Sunday, 27 December 2015

Скайтелийн iPhone-тэй шинэ жил

Цоо шинэ iPhone аваад яг долоо хоног дээрээ нэгэн арга хэмжээ дээрээс хулгайд алдаж багагүй бухимдаж билээ. Скайтел компани үнэнч хэрэглэгчийн статусаар лизингээр авсан энэхүү утсандаа харамсахаас илүүтэйгээр дотор байгаа дата, мэдээлэл нь миний хувьд багагүй ач холбогдолтой байсан билээ. Гомдлын мөр гээд найзуудын санал болгосноор утсаа алдсан дүүрэг, хорооныхоо цагдаад нь очоод өргөдөл гаргаад мэдүүлэг бөглөж орхисон юм. Миний хувьд иймэрхүү зүйлд орооцолдож, цагдаад хүсэлт гаргаж байгаагүй тул дотроо нэг их найдлаг байгаагүй, дээрээс нь сонин хэвлэлээс авсан мэдээллийн ойлголтоор цагдаа гэхээр нь хүн загнасан, ширүүн дүр төрхтэй, харьцаа муутай нөхдүүдтэй тулах нь дээ л гэж бодож байлаа.

Харин бодит байдал яг эсрэгээрээ байлаа. Мөрдөн байцаагч залуу Та Та гэж авгайлахаас гадна хагас, бүтэн сайнгүй залгаж нэмэлт мэдээлэл авч ажлаа хийх. Амралтын өдрөөр гээд өөдөөс нь хэлэхээр бид нар чинь өдөр шөнөгүй, ажил, амралтын өдөргүй ажиллах ёстой юм аа, та санаа зоволтгүй асууж тодруулах зүйлсээ асуугаарай гэх нь бараг 5 одтой зочид буудлын тансаг үйлчилгээ авч буй мэт л сайхан санагдаж байв. Хагас бүтэн сайнд миний төлөө ажиллаж байна гэж бодохоос өөрийн эрхгүй хүндлэл төрдөг аж.

Өргөдөл гаргаж, мэдүүлэг бөглөсөн даруйд тусгай дугаараас гар утсанд мессэж ирж бүртгэлийн дугаар болон асууж тодруулах зүйл байвал шууд холбогдох цагдаагийн утас, мэдээлэл ирдэг болсон байна. Хамгийн ололттой нь http://www.service.police.gov.mn/ сайт руу орж өргөдөл, хүсэлт гаргасан хэрэг маань хэрхэн шийдэгдэж буй явц, хэн гэдэг мөрдөн байцаагч ажиллаж байгаа, түүний холбоо барих бүх хаяг, албан тушуул болон санал хүсэлтээ шууд трак хийж болдог болсон байна. Яг л нөгөө явуулсан илгээмж маань хаана явааг нь DHL-ийн системээр мониторинг хийдэг шиг. Миний утас олдох уу гэж асуухад хайрцаг сав, баталгааны бичгээ бүгдийг нь над дээр үлдээчих ээ, тун удахгүй би танд энэ хайрцаг дотор чинь утсыг чинь хийгээд хүлээлгэж өгөх болно оо гээд өөртөө тун чиг итгэлтэй хэлээд намайг өрөөнөөсөө гаргахад нь тоглоомтой нөхөр байна даа гэж бодож байсныг нуух юун. Саяхан бас орцондоо утсаа дээрэмдүүлсэн танилын маань танилын ухаалаг гар утсыг цагдаа нар олж өгсөн гэж сонсоод итгэл багахан төрж л байлаа.

Утсаа алдсанаас яг 2 долоо хоногийн дараа цагдаагаас яриад та завтай бол хүрээд ирээч гэж байна. Яваад очтол утас маань олдсон, утсыг маань авсан, хэрэглэж байсан хүн нь намайг хүлээгээд цомцойтол сууж байх нь тэр. Ядаж байхад хальж мэддэг хүн байж таараад өмнөөс нь ичээд, бараг дотроо яах гэж утсаа буцаж олох доо гэж “гэмшиж” суулаа. Хүний өмнөөс ичих шиг хэцүү зүйл энэ хорвоод байдаггүй байх аа...

