Views
Жохарийн Цонх
Орондоо ч орох завгүй хоорондоо үзэл суртал, мэдлэг, мэдээлэл, хандлага, үнэ цэнээрээ байлдаж буй өнөө үед Монголчууд бидэнд хэрэгтэй байж болох нэгэн мэдээллийг хүргэхийг хичээв. Жохарийн цонх гэсэн загвар байдаг ажээ. Энэхүү загварыг 1950 оны үед Америкийн сэтгэл судлаачид болох Luft, Harry нар боловсруулж өөрсдийнхөө нэрээ нийлүүлж энэхүү загвараа нэрлэсэн түүхтэй ажгуу. Энэхүү загвар нь тун удалгүй дэлхий даяар хүний нөөц, сэтгэлзүйн салбарт хүн өөрийгөө нээх, танин мэдэх, хөгжүүлэх, бусадтай харилцах харилцаа, ойлголцлоо сайжруулах хувь хүний болон багийн сургалтын том хэрэгсэл болжээ.
Энэхүү загвар маань 4 цонхтой бөгөөд чухам энэхүү 4 квадратад өнөөгийн манай нийгмийн бараг шахуу бүх оношийг багтаажээ.
Human Fortis компанийн сургалтын материалыг ашиглав
Хоёр тэнхлэг бүхий энэхүү загварын босоо тэнхлэг нь бусад хүмүүс мэддэг, эс мэддэг туйлаар хязгаарлагдах бөгөөд хэвтээ тэнхлэг нь би, бид мэддэг, мэддэггүй гэдэг туйлуудаар тус тус хязгаарлагдана.
Зүүн дээд булангийн квадратад миний, бидний мэддэг болон бусдын мэддэг оршихуй байх аж. Үүнийгээ нийгэмшсэн буюу нээлттэй хэсэг гэнэ. Ингэж мэдлэг ба мэдээллийн нэгэн жигд түвшин хүрсэн улс байтугай компани, өрх бүлийн жишээ ч энэ дэлхий дээр ховор байх. Ёстой төгс гэгдэх нийгэм энэ болох болов уу. Нийгэмшсэн, хөгжилтэй улс, хамт олны нэг давуу тал нь асуудал, проблемийг олон талаас харах хирнээ уг асуудлыг шийдэх шийдлийг бүгдээрээ нэг талаас нь харж зөвшилцөж чаддагт оршдог мэт. Гэхдээ том зургаар нь харвал ингэж нэгдсэн шийдэлд хүрч чадах эсэх нь тухайн хүмүүсийн билгийн нүдээс гадна үнэт зүйс, зан араншин, хандлага, мэдрэмж, мэдлэг, итгэлцэл, туршлага, ур чадварын төсөөтэй талуудын олонлог байж гэмээнэ ажил хэрэг болох болов уу. Нийгмийн шинжлэх ухаанд бол бидний хэлж ярьдаг чухам нөгөө “жинхэнэ” элит, технократ улсуудаар нь жишээ авч болох. Өөрөөр хэлбэл мэдэхгүй, ойлгохгүй хүн болгоныг мэддэг, ойлгодог болгож цаг, хүч, хөрөнгө үрсэнээс мэддэг, ойлгодог хэсгүүд нь хоорондоо нэгдэж хамтран ажиллах нь нийгмийн олон бүлэглэл дундаа хамгийн үр ашигтай бүтцэд ордог байх нь ээ. Манай нийгмийн, ард түмний хэдэн хувь нь энэ квадрат дотор багтаж чадах бол?
Жохарийн цонхны зүүн доод булан бол миний, бидний л мэдэх боловч бусад хүмүүс мэдэхгүй хэсэг оршино. Бидний мэдээд байгаа юмыг бусад хүмүүс мэдэхгүй байна аа гэдэг нь бид өөрсдөө ямар нэг шалтгаанаар бусдад үнэнээ хэлэхгүй, эсвэл мэдээллээ дэлгэхгүй л байна гэсэн үг. Магадгүй бусад хүн мэдчих вий гэсэн том айдас ч үүнд хамаарах байх. Мэддэг зүйлсээ бусадтай хуваалцах нь хувь хүний нийгмийн хариуцлага гэж би хувьдаа ойлгодог. Чухам ингэж чадвал бид богино хугацаанд хүсээд байгаа эрчимтэй хөгжлөө бүтээж чаднам. Эс бөгөөс би ухаантай, чи тэнэг гэдэг хандлагаар манай нийгэм хол явахгүй. Чухам өөрийгөө задалж, бусдын өмнө нээлттэй байж чадсанаар мэдээлэл авагч этгээд хожоод зогсохүй мэдээлэл түгээгч этгээд мэдлэг түгээгч болж хөгждөг давуу талууд анзаарагддаг. Манай нийгэмд бол цагаан хэл ам хүрнэ гэдэг шалтгаанаар хувь, хувьсгалын их мэдээллийг дотроо хадгалж, тэр хирээрээ бодитой ажил хэрэг болгож чаддаггүй тал бий. Шүүмжлэлээс айж мэдлэг, мэдээллээ бусдаас нууцалдаг бол энэ нь жинхэнэ мэдлэг, мэдээлэл биш болж таарах болов уу. Харин эсрэгээрээ баримт, үндэслэл тааруу шүүмжлэл нь өөрөө эргээд шүүмжлэгч этгээдийн айдсын синдром болж эхэлдэг нигууртай мэт. Харамсалтай нь Монголын маань нийгмийн багагүй хувь нь энэ дөрвөлжин дотор эргэлдэж буй болов уу.
