Wednesday, 27 May 2009

Courage

Зориг

Японы Олон Улсын Их Сургуулийн (IUJ) Ерөнхийлөгч Яасума Сугихара (Yasuma Sugihara) маш гайхалтай үгсийг шинэ элсэгч нартаа зориулан илгээсэн байсныг сая олж уншлаа. Та бүхэн үүнийг анхааралтайгаар дахин дахин уншаад үзээрэй.

“It is an undeniable fact that today’s business world is growing increasingly complex. And this growing complexity will require tomorrow’s leaders to possess a complimentary set of strategic vision, managerial capabilities and personal courage to sustain the progress and prosperity of the global community.

Temptations always exist for leaders to shy away from making right but difficult decisions simply because they don’t want to rock the boat and make enemies. Rather, they are persuaded to maintain the status quo in the hope that the problems will somehow disappear with the passage of time. Problems, however, never disappear. They just grow and become more difficult to solve. Important decisions result in structural changes, changes in behavior and even changes in lifestyle which will negatively affect the people involved. This is why some leaders avoid making right decisions to accomplish needed reforms.

Good analysis and deep understanding may make good critics but they are not enough to make good leaders. What is needed on top of knowledge and skill is the courage to make difficult decisions and the strong will power to execute those decisions and face the consequences. When we have more courageous leaders to face the real issues and to make difficult decisions, we will start seeing the solutions to many of the problems which we face today.

Our world today has an acute need for new leaders…”

Үнэхээр бидэнд, Монгол Улсад маань зоригтой шийдвэр гаргаж чаддаг, гаргасан шийдвэрийнхаа хариуцлагыг хүлээж чаддаг, дүлэгнэдэггүй, за гэвэл ёогүй, буруу зүйл хийсэн бол бусдаасаа нөхөрсөг уучлал эрч чаддаг, эрх мэдэлтэй, мөнгөтэй нэгэнд долигнодоггүй, бусдад ямар нэгэн юмаараа барьцаалагдан суу гэсэн газар нь сууж, яв гэсэн газар руу нь өөрийн толгойгүй явдаггүй өөрийн гэсэн үзэл бодолтой, бусдын эрх чөлөөг хүндэлдэг, хүнийг цаашаа харж байхад нь нулимадаггүй, өөрийн гэсэн зорилготой, хамгийн гол нь зоригтой хүмүүс, лидерүүд ус агаар мэт хэрэгтэй байх шиг байна даа хаа сайгүй. Бултаараа дор бүрнээ хичээцгээе!

