Tuesday, 25 December 2007

Merry Christmas?

Зул сарын баярын мэнд?

Зул сарын баяр буюу хүн төрөлхтөний лай ланчигийг өмнөөс үүрч зовох тавилантайгаар Ертөнцийн эзнээс манай дэлхий рүү илгээсэн хүү болох Исүүсийн төрсөн өдөр өнөөдөр тохиож буй. Өнөөдөржингөө бусдаас Merry Christmas гэсэн мэндчилгээ хүлээн авсантай зэрэгцээд Цахим Өртөө сүлжээний андууд яг энэ сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байхыг уншаад тэрхүү хэлэлцүүлгийн талаар блог дээрээ бичиж байгаа юм. Энэхүү баяр нь яг үнэндээ Христийн шашинтан хүмүүсийн баяр бөгөөд бид нар моод дагаад ч юм уу, эсвэл англиар гоё мэндчилгээ бичих гээд, эсвэл бичиж, явуулж байгаа юмаа огт мэдэхгүйгээр л бие бие рүүгээ цахим захидал чулуудаад байх шиг. Баян-Өлгий дэх Казах залууд ч юм уу, эсвэл Хөвсгөлийн бөөд очоод Исүүсийн төрсөн өдрийн мэнд хүргэе гэвэл ямар сонсогдох бол? Нөгөө хүнээ үл хүндэтгэсэн хэрэг болох уу, эсвэл... Тэрнээс биш Христийн шашинтан найзуудад маань үүнээс илүү баяр гэж байхгүй бөгөөд бид хэд баярын мэндчилгээ хүргэх нь зүй ёсны хэрэг мөнөөс мөн.

Монголд маань барууны соёл хүчтэй түрэн орж ирж байгаатай холбогдуулан энэхүү шашны баяр нь илүү commercial буюу арилжааны шинжтэй болоод байгаа юм уу даа. Угаасаа дэлхий даяар том дэлгүүрүүд, үйлчилгээний байгууллагуудын жилийн гол орлогоо хийдэг үе нь яах аргагүй мөн. Гэхдээ энэ баярын мэндчилгээг хүлээж авч байгаа хүн Христийн шашинтан мөн, бишээс үл хамааран эмзэглэхгүй л бол хэлж байгаа хүн нь бодвол сайхан сэтгэлээр л хэлж байгаа гэж ойлгоод байгаа. Эсрэгээрээ загалмайтны аян дайн шиг аюул болох юм биш биз дээ. Шашин болгоны ард мафи маягийн хүчний нэгж байдаг юм биш үү. Тэрний зохион байгуулалт нь бараг S.W.A.T маягийн бүтэц Холливүүдийн кинон дээр гараад байдаг. Буддийн шашин ч бас дутахгүй Шаолин энэ тэр гээд байдаг биз дээ. Далай багшийн бие хамгаалагч лам нар нь том залуучуудыг хөнгөхөн цохиод л унагадаг гэж сонин дээрээс уншиж байсан. Харин лалын шашныханы амиа золиослогч нар ямар учиртайг нь сайн ойлгож амжихгүй л яваад байна.

Харин лалын шашны талаар сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан Рамадан сар, Наурызийн баяр гээд тэмдэглэлт өдрүүд байдаг. Чухам аль нь иймэрхүү баяртай дүйдэг юм бол? Аллах, Мухамед, Коран судар гээд гүүгэлдээд үзвэл зөндөө л мэдээлэл гарах байх.

Жил болгоны 5 сарын 12-нд Буддагийн төрсөн өдөр болдог санаж байна. Энэ өдрийг цагаан хоол идэх ёстой өдөр гэдгээс бус яг жинхэнэ утгаар нь Монголчууд тэмдэглэдэггүй шүү дээ. Өөрөөр хэлбэл яг ямар учиртай баяр ёслол тэмдэглээд байгаа, энэ нь мань хүнд хамаатай эсэх, нарийн учир начрыг нь мэдэж байхгүй бол удахгүй “Ханш нээсэн өдрийн баярын мэнд” гээд мэндчилгээ ирэхэд ойрхон байна шүү.