Харин Жохарийн цонхны баруун дээд булангийн дөрвөлжин бол миний, бидний мэдэхгүй боловч бусдын мэддэг хэсэг аж. Үүнийг “харанхуй толбо” гэж нэрийджээ. Бусдын мэдэж буйг бид мэдэхийн тулд яах ч аргагүй бусдаас асуух, хамтрах хэрэгтэй болно. Алив нийгэм, систем бусдаас огт хамааралгүй байна гэж бараг боломжгүй. Бүх зүйлсийг өөрсдөө хийнэ, бүтээнэ гэдэг нь агуу зорилго боловч биднээс богино хугацаанд, хямд өртгөөр, хамаагүй чанартай хийж байгаа тэр хэсэгтэй бид барьцан өрсөлдөх нь лав бизнесийн хувьд ямар ч утга заахгүй. Улс төр, нийгмийн хувьд тэнгэр заяат, хөх толбот гэдгээрээ бусдаас ялгарахыг хүсч, тэр хирээр бусдыг үл ойшоох нь цэвэр Ари үндэстэн бий болгоно гээд хэдэн арван сая жүүдүүдийг хядсан Хитлерээс нэг их ялгагдахгүй үйлдэл болох мэт. Бусдын биднээс илүү сайн явааг судлах нь чухал боловч биднээс тааруу, муу яваа хэсгийг нь давхар судлах нь илүү чухал бөгөөд ач холбогдолтойд тооцогдох болов уу. Чухам эндээс олон “Яагаад” гэдэг асуултыг хариултыг бид өөрсдөө хүссэн хүсээгүй олох боломжтой санагдах. Юу ч мэддэгүй гэдгээ мэдэх ёстой багагүй хүмүүс бидний дунд өдөр хоногийг өнгөрөөж буйтай маргах шаардлагагүй байх аа.
Жохарийн цонхны баруун доод булан бол миний ч, тэрний ч, ер нь хэний ч сайн мэдэхгүй хэсэг гэж томъёолжээ. Нийгмийн олонлог энэ дөрвөлжинд цугласан байхад чухам далдыг харагч, мэргэч төлөгч, элдэв янзын шашин хүчээ авдаг мэт. Иймэрхүү нийгмийн гишүүд нь голцуу “нас” (биологийн насыг хэлсэнгүй) залуу, туршлагагүй, өөрийн өмнө тавьсан зорилгогүй, өөртөө итгэлгүй, бага балчир насандаа хаягдсан, гологдсон, гадуурхагдаж байсан хүмүүсээр дүүрэн байх нь элбэг. Өөрөөр хэлбэл мэдээлэл, мэдлэг, мэдрэмж, чадвар, хандлага, туршлагын дутагдал биднийг байнга хойш чангаадаг ажээ. Сарандаваа гэдэг хүний лекцэнд хэдэн мянгаараа очиж суун хошуурч түрийвчээ толгой дээгүүрээ эргүүлэн хормын дотор баян болохыг хүсэгчид маань яах аргагүй энэхүү дөрвөлжингийн цөм масст тооцогдож байна. Энэ дотор бидний аав ээж, ах эгч, найз нөхөд маань ч буй. Хүмүүст шинэ зүйл хийх, туршиж үзэх боломж, эрх чөлөөг өгөх нь мэдлэгийн зудыг давах нэг арга нь байж болох боловч мэддэг хүмүүс нь энэ процесст туслахгүй бол арван нэг дэх хар нүгэл нь болох буй заа.
Тэгэхээр би эсвэл бид ганцаараа мэдэх, сурах, туршлагатай байх нь хангалтгүй ажээ. Учир нь миний мэдлэг, туршлага зөв, туйлын үнэн байх магадлал бусадтай харьцуулахгүй л бол тэр хирээр буурдаг аж. Эсрэгээрээ мэддэг бүхнээр өөрийгөө хүрээлүүлэн ганцаараа мэдэхийг хүсэхгүй үлдэх хувь хүн бараг байхгүй буй заа. Иймээс ямар ч хүн, нийгэм өөрийн мэдлэг, мэдээлэл, хандлага, чадвар, туршлагаа бусадтай ямагт жишин харьцуулж, харилцан суралцаж, хоорондын зөрүүгээ багасгаж чадаж гэмээнэ ХӨГЖИЛ гэдэг зүйл ХҮН гэдэг бидний цаанаас дөнгөж цухуйдаг бололтой юм.
No comments:
Post a Comment