсэн.

Холливүүдийн киног харж байхад тухайн хүний бүртгэлийн дугаарыг нь мэдэж аваад л ерөнхий системээсээ гэрийн хаяг, утасны дугаар, банкны данс, эзэмшиж буй хөрөнгүүд, гэр бүлийн байдал энэ тэрийг нь шууд мэдээд байдаг. Монголд зам дээр нэг осол гарч хүн эндлээ гэхэд сонин дээр зургийг нь тавихаас наагуур болж байж уг хүнтэй холбоотой мэдээллийг цуглуулан барин гэрийнхэнтэй нь холбоо барьж байна.

Эрнандо дэ Сото хэмээх эдийн засагч ирээд 800 гаруй хүн дээр түүвэр судалгаа хийснийхээ дараа 7,5 тэрбум ам.долларын хөрөнгө бүртгэлгүйгээр монголчуудын гарт байгааг гаргаж ирсэн. Энэ нь сая Худалдаа Хөгжлийн Банкны бондоор босгосон мөнгөнөөс 25 дахин их мөнгө буюу ирэх 5 жилд Монголд хэрэгтэй байгаа хөрөнгө оруулалт, их бүтээн байгуулалтын төслүүдийн нийт өртгийн даруй 10 гаруй хувьтай тэнцэж байгаа юм. Саяхан хөрөнгө, орлогоо мэдүүлгээ бөглөхгүй ээ гээд ажлаасаа нилээд хэдэн төрийн албан хаагч гарсан байна билээ. Энэ мэт нийлсэн далд эдийн засгийн хувийг оруулбал Монгол улсын алдагдсан боломжийн өртөг хэдэд хүрэх бол? Нийгмийнхээ бүхий л баялагийг үнэлэхийн тулд бүхий л зүйлс бүртгэлтэй байх ёстой ба бүртгэл нь байнга шинэчлэгдэж байх ёстой.

Хамгийн чухал зүйл нь мундаг мэдээллийн сан, систем байж болох ч тухайн системд эргэлдэж буй мэдээ нь өөрөө нь зөв буюу бодитой байх ёстой. Эс бөгөөс морь унасан толгойгүй хүнээс ялгаагүй болно. Саяхан Оюу толгойн төслийн баг ашигт малтмалын экспортын судалгаа хийх гээд толгой нь эргэж дууссан сурагтай байна лээ. Учир гэвээс гаалийн мэдээ, компаниудын мэдээ, тээврийн мэдээнүүд нь эрс зөрөхөөс гадна хилийн боомтууд дээр али алийнх нь тооцоонд ороогүй хэдэн мянган тонн ашигт малтмал хэвтэж байх юм гэнэ. Түүнчлэн та нар өөрсдөө туршаад үзээрэй. Бараг аль ч Монголын арилжааны банкны 5 өөр салбараас 5 өөр бүтээгдэхүүнийг нь авбал та 5 удаа яг ижил хувийн материалаа бэлтгэж өгнө. Төлбөрийн картын хугацаа нь дуусаад хугацааг нь сунгуулаад шинээр хэвлүүлж авахад хүртэл Монголын топ банк дахин материалаа бүрдүүлж ир гэх жишээтэй. Үхсэн баасных нь 100% онлайн банк. Онлайн гэдэг үг зөвхөн гүйлгээ хийхэд л хамаатай гэж ойлгосон хэвээр л бололтой юм билээ.

Барууны үйлчилгээний байгууллагуудад data mining гэсэн мундаг ойлголт байна. Үүнийг дагаад иргэд, байгууллагын иж бүрэн мэдээлэл цаг, минут тутам шинэчлэгдэж байдаг. Ач холбогдол нь тухайн хүнийг юу хийсэн гэдгийг нь мэдэхээс гадна тухайн хүн юу хийж бүтээх чадвартай, эсрэгээр юуг нураах буюу ямар төрлийн эрсдэлтэй гэдгийг нь хоромхон зуур мэдээллийг нь хараад дурын хүн дүгнэлт хийж боломжтой. Үүгээрээ нэг хүний хийсэн балгийг арван хүн үүрэхгүй, нэг хүний хийсэн гавъяаг хоёр хүн хүртэх боломжийг нийгмийн харилцаанд орж буй бүхий л субъектуудад нээж өгч байдаг мэт. Баруунд цалингаа картаар авдаг нөхөрт жилийн дараа банкнаас алтан карт олгож, дахиад жилийн дараа шууд автоматаар зээлийн эрх нээж өгч байх жишээтэй. Хамгийн гол нь нөгөө нөхөр тогтмол ажилтай, орлоготой л байх ёстой.

