Views
Яг энэ чиглэлээр мэргэшсэн биш боловч ямар ч байсан гадуур явган яриа үүсгээд явж буй хүмүүсээс арай илүү мэдээлэлтэйн хувьд та бүхэнд мэдээлэл хүргэе гэж бодлоо. Сүүлийн үед арилжааны банкууд зээл олгохоо болилоо, төгрөгийн ханш унаж, алдарт 20-р тогтоол маягийн юм гарна гэсэн цуурхал гадуур их гарч байна. Үүнтэй холбогдуулан сэтгүүлч нар өөрсдийн дүгнэлтээ хийж, Монгол Банк ч мэдэгдэл хийж амжив.
Чухам ийм л үед Монгол Банк ажиллах ёстой бөгөөд энэ ч ёсоороо мөнгөний бодлогоо чангаруулан, бодлогын хүүгээ нэмэгдүүлэн 9.75% болгоод байна. Өөрөөр хэлбэл банкуудын заавал байлгах нөөцийн хэмжэг ихэсгэх, суурь хүүг өсгөх зэрэг аргаар инфляцийг хязгаарлах, зээлийн өсөлтийн хурдацыг сааруулах боломжтой байдаг. Энэ арга ч үр дүнд хүрч арилжааны банкууд маань зарим төрлийн зээл олголтоо чанаржуулж эхэлсэн бөгөөд энэ нь зах зээл дээр банкууд зээл олгохоо хязгаарлах, болисон гэж ярих болсонтой холбоотой. Зарим банкуудын хувьд актив, пассивийн удирдлага сул, ирээдүйн боломж, эрсдлийг олж хараагүй, олж харсан ч хамгаалахгүй арга хэмжээ аваагүйгээс эх үүсвэрийн түр зуурын хомсдолд орсон байж болох талтай. Гэвч нөгөө талаас хаврын улирал нь Монгол орны хувьд мөнгөний их эрэлтийг шаарддаг онцлог улирал бөгөөд чухам энэ үед л газар тариалан, мал аж ахуйн, уул уурхай, барилга зэрэг эдийн засгийн цөм бизнесүүд идэвхтэй ажиллаж эхэлдэг. Зарим банкууд зээлийн “төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн” өнөөгийн нөхцөл байдалд зээлийн энэхүү хэт эрэлтийг инфляцид тааруулан удирдах нь төрийн үүрэг яах аргагүй мөн юм.
Энэхүү “давраад” байгаа инфляцийн бууруулахгүй бол жилийн 20 орчим хувийн инфляцитай үед хүмүүс 10 дөнгөж гаран хувийн хүүтэй зээл авч болсон болоогүй юманд ашиглахыг сонирхож зээлийн “хөөсөн” эрэлт үүсгэх магадлал тун өндөр. Нөгөө талаас банкууд зээлээ хязгаарлан, гадуур төгрөгийн эрэлт ихэссэн үед их хэмжээний хадгаламжтай нөхдүүд банкнаас мөнгөө татан хувь хүн хооронд мөнгө зээлдүүлэх ломбарт маягийн сүлжээ үүсэх магадлал ч тун өндөр. Энэ нь одоогийн нөхцөл байдалд аль аль талдаа яалт ч үгүй ашигтай боловч эргээд нийт мөнгөний бодлого, зах зээлд сөргөөр нөлөөлдөг. Монголын эдийн засаг өсч хөгжиж буйн нэг жишээ нь арилжааны банкуудын ашгийн түвшин байж болох юм. Банкуудын ашиг өнгөрсөн жилээс 60 гаран хувиар өсч нийт 55 тэрбум төгрөгт хүрсэний дийлэнх нь зээлийн хүүгийн орлогоос олсон нь мэдээж. Энэхүү их зээлийн хэмжээ нь Монголын эдийн засгийн шингээх чадварыг илтгэхийн зэрэгцээ хөгжил дэвшлийг хэмжих нэгэн хэрэгсэл болох нь маргашгүй.
Бас нэг анзаарагдаж буй зүйл нь их хэмжээний гадаад валюттай, ялангуяа ам.доллартай нөхдүүдийн хувьд энэхүү байдал нь аюул болоод байгаа нь илт. Өөрөөр хэлбэл төгрөгийн ханш ам.долларын эсрэг хоног бүр бараг 10 мөнгөөр чангарч байгаа энэ үед их хэмжээний ам.доллартай нөхдүүд цэвэр шатаж байгаа хэрэг. Ийм ч учраас том гарын ченжүүд гадуур цуу яриа тараах замаар төгрөгийн ханшийг сулруулах гэж оролдон увайгүй загнаж байна. Энэхүү төгрөгийн ханшийн өсөлт нь том хэмжээний бизнес хийхээр гаднаас их хэмжээний ам.доллар оруулж ирсэн, ирэх гэж буй нөхдүүдийг санхүүгийн тооцоололоо эргэж харахыг сануулж буй хэрэг юм. Түүнчлэн ноолуур бэлтгэлийн үе ойртож, махны хомсдол эхэлж, бензин шатахууны үнэ өссөн энэ үед банк, санхүүгийн салбар нь яах аргагүй хамгийн чухал бөгөөд шилдэг удирдлага шаардсан салбар болдог.
Товч дүгнэн хэлэхэд төгрөгийн ханш унах ямар ч үндэслэл байхгүй бөгөөд харин ч өсөх хандлага байгааг дурдаж байна. Яг сонгуулийн үеэр хэлбэлзэх магадлал харин бий гэдгийг анхааруулъя. Нөхцөл байдал ийм буй үед зээлдэгч нар ам.доллараар банкуудаас зээл авсан нь хамаагүй ашигтай бөгөөд зээлийн эргэн төлөлтийн үед төгрөг ба ам.долларын ханшийн зөрүүгээс ашиг хүртэх бүрэн боломжтой юм шүү.
1 comment:
тиймээ, ер нь их тодорхой бичиж. бас миний бодлоор энэ их инфляцид засгийн газрын зардлууд, шилжүүлгүүд их нөлөөлж байна уу гэж бодож байна.
Post a Comment