Sunday, 16 December 2007

Cheaters, dishonesty, and prostitution or gigolo

Хууран мэхлэлт ба биеэ үнэлэлт

Хүний хэрэгцээ хязгааргүйн чинээгээр тэрийгээ хангахын тулд хүн гэдэг бодгаль янз бүрийн юм сэдэж, хийдэг юм шиг ээ. Ядаж байхад тэр хэрэгцээ нь дөнгөж амь зуулгаа хангах төдийгөөс эхлээд зүгээр л цаг нөгцөөх, зугаацах хэлбэрийнх хүртэл байх. Экстрем жишээ нь Ван Даммын тоглосон нэг кино байдаг даа. Баян нөхдүүд араас нь нэхэл байхгүй гудамжны хүмүүсийг авчран бүсэнд нь мөнгө зүүгээд зугтаалган араас нь намнадаг? Өнгөрсөн зун Монгол ийм явдал болсон гэж оллоо сайт дээрээс уншиж байсан.

Уул нь энэ сэдвийг 12-р сарын 1 буюу ДОХ-той тэмцэх өдрийн үеэр бичнэ гэж бодож байсан боловч яагаад ч юм тухайн үед ерөөөсөө сонирхол төрөөгүй юм. Сүүлд нь аль телевизээр билээ дээ “Хөшиг” гээд нэвтрүүлэг үзээд ер нь бодож явдаг юмаа бусадтай хуваалцсан нь дээр юм байна гэж бодогдоод энэхүү бичлэгийг мутарлаж байна.

Нууц амраг, биеэ үнэлэгч гээд улс орон, үндэстэн бүрт байдаг мөнхийн сэдэв байна аа. Бодвол хэрэгцээ, эрэлт, нийлүүлэлт, break even point буюу хугаралын цэг энэ тэр нь байж байгаа болоод л өдийг хүртэл, дарж нуугаад байхад хүртэл байсаар л байгаа байх. Иймэрхүү төрлийн харьцаанд орж байгаа нөхдүүд хийчихээд гэмшдэг, ухаардаг, нөгөө хэсэг нь бүр улаан цагаандаа гарчихсан гээд нэг хоёр төрөл байгаад байх шиг. Би эрэгтэй, эмэгтэй хүнийг ялгаж ерөөсөө яриагүй. Ярих, хийх дээрээ тулбал эр, эм гэлтгүй л хийж байгааг өдөр болгон шахуу хүмүүсийн яриа болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсож байна. Нэг л эхнэртэй мөртлөө Султан хаан шиг олон хүүхнүүдтэй орооцолддог залуус байхад томоо гэгчийн гэдэстэй жирэмсэн мөртлөө биеэ үнэлээд зурагтаар гарч байгаа бүсгүйчүүд ч байна. Гэхдээ л “Охид ариун бол, Төр ариун” гэдэг яриа дэмий нэг гараагүй биз дээ бодвол. Жаахан хорноор хэлэхэд, бүсгүйчүүд ээ “аль болох үндэсний үйлдвэрлэл”-ээ дэмжиж харийнхантай битгий мөнгөний төлөө зугаацаж, хэвлийдээ хоёрын хооронд ураг бүү тээгээсэй гэх гэсэн юм. Тэгсэн чинь өнөө манай залуучууд нь давраад болсон болоогүй “үйлдвэрлэл эрхлээд”, давхар “хөрөнгө оруулалт” хийгээд унав аа! Нөгөө гадаадынханыг нь орлохуйц материаллаг болон физиологийн хэрэгцээг нь хангадаг Монгол залуус ч хир олон байгаа юм, бас л асуудал л юм байна л даа хэрвээ би эмэгтэйлэг нүдээр энэ асуудлыг харвал. Дахиад хэлье, би энд жинхэнэ хайр сэтгэлтэй холбоотой харьцааг ерөөсөө хэлээгүй юм шүү. Сэтгэл гэдэг угаасаа хаашаа л бол хаашаа визагүй зорчдог тул би тийм дэмий, өөртөө ахадсан юм бичээд юу хийх вэ дээ. Ер нь том болох ямар хэцүү юм бэ? Элдэв долоон юм бодсоор байгаад таарах юм. Ккк.

