Views
Шударга байцгаая
Шударга байя л даа гээд хүмүүс их ярьж байна. Өчигдөр үндэсний телевизээр ерөнхийлөгчид нэр дэвшигч хоёр маань халз ярилцлага хийв. Тэрхүү бичлэгийг нь мэдээллийн бараг бүхий л сувгууд дараагийн өдрүүдээр нь өөрсдийн суваг, вэб дээрээ байршуулсан чинь өнөөдрийн Цагийн хүрд мэдээгээр энэхүү бичлэг нь үндэсний телевизийн албан ёсны бичлэг тул цааш нь тарааж, өөрсдийн мэдээллийн суваг дээрээ тавихийг боль гэж хэлж байна. Тавихаар бол зөвшөөрөл, мөнгө төгрөг төл гэх юм шиг байгаа юм санаа нь. Уул шугамандаа санаа болон үйлдэл нь зөв л дөө. Аа гэхдээ хэдхэн долоо хоногийн өмнө өөрсдөө Жеймс Бондын алдарт цувралын шинэхэн ангийг нь алба ёсны зөвшөөрөл авч худалдан авсан кино театрууд нь нээлтийг нь хийгээгүй байхад ямар ч зөвшөөрөлгүй, хулгайгаар нийтэд цацахдаа энэ талаар бодож байсан болов уу? Өргөө билүү Тэнгис кинотеатр үндэсний телевизийг шүүхэд өгөөд байсан шүү дээ. Тэр түүхийг нь энэхүү сүржин мэдэгдэлтэй нь харьцуулан бодохоор инээх ч хэцүү, уурлах ч хэцүү санагдах юм.
Өөрсдийнх нэвтрүүлгийн оргил цагаар ерөнхийлөгч Энхбаяр “өөрөө чихэр идэхээ больсон үедээ л бусдыг чихэр битгий ид гэж хэл” хэмээн захиад байхад л ойлгодоггүй ээ. Хаа хаанаа шударга л байя л даа. Томчууд нь өөрсдөө эхлээд санаачилж багачуулдаа үлгэр дууриал үзүүл л дээ. Хүн муу хэлэлтгүй бид нар бүгд хааяа ч болтугай өөрсдийгөө “толинд” маш сайн харж байх ёстой юм шиг байгаа юм. Тэгэхгүй бол өөрөө хацраараа дүүрэн нусаа нялж хатаачихаад бусад хүний хамраас нь өнгөц цухуйж байгаа нусыг хараад гудамжинд гаран нийтэд зарлаж өөрсдийгөө шившигт хутгаад байгаа зураглалууд эргэн тойронд зөндөө л байх юм даа. Тэдгээрийн ихэнх нь юм юмаараа “ядуу” хүмүүс болохоор “толь” худалдаж авч хүчирдэггүй байх аа даа. Тэгсэн мөртлөө “засгаас” гудамжинд нь том “толь” тавиад өгөхөөр хацар дээрх хатсан нусаа харахгүйн тулд санаатай хагалаад байхыг нь яана гээч.
“Зовох цагт нөхрийн чанар танигдана” хэмээх ардын зүйр цэцэн үгийн орчин үеийн гаргалгааг би “Сонгох ба сонгуулах цагт “хүмсүүдийн” тар танигдана” хэмээн томъёолмоор санагдлаа.
No comments:
Post a Comment