Wednesday, 8 October 2014

Views

Лхагвын Энхбаатар гээд энэ залуутай бараг 10 жилийн өмнө танилцаж байжээ. Оюутны ширээнээсээ дөнгөж буусан хэдий ч сурч мэдэхийн тэмүүлэл дүүрэн, хийж бүтээхийн хүслэн бадраасан шавилхан залуутай Худалдаа Хөгжлийн Банкны интернэт банкны төсөл дээр нийлж байснаа тодхон санаж байна. Өнөөг хүртэл 10 жилийн өмнөх хүсэлт тэмүүлэл нь огт буураагүйгээр үл барам хийж бүтээх хүсэл нь эсрэгээрээ улам оргилж, дэлхийн хэмжээний мэргэжилтэн болох зам руугаа хэдийн орсон байна. Монгол орны бахархал болсон, Монгол залуусын түүчээ болсон энэхүү залуу шилдэг мэргэжилтэнг уншигч та бүхэнтэйгээ уулзуулж танилцуулж байгаадаа туйлын баяртай байна. 

Одоо бодоход суурь нь математик, логик сэтгэлгээ байсан юм билээ.

В.Ганзориг: Гадаадад маш олон Монгол залуус ажилладаг болжээ. Эдгээр залуусын талаар сайхан нэвтрүүлгүүдийг манай медиагийн зарим залуус хийгээд буй. Чи бас анзаарсан байх. Тэднийг би мөсөн уулын орой л гэж хараад байгаа юм. Тэднээс мундаг явж байгаа хэдий ч олонд танигдаагүй Монгол залуучууд бишгүй бий. Тэдний нэгийг би чамайг гэж дүгнэдэг юм. Тиймээс Энхбаатар гэж хэн бэ, ямар шугамаар Солонгос улс руу яваад, ямар зорилго, тэмүүлэлтэй Солонгосын том групп компанид ажиллаж байна вэ гэдэг асуултаар ярилцлагаа эхлэх саналтай байна.

Л.Энхбаатар: Би Ховд аймгийн 2-р сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг төгссөн. Аравдугаар ангиа төгсөөд МУИС-ийн Математик, Компьютерийн сургуулийн програм хангамжийн ангид элсэн ороод дөрвөн жил сураад төгссөн.

В.Г: Энэ мэргэжлийг яагаад сонгох болов? Зорьж сонгосон уу, эсвэл конкурсын оноогоороо таараад л оров уу?

Л.Э: Зорьж сонгосон анги маань. Багаасаа компьютер, техникт их дуртай хүүхэд байлаа. Жижиг робот тоглоомууд, зайгаар ажилладаг жижиг усан завь, онгоц, машин зэрэг зүйлсийг зохиож их хийдэг байсан. Манай ээжийн дүү Ховд аймаг дахь МУИС-ын салбар сургуульд компьютерийн багшаар ажилладаг байсан. Тэр эгч маань намайг мэдээлэл зүйн олимпиадад ороод үз гэж зөвлөөд өөрөө биечлэн бэлтгэж паскаль хэл зааж эхэлсэн. Тэгээд аавын ажил дээр байдаг байсан хуучны Пентиум 1-ийг гэртээ аваачиж байгаад олимпиадад бэлдээд 3 сар нүдэж өгсөн. 2001 онд буюу 10-р ангидаа мэдээлэл зүйн олимпиадад аймагтаа хоёрдугаар байрт орж байсан юм. Түрүүлж арай чадаагүй. Үүнээс хойш компьютерт улам сонирхолтой болоод програм хангамжийг ангийг сонгож сурна гээд шийдэж сэтгэл шулуудсан.

В.Г: МУИС–ын сургалтын чанар ямар санагдав? Үүнийг л сурах, мэдэх юмсан гэсэн бүхнийг чинь чамд өгч чадсан уу?

Л.Э: МУИС-ын Математик, компьютерын сургууль уламжлалт аргаар хичээлээ явуулдаг байсан. Цаанаасаа сургалтын програм нь зохиогдоод гарчихдаг гэсэн үг. Миний сонсохыг маш их хүсч байсан хичээл ч байсан, онцын шаардлагагүй, хэрэгцээгүй хичээл ч байдаг л юм. Гэхдээ нийт хичээлийнх нь 60 орчим хувь нь математик ордог. Одоо бодоход суурь нь математик, логик сэтгэлгээ байсан юм билээ.

В.Г: Их сургуулиа ямар амжилттай төгссөн бэ? Оюутан байхдаа мэргэжлийнхээ уралдаан, тэмцээнд хэр оролцож байв?

Л.Э: Оюутан байхдаа олон бүтээлийн уралдаанд орж байлаа. Тодруулбал тоглоом, програм, систем зохиодог уралдаан. Тухайлбал могой (snake), тетрис гээд гар утсан дээр байдаг тоглоомыг би С хэл дээр бичиж бүтээлийн уралдаанууд оролцоод хоёр, гуравдугаар байрт орж байсан. Сургуулиа төгсөх үед голч оноо 90-ээс дээш байвал диплом бичдэг. 90-ээс доош дүнтэй оюутнууд шалгалт өгдөг байсан юм. Манай сургуулиас тухай үед 90-с дээш голч оноотой гурван хүн шалгарч диплом бичихэд би тэдний нэг нь болж таараад диплом бичиж төгсөж байсан.

В.Г: Ямар сэдвээр бакалаврын зэрэг хамгаалах дипломоо бичив?

Л.Э: CD, DVD-нд бичигдсэн материалуудыг дамжуулж хуулж болдоггүй буюу компьютер руугаа сopy, paste хийж болдоггүй байх шийдлийг судалсан. Мөн CD-нээс CD рүү хуулж болдоггүй нууцлалын програмтай хэдий ч тэр чигээр нь хуулж 1х1 хэмжээгээр clone хийдэг програмууд байдаг. Миний дипломын сэдэв, судалгааны ажил маань зохиогчийн эрхтэй контентуудыг эдгээр зүй бус програмуудаас хамгаалах буюу медиа протекшн сэдвээр хамгаалж хоёр янзын програм зохиож байсан. Нэг нь компакт диск – копи протекшн, нөгөө нь имиж протекшн. Копи протекшн гэдэг нь СD бичигдсэн контентууд болох ном, дуу хөгжим, видео зэргийг заавал тэрхүү CD-г тоглуулж л үзэх боломжтой шийдэл буюу өөр газар руу хуулах боломжгүй. Нөгөө нь нэгийг харьцах нь нэг имиж копи гээд дээр дурдсан зүй бус програмаас хамгаалсан шийдэл. Ийм хоёр янзын програм зохиогоод судалгаа хийгээд хоёр янзын программ бичээд, демо хийж, өөрийнхөө жижиг онол маягийн юм дэвшүүлээд, санаагаа хамгаалаад дипломоо хамгаалж байлаа.

В.Г: Энэ шийдэл чинь одоо ч гэсэн урлаг, соёлын хүмүүсийн хувьд маш чухал шийдэл байна шүү дээ. Одоо энэ програм чинь нийтэд ашиглагдаж байгаа юу?

Л.Э: Энэ програм одоо олон нийтэд бол хэрэглэгдэхгүй байгаа. Тухайн үед сургуулиа төгсөөд дипломоо хамгаалсныхаа дараа ажилд ороод энэ ажил, сэдвээ цааш хөгжүүлэлгүй орхисон. Оюутан байх үедээ би багшийнхаа “Арвис Софт” гээд компанид ажилладаг байсан юм. Багш маань энэ сэдвийг санал болгоод судалж үзэхийг зөвлөж байсан юм. Тэр үед зохиогчийн эрхийн асуудал шинэ сэдэв байсан ба Интер номын дэлгүүртэй бид ярьж цахим номын сан бүтээх, түүнийг нь хууль бусаар олшруулах, хувилахаас хамгаалсан шийдэл дээр нь ажиллая гэж ярьж эхэлж байгаад сургуулиа төгсөөд л орхих тал руугаа явчихсан даа.

В.Г: Тухайн үед ч тэр, одоо ч тэр иймэрхүү шийдлүүд дэлхий даяар багагүй байдаг байх. Чиний зохиосон шийдэл тэдгээрээс юугаараа ялгаатай нь байсан бэ?

Л.Э: Өөр шийдлүүд зөндөө байдаг. Иймэрхүү шийдлийг хийх мөн олон янзын аргачлал байдаг. Миний сонгосон аргачлал арай өөр байсан юм. Хүмүүсийн түгээмэл ашигладаг (тухайн үед) CD clone, Nero, Alcohol зэрэг янз бүрийн CD хуулдаг програмууд байдаг байсан. Зохиогчийн эрхийг зөрчиж буй асуудлуудыг 100% програмын шийдлээр хамгаалах боломжгүй боловч хуулаад байдаг хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг програмууд дээр нь ажиллаж, хамгаалалтын шийдэл гаргах боломжтой байдаг. Тэр шийдлийг гаргаж, туршиж үзсэн юм.

В.Г: Сургуулиа төгсөөд банкинд ажилд орсон уу?

Л.Э: Багшийнхаа компанид хагас албан байдлаар оюутан байхдаа ажиллаж байгаад 2005 онд МУИС-аа төгсөөд анх “Ньюком системс” компанид дадлагажигч ажилтанаар мэргэжлийнхээ дагуу ороод хэсэг ажилласан. Тэндээ 1 сар арай хүрээгүй байж байтал “Худалдаа хөгжлийн банк”-наас хариу гараад тэр том банкинд ажилд орж байсан. Тухайн үед сургуулиа төгсчихөөд өөрөө цаашаа хөгжих боломжтой, мөн хамт олны уур амьсгал, гадаад, дотоодын гоё төсөл, хөтөлбөрүүдэд ажиллах боломжтой талаас нь харж байгаад “Мобиком”, “Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газар” болон “Худалдаа хөгжлийн банк”-нд анкетаа явуулж байсан юм.

В.Г: Тухайн үед “Худалдаа хөгжлийн банк”-нд ажилд орчихсон байхад “Мобиком”-оос яриад чамайг хүрээд ир гэсэн бол чи банкиндаа үлдэх байсан уу, эсвэл “Мобиком” руу явах байсан уу?

Л.Э: “Худалдаа хөгжлийн банк”-нд үлдэх байсан. Нуулгүй хэлэхэд тухайн үед би их сургуульдаа багшаар үлдэх санал авчихсан байсан юм. Хичээлийн хуваариа бүгдийг нь гаргачихсан байсан хэдий ч их сургуулийн багшийн цалин маш бага санагдсан. Дөнгөж төгссөн оюутан байсан болохоор санхүүгийн хувьд нэлээд хараат байсан юм шиг байгаа юм. Тухайн үед би хаана ажиллавал цаашдаа хөгжиж болохоор байна гэж нэг их ач холбогдол өгч хараагүй. Хамгийн их цалин өгөх газар хаана байна гэж ажлаа сонгож байсан юм байна одоо бодоход.