Өнөө цаг үед ухаалаг утас хулгайлах шиг тэнэг хулгай байхаа больсон бөлгөө. Утас болгон, чип болгон кодтой, өөрийн гэсэн сериал дугаартай болсон ийм нөхцөлд өөр хүний иргэний үнэмлэх хулгайлж буйтай л агаар нэгэн утгагүй үйлдэл болсон аж. Их нарийн аргууд байдаг юм байна. Гэхдээ хулгайч нарт шипи өгөхгүйн тулд, мөн цагдаагийн арга ажиллагааны технологи задлахгүйн тулд эдгээрийг энд бичих нь зүйд нийцэхгүй биз ээ.

Миний хувьд энэ шинэ жилийн хамгийн гоё бэлэг нь тэрхүү цагдаагийн сэтгэл, ажил, чадвар, харьцааны соёл нь байлаа. Юм юм хөгжиж л байгаа юм байна. Төрийн, цагдаагийн үйлчилгээний чадвар бас үйлчилгээний чанар ингэж мундаг сайжирсан гэж огт бодож байсангүй. Мэдээд, мэдрээд өөрөөсөө бас л ичиж суунам. Баярлалаа та нарт!

Хэдхэн хоногийн дараа он солигдох гэж буй энэ мөчид энэхүү бичвэрийг уншин суугаа та бүхэнд мэдээж эрүүл энхийг хүсэхээс гадна бие биенээсээ хулгай хийхгүй, худал ярихгүй ажиллаж, амьдрахыг ерөөе! Огт бодоогүй, хэзээ ч тэгэхгүй гэж бодож байсан хүмүүс худалч, хулгайч байхыг мэдэх шиг хүнд хэцүү бөгөөд эмгэнэлтэй муухай зүйлс энэ хорвоод ховор байх аа.

За та минь хэн нэгний ухаалаг гар утсыг “санаандгүй” олоод хэрэглэж байгаад баригдаад онигоо болов доо. Тэрний оронд өөрөө эзнийг нь олоод аваачиж өгөөд шагналаа авсан нь хулгай хийснээс хамаагүй цэвэрхэн мөнгө болохоос гадна “ажиллагаа” багатай үйлдэл болно шүү.


Бүгдээрээ хулгай хийхээ л больчихъё л доооо...

Monday, 21 December 2015

Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалд ТА бэлэн үү?

