Friday, 5 April 2013

Matador de toros

Views

Матадор

Дараа жилийн наадам даанч хол байна даа гээд жилдээ нэг удаа дэнж хотойтол нааддаг шиг Испани улсад мөн жилийн бүрийн 7 сард "San Fermin" хэмээх баяр наадам болдог ажээ. Жил бүр энэ наадамд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн сая жуулчид, сонирхогчид очдог хэмжээнд ч хүрчээ. Энэ баярын гол баатар нь бух билээ. Дундад зууны үеэс эхлэлтэй гэж тооцогддог энэхүү наадмын түүх нь хөдөөний малчид хотод үе үе орж ирж малаа борлуулахаас үүдэлтэй агаад яваандаа бухын тулаан, хоол унд, умдаан бүхий найр наадам, сүүлдээ бүр шашинтай хүртэл холбогдсон бололтой. Орчин үед харин илүү уламжлал, ёс заншил болон аялал жуулчлал, хамгийн гол нь мөнгөний бодлогын цөм нь болсон аж. 

Хотын хуучин нарийн гудамжаар бух ба хүмүүс холилдон гүйлдэж, замдаа буханд мөргүүлж чирүүлэх нь чирүүлж, зугтах нь зугтаж, эсрэгээрээ бухаа сүүлдэн хөөх нь хөөсөөр бухын тулаан болох цэнгэлдэх хүрээлэнд бухнууд маань ордог. Гэхдээ бух уг цэнгэлдэхээс амьд буцаж бараг л гарч ирдэггүй. Учир нь цэнгэлдэх хүрээлэнд уг бухаар наадан хөнөөх зорилго бүхий матадор (бухын ангууч) хүлээж байдаг. Энэ нь яг үнэндээ одоо спорт, уламжлал гэхээсээ илүү урлаг, шоу цэнгээн болжээ. Энэхүү бух ба матадорын тулаанд яг тогтсон дүрэм байхгүй мэт боловч буханд мөргүүлж, чирүүлсэн нөхцөлд нэмэлт хүч талбайд гарч матадорыг аврах, эсвэл бухыг хүчлэн хөнөөх аж. Матадорууд яах гэж ингэж амь насаа эрсдэлд оруулан бухтай нааддаг вэ гэхээр түүхээсээ ядуу, алдах юмгүй залуу эрс (эмэгтэйчүүд ч байдаг байсан боловч “нийгэм” хүлээн авдаггүй аж) энэхүү наадамд оролцож амьд үлдэж чадвал нэр төр, өнгө мөнгө гээд юм юмтай л болдог байсан ажгуу. Дээр үед нэг сурвалжлагч “Та яагаад ингэж амиа золин бухын тулаанд орж матадор болсон вэ?” гэсэн асуултанд “Өлсөж үхсэнээс энэ нь хамаагүй дээр бөгөөд хурдан шүү дээ” гэж хариулсан гэдэг. Улай үзэх үзэгчид, хүмүүс, ард түмэн бол хэзээ мөнхийн бэлэн зах зээл үргэлжид байсаар л байсан байна. Матадор бол тайзан дээр баатар мэт боловч үндсэндээ золиос ажээ.

Монголын маань нийгэм бухын тулаан мэт болох нээ. Нүүдэлчин язгуурын ард түмэн суурин амьдралд шилжээд удалгүй ардчилал хэмээх өөрсдөө ч сайн ойлгохгүй үнэт зүйлстэй болсон. Үүнтэй агаар нэгэн зав зайгаараа эсвэл мөнгө хэрэг болохоороо хотод орж ирж хэдэн малаа зараад буцдаг байсан “малчид”, мал, махны “худалдаачид” маань “махны наймаагаа” найр наадам, “уламжлал”, ёс суртахуун болгож төлөвшүүлэх нь ээ.

“Ард түмэн” хэмээх нэр барьсан заримдаг хүмүүс бие биедээ нөлөөлөн гинжин урвалаар нөхцөж хэн нэгний мууг үзэхийг үргэлж хүснэ. Тэдэнд ямар нэгэн бух, ямар нэгэн матадор үргэлж хэрэгтэй ба үргэлж хаа нэгтээгээс өлөн нүдлэн хайж явна. Зарим хүмүүс бүр цэнгэлдэхэд орохоос нь өмнө гудамжинд давхилдах бухнуудын сүрэг дунд орж гүйн сүлбүүлэх нь сүлбүүлж, гишгүүлэх нь гишгүүлэх аж. Тэднийг хэн ч албаддаггүй ба гол нь ард түмний өмнө баатар болох нь чухал. Бух хаашаагаа явж байгаагаа мэддэггүй ч хэн нэгэнтэй тулалдах ёстой гэдгээ л гадарлана. Бухын эзэнд энэ л чухал, өөр юу ч биш. Бух эрчтэй, хүчтэй, эрэмгий, доломгой байх ёстой ч хүн биш мал амьтан л байх ёстой ажээ.

Улайнд дуртай, оюунаар тарчигхан ард түмэнд найр наадам хэрэгтэйгээс гадна хэн нэгэн унаж, нус, нулимс, зарим үед цустайгаа хутгалдсан энтертайнмент бүүр ч хэрэгтэй. Үүнийг нь мэдэрч зохион байгуулалт хийж байгаа хүмүүсийн тархийг биширч буй ч хандлагыг нь үзэн ядмаар. Энэхүү нийгмийн зохион байгуулалтын балиар дэд бүтцийг өөрчлөх, хүмүүсийг эерэг өөрчлөлтөнд уриалах, ёс суртахууны стандартыг дээшлүүлэх гол бодлогын ажлуудыг маш цөөн хүн сэдэж, зориглож хийхийг оролдох боловч элсэнд дусааж буй дусал ус мэт дороо ширгэх ажээ. Тэр халуун элс нь ард түмэн өөрсдөө.

