Sunday 18 July 2010

The Second World War and Japan

Views

Дэлхийн 2-р дайн ба Япон Улс

Япон улсын түүхэнд дэлхийн хоёрдугаар дайн нилээд гүн сорви үлдээсэн байдаг. Нилээд дээхнэ орон нутгийн хоёр хөгшинтэй Япон хэлтэй найзаараа дамжуулан юм ярьж байхад ах нар нь дөнгөж цэл залуухан 20 насандаа дайнд дайчлагдан явж Халх голд амь алдсан тухайгаа намайг Монгол гэж мэдээд гунигтай ярьж билээ. Номонханы дайн гэдэг нэрээр Халх голын дайныг Япончууд хэлдэг юм билээ. Дэлхийн 2-р дайны тухай, ялангуяа Япон улсын оролцсон шалтгаан зэргийг ухан сонирхвол их сонирхолтой фактууд гарч ирдэг юм байна. “Essential Histories: The Second World War – The Pacific“ гэсэн нэртэй David Horner-ийн бичсэн цомхон хөөрхөн ном байна. Энэ номон дээр дурдсанаар бол түүхчид Япончууд Манжуур руу 1930-аад оны эхээр өргөтгөсөн цэргийн хүчээр дайрсан тэр үеэс эхлэн Наран улс Ази тивийг өөрийн колони болгон үндсэн үйл ажиллагаагаа эхэлсэн гэж үздэг юм байна.

Тухайн үед олон улсын хэмжээнд засгийн газар хоорондын “League of Nations хэмээх нэртэй одоогийн НҮБ-ийн эцэг байгууллага байсан агаад уг байгууллагын гишүүд дайн эхэллээ хэмээн Японыг буруутгах үед үүнээс эмээлгүй уг байгууллагын гишүүнчлэлээ Германы нэгэн адил цуцлуулан дайнд бэлдэн улс орныхоо асар их мөнгө, цаг, цусыг урсгах шийдвэр гаргаж байжээ. Япон улс “League of Nations”-с гарахдаа эмзэглээгүй төдийгүй харин нь дорно зүгт энх тайван тогтоох үндсэн “Holy Mission”-тэй Япон улсын үйл ажиллагааг дэмжээгүйд нь бусад гишүүн улсуудаа зөрүүлэн буруутгаж байжээ. Үнэхээр ч Япон улсын Ази, Номхон далайд эхлүүлсэн энэхүү дайны нөлөөгөөр Азийн олон улс барууны колоничлолоос ангижран дайны дараа бүгд тусгаар улсууд болсон билээ. Жишээ нь Бирм, Малай, Индонези, Филиппин, Вьетнам, Лаос, Кампож (Монгол хэлээр хэрхэн зөв бичдэг вэ энэ улсыг?), Бруней, Бангладеш, Шри Ланка, Пакистан улсуудыг дурдаж болно. Цаашилбал Энэтхэг улсын тусгаар тогтнолд ч гэсэн уг дайн жинтэй хувь нэмэр оруулсан гэж яригддаг юм байна. Уг нь тухайн үеийн Японы засгийн газрууд дайны эсрэг байсан боловч ерөнхий сайдаасаа авахуулаад засгийн газрын нилээд олон сайд, парламентийн гишүүд уг дайныг дэмжээгүйн төлөө “эх оронч нар”, самурай ба мафийн бүлэглэл, хөлсний алуурчдад амиа хөнөөлгөж байсан гашуун түүх байдаг юм билээ. Үнэндээ тухайн үед Японы цэргийн эрх дархтанууд улсынхаа төрийн шийдвэр гаргагч нараас илүү эрх мэдэлтэй, нөлөөтэй байсан гэж хэлж болохоор юм билээ. Ялангуяа Квантунын арми нь бараг хагас биеэ даасан вант улс байсан гэх агаад Японы хамгийн шилдэг бөгөөд амбицтай офицеруудийн хорхой шуналыг нь татдаг арилжааны хэлбэрт суурилсан цэвэр улс төрийн байгууллага байсан гэж уг номонд тэмдэглэжээ. Ер нь бол Японы Ази, Номхон далайд хийсэн энэхүү дайн нь тухайн үндэстнүүд биш харин тухайн үндэстнүүдийг колоничилж байсан барууныханы эсрэг хийсэн дайн байжээ гээд хэлэхэд буруудахгүй юм шиг. Жишээ нь тухайн үед Англи улс Малай, Бирм, Энэтхэгийг хянаж байсан бол Францууд Энэтхэг, Хятададын өөрийн эзэмшлийн газартай, Голландууд одоогийн Индонезийг бариастай, Герман хүртэл Шинэ Гвинейг удирдаж байсан аж. Тухайн үед бужигнаж байсан замбараагүй Хятадад хүртэл Америк болон европын бусад улсууд өөрийн эзэрхийллийг тогтоохоор оролдож байсан ажээ. Дэлхийн нэгдүгээр дайнаас хамгийн их олз хүртэж, давуу тал авсан улсуудын тоонд Япон улс ордог юм байна. 1904 онд Солонгосын хойг, Манжуур орчимд Япон улсын арми Оросын эсрэг тулалдаж ялалт байгуулсан нь тухайн үед анх удаагаа Азийн цэрэг, армийн хүчин барууны хүчинг ялсан тохиолдол байсан гэж түүхийн номонд дурдагджээ. Үүнээс хойш Япончууд Манжуурын төмөр замын бүрэн хяналтанд авсан бөгөөд дэлхийн хоёрдугаар дайнд том амбицтай орох нэг шалтаг нь болсон бололтой.       

