Views
Corporate identity (Ондоошил), Image (Донж),
ба Reputation (Алдар)-ийн ялгаа ба мөн чанар
Компанийн ондоошил гэдэг нь тухайн зах зээл, нийгэм дээрээ хэн байхыг хүсч буй, хаашаа тэмүүлж буйгаа илэрхийлж буй илэрхийлэл юм билээ уг нь. Иймээс компанийн айдентити буюу ондоошилоо тодорхойлохын тулд эхлээд яах гэж тэр компани, хуулийн этгээд, институци байгуулагдсан юм, эрхэм зорилго нь юу юм, юуны тулд оршин тогтнож буйгаа эхлээд ойлгох ёстой мэт. Эдгээр энгийн асуултанд хариулж чадахгүй буюу зорилгогүй байгуулагдсан, алсын хараагүй ажилладаг удирдлагын хувьд компанийн ондоошилоо тодорхойлж чадна гэдэг нь асар эргэлзээтэй хэрэг билээ. Харин лого, симбол, нэр, уриа зэрэг нь жишээлж хэлбэл косметик засварууд л билээ. Зорилгоо тодорхойлгоогүй байж лого "зуруулж" тэрийгээ компанийн брэндинг, айдентити хийсэн гэж ойлгож байгаа хүмүүсийг жишвэл шатрын 64 нүдний булангийн 4 нүдэнд л ажиллаж байгаа шоргоолжтой зүйрлэж болох.
Харин имиж гэдэг нь тухайн компанийн нийгэмд харагдахыг хүсч буй дүр нь нийгмийн бүх бүлгүүдэд ямар утгаар харагдаж, ойлгогдож байгаагийн тусгал буюу хариу рэакц гэж хэлж болохоор. Үүнийг Монгол хэлнээ донж гэж буулгавал зохих мэт. Компани, институци нь асар олон нийгмийн бүлгүүдтэй харилцдаг. Жишээ нь, засгийн газар, ард иргэд, иргэний нийгэм, бизнесийн байгууллагууд, олон улсын байгууллага, ТББ-ууд гэх мэт. Зорилгоо зөв тодорхойлж, корпорацийн ондоошилоо томъёолж чадсан компанийн хувьд хүссэн хүсээгүй нийгмийн бүхий л давхаргын шууд болон шууд бус дэмжлэгийг авч чаддаг. АНУ-ын Форд компани тухайн үедээ Америк иргэн болгоныг машинтай болгоно гэдэг зорилго тавьсан нь Форд төдийгүй АНУ-ын засгийн газрын зорилго, имиж, тус улсын соёл болсон түүхтэй байдаг. Тэгэхээр бид зөвхөн нэг нэгэн эсвэл хэсэг бүлэг даргад зориулж зорилгоо тодорхойлж болохгүй нь ажээ. Эсвэл бид ашгийн төлөө бүх нөөцөө золиосолж, нийгмийн том давхаргаа алсын хараандаа оруулахгүй байж бүр болохгүй ажээ. Тэгэх л юм бол өөрсөддөө тааруулсан хичнээн сайхан зорилго тодорхойлоод ч нийгэмд яагаад ч зөв имиж үүсэхгүй нь байна. Улстөрийн намын хувьд ирэх сонгуульд л санал авахын тулд зорилгоо тодорхойлж буй бол институци бус санал худалдаж авах арилжааны хэрэгсэл юм.
Харин reputation буюу компанийн алдар нэр, үнэ цэнэ гэдэг нь дээр дурдсан corporate identity буюу компанийн ондоошил ба image буюу донж хоёрын хооронд үүсч буй зааг гэж ойлгож болох юм аа. Энэхүү зааг ялгаа бага байх тусам л тухайн байгууллага, институцийн нэр алдар сайн бөгөөд үнэн байдаг байх нь. Өөрөөр хэлбэл зорилгоо зөв тодорхойлсон ба тэрхүү зорилгыг нь нийгэм ойлгож дэмжиж байна гэсэн үг. Харин энэхүү зааг ялгаа их байх тусам л ам, ажлын зөрүү ихтэй хүмүүс шиг ойлгогдож тэр хирээр нэр алдаргүй болдог ажээ. Жишээлбэл, нүүр амаа дарвайтал нь будаж, брэндийн цуглуулга болсон хирнээ зөв бичиж чаддаггүй, худлаа нөхдүүдийг бид "ээ худлаа л гар байна шүү дээ" гэж ярьдагтай агаар нэг.
Эцэст нь хэлэхэд компанийн брэндинг хийх, рэ-брэндинг хийх, корпорацийн айдентитиг гаргах, хөгжүүлэх гэдэг нь лого зурах, брэнд бүүк хийхээс шал өмнөө бизнес юм. Цогцоор нь хийж гэмээнэ буюу 3D хэмжээсээр ажиллаж байж амжилтанд хүрдэг схемийг бидний дийлэнх маань харамсалтай нь агуулгаа огт ойлгохгүйгээр хэлбэр хөөж 2D, зарим нь бүр 1D схемээр хийж, хийх гэж оролдож түмний шившиг болоод байх юм. Бүгдээрээ экосистем, эргэн тойрноо 3D-р харж, ойлгож, хүндэлж, хайрлаж, харилцан ашигтай хамтран ажиллах цаг нь болжээ.
No comments:
Post a Comment