Friday, 22 May 2009

Fair play

Шударга байцгаая
Шударга байя л даа гээд хүмүүс их ярьж байна. Өчигдөр үндэсний телевизээр ерөнхийлөгчид нэр дэвшигч хоёр маань халз ярилцлага хийв. Тэрхүү бичлэгийг нь мэдээллийн бараг бүхий л сувгууд дараагийн өдрүүдээр нь өөрсдийн суваг, вэб дээрээ байршуулсан чинь өнөөдрийн Цагийн хүрд мэдээгээр энэхүү бичлэг нь үндэсний телевизийн албан ёсны бичлэг тул цааш нь тарааж, өөрсдийн мэдээллийн суваг дээрээ тавихийг боль гэж хэлж байна. Тавихаар бол зөвшөөрөл, мөнгө төгрөг төл гэх юм шиг байгаа юм санаа нь. Уул шугамандаа санаа болон үйлдэл нь зөв л дөө. Аа гэхдээ хэдхэн долоо хоногийн өмнө өөрсдөө Жеймс Бондын алдарт цувралын шинэхэн ангийг нь алба ёсны зөвшөөрөл авч худалдан авсан кино театрууд нь нээлтийг нь хийгээгүй байхад ямар ч зөвшөөрөлгүй, хулгайгаар нийтэд цацахдаа энэ талаар бодож байсан болов уу? Өргөө билүү Тэнгис кинотеатр үндэсний телевизийг шүүхэд өгөөд байсан шүү дээ. Тэр түүхийг нь энэхүү сүржин мэдэгдэлтэй нь харьцуулан бодохоор инээх ч хэцүү, уурлах ч хэцүү санагдах юм.
Өөрсдийнх нэвтрүүлгийн оргил цагаар ерөнхийлөгч Энхбаяр “өөрөө чихэр идэхээ больсон үедээ л бусдыг чихэр битгий ид гэж хэл” хэмээн захиад байхад л ойлгодоггүй ээ. Хаа хаанаа шударга л байя л даа. Томчууд нь өөрсдөө эхлээд санаачилж багачуулдаа үлгэр дууриал үзүүл л дээ. Хүн муу хэлэлтгүй бид нар бүгд хааяа ч болтугай өөрсдийгөө “толинд” маш сайн харж байх ёстой юм шиг байгаа юм. Тэгэхгүй бол өөрөө хацраараа дүүрэн нусаа нялж хатаачихаад бусад хүний хамраас нь өнгөц цухуйж байгаа нусыг хараад гудамжинд гаран нийтэд зарлаж өөрсдийгөө шившигт хутгаад байгаа зураглалууд эргэн тойронд зөндөө л байх юм даа. Тэдгээрийн ихэнх нь юм юмаараа “ядуу” хүмүүс болохоор “толь” худалдаж авч хүчирдэггүй байх аа даа. Тэгсэн мөртлөө “засгаас” гудамжинд нь том “толь” тавиад өгөхөөр хацар дээрх хатсан нусаа харахгүйн тулд санаатай хагалаад байхыг нь яана гээч.
“Зовох цагт нөхрийн чанар танигдана” хэмээх ардын зүйр цэцэн үгийн орчин үеийн гаргалгааг би “Сонгох ба сонгуулах цагт “хүмсүүдийн” тар танигдана” хэмээн томъёолмоор санагдлаа.

Monday, 11 May 2009

CFO club established

СFO клуб байгуулагдлаа

Ярьж бодож байсан юмны хувьсгалын тохироо бүрдэж санхүүгийн зах зээл, мөнгөний талбар, санхүүгийн талаар корпорацийн түвшинд шийдвэр гарган ажилладаг хэсэг залуус нэгдэн CFO (Chief Financial Officers) хэмээх хаалттай клубыг 2009 оны 5-р сарын 8-нд байгууллаа.
Гол зорилго маань хоорондоо мэдлэг, мэдээлэл, туршлагаа солилцох, хамтны ажиллагаа өрнүүлэх, санхүүгийн зах зээлийн талаарх соёл стандартыг дээшлүүлэх, олон нийтэд болон бүхий л оролцогч нарт зориулсан сургалт, боловсролын ажлыг системтэй хийх, төслүүд дээр оролцох юм.
Энэхүү клубт үүсгэн байгуулагч нараар дамжин гишүүд тодорхой тоогоор нэмж орох эрх нээлттэй хэдий ч тухайн хүнийг клубын гишүүнээр батламжлах эсэхийг клубын шинэ гишүүн элсүүлэх хороо эцэслэн шийдвэрлэх юм. Иймээс ажиллаж байгаа байгууллага, салбартаа мөнгө, санхүү удирдлага, эрсдлийн хүрээнд шийдвэр гаргах түвшинд ажилладаг, клубээс зөвхөн авах биш клубт ямар нэг хэмжээгээр
contribution буюу бодит хувь нэмэр оруулж ажиллан Synergy үүсгэх чин эрмэлзлэлтэй, чадвартай залуус надтай холбогдож болно шүү.

Wednesday, 6 May 2009

300

Блогоо шинэчлэсэнгүй удлаа гэж ойрмогхон дөрвөн ч хүнд “зэмлүүлэв”. Уул шугамандаа бол хуучны темп хурд, давтамжаараа л бичээд байгаа юм билээ шүү нөхөд өө. Заримдаа хүмүүс ийм юмны тухай бичээч, тэр чинь сайн нийтлэл болсон байна лээ, блогоор чинь байнга зочилдог гэж хэлэхээр ичээд байдаг юм. Яагаад ичээд байдаг вэ гэхээр 2 жил орчмын өмнө байх аа. ТВ үзээд сууж байтал бараг л хэдхэн хоногийн өмнө байгуулагдсан хип хоп хамтлагийн хүүхдүүд байсан санаж байна. ТВ-ийн сэтгүүлч рүү харж байгаад “Фэнүүддээ хандаж хэлэхэд” гээд л яриагаа эхэлж байж билээ. Тэрийг нь үзээд элгээ хөштөл инээж байсан юм. Өөрийгөө бусдын өмнө тийм ичгэвтэр байдалд оруулмааргүй байна мэргэжлийн сэтгүүлч биш болохоороо. Цэвэр миний хобби маягийн л зүйл юм уу даа. За энэ бол бэсрэгхэн оршил байлаа.

