Сэтгэлийн хавх
Бид заримдаа хэт
сэтгэл хөдлөлдөө автах байдлаар, мэдэхгүйгээсээ болж нэрэлхэх байдлаар, бусдыг
гомдоохгүй гэж бөөрөнхийлөх байдлаар шийдвэр гаргах, сонголт хийх, дараа нь
түүндээ харамсах тохиолдол гардаг. Эдгээр үйлдэл нь хүний ухамсарт сэтгэлээс
шууд гардаггүй мэт боловч биднийг аливаа зүйлсийг, хүнийг дүгнэх, сонгох,
мэдрэх ба хариу үйлдэл үзүүлэхэд шууд нөлөөлж байдаг. Ялангуяа хүмүүсийн
хоорондын харилцаан дээр элбэг тохиолддог бөгөөд ач холбогдол өндөр, чухал
шийдвэр байх тусам л хүмүүс сэтгэл хөдлөлдөө хэт автах магадлал өндөрсдөг
байна. Эргээд үнэлүүлж буй хүмүүс нь энэхүү байдлыг овжноор ашигладаг, бид
ашиглуулсаар л байна.
Бодит жишээ авч
үзье. УИХ-ын сонгууль. Шинэхэн сонгогдсон гишүүд дэлхий даяар нүүрлээд буй
хямралын эсрэг эх орны хөгжлийг хаашаа хэрхэн залах ёстой гэдэг маш чухал олон
шийдвэрүүдийг гаргаж төр барих хүмүүс. Эдгээр хүмүүсийг ард иргэд чөлөөт
ардчилсан сонгуулиар өөрсдөө сонгож өөрсдийгөө төлөөлүүлсэн. Төлөөлөл хийж буй
хүмүүс засгийн газрын бүрэлдэхүүнийг томилж буй. Харин засгийн газрын төлөөлөл
ард иргэдийн сонголттой хир нийцсэн бэ гэдэг нь өөр асуудал болох биз. Өөрөөр
хэлбэл хууль тогтоох байгууллагаас гадна засгийн газрын бүрэлдэхүүнийг сонгох
төлөөллийг бид УИХ-ын сонгуулийн үед давхар хийжээ. Тэнцүүхэн санал авсан
намууд өөрсдийн төлөөллөө тэрхүү хувиараа тэнцүүлэн засагт хуваарилалт хийв.
Уул нь тухайн яам, чиглэлийн агентлагийг мэргэжлийн байдлаар удирдах, үйл
ажиллагааг нь тасралтгүй тууштай явуулах хүний нөөц, төрийн бодлого байх ёстой,
байлгах ёстой мэт. Намын боловсон хүчний томилгоо явах нь зүйн хэрэг мэт боловч
энэхүү томилгоо нь тухайн намын хүний нөөцөөр хязгаарлагдаж, тэрхүү процесс нь
төрийн үйл ажиллаагааг удаашруулах, зогсоох, бүр ухраах ёсгүй билээ. Намуудын
томилгоонуудыг харж байхад тухайн албан тушаал дээр төвлөрч хүнээ томилохоос
биш харин бусад намууд ойролцоо албан тушаал дээр хэнийгээ томилож байгааг
харж, барьцах маягтай тушаал өгч буй нь анзаарагдана.
Дээрх бүх
зүйлсийг “ард түмэн” мэдрээд “санаа зовохоос” өмнө засаг бүрдлээ. Засгийн
газрын бүтэц бүрэлдэхүүнийг эргэж ярих гэхээр УИХ өөрөө буруу шийдвэр гаргасан болчих
асуудал руу орох байдал үүснэ. Өөрөөр хэлбэл хүн болгон “арьсаа хамгаалж” эхэлнэ.
Сүргийн сэтгэлгээ буюу учраа мэдэж зоригтой шийдвэр гаргаж чадахгүй байгаа
массаа хувь хүн бүр дагаж явсаар байгаад нүдээ олоогүй томилгоонуудыг бага
зардалтай байхад нь зогсоож чадаагүй нөхцөл үүсэхээр.
Гутранги байдлаар
тооцвол үр дүн нь ойлгомжтой мэт. Эрээвэр хураавар цугласан нөхдүүд хоорондоо
уялдаа холбоогүй ажилласнаар бодлогын зөрчилдөөн үүсч (хууль зүйн дэд сайдын интерпол руу явуулсан
захидал), хөрөнгө оруулалтын
давхар зардлууд гарч, багийн уур амьсгал буруу тийшээ эргэснээр төсөл,
санаачлагууд дампуурч, авч ирсэн баг тарж, санхүүгийн болон нэр хүндийн хувьд
том алдагдал хүлээх эрсдэл байна.
“Great People Decision” номыг зохиогч Claudio Fernandez Araoz дараах үндсэн дүгнэлтүүдийг Сэтгэлийн Хавх гэсэн
толгойтойгоор хийсэн байсныг Монгол агуулга руу хөрвүүлж өөрийн бодолтойгоо
нийлүүлэхээр шийдлээ.
Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх
Асуудал
зөрчилдөөн ил харагдахгүй, сенсаац болоогүй л бол ихэнх хүмүүс бүх зүйл хэвийн
явж байгаа гэж боддог, бодохыг хүсч явдаг нь нууц биш. Энэ нь ялангуяа хүнтэй
холбоотой асуудлууд дээр. Албан тушаалын томилгоотой холбовол, тухайн
хариуцлагатай албан тушаалтныг зөвхөн алдаа гаргасан үед л хариуцлага тооцоод
буй. Улстөрийн болон бизнесийн удирдах албан тушаалтнуудын судалгаанаас харахад
албан тушаал хашиж буй хугацааны эхний хагаст дийлэнх хүмүүс маань сүүлийн
хагаст үзүүлсэн амжилтаасаа хамаагүй илүүг хийж бүтээсэн байдаг аж. Өөрөөр
хэлбэл тааруу ажиллаж буй хүмүүсээ бусад нь удахгүй сайжрах байх аа, түүнээс
илүү олигтой хүн байхгүй юм чинь гэж хүлээсээр байгаад боломжуудыг алддаг ажээ.
Судалгаагаар бол 10 жилээс дээш тухайлсан нэг удирдах албан тушаал дээр
ажилласан буй хүний сүүлийн 5 жилийн ажлын гүйцэтгэл эрс ялгаатай буюу дордсон байдаг нь нотлогдсон аж.
Биеэ тоох
Судлаачийн хэлж
буй дараагийн нэг зүйл бол бүх түвшний удирдах албан тушаал дээр очсон хүмүүс
маань биеэ ихэд тоож эхэлдэг байна. Энэ нь тухайн хүмүүс өөрсдийн хийж бүтээж
чадах бодит хэмжээнээс илүү хийж бүтээж чадна гэсэн хандлагатай болдог аж. University
of Pennsylvania-ийн хийсэн
судалгаагаар бол хүмүүс нөхцөл байдал эерэг үед үргэлж өөрсдийгөө хэтрүүлэн
үнэлдэг байхад харин стресст орсон, айсан, сандарсан, түгшсэн хүмүүс бодит
байдлыг илүү мэдрэн өөрсдийнхөө чадвар чансаа, мэдлэг, туршлагаа бодитой үнэлж
чаддаг гэсэн байдаг. АНУ-д 2004 онд 1 сая оюутан
сурагчдын дунд хийсэн судалгаагаар тэдний 70% нь өөрсдийгөө манлайлах чадвараараа дунджаас
дээгүүр гэж үнэлсэн байдаг. Энэ нь энгийн математикийн тооцооны хувьд боломжгүй
бөгөөд дөнгөж 2% нь л
өөрсдийгөө дунджаас доогуур гэж тооцдог байх жишээтэй. Түүнчлэн их сургуулийн
профессоруудын 95% нь
өөрсдийнх нь ажлын ачаалал, үр бүтээл нь дунджаас дээгүүр гэж үздэг байх
жишээтэй. Цаашилбал мэдээллийн технологийн томоохон 2 компанийн инженерүүдийн 32% ба 45% нь өөрсдийгөө уг компанийнхаа топ 5 инженерийн нэг гэж тооцдог байх жишээтэй. Үүнтэй яг адилхан буюу манай
улстөрчид ч гэсэн өөрсдийгөө хэрээс хэтрүүлэн өөрсдөө үнэлж, тэр чинээгээрээ
популизм хийх хандлага газар авах хандлагатай байгаа нь тун харамсмаар.
