Friday, 28 November 2008

Airlines

Авиа компани

Би зүүдэндээ ихэвчлэн нисч байна гэж зүүдэлдэг. Яагаад ч юм бүү мэд. Зүүдний тайлал нь ч одоо юу юм бүү мэд. Мэддэг хүн байвал хэлж өгөөрэй. Амьсгалаа түгжиж байгаад хичээхээр л өөрөө хөөрөөд явна. Харин нисч байхдаа ийш тийшээ залах жаахан хэцүү, бас яг товлосон цэг дээрээ буух хэцүү. Заримдаа нисч байгаад гэв гэнэт доошоо унаж байна гэж зүүдлээд цочоод хэд хэд сэрж билээ. Авиа компанид ажилладаг найз маань энэхүү салбарын талаар блог дээрээ бичлэг бичээч гээд Монголын агаарын тээврийн тухай нижгээд мэдээлэл явуулсаныг өөрийн бодолтойгоо цуг та бүхэнд хүргэхээр сайхан өтгөн кофе өмнөө тавиад Люминогийн Анхаагийн “Introduction to Nomads” цомгийн нь тавиад тухлан сууж байна.

Нисэж буй шувуудыг ажигласаар байгаад 1800 оны сүүл буюу 1900 оны эхээр онгоц гэдэг сайхан зүйл бүтээж хүн төрөлхтөн бидний цаг хугацаа, орон зайн дарангуйлалыг шийдэж өгсөн ах дүү Wright нарт бид бүхэн талархах учиртай. Ялангуяа МИАТ-ын монополь эрх бүхий албан тушаалтанууд, онгоцны түлш нийлүүлдэг цорын ганц компани болох мөнгийг ёстой нэг хүүлж буй эрхэмүүд Wright гуайд баярлалаа гэж хэлэх ч багадахаар барах уу л байна. Одоогийн онгоцны технологийг бүтээх гэж хэдэн ч хүн амиараа дэнчин тавьж туршилт үйлдэж амь насаа алдаж байсныг тоолошгүй. Нацагдорж гуайн билүү нэг өгүүлэг байдаг даа. Нэгэн лам билүү дээ залуу нисэх гэж үздэг? АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нарын онгоцноос өгсүүлээд ачаа тээврийн аварга том Антонов онгоц, хоёр давхар дотроо бассейн, кино театр, бар бүхий тансаг зэрэглэлийн онгоц, байлдааны дуунаас хурдан, радарт үл харагдагч онгоц зэрэг маш олон төрлүүд хийгдэж цэрэг болон иргэний зориулалтаар ашиглагдаж байна.

Харин Монгол улсад маань МИАТ, Аэро Монгол, Изнис гэсэн төрийн болон хувийн өмчит гурван компани дотоодын болон олон улсын нислэгийн онгоцны бизнес хийж байна. Үүнээс гадна нисдэг тэрэг бүхий хэдэн хувийн компани байдаг дуулдаж байсан. Монгол улс зах зээлд шилжиж, гадаад явж галуу шувууны мах идэх боломж нээгдсэнээс хойш олон улсын нислэгээр явдаг зорчигч нарын тоо тасралтгүй өсч байна. Энэ тоо 1993 онд 73,200 байсан бол 2007 онд 266,000 хүн гадагад руу элин халин зочилжээ. Ганзагын наймааны эрин үед том гарын наймаачид нь Хятад, Монгол, Орос улсуудын хооронд онгоцоор гахайгаа чирдэг байсан гэж байгаа. Овоо муу гарууд шүү. Одоогийн байдлаар манай улсын олон улсын нислэг дээр тоглогч нар нь Монголын хоёр компаниас гадна Япон, Солонгос, Казакстан, Орос Хятадын авиа компаниуд байна. Бид өөрсдөө хангалттай онгоц, сайн менежмент байхгүйгээс болж Хятад, Япон, Солонгос, Герман, Орос руу л нислэг үйлдэж, боломжит бусад зах зээлээ эдгээр улсуудад алдаж тэр хэмжээний хохирол хүлээж явж байгаа гэж би хараад байгаа. Эдгээр авиа компаниудын Монгол руу, Монголоос нисэх нислэгүүдийн суудал ашиглалт дунджаар тогтмол 90%-с дээш байдаг юм гэсэн. Түүнчлэн онгоцны билет бичдэг бас хөөрхөн бизнес байгаад байх шиг байгаа юм. Одоо ямар олон компаниуд үүн дээр өрсөлдөж байгааг та бүхэн мэдэж байгаа. Гэвч яг зарчим нь цаанаа яаж явдаг тухай сайн мэдэхгүй юм байна. Ямар ч байсан анх гарахдаа маш их ашигтай бизнес байсан гэж хүмүүс ярьдаг юм билээ.

