Saturday, 31 July 2010

Anarchism

Views

Сингапур улс 30 гаруйхан жилийн өмнө загасчны ядуу тосгон байсан бол өдгөө дэлхийн өндөр хөгжилтэй орны нэг болсон буй. Энэхүү амжилтын гол нууц нь төрийн хатуу диктатур байсан ба зарим үед төр иргэдээ айлгах, зүрхэнд нь шар ус хуруулах замаар энэхүү өндөрлөгт хүрсэн гэж “The Coming Anarchy” номыг бичсэн Robert D. Kaplan маргасан байна. Бидний үеийнхнийг арван жилд байхад ардчиллын хөдөлгөөн өрнөж, бараг бүхий л зүйлс чөлөөтэй болж, зарим үед бүр эмх замбараагүй ч болж байсан нь үнэн. Тэрний нэг жишээ нь ардчилал гэдэг дутуу ойлголттой бидний хэдэн сурагч шаардлага тавьсан багшийнхаа өөдөөс “захиргаадахгүй шүү” хэмээх хоосон том толгойлдог байсан сан. Анги даасан багш маань тэр үед “Ардчилал хэтэрвэл анархизм” болдог юм шүү, та нар битгий давраад байгаарай” гээд үе үе зэмлэдэг байж билээ. Одоогийн Монголын маань нийгэм ардчилал хэмээх зүйлсийн үр шимийг зарим үед дэндүү хэтрүүлэн хэрэглээд байгаа юм болов уу? Ямартаа ч гаргасан хуулиа яв цав биелүүлж чаддаг систем бий болгож чадаагүй үед Монгол азийн бар болох нь лөөлөө биз. Энэхүү системийг бий болгохыг тулд буюу бүх нийтийн эрх ашиг, тунгалаг нийгмийн төлөө зарим үед төр төмөр нүүрээ гаргах цаг нь болоогүй юм болов уу гээд хааяа боддог юм. Төрийн төмөр нүүрийг ачаар л Сингапур одоогийн өндөрлөгт хүрсэн гэж дээрх хүний маргаж буй нь үндсэндээ энэхүү утгаар хэлсэн санаа билээ. Эс бөгөөд ардчилал хэмээх зүйлийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн орны сонгодог жишээ нь саяны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн болдог Өмнөд Африк юм. Эрх чөлөөг тунхагласны дараа хэдхэн жилийн дотор хүн амины хэргийн гаралт асар өндөр, олон улсын хар тамхины сүлжээний гол боомт болон хувирсан гэдэг. Саяны дэлхийн аваргын үеэр ч гэсэн нилээд орны ямар ч олон сэтгүүч, энгийн үзэгч нар юмаа суйлуулан, буудлын өрөөгөө тонуулан, гудамжинд зодуулж дээрэмдүүлсэн мэдээ гарав даа. Мань эр цаашаа дурдахдаа аливаа улсын ёс суртахууны эрх ашиг нь стратегийн эрх ашигтай нь зөрчилдсөн тохиолдолд улс хоорондын дайн үүсдэг гэсэн байв. Ухаан нь Сувдан эргийг Япончууд бөмбөгдсөн нь Дэлхийн хоёрдугаар дайны гол эхлэл байсан болохоос Хитлер Еврей нарыг хядаж эхэлсэн үе нь уг дайны эхлэлд яаж ч бодсон тооцогдохгүй. Энэхүү талаар дэлгэрэнгүй бичлэг энд буйг үзнэ үү. Түүнтэй адил Саддам Хусейн Курдуудыг тамлаж байсан нь шалтаг болохоос Саудын Арабын газрын тосны нөөцүүдийг эзлэх гэсэн оролдлого нь Иракийн дайны гол шалтгаан нь байсан билээ.   