Олигархи гэж үг сүүлийн үед их моодонд орж байна. Энэ сэдвийн талаар та бүхэнтэй энэ удаад бодлоо хуваалцмаар санагдав. Wikipedia-с харахад уул нь бидний ярьж хэрэглэж байгаа шиг тийм ч муу үг биш юм шиг байгаа юм. Нийгмийн элит давхарга ч гэж зарим тохиолдолд орчуулж болохоор. Гэвч хэнүүс нь өөрсдийгөө элит гэж “дөвчигнөх”, хэнүүс нь тэднийгээ элит гэж өргөмжлөхөд л асуудал үүсч гоё үгийг муухай утгаар хэрэглээд байгаа бус уу.

300 гээд гайхамшигтай кино байдаг даа. Хэдий фантаз, уянгын халил орсон ч эртний Грекийн шигшмэл 300 баатар Персийн эзэнт гүрний асар олон дайснуудын эсрэг зогсон тулалдаж буй хүүрнэлтэй. Энэхүү кино нь “The Passion of the Christ” ба “The Matrix Reloaded” кинонууд шиг урлаг, утга зохиол, түүх, филиософи судлаач нарын дунд ширүүн маргаан өрнүүлсэн. Австралид Мастераа хийж байхад Филиософийн хичээлийн “потоок” лекцэн дээр багш, оюутанууд хэдэн хэсэг талцаад Матрикс киноны сүүлийн анги дээр ширүүн маргаан, мэтгэлцээн өрнүүлж байсан юм. Шашин, бурхан, ертөнцийн үүсэлтэй холбоотойгоор. Би одоо хүртэл тэр киноны төгсгөл, гол мессежийг нь ойлгоогүй л явна. Арабын орнууд Спартануудын киног нутаг дэвсгэр дээрээ гаргахыг хүртэл хориглож байлаа. Хэдий кино ч гэсэн “чанартай”, үнэнч цөөхөн групп байхад л эх орноо аварч болно, нэр төртэй мөнхрөнө гэсэн санаа юмуу даа. Өөрөөр хэлбэл би олигархи гэдэг үгийг ийм групптэй холбож ярих гээд байна.

Монголд 300 байна аа. Ажил хэргийн шугамаар хэвлэл мэдээллийн сэтгүүлч, удирдлагуудтай уулзан хууч хөөрөн явж байхад Монголын бүхий л ТВ, сонин, сэтгүүл, интернэтийн хар, шар мэдээнд ердөө 300 хүрэхтэй үгүйтэй хүний л ар, өврийн ажил, амьдралыг бичиж тойролддог тухайгаа батлан хэлж байсан юм. Энэ нь ч бараг илэрхий. Нөгөө л хэдэн улстөрч, урлаг, спортын одод, гэмт хэрэгтнүүд гэх мэтийн болсон болоогүй шалдир булдар түүхийг худалдаж аван та бид хэвлэл мэдээллийн ихэнх байгууллагуудыг “тэжээж” байдаг байх нь. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын оршин тогтнох гол арга нь мэдээж “гоё” сэдэв ба зар сурталчилгааны орлого. Хямралын энэхүү үед байгууллагууд зар сурталчилгааныхаа төсөвийг танасан нь заримдаа зохиомол “гоё гоё” мэдээний эрэлтийг хиймлээр үүсгэж буй бололтой. Хямралаас үүдэлтэй зар сурталчилгааны орлогын бууралтаас болоод АНУ-ын 137 жилийн тvvхтэй “Boston Globe” сонин нийт 50 сая долларын алдагдал хvлээн бараг дампуурч байгаагаас харахад амьдралын төлөө эрээ цээргүй тэмцэж буй хэвлэлийнхэнд бас бурууг өгөхөд хэцүү мэт. Гэхдээ л мэргэжлийн биш мань мэттэйгээ харьцуулахад зарим сэтгүүлч нарын чадвар үнэхээр сул байдаг нь бичсэн юмыг нь харахад мэдэгддэг.