Яг үнэндээ бол одоо хөдөө явахаас гадаад явах нь хамаагүй амар бөгөөд хурдан, тухтай болчихоод байгаа бус уу? Гэтэл дотоод буюу орон нутгийн нислэгийн хувьд статистик тоо нь урвуугаар гарч буй нь сонин. Өөрөөр хэлбэл 1992 онд 279,000 ширхэг хөх толбот Монголчууд эх орон дээгүүрээ дүүлэн нисэлцэж байсан бол 2007 онд 123,000 болтлоо эрс буурсан байна. Уул нь бол өргөн уудам нутаг бүхий зам тээвэр тааруу хөгжсөн манай улсын хувьд яах аргагүй стратегийн чухал ач холбогдолтой салбар билээ. Монголд маань хамгийн анхны агаарын тээврийн шан татсан он нь 1956 он бөгөөд тэр үед УБ-с Чойбалсан, Хөвсгөл, Ховд руу шуудан зөөж эхэлж байсан юм билээ. Харин хамгийн анхны тийрэлтэт хөдөлгүүр бүхий Ту-154 онгоцыг 1970 онд бид хэрэглэж эхэлсэн бол анхны Боинг, ЭйрБас онгоцуудыг 1992 оноос хөлөглөөд байна. Дотоодын нислэгийн хувьд суудал ашиглалт хангалттай байдаггүй юм шиг анзаарагддаг. Оюутны амралт, баяр ёслолын үе, жуулчдын улирлаар пижигнээд бусад үед сул зогсох гээд байдаг болов уу даа. Жишээ нь, миний мэдэхийн Изнис өвөл хүйтэн, хангалттай зорчигч байхгүй гэдэг шалтгаанаар яг одоо баруун аймгууд руу явах нислэгүүдээ хавар болтол зогсоосон байж байна. Ядаж байхад Аэро Монголын зарим ажилчид нь ажил хаяад байгаа юм уу хаашаа юм хэдэн өдөр хэвлэлийн баатрууд болж байна. Дээрээс хэдэн жилийн өмнө гарсан гашуун ослууд ч энэхүү үзүүлэлтэнд нөлөөлдөг нь гарцаагүй.