Ер нь яагаад
ингэж хүмүүс өөрсдийгөө хэтрүүлэн үнэлээд байна гэхээр дараах үндсэн хоёр шалтгаан
байж болохоор аж. Нэгт, хүмүүс өөрсдийгөө хурдан хугацаанд өөрчлөгдөж чадна гэж
итгэдэг. Гэхдээ ихэвчлэн энэ нь цаг хугацааны хувьд маш их зөрүүтэй байдаг
бөгөөд нөгөө талд буй хүмүүс нь энэ хүнийгээ өөрчлөгдтөл нь хүлээх үү, эсвэл
шаардлагыг нь хангасан хүнтэй шууд хамтран ажиллаж эхлэх үү гэдэг сонголт гарч
ирдэг. Хоёрт, бид одоог хүртэл ажил хийх чин эрмэлзлэлтэй хүмүүс энэхүү
эрмэлзлэл зорилгодоо хүрэх өндөр магадлалтай буюу хоорондын корреляцийн
хамаарал нь өндөр гэж үздэг. Үнэн хэрэгтээ Монгол орны төлөө цохилох зүрхтэй
хүн болгон хөгжлийн түүчээлэгч байж чадахгүй. Учир нь хичнээн сэтгэл байгаад ч
тухайн хувь хүний өөрийн нь чадвар, мэдлэг, туршлагын хязгаар, хайрцаг гэж
байдаг аж. Иймээс ялангуяа төрийн болон бизнесийн байгууллагуудын томоохон
томилгоонууд дээр намайг аваач, би очоод ёстой хийгээд өгье, надад юу л байна
сэтгэл байна, би Монголдоо болон ард түмэндээ дэндүү хайртай гэсэн хүмүүс биш тухайн
ажлыг нь мэргэжлийн түвшинд хийж чадах мэдлэг, туршлага, зөв хандлагатай
хүмүүсийг сонгох нь ус агаар мэт чухал буй заа.
Өнгөц дүгнэх
Хүмүүс ихэнхдээ өнгөц
дүгнэлт хийдэг. Түүнээс бус яг бодит боломж, магадлалуудыг тэр болгон тооцож
шийдвэр гаргадаггүй. Ялангуяа хүнтэй холбоотой шийдвэрүүд дээр бид бүхэн шууд л
тухайн хүнийг аль нэг групп, фракц, талд оруулан дүгнэх гээд байдаг муу талтай.
Өөрийн үзэл бодлоо илэрхийлээд тэр нь аль нэг томоохон улстөрчийн санаатай
нийлбэл, өө тэр яг тэрний л хүн байна шүү дээ гэх мэт. Хүмүүс бие биенээ
үнэлэхдээ анхны сэтгэгдэл хамгийн чухал байдгаас гадна тухайн хүнтэй холбоотой
хов жив, бусад хоёрдогч мэдээлэл жинтэй хувь эзэлдэг болов уу. Нилээд хэдэн
жилийн өмнө Англид хийсэн нэг судалгаа байдаг. Метронд хүмүүсийн цүнхээс нь
түрийвчийг нь хулгайлаад ард нь хар арьстан цагаач болон баян тарган цагаан
авгай хоёрыг зогсоогоод түрийвчээ алдсан хүн алийг нь шууд хардахийг судлахад
бараг 100 хувь хөөрхий хар
арьст цагаачийг чиглэсэн байгаа юм. Энэ бол хүн гэдэг амьтны бие биенээ үнэлэх
үнэлэмж байж болохгүй юм аа. Хамгийн шилдэг мэргэжилтнийг ганцхан хар мэдээ
доош нь татаж карьерийг нь унагадаг. Ялангуяа улстөрийн тавцан дээр.
Өөрөөр хэлбэл бид
хүнийг дүгнэхдээ ихэнхдээ сайн сайхан бүхнийг цогцлоон бүтээх хүсэл тэмүүлэл,
ирээдүйг төсөөлөх таамаглал зэрэг хэмжихэд тун тодорхой бус хүчин зүйлсийг
ашиглаад байдаг. Энэ нөхцөлд бидний сонгосон хүн богино хугацаанд сайн мэт
ажиллаад урт хугацаанд бидний өнгөц дүгнэлтийн өгөөш болон хувирах эрсдэлтэй
билээ.
