Friday 13 November 2009

Clever Hans – Feeling

Views

Mid-term exam дуусч зав зай арай уужуухан болж байна. Mid-term exam давсаны дараа “жинхнээсээ” энэ сургуулийн оюутан гэж цоллуулдаг гэнэ. Энэ улиралд бизнес харилцааны хичээл заавал үзэх ёстой хичээлүүдийн нэг байсан агаад түүнийг нь дуусгаад ахисан түвшний курсийг нь сонгон бараг өндөрлөж байна. Харилцааны хамгийн дээд түвшин бол ярьж байгаа хүнийгээ, сонсож байгаа хүнийгээ мэдрэх бөгөөд профессор үүнийг тайлбарлахдаа дараах нэгэн сонирхолтой түүхийг жишээгээр авсан юм.

1900-д оны үед Hans хэмээх нэртэй жирийн нэгэн араб адуу чухам од болон гялалзаж байв. Учир нь эзэн нь түүнд тоо бодохыг зааж өгсөн байна. Морь ч тоо нэмэх, хасах, хуваах, үржүүлэх, тэр байтугай квадрат зэрэгт дэвшүүлэх зэрэг үйлдлийг бодон хариугаа хөлөөрөө газар товшин хариулдаг байжээ. Олон ч судлаачид очиж судлан заль мэх хэрэглэсэн юм байхгүйг тогтоогоод зогсохгүй уг адууны сэтгэн бодох чадвар нь 14 настай хүүхдийн түвшинтэй ажил байгааг баталгаажуулжээ. Морь, эзэн хоёрын цуу алдар Pfungst хэмээх сэтгэл судлаачийг ирэх хүртэл дэлхий даяар цуурайтаж байв. Мань сэтгэл судлаач юуг олж тогтоосон бэ гэвэл алдарт морь маань тоо бодсон юм байхгүй харин зөв хариу хэлэхийг хүлээн өмнө нь догдлон зогсож буй хүмүүсийн сэтгэлзүй, үйл хөдлөлийг мэдэрч чаддаг байсан байна. Жишээ нь, нэг хүн 10 дээр 58-ийг нэмэхэд хэд вэ гэхэд адуу маань туурайгаараа газар товшиж эхэлдэг байна. Үзэж байгаа хүмүүс ч сэтгэл нь догдлон бүгд өөрийн эрхгүй урагш тонгойн хамаг анхаарлаа адуун дээр хандуулах бөгөөд морь хөлөө товшихоо больж дутуу хариулбал хүмүүс шаагилдаж эхэлнэ. Үүнийг морь мэдрэн зөв хариунд хүртэл туурайгаараа товшин хүмүүс баярлан, дуу алдан, хойшоогоо тонгойн алга таших хүртэл уг үйлдлээ үргэлжлүүлдэг байсан байна. Судлаач хэлэхдээ уг адуу эргэн тойрны 20 метр дотор хүмүүсийн 1 мм-ийн хөдөлгөөнийг алдахгүй харж, ойр байсан хүмүүсийн зүрхний цохилтыг мэдэрдэг байсан гэжээ. Товч түүхийг эндээс үзнэ үү.

Би ч заримдаа адуу, малнаас ч дор мэдрэмжтэйгээ мэдрээд байгаа. Өнгөрсөн ажлын туршлагуудаа хараад байхад голлон гаргасан алдаанууд минь хүнтэй харилцах явцад гаргасан алдаанууд байх. Олон ч хүн надад зарим үед хэт шулуухан байна гэж хэлж байсан. Энэхүү хичээлийг заасан хүнийг Prof. Robert Burnside гэх бөгөөд Toyota, NTT DoCoMo (Японы топ мобайл оператор), Citigroup, Morgan Stanley зэрэг том компаниудын гүйцэтгэх удирдлагуудад манлайлал, харилцааны урлагийн зөвлөгөө өгч ажилладаг аж. Өнөөдөр тусгайлан цаг авч байгаад өөрийнхөө талаар зөвлөгөө авав. Гол зөвлөсөн зүйл нь Assertiveness гэдэг зүйлийг сайн судал гэв. Гол санаа нь бусдын эрхэнд халдахгүйгээр өөрийн эрхийг эдэл. Бусдыг мэдэр. Асуудал үүсвэл хүнтэй нь биш асуудал руу нь довтол гэсэн утгатай. Би эргээд болж бүтэхгүй асуудлын цаана хэн нэгэн хүн л байж таарна шүү дээ. Хүнтэй нь ярихгүй, дурдахгүйгээр яаж асуудлыг нааштай шийдэх вэ гэж маргахад тэрийг чинь л улс төр гэдэг юм гэж байна даа хөө. Гэхдээ намайг урамшуулсан зүйл нь шийдвэр гаргаж чадахгүй дүлэгнэсэн, бөөрөнхий хүнээс зөв ч бай, буруу ч бай шийдвэр гарган, болж болохгүй байгаа асуудлыг ил тод хэлдэг хүн нь алсдаа хождог гэсэн өгүүлбэр нь байв. Мэдээж улс төрч л болохгүй бол шүү дээ.