Эндээс миний хувьд юу анзаарагдаад байна вэ гэхээр цөөн хэдэн тоглогч бүхий монополь байдалтай бизнесийн секторын дарангуйлал. МИАТ-ын хувьчлалыг даруй эхлүүлж олон улсад нэгээс олон үндэсний тоглогчтой болох, дотоодын зах зээл дээрх тоглогч нарын чадварыг сайжруулан, дэд бүтцийн асуудлыг нь төрөөс дэмжин шийдэж өгөх зэрэг асуудлуудыг нэн даруй шийдэх ёстой юм шиг. Онгоцны түлш нийлүүлдэг бас их том монополь компани байх шиг байгаа юм. Онгоцны билетийн үнийг тодорхойлдог компани гэхэд нэг их хэтрэхгүй байх аа. Яагаад одоог хүртэл өөр компанийг энэ бизнес руу оруулж болохгүй байгаа юм бэ? Түүнчлэн гадаадын хэдхэн том онгоц буух буудал ч байхгүй байна шүү дээ. Заримдаа би дотроо боддог юм. МИАТ зэрэг одоо байгаа хэдхэн монополь нөхдүүдийг том оврын автобустай зүйрлээд, зэрэгцээд олон микро автобуснууд шиг онгоцууд гарч ирээд бужигнуулаад өгдөггүй юм байх даа гэж. Дэндүү дураараа бодол л доо. Австралид сурч байхдаа судалгааныхаа ажлаар төвөөс нилээд алслагдсан хөдөөний фермер айлд очоод асуулга авч байхад гэнэт өвчин тусах, хагалгаанд орох, эмчийн шаардлага гарвал та нар яах вэ гэхэд шууд утсаар агаарын эмч дууддаг гэж байсан даг. Өөрөөр хэлбэл нисдэг тэргээр явуулын эмч, эмнэлэгүүд үйлчилдэг юм билээ. Агаарын тээврийн хувьд хамгийн чухал зүйлс нь стандарт, аюулгүй, найдвартай ажиллагаа байдаг. Яг үнэндээ Монгол улсад маань авто зам дээр осолдож таалал төгсөж буй хүмүүсийн тоо нь онгоцны ослынхоос хамаагүй их байдаг. Онгоц нэг осолдохоороо бөөнөөр нь “аваад явдаг” тул хүмүүст “нисдэг хар хайрцаг” шиг санагддаг буй заа.

Миний хувьд Солонгос, Хятад, Орос, Монгол, Тайланд, Австрали, Арабын Емират, Сингапурын онгоцуудаар явж үзэж байхад агаарын хөлөг, аюулгүйн ажиллагааны стандарт яг л ижил. Гол нь харилцагчийн үйлчилгээ, кабин доторх үйлчилгээ, тоноглолоороо л ялгагдаж байх жишээтэй. Стандартыг л мөрдөж, цаг үеийн үйлчилгээ, хяналтыг нь хийлгээд байхад онгоц ямар ч асуудалгүй тээврийн хэрэгсэл. Зарим охидууд, бүр Монголын мисс гэсэн байх аа нэгэн бүсгүй зурагтаар ярьж байна аа. Онгоцны үйлчлэгч болно гээд. Өөрөөр хэлбэл хувцаслалтын стандарт соёл, харилцааны дээд төвшин зэрэг нь онгоцны үйлчлэгч бүсгүйчүүдийг төгс төгөлдөр харагдуулж буй хэрэг. Яг түүнтэй адилхан автомашин дээр ч гэсэн үүнийг мөрдөж болно шүү дээ. Яагаад Монголын таксины жолооч нар хир буртаг, тамхи, хөлс үнэртүүлсэн, саналын бүрээс нь “булигаар” болчихсон явах ёстой гэж? Том болоод таксины жолооч болно гэж хэлж буй банди байвал надад олоод ирээрэй.

Дээрх бүх проблемуудыг үтэр түргэн шийдээд, ард иргэддээ зөв мэдээлэл өгч чадвал энэ салбар өөрөө сүн гээд хүссэн хүсээгүй хэдхэн жилийн дотор босоод ирнэ гэдэгт би итгэдэг. Зөвхөн ан хийхийн тулд, эсвэл говь явж үзэхийн тулд онгоц хөлслөөд хэдэн хоногоор явдаг бийлэгжүү нөхдүүд хүртэл зөндөө байгаад байна. Өөрөөр хэлбэл үйлчилгээ, стандартаа ойртуулж чадвал Монголд зах зээл байгаа гэж хэлэх гэсэн юм. Үнийн холимог саналууд, хөнгөлөлт, урамшуулал, бонус, лоялти, цогц аялалын санал зэргийг цаг үеэ зөв мэдрэн гаргаж ирвэл, Монголчууд “баян” шүү дээ, онгоцоор нисч өгнө дөө. Аан, яг хэлэхээ мартах гэж байна. Дотоодын нислэгийн хувьд гадаад хүн гэхээр өндөр үнэтэй билет зардаг нь ямар учиртай юм бол? Гадаад хүн гэхээрээ Монгол хүнээс хоёр дахин хүнд жинтэй, хоёр ходоодтой байдаг юм уу? Өнгөрсөн зун нэг найз маань гаднаас ирээд энэ тухай надаас асуугаад, үнэндээ би хариулж чадаагүй. Арьс өнгөөр аймшигтай ялгаварлан гадуурхаж байгаа байхгүй юу мань эрийг. Гадаадад явж байхад чинь чи Монгол байна, илүү үнэ төл гэвэл бид хэд яаж уурлаж, хамар ам нь яаж сарталзаж байх бол доо!