2000 оноос хойш Монголд явагдаж, хийгдэж буй бизнесийн орчин ч мөн адил хэдхэн хүн, том компанийн хооронд эргэлддэг болоод удаж буй тухай бизнесийн салбарынхан ч ярьдаг юм. Саяхан арилжааны банкууд хөрвөх чадварын асуудалд оронгуут төр банкуудад буй бүх хадгаламжинд баталгаа гаргав аа даа. Үүнийг далимдуулаад судалгаа хийгээд үзсэн чинь Монгол улсын нийт хадгаламж эзэмшигчдийн тоо 1.3 сая бөгөөд тэдний 98 хувь нь 10 сая төгрөг хvртэлх хадгаламж эзэмшдэг. Би лав хувьдаа 10 сая төгрөгийн хадгаламжтай болох гэж хэдэн жил гүрийж байгаа ч төлөвлөгөөнийхөө 10 хувьд ч хүрээгүй л байна. Xамгийн сонирхолтой нь vлдсэн 2 хувийн эзэмших хадгаламж нийт хадгаламжийн 64 хувьтай тэнцэж байгаа юм. Мөн нийт хадгаламжийн 85 хувийг иргэд, 15 хувийг хуулийн этгээд буюу байгууллага эзэмшдгээс харахад нийгмийн баялгийн 70-80 хувийг ердөө 2 хувь нь эзэмшиж байгаа нь олигархийн нийгэм болж байгааг харуулж байна гэж УИХ дээр хэдэн өдөр маргаан өрнөж байсныг санаж байна. Өөрөөр хэлбэл баялгийн тэгш бус хуваарилалт байгаа нь илэрхий харагдаж буй. Хэдий мөнгөтэй хүмүүсийн хэрхэн мөнгөтэй болсон нь бараагаа зарж буй худалдагчид огт падгүй хэрэг хэдий ч нөгөө 300 “ширхэг” нөхдүүд шударга бус аргаар нийгмийн бүхий л дэд бүтцийг эзэгнэн бусдыг оруулахгүй байгаа нь хир зөв систем бэ? Энэхүү гажиг системээс болж жижиг болон дунд хэмжээний бизнесүүд томрох боломжгүй байгаа дүр зураг ажиглагддаг уу та нарт? Томрох гээд ирэнгүүт нь том бизнесийн бүлэглэлүүд ба мэргэжлийн хяналт, татвар, гаалийн “хамтарсан” групп пижигнэн ирж хамаг юм уудлан ухаж нээнтэг эрж амыг нь хамхина. Кинон дээр гардаг даа. Амжилттай бизнес эрхэлж буй залуу дээр өрсөлдөгч бүлэг нь очоод бизнесийг чинь 1 сая доллараар өнөөдөр худалдаж авъя гээд. Үгүй гээд явуулангуут нь маргааш нь дахин ирээд өнөөдөр бизнесийн чинь үнэ 700 мянган доллар болсон шүү гэх мэтчилэн өдөр алгасалгүй ирж дарамталж байгаад бизнесийг нь булаан авах, гүрийж байсан хэдийг нь нөгөө ертөнцөд илгээдэг зохиомжтой. Монголд бол арай “соёлтой болон найрсаг” хэлбэрээр энэхүү систем үүсчихсэн юм шиг.