Брэнд буюу нэр төрөөр хөөцөлдөх
Хүмүүс бид мөн л
нэр хүнд дээр суурилж шийдвэр гаргах, эргээд тэр нь буруу шийдвэр болсон байх
тохиолдолууд зөндөө гардаг. Бизнесийн ертөнц дээр жишээ нь нэртэй бизнесмэн Jack
Welch хуванцарын бизнес руу орохдоо
өөрсдийн хүмүүсээс илүү гадны хүмүүст найдсан байдаг. Учир нь тэд энэ төрлийн
бизнест туршлагагүй тул. Jack шууд л DuPont-с нилээд
хэдэн хүнийг ажилд авсан боловч төсөл нь нурсан түүхтэй. Гол шалтгаан нь Jack
хуванцарын бизнесийн тэрхүү төсөлдөө
яг хэрэгтэй байгаа мэргэжлийн хүний нөөцийг бус DuPont гэдэг брэнд нэрийг л худалдан авсан хэрэг. Түүнтэй
яг адил бид бүхэн сонголт хийхдээ тухайн хүний нэр хүнд, алдар цолоос
илүүтэйгээр яг бидний хамтран гээд байгаа ажил, төсөл дээр бодитой үнэ цэнэ авч
ирж чадах үү, үгүй юу гэдгийг л сайтар тооцож сурмаар санагддаг юм. Сайхан
Монгол царайтай болохоор нь л УИХ-ийн гишүүнээр сонгоод байвал бид хулхи
брэндээр (зарим нь хулхи
гэдгийг нь ч мэдэхгүй яваа) гангалаад
явж буй хүүхдүүдтэй агаар нэгэнд тооцогдох буй заа. Царайны сайхнаар цай сүлэхгүй гэдэг хэлц бас байдаг санаж байна.
Туйлширсан үнэлгээ
Эргээд л хүнтэй
холбоход, бид бусад хүнийг үнэлэхдээ хэт туйлшрах хандлагатай юм аа. Жишээ нь,
шилдгийн шилдэг, хөгийн луйварчин, хятад царайтай, сайхан материал бэлдээд
өгчихвөл хэн ч гэсэн Баярцогт шиг ярьж чадна, ард түмний гавъяат гэх мэт. Үнэндээ
бид ингэж туйлшрах нь их аюултай юм. Тухайн хүнийг үнэлэхдээ бид тухайн хүний
гаргасан эерэг болон сөрөг үр дүнг нь тухайн бизнесийн, улстөрийн орчинтой
зайлшгүй харьцуулан үзэх ёстой билээ. Нэг хэсэг гадаадад төгсөөд ирсэн л бол
Монголд од болдог байлаа. Одоо эсрэгээрээ буюу гадаад төгссөн л бол ээ дээ бүү
ажилд аваарай гээд хүмүүс захих нь холгүй байх жишээтэй. Өөрөөр хэлбэл зарим нь
том усан сангийн жижиг загас байхдаа илүү үр бүтээлтэй, нийгэмдээ хэрэгтэй
байдаг бол зарим нь жижиг усан сангийн том засаг байхдаа илүү бүтээл гаргадаг
байх юм. Үүнийг нь улстөрийн тавцан дээр сонгогч бүр ойлгоод мэдрээд байдаггүй
нь анзаарагдах бөлгөө.
Бизнесийн тавцан
дээр хүртэл жишээ нь MCS эсвэл
Newcom ч юмуу томоохон
корпорацид л ажиллаж байгаагүй бол хэрэггүй дээ гэсэн хандлага байдаг ч эдгээр
компанид ажиллаж байсан хүмүүс нь бусад компани дээр очоод ажлын гүйцэтгэл нь
гологдоод халагдаж байсан тохиолдолуудыг жишээ нь би мэдэх юм. Хөнжлийнхөө
хирээр хөлөө жийх, эсвэл хир урт хөгжил авч чадах эсэхээ хаа хаанаа бид
тохируулах, мэдэх хэрэгтэй ажээ.