Sunday, 16 November 2008

South Korea

Өмнөд Солонгос Улс

Хувийн яаралтай ажил гараад давхар амралтаа авангаа БНСУ-д хоёр долоо хоноод ирлээ. Амралт гэсэн боловч ажлын шугамаар хүн амьтантай уулзах энэ тэр гэсээр байтал хоёр долоо хоног дороо өнгөрсөн байна. Гэхдээ чамлах аргагүй сайхан амралт болсныг хэлэх хэрэгтэй. Интернэт, цахим шуудангаа шалгалгүй нилээд удаж, бүр зөөврийн компьютерийнхээ нэвтрэх нууц үгийг хүртэл мартаад одоо ажил дээрээ ирээд сэргээлгээд сууж байна. Овоо амраад хамаг юмаа хоолтойгоо, ганц хоёр сөөжүүтэй холиод уучихсан бололтой. Өмнөд Солонгос улсад хоёр дахь удаагаа зочлоод байгаа минь энэ. Өмнө нь 2005 онд мөн арав хонож байсан бөгөөд тухайн үедээ анх удаа очиж байсан болоод ч тэр үү, нэг их тухтай байж чадаагүй санагдаж байна. Гэхдээ нөгөө 63 давхар, Намсан уул билүү дээ тэр, Лотте ворлд зэргийг үзээд амжсан гэж байгаа. Энэ удаа илүү тайван явсан бөгөөд энэ орны хотын амьдралаас гадна хөдөөний амьдрал, далай үзэх, бусад хотуудын байдалтай нь танилцсан тул Солонгос орны дотоод өнцгөөс нь юмнуудыг нь харж, ойлгохыг хичээж явлаа. Олон ч сайхан Монгол болон Солонгос найзуудтай боллоо. Цаг агаар нь сайхан болохоор жилд хоёр удаа ургацаа хурааж тансаглах юм. Яг өдийд Кимчи хийдэг үе нь бөгөөд Монголоор бол өвлийн идшээ бэлддэг шиг мундаг ажил болдог юм байна. Солонгос улс руу намар зочлох нь хамгийн төгс улирал байна. Аймшигтай халуун ч биш, хүйтэн ч биш, яг таарсан. Дээрээс нь намрын сайхан улирлын төрөл бүрийн өнгийг уул ус, байгаль дэлхийгээс нь харахад ямар сайхан гээч. Очоод эхний хэдэн өдөр нуурын эрэг дээр “Баян аав, Ядуу аав” номыг уншиж дуусгангаа хэдэн зураг дараад өмнөх бичлэг дээрээ тавьсан байгааг та бүхэн харсан биз ээ. Бодвол миний доор тавьсан “хоёр сүүдрийн” зургийг харсан юм байлгүй дээ, нэг хүн их л санаа зовоод найз охиноо сайн судлаад аваарай гээд блогийн маань санал хүсэлтийн дэвтэр дээр бичсэн байсан. Хэхэ. Би чинь нилээд хэдэн жилийн өмнө нэг ширхэг эхнэр авсан хүн байхгүй юу даа.

