Wednesday 20 August 2008

Shit happens. That is why insurance

Views

Гай газар доороос гарч ирдэг учраас л даатгал

Арван жилийн нэгэн найзаараа дамжуулан танилцаж одоог хүртэл гэмгүй сайхан нөхөрлөж буй нэгэн анд маань даатгалын тухай блог дээрээ бичээч гээд, би сайн мэдэхгүй салбарын талаар хамаагүй бичмээргүй байна гэсэн чинь зөрүүлээд баахан ном, материал өгөөд дахиад бичээч гэж хүссэн юм. Ажил ихтэйгээс болоод нөгөө зузаан номыг тухтай уншиж, энэ тухай бичих зав гарахгүй байсаар өнөөг хүрчээ. Андаасаа хүлцэл өчиж байна.

Ер нь даатгал гэдэг зүйл миний хувьд саяханыг хүртэл огт хэрэглэж үзээгүй үйлчилгээ байлаа. Зээлээр хэдхэн жилийн өмнө байр авч байхдаа манайх руу дээд айлаас ус алдах, манайх ус алдаад доод айлдаа санхүүгийн бэрхшээл учруулах вий, түүнд зориулаад бөөн мөнгө болон цаг хугацаа зарлагадах вий гээд жилийн хугацаатай даатгал Улаанбаатар даатгалаар хийлгэж байсан юм. Саяхан жолоочийн хариуцлагын даатгалыг нэмж Прайм даатгал компаниар хийлгэлээ. Гол нь над шиг ойрд машин бариагүй бөгөөд баахан зээлтэй, санхүүгийн “дарамтанд” амьдардаг амьтан хүний машин очоод мөргөчихвөл бага мөнгө төлөх гэсэн ухаантай. Би өөрөө тийм хогийн гутранги үзэлтэй, машин огт барьж чаддаггүй модон гартай хүн биш л дээ. Аа гэхдээ, дээр дурдсан санхүүгийн асуудал гарвал би шууд бүх зардлыг төлөн хуучин хэвэнд оруулах бэлтэй хүн биш, бэлтэй байлаа гээд орон байрны ус алдалт, машин тэрэг засуулсан хөлс, зардал нь миний гэр бүлийн хоолны мөнгөнөөс хороох ёсгүй гэж боддог юм.

Даатгал гэж ярихад би машин лаг барьдаг, өвчин тусахгүй, зовлон тохиолдохгүй гэж хэзээ ч ярьж болохгүй. Гай газар доороос хэзээ л бол хэзээ гарч ирдэг. Чухам энэ нөхцөлд л өөрөө өөртөө хүндрэл багатай асуудлыг шийдэхээс гадна эргэн тойрны хүмүүстэй багахан шиг төвөг удах нь иргэн хүн бидний үүрэг гэж ойлгож байгаа. Монголчууд болохоор амны билэггүй, муу ёртой гээд элдэв юм өөдөөс ярих. Монголд маань даатгал амжилттай хөгжөөд ирэхээд хөөрхий зарим “халтуурны” зурхайч, мэргэ төлөгч нарын бизнес нилээд хумигдах байх даа. Далдыг хардаг хүмүүс тэрийгээ эртнээс “хараад” мэргэжил, ахуйгаа сольж байгаа болов уу даа бараг.

Саяхан болдог 7-р сарын 1-ний олон нийтийн эмх замбараагүй байдал даатгалын сонгодог жишээ болж байна. МАХН-ын байр, Соёлын төв өргөөнд байрлаж байсан ямар олон бизнесийн байгууллагууд халдлагад өртөж, хэдэн саяас эхлээд хэдэн тэрбум төгрөгөөр хохирлоо шүү дээ. Байгууллагын зүгээс тэдний зарим нэгэнд чадах ядахаараа хандив өргөн, манайхаас зээлтэй хүмүүст зээлийн хөнгөлөлт үзүүлэнгээ хүлээн авч уулзахад даатгал хийлгэхгүй яав даа гээд толгойгоо барьж суусан даа ихэнх нь. Улс төрийн намын байранд ер нь бизнес эрхлэх дэмий юм шиг байгаа юм. Аягүй бол одоо даатгалын компаниуд намын байранд байгаа бизнесийг даатгахгүй гэх вий дээ.

