Wednesday, 12 March 2008

Plenty to do’s in this big blue planet

Views

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их

Бүх ажлыг залуу, халуун насны эрч хүчээр “зодож” хийнэ гэж бодож “мангартаж” явсан байна. Хүн гэдэг амьтан ядардаг, дотор нь байдаг эд эсүүд нь “чадардаг” юм байна. Энэ бүхнийг ядаргаанд орсон гэж эмчээр оношлуулан судас руугаа хэд хоног гюлкоз, витамин В энэ тэрээр дусал залгуулах мөч бүрдээ бодож суулаа. Тухайн үед шууд залуу хүний бие организмд мэдэгдэхгүй ч ханиад ч юм уу, ямар нэг өвчин туссан үед биений эсэргүүцэл (эмэгтэй хүмүүс биений юм гэж ойлгох бий вий) 0 болсон нь мэдэгддэг юм билээ. Тэгэхээр нөхөд өө, хичнээн залуу, хичнээн сайн чийрэг, “бак” биетэй ч ажил, амралтаа зохицуулан, өөрөө өөрийгөө бодохгүй бол “Хэрвээ бурхан гэж байдаг юм бол” гээд дуу шиг яваад өгөх нь онолын хувьд боломжтой гэдэг томъёоны гаргалгааг би амьдаараа хийгээд дууслаа.

Шуугин исгэрч буй цаг хугацаатай уралдан ажил хийж үр дүн гаргахгүй бол бусдаасаа хоцрох гээд байдаг. Тэгэхгүй гэхээр авч байгаа цалин нь аманд ч үгүй, хамарт ч үгүй дуусах гээд байдаг. Уул нь хааяа нэг үнэтэй ресторанд хоол идчих, хааяа нэг ориг брэндийн хослол аваад өмсчих, хааяа нэг дуурь, хөлбөмбөг, олимпын тэмцээнийг болж байгаа газар нь (аминдаа жилд нэг удаа болов чиг тогтмол гадагад явж галагу энэ тэрийн мах идэн, нүд тайлахыг хэлээд байгаа юм цаадах даварсан гар чинь) очоод үзчих хэмжээнд амьдрах гээд зүтгээд байгаа царайтай ухаантай. Тэгсэн пянгаа даахгүй, дөнгөж 30 ч хүрсний мэлмий гийж, сүүдэр тухайлсаны баяраа тэмдэглэж чадахгүй тэтгэвэрт гарах нь байна ш д.

Товчхондоо би юу хэлэх гээд байна вэ гэхээр Монголд, бидний үеийн залуучуудад хийх ажил асар их байна аа. Ажил олдохгүй байна гээд яриад яваад байгаа залуусыг би сайн ойлгохгүй байна. Хаана байна тэр чадалтай, мэдлэгтэй залуучууд? Хэд хэдэн хүн ажилд авах гээд одоог хүртэл авч чадахгүй, олдохгүй байна. Ирж байгаа зарим нь хувийн соёл, үнэнч чанар, мэдлэг боловсрол, туршлага, үнэхээр шаардлага хангахгүй байгаа нь нууц биш. Нөгөө талаасаа тухайн хүний хүсч байгаа зүйлсийг бодитоор өгч байгаа компани тун цөөн байх шиг байгаа юм. Би дээр бичиж байсанчлан чадалтай залуучуудаа хурдан морь, Lexus-аа болъёо оо гэхэд Land 100-ийн хэмжээнд үнэлж байгаа ажил олгогч хир олон байна даа? Одоо энэ зарлаад байгаа Global CEO–Reality show-нд жилийн 50.000 ам.долларын багцыг амалж байгаа нь үнэхээр бахархууштай. Гол нь ярьдаг биш хийдэг залуучууд л энэ мөнгөнөөс хишиг хүртээсэй билээ.