В.Г:Худалдаа хөгжлийн банк”-нд ороод хэр удав? Тэнд ажиллах хугацаандаа мэргэжлийнхээ хүрээнд хийж бүтээсэн ажлууд тань юу билээ?

Л.Э: Тэнд 2005-2007 оны хооронд яг хоёр жил ажилласан. Тухайн үед би их азтай байсан. Учир нь хамгийн анхны, орчин үеийн хамгаалалтын шийдэл бүхий интернэт банкны төслийн ажлын багт орж ажиллаад харилцагчийн гар дээр хүртэл нь ажилласан. Мөн лоялти карт гээд төсөл дээр ажилласан маань их туршлага болсон. Энэхүү төсөл тухайн үед дөнгөж эхэлж байсан ба Тайвань улсын “Acer корпорацитай хамтран төслийн бүр эхний шатнаас нь Тайвань мэргэжилтэнүүдийг онгоцны буудлаас тосч авахаас нь эхлүүлэн ажилласан. Тоолбол 10 гаруй том төслүүд байдаг. Бүгдийг нь 100 хувь өөрөө дааж, удирдаж хийгээгүй ч гэсэн оролцож байсан олон ажил бий.

Ханжин группын тэтгэлэгт тэнцсэн хэдий ч хувиараа Ионсэй их сургуульд материалаа явуулж тэнцээд тэндээс мөн 100%-ийн бүтэн тэтгэлэг авч сурсан

В.Г: Залуу мэргэжилтний хувьд мэдлэг, зэргээ дээшлүүлнэ гэсэн төлөвлөгөө үргэлж дотор чинь байсан байх. Гэхдээ яагаад Солонгос улсыг сонгон мастерийн зэргээ хамгаалах болов?

Л.Э: Тухайн үед би үнэндээ Япон явах их сонирхолтой байсан. Японы засгийн газрын тэтгэлэгт хандахаар тэр үед заавал 2 жил ажилласан туршлагатай байх шаардлага тавьсан. Тэр үед би яг 1 жил 9 сар ажилласан туршлагатай байсан болохоор Японы шалтгалтанд орж чадаагүй. Харин дараахан нь Солонгост сурах тэтгэлэгийн шалгалт эхэлсэн. 21-р сан гэхээр хүмүүс их мэддэг юм. Солонгосын Ханжин группээс зуун хувийн тэтгэлэг өгдөг энэхүү шалгалтанд нь бүртгүүлж ороод тэнцсэн. Солонгос явахаасаа өмнө Монголдоо хэлний бэлтгэлд 6 сар яваад 2007 онд сурахаар Солонгос улсад ирсэн. Тухайн жилд надтай хамт магистрийн дөрөв, бакалаврын дөрвөн хүүхэд тэнцэж байсан юм. Гадаад улсын тэтгэлэг болохоор цаанаасаа сургууль болон мэргэжлийг нь хувиарлаад явуулдаг. Ханжин групп нь Солонгосын 4 их сургуультай гэрээтэй ажилладаг. Миний мэргэжлийн дагуу надад хуваарилагдсан сургууль нь Халлим их сургууль байсан ба надад үнэндээ нэг их таалагдаагүй юм. Тэгэхээр нь хувиараа Ионсэй их сургуульд материалаа явуулсан байсан нь тэнцээд тэндээс мөн 100%-ийн бүтэн тэтгэлэг авах боломжтой болсон учраас Солонгост очоод сургуулиа шилжүүлчихсэн.

В.Г: Миний дуулснаар Солонгос топ 3 сургуулиа SKY гэж нэрлэдэг. Үүнд нь Seoul National University, Korea University, Yonsei University ордог. Yonsei их сургуульд нэг имэйл бичээд л тэнцсэн бололтой юм. Тэр ид шидтэй имэйлдээ юу гэж бичсэн юм бэ?

Л.Э: Ид шидтэй ч юу байх билээ. Хамгийн гол нь миний CV л таалагдсан, гайгүй санагдсан болов уу. Тухайн үед их сургуульдаа хийж байсан ажлууд их нөлөөлсөн. Мөн хоёр жил ажилласан хүн гэхээр учраа мэддэг, юу сурахаа ойлгочихсон, өөрөө яг ямар мэргэжлээр суралцах зэрэг баримжаа авчихсан байдаг гэж үзээд гадны сургуулиуд магистрт сургахдаа ажлын туршлага хардаг. Хоёр жил ажилласан, ажиллаж байх хугацаандаа “Худалдаа хөгжлийн банк”-нд хийсэн, миний дээр дурдсан ажлууд, мөн надад бичиж өгсөн ажил олгогч, хамтран ажиллагч нарын тодорхойлолтууд Ионсэй сургуульд тэнцэхэд их дөхөм болсон. Тэрнээс бус би тийм айхтар, бусдын сэтгэлийг хөдөлгөх имэйл огт бичээгүй ээ.

В.Г: Монгол болон Солонгост боловсрол эзэмшихэд хоёр орны боловсролын систем, дэд бүтцийн хамгийн том ялгаа нь юу байв?

Л.Э: Хамгийн тодоор ажиглагдсан зүйл нь Солонгост бол магистр болон түүнээс дээш зэрэг горилон сурч буй оюутнууд нь судалгаа болон сургалтандаа анхаарлаа зуун хувь хандуулдаг. Манай Монголд хүмүүс өглөө 9.00 цагт ажилдаа ирээд орой 10.00 цагт тардаг шиг Солонгост оюутнууд өглөө 9.00 цагаас орой 10.00 цаг хүртэл сурдаг. Хагас сайн өдөр мөн өглөө 9.00 цагаас орой 18.00 цаг хүртэл ирж номын сан, лаборатори дотроо хичээлээ хийнэ. Оюутан бүр өөр өөрийн гэсэн лаборатори, орон зай, оффистой байдаг. Тэгэхээр оюутнууд судалгаа сургалтандаа 100 хувь анхаарлаа хандуулж чаддаг. Монголд хүмүүс ажлын хажуугаар магистрт сурдаг. Солонгост graduate school-д сурахын хажуугаар ажил хийх гэдэг ойлголт байхгүй. Сургууль, хичээл нь өөрөө албан ажилд тооцогдож явдаг. Цагийн ажил хийх хүртэл хориотой байдаг. Харин хичээлтэйгээ холбогдуулан судалгаа хийхдээ цалин авах боломжтой байдаг. Багшийнхаа судалгааны ажилд туслаад цалин авна гэсэн үг. Солонгост мэдээллийн технологи, science буюу шинжлэх ухааны чиглэлээр сурч байгаа оюутнуудын хувьд сургууль дээрээ олон төслүүд хийх, хамтран ажиллах боломжтой байдаг. Эдгээр төсөл, хөтөлбөрөөр дамжуулан сургалтынхаа төлбөрийг багшаараа даалгах ч боломж гардаг. Гэхдээ зөвхөн судалгааныхаа ажил хичээлд анхаарлаа хандуулж ажилладаг.

В.Г: Багшийн оюутнууддаа цалин, урамшуулал хэлбэрээр өгдөг мөнгө сургуулийх нь төсөл үү, эсвэл хувийн компаниудын бизнес байдаг юм болов уу?

Л.Э: Хувийн компани гэж байхгүй л дээ. Сургуулийн лабораторид гаднаас төсөл орж ирдэг юм. Том групп компаниудаас төслийн саналууд багагүй ирнэ. Их сургуулийн лабораторийг жижиг хэмжээний судалгааны төв (Research Center) гэж ойлгож болно. Сургуулийн лабораториуд нь ийм хугацаанд, ийм төсөвтэй, энэ багаар энэ ажлуудыг хийж гүйцэтгэнэ гээд жижигхэн тендерийн материал бичээд оролцдог юм. Иймэрхүү байдлаар компаниудад судалгааны ажил хийж өгөөд судалгааны багууд цалинжаад явдаг. Мөн Монгол ба Солонгос улсуудын боловсролын дэд бүтцийн дараагийн том ялгаа нь материаллаг бааз байна. Солонгост ямар ч их дээд сургууль оюутнуудаа материаллаг баазаар маш сайн хангадаг. Жишээ нь Монголд мэргэжлийн номны олдоц муутай байдаг. Солонгост бол ном олдохгүй гэдэг ойлголт байхгүй. Мэдээлэл авах эх үүсвэрүүд нь их өргөн. Дэлхийн зах зээлд хамгийн сүүлд гарсан номыг сургуулийн номын санд хамгийн удлаа гэхэд нэг сарын дотор орчуулаад л тавьчихсан байдаг юм.

В.Г: Чиний хувьд 100 хувийн тэтгэлгээр суралцаж төгссөн. Хэрэв тэтгэлэг аваагүй бол Ионсэй сургуульд сурахад жилийн хэдэн төгрөгийн төлбөртэй байх вэ?

Л.Э: Ионсэй бол хувийн их сургууль. Яг манай мэргэжлээр бол нэг жилийн 13-14 мянган долларын төлбөртэй. Дээр нь байрны мөнгө, амьжиргааны зардал, бүх хоолоо гадуур идээд явна, мөн оюутны байранд амьдарна гэж тооцвол сарын 700 -800 доллар байхад хангалтай хүрчих байх.

В.Г: Солонгос улсад магистрын зэргээ ямар бүтээлээр, ямар сэдвээр хэр амжилттай хамгаалсан бэ?