Өмнөд Солонгос орны хөгжлийг та бүхэнтэй яриад юу хийх вэ. 1950 оны үед л гэхэд юу ч үгүй улс байсан бол одоо Хан мөрний хоёр талаар дэлхийн өндөр хэмжээний стандартын хот сүндэрлэн, нийт дөч гаран сая Солонгосчууд өдөр шөнөгүй ажиллаж амьдарч байна. Хоёр алхаад л хоолны газар Сеүл хотод байх нь даанч залхмаар. Сеүлчүүд гэртээ хоол хийж идэхээсээ илүү ажил ихтэй тул дан гадуур хооллодог юм байна гэж ойлгосон. Энэ улсад Монголын 30.000 гаран иргэн ажиллан амьдарч, 200 гаруй Монгол улсын аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ дунд миний хамаатнуудаас гадна, арван жилийн найзууд, байрны найзууд, оюутны найзууд, найзуудын найзууд, цуг ажилладаг байсан найзууд гээд үй түмэн таньдаг мэддэг хүмүүс байна. Намайг байх хугацаанд лав долоо хоногт 1-2 Монгол төрж, гэр бүлүүд нь бүл нэмж байна. Солонгост төрж өсөөд, том болцгоосон, Монгол хэлээ мэдэхгүй, энэ дэлхийн хамгийн амттай хоол бол будаатай кимчи гэж цэвэр Солонгос аялгуу, хэлээр ярин зогсох Монгол хүүхдүүд тэнд өсөн торниж байна. Ер нь бол Солонгосчууд Монголчуудад их элэгтэй биднийг өвөг дээдсээ хэмээх үздэг. Одоо хүртэл хүүхдүүд нь хөх толботой төрдөг бөгөөд үүнийгээ “Монгол цэг” гэж нэрлэдэг хирнээ зарим залуус нь Монголчуудаас гаралгүй гэж илт дэмий маргах нь инээдтэй. Чингэс хаан, Хубилай хаадуудын үед Гуулин улс, Чэжү аралтай нь цуг эзэгнэн Монгол ноёд захирч байсан төдийгүй тус улсын зүүн эргээс Япон улс руу довтолж, цэргийн гол баазаа байрлуулж байсан юм билээ. Үүний түүх болсон хамгаалалтын хэрэм, цайзууд далайн эргээр нь эгнээд байж байх юм билээ. Харин Монгол улсын элчин сайдын яам маань Монголчууд дундаа жаахан нэр хүндгүй байдаг юм билээ. Монголчууд маань ч гэсэн өөрсдөө сайн яваа нэгнээ дуурайн дээшээ явж мацахгүй, харин ч хөлнөөс нь татан чангааж өөрсдийн миа зиндаанд аваачих гэж оролдохыг нь яана. Угаасаа муу юмгүй сайн юм гэж байдаггүй болохоор яалтай билээ.