Заримдаа хөдөө явахаар аймгийн төв, сумын төвийн захууд дээр байгаа халамцуу, хийх юмаа олж ядан шүлэнхэтсэн залуучуудыг хараад тэд нарын өмнөөс илүү ачаалал авч энэ улс орныг нь хөгжүүлэх гээд ажил хийн ядаргаанд орж байна гэж хүртэл бодох юм уурандаа. Намайг жаахан байхад манай орцны хүнд гарын ах нар яриад зогсдог байсан юм байрныхаа гадаа. За байж, 40 хүрээд л үхье байз, тэрнээс урт амьдраад ч яах вэ дэмий гээд. Нэг хэсэг нь ингэж хийх юмгүй шахуу байхад нөгөө хэсэг нь гэр бүлийнхэн, найз охин, найз залуудаа “Ажлаа сонго эсвэл хувийн амьдрал аа сонго” гэж “рекетлүүлэн” байж өдөр шөнөгүй ажиллан, зарим нь захаасаа хувийн амьдралаа сонгон ажлаасаа гарч байгаа бодит жишээнүүд миний гарын арван хуруунд багтахаар байна яг одоо. Аз болоход би явж явж гайгүй ааштай бүсгүйтэй суусан уу, эсвэл би энэ нөхдүүд шиг ачаалалтай ажлаагүй байж худлаа ядаргаа энэ тэрд ороод байна уу гэж хааяа юу эсэхийг бодох санж. Гэхдээ зүгээр суугаагүй гэдэг нь зарим өдөр өдрийн хоолонд орж амжихгүй явах, шөнө хүртэл оффис дээрээ өнжих, хагас бүтэн сайнд ажиллах, өдөр сараа мартсан байх, хэнтэй хаана уулзах, юу гэж хэлснээ бичихгүй бол олон юман дунд мартах гэх зэргээр батлагдах гээд байгаа юм.

Дарга нар ер нь нарийн бичгээр яадаг байна аа, орон тооны нэмрээс гадна худлаа аятайхан хүүхнээр өөрийгөө хүрээлүүлж хүмүүст атаархуулдаг байх гэж хүүхэд байхдаа кино энэ тэр үзээд балчирхан ухаандаа анализ хийдэг байсан чинь үнэхээр ажил ихтэй, ажил хэрэгч хүмүүст ажлыг нь төлөвлөж, координаци хийж, уулзалтын цагийг нь сануулж байдаг сайн нарийн бичиг зайлшгүй хэрэгтэй юм гэж жаахан байхдаа үзсэн киноныхоо утгыг одоо л ойлгож байна урт хүзүүтэй анааш шиг. Тэрнээс биш би өөрөө нарийн бичгийн даргатай болмоор байна гэж “амбиц” гаргаж байгаа хэрэг огтхон ч биш шүү гэж.

Заримдаа өөрийгөө клон хийх буюу хувилаад 3-хаан ширхэг Ганзориг гаргачихвал энэ муусайн ажлуудыг дор нь машиндаад хэдхэн жилийн дараа моргэйжээ төлж дуусгаад, машин, зуслангийн амбаар энэ тэр авах юм даа гэж хүртэл хааяа мөрөөдөж, одоогийн ханшаар financial projection энэ тэр хүртэл саваагүйтэж хийж үзэхийг нь яана гээч. Даанч саяхан Ватиканаас шинэчлэн гаргасан Христосын шажны нүгэлүүдийн жагсаалтанд “Хүн Хувилах” гэж орсон байна билээ. Тэгэхээр дэмий юм хийж хүний өөрийн бурхан шажин хилэгнүүлээд юу хийхэв. Цөг цаашаа.

3 comments:

Anonymous said...

Hi,

"Yadrahaasaa omno amarch sur" gej neg ug baidag yum bilee. Heregjuulj chadval ch...

Anonymous said...

Hi Vinzo,

Ene taalagdaj baina shu, yalanguya bichlegiin helber n ...

Anonymous said...

Yneheer goloo olj bichijee. Bidnii nasnii iim sain ajilldag zaluust talarhaj yavdag shu, bi ugluu bolgon nas yavj baigaa daanch yuuu ch hiij amjihgui baigaa, neg l ih yaarsan hun bosdog bolchood baigaa shuu...