Хүссэн зүйлдээ итгэхийг оролдох
Дээр дурдсан хар
арьст цагаач болон цагаан арьст баян авгайн жишээний дагуу нэгэнт хүн нөгөө
харь арьст нөхрийг л хулгайч гээд бодчихсон бол түүнийгээ батлах бүхий л
оролдлого, хандлага, үйлдлийг хийж эхэлдэг. Энэ бол бусдыг үнэлэхэд алдаа
гаргадаг хамгийн аюултай процесст тооцогддог аж. Өөрөөр хэлбэл өөрийнх нь
хувийн дүгнэлттэй таараагүй бүхний эсрэг зогсох. Өчигдөр болсон Баярцогт ба
Ганбаатарын мэтгэлцээнийг үзсэн хүмүүсийн хандлага дүгнэлтийг харахад агуулга
биш хэлбэр дээр нь суурилж дүгнэлт гаргаад байх юм. Гараа халаасандаа хийгээд
пээдийгээд байсан болохоор Баярцогт хөгийн, тийм болохоор ялагдсан ч гэдэг юм
уу. Ухаан нь Баярцогт гишүүний оронд экс гишүүн Зоригт, эсвэл тухай үеийн
ерөнхий сайд нар орсон бол хандлага нилээд өөр болохоор санагдсан тул энэхүү
нийтлэлийг тэсэлгүй бичиж сууна.
Яг энэхүү
сэдэвтэй холбоотойгоор Wason гэгч эрдэмтэн аль 1960 онд
маш сонирхолтой судалгаа тест хийсэн байдаг. Нөхөр 2-4-6 гэсэн тооны дараалал өгөөд энэхүү дарааллын
дүрмийг батлах буюу дараагийн тоо нь хэд байх вэ гэсэн асуулт байв. Судалгаанд
оролцогчид дараагийн тоо нь 2-р нэмэгдсэн тоо байна, эсвэл эхний хоёр тооны ялгавар нь сүүлийн хоёр
тооны ялгавартай тэнцүү байх дүрэм гэгчлэн тооцоолсон. Харин яг үнэндээ доктор
Васонийн дүрэм нь утга нь өсч буй ямар ч хамаагүй гурван тооны л дараалал гэсэн
дүрэм байсан юм. Өөрөөр хэлбэл энэхүү тест нь хүмүүс оролцогч нарыг байгаа
баримтыг нотлох бус өөр сөрөг нотолгоо гаргаж ирэхийг туршсан үйлдэл байжээ. Ухаан
нь хүссэн зүйлдээ итгэхээсээ илүү, хүсээд байгаа юмныхаа эсрэг фактыг гаргаж
турших, үр дүнг нь мэдрэх зоригтой байх, товчхондоо хайрцагласан сэтгэлгээнээс
хааяа ч болов салж байх ёстойг энэхүү судалгаа бидэнд харуулж буй хэрэг юм.
“Арьсаа хамгаалах”
Бид бүгд хүн
гэдэг амьтан. Бид бүгд алдаа хийх дургүй. Алдаа хийсэн үедээ бүгд аль болох
хариуцлагаас зугтаахыг эрмэлздэг. Chris Argyris гэдэг судлаачийн үзсэнээр хамгийн ухаантай гэгдэх
хүмүүс маань сандрах, айх, ичихээрээ хамгийн тэнэг үйлдлүүдийг хийдэг гэж
байна. Түүнчлэн The University of California хүмүүс “арьсаа хамгаалах”-ын тулд худлаа ярьдгаас
гадна дараах хэдэн зүйлсээс бол бие биедээ худал мэдээлэл өгч жүжиглэдэг гэжээ.