Солонгост үндсэндээ хараар болон гэрээгээр ажиллаж буй гэсэн хоёр групп ажиллаж буй Монголчуудын дунд байна. Үйлдвэрийн эзэд, ажил олгогч нар нь хараар буй хүмүүст нь илүү дуртай. Гэрээнийхэн маань ажлаа солих эрхтэй тул жаахан юм болонгуут ажлаа хаяад алга болдог, хэл ам хийдэг, гол ажлаа үнэн сэтгэлээсээ тэр болгон хийхгүй, халтуурдаж хийдэг гэж харууд нь надад хэлсэн шүү. Нөгөө групп нь болохоор ажлаа алдахгүйн тулд ажлын сэтгэл зүрхээрээ буюу нэг хүн хоёр байтугай хүний ажлыг хийдэг юм байх. Дээрээс олон юм нэхэхгүй, амар гэж байгаа эзэддээ. Өнөө маргаашаа залгуулан амьдарч байгаа нөхдүүдээс өгсүүлээд гэр орон руугаа мөнгө явуулж байр, машин авч байгаа, бүр өөрсдөө бие даан бизнэс амжилттай эрхэлж байгаа, Солонгосын нэр хүндтэй том компаниудад өндөр, хариуцлагатай албан тушаал хашиж байгаа, нэр хүнд сургуулиудад нь халтуурдаж сурахаас авахуулаад нэр төртэй суран улс орныхоо нэрийг гаргаж буй бүхий л төрлийн Монголчууд байна. Гол нь тэд ажил хийж сурч байна, мөнгөний үнэ цэнийг яс махандаа шингэтэл ойлгож байна, цаг барьж сурч байна, дэлхийн стандартын амьжиргааны амталж байна. Ажлыг хамгийн хурдан сурч, чанартай хийдэг нь Монголчууд гэж харийн цагаачдаас эрс ялгагдан үнэлэгддэг боловч харин архи уухаар л энэ бүх нэр төр нь дороо үгүй болно. Хэтрүүлнэ, зодолдоно, хэрэлдэнэ, ажлаа таслана. Бүр Солонгос эзнээ хүртэл алсан хэрэг байдаг юм билээ. Зүгээр хар ажил хийхэд л сарын цалин нь доод тал нь 1 сая воноос эхэлдэг бөгөөд өндөр чанарын бензин литр нь 1500, багсайсан 20 шахуу ширхэг гадил жимс 2000, метро нь ямар ч хол явсан үсрээд л 1400, боломжийн хоолны газар ороод цадтал хоол идэхэд 6000 вон гарч байхад яагаад энэ олон Монголчууд энэ улс руу зүтгээд байгааг ойлгоход төвөггүй юм билээ. Гэтэл Монголд дээр дурдсан бараа таваарууд ямар үнэтэй хийгээд та бид бултаараа хэдэн цаасны цалин авч байгааг харьцуулаад үзэхээр зөндөө олон Яагаад гэсэн асуултууд өөрийн эрхгүй дотроос гарч ирээд байх юм. Монголын ийм өндөр өртөгт бид амьдарч чадаад байгаа нь юуны ид шид вэ? Авилга, хээл хахууль, арын хаалга, дээрэм тонуул энэхүү ялгааг үүсгээд байгаа юм уу? Солонгос орны дараагийн сайхан зүйл нь амгалан тайван байдал. Том том цүнхүүд нь онгойгоод л яваад байх юм билээ. Миний энэ бичлэгийг халаасны хулгайч нар уншиж байгаа бол та нарын ёстой диваажингийн орон юм байна лээ дээ. Яаж ч оройтсон, уусан идсэн айх аюулгүй, хоол нь меламингүй, архи нь метилийн спиртгүй, хүмүүс нь хулхи биш, бас согтуу бол гэрт нь цагдаа нар үнэгүй хүргэж өгдөг гэж байгаа. Дээрэм тонуул, хүн амины хэрэг гарах нь өдрийн од. Гэтэл намайг тэнд байх хугацаанд миний баз хүргэнийн төрсөн дүү нь хүнд алуулсан гунигтай мэдээг сонсоод ямар том шоконд оров оо? Дахиад л Яагаад гэж асуумаар байна! Монголчуудын онигоог Солонгост сонсоод. Монгол залуу Улаанбаатарт эрүүлжүүлэгдээд. Цагдаа асууж байна гэнэ. Та яагаад архи уугаад байгаа юм бэ гэсэн чинь залуу хэлж байна гэнэ. Заа, бид нар байхгүй бол та нар ажилгүй ш д. Сүртэй юм гэж “загнаж” ажлын байран дээрх хүчирхийлэл гаргасан гэж байгаа. Бид зарим юман дээрээ сүртэйгээр барахгүй байж сурахгүй бол хөгжихгүй юм байна аа залуусаа.