Хэрэв тухайн үед Япон улс бүх Хятадын төлөвлөсөн ёсоороо богино хугацаанд эзэлж чадсан бол Монголыг дайран эзлээд өөрийн хамгийн том дайсан болох ЗХУ-тай тулах байсан аж. Энэхүү дайныг дуусан дуустал Монголын зүүн болон зүүн өмнөд хил байнгын эрсдэл дор байсан нь дайны цэргийн газрын зураг дээрээс тодхон харагдаж байна. Япон Хятадыг эзэлж чадаагүйн шалтгаан нь оросууд байсан гэх агаад тэд бүхий л талаараа Хятадуудад Японы эсрэг босох тусламжийг ил болон далдаар өгч байв. Эцэстээ Квантунын арми 1939 оны 7 сард Монголын хилийг нэвтрэн орж ирсэн бөгөөд энд Оросын армийн хүчтэй тулж 18,000 цэргээ алдсан гэж бичдэг юм байна. Яагаад ч юм хэд хэд ном гүйлгэж харахад Номонханы дайны үед Монголын цэрэг, армийн талаар бараг нэг ч өгүүлбэр байхгүй байх юм билээ. Япон улс бүх Хятадыг эзэлж чадаагүйгээр барахгүй хойд Хятадад хийсэн дайндаа асар их хүн хүч, санхүүгийн нөөцөө үрсэн тул дайны санхүүжилт, түлш болон бусад нөөцөө хангалттай базаахын тулд зүүн өмнөд азийн улсууд руу дайрах нь зүйтэй хэмээн Япон генералууд шийдвэр гаргасан бөлгөө. Энэхүү шийдвэр нь АНУ-тай дайн эхлэх үндсэн шалтгаан болсон бололтой юм билээ. Япон Америкийн дайнтай холбоотой хамгийн сонирхолтой баримт нь Wingston Churchill-ийн тухай нэг баримт байв. Тухайн үед Английн тагнуулынхан Япончууд АНУ-ын ямар цэгт, хэзээ, хир хүчээр цохилт өгөх гэж буй тухай мэдээг олж авсан боловч Roosevelt ерөнхийлөгчид хэргээр дамжуулаагүй бөгөөд энэ нь АНУ-д цэрэг дайны хохирол амсуулсан зорилготой байсан гэж. Шалтгаан нь Англи өөрийн армийг аль болох дайнд бага хохирол амсуулах зорилгоор Америк цэргүүдийг дайнд оролцуулах стратегийн сонирхолтой байжээ. Гэсэн хэдий ч одоог хүртэл энэхүү мэдээлэл нь албан ёсоор батлагдаагүй юм билээ. Ирээдүйд ч бараг л батлагдахгүй буй заа. Roosevelt ерөнхийлөгчийн АНУ-ын конгресс дээр Японы эсрэг дайн зарлан хэлсэн үг нь онцгой бөгөөд блог дээрээ буулгавал Yesterday, December 7 1941 – a date which will live in infamy – the United States of America was suddenly and deliberately attacked. The surprise attack thus ensured that the USA would not rest until it had crushed Japan.