Л.Э: Миний магистрийн ажлыг удирдсан багш бол Америкт доктороо хамгаалсан, тус улсад мэргэжлээрээ ажиллаж байсан, салбартаа Солонгос улсдаа дээгүүр бичигддэг, хаа ч очсон нэр хүнд их сайтай Sohn Hong-Gyoo доктор гэж хүн бий. Яг намайг судалгааны ажлаа хийж байх үед АНУ-с манай лаборатори дээр Тони гээд зочин профессор ирсэн ажиллаж таарсан ба тэр хүн маань миний судалгааны ажлын шүүмжлэгч профессороор ажилласан. Сэдэв маань 3DХ гээд нээлттэй эхийн стандартын програмчлалын хэл дээр 3D датаг анализ хийгээд, лазерийн гэрлээр объектийн координаци цуглуулж (3D сканнер), сансраас авсан өндрийн зурагтай нь нийлүүлээд, жишээгээр нь өөрийнхөө сургуулийнхаа үндсэн байшингийнхаа 3D мап буюу зураглалыг хийсэн. Гол зорилго нь дараа үеийн ажиглалт, камерийн системийн шийдлийг туршсан хэрэг. Одоогийн манай камер, ажиглалтын системээр бол олон камерууд бүхий өрөөнүүдийг нь олон тусдаа дэлгэцнээс салгаж, гүйлгэж хардаг. Объект тэр өрөөнөөс тэр өрөө рүү шилжлээ, тэддүгээр камерыг харуулаарай, энэ камер нь хаана байна гээд л хайгаад явдаг. Миний гаргасан шийдэл нь юу вэ гэхээр 3D зурган дотор тухайн объектийн бүх камерийг оруулчихсан хэрэг юм. Жишээ нь, нэг камер дотор явж байгаа объект дараагийн байршил руу шилжихэд дараагийн камер руу шилжих хэрэг гарна аа даа таслахгүйгээр бүтэн ажиглалт буюу трак хийхийн тулд. Өөрөөр хэлбэл хуучин систем нь хүн нэг нүдээрээ нэг объектийг бүтэн трак хийж нэг дэлгэц дээр ажиглах ямар ч боломжгүй байсан. Миний шийдэл нь нэг компьютерийн дэлгэц дотор 3D загвар үүсгээд тухайн байшинд буй камернуудын бүх нүд, өнцгийг нь тааруулан нэг дэлгэцээр бүх ажиглалтыг хийх боломжийг бий болгосон. Тэгэхээр нэг нүдээр нэгэн зэрэг харах боломжтой ажиглалтын технологи хийсэн гэсэн үг. Туршилт дээрээ өөрийн төгссөн Ионсэй их сургуулийн инженерийн сургуулийнхаа нэгдүгээр байраа ашигласан.

В.Г: Маш чухал, хэрэгтэй судалгааны ажил хийж, шийдэл гаргасан юм байна. Энэ чиний санаа байсан уу, эсвэл өмнө нь байсан санааг чи шийдэл болгож хийсэн юм уу?

Л.Э: Энэ шийдлийг хийсэн програмын хэлийг нь АНУ-ийн нэг их сургууль өөр дээрээ байнга хөгжүүлж байдаг юм. Угаасаа энэ нь өөрөө нээлттэй эхийн програм болохоор програмистууд чөлөөтэй авч хэрэглээд, улам хөгжүүлээд, практик дээр туршаад явдаг. Энэ сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурлууд ч маш их болдог. Яг энэ сэдвийг Солонгосын КАИСТ их сургууль төгссөн, АНУ-д ажилладаг нэг залуу сөхөөд манай сургууль дээр ирж танилцуулга хийх үед нь миний дипломын ажлын удирдагч багш уулзаж анх холбогдсон юм билээ. Тэгээд багш маань надад санал тавиад энэ чиглэлээр нь энэ залуугийн судалгааг нь үргэлжлүүлээд хийгээд үзвэл яасан юм бэ гээд, би ч өөрөө сонирхоод энэ ажлыг хийсэн юм. Тухайн үед тэр залуу 3D мап болон түүнийг хэрхэн ашиглаж болох талаар ярьж байсан. Би болохоор дээр нь нэмээд камераас орж ирж байгаа бодит цагийн дүрсийг нь (real time stream) нэг дэлгэц дээр харуулах боломжийг нь нэмсэн. Миний магистерийн ажлыг удирдсан багшийг маань Монголд очиж ТИС дээр илтгэл тавьж байхад нь орчуулагчаар нь ажиллаж байсан манай найз надтай анх танилцуулж өгч байсан түүхтэй. Би багштайгаа танилцаад тэр багшийнхаа хийдэг судалгааг нь интернэтээс судалж мэдээд анх хандаж имэйлээ бичиж байсан.

В.Г: Энэ сонирхолтой сэдвээр нь магистрийн ажлаа ямар дүнтэй, хир амжилттай хамгаалсан бэ нууц биш бол?

Л.Э: Солонгост урьдчилсан хамгаалалт гэж оюутнууд ордог. Миний ажлыг шүүмжлэгч профессороос гадна 3 багш шүүсэн. Урьдчилсан хамгаалалтын үед нийт дипломын ажлынхаа 80%-ийг хийсэн байх ёстой байдаг. Жинхэнэ хамгаалалт асуулт хариултын форматтай хийгддэг. Бүх багш нар тэнцэнэ эсвэл тэнцэхгүй гэдэг дүн тавьдаг. Надад өгсөн 3 багшийн дүнгүүдийн дундаж нь 97,5 билүү 98,5 байсан санаж байна. 

В.Г: Чиний хийсэн судалгааны ажил болон Ионсэйн их сургуулийн эрдмийн ажлууд тань интернэт дээр нийтэд ил  байдаг уу?

Л.Э: Graduate school-ийн журмаар төгсөх оюутнууд судалдааны ажлаа тодорхой хувиар хэвлэн номын сангуудад тараах, онлайн хэлбэрээр сургуулийн мэдээллийн бааздаа судалгааныхаа түлхүүр үгтэйгээ цуг нээлттэй хэлбэрээр оруулдаг. Миний дипломын ажлын сэдвээр юм уу, эсвэл миний нэрээр интернэтээр хайхад л одоо гараад ирнэ.

Монголдоо буцаж очоод ажиллах нь бид нарын үүрэг гэж боддог. Хэзээ нэгэн цагт буцаж очно.

В.Г: Ханжин группын тэтгэлэгт тэнцсэн, мөн Ионсэйн их сургуулийн бүтэн тэтгэлэгийг авчихсан болохоор өдийг хүртэл Солонгост ажиллаад байна уу?

Л.Э: Миний тэтгэлэгт буцаж Монгол руугаа явах хатуу нөхцөл бол огт байхгүй. 21-р сангийн шугамаар энд сурахаар ирсэн залуусын ихэнх нь төгсөөд эндээ ажиллаж байгаа. Монголдоо буцаж очоод ажиллах нь бид нарын үүрэг гэж боддог. Хэзээ нэгэн цагт буцаж очно. Гэхдээ зөвхөн сургуульд нь сураад төгсчих нь хангалттай гэж бодохгүй байгаа. Мэдээлэл технологийн салбар өндөр хөгжсөн Солонгос улсын энэ орчинд нь ороод ажиллавал сурснаа баталгаажуулах, илүү ихийг сурах боломж харагдаад байдаг. Манай дээд төгсөлтийн Монгол ах нар Солонгос улсын том том групп компаниудад ажилд ороод амжилт гаргасан түүхүүд байсан нь надад их урам, зориг өгсөн. Тэдгээр хүмүүсийн тухай сонсоод би яагаад болохгүй гэж, чадахгүй гэж бодоод өөрийгөө Солонгосын хөдөлмөрийн зах зээл дээр сориод үзэхээр шийдсэн. Одоо байгаа компанидаа би 4 дэх жилдээ ажиллаж байна. Үүний өмнө би 300 орчим хүнтэй R&D, Research Center статустай технологийн жижиг компанид ажиллаж байсан. Анхны компанидаа би шалгалт өгөлгүй шууд орж байсан. Учир нь миний дипломын ажил тэр компанийн судалгааны ажилтай нийцэж байсан тул дипломын ажлаа хэвлэж авч очоод ярилцлаганд ороод ажилтан нь болж байсан. Тэр компанидаа 7 сар орчим л ажилласан. Солонгост гадаад оюутнуудад зориулсан ажлын яармаг жилд нэг удаа Ганнам дүүргийн Ко-Экс гээд газар болдог юм. Гадаад оюутан авч ажиллуулах сонирхолтой Солонгосын бүх компаниуд нэгдээд, шинээр ажилд авах хүмүүсээ хайдаг. Би ажилд орох СV-гээ илгээхэд тэдгээр бүх компаниуд руу нэгэн зэрэг явчихдаг. Нээлттэй ажлын байр зарласан яармагийн үеэр очоод хүссэн компанидаа ярилцлагад орж болдог. Би Монгол руу явна гэсэн бодолтой байж байтал ажлын байрны үзэсгэлэн яармаг болж таарсан юм. Тэнд очоод ярилцлагад орсноор “SK группт ажилд орохоор шийдсэн.

В.Г: Чи яагаад заавал “SK группийг сонгов? Samsung”, Hyundai” гээд сонголтууд байсан болов уу?

Л.Э: Тухайн үед би Монгол руугаа буцна гэсэн бодолтой байсан юм. Анх уг нь Самсунг дээр очсон боловч миний орох хүсэлтэй Самсунг Электроникс, инженерингийн чиглэлийн компани нь ирээгүй байсан. LG дээр очсон боловч тухайн жил зөвхөн Хятад оюутан авна гэсэн шалгууртай байсан. Яг миний мэргэжилтэй таарсан компани нь тухайн ажлын байрны үзэсгэлэнгийн үеэр “SK компани болж таарсан юм.

В.Г: Ажилд ороод жинхлэх хүртлээ Солонгос улсад, чиний орсон тус улсын тэргүүлэх зэрэглэлийн том групп компанид хүний нөөцийн бодлого нь яаж явдаг юм байна? Бид хоёрын ярилцлагын гол цөм нь энэхүү процесс, мэдээллийг уншигч нартаа дэлгэрэнгүй хүргэх юм.