Дээр дурдсан тоонуудтай холбоотой ерөнхий зарчмыг 1900 оны эхээр Италийн эрдэмтэн Вилфредо Парето судлаж тооцоолж алдарт 80/20-ын дүрмээ гаргасан нь өдгөө нийгмийн бүхий л салбарт ашиглагдаж байна. Товчхон хэлбэл аливаа юмны 80 хувийнх нь үр дүн, нөлөөлөл нь ердөө 20 хувийнх л учир шалтгаан, үйлдлээс үүдэлтэй гэж. Бизнес дээр бол таны компанийн орлогын 80 хувийг байнга үйлчлүүлдэг харилцагч нарын чинь 20 хувь нь л бүрдүүлдэг гэсэн үг. Энэ зарчмаар ХХБ анхлан Лоялти системийг төлбөрийн картан дээр нэвтрүүлэн Мобиком компанитай хамтарсан co-brand карт, дараа нь өрх гэрийн орлогыг голчлон захиран зарцуулдаг эмэгтэйчүүдэд зориулан Лэди лоялти картыг урамшууллын цогц системийн хамт зах зээлд нэвтрүүлсэн. Миний аз дайрч энэхүү төсөл дээр хамтран ажиллах боломж гарч нилээд хэдэн сар завгүй ажиллаж байж билээ.

Бидний хэрэглэж буй бензин, өргөн хэрэглээний барааны үнэ өндөр хөгжилтэй орнуудаас өндөр байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Солонгост зарагддаг жижиг савтай сүү Сеүл хотдоо 1000 воноор зарагддаг байхад Скай их дэлгүүрт 3000 төгрөгөөр зарагдаж байх жишээтэй. Солонгосын нэгэн дундаж худалдан авагчийн сарын дундаж орлого 2-10 сая вон байхад бидний дундаж 300 мянгаас 1 сая төгрөг байх жишээтэй. How come!!! Манай бараа чанартай тул өндөр үнэтэй хэдий ч байнгын гүйлгээтэй байдаг юм гэж зарим худалдагч нар тайлбарладаг. Үндсээр нь судлаад үзвэл дотооддоо байг юм аа гэхэд Хятадаас, Оросоос хамаагүй бага өртгөөр сүү нийлүүлэх хувь хүн болон жижиг дунд компаниуд байгаа л байхгүй юу. Гол нь одоо байгаа хэдэн худалдагч нар нь сүүний дамжлагын бүхий л дэд бүтцийг төрийн гол байгууллагуудтай нийлээд атгачихсан. Төрийн хэдэн түшмэд хүссэн үедээ үнэгүй сүү уудаг юм биз дээ. Эд нарт өгч буй авилгал нь Солонгост 1000 воноор зарагддаг сүүний Монголд зарах үнийг ингэж хий хоосон өсгөж ард түмний нуруун дээр үүрүүлж байгаа жишээ харагдаад байгаа. Барилгын метр квадратын үнэ үндэслэлгүй өндөр байгаагийн шалтгаан нь хэдэн сая доллараар авилга авч өөрийн болгосон газраа барилгын өртөгтөө шингээж буй царай. Ингэхээс ч арга байхгүй худалдагчийн хувьд. Бор зүрхээрээ ажиллаж буй хүн дусаж буй хөлснийхөө хирээр мөнгө олж буй бол төрийн түшмэд зурж буй гарын үсэгнийхээ тоогоор мөнгө хармайлж байгаа энэхүү системийг нураахгүй бол хичнээн сайхан амттай, тэжээллэг хоол идээд байдаг ч цагаан хорхой, шимэгч хорхойн улмаас туранхай, эцэнхий байдаг хүүхдүүд шиг л болчихоод байна даа та бид нар минь. Энэ муухай, бүдүүлэг системгүй бол бид метр квадрат талбайг нь 300 орчим ам.доллараар үнэлэн байраа худалдан авч, гадаадынх ч гэсэн чанартай сүүг 1000-с доош төгрөгөөс авч уун хамаагүй өртөг багагүй нийгэмд амьдрах гээд байна шүү дээ. Саяхан болсон төрийн албаны шалгалтын бүртгэлд 7000 гаран залуус бүртгүүлсэн гэж байна. Аж үйлдвэр, бизнесийн салбаруудад хүн хүчний хүрэлцээ хүрэхгүй байхад залуус төрийн алба руу ийнхүү шуурах нь юуны учир вэ? Тэнд нэг л амттай хоол байна аа даа. Миний ойлгосноор залуучуудын хувьд хэдий цалин бага хэдий ч эрхтэн дархтануудад дулдуйдаж хэдэн жил явж байгаад гадагшаа төрийн зардлаар сургуульд явдаг юм шиг байгаа юм. Үнэхээр тийм бол, тэгж толгой, биеэ үнэлсэн бол арчаагүй л байна даа. Гол нь явсан залуус нь буцаж ирээд тэр болгон төрийн байгууллагадаа ажилладаггүй, тухайн байгууллага нь ч “хэт боловсорсон” нөгөөхийгөө ажилд авч өөрсөд дээрээ төвөг удахийг хүсдэггүй юм шиг байгаа юм өнгөцхөн харахад. Төрийн албаны хүнд суртлын талаар нилээд дээр энд бичиж байж. Дээрээс нь энэ шалгалтыг нь хүмүүс сонин хэвлэлээр төрийн албаны АХА тэмцээн гэж нэрлэдэг болсон байх юм.