Мөн дараагийн сонин зүйл нь ярианы хэл нь хүндэтгэлийн бөгөөд ердийн гэж хоёр янз байх. Өөрөөсөө өндөр албан тушаалын ажилтан, дээд курсын оюутан, ахмад настай хүнтэй энэ хэлээрээ ярихаас бус Монголоор бол чи, мань чинь, тэгсэн чинь тэгсэн байхгүй юу гэж ярих ёсгүй. Мэндлэх, бөхийх ёс нь гайхалтай. Монголчуудын задгай амьдрал, барууны нийгмээс сурсан хэтэрхий ч юмуу чөлөөт байдал нь энэхүү соёлтой маш том зөрчилдөөн үүсгэж байгаа юм. Гэвч усыг нь уувал ёсыг нь дагана гэдэг нь хаа хаанаа зөв байх. Дараагийн бидний ёстой авууштай чанар бол архи уух соёл, маргааш нь ажилдаа ирэх соёл байна. Солонгосчууд яаж ч уусан, тасарсан, шартсан маргааш нь ажил дээрээ яг цагтаа улаан нүдтэй, архи ханхлуулсан зогсож байх нь даан чиг бахархмаар, тэрийг нь харсан бол нүдний нулимс бараг гарах байх аа миний хувьд. Зарим нэг дарга нар нь ч өөрсдөө цуг явсан юм болохоор ойлгоод өдөр цайны цагаар чөлөө өгч саун энэ тэрд суухыг зөвлөдөг юм гэсэн. Хэд хэдэн хүмүүсээс та нар шартаад ингэж аймаар байдалтай байж ажилдаад жаахан хоцроод очиж болдоггүй юм уу гэж асуухад өөдөөс гайхаад тийм юм ёстой байхгүй, яагаад гээд өөдөөс “жигшсэн” байдалтай асуугаад намайг эвгүй байдалд оруулж билээ. Ажлын байран дээрээ дарга, цэрэг, бусад цагт найз нөхөд гэхэд зарчим энд хатуу бөгөөд гайхамшигтай үйлчилж, үйлчлүүлж байна. Эрэгтэй хүүхдэд нугасгүй бөгөөд эцгийн эрхэт ёс зарим газраа ноёлсон хэвээр. Нэгэн гэр бүлийн эхнэр жирэмсэн үедээ хүүхдийнхээ хүйсийг харуулаад эрэгтэй гэж мэдээд хоёр талын аав, ээждээ хэлээд хамаг юмаа бэлдсэн чинь охин гараад, түүнээсээ болж худ ургууд муудаад аюул болсон түүх байна. Эхнэр нь үүнээс болж сэтгэл санааны дарамтанд орж нялх охиноо алж орхиод өөрийнхөө амийг хорлосон гунигт түүх байдаг юм байна. Үүнээс болж эмнэлгүүд нь жирэмсэн эх нарт хүүхдийг нь хүйсийг бараг л хэлж өгдөггүй юм гэсэн.

Гэр бүлтэй байж байгаад Солонгос явсан гэр бүлүүд бүгд салсан байна, салж байна. Очоод хань ижил рүүгээ мөнгө явуулаад байдаг, нэг ирсэн мөнгө ч үгүй, хань ижил ч үгүй болсон тохиолдол зөндөө юм гэсэн. Гэр бүлээр нь бодлоготой явуулж байхгүй бол залуу хүмүүс хол газар тусдаа удаан байх нь ийм асуудал үүсгэхээс гадна маш олон Монгол бүсгүйчууд Солонгос залуустай сууж байна. Мөн залуус нь ч ялгаагүй ч харьцангүй цөөн юм билээ. Саяханаас Сеүл хотын захиргааны гадаадын иргэдэд зориулан нэг цэгийн бүх үйлчилгээг үзүүлэх, Сеүл хотод хэрхэн амьдрах, ажиллах, хөлөө олоход нь зөвлөгөө өгөх зорилготой газар нээгдсэн байна. Хамгаас сайхан мэдээ нь энэхүү газар Монгол мэргэжилтэн эх хэлээрээ ярин Монголчууддаа үйлчлэн асуудлыг нь шийдэж өгөх болсон бөгөөд сайхан сэтгэлтэй Монгол бүсгүй тэнд ажиллаж буйг дуулгахад таатай байна. Тэрхүү газрын нэр болон хаяг нь Seoul Global Center.