Л.Э: Солонгосын том групп компанид шинэ ажилтан болох процесс нь жаахан урт. Манай компани гэхэд л шинээр ажилчид авахад хоёр сар хагасаас гурван сар орчим болдог. Эхлээд онлайнаар ажилд орох хүсэлтэй хүмүүсийн CV–г хүлээн авна. Маш олон хүн CV-гээ илгээнэ. Тухайн хүмүүсийн CV-г яг ямар аргаар яаж шүүдгийг нь нарийн мэдэхгүй юм. Ямар ч байсан компьютерээр тусгай програм бүхий системээр хиймэл оюун ухаан ашиглаад эхний шүүлтүүрийг хийдэг. Өөрөөр хэлбэл компани дээр ирж байгаа хэдэн арван мянган CV-г хүний нөөцийн ажилтнууд нь нэг бүрчлэн уншиж танилцаж амждаггүй гэсэн үг. Ингээд хиймэл оюун ухаанаар компьютер нь шүүгээд, үлдсэнийг 2-р шат болгож хүний нөөцийн менежерүүд нь уншиж эхэлдэг. Манай компани жилд 4 аргаар хүмүүс авдаг. 1-т, нээлттэй ажлын байранд шалгаруулалт хийж; 2-т, дадлагажигч ажилтнууд; 3-т; глобаль рекрүүтмент буюу гадаадын хөдөлмөрийн зах зээлээс; 4-т, head hunting буюу чадварлаг мэргэжлийн хүмүүсийг шууд онилон санал тавьж тус тус авдаг. Би хамгийн анхны аргачлалаар нь энэ компанидаа ажилд орсон. Хүний нөөцийнхөө хүнээс би тухайн үед сонирхож асууж байхад намайг ажилд ордог жил “SK групп дээр 60.000 хүн ажилд орохоор өргөдлөө өгсөн байсан. “SK” групп нь өөрөө 90 гаруй охин компанитай тус улсын тэргүүлэх зэрэглэлийн компаниудын нэг. Анкетаас шалгарсан хүмүүсээс бичгийн шалгалт эхлээд байдаг. Миний хандсан мэдээлэл, технологийн салбар компанид (SK C&C) яг хэдэн хүн анх хандсаныг мэдэхгүй ч IQ болон EQ-ийн бичгийн шалгалтанд тухайн жилд надтай цуг 5.000 хүн орж байсан. Эдгээр 5.000 залуусаас явж байгаад доод тал нь 30, дээд тал нь 100 орчим хүн эцсийн шатанд тэнцэж ажилд ордог. Хамгийн эхлээд авдаг шалгалт нь матемитик,  логик сэтгэлгээг IQ-ийн тестээр маш богино хугацаанд авдаг. Хүмүүст хангалттай хугацаа өгөх юм бол энэ шалгалтын бүх бодлогыг нь бодох боломжтой. Гэвч цаг хугацаа өөрөө энэ шалтгалтын дайсан нь. Намайг орж байхад нийт 200 гаруй асуулттай шалтгалт байсан ба хамгийн богино хугацаанд хариуллаа гэхэд л нийт асуултын 60-70%-ийг нь хариулж амжвал их юм. Дараагийнх нь 400 асуулттай хүний сэтгэл зүйн тест болох EQ-ийн шалгалтыг 50 минутанд өгөх ёстой. Энэ шалгалтаар хэтэрхий ноомой, даруухан хүн байна уу, эсвэл хэтэрхий түрэмгий, нээлттэй хүн эсэхийг нь шалгадаг. Бүх асуултад хэтэрхий өөдрөгөөр хариулаад би бүх юманд дуртай, хайртай гэдэг ч юмуу, өөрийгөө хэт магтах гээд байх хэрэггүй юм шиг санагдсан. Мөн нэг асуултыг жаахан өөрчлөөд хоёр удаа асуухад эхнийх асуултанд нь тийм гэж хариулаад, нилээд олон асуултын дараа яг адилавтар асуултанд нь үгүй гэж болохгүй. Сэтгэлзүйн тогтвортой байдлыг, үнэн худлаа хариулаад буйг нь энэ 400 асуулт шалгаж чаддаг. Уг нь бол хүнд асуултууд ерөөсөө байхгүйгээс гадна зөв, буруу хариулт ч гэж ер нь байхгүй. Хэтэрхий өөдрөгөөр, гутрангиар хариулах ёсгүй гэж ойлгогдсон. Хэт экстрим хариулт өгсөн хүмүүс нь энэ шалтгалтанд тэнцдэггүй. Ер нь бол асуултыг нэг уншаад хамгийн эхэнд толгойд чинь орж ирсэнийгээ бөглөх хэрэгтэй. EQ-ийн шалтгалт дээр нь өндөр оноо гэсэн ойлголт байдаггүй. Харин олон жил компанидаа үр бүтээлтэй, үнэнчээр, маш сайн ажилласан хүмүүсээсээ эдгээр асуултаа асууж, хариултыг нь шалтгалтынхаа бенчмаркийг болгодог. Өөрөөр хэлбэл шинээр ажилд орох гэж байгаа хүмүүсийн хариултыг хуучин ажилчдын хариулттай харьцуулдаг. Ажил горилогч нарын хариултын график компанид үр дүнтэй, үнэнч ажиллаж буй  хүмүүсийнхээс өөр байвал тэнцэхгүй гэсэн үг. Солонгосын компани хүнээ хайхдаа удаан, үр бүтээлтэй ажиллах хүнийг л хайдаг. Хэр удаан сайн ажиллаж чадах хүн бэ гэдгийг EQ-р тодорхойлдог юм. Та хичнээн мундаг мэдлэгтэй, чадвартай, туршлагатай байлаа ч таны хандлага, үнэ цэнэ, сэтгэлзүй “SK группын үнэ цэнийн матриц, корпорацийн соёлтой таарахгүй бол энэ компанид ажилд орж чадахгүй гэсэн үг. Дээрх бичгийн шалтгалтуудыг Англи, Солонгос, Хятад гэсэн 3 хэл дээр авдаг ба аль хэлийг нь сонгож болно. ТОЕФЛ-ийн шалгалт шиг шалтгалтын оноо нь 1,5 жилийн турш хүчинтэй байдаг ба унасан шалтгалт дээрээ дараа жил дахин орж шалгуулж болдог.

В.Г: CV сонгон шалгаруулалт, IQ ба EQ-ийн дараагийн шалгалт нь ямар шалгалт байв?

Л.Э: Үүний дараа бүтээлч сэтгэлгээг тодорхойлдог шалгалт байгаа. Намайг шалгуулж байх үед бизнес кэйсийн төрлөөр шалгалт авсан. Жишээ нь, Хятадад усан үзэм тариалдаг нэг жижиг арал байгаа юм. Тэнд нэг том бүтээн байгуулалтын ажил хийх төсөл орж ирсэн. Тухайн арал дээр ямар төсөл хийх вэ, манай компани яаж 300 жил барилгын салбарт ажилласан дотоодын туршлагатай мундаг компанитай нь өрсөлдөж ялаад бүтээн байгуулалтын төслийг авах вэ гэсэн асуулт ирсэн. Ингээд нэг том цаас, 5 өнгийн харандаанууд л өгнө. Ганцхан том цаасан дээр ямар ч засваргүйгээр бичиж зураад, яаж тэр арал дээр мэдээлэл, технологийн компани бүтээн байгуулалт хийх вэ, төсөлд хэрхэн яаж ялах вэ гэдгийг таван минутад хариулах ёстой. 45 минут материалаа судалж, 15 минутын дотор пресентаци бэлдэх, 5 минутанд багтаан санаагаа тайлбарлах, 5 минутын асуулт, хариултын хугацаатай.

В.Г: Тухайн үед чи энэ кэйсийн шалтгалт дээрээ ямар бүтээлч санал дэвшүүлсэн бэ?

Л.Э: Green IT гэдэг санааг би дэвшүүлсэн. Байгаль орчинд ээлтэй, хор хөнөөлгүй, цахилгаан бага зарцуулдаг тоног төхөөрөмжүүд, сэргээгдэх эрчим хүч ашиглах шийдлүүд бүхий музей байгуулъя гэсэн санааг гаргасан. Байшин барилга барих нь чухал ч гэсэн байшин доторх агуулга нь их чухал гэдгийг би онцолж байсан. Байшин дотор ногоон мэдээлэл, технологийн бүхий л шийдлийг харуулсан, энэ чиглэлээр ажилладаг бүхий л лаборатори, их сургууль, компаниудын төлөөллийг оруулсан дэлхийн хамгийн том музейн судалгааны арал байгуулна. Түүнээс биш 20 давхар барилга барина гэх юм бол манайх тендерт ялахгүй ээ. Green IT гэсэн агуулгатай, ийм төрлийн контент бүхий хотхон бие болгоно гэдэг санал дэвшүүлээд, илүү байшин доторх агуулгыг чухалчилсан хариу өгөөд тэнцсэн. Энэ шалгалтынхаа дараа багаар ажиллах чадварыг шалгаж байгаа юм. Мөн мэтгэлцээн хийх ур чадварыг нь энэ шалтгалтаар давхар шалгана. Шалгалт өгч байгаа залуусыг тав таваар нь нэг баг болгож хуваадаг. Баг бүрт 2 хуудас даалгавар өгнө. Манай багийн даалгавар нь 30-40 насны гэрийн эзэгтэй нарт зориулж робот зохиох байсан юм. Роботын нь өргөн, урт, өндөр гээд гурван хэмжээсийг өгөх ба 2 минутын дотор багаараа ямар робот хийх вэ гэдгийг ярилцаад шүүгч нартаа хийх гэж буй роботынхоо саналыг өгдөг. Хийх гэж байгаа роботынхоо ажилд хэн нь идэвх, санаачлага гаргаж буй, багийн ажилд яаж оролцож байгааг ажиглаад өрөөний буланд хоёр гурван хүн ажиглаад сууж байдаг. Робот хийх материалаа хоёр минутын дотор сонгоно. Түүхий эдийг нь 10 мянган вонд багтааж худалдаж авах ёстой. Түүхий эд нь лего гээд угсардаг тоглоом. Түүхий эд, матералаа мөн 2 минутад худалдаж авна. Хамгийн хямд материал нь 4 хэсэгтэй 50 воны лего багц, хамгийн олон багцтай нь 200 воны үнэтэй легонуудаас сонголт хийх ёстой. Худалдан авалт хийхдээ маш сайн бодох ёстой болдог. Дандаа үнэтэй материал авчихвал нарийн урт материалуудаар робот хийж болохгүйгээс гадна анх өгсөн роботын хэмжээст багтахгүй болчихно гэсэн үг. Хэн нь роботоо барих, хэн нь зохиох, хэн рекламдаж борлуулах ажлуудаа багийн гишүүд хоорондоо ярилцаж байгаад хуваарилаад авчихна. Тэгээд нэг нь багаа удирдана, нэг нь танилцуулгаа шүүгч нарт ярих ёстой. Би бол илтгэл тавьж чадахгүй гэдгээ ойлгосон, бизнес санал гаргах хангалттай чадвар баг дотроо байхгүйгээ мэдэрсэн тул өөрийн хамгийн сайн чадах зүйл болох роботоо би хийе ээ гээд саналаа гаргасан. Түүний дараа манай багт байсан нилээд яриа хэлэмгий охин за тэгвэл бизнес саналыг нь би бичье, чиглэлээ надад өг гээд босоод ирж байгаа юм. Ингээд 10 минутад роботоо хийгээд танилцуулна. Энэ шалгалтыг давсаны дараа инженерүүдтэй ярилцлагад орно. Тэд нар цаашид компанид яаж ажиллах вэ, асуудлуудыг яаж шийдэх вэ зэргийг асууж мэргэжлийн ажлаа хэр сайн мэддэгийг шалгадаг. Хамгийн сүүлд компанийн топ удирдлагуудтай ярилцдаг. “SK C&C группын дэд захирал тэргүүтэй хэдэн хүнтэй ярилцлагад орно. Ярилцлагын дараа долоо хоногийн хугацаанд тухайн ажилд тэнцсэн тэнцээгүй гэх хариуг утсаар болон цахим шуудангаар мэдэгддэг. Ингээд нийт 7 үе шаттай шалгалтыг давж байж ажилтан нь болсон. Анх бичгийн шалтгалт өгч байхад 450 орчим гадаадууд байсан боловч эцсийн шатанд тэнцэж үлдсэн нь надтай нийлээд нэг Хятад, нэг Малайз гэсэн 3 гадаад л байсан.

