Sunday, 27 December 2015

Скайтелийн iPhone-тэй шинэ жил

Views

Цоо шинэ iPhone аваад яг долоо хоног дээрээ нэгэн арга хэмжээ дээрээс хулгайд алдаж багагүй бухимдаж билээ. Скайтел компани үнэнч хэрэглэгчийн статусаар лизингээр авсан энэхүү утсандаа харамсахаас илүүтэйгээр дотор байгаа дата, мэдээлэл нь миний хувьд багагүй ач холбогдолтой байсан билээ. Гомдлын мөр гээд найзуудын санал болгосноор утсаа алдсан дүүрэг, хорооныхоо цагдаад нь очоод өргөдөл гаргаад мэдүүлэг бөглөж орхисон юм. Миний хувьд иймэрхүү зүйлд орооцолдож, цагдаад хүсэлт гаргаж байгаагүй тул дотроо нэг их найдлаг байгаагүй, дээрээс нь сонин хэвлэлээс авсан мэдээллийн ойлголтоор цагдаа гэхээр нь хүн загнасан, ширүүн дүр төрхтэй, харьцаа муутай нөхдүүдтэй тулах нь дээ л гэж бодож байлаа.

Харин бодит байдал яг эсрэгээрээ байлаа. Мөрдөн байцаагч залуу Та Та гэж авгайлахаас гадна хагас, бүтэн сайнгүй залгаж нэмэлт мэдээлэл авч ажлаа хийх. Амралтын өдрөөр гээд өөдөөс нь хэлэхээр бид нар чинь өдөр шөнөгүй, ажил, амралтын өдөргүй ажиллах ёстой юм аа, та санаа зоволтгүй асууж тодруулах зүйлсээ асуугаарай гэх нь бараг 5 одтой зочид буудлын тансаг үйлчилгээ авч буй мэт л сайхан санагдаж байв. Хагас бүтэн сайнд миний төлөө ажиллаж байна гэж бодохоос өөрийн эрхгүй хүндлэл төрдөг аж.

Өргөдөл гаргаж, мэдүүлэг бөглөсөн даруйд тусгай дугаараас гар утсанд мессэж ирж бүртгэлийн дугаар болон асууж тодруулах зүйл байвал шууд холбогдох цагдаагийн утас, мэдээлэл ирдэг болсон байна. Хамгийн ололттой нь http://www.service.police.gov.mn/ сайт руу орж өргөдөл, хүсэлт гаргасан хэрэг маань хэрхэн шийдэгдэж буй явц, хэн гэдэг мөрдөн байцаагч ажиллаж байгаа, түүний холбоо барих бүх хаяг, албан тушуул болон санал хүсэлтээ шууд трак хийж болдог болсон байна. Яг л нөгөө явуулсан илгээмж маань хаана явааг нь DHL-ийн системээр мониторинг хийдэг шиг. Миний утас олдох уу гэж асуухад хайрцаг сав, баталгааны бичгээ бүгдийг нь над дээр үлдээчих ээ, тун удахгүй би танд энэ хайрцаг дотор чинь утсыг чинь хийгээд хүлээлгэж өгөх болно оо гээд өөртөө тун чиг итгэлтэй хэлээд намайг өрөөнөөсөө гаргахад нь тоглоомтой нөхөр байна даа гэж бодож байсныг нуух юун. Саяхан бас орцондоо утсаа дээрэмдүүлсэн танилын маань танилын ухаалаг гар утсыг цагдаа нар олж өгсөн гэж сонсоод итгэл багахан төрж л байлаа.

Утсаа алдсанаас яг 2 долоо хоногийн дараа цагдаагаас яриад та завтай бол хүрээд ирээч гэж байна. Яваад очтол утас маань олдсон, утсыг маань авсан, хэрэглэж байсан хүн нь намайг хүлээгээд цомцойтол сууж байх нь тэр. Ядаж байхад хальж мэддэг хүн байж таараад өмнөөс нь ичээд, бараг дотроо яах гэж утсаа буцаж олох доо гэж “гэмшиж” суулаа. Хүний өмнөөс ичих шиг хэцүү зүйл энэ хорвоод байдаггүй байх аа...

Өнөө цаг үед ухаалаг утас хулгайлах шиг тэнэг хулгай байхаа больсон бөлгөө. Утас болгон, чип болгон кодтой, өөрийн гэсэн сериал дугаартай болсон ийм нөхцөлд өөр хүний иргэний үнэмлэх хулгайлж буйтай л агаар нэгэн утгагүй үйлдэл болсон аж. Их нарийн аргууд байдаг юм байна. Гэхдээ хулгайч нарт шипи өгөхгүйн тулд, мөн цагдаагийн арга ажиллагааны технологи задлахгүйн тулд эдгээрийг энд бичих нь зүйд нийцэхгүй биз ээ.

Миний хувьд энэ шинэ жилийн хамгийн гоё бэлэг нь тэрхүү цагдаагийн сэтгэл, ажил, чадвар, харьцааны соёл нь байлаа. Юм юм хөгжиж л байгаа юм байна. Төрийн, цагдаагийн үйлчилгээний чадвар бас үйлчилгээний чанар ингэж мундаг сайжирсан гэж огт бодож байсангүй. Мэдээд, мэдрээд өөрөөсөө бас л ичиж суунам. Баярлалаа та нарт!

Хэдхэн хоногийн дараа он солигдох гэж буй энэ мөчид энэхүү бичвэрийг уншин суугаа та бүхэнд мэдээж эрүүл энхийг хүсэхээс гадна бие биенээсээ хулгай хийхгүй, худал ярихгүй ажиллаж, амьдрахыг ерөөе! Огт бодоогүй, хэзээ ч тэгэхгүй гэж бодож байсан хүмүүс худалч, хулгайч байхыг мэдэх шиг хүнд хэцүү бөгөөд эмгэнэлтэй муухай зүйлс энэ хорвоод ховор байх аа.

За та минь хэн нэгний ухаалаг гар утсыг “санаандгүй” олоод хэрэглэж байгаад баригдаад онигоо болов доо. Тэрний оронд өөрөө эзнийг нь олоод аваачиж өгөөд шагналаа авсан нь хулгай хийснээс хамаагүй цэвэрхэн мөнгө болохоос гадна “ажиллагаа” багатай үйлдэл болно шүү.


Бүгдээрээ хулгай хийхээ л больчихъё л доооо...

No comments: