Wednesday 10 June 2009

Global mining turmoil

Views

Даяаршиж буй уул уурхайн бужигнаан

Дэлхий даяар Чайналко (Chinalco), Би Эйч Пи (BHP Billiton), Рио Тинто (Rio Tinto), Монголд маань Оюу толгой, Таван толгой гэсэн “нэр үгнүүд” сүүлийн үед бараг хүн бүрийн амны уншлага болж, “За байз, уул уурхай руу оръё доо” гэдэг хэлц хүртэл моодонд ороод байна. Монгол болон Австрали улсуудын газар нутаг, хүн ам, эдийн засгийн ерөнхий бүтэц нь тун төстэй бөгөөд дэлхий даяар бужигнуулан шуугиулж байгаа орд бааз газар нь миний сурч байсан баруун Австрали тул тэнд хэсэг байсных, бас сүүлийн үеийн “моод” дагаж уул уурхайн талаарх мэдээллийг Bloomberg, Reuters, BBC, CNN, Euromoney, Time, Economist, Forbes, The New York Times, The Independent зэрэг мэдээллийн хэрэгслүүд дээр гарсан мэргэжлийн оролцогч, шинжээч нарын дүгнэлт болон дотоодын зарим мэдээллийн эх үүсвэрийг ашиглан нэгтгэн өөрийн нимгэхэн бодлоо та бүхэнтэй хуваалцмаар санагдлаа.

Саяны бараг л амжилтгүй болоод байгаа Хятадын төрийн өмчийн дэлхийд хөнгөн цагааны үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чайналко компанийн Англи, Австралийн эзэмшлийн Риод оруулах 19,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ нь бүтсэн бол Хятад улсын түүхэнд гадаад улсад, гадаадын компанид оруулж буй хамгийн том санхүү, хөрөнгө оруулалтын гэрээ болж түүхэнд бичигдэх байлаа. Бараг сарын өмнө олон нийтэд зарлагдсан энэхүү гэрээний нөхцлөөр Чайналко 12,3 тэрбум долларыг шууд хөрөнгө оруулалт буюу хувьцааг нь авах, 7,3 тэрбум нь хөрвөх өрийн бичгээр гарч буюу тусгай нөхцлөөр тодорхой хугацааны дараа компанийн хувьцаанд хөрвөх байлаа. Ингэсэн бол Чайналко Риогийн 18 хувийн хувьцааг гартаа дангаараа атгаж, Захирлуудын зөвлөлд нь хоёр ширхэг “хужаа баагий” суух байсан нь Риогийн одоогийн хувьцаа эзэмшигч нар болон Австрали улсын засгийн газар, улс төрчдийн дургүйцэл болон болгоомжлолыг зэрэг төрүүлсэн юм. Гэсэн хэдий ч Чайналко Риогийн 9 хувийг эзэмшсэн хэвээр бөгөөд цаашдын үйл явцыг “эзэмшин буй хувийнхаа хүрээнд машид анхааралтай” ажиглана хэмээх айлгах, сүрдүүлэхийн хооронд Рио-д хэлээд амжаад байна.

Хоёр тал өнөөдрийг хүртэл гэрээний нөхцлөө бага зэрэг өөрчлөн хамтран ажиллана гэж үзсээр байгаа ч Рио аль хэдийн 15,2 тэрбум долларын үнэ бүхий Rights issue буюу одооны хувь нийлүүлэгч нартаа эзэмшиж буй хувь хэмжээтэй ижил хэмжээний хувьцааг санал болгохоор зэхэж буй бололтой юм. Олон улсын шинжээч нар дор хаяж 12 тэрбум долларыг одооний хувь нийлүүлэгч нар нь хөнгөлөлттэй үнийн нөхцөл бүхий Rights issue-р нэмж босгох бүрэн боломжтой хэмээн дүгнэн бичицгээж байна. Чайналкотой хийхээр амласан гэрээнээс буцсаны торгуульд Рио 195 сая долларыг төлөх болж байгаа хэдий ч Би Эйч Пи-тэй тэнцүү хэмжээгээр буюу 50:50-ийн харьцаагаар хувь нийлүүлсэн хамтарсан компани байгуулж Баруун Австрали дахь Пилбара орчмын уул уурхайн орд газруудыг Чайналкотой хамтран ашиглахаар (гомдлыг нь тайлах зорилгоор гэж хараад байгаабэлтгэл ажлаа В төлөвлөгөө маягаар боловсруулаад эхний үйлдлээ хийгээд эхэлсэн бололтой. Эдгээр зарчмын нөхцлүүдийг харилцан зөвшөөрсөн Санамж бичигт гарын үсэг зурсанаа хоёр тал нийтэд зарлаад байна. Эдгээр бүхий өөрчлөлттэй холбоотойгоор Рио-ийн гүйцэтгэх удирдлага болон захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнд нилээд өөрчлөлт гарахаар шинжтэй болж байна.