Гол нь юу хэлэх гээд байна вэ гэхээр нөхдүүд хоорондоо зохицоод луувангаа иднэ үү, лаагаа мэрнэ үү, лууван, лаагаа идээд өвчингөө авна уу, өрөндөө орно уу, нөхөрт нь эсвэл эхнэрт нь баригдах эсэх нь нэг их сонин биш боловч эдгээр зүйлс нь даамжраад нийгмийн нэг томоохон хүрээг хамраад байгаагаас гадна хүн амины хэргүүд гараад, үр хүүхдүүд нь өнчрөөд, гэр бүл салаад байгаа явдал л онцгүй байгаа юм. Эхнэрээ хардаад нууц амрагтай нь цуг алаад машинтай нь цуг шатаасан хэрэг нэг хэсэг скандал болоо биз дээ. Түүнчлэн манай найз бас ярьж байсан юм. Оюутаны ангийн ч билүү хэсэг залуус нэг бүсгүйн гэрт нь цуглараад хөзөрдөж байхад нь нөхөр нь орж ирээд хардсандаа болоод нэг залууг нь хутгалж хөнөөж байсан гэж. Чухам эхнэр нь өмнө нь юу хийж итгэлийг нь алдсан юм, эсвэл нөхөр нь тийм ухаангүй хартай хүн байсан юмуу гэдгийг мэдэхгүй юм. Харин нөхрөө хардаж эхнэр нь хөнөөсөн тухай нэг их сонсоогүй юм байна. Аягүй бол зарим нэг гарууд алуулж байгаа байх оо энд тэнд.

Үүнээс гадна нийгэмд үзүүлж буй өөр нэгэн сөрөг тал нь бэлэнчлэх, зүгээр байж байгаад мөнгө олох муу занд сургаад байх шиг. Зарим залуучууд ажил хийж зовохгүй, хөлсөө урсгахгүйгээр мань мэтийн сард олдог мөнгийг өдөрт, зарим нь хэдхэн цагт олоод байгаа нь илт байна. Хөөрхөн төрөх албатай, шударга байх албагүй болчихсон шинжтэй. Автобусны мөнгөгүй, мах авах мөнгөгүй, амьдрал хүнд хэцүү байна гээд байдаг гарууд чинь харин яг шоудах ч юм уу, төрсөн өдөр, баяр ёслол гэхээр хэдэн арван мянган төгрөгийг дор нь босгодог гэлцэх. Түүнчлэн эмэгтэйчүүдээс гадна “Gigolo”-нууд зах зээл дээр хүч түрэн орж ирж байгаа бололтой. ТВ чатуудаар санхүүгийн дэмжлэг үзүүлэх эгчмэд бүсгүйтэй танилцана ч гэх шиг зарууд охидуудтай танилцана гэсэн зараас бараг их яваад байгаа юм биш үү. Гол нь ингэж хялбар олсон мөнгө мөнгө болохгүйгээс гадна тиймэрхүү хүмүүс мөнгөний үнэ цэнийг мэдрэхгүй хүмүүжиж байгаа нь харамсмаар. Нөгөө нэг аюул нь бие биенээ уруу татах асуудал. Сонин, хэвлэлээс хараад байхад манай нэг найз анх надад ингэж санал тавьсан гэх нь олонтоо юм билээ. Ер нь улс орон болгон ийм проблемтай, энэ проблемаа шийдсэн арга нь өнөө айхтар эмсийн хүрээлэнг байгуулсан явдал юм шиг байгаа юм. Монголд бол бараг эмсийн ба эрсийн хүрээлэн гэж нэгмөсөн байгуулах болчихоод байгаа юм уу хаашаа юм. Ккк. Татвараа төлчихдөг, байнгын эмчийн хяналтанд байдаг, энд тэнд адлуулж хүн харх шиг явахгүй болохоор одоо байгаа хамгийн боломжит арга нь бололтой.