Даатгал гээд ярихаар санхүүгийн дарамт, хүндрэл гээд яриад ирэх байх ихэнх хүмүүс. Үнэн хэрэг дээрээ тэрбайтугай мөнгөөр шоудаж, зодоон хийж, үр дүнгүй тансаглаж байгаа ихэнх хүмүүсийн хувьд. Уул нь бол Монголын даатгалын бизнес нь дал гаран жилийн түүхтэй бөгөөд өдгөө нийт хорь орчим даатгалын компаниуд байгаа юм уу даа. Судалж дуулсанаар бол урьд нь Улсын мэргэжлийн хяналтын газрын Даатгалын хяналтын алба энэ салбарыг хариуцан авч явж байгад одооноос Санхүүгийн зохицуулах хороо хариуцан авч явж эхэлсэн байна. Жил гараны өмнө даатгалын зах зээлийн багтаамжийг хувиараа судалж үзэж байхад зах зээлийн багтаамж нь дунджаар 6 сая ам.доллар байсан бөгөөд энэхүү салбарын жилийн зардал нь 2 орчим сая ам.доллар болсон гэсэн тооцоог олж үзэж байсан. Энэ нь маш хангалтгүй тоо бөгөөд нэг хүнд ногдох даатгалын хураамж нь 2-3 ам.доллар гэсэн үг юм. Гэтэл зах зээлд бараг ижил хугацаанд шилжсэн ОХУ-д 40, цаашлаад АНУ-д 3000, Японд 4000 ам.доллар байдаг юм гэнэ билээ. Монголд боломж асар их байна аа. Зөвхөн 2003 онд болсон нийслэлийн өмчийн тооллого болон дахин үнэлгээний дүнгээс үзэхэд нийслэл хот л гэхэд нийт 314 тэрбум төгрөгтэй гэж гарсан байхаас гадна тэр жилдээ иргэд, аж ахуйн нэгжүүдийн даатгалын дүн 100 орчим сая төгрөгт хүрээд байсан байна. Даатгалын секторын хураамжийн орлого болон нөхөн олговрын бүтцээс харж байхад дийлэнх хувь нь аж ахуйн нэгжийн эд хөрөнгийн даатгал болон нефтийн бүтээгдэхүүний даатгал байна. 2006 онд билүү дээ, Энрон корпорацийн захирал луйврын хэргээр арван жилийн ял авч шоронд суусан. Үүний өмгөөлөгчийн хөлсөнд нь Захирлын хариуцлагын даатгалаас нь л гэхэд 19 сая ам.доллар гаргасан гэж интернэтээр уншиж байсан юм байна.

Бид орон байр, машин гээд хэдэн саяар нь хөрөнгө оруулалт хийж аваад хэдэн мянгаар нь даатгал хийлгэдэг мөртлөө амь нас, эрүүл мэндээ огт хайхардаггүй юм билээ. Чухам энэ үед Амьдралын даатгал хэмээх шинэ ойлголтыг National Life Даатгал компанийн хамт олон бидэнд танилцуулж бүтээгдэхүүнээ зарж, маркетингаа хийж эхэлсэн байна. Амь насыг мөнгөөр үнэлэхэд хэцүү ч нэгэнт үнэлээд даатгачихсан байхад ар гэр, хамтран амьдрагч, тэжээн авч явдаг хүмүүстээ маш том буян, их алсыг харсан шийдэл болох байх. Нөхөн төлбөр нь хэдэн зуун сая байтугай тэрбумаар ч яригдах боломжтой бөгөөд хуурамж даатгалын хэрэг гаргаж их хэмжээний мөнгө авах гэсэн оролдлого бүхий утгатай их олон кинонууд байдгийг та бүхэн санаж байгаа байх. Холливууд, спортын одод хоолой, хөл, гар, өгзөг тэргүүтэнээ хэдэн сая доллараар даатгадаг тухай та бүхэн мэдээллийн сувгуудаар уншиж л байсан байх. Бид яагаад өөрсдийгөө үнэлээд, эвгүй тохиолдол болсон үед амьдрал ахуйгаа унагахгүйгээр санхүүгийн асуудлаа шийдэж болохгүй гэж.

Нийгмийн даатгалын газрыг иймэрхүү төрлийн арилжаанд оруулахад болохгүй зүйл үгүй санагдаад явчихсан шүү. Хувийн арилжааны хэлбэрт оруулбал тэнд төвлөрдөг хэдэн тэрбум төгрөгийг илүү үр ашигтай зарцуулахаас гадна даатгал төлөгч нарт илүү өргөн хүрээтэй, боловсон, алсыг харсан бүтээгдэхүүн үйлчилгээгээр үйлчлэх боломжтой доо уул нь.

Баруунд бол настай хүмүүс нь оршуулгын газраа өөрсдөө худалдаж авдаг юм билээ. Үүнийг нь мөн даатгалын схемээр шийдээд өгчихсөн байдаг. Австралид цуг амьдардаг байсан айлын их сургууьд багшилж байгаад тэтгэвэрт гарч байгаа хүн надад бүр оршуулгын газраа машинаараа хажуугаараа явангаа “бахархалтайгаар” зааж өгч байсан юм. Анх сонсоход эвгүй ч гэсэн ойлгоод эхлэхээр зөв систем мэт.