Дэлхийн санхүүгийн хямрал энэ улсын тойроогүй байна. Банкууд нь том зээлээ түр зогсоосон байгаагаас гадна өрнөөсөө болж өдөрт бараг нэг бизнесмэн амиа хорлож байна гэж хүмүүс ярьж байна. Нөгөө Солонгосын драмын алдартай хэд хэдэн жүжигчид дарааллан амиа хорлосон бөгөөд шалтгаан нь өр зээл, мөнгө төгрөгтэй холбоотой байсан гэх. Америк долларын ханш воны эсрэг аймшигтай чангарч тэнд махийтлаа ажиллан, Монгол руу мөнгө явуулдаг ах дүү нарыг минь шатааж алж байгаа юм байна лээ. 1 доллар 900 вонтой тэнцдэг байсан бол бүр 1500 хүрч галзуураад одоо дунджаар 1300 вон дээр тогтож байна. Монголын доллараар наймаа хийдэг наймаачдын аз, од нь гийж байгаа нь тэр юм. Харин Солонгосын үйлдвэрлэгч нарт маш том цохилт, шаталт болж байгаа нь ойлгомжтой. Солонгосын төв банк болон засгийн газар нь хамтраад гадаад валютын эх үүсвэрийн дутагдалд ороод байгаа үндэсний үйлдвэрлэгч, экспортлогч нартаа 16 тэрбум доллар гаргаж өгөөд байгаа нь байдлыг түр ч болтугай намжаагаад байна. Тэнд буй Монголчууд маань ч тэр долларын ханш өсөхийг хүлээгээд Монгол руу мөнгө гуйвуулахаа түр харзнаж эхлээд байгаа нь илт байлаа. Доллараар биш яагаад воноор нь Монгол руу явуулж болдоггүй юм гэж нилээд хэдэн хүнээс асуухад тэрнээс дор ханш байгаа гэж байна. Солонгос, Монгол хоёрын хооронд вон, долларын зузаатгал хийж, мөнгө эргүүлдэг хэдхэн нөхөд байгаа бололтой. Хир баргийн жижиг, арчаагүй банкуудаас илүү ажиллаж байгаа биз?

Товч дүгнэн хэлэхэд Өмнөд Солонгос Улсад Монгол улсын бүхэл бүтэн нэг нийгэм үүсэн, ажиллаж, амьдарч, баярлаж, зовж цаг хугацааг элээж байна. Өнөөдөр зурагтаар гарсан мэдээгээр гадаадад буй Монголчууд жилийн нэг ажлын өдөрт дунджаар 1 сая америк доллар Монгол руугаа явуулдаг гэж байсан. Та биднийг, гэр бүлийнхэнийг чинь, найзуудыг чинь, хамаатан садныг чинь тэжээн тэнд махийтлаа ажиллан буй хүмүүс байгаа гэдэгт би 110% итгэлтэй байна. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл тэд нарыг мөнгөний машины нүдээр битгий харж, та нар сайхан амьдарч байна, наашаа тэдийг явуул гэж утсаар, цахим шуудангаар зовоож байгаарай. Тэд та бидний төлөө ажиллаад хангалттай их хөрөнгө оруулалт хийж байна. Зарим нь нутгаа санаад ирэх боловч нас хэтэрсэн, танил тал байхгүй, соёлын зөрчилдөөн гэх мэт шалтгаануудаар эх орондоо идээшихгүй буцаад явах нь элбэг юм гэсэн. Баяр сайд айхтар мундаг ил захидал гадаадад суугаа Монголчуудад явуулаад байсан. Хөөрхий зайлуул, аргаа бараад л тэгсэн биз ээ!

Жич: Өөр газраас блог руугаа Internet Explorer-р орсон чинь блогийн зарим бичлэг маань эвдэрч харагдаад байна лээ. Mozilla–р үзвэл зүгээр байна лээ шүү.