Нийгэм хөгжихийн хирээр эхлээд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ харилцагч нартаа хүргээд дараа нь төлбөрөө нэхэмжилж авдаг ерөнхий хандлага байна. Хэн ч мэдэхгүй нөхөрт мэдээж бүтээгдэхүүнээ тэр болгон дараа тооцоогоор өгдөггүй. Олны танил хүнд өгөөд өнөөх нь алга болсон ч мэдээллийн сангаараа дамжин тухайн хүнийг ямар ч төвөггүй олоод авчихна.

Өөрөөр хэлбэл эдийн засгийн хөгжлөөс илүү нийгмийн хөгжлөөс хамаарч хүмүүс, компаниуд дараа тооцоогоор буюу дараа төлбөрөө хийх хандлага руу шилждэг бололтой. Ухаан нь шилжилтийн ороо бусгаа үед худалдан авагч нь ч тэр, худалдагч нь ч тэр “нэг удаагийн” үйлчилгээн дээр дулдуйдаж богино хугацаанд өндөр ашиг, эрсдлийг авч хүлээхэд бэлэн байдаг. Ам мэхээр барилддаг бөхчүүд болон аман гэрээгээр тохиролцдог бизнес хол явахгүй ээ гэсэн үг. Харин хэд хэд унаж босоод хаширсаны дараа хэн ч гэсэн тогтвортой бизнесийг хүсэх агаад найдвартай орлоготой байхын тулд найдвартай харилцагчтай байх ёстой болох аж.    

Бизнесийн байгууллага ямар ч төрлийн шийдвэр гаргахдаа мэдээж хамгийн эхний шалгуур нь өгөөж, үнэ цэнэ, ач тус буюу эдийн засгийн голцуу хүчин зүйлс байна. Хоёр дахь гол хүчин зүйл нь уг арилжаа, гүйлгээ, үйлдэл нь хуулийн хүрээнд багтах ёстой. Үүний нөгөө талд хувь хүн ч гэсэн цалин авахын тулд чанартай сайн ажиллаж үр дүн гаргах ёстой. Үр дүн гаргахын тулд мөн л хуулийн хүрээнд шударгаар хөдөлмөрлөх ёстой. Энэхүү эдийн засгийн болон хуулийн хүчин зүйлсийг тал талдаа ягштал мөрдөөд эхэлбэл аяндаа дараа төлбөрт нийгмийн үндэс суурь нь бүрдэх биз ээ. Энэ нь цаашилбал эдийн засаг ба хуулийн хүчин зүйлсээс илүүтэйгээр ёс суртахууны болон сайн дурын үндсэн дээр шийдвэр гаргаж ганцхан өөрийнхөө өмнө бус өрөөлийн өмнө хариуцлага хүлээнэ гэсэн үг.

ДНБ-ийг улс орны эдийн засгийн хэмжүүрээр голцуу сонгож авдаг бол нийгмийн хөгжлийн ерөнхий албан бус хэмжүүрийг замын хөдөлгөөний соёл (хууль биш шүү) ба нийт гар утас хэрэглэгч нарын дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт хэрэглэгч нарын харьцаагаар тооцож болох мэт. Японд жишээ нь нийт гар утас хэрэглэгч нарын 95% гаруй нь дараа төлбөрт бөгөөд жуулчид, түр хугацаанд оршин суугч гэх мэт нь л дараа төлбөрт утас хэрэглэдэг юм билээ. Ер нь бол нэг ажилгүй "баагий" албатай юм шиг гар утас авч хэрэглэчихээд төлбөрөө төлж чадахгүй гудамжинд гарч төлбөр өндөр байна, шулуулж байна гэж жагсаал хийх эрхтэй л дээ...

1 comment:

Anonymous said...

shuumjlehiig hun bolgon chadna. harin ta yu bosgoj buteej bgaa hun be? bgaa orchin, niigemteigee zohitsoj amidarch chadahgui bol hollywooddee ochood amidrahgui yu