Харин Рио ба Би Эйч Пи-ийн нэгдэлтэй холбоотойгоор дэлхийн ган үйлдвэрлэлийн гигантууд эсэргүүцлээ шууд илэрхийлж эхэлсэн бөгөөд түүхий эдийн монополь байдал олон улсын зах зээл дээр үүсч байна хэмээн Хятад, Япон, Солонгос, Европын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар мэдэгдэл хийгээд байна. Учир нь дэлхийн ба 3 дахь төмрийн хүдэр боловсруулагч гигантууд Баруун Австрали дах Пилбара орчмийн ордуудыг ашиглах зорилгоор хоорондоо нэгдэж байгаа нь 2004-2008 оны хооронд үүссэн үнийн огцом өсөлтийг авч ирнэ хэмээх болгоомжилж буй. Рио, Би Эйч Пи болон Бразилийн Вэйл Эс Ай гэсэн 3 компани л дэлхийн төмрийн хүдрийн экспортын 75 хувийг дангаараа атгадаг бөгөөд одоо Рио, Би Эйч Пи хоёр хоорондоо нэгдэнгүүд энэхүү монопольчлол улам чангарна хэмээн импортлогч нар түгшиж дургүйцэж байгаа нь зүйн хэрэг. Энэхүү нэгдэх үйл явцыг хоёр компани дээрээс харж байсан бөгөөд одоо л чухам үйлдэл хийх боломж нь гарч буй аж. Хоорондоо нэгдсэнээр хоёр аварга маань бие биенийхээ дэд бүтэц болох төмөр зам, усан тээврийн зогсоолуудаа харилцан ашиглах болж байгаа бөгөөд үүний үр дүнд Би Эйч Пи олборлолтоо 150-с 170 сая тонн болж өсгөж байгаа бол Рио 200-с 170 сая тонн болж бууруулж байгаа юм. Үүний тулд Би Эйч Пи Риод 6 тэрбум долларыг төлөхөөр нэгэнтээ тохиролцжээ. Гэсэн хэдий ч энэ нь нэмэгдэхүүний байрыг өөрчилсөн нь нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэж бусад улсууд эгдүүцэж байна. Харин Австралийн улстөрчид Хятадын коммунистуудтай газрын баялгаа хуваалцахгүй боллоо хэмээн сэтгэл хангалуун маадайж эхэлжээ. Тэд өөрсдийн байр сууриа Австрали улсын гадаадын хөрөнгө оруулалтын агентлагаар дамжуулан илэрхийлж хэрэгжүүлсэн юм.

Уул уурхайн үнийн өсөлт бууралтаас шалтгаалан том үйлдвэрүүд зардлын удирдлага дээрээ түлхүү анхаарч эхлээд байна. Үнийн өсөлтийн үед олборлолт, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх нь зүйн хэрэг боловч энэ нь нөгөө талаасаа үйл ажиллагааны зардал, тэр дундаа шатах, тослох материал, хүн хүчний зардлыг эрс өсгөж байдаг. Энэхүү баланс нь алдагдаж ашигт нөлөөлж эхэлмэгц компаниуд зардлаа багасгахын тулд уурхайнуудаа хааж, шинэ төслүүд рүү орохоо зогсоож байна. McKinsey хэмээх зөвлөх компанийн шинжээч нарын үзэж байгаагаар энэ жил уул уурхайн салбарын нийт хөрөнгө оруулалт 62 тэрбум доллар байгаа нь өнгөрсөн жилийнхээс хоёр дахин бага байгаа бөгөөд 2010 онд үүнээс ч багасах болно гэж үзэж байна. Иймээс том компаниуд ойрын үед шинэ төслүүд рүү орох сонирхолгүй байгаа нь илт мэдрэгдэж байгаа бөгөөд энэ бүх том бүтцийн өөрчлөлт, глобаль өөрчлөлтөнд нь Монгол дахь Би Эйч Пи-ийн салбар “өртөж” үүдээ хаасан байж болох талтай. Магадгүй Хятадуудын гомдлыг тайлахын тулд Монголын зах зээлийг найр тавин өгч байж ч болох юм бүр цаагуураа. Хэн мэдлээ! Нөгөө талаасаа харилцан зөвшилцөлд хүрч чадахгүй хүнд хэлэлцээр хийж, том эрсдэл үүрэхгүйн тулд Монгол, Конго, Гивенэй зэрэг улсууд дахь бизнесийн боломжийг хаяж ч болох нөхцөл цаагуураа үүсээд байгаа юм шиг Рио, Би Эйч Пи хоёрын хувьд. Ийм тохиолдол үүсвэл бизнес огт зогсохгүй дэлхийн том гигантуудын оронд дараагийн зиндааны буюу арай бага түвшиний тоглогч нар, магадгүй хэн ч мэдэхгүй “нэг гар” хүссэн хүсээгүй орж ирнэ. Ингэснээр бүтээгдэхүүний өртөг улам өсөх магадлалтайгаас гадна Монголын хувьд хоёр толгойгоос олж болох байсан ашиг нь эрс буурах аюултай байж болохоор.