Гурван жилийн өмнө хариуцлагагүй эмч нарын үйл ажиллагааны улмаас аав минь хэд хэдэн удаа дараалсан хагалгаанд орж бараг найдваргүй гэж яригдаж байсан юм. Тэр үед хөөрхий минь тэтгэвэрийн мөнгөө хурааж байгаад 100.000 төгрөг болгоод хав дарчихсан байсан. Өнгөрөхөөр бол миний оршуулганд хэрэглээрэй гэж дараа нь хэлж ах бид хоёрыг сэтгэлдээ мэгштэл айлгаж, ашгүй дараа нь эдгэрч магнай хагартал баярлуулж билээ. Сард хэдхэн кило мах авах хэмжээний тэтгэвэрээ хэдэн сар цуглуулсан бол доо зайлуул. Санаа нь үлдэж буй бид нартаа л төвөг учруулахгүй гэсэн биз дээ аав минь. Тэрнээс биш би л болж байвал бусад нь хамаагүй гэж бодож, тийм үйлдэл гаргаж явдаг битүү толгойтой, ширэн нүүрлэсэн хүмүүсийн хувьд энэ даатгал гээд яриад байгаа долоон үсэгтэй юмыг яаж ч хэлээд ойлгуулж, мэдрүүлэхэд тун хүнд л дээ. Ийм хүмүүсийг нас барахаар нь гадаа хээр тавихаар тас байтугай хэрээ шувуу, нохой ч бараг тоож ирэхгүй байх. Бусдынхаа төлөө жаахан ч гэсэн анхаарч амьдарч, ядаж “дараа” нь хээрийн нохой, шувуунд “тоолгомор” аядаарай даа ах дүүс нар аа.

4 comments:

gegeen said...

aussie-n daatgaliin tuhai iim neg yum olloo.

Даатгалын болон тэтгэвэрийн сангууд нь маш олон юм, бас их ашигтай ажилладаг ч юм гэнэ. Бүх банкууд л толгой эргэж, тоолж гүйцмээргүй л insurance product-ууд зарлах юм. Тэр Мадонна хоолойгоо, Мэрай Керри хөлөө даатгуулдаг энэ тэр нь үнэн бололтой юм. Нэг марзан тохиолдол гэвэл comprehensive буюу хамгийн үнэтэй бүх төрлийн рискээс хамгаалсан машины даатгалаар даатгуулчихсан цагт юунд ч санаа зовох хэрэггүй, даатгалаа л төлчихөд болдог юм шиг байна билээ.

Хоёр машин мөргөлдвөл хоорондоо даатгалын мэдээллүүдээ солилцоод л болоо. Даатгалын компаниуд нь хоорондоо мөнгөө өгөлцөж авалцах ажлаа хийгээд л даатгуулагчид нь санаа зовох юмгүйгээр үндсэн ажлаа хийгээд л явцгаадаг. Тэр байтугай дэлгүүр хэсч яваад машинаа хаана орхисноо мартсан манай Австрали найз хулгайд алдсан гэж даатгалаасаа шинэ машин авах мөнгө авчихсан тууж явсан чинь 2 сарын дараа нөгөө машин нь дэлгүүрийн гадаах машины парк дээр нь хэвтсэн хэвээрээ л байж байсан гэнэ лээ. Авсан мөнгөө буцааж өгсөн л дуулдсан, монголд тэгж итгэж мөнгөө өгөх даатгагч, итгэгдээд даатгуулаад, даатгалын мөнгөө буцаах даатгуулагч энэ тэр үүсэх цаг ойрхон л байх гэж найдаж байна.

genee. www.gegeen.com

Vinzo said...

That is my dream!

Anonymous said...

Ugaasaa mgl hunii uhamsart daatgal gesn oilgolt buren utgaara bat suurishaagui bgaa shu de. Namaig baga baihad national tv-r neg modon deer baahn shuvuu baidg, getel ih shuurga degdeed nuguu mod ni gadndchihdg...neg iimerhuu daatgaliin reklam yavdg bsniig sanaj bn. Odoog hurtel yag daatgal gej yu yum ve gedgiig mergejliin bus baiguulagiin irged sain oilgoltgui l yavaa bdg. Tiimees ehleed niigem ni ene talaar sain medegdhuuntei bolj, bolovsorch baij manai Mgl ulsad daatgal hugjij ehleh bhaa. Orosuudiin huvid suuliin hedn jil daatgaliig mash sain surtchilj taniulj bgaa, ih surguulid daatgaliin talaar ch hedn tsagiin hicheel oruuldg bolsn.

the quikZ said...

Гадны 1 том даатгалын кампанийн сурталчилгааг харж байхад өвчтэй болон гэр бүлийн хүндэтгэх шалтгаанаар ажлаа таслах тохиолдолд нөхөн олговор олгодог даатгал байдаг юм билээ. Нарийн ширийнийг нь мэдэхгүй ч энэ нь багц даатгалд нэг заалт болж орох хэрэгтэй байх гэж мунхаг ухаантай бодож суулаа.

Абсентийсм v.s Пресентийсм

буюу өвчтэй байж ажилд ирэх нь ажлын бүтээмжид халгайтай гэж судалгаагаар батлагдсан зүйл тэгэхэд манайд бол өвчтэй, үхэх гэж байсан ч хамаагүй ажилдаа цагтаа очоод сууж байвал болоо гэж хүмүүсийн толгойд хадагдсан сэтгэлгээ үйлчилдэг нь харамсалтай.