Би энийг бичихдээ гол нь биш юм л даа. Угаасаа энэ сэдвийг эр, эм гэлтгүй хоорондоо шивнэж ярилцдаг боловч нийтэд чөлөөтэй илэрхийлж чаддагүй юм шиг санагддаг. Ярих гэхээр аан чи тэгж байсан юм уу, аахан гээд л олны өмнө эвгүй байдалд нөхдүүдийг оруулаад байдаг нь миний хүрээний найзуудын дунд илт анзаарагддаг. Огт ярихгүй гэгээн Павел царайлж явснаас чөлөөтэй ярьж бие биендээ худлаа үнэн ч болтугай буруу зөвийг нь зааж өгмөр аядаад явж байсан нь дээр байх оо залуусаа. Дуугүй хүний доодох нойтон гэгчээр хамгийн аймаар хүн, хамгийн манъяк алуурчид нь хүний өөдөөс эгцэлж ч харж чаддаггүй, дорой, бүрэг нэгэн байдаг гээ биз дээ (Миний даруухан, дуугай, жинхэнэ монгол бүрэг ичимхий найзууд битгий гомдоорой. Би аймаар ерөнхий статистик бичиж байна шүү). Ер нь хувь хүн хаана, хэзээ, хэнтэй юугаа хийх нь надад огт падгүй л дээ. Миний хэрэг ч бусдад хамаагүй. Хүссэн юмаа хэн ч хийдэг, хийнэ, гол нь үүнээс үүдэн гарах хариуцлагаа л бусдад дарамт, зовлон болгохгүйгээр үүрдэг байх ёстой биз дээ. Бас энэ бичлэгээрээ та нарын үзэл бодлыг сонсох гэсэн юм.

Friday, 14 December 2007

1 million

1 сая

2007 оны эцсийн байдлаар Монгол улсад хөдөлмөр эрхэлж байгаа хөдөлмөрийн насны 1 сая гаруй хүн байдаг бөгөөд харин төлбөрийн карт хэрэглэдэг хагас сая дөнгөж гарантай хүмүүс байдаг гэсэн судалгаа байна. Өөрөөр хэлбэл одоо байгаагаас дахиад хагас сая хүний зах зээл бэлэн байгаагаас дүгнэн 2010 он гэхэд Монгол улсын карт эзэмшигч иргэдийн тоог 1 саяд хүргэх бүрэн боломжтой байгаа юм. 1963 онд Монгол улсын хүн ам 1 саяд хүрч, 2 сая дахь иргэнээ 1988 онд Дархан хотод хүлээж авч байсан бол 2007 онд Улаанбаатар хот маань 1 сая иргэнтэй болж Метрополис хот гэж дэлхий даяар зарлагдсан билээ. 2007 онд Монгол улсын үүрэн утас хэрэглэдэг иргэдийн тоо 1 саяд хүрсэн нь хүн амын өсөлтийг дагаад төрөл бүрийн бизнес амжилттай хөгжихийн үндэс гэдгийг баталж байгаа хэрэг юм. 2010 онд Монгол улсын төлбөрийн карт хэрэглэдэг иргэдийн тоог 1 саяд хүргэж, улмаар Монгол улсыг debt based биш credit based society болгох нь энэхүү салбарт ажилладаг бидний эрхэм зорилго юм. Товчхон хэлэхэд, хэдий картын бизнес эрхэлж буй арилжаа банкууд хоорондоо өрсөлдөж буй мэт боловч бидний хамгийн том өрсөлдөгч нь “бэлэн мөнгө” юм.

Гэхдээ иймэрхүү төрлийн буюу сүүлийн үеийн high-tech дээр суурилсан бизнесийн хөгжил нь манай улсын хууль эрхзүйн орчны хөгжлөөс түрүүлж явж байгаа нь банкуудын хөрөнгө оруулалтын давхардалт, нэгдсэн бодлого үгүй байх, зөвхөн өөрийн инерци, урсгалаар явж буй замбараагүй хөгжлийн дүр зургийг бодит амьдрал дээр үүсгээд байна. Өөрөөр хэлбэл банкууд бие биенийхээ төлбөрийн картыг төлбөрт хүлээж авдаггүйгээс болоод нэг томоохон үйлчилгээний газар гэхэд л 3 АТМ зэрэгцээд архайгаад, нэг томоохон дэлгүүрт гэхэд л бараг 10 шахуу ПОС төхөөрөмж арзайгаад тоосонд дарагдчихсан хэвтээд байгаа юм. Одоо нэгэнт банкуудын хийсэн хэдэн сая долларын хөрөнгө оруулалтыг боль гэлтэй нь биш, эсвэл энэ чигээрээ яваад бай гэлтэй биш, ер нь хүндхэн байдалд Монгол банк ороод буй нь илт.