Хамгийн сонин нь компанидаа ажилд орсноос хойш аз жаргал гэдэг үгийг би өдөр тутам сонсдог.

В.Г: Одоо чи дөрөв дэх жилдээ “SK группт харъяалагдан ажиллаж байгаа юм байна. Энэ группын соёл, үнэ цэнэ нь юу байна вэ? Манай компанийн соёлын нэг хэсэг болж чадна, үнэ цэнэ нь таарна аа гээд чамайг энэ компани ажилд авсан байна шүү дээ.

Л.Э: Яагаад намайг сонгосныг би мэдэхгүй. Гэхдээ манай компанийн бүх ажилчид аз жаргал (Happiness) гэдэг үгийг маш их ярьдаг. Хамгийн сонин нь компанидаа ажилд орсноос хойш аз жаргал гэдэг үгийг би өдөр тутам сонсдог. Компани дотор нь байгаа хүмүүс аз жаргалтай байх ёстой гэсэн бодлогыг барьдаг юм байна лээ. Ажилчид нь аз жаргалтай байна гэдэг чинь тухайн компани амжилттай ажиллаж байна гэсэн үг. Манай компанийн лого далавчны зурагтай байдаг. Энэ нь аз жаргалын далавч гэсэн нэртэй юм. Аз жаргалтай, баяр баясгалантай ажлаа хийе гэж байгаа ажилчдынхаа хэцүү, болохгүй байгаа зүйлийг шийдээд өгчихдөг. Аз жаргал гэдэг нь нөгөө талаараа заавал өндөр цалин, хангамж гэсэн үг биш. Ажилчид нь эрч хүчтэй, аз жаргалтай байвал тэр хүний ажлын бүтээмж нь маш өндөр байна гэж үздэг.

В.Г: Чи энэ компанидаа аз жаргалтай байж чадаж байгаа юу?

Л.Э: Чадалгүй яах вэ! Миний эргэн тойронд ажиллаж буй хүмүүс, орчин маань их өөр, өвөрмөц байдаг. SK Man гээд болчихдог. “SK” компанийн ажилчид гэхээр бусад хүмүүсээс шал өөр хүмүүс байдаг. Жишээ нь, төсөл дээр цуг ажиллаж байгаа манай туслан гүйцэтгэгч компаниас орж ирсэн хүн бол шууд танигддаг, шал өөр соёлтой байдаг нь ажиглагддаг. “SK”-ийн хүн биш болохоор сайн эсвэл муу гэсэн ерөөсөө биш. Гэхдээ байгаа байдал, ажилдаа хандаж буй байдал зэргээрээ “SK компанийн ажилчид бусдаас илт ялгарч чаддаг. Тухайлбал, манайд хамгийн сүүлд нэг кампанит ажил явагдаж байсан. Хүмүүсийн кофе ууж байгаа, тамхи татаж буй, гадуур сэлгүүцэж байгаа зэргээр нь судалгаа гаргасан байдаг юм билээ. Жишээлбэл өдөрт 5-с дээш удаа гарч тамхи татдаг хүн байна гэнэ. Тэгээд нэг гарахаараа 20 минут болдог. Тамхи татсаныхаа дараа нэг кофе ууна. Тэгээд нөхдүүдийн ажилдаа үр бүтээлтэй өнгөрүүлэх цаг нь бага болдог. Орой нь хоолоо идчихээд тухай өдрийн ажлаа дуусгах гээд хийгээд суучихдаг. Тэгээд сунаж унах дөхсөн хүн орой, шөнө гэртээ очдог юм байна л даа. Гэртээ очиход нь эхнэр, хүүхдүүд нь бүгд унтаж байдаг. Тэгэхээр нэг хүн өдөрт элбэг 1 цагаас дээш цагийг үр бүтээлгүй өнгөрөөдөг юм байна. Иймээс гарч тамхи татдаг, кофе уудаг цагаа багасгая, орой яг 6 цагтаа тараад үлдсэн цагаа гэр бүлтэйгээ өнгөрүүлж байя. Гэр бүлтэйгээ цуг аз жаргалтай, сайхан амарчихаад маргааш нь эрч хүчтэй, аз жаргалтай, сэтгэл өөдрөг ажилдаа ирээд ажлаа сайн хийх хэрэгтэй гэсэн кампанит ажил явагдаж байсан. Тамхи татдаг хүмүүсээ үнэгүй сургалтад суулгаад тамхинаас гарсанд нь бэлэг өгөх жишээний ажлуудыг явуулж байгаа нь их сайхан санагдсан.

В.Г: Анх ажилд авч байхдаа хичнээн сайн ажилтан байсан ч гэсэн багийн ажилтан биш бол авахгүйгээс гадна хамгийн дээд оноо авсан хэдэн хувь ба хамгийн муу оноо авсан хэдэн хувиа хасаад дундаж үзүүлэлттэй хүмүүсийг голцуу шалгаруулж авдаг гэж дуулсан. Энэ үнэн үү?

Л.Э: Тэрийг нь яг нарийн сайн мэдэхгүй байна. Гэхдээ хамгийн сайн нь байсан ч гэсэн зөвхөн өөрийнхөө дуртай юмыг хийх сонирхолтой, бусдын эрх ашгийг хүндэлдэггүй, хамт олны зорилгыг ойлгодоггүй, зөвхөн би мундаг учраас та нар намайг хүндлэх ёстой зэрэг зүйл ярих юм бол тухайн хүн хичнээн ухаантай байсан ч гэсэн компанид ямар ч хэрэггүй хүн болчихдог. Тиймэрхүү жишээнүүд маш их байдаг л даа. АНУ-д олон улсын мэдээлэл зүйн олимпиадад маш өндөр оноо авч байсан Солонгос нөхөр “Google-д ажилд ороод ажлаа хийж чадахгүй халагдсан. Мөн Америкт маш өндөр цалинтай буюу жилийн 150.000 долларын цалинтай том банкинд ажилд ороод халагдаж байсан кэйсүүд зөндөө байдаг. Хувь хүний гүйцэтгэл болон чадвар үнэхээр гайхалтай, суут ухаантай, өөрийн дуртай юмыг л хийх боловч компанид хэрэгтэй байгаа ажлуудыг хийдэггүй, компанийн болон тэр хүний зорилго нь нийцэхгүй бол тэр хүн компанид ямар ч хэрэггүй нөөц болчихож байгаа юм. Энд бол ямар ч компани яг компанидаа зайлшгүй хэрэгтэй хүнийг л ажилд аваад байх шиг байгаа юм.

В.Г: Танай компани чинь жил бүр гадаад улсуудаас сонгон шалгаруулалт хийдэг гэж байсан. Тэр талаар мөн мэдээлэл өгнө үү?

Л.Э: Жилдээ нэг удаа Америкийн нэг хотод цуглуулдаг юм билээ. Хамгийн сүүлд Нью Йорк хотод гадаадын ажил горилогч нарыг цуглуулж ярилцлага авсан. Сонгож авсан хүмүүсээ тухайн нэг хотод дуудаад тэдгээр бүх хүмүүсийн ирж буцах онгоц, тухайн улс, хотод байх зочид буудлын зардлыг нь манай компани даадаг юм. Хамгийн сүүлд 70 хүн авсан. Өмнөх жил нь 30 хүн авсан гэсэн. Харин ярилцлагаар шалгалт өгсөн хүмүүсийн тоо ажилд орохоор тэнцсэн хүмүүсээс дор хаяж 5-6 дахин их байх шүү. Би нэмээд бас нэг зүйл ярих гэсэн юм.

В.Г: Бололгүй яах вэ?

Л.Э: Дээр дурдсан бүх шалгалт дуусаад ажилдаа тэнцсэний дараа orientation буюу танилцах хөтөлбөр шинэ ажилчдын дунд явдаг юм. Энэ нь 1 хоног хөдөө яваад хоорондоо танилцах хөтөлбөр. Дараа нь манай “SK группын менежмент систем, корпорацийн соёл гэж байдаг. Тэрийг хүн болгон судалж, шалгалтыг нь өгч хүн бүр тэнцэх ёстой байдаг. Энэ шалгалтанд тэнцсэн нөхдүүд 14 хоног дахиад хөдөө явна. Тэнцсэн бүх хүмүүсээ хөдөө байдаг “SK академи гээд сургалтын том кампуст аваачин, “SK группын хэдэн мянган бүх хүмүүс нэг дор цуглаад “SK менежмент систем” гэдэг номыг судалдаг. Энэ ном дотор манай компанийн бүх түүх, эрхэм зорилго, бүтэц, үнэ цэнэ, соёл гээд бүхий л мэдээлэл байдаг юм. Компанид ажилд орсон хүмүүсээс энэ номыг цээжлүүлж шалгалт авна. Тэр шалгалтад заавал тэнцэх ёстой. Орой бүр тэнцэх хүртлээ 14 хоногийн турш шалгалт өгнө. Тэнцээд ирсэний дараа тухайн хүний бие махбодь болон оюун санааны тэсвэр тэвчээрийг шалгах шалгуур нь эхэлдэг.

В.Г: Тэрийг нь яаж шалгадаг юм бэ?