Дэлхийн эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч Klaus Schwab-ийн бичсэн энэхүү нийтлэлийг орчуулан та бүхэнд хүргэж байна. Энэхүү сэдэв нь удахгүй буюу 2016 оны 1 сард болох Давосын чуулганы үндсэн сэдвээр сонгогдсон бөгөөд дэлхийн бүх лидерүүдийн анхаарлыг зүй ёсоор татаж буй сэдэв бөлгөө.
Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлэн өөрсдийн аж амьдрал, ажлын орчин нөхцөл юугаан сайжруулахын тулд мэргэн оюун ухаанаа харамгүй зарцуулж, заримыг нь бараг шавхаж байна. Hargreaves-ийн анх зохиосон эргэлдэх хөдөлгөөнөөр ноос самнах машинаас авахуулаад Ford-ийн машин үйлдвэрлэл, угсралтын анхны шугамууд, Wozniak-ийн компьютерийн хэрэглээнд хувьсгал гаргасан шийдлүүдийг энд дурдаад байвал дуусашгүй. Харин өнөөдөр бид хоорондоо холбогдсон хэдэн тэрбум төхөөрөмжүүд, 3D хэвлэгч, супер ухаалаг роботуудыг нэгэнт бүтээж чадсан болохоор “Дэлхийн аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал”-ын тухай нухацтай ярих цаг нь нэгэнт болжээ.
Энэ хувьсгал зөвхөн манай нийгэм ба эдийн засгийг өөрчлөөд зогсохгүй хүн гэдэг бодгалийн шинж төлөвийг ч өөрчлөх хүчтэй байна. Харин ХҮН бид үүнд бэлэн үү?
Аж үйлдвэрийн хувьсгалын түүхүүд
Энд бидний ярих гэж буй аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал нь өмнөх 3 хувьсгалуудаасаа ялгаатай. Ийм ч учраас үүнийг хувьсгал гэхээс илүү хувьсал гэж хэлбэл зохилтой. Өмнөх аж үйлдвэрийн хувьсгалуудын үед гарч байсан технологийн дэвшлүүд нь нийгэмд бодитой үр нөлөө үзүүлэх хүртлээ хэдэн арван жилийг элбэг шаарддаг байв. Жишээ нь, эдийн засагч Robert Gordon-ийн бичсэнээр “Аж үйлдвэрийн 1 ба 2-р хувьсгалын хэмжигдэхүйц үр дүн нь хүмүүст хүрэхэд элбэг 100 жил шаардагдсан” гэжээ. Үнэхээр өнөөдрийг хүртэл дэлхий дээр 1,3 тэрбум хүн байнгын гэрэл цахилгаангүй амьдарч, дэлхийн нийт хүн амын багагүй хэсэг нь өнөөдрийг хүртэл аж үйлдвэрийн 1 ба 2-р хувьсгалаас үүдэн бий болсон шинэ технологи, дэвшлүүдээс хүртэж чадаагүй байгаа нь харамсалтай ч бодит үнэн билээ. Харин одоо бидний ярьж буй хувьсгал нь бодит цагийн (real-time) хувьсгал юм. Өөрөөр хэлбэл өчигдрийн шинжлэх ухааны ололт нь өнөөдрийн хамгийн хоцрогдсон бүтээгдэхүүн нь болж буй асар хурдтай өөрчлөгдөн хувьсаж буй нийгэмд бид амьдарч байна.
Энд зөвхөн өөрчлөлтийн хурдыг яриагүй бөгөөд энэхүү өөрчлөлт хамрах хам хүрээг бид бас дурдах ёстой билээ. Саяхныг хүртэл бизнес эрхлэгчид, ажил хэрэгч хүмүүс үйл ажиллагаагаа сайжруулахын тулд өөрсдийн ажиллаж буй орчилдоо л өөрчлөлт хийж, бүтэцийн өөрчлөлтийг дотроо хийхийг шийдэл гэж ойлгодог байлаа. Тэдний гаргаж буй шинэлэг санаа, санаачлага нь зарим нөхцөлд үнэхээр шинэ хөгжүүлэлт болж чаддаг ч харамсалтай нь энэхүү хөгжүүлэлт нь дийлэнхдээ зөвхөн ганц бүтээгдэхүүнээр л хязгаарлагддаг байв. Харин аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал нь тэднийг, биднийг дээр дурдсан уламжлалт системийг эвдэхийг шаардахаас гадна системийг шинээр тодорхойлох ёстойг сануулаад удаж байна. Энэ улмаар манай нийгэм тэр дундаа бидний технологи, хоорондын харилцаа, улс төрийн бүтэц, төрийн загвар эрс өөрчлөгдөхөд ч хүргэж болох дүр зураг тодхон харагдаж байна.
Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалыг тодорхойлох дараагийн нэг том зүйл бол түүний БҮТЭЭЛЧ УСТГАЛЧ (Creative Destruction) шинж чанар юм. Өөрөөр хэлбэл ямар нэг шинэ технологи гарч ирснээр хуучны хийж байсан үүрэг, функцыг тэр чигээр нь орлохоос гадна хамаагүй илүү өндөр түвшинд хийж өмнөх шийдлийг хэрэглээнээс байхгүй болгох процессийг БҮТЭЭЛЧ УСТГАЛ гэж томъёолж буй хэрэг юм. Гэхдээ бид хөдөө аж ахуйн салбараас аж үйлдвэрийн салбар руу шилжсэн хувьсгалыг сайшаан ярихын сацуу өнөөг хүртэл хөдөө аж ахуйн салбартаа ажиллаж, тэднээс хоолоо олж идэж буй хүмүүс болон машин, тоног төхөөрөмжийн “ачаар” ажилгүй болсон олон хүмүүсийг давхар бас бодолцох ёстой билээ.
Гэхдээ товчхондоо өнгөрсөн хугацаанд явагдсан бүх аж үйлдвэрийн хувьсгалууд нь хүн төрөлхтний аж амьдрал, нийгэмд маш том эерэг нөлөө үзүүлсэн гэж дүгнэн хэлж болно. Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал ч гэсэн бүрэн автоматжуулалт, технологийн дэвшлээрээ дамжуулан АНУ-ын нийт ажлын байрны 47% хүртэлхийг ирэх 12-24 жилд бүрэн устгаж байхгүй болгох боломжтой байна. Гэхдээ ийм нөхцөл үүсвэл санал болгох гарц, шийдэл БИДний хэнд ч маань байхгүй хэвээр л байна. Ийм учраас технологийн энэхүү өндөр хурдацтай хөгжил буюу цахим хувьсгалын хүн төрөлхтөнд, БИДний нийгэмд үзүүлж болох сөрөг үр дагаваруудыг улс орны лидерүүд нухацтай тооцон бодож, хэлэлцэх цаг нь нэгэнт болжээ.