Эцсийн эцэст бидний хүсээд мөрөөдөөд байгаа зүйл нь Монгол улс дор хаяж 1 сая карт эзэмшигч, орон даяар 10,000 ПОС терминал, 1,000 АТМ-тэй болох юм. Үүний тулд банкууд өөр хоорондоо нягт уялдаа холбоотой ажиллаж олон нийтэд мэдээлэл өгөх, картын хэрэглээнд сургахаас гадна төрийн зүгээс нэгдсэн нэг бодлого чиглэл руу хөтөлж өгөх нь зайлшгүй болов уу.

It is a kind of english version that was edited by Julie and Sumya from UB Post. Thanks for asking me to publish this article on your newspaper.

By V.Ganzorig

Mongolia’s financial sector has seen impressive development in line with the economic favorable condition that grew constantly in the last years. Especially non-cash payment system was a brand new thing to Mongolians some years ago. Now half of the country’s labor force, estimated around half million by the end of 2007, has some form of non-cash payment instrument, according to a financial research institution.

“So, it means that there is more room in the market that we need to compete for as this is implied by the number of cards per inhabitant as well, which is still lower than that of the developed countries,” said a card unit manager of the XacBank.

The number of cardholders was around 600,000 in 2007. Even though the plastic card usage is being increased extensively, effective individual use of the card is another issue. According to Bank of Mongolia’s research, most of the cardholders use their card to withdraw cash rather than for shopping and service.

There are 16 commercial banks in Mongolia, most of which are centered in the capital city Ulaanbaatar, that registered its one millionth citizen last summer becoming a metropolis as well as the number of mobile telephone service subscribers in Mongolia have reached one million this year.

Availability of ATMs (Automated Teller Machine) also greatly increased in the last two years that appealed the use of plastic cards. Presently, cardholders can use ATMs 24 hours daily for cash withdrawals, checking their balances and acquiring some services such as prepaid calling cards. However cash dispensers are meant to save time of the cardholders as they can perform part of the banking services as they can save resources such as personnel, physical branching and paperwork.

But lately a couple of commercial banks started doing double investment into same business area. Two years ago, the Trade and Development Bank had the only network of ATMs nationwide. Now, Khan Bank and Golomt Bank had already installed ATMs in major crowded places like hotel, shops, and post offices. By the end of last month, those banks started not to accept each others’ payment cards at all. This caused installing 2-3 ATMs in one place, and almost 10 point of sales (POS) terminals at one merchant counter by different card issuer banks.

“Now it is difficult to say which bank ATM I should go. Previously everything was so easy that I can use my card in any ATMs to withdraw cash. Now I need to look for that bank which accepts my card,” said a cardholder.

Sunday, 9 December 2007

Smoky city

Хотын утаа

“Үүр битгий цайгаасай” гэдэг дуу шиг энэ өвөл хурдан дуусаасай, гэр хорооллын айлууд нүүрс, машины дугуй түлэхээ болиосой, байдгаараа утаа хаяж явдаг машины оронцогууд явахаа зогсоогоосой гээд аятайхан хоолойтой бол дуулаад од болчих юмсан. Өвлийн ид хүйтэн эхлээгүй байхад зургаан цаг дөхүүлээд л бараг урд машины дугаар нь харагдахгүй шахам угаар, утаан дунд явж, амьсгалж, амьдарч байна шүү дээ Улаанбаатар хотынхоон.

Хичнээн сайхан байшинд амьдраад, хичнээн сайхан машин унаад, хичнээн сайхан хувцсаар гангалж яваад яваад ийм орчинд амьдраад бидэнд хэрэг байгаа гэж үү? Иргэн хүний орлого сарын 3 билүү 6 мянган америк доллараас илүү гараад ирэнгүүт тухайн хүн гэрийнхээ гадаа мод тарьж эхэлдэг гэж би хаа нэгтээ саяхан уншиж байсан юм байна. Монгол улсад маань дэлхий ч даахааргүй болсон баян нөхдүүд зөндөө бий болоод байна гээд хэвлэлээр шуугиад байдаг. Эдгээр хүмүүс маань гэр доторхоо тохижуулж дууссан бол орц, хаус, гудамждаа хөрөнгө оруулалт хийж буян болоосой билээ.