Бас нэг жишээ санаанд оров. Англи хэлнээ To point people буюу хүн рүү чичлэх гэсэн хэлц байх. Чи хүн рүү чичилж байгаа үед долоовор буюу ганцхан хуруу чинь тэр хүн рүү зааж байхад дунд, ядам, чигчий гэсэн гурван хуруу чинь эргээд чам руу чичилж буйг ямагт анзаарж, анхаарч бай гэсэн утгатай. Одоо бодоход ажил, амины асуудлаас болж нижгээд хүнд пүл пал хэлтэл нь хэлж гомдоож байсан байх (чичилж байгаагүй санаж байна шүү). Хэдий тэр үед хувийн түвшинд миний хэлж буй битгий хүлээж аваарай гэж хэлж байсан ч энэхүү бичлэгээр дамжуулан хүлцэл өчье. Аль аль талдаа алсдаа сургамжтай том туршлага болсон гэдэгт харин ч нэг эргэлзэхгүй байнам.

Verdana хэмээх энэхүү фонтыг компьютерийн дэлгэцэнд зориулан бүтээсэн юм байна. Иймээс өнөөдрөөс эхлээд энэхүү фонтыг блогтоо ашиглаж байхаар шийдэв. Юм болгон цаана нарийн нандин учир жанцантай байдаг аж. Харин тэр болгоныг нь мэдрэх мэдрэмж хүн болгонд заяагаагүй юм шиг. Хамгийн шилдэг илтгэгчид, хүмүүсийг мэдрэн өөртөө татагч нар бол шашны байгууллагын төлөөлөгч нар болов уу. Яагаад хүмүүс лам хар дээр гүйж очоод байгаа вэ. Учир нь лам нар нь тэр хүмүүсийг хэн хүнээс илүү мэдэрч, нөгөө хүмүүс нь лам нартаа итгэн бүх юмаа хааж нуулгүй ярьж харилцан мэдрэлцэж байгаа хэрэг бус уу. Ламаа боль гэхэд ядаж л хажуу хавирганы хүмүүсээ эхэлж мэдрэн араб адуунаас дээр амьдрах нь хүн болж төрсний үүрэг нөгөө талаасаа бахархал буй заа. Харин эхнэр ба нөхөр, ээж ба хүү, дарга ба ажилтан хоёр өөрсдийн ажилтай холбоотой асуудлаа хоорондоо ярилгүй тус тусдаа лам хар дээр очиж үзүүлж байвал жаахан тиймхэн л юм. Эхлээд бүгдээрээ эргэн тойрноо мэдэрцгээе! Магадгүй хайр чинь, амжилт чинь, аз чинь яг хажууд чинь “өрвийчихөөд” сууж байх бий вий.

8 comments:

Gansukh Batjargal said...

Сайхан бичлэг байна :)

Особу said...

uuu interesting :)

Anonymous said...

Зөв санаа, амьдрал дээр хэрэгжүүлэх нь чухал шүү. Амжилт
Туги

Ouy said...

Saihan zuil bichijee, bi anh udaa blogoor chin orood garch bna... Setgel sudalalaar surch bgaam uu? Sonirholtoi sedeveer bichij bgaarai, thanks. Anyway, good luck for u, regards Ouy

Ouy said...

hehe, Ahiad iluu olon iim sonirholtoi sedeveer bichsen textuud oruulj bgaarai gej guih gsen sanaa shuu! :D

chimeddorj said...

blog chin taalagdlaa,

Mongolia has to develop said...

Sain uu Ganzo,
Verdana chini uneher unshihad amar evteihen haragddag yumbna. AHritsuulaad uanshaad uzlee. nudnii shiltei nadad bol mash zov sanaa bna shuu. Bayarlalaa.

se said...

mongold zailuul heden lam nar ni l setgel zuich nariin uurgiig guitsetgeed baih shig baigaan, buh zovlong ni sonsood tanihgui heleer heden um unshaad odoo ok bolloo gehed tegeed nuguu hun ni(hun chin setgel sanaagaaraa bie ee udirddag amitan bolohoor) setgel sanaa saihan bolood l yavchih jisheetei.