Баатруудын араас тайзан дээр алиалагч нар гарч ирдэг гэж ярьдаг. Учраа мэдэхгүй алиалагч бол үхэл рүүгээ явах замдаа ард түмнийг хөгжөөн, цөсийг нь хөөргөж буй бух ажээ. Бух замдаа аль болох олон хүн гэмтээж, арчиж хаях тусам ард түмний цөс хөөрч, уухайлан дэмжинэ. Гэмтэж буй хүн нь таны, чиний тэжээгч, улсын татвар төлөгч байх эсэх нь тухайн бух давхиж байх зуур хэнд ч сонин биш. Гол сонирхолтой зүйл нь хэн нэгэн л гэмтэх, цус гарах. Нэг гаргасан цус харсан бух улам улайрах бөгөөд зарим тохиолдолд ард түмний хяналтаас гарах ч үе бишгүй байдаг ажгуу. Удирдаачид энэ үеийг тооцон бухын гүйх зам буюу цэнгэлдэх хүрээлэн орох замын уртыг нарийн тооцолдог. Бүгдийг хядахаас нь өмнө бус уг замаас гажихгүй явсаар байгаад үхлийн тавцан дээрээ очих ёстой. Тэнд бухыг матадор хүлээж байгаа. 

Матадор нь бухаа бодвол хаана, яах гэж байгаагаа анзаардаг хүн ажгуу. Гэхдээ яав ч тухайн нийгмийн элит төлөөлөл биш бөлгөө. Цус харж улангассан бухыг удирдаачид гаргаж давхиулан, хэд хэдэн нөхдүүдийг гэмтээх бөгөөд гэмтсэн нэгнээ харж хөөрцөглөн баярлах ард түмний баяр хөөрд өрнөлтийн үе байдаг бол бас оргил үе гэж байх. Тэрхүү оргил үеийн гол баатар нь бух биш энэ удаад матадор болдог ажээ. Матадорын зорилго анхнаасаа тодорхой тул бэлтгэл ч сайн байх агаад бухаар жаахан наадаж байгаад хөнөөж орхино. Харин хөнөөж чадахгүй бол матадорын нэр хүнд, карьер дуусна. Эдгээр нь дуусах ч яах вэ, хамгийн гол нь амь насаа ч алдах аюултай байдаг ажээ. Манай нийгэмд олон матадор байгаа мэт боловч ихэнх нь тайзан дээр гарахдаа нүүрэндээ баг зүүж гарах ажээ. Бид мадаторийг нийгмийнхээ баатар, түмнийг аврагч гэж боддог бол үнэндээ тэд бидний ой мод, экосистемийг шатааж буй түймрийн өөдөөс тавьсан цурам буюу жижигхэн түймэр л юм. Матадорын цаана түүнийг хайж олж, бэлтгэж, сургаж, ам өчгийг нь авч, жинхэнэ утгаар нь удирддаг хүн, бүлэг орших авай. Харамсалтай нь бухын тулаан ба гудманд гүйлдэх бухан дунд гүйх хүмүүс, байрныхаа тагтан дээрээс хардаг хүмүүс бух ба матадорыг л харж чаддаг болохоос хэзээ ч тэдний цаадах хүмүүсийг харж чаддаггүй. Тэдгээрийг харахын тулд ард түмэн нүд хангалттай бус бөгөөд мэдрэмж, логик, ухамсар шаардагддаг. 

Удирдаач нар матадорыг сонгож бэлтгэхийн сацуу дараа жил гудамж, дэмжээнд гаргах бухаа бас сонгож бэлддэг юм гэнэ гэж дуулдсан. Ялангуяа улс төрд санаандгүй тохиолдол, үйл явдал гэж хэзээ ч байдаггүй гэж ярьдаг юм билээ. Бух ба матадор хоёроос ахисан түвшинд байж гэмээнэ бид нийгмээ өөрчлөх боломжтой ажээ. Баяр наадам болгоноос хүмүүс тодорхой хэмжээний сэтгэлийн таашаал, тачаал авдаг боловч цаанаа баяр болгон бүгд өөрийн гэсэн үнэтэй, цэнэтэй, өртөгтэй гэдгийг их цөөхөн үзэгч, наадамчин түмэн ойлгож анзаардаг. Хамгийн харамсалтай нь давхиж буй буханд мөргүүлэн унаж буй этгээд таны талхыг хийдэг хүн, таны хувцсыг оёдог хүн байдгаас гадна нөгөө бухыг хөнөөж зорилготой ч өөрөө гэнэ алдаж амиа алдах өндөр эрсдэлтэй матадор нь таны хамаатан, ойрын тань төрөл чинь, ирээдүйн таны туслах, эсвэл таны өнөөдрийн хүчтэй өрсөлдөгчийн чинь хамгийн том дайсан нь байж таарах бий вий дээ...

Билгийн нүдээр бие биенээ харж чадахгүй бол хэн нэгэн биднийг бэлгийн нүдээр харж ашиглах тул мэлмий ба оюун юугаан тунгалаг болгож эхлэх цаг нь хэдийнээ болжээ залуусаа!

3 comments:

Frank said...

Ямар уран зүйрэлчихээ вэ? Сэтгэлгээний цар хүрээг чинь гайхахаас илүү онож зүйрэлсэн онгодыг чинь үнэлэхгүй байхын аргагүй юм

Batorgil said...

Сайхан бичсэн байна.

Sunny said...

Сайхан бичлэг болжээ. Гоё ч зүйрлэсэн байна