Саяхан манай найз 25-р эмийн сангаас 5-р сургууль хүртэл орой алхаад ханиагаад цэрээ хаясан чинь тас хар “юм” гарч байсан гээд толгой сэгсрээд байсан. Энэ мэт зүйл нь хүн болгонд анзаарагдахгүй байгаа ч орой гэртээ ороход гадуур хувцас, үснээс нил утаа, угаар үнэртэж байгаа нь ялангуяа хөдөө яваад ирсний дараа илт анзаарагддаг.

Гэр хорооллын айлуудад хийн түлшийг салшгүй хэрэглээ болгох юмсан. Хэрэглэхэд хамаагүй цэвэрхэн, бас ч гэж хямдхан, амар шүү дээ. Гол нь хаа хамаагүй газар тамхиа татаад унтраалгүй шиддэг хэнэггүй, газаа нээсэн бол хаахаа хааяа мартах гээд байдаг мартамхай Монголчуудад маань жаахан аюултай байж болох юм. ОХУ-с БНХАУ-руу Монгол улсаар дамжуулан тавих хийн хоолойн төсөл юу болсон бол оо? Тэрийг нь дайруулж тавиад дундаас нь хэрэглээний хийгээ аваад хэрэглээд сууж байх юмсан. Мөн Богд уулыг нүхэлж Улаанбаатар хотод дээр тогтоод байгаа утаан агаарын урсгалыг соруулж гаргана гээд нилээд олон жилийн өмнөөс яриад байсан юмсан. Тэр төсөл нь юу болсон бол оо? Засаг төр солигдоод, дараагийн ээлж нь хоолондоо ороод юун утаа мутаа байгаа биз дээ дээгүүрээ. Дээр үед хүмүүс дал ная наслахдаа үсрээд л гурван засгийн нүүр үздэг байсан гэдэг. Гэсэн гуч хүрээгүй би бараг арваад засгийн нүүр үзчихээд сууж байдаг.

Саяхан 2007 оны улсын төсвийн зардлын бүтцийг харсан чинь зардлын индексээрээ хамгийн өндөр нь буюу гурав нилээд гаран тэрбум төгрөгийг улс бензин шатахуунд үрсэн, үрдэг юм байна жил болгон. Гурван жилийн мөнгийг нь хуримтлуулж байгаад Улаанбаатарын замыг “тасархай” гоё болгож, өргөсгөж, гүүр барьж, хонгилон зам тавьж, нийтийн тээврийн салбарт эргэлт хийхээр мөнгийг босгож чадна шүү. Далан зургаан тойрог руу болсон болоогүй төсөлд мөнгө цацаж байснаас пропорционалиар бодвол Монгол улсын хүн амын тал хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотод Монгол улсын нийт хөрөнгө оруулалтын тал хувь нь зарцуулагдмаар ч юм шиг.

Дархан байдаг найзууд маань Улаанбаатарынханд зориулаад онигоо гаргасан байна лээ. Улаанбаатар хотын унаган хэдэн залуус хөдөө салхинд гарч гэнэ ээ. Тэгсэн чинь нэг нь реакци өгөөд салгалаад татаад унаж байна гэнэ. Найзууд нь хүүе хаая болж байх хооронд нэг нь машинаа асаагаад нөгөө реакци өгсөн найзаа асаж байгаа машины яндангийн доор хэвтүүлсэн чинь Ёооё гээд босч ирж байна гэсэн. Өөрөөр хэлбэл цэвэр агаарт гараад реакцинд орсон юм гэнэ ээ. Ийм явдал бодитоор болсон гэвэл би лав нэг их гайхахгүй. Дэлхий дээр химийн дайн болоод хорт утаа энэ тэрээр улс орнууд хоорондоо байлдвал Улаанбаатар хотын утаанд хүн харх болсон бид нар торолгүй амьд үлдэх байх аа. За тэр ч яах вэ, шөнө сайхан цонхоо онгойлгож унтах юмсан. Өвөл хурдан дуусаасай. Эсвэл нөгөө дэлхийн дулаарал нь нэгмөсөн болсон шиг болоод өвөл болохоо больчмоор юм доо энэ дэлхий хангай (модон ширээгээ гурван удаа тогшив, тоглосон шүү Бурхаан).