1,3 гаруй тэрбум хүнтэй, дэлхийн хамгийн олон цэрэг бүхий нүсэр армитай Хятад улсын хувьд уул уурхайн энэхүү бужигнаан, металь, түүхий эдийн үнийн хэлбэлзэл нь яах аргагүй тэргүүн зэргийн ач холбогдолтой зүйл нь ойлгомжтой. Хятад улс сүүлийн 25 жилийг хүнд, хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч ирсэн бөгөөд одоо эдгээр хэдэн мянган үйлдвэрүүд нь түүхий эдгүй, эсвэл маш өндөр үнэ бүхий түүхий эдээр ямар ч ашиггүй ажиллах аюултай тулгараад байна. Иймээс Хятадын засгийн газар, том компаниуд нь түүхий эдийн үнэ буурч байгаа үед маш их хэмжээний худалдан авалтийг хийж эхэлж байгаа бөгөөд энэ нь 2009 онд Ази тивийн хөрөнгө оруулалтын банкуудын гол үйл ажиллагаа нь байлаа. Түүнчлэн түүхий эдийн нөөцийг тогтмол хэмжээнд барьж үнэ өссөн үед дэлхийн зах зээлд түүхий эдээ зарж үнийн бодлогод шууд оролцож эхлээд байна. Хямралын үеийн энэхүү цаг үед хамгийн их мөнгөтэй улс бол яах аргагүй Хятад улс байсаар л байна. Тийм ч учраас дэлхийн бараг бүхий л улс орнууд Хятадаас болгоомжилж стратегийн ордууд, үйлдвэрийн газруудаа мөнгийг нь бодоод шууд зарчихаж чадахгүй “шийрэгнэж” байна. Улс орны язгуур эрх ашиг, ирээдүйгээ бодвол энэ ч зөв мэт боловч цэвэр бизнес гэдэг утгаар харахад бас их төвөгтэй. Одоо Хятадууд мөнгөөр бүх юмыг шийдэж болохгүй ойлгоод байгалийн баялаг ихтэй улсуудтай бараг бартер маягийн гэрээг хийж эхлээд байгаа нь сонирхолтой дүр зураг юм. Жишээ нь, Бразил, Оросод мөнгө зээлээд оронд түүхий нефть авах гэх мэт. Иймээс Хятад гүрэн байгалийн баялаг, түүхий эдийн үндэстэн дамнасан бизнес рүү өмнө байгаагүйгээр түрэмгий орж, байж болох бүхий л боломжийг алдахгүй ажиллах болно гэдэг нь илтэд мэдрэгдэж байна. Баталгаа нь зөвхөн 2008 онд Хятад 51,1 тэрбум долларыг гадаад хөрөнгө оруулалтанд зарцуулсанаас 31,3 тэрбум нь буюу 60 гаруй хувь нь байгалийн баялаг, түүхий эдийн шууд хөрөнгө оруулалт байна. Харин 2009 онд 12,3 тэрбумийг шууд уул уурхай, байгалийн баялагийн салбарт гадагшаа хөрөнгө оруулалт нийт нийт хөрөнгө оруулалтанд байгалийн баялагийн эзлэх хувийн жинг 98 хувь болгох таамаглалыг Dealogic институци гаргаад байгаа нь Монгол улсын хувьд анхаарахгүй байхыг аргагүй зүйл бөлгөө.