Япончууд нэр төрөө машид их эрхэмлэнэ. Дайнд ялагдах нь гарцаагүй байхад л амиа золиослогчдын анги нэгтгэлийг арми дотроо албан ёсоор байгуулж Америктай Окинавагийн орчимд хийсэн нэг тулалдаанд л гэхэд “To die for the Emperor” хэмээх философи бүхий 1,900 камиказэ нарыг агаарт хөөргөж төдий хэмжээний хохирлыг Америкийн армид үзүүлсэн байна. Өнөөгийн алдарт Мицүбиши корпораци тухайн үед “The Japanese Zero хэмээх нэртэй хөнгөн, хурдтай, манувер сайтай тухайн үеийн шилдэг байлдааны агаарын хөлгийг бүтээн армид нийлүүлж байсан түүхтэй юм билээ. 1945 оны 8 сард Америкууд Хирошима ба Нагасаки хотууд дээр “Little Boy” нэртэй цөмийн бөмбөг хаяагүй бол энэ дайн хэзээ дуусах байсан нь тухайн үед хэнд ч тодорхойгүй байх байсан биз ээ. Бас яагаад энэ хоёр хотыг сонгон уг бөмбөг хаясан нь сонин санагдаж байв. Дайны сүүлийн өдрүүдэд бүх талаараа бүрэн бүслэлтэнд орж, гадаад ертөнцөөс, гадаад дахь цэргийн хүчнээсээ тасраад байсан ч тухайн үед Япон улс богино хугацаанд 60 дивиз бүхий 2 сая цэргийг дахин зохион байгуулж, 3,000 агаарын камиказэ, 5,000 агаарын хөлөг онгоц, 3,300 далайн камиказэ болон нийт 28 сая сайн дурын иргэдийг эцсийн мөч хүртлээ дайтахаар бэлтгээд байсан билээ. Гэвч бүслэлтэнд удаан байснаас болж тэдэнд хангалттай зэвсэг хэрэгсэл, хоол унд, түлш үлдээгүй бөлгөө. 

Цөмийн бөмбөг ба Оросууд Манжуурыг эзэлсэн давхар шокийн мэдээн дунд зургаан хүнээс бүрдэх эзэн хааны зөвлөл дайнд бууж өгөх эсэх тал дээр санал хураалт явуулснаас гурван гишүүн бууж өгөхийг дэмжиж, үлдсэн гурван гишүүн үргэлжлүүлэн тулалдах санал өгч, эзэн хаан өөрөө бууж өгөх шийдвэр гаргаснаар уг зөвлөл 4:3-ийн харьцаагаар бууж өгөх тухай мэдэгдлийг парламентад хүргүүлсэн түүхтэй юм билээ. Бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсны дараахан хэд хэдэн армийн офицерууд нийлэн төрийн эргэлт зохион байгуулах гэж оролдсон удаатай боловч амжилт олоогүй ажгуу. Хэрэв тэр үед Дайны Яамны Сайд Генерал Анами Корэчика энэхүү төрийн эргэлтийг дэмжсэн бол Японд төр эргэж дайн үргэлжлэх маш өндөр магадлалтай байжээ. Гэвч тэрбээр болон түүнийг дагалдагч нар амиа хорлосноор энэхүү эрсдэл үгүй болсон түүхтэй.

Энэхүү дайны үеэр нэр алдар нь дуурссан Япон адмирал Яамомото Исорүкү тухайн үед If we are ordered to [go to war with the USA] then I can guarantee to put up a tough fight for the first six months but I have absolutely no confidence about what would happen if it went on for two or three years гэж хэлж байжээ. Өөрөөр хэлбэл хэдий энэ дайныг Япон өдөөсөн ч дайн эхлэхээс өмнө Япон улс дайнд ялах боломжгүй гэдгээ сайтар мэдэж байсан гэж зарим түүхчид ярих юм. Гэвч дайны үед эзэлж авсан улсууд, газар нутгаас нь дайны дараа багахан нь ч болов Японы мэдэлд ирэх байх гэсэн найдлагатай энэхүү дайнд хамаг бүхнээ зориулсан бололтой. Энэхүү дайны цар хүрээ нь зүүн өмнөд азийн бараг бүх арал улсууд буюу Мадагаскарын арлаас эхлэн Энэтхэг, Бирмийг оруулан Хавайн эрэг хүртэл, урагшаагаа Австрали улсыг хүртэл хамарсан түүхтэй. Дайнд оролцсон гол улсууд болох Япон, АНУ, Хятад, Энэтхэг, ЗХУ-ууд тус бүр нэг сая орчим цэргүүд гарган газар, агаар, тэнгисээр ширүүн байлдсан түүхтэй ажгуу.