Үүнд:
- Хариуцлагаас зугтах буюу шийтгэл хүлээхгүйн тулд
- Ховор буюу олддоггүй боломжийг ашиглахын тулд
- Бусдыг хамгаалахын тулд
- Өөртөө гэмтэл, аюул учруулахгүйн тулд
- Бусдаар бахдуулж, мандаж, нэр алдар олохын тулд
- Өөртөө эвгүй буй нөхцөл байдлаас гарахын тулд
- Ичсэнээсээ болж
- Хувийн нууцаа хамгаалахын тулд
- Бусдыг дарамталж айлгахын тулд
“Цус ойртох”
Дахиад хүний
нийтлэг араншингаар бид дотно найз, сайн таньдаг хүмүүстээ л илүү итгэж, эрсдэл
ба боломжуудаа хуваалцдаг. Том зургаар нь улстөрийн түвшинд харвал, жишээ нь
УИХ-д бид нөгөө л мэддэг, байсан хүмүүсээ л дугуйлаад буй. Бизнесийн орчинд бол
гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүдийг голцуу танилын хүрээнээс шүүрдэж байж гол
томилгоонууд хийгдсээр байгаа. Хэдийгээр огт таньж мэдэхгүй хүнээс таньдаг хүн,
танилын нүүр илүү халуун ч тухайн танил маань хэрэгцээтэй байгаа албан тушаал
дээр үр өгөөжээ гаргаж өгч чадах эсэх нь хамгийн чухал. Танилын хүрээн дээр
суурилсан томилгоо ба группууд сүүлдээ бараг утгаа алдаж байна шүү дээ. Баахан
нутгийн зөвлөлүүд, чиглэл сонирхолоор нэгдсэн клуб холбоод, улстөрийн фракцууд,
бүр экс УИХ-ын гишүүдийх төрийн бус байгууллага байгуулагдсан байх жишээтэй. Мэдээж
нийгэмд эерэг зүйл байгаа л байх, гэхдээ хувь хүн талаасаа том зургаа олж харж
чадахгүй болох, жалга довын үзэлд баригдах, сэтгэхүй нь хайрцаглагдах эрсдэлтэй
л юм билээ. Хамгийн том аюул нь ямар ч эерэг өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй
сонирхолгүй болох, ингэснээр хэдий залуу ч нийгмийн түүчээ биш цувааны хамгийн
ард үлгэн салган явж бусаддаа шавар хаах нэгэн болох юм.
Сэтгэлийн зангуу
Бид бас л хүнийг
үнэлэхдээ өөрийн сайн мэддэг, магадгүй сэтгэлдээ биширч хүндэлж явдаг хүнтэйгээ
шууд харьцуулах гээд байдаг талтай мэт. Уул шугамандаа тухайн хүний хувийн
амжилт, ололт, гүйцэтгэлээр нь үнэлэх, бие даасан байдлаар харах хэрэгтэй.
Магадгүй амьдралд хамгийн ойрхон дараах жишээ байж болох юм. Мундаг, сайхан
найз охинтой байж байгаад салсан залуу (эсрэгээрээ ч байж болно)
дараа нь тааралдаад үерхэх партнераа үргэлж анхны найзтай жишиж зүйрлээд голоод
байдаг. Эцэсдээ ганц бие хэвээрээ л үлдэнэ. Гунхсан нэг нь намайг тоохгүй,
гутлаа чирсэнийг нь би тоохгүй гэдэг шиг. Хувь хүн болгон хоорондоо юугаар ч
ялгагдашгүй зүйлсүүдтэй ч төстэй зүйлс ч багагүй байдаг. Түүнчлэн
судалгаануудаас харж байхад хүн хүнтэй холбоотой ямар нэг шийдвэр гаргахдаа
тухайн хүний хамгийн анх хийсэн эсвэл хамгийн сүүлд хийсэн амжилт, алдааг илүү
их санаж, түүн дээр тулгуурлан эцсийн дүгнэлтээ гаргах гээд байдаг аж. Тэр дунд
тэр хүн ямар ч том амжилт, эсвэл алдаа бүтээсэн байсан үнэлгээнээс орхигдох
эрсдэл байдаг ажээ. Иймээс бид бусдыгаа үнэлэхдээ сэтгэлийн зангуугаа татан авч
бодит байдал руу тэмүүлэх нь зөв шийдвэр болохоор байнам.
