Views
Яагаад блогоо бичих ээ байв аа, фэйсбүүкийг чинь би хэрэглэдэггүй ээ гэсэн нижгээд мессеж, имэйлийг өнгөрсөн саруудад авч таних болох танихгүй хүмүүст багагүй "загнууллаа". Хэдий хуучин шигээ идэвхтэй бичиж чадахгүй, амжихгүй болсон ч гэсэн энэ муу хуучин блогоо ор тас хаалгүй боломж, заваараа бичвэрээ бичээд явсан нь дээр гэж эцэстээ сэтгэв. "Хааш хаашаагаа тавхан фэнтэй" хүн чинь бас цөөн ч гэсэн тэднийгээ хүндэтгэе ээ:)
Шинэ постоо "Гэнэ ээ" нийгэм гэж нэрлэлээ. Болгооно уу.
“Гэнэ ээ” нийгэм
Бидний дийлэнх
маань өнгөрснөө бодож, одоотойгоо ноцолдон, ирээдүйгээ төсөөлсөөр өөрийнхөөрөө
байж чадахаа больсон мэт. Бусдын тухай, юмсын талаарх зөвхөн өөрийн төсөөлөл,
эсвэл үгийг нь сонсдог улсуудын шүүмж, сонсохыг хүсдэг хүмүүсийн бодол, бусад
хүмүүс сонсоод дагаад байгаа хүмүүсийн тайлбар дээр бид голцуу үнэндээ амьдарч,
бас ажиллаж байна. Товчхон хэлбэл хов жив болон зөвхөн өөрийн сонсохыг хүссэн
мэдээ, мэдээллээр борхон тархиа өлдөөн амьдарч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл
бидний өнөөгийн нийгэм маань тэр тэгж гэнэ ээ, энэ ингэсэн гэнэ ээ гэсэн “гэнэ
ээ”-гийн нийгэм болжээ. Жиргээн дээр ч энэхүү үг бүхий хаш таг хамгийн богино
хугацаанд тренд үүсгэж чаддаг нь нэгийг хэлээд буй мэт.
Харин биднээс
илүү хөгжөөд буй улсууд хараад байхаар “гэнэ ээ”-гээс илүү бодит факт буюу
баримт, шинжлэх ухааны бус юм аа гэхэд ядаж нийгмийн суурь болон мэргэжлийн
судалгаанд ач холбогдол өгөөд байх шиг. Түүнчлэн хоосон бодол, бусдын
тайлбараас илүү бусдын үйлдэл, мэдлэг, туршлагыг үнэлэн бие биестэйгээ харилцан
ашигтай хамтран ажиллаад буй мэт харагдах. Чухам ийм үед л хувь хүний болон
нийгмийн хандлага өөрчлөгдөж эхэлдэг бололтой санагдах. Өөрөөр хэлбэл бичсэн
зүйлсийн утгыг бусдын өмнөөс тайлбарлахын оронд уг агуулгыг яах гэж бичсэн
тухай ойлгохыг жаахан хичээхэд л хүмүүсийн хандлага шал өөр болох боломжтой
мэт.
Харин бидний
мөрөөддөг өндөр хөгжилтэй орнуудын хувьд алсын хараанаас өөр зүйлийг бараг
ярихаа больжээ. Гэхдээ “алсыг харахын” тулд яах аргагүй эхлээд бусдын бодолд
үнэмшин итгэж, бодит зүйлстэйгээ нүүр тулж мөргөлдөх үе шатыг туулаад байх шиг.
Гол нь энэхүү үе шатуудыг хир хурдан эсвэл удаан хугацаанд туулж буйгаас
шалтгаалан хувь хүн болон нийгэм улсын хөгжлийн хурд хэмжигдээд буй бус уу? Өндөр хөгжилтэй орнуудад хамгийн түрүүнд
ярьдаг, бас хамгийн давтамжтай хэлдэг үгс бас хийдэг зүйлс нь үнэ цэнэ, үүрэг хариуцлага, шинэ боломж, бүтээлч
санаа л байна.
Гэвч манай “гэнэ
ээ” нийгэмд дээр дурдсан үнэ цэнэ, үүрэг хариуцлага, алсын хараа гэдэг үгсийг утга агуулга нь өөрөө “гэнэ ээ” болчихоод буй нь юутай харамсалтай!!!
https://twitter.com/ganzorigv
https://twitter.com/ganzorigv
No comments:
Post a Comment