Views
Өмнөд Солонгос Улс
Хувийн яаралтай ажил гараад давхар амралтаа авангаа БНСУ-д хоёр долоо хоноод ирлээ. Амралт гэсэн боловч ажлын шугамаар хүн амьтантай уулзах энэ тэр гэсээр байтал хоёр долоо хоног дороо өнгөрсөн байна. Гэхдээ чамлах аргагүй сайхан амралт болсныг хэлэх хэрэгтэй. Интернэт, цахим шуудангаа шалгалгүй нилээд удаж, бүр зөөврийн компьютерийнхээ нэвтрэх нууц үгийг хүртэл мартаад одоо ажил дээрээ ирээд сэргээлгээд сууж байна. Овоо амраад хамаг юмаа хоолтойгоо, ганц хоёр сөөжүүтэй холиод уучихсан бололтой. Өмнөд Солонгос улсад хоёр дахь удаагаа зочлоод байгаа минь энэ. Өмнө нь 2005 онд мөн арав хонож байсан бөгөөд тухайн үедээ анх удаа очиж байсан болоод ч тэр үү, нэг их тухтай байж чадаагүй санагдаж байна. Гэхдээ нөгөө 63 давхар, Намсан уул билүү дээ тэр, Лотте ворлд зэргийг үзээд амжсан гэж байгаа. Энэ удаа илүү тайван явсан бөгөөд энэ орны хотын амьдралаас гадна хөдөөний амьдрал, далай үзэх, бусад хотуудын байдалтай нь танилцсан тул Солонгос орны дотоод өнцгөөс нь юмнуудыг нь харж, ойлгохыг хичээж явлаа. Олон ч сайхан Монгол болон Солонгос найзуудтай боллоо. Цаг агаар нь сайхан болохоор жилд хоёр удаа ургацаа хурааж тансаглах юм. Яг өдийд Кимчи хийдэг үе нь бөгөөд Монголоор бол өвлийн идшээ бэлддэг шиг мундаг ажил болдог юм байна. Солонгос улс руу намар зочлох нь хамгийн төгс улирал байна. Аймшигтай халуун ч биш, хүйтэн ч биш, яг таарсан. Дээрээс нь намрын сайхан улирлын төрөл бүрийн өнгийг уул ус, байгаль дэлхийгээс нь харахад ямар сайхан гээч. Очоод эхний хэдэн өдөр нуурын эрэг дээр “Баян аав, Ядуу аав” номыг уншиж дуусгангаа хэдэн зураг дараад өмнөх бичлэг дээрээ тавьсан байгааг та бүхэн харсан биз ээ. Бодвол миний доор тавьсан “хоёр сүүдрийн” зургийг харсан юм байлгүй дээ, нэг хүн их л санаа зовоод найз охиноо сайн судлаад аваарай гээд блогийн маань санал хүсэлтийн дэвтэр дээр бичсэн байсан. Хэхэ. Би чинь нилээд хэдэн жилийн өмнө нэг ширхэг эхнэр авсан хүн байхгүй юу даа.
Өмнөд Солонгос орны хөгжлийг та бүхэнтэй яриад юу хийх вэ. 1950 оны үед л гэхэд юу ч үгүй улс байсан бол одоо Хан мөрний хоёр талаар дэлхийн өндөр хэмжээний стандартын хот сүндэрлэн, нийт дөч гаран сая Солонгосчууд өдөр шөнөгүй ажиллаж амьдарч байна. Хоёр алхаад л хоолны газар Сеүл хотод байх нь даанч залхмаар. Сеүлчүүд гэртээ хоол хийж идэхээсээ илүү ажил ихтэй тул дан гадуур хооллодог юм байна гэж ойлгосон. Энэ улсад Монголын 30.000 гаран иргэн ажиллан амьдарч, 200 гаруй Монгол улсын аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ дунд миний хамаатнуудаас гадна, арван жилийн найзууд, байрны найзууд, оюутны найзууд, найзуудын найзууд, цуг ажилладаг байсан найзууд гээд үй түмэн таньдаг мэддэг хүмүүс байна. Намайг байх хугацаанд лав долоо хоногт 1-2 Монгол төрж, гэр бүлүүд нь бүл нэмж байна. Солонгост төрж өсөөд, том болцгоосон, Монгол хэлээ мэдэхгүй, энэ дэлхийн хамгийн амттай хоол бол будаатай кимчи гэж цэвэр Солонгос аялгуу, хэлээр ярин зогсох Монгол хүүхдүүд тэнд өсөн торниж байна. Ер нь бол Солонгосчууд Монголчуудад их элэгтэй биднийг өвөг дээдсээ хэмээх үздэг. Одоо хүртэл хүүхдүүд нь хөх толботой төрдөг бөгөөд үүнийгээ “Монгол цэг” гэж нэрлэдэг хирнээ зарим залуус нь Монголчуудаас гаралгүй гэж илт дэмий маргах нь инээдтэй. Чингэс хаан, Хубилай хаадуудын үед Гуулин улс, Чэжү аралтай нь цуг эзэгнэн Монгол ноёд захирч байсан төдийгүй тус улсын зүүн эргээс Япон улс руу довтолж, цэргийн гол баазаа байрлуулж байсан юм билээ. Үүний түүх болсон хамгаалалтын хэрэм, цайзууд далайн эргээр нь эгнээд байж байх юм билээ. Харин Монгол улсын элчин сайдын яам маань Монголчууд дундаа жаахан нэр хүндгүй байдаг юм билээ. Монголчууд маань ч гэсэн өөрсдөө сайн яваа нэгнээ дуурайн дээшээ явж мацахгүй, харин ч хөлнөөс нь татан чангааж өөрсдийн миа зиндаанд аваачих гэж оролдохыг нь яана. Угаасаа муу юмгүй сайн юм гэж байдаггүй болохоор яалтай билээ.