Манай нийгмийн цөм хэсэг нь мөнгөгүй байгаа учраас сэтгэлгээ нь бас их өөр байгаад байгаа юм шиг. Жишээ нь ресторан, бар байна. Ялангуяа шөнийн клуб үсрээд л 1-2 жил сайн ажиллаад байршил ба нэрээ сольж нүүхгүй л бол тогтвортой бизнесийн ашиг өгөхөө больдог юм шиг байгаа юм. Би үүнийг нь юу гэж хараад байна вэ гэхээр яг өөрийн цэвэр хөдөлмөрөөр зовж мөнгө олоогүй хүмүүс хаашаа л бол хаашаа явах, ороход бэлэн байдаг. Тэрнээс биш хөгжилтэй орнуудад нэг хүн буюу амьдрал нь тэгширсэн хүн нэг л газраараа байнга үйлчлүүлэх сонирхолтой байдаг. Баруунд бол бүр “Established in 1800” энэ тэр гэсэн хаягтай паб, зоогийн газрууд зөндөө байдаг даа. Манайд бол шинэ бол л сайн. Би хувьдаа үсээ засуулдаг нэг сайн хүнтэй болох гээд сүүлийн 4 жил хайж байна. Арай гэж санаанд таалагдсан үсчин олдоно. 2 сар засуулна. Тэгээд нөгөөх чинь ажлаасаа гарсан байна, үсчин нь хаагдсан байна. Эсвэл нөгөө 300-ийн нэг нь хаалгасан байна. Хөөрхий энэ бор зүрхээрээ яваа жижиг, дунд бизнесүүд. Аятайхан томрох гэхээр хахуулийг нь дийлдэггүй юм шиг байгаа юм. Ер нь гай шүү дээ. Илүүдээ гарсан мөнгө биш заавал хахууль өгөх албатай юм уу.