Ямар ч бизнес хэдий чинээ глобаль болно төдий чинээ улс төрийн нөлөө орж ирж байгааг та бүхэн мэдэрч, харж байгаа байх. Ийнхүү олон улсын компаниуд Хятадын төрийн өмчит, төрийн бүрэн мэдлийн компаниудтай харьцахаас зайлсхийж байгааг Хятадууд соргогоор анзаарч олон улсын зах зээлд танигдсан компаниудад багахан шиг хөрөнгө оруулж, цаад утгаараа энэ мэтийн компаниудаар дамжуулан нөгөө зугтаад байгаа гигантуудтай харьцахаар үзээд байх шиг байгаа юм. Үүний сонгодог жишээ нь, Хятадын хамгийн том эрчим хүчний компани болох Петро Чайна нь Сингапур Петролиумд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж 45 хувийг нь эзэмших болсон явдал. Энэхүү дүр зургийг олон улсын шинжээчид, ялангуяа The Economist-ийн аналистууд “Sino-Trojan Horse” буюу Сингапурчууд Хятадуудын халхавч болж байна хэмээн дүгнэж байгаа бөгөөд үнэхээр ч Петро Чайна нь төрийнхөө мэдлээс гараагүй цагт энэ хэллэг туйлын үнэн байх өндөр магадлалтай. Дэлхий даяар шуугиулж байгаа Чайналко-ийн хэлцэлд Австралийн гадаадын хөрөнгө оруулалтын хороо 6-р сарын 14-нд албан ёсоор хариу өгөх бөгөөд энэ хариу эерэг гарсан ч Рио-ийн хувь нийлүүлэгч нар 7 сарын дундуур болох хурлаараа эцэслэн шийдвэрлэх юм байна. Энэ асуудал нь Хятад, Австрали улсуудын улс төр, гадаад харилцаанд асар том зөрчилдөөн нэгэнт үүсгээд амжжээ. Энэхүү түүх нь 2005 онд Хятадуудын төрийн өмчийн CNOOC компани Америкийн UNOCAL-р дамжуулан АНУ-д оруулах гэж байсан хөрөнгө оруулалтын бүтэлгүй түүхтэй яг ижил өрнөж байна. Хятад улсын хувьд үйлдвэрлэгч ба хэрэглэгч нэгэн зэрэг байхыг хүсч байгаа нь яах аргагүй хамгийн том стратеги, тоглоомын дүрэм нь хэмээн харагдаж байна. Яагаад ч буруутгах аргагүй.

Харин манай улсын дэд бүтэц, уул уурхайн төслүүдийн зах зээлийн багтаамжийг барагцаалж үзвэл 930 сая тонн зэс, 236 тонн алтны нөөц бүхий алдарт Оюу толгойн орд, нүүрсний Таван толгойн орд, Транс Сибирийн паралель төмөр зам, Монголын Иргэний Агаарын Тээврийн хувьчлал, шинэ баригдах онгоцны буудал, Монголын баруун хязгаараас зүүн хязгаар руу шинээр нэмж тавих 1550 км хар зам, дагалдах эрчим хүчний төслүүдийг тооцвол ирэх 15 жилд нийт 29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа юм. Эдгээрийг дотоодоосоо санхүүжүүлэх ямар ч боломж бидэнд одоогоор байхгүй. Хэсэгчлэн санхүүжүүлсэн ч гэсэн дотоодын банкуудын төгрөгийн эх үүсвэрийн зардал нь жилийн 16 хувь бөгөөд дээр дурдсан том төслүүдийн хувьд эх үүсвэр нь дэндүү өндөр өртөгтэй болох юм. Яг өнөөдрийн байдлаар Монголын банкны салбарын хэмжээний чанаргүй зээлийн 10 хувьд хүрч байгаа нь байдал болон боломж ямар байгааг баталж баймой. Иймээс зайлшгүй гадаадын нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын банкууд, үндэстэн дамнасан корпорациуд ба хувийн том хэмжээний бизнес эрхлэгч нар Монгол улсыг сонирхон, энэхүү төслүүд дээр хэлцэл хийх шатанд оролцохоос өөр аргагүй. Асар их мөнгөтэй Хятад улс өндөр хөгжилтэй орнуудад хөрөнгө оруулж чадахгүй байна, одоо тэр мөнгийг хаана эргэлдүүлэх вэ гэдэг маш том асуултын тэмдэг дэлхий даяар хэсч баймой. Магадгүй Энэтхэг, Африк руу цутгах ууМагадгүй Монгол руу юу? Харин Монголчууд бид оруулах уу, үгүй юу гэдгийг бултаараа шийдэх болох нь дээ тэр үед нь та бид! Бид ч юу байх вээ, эрхэм гишүүд, дарга нар гэх гэж байлаа.

2 comments:

gegeen said...

gui ee mon hodolmorch zaluu shuu. shimtei bichleg nemne gej jigteihen. keep it on!

mash ih bodoj, sudalj dee gej harjeenoo.

buree said...

China ene asuudlyn tuluu manai heden ikh hurlyn gishuudyg yadah umgui hudaldaad avah baihdoo...