Л.Э: Компанид ажилд орсоны дараа хүн олон асуудалтай тулгарч, ажлын стресс, дарамтанд ордог юм байна л даа. Нэлээд хүнд шалгуурыг урьдчилаад бие махбодь, сэтгэл санаагаараа даваад туулчихсан хүн хэр баргийн асуудлаас айдаггүй, ажлаас шантардаггүй юм байна л даа. Тэгэхээр компанийн хамгийн сүүлийн албан бус шалгуур нь хүний биологийн тэсвэр тэвчээр, сэтгэл санааны эр зоригийг шалгадаг. Гэхдээ энэ шалгалт нь жил бүр өөр өөр байдаг ба намайг ордог жил 2 өдөр явагдсан. Эхний өдөр нь өглөө маш эрт босгоод хөдөө аваад явна. Экстрийм спортын камп дээр аваачин өндөр шон дээрх утсан дээр алхуулах, эсвэл маш өндөр шонгийн мод шиг юм руу дээшээ авируулна. Тэр шонгийн мод нь их савалгаатай. Циркийн савладагтай адилхан юман дээр үсэрч буух зэрэг зүйлсийг хийлгэдэг. Ингэж байж өөрөө өөрийгөө ялах айдсыг нь давуулж шалгадаг. Маргааш нь өглөө эрт босоод уулаар аялж байгаа юм. 1 метр орчим гүнзгий цастай уулаар аялаад ирэхээр хүмүүсийн хөл гар нь нороод хачин болно. Хоолонд оруулчихаад дахиад 25 километр алхуулна. Нэг ёсондоо цэргийнхний хийдэг сургуулилт. Түргэн тусламжийн машинууд дагаад явж байдаг. Хөл нь цэврүүтэх, хатгах, шөрмөс татах, явж чадахаа болиод унах юм бол яаралтай тусламж үзүүлээд машинаар аваад явчихдаг. Хүн өөрийнхөө тэсвэр тэвчээрийн хязгаарыг мэдэх л асуудал. Түүнээс биш хөл нь өвдөөд шөрмөс нь татчихлаа гэхэд тэр хүн ажилдаа тэнцсэнгүй гэхгүй. Энэ шалгуурын давсны дараа үүнээс хойш ямар ч шалгуур шинэ ажилтанд бахйгүй болдог. Харин компанийн сургалтууд нь эхэлдэг. Жишээ нь, ажилд орсны дараа зургаан сарын турш бүх юмыг эхнээс нь компани зааж өгнө. Шууд хэлнэ. Тэр нь их сургуульд сурсан юм аа одоо та нар март. Тэр чинь тус болохоосоо илүү энэ компанид гай болно гэдэг. Ингээд шинэ ажилчидаа өөрсдийнхөө арга барил, соёлоор шинээр бэлддэг. Мөн нэмж хэлэхэд манай компанид үнэхээр ажиллах чин хүсэлтэй бол заавал IT, инженер мэргэжилтэй байх албагүй. Эмч хүн ч ажилладаг. Гайхалтай нь бүр олон улс судлал, биологийн мэргэжилтэй хүмүүс ч зөндөө байдаг. Аливаа хүний мэдлэгийг биш хүнийг нь сонгож авдаг. Хүний тархийг биш, мэдлэгийг биш, энэ хүн хэн бэ, тэр хүний хандлагыг нь харж байж авдаг гэсэн үг. 10 жилийн дараа харахад яг ямар хандлагатай, ямар мөрөөдөлтэй хүн бэ гэдэг нь тухайн байгууллагад чухал болохоор л хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаа нь ийм өөр, айхтар байдаг юм билээ.

Аливаа хүний мэдлэгийг биш хүнийг нь сонгож авдаг. Хүний тархийг биш, мэдлэгийг биш, энэ хүн хэн бэ, тэр хүний хандлагыг нь харж байж авдаг гэсэн үг.

В.Г:SK C&C компанийхаа талаар товчхон танилцуулна уу?

Л.Э: 1994 онд үүсгэн байгуулагдсан байдаг. Тухайн үед “SK группын  IT-ийн нэгж дотоод нэгж, газар нь байсан юм байна лээ. Группын охин компаниудад IT-гийн үйлчилгээ үзүүлдэг хэлтэс байж байгаад сүүлдээ томорсоор байгаад бие даасан компани болоод тусгаарлаж гарсан. Тэгээд өөрийн гэсэн байр сууриа олоод зөвхөн дотоодын групп компани гэхгүй гадны мэдээлэл, харилцаа холбоо, технологийн зах зээл рүү маш хүчтэй түрж орж ирээд хурдтай томорсон компани. Одоогоор 5.000 орчим ажилчидтай, Солонгостоо эхний 5-т байнга жагсдаг групп компани. Иймэрхүү жагсаалт гаргадаг олон үзүүлэлт байдаг. Орлогоороо бол Солонгостоо гуравт жагсдаг групп компани. Нэгт нь “Samsung”, хоёрт “Hyundai группууд ордог.

В.Г: Чи өөрөө яг одоо ямар албан тушаал дээр ажиллаж байгаа билээ?

Л.Э:SK Телекомын чиглэл бизнесийн харилцаа холбоо ба систем хөгжүүлэлтийн хэлтэст харъяалагддаг. Энэ хэлтэст програм хангамжийн инженерээр ажилладаг. Гол үүрэг хариуцлага маань биллинг ба төлбөр тооцооны систем.

В.Г: Саяхан чамайг компанийнхаа шилдэг ажилтан болсон гэж дуулсан. Ямар онцлох ажил хийгээд энэ хүндтэй шагналыг авсан юм бол оо?

Л.Э: Яг шилдэг ажилтан бол биш ээ. Манайх шинэ жилээр нэг шилдэг ажилтанаа тодруулдаг. Би болохоор сая сарын онцлох хүн (Man of the month) гээд шагналыг 7 сард авсан. Айхтар гавъяа бол байгуулаагүй л дээ. Бид нарын хийдэг ажил нэг нэгнээсээ шууд хамааралтай. Нэг төсөл дээр ажиллаж байгаа гурван хүний ажил дуусахад нийлүүлээд нэг ажил болдог жишээтэй. Манай төсөлд ажиллаж байсан нэг хүн өөр төсөл рүү шилжихээр болсон юм. Төслийн ажлын баг нэг хүнээр дутах асуудал үүссэн. Гэтэл манай төслийн удирдагч тэр хүний ажлыг надад миний ажил дээр давхар даалгаж өгсөн. Өөрийнхөө ажлыг тэр хүний ажилтай цуг хийнэ гэхээр цаг хугацаанд нь амжуулж 2 хүний ажлыг ганцаараа хийж чадах уу гэх зэрэг эрсдэл харагдаж байсан ч төслийг нь цагт нь амжилттай хийж дуусгасан юм. Түүнчлэн шинээр ажилд орсон хоёр хүнийг дадлагажуулагчаар (mentor) томилогдон амжилттай ажиллаж сургаж өгсөн. Миний дадлагажуулсан хоёр хүн маань хоёулаа гадаадын хөдөлмөрийн зах зээлээс сонгон шалгаруулалтанд тэнцэн орж ирсэн хүмүүс байсан. Нэг нь Нью Йорк хотод Корнеллийн Их Сургуулийг биологийн мэргэжлээр төгссөн, нөгөө нь Мичиганд хүний нөөцийн мэргэжилтэй төгссөн Солонгос ба АНУ-ын иргэншилтэй эмэгтэйчүүд байсан. Өөр өөр мэргэжилтэй хэдий ч хоёулаа мэдээлэл, технологийн салбарт ажиллаж үзье гээд шийдсэн залуус байсан. Энэ хоёрт мэдээлэл, технологийн үндсэн ойлголт өгөхөөс гадна компанийн ажил, төслүүдээ танилцуулах, системүүд ажиллах бүхий л зааварчилгаа зэргийг богино хугацаанд амжилттай өгч дадлагажуулсан ажлуудаараа дүгнэгдэн компанийнхаа сарын онцлох ажилтан нь болж шалгарсан.

В.Г: Энэ компанид орсоноосоо хойш Монголтой холбоотой төсөл хэрэгжүүлсэн үү?

Л.Э: Монголтой холбоотой хоёр төсөл хэрэгжүүлсэн. Намайг ажилд ороод 7 сар болж байхад манай компанийн гадаад төслийн хэлтсээс Монголд хэрэгжих төсөлд хоёр монгол хүнийг татаж оролцуулж байсан. Тухайн үед Монголд КОИКА-ийн шугамаар хэрэгжүүлэх төслийн тендерт нь манай компани ялсан юм билээ. Манай компанид ажиллаж байсан хоёр Монгол хүнийг энэ төсөл дээр шууд санал бодлыг асуулгүй томилсон. Хэдий миний анхны ажиллаж байсан хэлтэс тэр бүр хүмүүсийн орж чаддаггүй, нэр хүндтэй маш гоё хэлтэс байсан ч гэсэн компанийн даалгавраар энэ төсөл рүү шилжсэн. Өөрөөр хэлбэл Монгол хүн өөрөө Монголд хэрэгжих төсөлд ажил гээд намайг томилсон. Эхний төсөл маань КОИКА-ийн санхүүжилтээр улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэл мэдээллийн нэгдсэн системийг сайжруулах цахим архивын төсөл байсан. Нөгөө төсөл нь Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр хийсэн эд хөрөнгийн бүртгэл мэдээллийн системийн (Electronic Property Management System) төсөл байсан. Энэ хоёр төсөл дээр 2 жил орчим ажилласан.

Хүн их шуналтай юм шиг санагдсан. Мэдэх тусам мэдэхгүй юм шиг санагдаад улам их мэдмээр улайраад байдаг. Их сонсож мэдэх тусах эргэн тойрны зүйлсээ улам их судалмаар санагддаг.

В.Г: Энхбаатарын маань ирэх 3-5 жилийн төлөвлөгөө юу байна?

Л.Э: Энэ компанид ажиллаж буй хүн бүрт карьер төлөвлөлт байдаг. Ойрын 5-10 жилд энэ хүн яг ямар хүн болох вэ, ирээдүйд ямар албан тушаалд очих вэ, яг ямар ажил хийж байх вэ гэдгийг компаниас чиглүүлж, сургаж удирддаг. Миний хувьд ирээдүйд системийн архитектур чиглэл рүү орно гэж боддог. Аппликэйшнийн архитектур, мэдээллийн баазын архитектур талдаа илүү их сонирхолтой. Өөрийнхөө карьер замыг хэлбэл цэвэр технологи тал руугаа явна гэж харж байгаа. Ирээдүйд миний боломж бол компанийнхаа хэлтэсийн менежер болоод код, програм зохиохгүй, нарийн чимхлүүр ажил хийхгүй төсөл удирдаад явах боломж байгаа. Компанид найман жил ажилласан хүн ийм эрхтэй болдог журамтай. Өөр нэг зам нь цэвэр техник рүүгээ орох, насан туршдаа энэ чиглэлээрээ ажиллах боломж байгаа. Миний хувьд үргэлж програм бичээд явна гэж бодохгүй байгаа. Ойрын хугацаанд мэдээллийн баазын архитектур чиглэл руу орж дамжаад төсөл удирдаад явах төлөвлөгөөтэй байна. Гэхдээ таван жилийн дараа өөрийгөө Монголд байна гэж төсөөлж байгаа. Энд сурах юм маш их байна. Хүн их шуналтай юм шиг санагдсан. Мэдэх тусам мэдэхгүй юм шиг санагдаад улам их мэдмээр улайраад байдаг. Их сонсож мэдэх тусах эргэн тойрны зүйлсээ улам их судалмаар санагддаг. Яг одоо Монголдоо очихоор арай л түүхий байгаа байх. Ядаж эндээ бүх юмны зах зухаас нь багахан ч гэсэн мэддэг болоод, энэ мэргэжил чиглэлээрээ хийж үзэх ёстой бүх ажлыг нь хийж үзчихээд, нэг чиглэлийг нь сонгоод нилээд гүнзгий судлаад бүрэн мэддэг болчихоод Монголдоо очмоор санагддаг.