БИДний өмнө тулгарч буй асуудлууд

Энэхүү аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалыг тайлбарлаж буй би бээр эдгээр бүх технологийн хувьсгал, хүч нь БИДний амьдралд эерэгээр нөлөөлөх болно гэдэг бат итгэлтэй байдаг. Ухаалаг системүүдийн орчил болох ухаалаг гэр, үйлдвэр, ферм, цахилгаан сүлжээ, хот нь бүтээгдэхүүн ба үйлдвэрийн нийлүүлэлтийн систем, ложистикт гардаг асуудлуудаас авахуулаад дэлхийн дулаарлыг шийдэхэд ч бодитой нөлөө үзүүлэх бүрэн боломжтой. Хамтын эдийн засаг (Sharing Economy) гэсэн ойлголт өдгөө аль хэдийн хүчээ авч эхэлсэн бөгөөд энэхүү шийдэл нь хоосон байшингаас авахуулаад хүмүүсийн машин хүртэл бүхий л зүйлсийг үр ашигтай эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжтой шийдэл юм. Санхүүжилтийн хувьд ч олон шинэ арга хэрэгсэл, механизмүүд хүчээ авч байна. Дурдвал, олон нийтийн санхүүжилт (Crowdfunding), хувь хүний зээллэгэ (peer-to-peer lending) зэрэг нь олон хүнийг хил хязгаар, цаг хугацааны асуудалгүйгээр дурын санхүүжилтийн эх үүсвэртэй золгох боломжуудыг бий болгож байна.

Технологийн эдгээр дэвшлүүд яагаад ийм амжилттай, хурдтай яваад буйн нэг нууц нь бие биенээ нөхцөлдөн хөгжиж буйд оршиж байна. Генетикийн нээлт, хөгжлүүд, хиймэл оюун ухаан, роботууд, нано технологи, 3D хэвлэгч, био технологи гэх мэт нь бүгд бие биенээ нөхөж, бие биенээ түшин хөгжиж байна. Чухам ийм учраас л аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал нь бидний төсөөлснөөс илүү их нөлөөг асар богино хугацаанд нийгэмд, дэлхий даяар үзүүлэх хүчтэй юм.

Эдгээр асар их боломжийн урд мөн л том хэмжээний сорилтууд БИДний өмнө байсаар л байна. Жишээ нь, технологиос шалтгаалан ажлаа алдаж буй хэдэн мянган хүмүүсээс гадна зарим судлаачид Solow Paradox-ийг нэрлэж байна. Энэ нь хүмүүс хэдий их хэмжээний хөрөнгө оруулах тусмаа зөвхөн мэдээллийн технологид л найдан хувь хүн, хамт олны бүтээмжгүй болох парадоксийг хэлдэг аж. Түүнчлэн зарим хүмүүс цахим хувьсгал нь нийгмийн тэгш бус байдлыг жигдлэн балансжуулахад асар их нэмэртэй гэж байхад бүр зарим нь харин ч эсрэгээрээ нийгмийн ялгааг улам ихэсгэж, монополиудыг үүсгэн, соёл, нийгэм, эдийн засгийн эрх мэдэл, хүчийг цөөн хэдхэн хүмүүсийн гарт төвлөрүүлж байна гэж хүчтэй мэтгэлцсээр байна.