Солонгост үндсэндээ хараар болон гэрээгээр ажиллаж буй гэсэн хоёр групп ажиллаж буй Монголчуудын дунд байна. Үйлдвэрийн эзэд, ажил олгогч нар нь хараар буй хүмүүст нь илүү дуртай. Гэрээнийхэн маань ажлаа солих эрхтэй тул жаахан юм болонгуут ажлаа хаяад алга болдог, хэл ам хийдэг, гол ажлаа үнэн сэтгэлээсээ тэр болгон хийхгүй, халтуурдаж хийдэг гэж харууд нь надад хэлсэн шүү. Нөгөө групп нь болохоор ажлаа алдахгүйн тулд ажлын сэтгэл зүрхээрээ буюу нэг хүн хоёр байтугай хүний ажлыг хийдэг юм байх. Дээрээс олон юм нэхэхгүй, амар гэж байгаа эзэддээ. Өнөө маргаашаа залгуулан амьдарч байгаа нөхдүүдээс өгсүүлээд гэр орон руугаа мөнгө явуулж байр, машин авч байгаа, бүр өөрсдөө бие даан бизнэс амжилттай эрхэлж байгаа, Солонгосын нэр хүндтэй том компаниудад өндөр, хариуцлагатай албан тушаал хашиж байгаа, нэр хүнд сургуулиудад нь халтуурдаж сурахаас авахуулаад нэр төртэй суран улс орныхоо нэрийг гаргаж буй бүхий л төрлийн Монголчууд байна. Гол нь тэд ажил хийж сурч байна, мөнгөний үнэ цэнийг яс махандаа шингэтэл ойлгож байна, цаг барьж сурч байна, дэлхийн стандартын амьжиргааны амталж байна. Ажлыг хамгийн хурдан сурч, чанартай хийдэг нь Монголчууд гэж харийн цагаачдаас эрс ялгагдан үнэлэгддэг боловч харин архи уухаар л энэ бүх нэр төр нь дороо үгүй болно. Хэтрүүлнэ, зодолдоно, хэрэлдэнэ, ажлаа таслана. Бүр Солонгос эзнээ хүртэл алсан хэрэг байдаг юм билээ. Зүгээр хар ажил хийхэд л сарын цалин нь доод тал нь 1 сая воноос эхэлдэг бөгөөд өндөр чанарын бензин литр нь 1500, багсайсан 20 шахуу ширхэг гадил жимс 2000, метро нь ямар ч хол явсан үсрээд л 1400, боломжийн хоолны газар ороод цадтал хоол идэхэд 6000 вон гарч байхад яагаад энэ олон Монголчууд энэ улс руу зүтгээд байгааг ойлгоход төвөггүй юм билээ. Гэтэл Монголд дээр дурдсан бараа таваарууд ямар үнэтэй хийгээд та бид бултаараа хэдэн цаасны цалин авч байгааг харьцуулаад үзэхээр зөндөө олон Яагаад гэсэн асуултууд өөрийн эрхгүй дотроос гарч ирээд байх юм. Монголын ийм өндөр өртөгт бид амьдарч чадаад байгаа нь юуны ид шид вэ? Авилга, хээл хахууль, арын хаалга, дээрэм тонуул энэхүү ялгааг үүсгээд байгаа юм уу? Солонгос орны дараагийн сайхан зүйл нь амгалан тайван байдал. Том том цүнхүүд нь онгойгоод л яваад байх юм билээ. Миний энэ бичлэгийг халаасны хулгайч нар уншиж байгаа бол та нарын ёстой диваажингийн орон юм байна лээ дээ. Яаж ч оройтсон, уусан идсэн айх аюулгүй, хоол нь меламингүй, архи нь метилийн спиртгүй, хүмүүс нь хулхи биш, бас согтуу бол гэрт нь цагдаа нар үнэгүй хүргэж өгдөг гэж байгаа. Дээрэм тонуул, хүн амины хэрэг гарах нь өдрийн од. Гэтэл намайг тэнд байх хугацаанд миний баз хүргэнийн төрсөн дүү нь хүнд алуулсан гунигтай мэдээг сонсоод ямар том шоконд оров оо? Дахиад л Яагаад гэж асуумаар байна! Монголчуудын онигоог Солонгост сонсоод. Монгол залуу Улаанбаатарт эрүүлжүүлэгдээд. Цагдаа асууж байна гэнэ. Та яагаад архи уугаад байгаа юм бэ гэсэн чинь залуу хэлж байна гэнэ. Заа, бид нар байхгүй бол та нар ажилгүй ш д. Сүртэй юм гэж “загнаж” ажлын байран дээрх хүчирхийлэл гаргасан гэж байгаа. Бид зарим юман дээрээ сүртэйгээр барахгүй байж сурахгүй бол хөгжихгүй юм байна аа залуусаа.