В.Г: Монголд ирэхээр боллоо гэхэд ажлаасаа яаж гарах уу? Энэ олон хатуу шалгаруулалт давж орж ирсэн, олон сар жил сургасан хүнээ танай компани амархан гаргах уу?

Л.Э: Тухайн хүн нь ямар ажил хийж байгаагаас шалтгаална. Ажлын яг гол цөмийг нь атгадаг хүн байхгүй бол энэ ажил явахгүй гэсэн тохиолдолд шаардлага тавьдаг. Тэр гол хүн нь та байвал таныг ажлаас чинь гаргахгүй цалинг чинь нэмэгдүүлнэ гэдэг. Энгийн нэг ажилтан гарна гэхэд мэдээж дургүй байна. Ажилтан нь ажлаас яагаад гарч байна гэдэг нь өөрөө компанийн хувьд дотоодын том асуудал болж удирдлага, хүний нөөцийн сорилт нь болдог. Ер нь дундаж ажилтныг бол шууд гаргачихдаг тал бий. Учир нь их сургуулиа төгсөөд ажилд орж чаддаггүй залууст том групп, компаниудад ажилд орно гэдэг бол мөрөөдөл байдаг. Хөдөлмөрийн зах зээл нь асар том, ширүүн өрсөлдөөн маш их байдаг. Дараагийн ажилд орох хүмүүс нь маш олноороо дугаарлаад байж байдаг гэсэн үг. Гадаадын мэргэжилтэнгүүд битгий хэл дотоодын ажилчдын хувьд ч ажилд орох өрсөлдөөн их хүнд байдаг. Нэг ажилд орох юм бол тэндээ насан туршдаа ажиллана гэдэг төлөвлөгөөтэй байдаг. 

В.Г: Чи 5 жилийн дараа энэ ажлаасаа гарлаа гэхэд одоо энэ ажиллаж байгаа “SK групп компанийн албан тушаалын зэрэглэл, түвшингийн хувьд аль хавьцаа нь явж байх бол?

Л.Э: Тэрийг таашгүй л дээ. Гэхдээ өөрийгөө дээгүүр байна гэж харж байгаа. Мэдээж миний хичээл зүтгэл, ур чадвараас бүх юм хамаарна. Тэрийгээ бодож байх ёстой. Гэхдээ юу юуны туханд хүрээгүй байж өөрийгөө өндөрт тавьж болохгүй. Том мөрөөдөх тусах тухайн хүний зүтгэл нь тэр чинээгээр их байх болов уу. Зүтгэж байгаад том мөрөөдөлдөө бүрэн хүрэхгүй ч гэсэн ядаж талд нь хүрэх нь том амжилт болно. Ингэж бодох тусам дээгүүрт байх болов уу гэж бодож байгаа. Тэрний төлөө хичээнэ.

В.Г: 4 жил эндээ ажиллахдаа өөрөөрөө байнга бахархдаг, үр дүнтэй ямар ажил хийсэн гэж боддог вэ?

Л.Э: Монгол хэрэгжүүлсэн цахим архив төслийг хэлнэ. Энэ нь өөрөө Монгол улсын хувьд стратегийн том төсөл байсан. Бүхэл бүтэн улсын иргэний бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэл, эд хөрөнгийн бүртгэлийн системийг хийсэн. Би өөрөө энэ төсөлд гар бие оролцож хийсэндээ маш их бахархдаг.

Монголын инженер, програмистууд маш чадварлаг. Иймэрхүү системийг бол 100% хийж чадна.

В.Г: Уг төслийг Монголын компани, монгол инженерүүд нь өөрсдөө хийх боломж нь байсан болов уу? Манайхны хувьд ур чадвар нь байгаад зохион байгуулалтанд орж чадахгүй байна уу, эсвэл ур чадвар, зохион байгуулалт нь байгаад санхүүгийн нөөц нь хязгаарлагдмал байгаад байна уу? Яагаад энийг асууж байна гэхээр тухайн үед энэ төсөл явж байхад Монгол улсын гол мэдээллийн бааз, системийг гадаадууд, Солонгосууд хийж байна гээд шүүмжлэл нилээд хэвлэлээр явж байсан юм.

Л.Э: Үүнийг хийсэн хүмүүсийн бүх мэдээлэл тагнуулын ерөнхий газар очсон. Дараа нь ямар нэгэн асуудал гарах юм бол энэ системийг гардаж хийсэн бид нартай хамгийн түрүүнд холбогдох нь тодорхой байсан. Тэр нөхцөл байдлыг ч бид маш сайн мэдэж, ойлгож байсан. Тийм болохоор бид энэ төсөл дээрээ нухацтай хянууртай хандаж ажилласан. Мэдээж бүх зохиогчын эрх Монголын талд шилжсэн ба компани гэрээний дагуу гүйцэтгэлээ л хийсэн. Уг төслийг Монголчууд өөрсдөө хийх 100 хувь боломжтой. Гэхдээ туршлага дутмаг байсан байх. Дээр хэлснээр энэ төсөл маань стратегийн ач холбогдолтой маш чухал төсөл, мэдээллийн сан. Энэ шийдлийг хийх олон улсын тогтсон стандартууд байдаг. Энэ стандарт нь дэлхийн олон улсуудад хэрэгжсэн, энэ хэрэгжилт гүйцэтгэлийг нь хийсэн туршлагатай компани байх юм бол төсөл тэр чинээгээр амжилттай явна л даа. Тухайн технологи нь стандарт болчихсон, ямар ч алдаа мадаггүй тогтчихсон, ийм ижил төрлийн системийг олон удаа хийчихсэн туршлагатай компани ажиллавал төсөл илүү амжилттай болно. Энэ шалгуурт нь манай компани тэнцэж ажлыг нь гүйцэтгэсэн гэж ойлгож байгаа. Монголын инженер, програмистууд маш чадварлаг. Иймэрхүү системийг бол 100% хийж чадна. Гэхдээ дунд нь нарийн технологууд маш их орж ирдэг. Жишээлбэл, скайнердаж байгаа зургуудыг маш өндөр хурдтай сүлжээнд ямар ч ачаалал өгөхгүй болгож хадгалдаг зурагтай, хурдтай, нууцтай холбоотой нарийн технологиудыг шууд авч ашигладаг. Тэгэхээр яг ийм бэлэн систем, туршигдсан технологиуд Монголд байхгүй. Монгол компаниуд хийх боломжтой байсан боловч төслийн захиалагч ба хэрэглэгч байгууллагууд хамгийн сайн, найдвартай гэсэн систем, шийдлийг л авахыг хүснэ. Хичнээн дотоодын компаниа дэмждэг байлаа ч тендер өөрийн гэсэн шалгууртай байдаг. Тэгэхээр Монголд тухайн үед эдгээр шалгуурыг нь давах компани байгаагүй байх.

В.Г: Чам шиг Солонгосын голлох том группуудэд менежерийн түвшинд амжилттай ажиллаад явж байгаа Монгол залуучууд хэр байдаг вэ?

Л.Э: Ер нь их сонсож байсан. Мундаг том компаниудад ажилладаг залуус бий. Солонгост их дээд сургууль төгсөөд эндээ мэргэжлээрээ ажилладаг Монголчуудын төрийн бус байгууллага байгаа. Тэр шугамаараа бид нар хааяа уулздаг. Байнга уулздаг 20 гаруй залуус бий. “Samsung, Google, SK, LG” болон том банкуудад ажилладаг монгол залуус олон байгаа. Заавал том групп компани гэлтгүйгээр Солонгосын жижиг, дунд хэмжээний компаниудад амжилттай ажиллаж буй залуус ч зөндөө байна.

Технологитой хүн харьцах нь хүн хүнтэй харьцаж байгаа юм шиг амархан болж байна.

В.Г: Хүнээс үл хамаарсан шийдлүүд зөндөө гарч байна. Нэг бодлын зардал, мөнгө хэмнээд сайн ч юм шиг. Гэхдээ нөгөө талаас нь харвал эрсдэлтэй, бас аймаар ч юм шиг санагддаг. 10-аад жил мэргэжлээрээ ажиллаж байгаа юм байна. Дэлхийд мэдээллийн технологийн чиглэлээр тэргүүлдэг Солонгос улсад ажиллаж байгаагийн хувьд ирээдүйн дэлхийн мэдээллийн технологи, интернетийн хөгжлийг юу гэж харж байна?