Дүгнэлт: Олигархи буюу 300-нууд хаа сайгүй Монголд үүсчээ. Гэхдээ “цэвэр цусны“ бөгөөд шударга, ёс суртахуунтай групп нь тун цөөн. Эд нар голлох бизнес, эдийн засаг, улс төрийн шийдвэр гаргадаг, бусад нэгж, жижиг группыг атгадаг болохоор топ 300-д багтахын тулд зарим хүмүүс арга ядсан бүхий л аргаа хэрэглэж байна. Буруутгах аргагүй мэт. Хүн өлсөхөөрөө хоол олохын тулд юу л бол юу хийнэ. Тэгэхээр энэхүү систем, дэд бүтцийг нь орвонгоор нь өөрчлөхөөс нааш нэмэгдэхүүний байрыг өөрчилсөн ч нийлбэрийн чанарт өөрчлөгдөхгүй юм биш үү. Миний хувьд мэдээж нийгмийн элит, шийдвэр гаргадаг, хүчирхэг бүлэглэлийн гишүүн болохыг “адгуусны араншингаараа” хүсэлгүй л яахав. Гэхдээ ийм “нахаальний”, өөрсдийн чадваргүй 300-ийн бүлэглэл бол хэзээ ч биш. Би сүүлийн үед бодоод байгаа юм. Саяхныг хүртэл “Just go where is greener” гээд шуурдаг, Монголоор бол хаана сайхан өвс байна мал тийшээ бэлчдэг биз дээ гээд найз нөхөдтэйгээ ярилцдаг байсан. Одоо болохоор алийн болгон өөрсдийгөө зөвхөн идэж уугаад, бааж шээгээд амьдардаг мал хуйтай зүйрлэх вэ, хааяа ч болтугай тэр гоё өвсийг нь тарьж ургуулдаг тариачин, ногоочин хүний үүрэг ролийг бид энэхүү нийгэмдээ гүйцэтгэх ёстой юм биш үү гэж санагдаад байгаа. Түүний тулд бүхий л эрсдлийг давах туулах хувийн бэлтгэл сайтай байх ёстой. 30 нас дөхөхийн хирээр ямар ч залуус амьдран буй орчин, хүрээлэн байгаа нийгмээ иймэрхүү өнцгөөс харж эхэлдэг гэдэгтэй би мөрийцөхөд ч бэлэн байна. Магадгүй би хэт орой “ухаан орж” байгаа ч юм шиг. Зарим хүмүүс намайг дандаа нийгмийн сөрөг талыг барьсан, өөрөө юугаа ч мэдэхгүй чадахгүй байж бусдыг шүүмжлэх юм, энэ бичлэг чинь огт таалагдсангүй энэ тэр гэж хэлж, сэтгэгдэл үлдээж байдаг юм. Энэ бол миний л орон зай, виртуалний ертөнц. Таныг заавал орж ирээд миний бичлэгүүдийг уншин хамаг нерваа бар гэж би ердөөсөө ч гуйгаагүй, хэзээ ч гуйхгүй. Дээрээс нь сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс нэрээ нууцлан бичээд байдгийг нь гайхаад байдаг юм. Хэнээс, юунаас айж ичээд байдаг юм. Нөгөө гайхал 300-ийн хүрээллийн нэг нь дараа нь чамайг шоолно гэж үү? Сэтгэгдлийн талбарыг хэрүүл биш эргэн холбогдох хаягаа тавиад ажил хэрэгч хэлэлцүүлгийн талбар болгохыг би хүснэм. Яагаад гэвэл сэтгэгдэл дээр би ямар ч шүүлтүүр, блок хийдэггүй, хэзээ ч хийхгүй. Аюумшигтайгаар уурлан хилэгнэж байгаа хэрэг огтхон ч биш шүү уншигч авхайтаан. Бөөндөж байгаад нэг мөсөн хэлж байгаа ухаантай бөлгөө. Паретогийн зарчмаар бол энэхүү 300-г Монголын 2,7 сая хүн амтай зэрэгцүүлэн 80/20-ийн харьцаатай нь жишвэл дөнгөж 0,01% болж байх юм. Энэхүү бичигхээн хувь маань 20% руу тэмүүлж байж нийгэм маань цөөн хэдэн хүний мэдлээс гарч сайхан задрах юм болов уу гэж хараад байгаа. 19,99% буюу тоон үзүүлэлтээр бол дахиад 540,000 гаран хүмүүс энэхүү нийгэмдээ идэвхтэй, бүтээлч, уйдах завгүй ажиллаж зүтгэх ёстой юм байна. Энэ хагас сая хүмүүсийн цөм нь та бидний үеийн залуучууд байх ёстой гэж бодном. Гэхдээ мэдээж системийг нь өөрчлөхгүйгээр муйхарлан зүтгээд бид юуг ч өөрчилж чадахгүй. Let us be one of 540,000s and let us form this community гээд энэхүү бичлэгээ дуусгая.

Жич: Энэхүү бичлэг маань ерөнхийлөгчийн сонгуультай ямар ч холбоогүй шүү. Дээр миний блогийн санал хүсэлтийн талбар дээр ерөнхийлөгчийн сонгууль дээр хамтрах бол холбоо бариарай гэсэн байсан. Дээрээс нь энэхүү бичлэгийг сэтгүүлч нар, бусад хүмүүс аваад цааш нь тараавал нэг тийм ПИ АР шинжтэй материал болсон юм шиг хүмүүст санагдаж буруу ойлголт төрүүлэх бий вий гэж санаа зовов. Тийм үү? Сүүлийн үед энд тэндгүй хүмүүс олигархи гээд яриад яваад байхаар нь л өөрийн бодлоо сийрүүлсэн хэрэг юм шүү. Мөн үү?