Нийгэм замбараагүй байх үед хүмүүс бие биенээ хүн шиг биш араатан шиг харьцаж ханддаг. Тогтворгүй нийгэмтэй буюу хууль дүрэм үйлчилдэггүй, ихэнх зүйл мөнгөөр үнэлэгдэх болсон үед хүмүүс өөрийн мэдэлгүй өөрийн үнэ цэнээ алддаг байх. Өчүүхэн юмны төлөө өөрийгөө бусдад худалдахад бэлэн хүмүүс үй түмээрээ гарч ирэх агаад ийнхүү өөрийгөө бусдад худалдаж буй хүн аав, ээж, ах, дүү, найз нөхөд, эх орноо бусдад худалдахад өчүүхэн ч ажрахгүй биз ээ. Учир нь өөрийгөө хайрлаж, хүндэлдэггүй хүн бусдыг хэрхэн хайрлаж, хүндэлж чадах, тэрхүү эрхэм нандин зүйлийг яахин мэдэрч чадах билээ. Түүнчлэн хүн хэдий хэмжээний эд хөрөнгө буюу материаллаг баялаг хуримтлуулах тусам, ялангуяа тэрхүү эд хөрөнгөө шударга бус аргаар олж авсан үед, ямар ч тохиолдол гарсан тухайн эд хөрөнгөө хамгаалахаар зорилгоор анх тухайн хөрөнгийг олж авснаас илүү хүч хөдөлмөр, зардал мөнгө, нерв стресс шаарддаг нь бараг л илэрхий. Монголд том хэмжээний бизнес, төслүүд парламентийн сонгууль, намуудыг хурлыг хүлээдэг болоод нилээд удаж буй. Тэрхүү хэсэг бүлэг хүмүүсийг бид өдгөө олигархууд хэмээх болжээ. Хэдэн мянган жилийн өмнө Аристотел Whether the few or the many rule is accidental to oligarchy and democracy – the rich are few everywhere, the poor many гэж хэлж байсан байх юм. Өөрөөр хэлбэл ардчилал гэдэг бол ядуучуудад хэрэгтэй зүйл бол олигархи гэдэг нь баячуудад ашигтай хувилбар юм. Тэгэхээр нийгэмд баян хүмүүс олшрох тусах ардчилал гэж цээжээ дэлдсэн хүмүүсийн тоо буурах юм шиг байгааа юм. Харамсалтай нь Аристотел ядуучуудын тоонд нийгмийн дундаж давхаргыг оруулан тооцсон байх юм билээ. Монголд одоо масс дундаж давхарга байгаа гэдэг нь асар эргэлзээтэй санагдаж буй.

Жил бүрийн хавар, эсвэл сонгуулийн өмнө бараг толгойтой бүхэн улстөрч болж, Монголын төлөө санаа нь зовсон эгэл биетнүүд болон хувирах агаад хүн бүрийг сонгуульдаа идэвхитэй оролцохыг айл бүрийн хаалгыг тогшин гуйдаг билээ. Энэ талаар Spring Syndrome-Politics гэсэн энэхүү бичлэгийг дээр бичиж байв. АНУ-д улстөрчид өрсөлдөхдөө аль болох олон санал авахын тулд нийгмийн дунджаас доод давхарга буюу боловсрол муутай болон цагаач иргэдийн тархийг угаах стратеги барьж байсан түүхтэй юм билээ. Ихэнх тохиолдолд иймэрхүү “төрлийн” хүмүүс улс төрийн маш өндөр идэвхитэй байдаг нь үнэн билээ. Яг үнэндээ бол улс төрийн бүрэн идэвхгүй байгаа нь тухайн нийгэм эрүүл байгаагийн шинж гэж зарим судлаачид ярьдаг. Учир нь нийгмийн масс бүлгийн амьдрал нь тогтворжсон, бүх зүйл нь нэг стандарт болсон байх тул улс төрийн хүрээнээс хүсэх зүйлс бараг байдаггүй. Бараг аль ч нам ялж байсан тэдний өдөр тутмын амьдралд падлий байхгүй байх нь. Үүнтэй шууд холбож бичин батлахад ярвигтай ч миний анзаарснаар сүүлийн хэдэн сонгуульд хот болон орон нутгийн иргэдийн сонгуулийн ирц, оролцоо харьцангүй зөрөөтэй байсан билээ. Үүнийг хүний “чанартай” холбохоос илүү мэдээллийн ялгаатай холбосон нь Монголд бараг онох болов уу. Олон судлаачид хэлсэн байдгийн нэг нь Sir Moses Finley бөгөөд мань эр нийгмийн захирагч ба захирагдагч буюу дагуулагч ба дагагч давхаргын гол ялгаа нь тэдний бичиг үсэгт тайлагдсан явдал буюу боловсрол, мэдлэгийг түвшин гэж хэлсэн байдаг. Үнэхээр ч ном уншиж чадахгүй хүн тухайн номыг зөв ч юм уу, санаатайгаар буруу ч юм уу уншиж буй нэгнийг дагаж, ойлгож, итгэхгүй гээд хаа холдох билээ. Ямар чи худлаа уншаад байна гээд маргаж чадах биш. Гэхдээ ном уншиж сурсан нь дээд оргил биш бөгөөд уншсан номоо буруу ойлгож, нийгэмд буруу мэдээлэл түгээх нь юун нөгөө эрдэм сурсан хэрэг болох нь тодорхой. Өөрөөр хэлбэл мэдээллийг задлан шинжилж, өөрийн дүгнэлт гаргаж чаддаг байх нь уншиж сурахаас ч чухал зүйл гэсэн үг. Ухаан нь чи бол тэнэг гээд бичсэн өгүүлбэрийг уншаад би тэнэг юм байна гээд ойлгоод, итгээд, сэтгэлээр унаад эхлэхтэй агаар нэгэн буй. Иймээс өвөг дээдэс маань эд баялгаас илүү эрдэм мэдлэгийг эрхэмлэх тухай зүйр үг энэ тэрээр дамжуулан хэдэн зуун жилийг дамнан та бидэнд захисаар ирсэн буй заа.