Л.Э: Их өргөн хүрээтэй асуулт байна. Энэ талаар би их бодож явдаг. Нэг үгээр хэлэхэд “Матрикс”, “Терминатор” кинонууд байна. Хиймэл оюун ухааны хэт хөгжилд бид автаад явж байгаа гэдэг нь бол тодорхой. Хүн төрөлхтөн үүнээс өөрсдийгөө салгаж авахад, ирээдүйгээсээ айхад хэтэрхий хоцорсон гэж боддог. Энэ хөгжлөөс бид өөрсдийгөө салгаж явах одоо бараг боломжгүй ба мэдээлийн технологийн хөгжлийг, одооны хурдыг зогсоох ямар ч арга байхгүй. Гэхдээ энэ бол маш аюултай. Хамгийн сүүлийн жишээ аваад дурдахад “Терминатор” кинон дээр болдог процесс одоо жишээ нь эхлэж байна. Английн мэдээллийн технологийн экспертүүд нь нэгдээд засгийн газраасаа 6,4 сая еврогийн санхүүжилт аваад интернэтэд холбогдох боломжтой бүх машинуудыг хооронд нь холбодог интерфэйс гаргана гээд явж байна. Бүх машинуудыг хооронд нь ярьдаг болгоно гэсэн аймаар том төсөл санаачилж байна. Энэ төсөл нь 5-10 жилийн дараа хэрэгжээд эхэлнэ. Ингээд холбогдчих юм бол бүх машинууд хоорондоо ярьдаг болоод интернэтэд холбогдоно, эд нар хүний оролцоогүйгээр хоорондоо холбогдоод ажиллаж эхэлнэ. Үүнийгээ хүний огт оролцоогүй удирддаг болно. Энэ үед роботуудыг бид удирдлагаасаа алдах эрсдэл тэр чинээгээр өснө. Хоёрт, хиймэл оюун ухаан, роботын зах зээл маш их хөгжиж байна. “Google X төсөл гэж байна. Жолоочгүй машин туршаад эхэлсэн. Робот, хиймэл оюун ухааны төсөл, санаа, гайгүй явж байгаа бүх компаниудыг “Google бүгдийг нь худалдаж авч, хөрөнгө оруулалт хийж, өөртөө нэгтгэж байна. Тэгэхээр ерөнхийдөө орчин цагийн хүний амьдралд хиймэл оюун ухааны хэрэгцээ, хэрэглээ ихсэж байгаа. Солонгост ухаалаг гар утас гарч ирээд бүх юм шинэчлэгдэж байна. Урьд нь метронд ороход утсаа оролдож байгаа хүн бараг байдаггүй байсан. Гэтэл одоо утсаараа бүх юмаа хийж болдог болчихсон. Ном уншдаг, имэйлээ шалгадаг. Ерөнхийдөө үүнийг дагаад хүмүүс ч гэсэн хөгжихгүй болсон, тархиа ажиллуулдаггүй болсон. Юу ч цээжилдэггүй болсон. Энэ чинь юу билээ гээд нөгөө утас руугаа хардаг болсон. Интернэт гэдэг юм хүний тархины нэг хэсэг болоод ирж байгаа юм. Жишээлбэл, миний байгаа газраас хамгийн ойрхон автобусны буудал хаана байна гэхээр надад хэлээд өгчихдөг. Иймэрхүү болоод аль хэдийн эхэлчихсэн. Технологитой хүн харьцах нь хүн хүнтэй харьцаж байгаа юм шиг амархан болж байна. Интернэтэд орсон асар том мэдээллийн сангууд нь хүний тархины нэг хэсэг болоод эхэлчихсэн. Гэх мэтчилэн ингээд хөгжил асар хурдтай явагдаж байна. Ямар ч найдвартай хамгаалалтын систем байсан ч гэсэн хүний өөрийн зохиосон шийдэл нь байдаг. Тэгэхээр тэрийг буцаагаад эвдэх боломжтой л гэсэн үг. Гэхдээ хэтэрхий ингээд хөгжөөд явж байгаа нь буруу гэж бас бодохгүй байна. Гол нь хүн өөрөө үүнийхээ боол нь болчих вий гэх болгоомжлох зүйлс зөндөө бий. Хүний бодож байгаагаас илүү ихийг хийх боломжтой тийм аюултай технологиор бид оролдоод байна шүү дээ. Тэгэхээр аюул, эрсдэл бол байгаа.

В.Г: 30 настай, гадаадад мастер хийгээд дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн компанид ажиллаж байгаа залуугийн хувьд Монголд байгаа үеийнхээ залууст хандаад хэлэх юмсан гэсэн бодол байдаг бол тэрийгээ манай уншигч нартай хуваалцана уу?

Л.Э: Манай ээж эрүүл байвал бусад нь яах вэ гэж ярьдаг юм. Тухайн үед жаахан байсан болохоор нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргачихдаг байлаа. Одоо хүний нутагт хааяа ханиад хүрэхээр ганцаараа байгаа болохоор их айдаг юм. Сандарсан үед ойр орчимд Монгол хүн байхгүй ч гэдэг юм уу. Эрүүл мэнд гэдэг хамгийн чухал. Эрүүл мэндээ хайрлахгүй, бие гаргуунд нь хэт гаргах, зөв хооллохгүй, спортоор хичээллэхгүй, байнгын шинэ юм судалж, оюун санаагаа хөгжүүлэхгүй байсаар байгаад эрүүл мэнд муудчих юм бол ямар ч том хүсэл мөрөөдөлтэй байсан бүгд алга болно. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг ихийг хийж бүтээх хүмүүсийн бие нь эрүүл, оюун ухаан нь саруул байх ёстой. Сэргэг сайхан амардаг, унтдаг байх ёстой. Хоёрдугаарт, хүн өөрийнхөө хүссэн юмыг хийвэл илүү их амжилт гаргах юм шиг санагддаг. Тухайн үедээ сэтгэл хөдлөөд, буруу шийдвэр гаргаад амьдралынхаа нэг хэсгийг үрчихсэн хүмүүс байдаг. Заавал мундаг том мэргэжил сонгох албагүй. Хамгийн анх төгсөөд би хамгийн өндөр цалин өгсөн ажилд орж байсан. Тухайн үед дөнгөж сургуулиа төгссөн, санхүүгийн хувьд боломж тааруу байсан тул багшийнхаа санал болгосон сургуульд багшаар ажиллах саналыг хүлээж авч чадаагүй. Тэр багшийнхаа ажлыг хийсэн бол бид өдийг хаана явж байх байсан бол гэж хааяа боддог. Тухайн үед гаргасан миний ганцхан шийдвэрээс хамаараад миний амьдралын зорилго өөр болчихож байгаа юм. Заавал нэг програмист, эсвэл хуульч болох гэж зүтгэх шаардлагагүй. Плита наачихдаг, тэрийгээ бусдаас хамгийн гоё, цэвэрхэн наачихдаг байж болно. Маш сайн шал шахдаг байж болно. Тэгэхээр хамгийн том барилгын компаниуд энэ нөхөр хамгийн гоё плита наадаг гээд булаацалдаж эхэлнэ. Тэгэхээр хүн өөрийгөө үнэлээд, бусдад бодитоор үнэлэгдээд эхэлдэг. Ажилдаа дуртай байх юм бол аз жаргалтай амьдрал эхэлнэ. Тэр чинээгээр өндөр цалин авна. Тэгэхээр өөрийнхөө маш их сонирхсон ажлаа барьж аваад тэрнийхээ төлөө тууштай явах юм бол юу ч байсан амжилтад хүргэдэг. Жишээлбэл, Алибаба гээд Хятадын группын эзэн Жак Ма англи хэл сурахын тулд өдөр бүр талдаа 45 минут мотоциклоор зочид буудал руу явж очиж гадаад хүмүүст сайн дураараа, үнэ төлбөргүй орчуулга хийдэг байсан байна. Тэгэхээр жижиг гэлтгүй нэг юмыг барьж аваад дундаас нь хаялгүйгээр тууштай явахад амжилтанд хүрнэ гэж би боддог. Мөн залуучууд аль нэг гадаад хэлийг маш сайн сураад, төгс эзэмшчихвэл зүгээр. Хэл мэддэг болоод ирэхээр тухайн хүний нүд нээгддэг. Их юм мэддэг болдог. Монгол залуучууд бусдаас нэг алхам ч гэсэн илүү алхана гэж бодож байвал хэл сурах хэрэгтэй. Мэдээлэл технологийн нэг ном АНУ-д гарлаа гэхэд сарын дараа Монголд орчуулагддаг байх ёстой. Ингэвэл манай програмистууд, инженерүүд ёстой “будаа болгох” гээд байгаа юм аа уг нь. Дуртай номоо аваад уншаад ойлгоод ажил дээрээ ашиглавал бид дор нь амжилт гаргана. Солонгост бол яг сарын дараа бүх ном орчуулагдаж гардаг, тэрийг нь шууд орчуулж гаргах үүрэгтэй компаниуд байдаг. Хэлээ сурвал ядаж дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхаад мэдээлэл аваад байх боломжтой шүү дээ. Манайд ажилладаг Хятад найзын төгссөн сургууль мэдээллийн технологийн сургууль хирнээ нэг жил англи хэлийг вакуум орчинд маш шахуу үздэг. Дараагийн жил нь Япон, Солонгос хэл ордог гэж байгаа юм. Тэр нь маш зөв систем санагдсан. Өөрсдөө уг хэлээрээ мэдээлэл олж авна. Мэдээлэл технологийн салбарыг Монголд хөгжүүлье гэвэл энэ бүх контентийг, шинэ контент бүрийг маш богино хугацаанд маш сайн орчуулдаг систем байх ёстой. Эсвэл багш болон сурагчид нь тухайн хэлээр мэдээллээ ойлгоод авчихдаг чадвартай байх хэрэгтэй.


В.Г: Маш сонирхолтой, эрч хүч түгээсэн ярилцлага өгсөн чамд баярлалаа!

3 comments:

Unknown said...

Saihan yariltslaga bna. Amjilt husie..

Anonymous said...

hi,
Ene uneheeer sain yariltslaga bna. yag goliig ni onoj asuugaad yariltsagch ni bur unen setgeleesee mash emh tsegtsei medeelel bolohguits


Mash ih bayarllaa. mash ih business sanaa ch olj avlaa

Unknown said...

Сайн байна уу хатагтай, Гавьяат байна. зээлдүүлэгч мөнгө зээлдүүлэгч хувийн зээл, үл хөдлөх хөрөнгийн зээл, барилгын зээл бүртгүүлсэн хүмүүст туслахын тулд дэлхий / компанийн санхүүгийн байдал л шинэчлэх ёстой банкинд хууль ёсны найдвартай зээл, ЭР санал гэр зээл, машины зээл, зочид буудал зээл, арилжааны санал болгох, гэх мэт хөрөнгө, бизнесийн зээл, муу зээлийн зээл ажлын 2% нь бага хүүтэй, эхлүүлэх. Бид гарт төсөл болон Танай компани / хамтран санхүүжүүлж, би $ 8,000,000 зөвхөн евро болон фунт USD $ 12,000 өөрсдийн үйлчлүүлэгчиддээ хувийн зээл санал хэлмээр байна. Би бизнесийн зээл өгч,
Хувийн зээл, оюутны зээл, машины зээл, зээлийн төлбөрөө төлөх юм. хэрэв та
та шууд надтай холбоо бариарай тулд та юу хийх ёстой зээл бол байх хэрэгтэй
Нь: (merithope6@gmail.com)
Бурхан та нарыг ивээх болтугай.
Хүндэтгэсэн,
Хатагтай: мерит найдвар
И-мэйл хаяг: (merithope6@gmail.com)

Тайлбар: Бүх хариу илгээх ёстой: (merithope6@gmail.com). Дэлгэрэнгүй мэдээллийг и-мэйлээр бидэнтэй холбоо барина уу