Сүргийн сэтгэлгээ
Эцэст нь хэлэхэд
бидний дунд сүргийн сэтгэлгээ амь бөхтэй оршсоор л байна. Хөдөө явж байгаад зам
хөндлөн гарч буй хонь, ямаа, адуу нь заавал машины урдуур дайрдаг. Тээр хойно,
сүргийн бөгсөнд явж байсан төлөг хүртэл давхисаар байгаад машинд дайруулах
шахан урдуур л заавал гүйнэ. “Хүнээр” бодвол бусдыгаа дагаж замын нөгөө талд
гарах хэрэг байсан ч юм уу, байсан ч гэсэн машинаа явуулчихаад араар нь гарах,
эсвэл заавал заавал урдуур нь дайруулах шахан гүйх хэрэг юу билээ гээд л бодох
байх л даа. Сүргийн сэтгэхүйгээр харахаар бидний хэн нэг нь сүргийн гишүүн
байвал мэдээж хамгийн аюулгүй гэсэн нь сүргийн голд буюу бөөнөөрөө байх нь.
Сүрэг хэрвээ араатнуудын дунд аюултай байдалд орвол сүргийн захад байгаа амьтан
хамгийн эрсдэлтэй хэсэгт байна гэсэн үг. Сүргийн сэтгэлзүйн дараагийн нэг шинж
нь өөрийн толгойгоор явахаасаа илүү бусдыгаа буюу массаа өөрийн мэдэлгүй дагах,
дуурайх. Энэ нь дараах үндсэн гурван шалтгаантай байж болох юм билээ. Нэгт,
дээр дурдсан айдас буюу сүргийн захад ч болов гарах сонирхолгүй. Хоёрт, олонхоороо
байхыг хүсэгч буюу багийн үнэнч тоглогч. Гуравт, ердөө л залхуу буюу шинийг
санаачлагч, манлайлагч буй. Сонгуульд очиж санал өгдөггүй залхуу гар гэсэн үг. Дахиад
л бизнес болон улстөрийн түвшинд ялангуяа лидерүүдийг харж байхад (ур лидер нь бусдын үгээр буюу сүргийн
сэтгэлгээтэй нь ч байна, бизнесийн хувьд хувь нийлүүлэгчидтэй огт холбоогүй,
өндөр хөлстэй хөндлөнгийн мэргэжлийн менежер ч байна) заримдаа өөрийнх нь хүрээллийн буюу фракцын бус
хүмүүстэй ойлголцохыг хүсэх, дэмжиж ажиллах тал дээр нилээд хайнга байдал
үзүүлсээр л буй. Үүнийг жаахан “туйлшруулаад” үргэлжлүүлбэл “бууны нохой”,
тэрний хүн, энэний тал гэсэн хэлбэр рүү хэвийхээр.
Тэгэхээр эдгээр
сэтгэлзүйн хавханд бид хэрхэн орохгүй байх ёстой юм бэ гэвэл хувь иргэн бүрт мэдээллийг жигд
хүргэх, хүрсэн мэдээллийг иргэд мэдлэг болгон боловсруулж чаддаг байх нь чухалд
тооцогдох аж. Хэдэн зуун ТВ, сонин, сэтгүүл, цахим хуудсууд байхад заавал ТВ9-г
жишээ нь үзсээр байгаад өөрийн дүгнэлт гаргах, заавал Үнэн сонинг уншсаар
байгаад хүнийг дүгнэж байгаа бол тэр нь “системийн хямрал” бус хувь хүний тархины
тураалын асуудал юм. Түүнчлэн нийгмийн идэвхтэй харилцаанд оролцдог ба
оролцдоггүй массуудын зохистой балансыг олох нь бас их чухал юм шигээ. Магадгүй
тийм ч учраас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн систем нь нийт ард түмэн ба
төлөөлөгч нарын коллегийн холимог байдаг.
Миний хувьд өчигдөрийн
мэтгэлцээн дээр Баярцогт гишүүн нийгмийн арай илүү идэвхтэй, боловсрол
өндөртэй, “алдах юмтай” иргэдийн хувьд илэрхий ялалт байгуулсан ч Ганбаатар
гишүүний хувьд “ард түмэн”, “эх оронч”, их мөнгөний гэрээ байгуулсан юм чинь “но”
байж л байгаа гэж хардсан хүмүүсийн хувьд ч гэсэн бараг шахуу ялалт авчих шиг
болов уу даа.
Хүмүүний баруун ба зүүн мөрөн дээр бурхан ба чөтгөр сууж байдаг
гэж ярьдаг юм билээ.