Цахим хувьсгалын хамгийн том сорил нь энэхүү хувьсгал нь дэлхийг өөрчлөөд байгаад огтхон ч биш юм. Харин энэхүү хувьсгал нь БИДнийг өөрчилж буйд оршиж байна. Өөрөөр хэлбэл бидний өдөр тутмын харилцаа, бидний чөлөөт цагаа өнгөрөөж буй хэв маяг, бидний дотны хүмүүс хоорондын холбоос, зохиогчийн эрх, контентийн эзэмшил, хувь хүний нууцлал зэрэг ХҮН байх гэдэг утга учрыг тодорхой хэмжээнд бодитойгоор өөрчлөөд эхэлснээс гадна БИД өөрсдөө өөрчлөгдөөд эхэлсэнд асуудлын цөм оршиж байна.

Эдгээр бүх өөрчлөлт, нөлөө нь аж ахуйн нэгж, том корпорациуд, засгийн газруудыг ч өөрчилж эхэлж буй бөгөөд цаашилбал хүмүүсийн хэрэглээ, үйлдвэрлэл ба ажил эрхлэлтэнд шууд нөлөөлж, бүхэл бүтэн салбарыг байхгүй болгож, оронд нь цоо шинэ салбарыг үүсгэж чадаж байна. Тэгэхээр энэ бүх өөрчлөлтөнд шийдвэр гаргачид, бодлого боловсруулагчид маань бэлэн үү? БИД бүгд энэ бүх өөрчлөлтийг мэдрээд эхэлсэн ч энэ нь дөнгөж ЭХЛЭЛ гэдгийг мэдэж буй ХҮН хир олон байна вэ?
Шинэ “тивийг” хайх нь буюу ЗӨВ чиглэл рүү залуурдах нь
Дээр дурдсан сорилтууд бүгд бодитойгоос гадна БИД судлаач эрдэмтэн Stephen Hawking-ийн анхааруулж буй бодит эрсдлүүдийг сайтар тооцож анхаарах ёстой. Эдгээр эрсдлүүд нь голцуу хиймэл оюун ухаантай холбогдох бөгөөд жишээлбэл, жолоочгүй автомашин, цахим туслагч болох Siri, Google Now, Jeopardy асуулга, тааварт ялагч болсон супер компьютерийг нэрлэж болж байна. Холливүүдийн “Transcendence” кино энэ сэдвийг их сайхан гаргасан байдаг. Тэгэхээр энэхүү технологийн хувьсгалтай зэрэгцээд бид хэрхэн ажилгүйдлийг улам бүр багасгаж, хувь хүний бүтээмжийг улам бүр ихэсгэж, дэлхий даяарх мэдлэг, мэдээлэл, баялаг, боломжийн шударга болон тэгш хуваарилалт бүхий системийг бий болгох ёстой юм бол оо?

Харамсалтай нь БИДний өнгөрсөн ямар ч түүх дээрх асуултанд хариулах эх сурвалжийг бидэнд өгч чадахгүй. Гэхдээ энэхүү өнөөгийн нөхцөл байдал маань БИДэнд, улс орнуудын манлайлагч лидерүүдийн хийж чадах зүйлс болон хийх ёстой зүйлсийг нь маш тодорхой гаргаж чиглүүлж өгч буйг дурдах нь зүйтэй. Энэхүү хувьсгалын хүч, боломж нь хэрхэн БИДнийг, бидний бизнес ба бидний төрийг өөрчилж буйг, өөрчлөх боломжтойг бид мэдэрч байна. Иймээс бид энэхүү боломжийг ХАМТДАА зөв зүгт нь залах машид чухал байнам.

Иймээс миний зүгээс ТАНД тавьж буй сорилт бол дээрх хэцүү асуултуудад хариулахад туслан, хаашаа ч өнхрөн явах боломжтой байгаа энэ том боломжийг ХАМДАА зөв зүгт залахад туслана уу гэж хүсмээр байна.