Saturday, 26 September 2009

Running on empty

Views


“Harvard International Review” сэтгүүлийн 2009 оны 9-р сарын дугаарт “Running on empty; Mongolia’s economic crash” гэсэн гарчигтай нийтлэлийг сэтгүүлч Aaron Mattis бичсэн байна. Гарчигнаас нь авахуулаад бүхий л хэлсэн санаа, баримт нь үнэхээр анхаарал татмаар бичигджээ. Гол санаа нь Монгол Улсын гадаад өр эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд саяхан ОУВС-с авахаар болсон 229,2 сая ам.долларыг оролцуулбал улсын маань нийт өр 1 тэрбум ам.долларт дөхөж буйг дурдсан байна. ОУВС ийнхүү тусалж буйн шалтгааныг санхүүгийн хямралд нэрвэгдэн өндөр инфляци, төсвийн алдагдалд орж түүнийгээ нөхөхийн тулд өр зээлэнд баригдаад байгаа Монгол Улсын хөрвөх чадварыг түр хугацаанд дэмжиж хамгийн гол нь уул уурхайн салбараас ирээдүйд орж ирэх мөнгөн урсгалыг гадаад өр, зээлээ, түүн дотор ОУВС өөрийн өгсөн мөнгөө найдвартай буцааж авах том баталгаа гэж харж буй аж.
Ноолуур болон эрдэс бодисын дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлтөөс үүдэлтэй орлогыг ухаалаг зарцуулж чадаагүй “шоу”-даад үрсэнийг “Ноолуураа зарж гэнэт их мөнгө олж гэртээ агааржуулагч авсан малчин нь одоо агааржуулагчийнхаа лизингийг төлж барахгүй төдийгүй банкнаас нэмж зээл авч чадахгүй байна” гэсэн жишээгээр тайлбарласан байх аж. Гэсэн хэдий ч алдарт Оюу толгойн орд нь Монголын ДНБ-ийг гурав дахин нэмэгдүүлэх боломжтойг бататгаад зогсоогүй Таван толгойн нүүрсний ордыг мөн онцгойлон дурджээ.
Сонирхолтой нь одоогийн ерөнхийлөгчийн талаар “Elbegdorj has a long track record of populist rhetoric and well-documented suspicions of foreign businesses, both of which unnerve analysts and investors who wish to see the Oyu Tolgoi mining project and other deals approved as quickly as possible” гэсэн дүгнэлт хийсэн нь барууныханд хэрхэн ойлгогдож буйг хэлэхэд хэцүү юм. Хөдөө аж ахуй дээр суурилсан эдийн засгаас уул уурхай дээр суурилсан эдийн засаг руу шилжихэд тийм ч амархан байхгүйгээс гадна үр шимийг нь тэр дороо хүртэхгүйг анхааруулжээ. Монголчуудад хэлж буй гол мессежийг нь богино хугацаанд ДНБ-нээ эрс өсгөн азийн бар, арслан болохын гол аюул нь хэн ч таамаглаж чадахгүй үнийн уналт, санхүүгийн гэнэтийн хямрал байдаг. Иймээс ухаалаг хэрэглээ, хэмнэлттэй зарцуулалт байх ёстой шүү гэж би ойлгов.
“Running on empty” гэдэг нь англи хэлц үг агаад утга нь бензин нь дуусаад улаан гэрэл нь ассан машинаар явах гээд ухнатаад буйг зүйрлэсэн ёжлол аж.
Мөн түүнчлэн Business Monitor International 2009 оны 8-р сарын 31-нд гаргасан тайланд Монголын банкны сектор хүнд байдалд байгааг дурдаад энэхүү хүндрэлээс ойрын хугацаанд гарах хамгийн боломжит арга нь уул уурхайн салбар гэж тодотгосон байв. Алдарт уул уурхайн төслүүдийг даруй эхлүүлж чадвал 2010 оны дунд үеэс нь банкны салбар хэвийн байдал руугаа хэвийх хандлагатай болохыг дүгнэн бичжээ.
Машинаа таг зогсохоос нь өмнө та бид түлшний савандаа зээлээр ч болтугай түлш авч хийж хаазаа гишгэх цаг нь нэгэнт болжээ гэж дүгнэх байна.



1 comment:

Odkhuu.B said...

их хэрэгтэй мэдээлэл байшөө үнхээр гайхалтай бичиж