Дутуу эзэмшсэн мэдлэгээс мунхагийн харанхуй нь хамаагүй дээр гэдэгчлэн анархизм бол үнэхээр тахир дутуу ардчилал бус уу?    

4 comments:

Anonymous said...

Санаа бол зөв шүү, бид ардчилалыг хийж байна гээд нийгмээ дэндүү замбраагүй болгосон. Гэтэл яг адилхан 90 онд хувьгал хийсэн зарим европын орнуудад энэ бэрхшээл тулгараагүй. Учир нь тэд хот суурин болж, нийгэмээрээ хэдэн зуун жил амьдарсан туршлагтай улс. Бид мал хариулж байгаал, коммунизмын дэглэмд 70 жил болоод шууд зах зээлийн чөлөөт нийгэмд шилжсэн.
Одоо залуус бид өөрчлөх цаг нь болсоон, алхам алхамаар сайжирна. Харин энэ том ажлыг хийхийн тулд Монголын боловсролтой залуус гадаадад биш Монголд ажиллах хэрэгтэй байнадаа.

Ожуу said...

ТӨР гэж юу юм. Миний ойлгосноор төрийг барьж байгаа хэсэг хүмүүс гэж ойлгогдож байна. Даанч төрийн төмөр нүүр гэхээр тэрхүү хүмүүс нь өнөөгийн монголын нийгэмд ямар хүмүүс байгаа билээ. Идэж ууж, луйвардаж өөрсдийнхөө хэтэвчийг зузаатгахын төлөө л төрийн төмөр нүүрийг ашиглаж байна даа. Тэд нар юу ч хийсэн болно гэдэг ойлголт бий болж байн шд УИХ гишүүн гэдэг нэрийн доор.

Anonymous said...

Дэйл Корнеги нэг номоноос ишлэл татая. Тахиаг аваад хамаг өдийг нь зулгайгаад, өөрөө болхоор үстэй нутал өмсөөд хажууд нь зогсосон гэнэлдээ. Тэгсэн тэр өдгүй нүцгэн тахиа үстэй гутланд ойртоод хайшаа хөдөлнө тэр зүгт нь явжилдээ.Энэхүү туршилтаа дүгнэхэдээ: "АРД ИРГЭД ХЭДИЙ ЧИНЭЭ ЯДУУ БАЙНА ТӨДИЙ ЧИНЭЭ ДУУЛГАВАРТАЙ БАЙНА." гэж дүгнэжээ.
Энэ бол үнэн, монголын баян хоосны ялгаа улам ихсэж байгааг бид бүгд харж байна.Баян хэд нь ядуугаа хүссэнээрээ дэрэлхээл. Үнэхээр харамсалтай.

Orgi said...

Ардчилал хэтэрнэ гэж байхгүй шүү дээ. Ардчилал өөрөө хариуцлагатай цуг байдаг зүйл. Анархизм гэдэг тусдаа ойлголт. Харин хуулиа хэрэгжүүлээгүй цагт хөгжилд хүрнэ гэж лөөлөө гэдэгтэй бол санал нэгтэй байна.