Мөн дараагийн сонин зүйл нь ярианы хэл нь хүндэтгэлийн бөгөөд ердийн гэж хоёр янз байх. Өөрөөсөө өндөр албан тушаалын ажилтан, дээд курсын оюутан, ахмад настай хүнтэй энэ хэлээрээ ярихаас бус Монголоор бол чи, мань чинь, тэгсэн чинь тэгсэн байхгүй юу гэж ярих ёсгүй. Мэндлэх, бөхийх ёс нь гайхалтай. Монголчуудын задгай амьдрал, барууны нийгмээс сурсан хэтэрхий ч юмуу чөлөөт байдал нь энэхүү соёлтой маш том зөрчилдөөн үүсгэж байгаа юм. Гэвч усыг нь уувал ёсыг нь дагана гэдэг нь хаа хаанаа зөв байх. Дараагийн бидний ёстой авууштай чанар бол архи уух соёл, маргааш нь ажилдаа ирэх соёл байна. Солонгосчууд яаж ч уусан, тасарсан, шартсан маргааш нь ажил дээрээ яг цагтаа улаан нүдтэй, архи ханхлуулсан зогсож байх нь даан чиг бахархмаар, тэрийг нь харсан бол нүдний нулимс бараг гарах байх аа миний хувьд. Зарим нэг дарга нар нь ч өөрсдөө цуг явсан юм болохоор ойлгоод өдөр цайны цагаар чөлөө өгч саун энэ тэрд суухыг зөвлөдөг юм гэсэн. Хэд хэдэн хүмүүсээс та нар шартаад ингэж аймаар байдалтай байж ажилдаад жаахан хоцроод очиж болдоггүй юм уу гэж асуухад өөдөөс гайхаад тийм юм ёстой байхгүй, яагаад гээд өөдөөс “жигшсэн” байдалтай асуугаад намайг эвгүй байдалд оруулж билээ. Ажлын байран дээрээ дарга, цэрэг, бусад цагт найз нөхөд гэхэд зарчим энд хатуу бөгөөд гайхамшигтай үйлчилж, үйлчлүүлж байна. Эрэгтэй хүүхдэд нугасгүй бөгөөд эцгийн эрхэт ёс зарим газраа ноёлсон хэвээр. Нэгэн гэр бүлийн эхнэр жирэмсэн үедээ хүүхдийнхээ хүйсийг харуулаад эрэгтэй гэж мэдээд хоёр талын аав, ээждээ хэлээд хамаг юмаа бэлдсэн чинь охин гараад, түүнээсээ болж худ ургууд муудаад аюул болсон түүх байна. Эхнэр нь үүнээс болж сэтгэл санааны дарамтанд орж нялх охиноо алж орхиод өөрийнхөө амийг хорлосон гунигт түүх байдаг юм байна. Үүнээс болж эмнэлгүүд нь жирэмсэн эх нарт хүүхдийг нь хүйсийг бараг л хэлж өгдөггүй юм гэсэн.