Thursday, 6 December 2007

Why blog?

Яагаад блог гэж?

Найзууд маань яагаад цагаа үрэн блог хөтлөөд байдаг юм бэ, зорилго чинь юу юм гэж нэг бус удаа асууж байсан юм. Гол зорилго маань хүмүүстэй мэдээлэл, мэдлэгээ хуваалцах л гэж хэлэх байна даа. Миний бараг л хобби болох гээд байгаа юм уу даа. Нэг анзаарсан зүйл бол мэдлэг, мэдээллээ хуваалцана гэдэг нь бичгийн чадвар шаарддаг. Зөв бичих, аятайхан найруулгатай бичих, бичиж байгаа юмаа мэдэх, мэдрэх, эх сурвалжийг нь баталгаажуулахын тулд өөрөө эргээд ном, интернэт ухах болдог. Өөрөө ч анзаарахгүй байдаг боловч сүүлд бодоход энэ нь надад эргээд мэдлэг, мэдээллийг өгч тархийг маань бага ч гэсэн задалж өгдөг юм шиг байгаа юм.

Хэдийгээр заримтай нь “амьдаараа” уулзаагүй ч блогоор дамжуулаад нэгээр тогтохгүй найзуудтай болсоноос гадна нижгээд хүмүүст сурсан, харсан юмнуудаараа зөвлөгөө шиг юм өгсөн байна. Монголоос ШУТИС, КТМС, Удирдлагын академийн оюутан залуучууд, Япон, АНУ, Австрали руу сургуульд явах гэж залуус, Солонгост сурч байгаа залуучууд гээд бараг арав дөхсөн хүмүүстэй интернэтээр болон биеэрээ уулзаж асуусан юманд нь чадан ядан хариулсан юм байна. Ер нь жаахан хөгширөхөөрөө багшийн ажил хийнэ гэж бодоод байгаа.

Би мундагтаа биш гол нь харсан, сурсан, судалсан юмаа бусадтай хувааж, ил гаргаж байгаад л хүмүүс надад хандсан байх. Өөрөөр хэлбэл мэдээллийн урсгал л байгаа юм. Өөрөө лаг толгойтой мөртлөө хүнд зааж сургахдаа тааруу, бүр хүсдэггүй хүмүүс байдаг шүү дээ. Зарим нэг нь бүр нийтэд гаргах ёстой мэдээллийг гаргахгүй хав дарж байгаад зөвхөн өөрийн ашиг сонирхолын төлөө ашигладаг явдал Монголд бол зөндөө шүү. Бүр зарим нь бусдын хийсэн юмыг өөрөө хийсэн, судалсан юм шиг авч өгөх юм. Зурагтаар ярихдаа хүртэл “Тэр чинь ингэдэг байхгүй юу” гэж эхлэхийг нь яана. Би ч өөрөө бусдад итгээд юм ярьж байгаад санаагаа алдаж хулгайлуулж байсан юм нэг удаа. Практик дээр ажил болгочихоод ядаж “Баярлалаа” гээд хэлчихгүй миний мессенжер дээр байнга invisible байдаг, гар утсаа авдаггүй нөхдүүд бас байна аа. Тийм ч учраас 6 билүү 7 жилийн өмнөх эдийн засгийн салбар дахь Нобелийн шагналыг яг энэ яриад байгаа мэдээллийн урсгал буюу asymmetric мэдээллийн талаар судалсан эрдэмтэд авч байсан санаж байна. Үгүй ээ ер нь, Монгол шиг жижиг оронд одоо хэнээсээ юугаа нуугаад, хүний амьдралын 100 жил ч хүрэхгүй богино амьдралд юугаа бусдаас харамлаж амьдрах вэ дээ. Гэхдээ яг өөрийн бодож сэтгэсэн юмаа хүн цаг тухайд нь үнэлүүлж, юмыг нь сонирхож байгаа этгээд нь үнэлж сурах хэрэгтэй юм шиг байгаа юм. “Ганцаараа идсэн гахай таргалдаггүй”, ”Олуулаа идвэл амттай” гэх мэт Монгол ардын маань сайхан зүйр үгнүүд байдаг шүү.