Гэр бүлтэй байж байгаад Солонгос явсан гэр бүлүүд бүгд салсан байна, салж байна. Очоод хань ижил рүүгээ мөнгө явуулаад байдаг, нэг ирсэн мөнгө ч үгүй, хань ижил ч үгүй болсон тохиолдол зөндөө юм гэсэн. Гэр бүлээр нь бодлоготой явуулж байхгүй бол залуу хүмүүс хол газар тусдаа удаан байх нь ийм асуудал үүсгэхээс гадна маш олон Монгол бүсгүйчууд Солонгос залуустай сууж байна. Мөн залуус нь ч ялгаагүй ч харьцангүй цөөн юм билээ. Саяханаас Сеүл хотын захиргааны гадаадын иргэдэд зориулан нэг цэгийн бүх үйлчилгээг үзүүлэх, Сеүл хотод хэрхэн амьдрах, ажиллах, хөлөө олоход нь зөвлөгөө өгөх зорилготой газар нээгдсэн байна. Хамгаас сайхан мэдээ нь энэхүү газар Монгол мэргэжилтэн эх хэлээрээ ярин Монголчууддаа үйлчлэн асуудлыг нь шийдэж өгөх болсон бөгөөд сайхан сэтгэлтэй Монгол бүсгүй тэнд ажиллаж буйг дуулгахад таатай байна. Тэрхүү газрын нэр болон хаяг нь Seoul Global Center.
Товч дүгнэн хэлэхэд Өмнөд Солонгос Улсад Монгол улсын бүхэл бүтэн нэг нийгэм үүсэн, ажиллаж, амьдарч, баярлаж, зовж цаг хугацааг элээж байна. Өнөөдөр зурагтаар гарсан мэдээгээр гадаадад буй Монголчууд жилийн нэг ажлын өдөрт дунджаар 1 сая америк доллар Монгол руугаа явуулдаг гэж байсан. Та биднийг, гэр бүлийнхэнийг чинь, найзуудыг чинь, хамаатан садныг чинь тэжээн тэнд махийтлаа ажиллан буй хүмүүс байгаа гэдэгт би 110% итгэлтэй байна. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл тэд нарыг мөнгөний машины нүдээр битгий харж, та нар сайхан амьдарч байна, наашаа тэдийг явуул гэж утсаар, цахим шуудангаар зовоож байгаарай. Тэд та бидний төлөө ажиллаад хангалттай их хөрөнгө оруулалт хийж байна. Зарим нь нутгаа санаад ирэх боловч нас хэтэрсэн, танил тал байхгүй, соёлын зөрчилдөөн гэх мэт шалтгаануудаар эх орондоо идээшихгүй буцаад явах нь элбэг юм гэсэн. Баяр сайд айхтар мундаг ил захидал гадаадад суугаа Монголчуудад явуулаад байсан. Хөөрхий зайлуул, аргаа бараад л тэгсэн биз ээ!
Жич: Өөр газраас блог руугаа Internet Explorer-р орсон чинь блогийн зарим бичлэг маань эвдэрч харагдаад байна лээ. Mozilla–р үзвэл зүгээр байна лээ шүү.
3 comments:
sonirholtoi temdeglel baina. saihan amraad avsan u. so garsan humuusiin niigmiin asuudal ch hundhen l baigaa l daa. umnu ni iishee tiishee tenej baihad ger buleer ni visa olgodog gazruud l ih zugeer sanagddag baisan daa.
Hi, sain yavaad ih yum uzeed irjee...
Namaig anh Seoul hotod surah geed ochihod mun iim dur zurag ajiglagdaj baisniig todhon sanaj baina. Bidnii Mongolchuud "suusan gazraasaa shoroo atgah" gegcheer bugd ali boloh sain saikhan zuils, amjilt buteeliig ni olj haraad "benchmarking" gedeg zuiliig heregleed baival tun bolomjiin baih shuu! Good luck Vinzo! Za tegeed udahgui neg uulzaldaj yavsan gazriin sonin hachinaasaa huuch huurch "chemodan"-ii soju-gee zadlana gedegt itgej baina.
Сайхан тэмдэглэл болжээ.
Бид хэд одоогоос 3 жилийн өмнө хувийн ажлаар 2 удаа Сөүлд очиж хэд хонож байсан юм. Урьд нь нааш цаашаа явахдаа 2 удаа дайрч байсныг тооцвол нийтдээ 4 удаа оччихжээ.
Байгаль, бүтээн байгуулалт, хоол унд гээд бүх юм нь таалагдсан. Намсан уулан дээр гардаг өдөр маш сайхан цэлмэг өдөр таарч, буцаад буумааргүй санагдаад, тэнд нэлээн байсан шүү.
Хан мөрний эргийг сайхан тохижуулж, хүмүүсийн амралтаа өнгөрөөх газар болгосон нь бидний орой болгон очих дуртай газар байв. Нэг нэг дугуй түрээсэлж аваад, ямар ч донсолгоогүй дугуйн замаар уралдацгааж, Парадайз-ын дэргэдээс завь авч, өөрсдөө сэлүүрдэн, Хан мөрний эрэг хавиар жоол явсан гээд сайхан сайхан дурсамжууд их бий. Их ус руу харахаар өөрийн эрхгүй айдас төрөх юм билээ шүү...
Post a Comment