Дайны дараа бусад улсуудтай байгуулсан Япон улсын энхийн гэрээнүүд одоог хүртэл хүчин төгөлдөр байдаг агаад Япон дахь АНУ-ын цэргийн баазууд өнөөг хүртэл Японы улс төрийн хамгийн хурц асуудал байсаар л байна. Энэхүү баазуудын тухай дайны үеийн нууц гэрээ байдаг гэж сонингууд дээр нь бичигдээд байдаг юм билээ. Энэхүү дайн нь АНУ-ын хувьд том сургамж болж өдийг хүртэл Өмнөд Солонгос, Япон, Гуамын арлуудад цэргийн хүчээ байнгын бэлэн байдалд байршуулсаар байна. Ёокохамад байх Америк цэргийн хуарангийн хажуугаар хэрэг гарган гарч, хашааг нь бүтэн тойрч сонирхож хүртэл үзэв шүү дээ. Түүнчлэн ихэнч судлаачид энэхүү дайн нь 38-р өргөргөөр хуваагдсан Хойд Солонгосыг эс тооцвол өнөөгийн Хятад, Тайвань, Өмнөд Солонгос, Хонг Конг, Сингапурын хурдацтай хөгжлийн суурийг нь тавьж өгсөн гэж мэтгэлцдэг юм билээ. Үүнийг үгүй гэж батлахад ч тун хэцүү юм. Товчхондоо энэхүү дайн нь Ази тивийг орвонгоор нь гэж хэлэхгүй ч нилэнхүйд нь өөрчилсөн бөгөөд АНУ-ын хувьд тухайн үеийн заналт дайсан байсан Япон улс өнөөдөр хамгийн том найз нь болж эсрэгээрээ дайны үед холбоотон байсан Орос, Хятад хоёр дайсан нь гэхэд хаашаа юм, гэхдээ цэрэг, эдийн засаг, улс төр, геополитикийн хамгийн том өрсөлдөгчид нь болсон бололтой. Ямартаа ч, хэзээ ч, ямар ч хүнд нөхцөлд улс орнууд орсон бай дэлхийн гуравдугаар дайн бүү гарах болтугай!!!

8 comments:

Миний блог said...

Баярлалаа. Чиний блог хамгийн шилдэг нь, чиний нийтлэлүүд хамгийн сайн нь шүү.

H.D.NR said...

Засгийн газрууд юу ч биднээс нууж байдаг юм хэн мэдэхэв. Өнгөрсөнөөс хараад нөгөө зааны философи шиг тийм ч юм ийм ч юм гэж дүгнэж болох байх л даа.

Тэр Америкын хувьд онгоцнууд орж ирэхээс өмнө нь мэдсэн боловч боломжгүй асуудал гэж үзсэн гээд байдаг. Дээрээс нь Английн хувьд бол Германы фракцын эсрэг тулахад АНУ ын тусламж л яалт ч үгүй хэрэгтэй болоод байсан гэж байсан. ОУХ ын түүх үзэж байхад Англи үнэхээр эгзгийг нь олж байгаад шийдвэр гаргадаг тэр нь дэлхийн хувь заяанд хүчтэй нөлөөлдөг ч нээх мэдрэгддэггүй байсан.

Тэр цөмийн бөмбөгний хувьд. Германууд Уран 238 ыг(цөмийн бөмбөг хийхэд бэлэн гэсэн үг) Япон руу явуулж байсныг нь дундаас нь Англи тэргүүтэй нөхдүүд олж аваад АНУ өгч тэгээд ерөнхийдөө Бяцхан хүү бүрэлдсэн гэж нэг conspiracy сонсож байсан. Ямар ч гэж одоо Монгол Монголоороо, Япон Японоороо, Солонгос Солонгосоороо, Хятад Хятадаараа байгаа нь чухал юм даа. 3-р дайн гарлаа гэхэд гол өдөөгч нь АНУ байх болов уу гэж сэжиг тавиад байгаа. Хамгийн гол нь гарахгүй байх нь таны хэлсэнчилэн чухал юм.

TT said...

Маш сонирхолтой сэдэвүүдээр бичиж байгаад талархая.
Дээрх нөхрийн(О Д.Л)хэлдэгээр нийтлэлийн тань агууламж, өгүүлэмж блогт нь айлчилдаг олны таашаалыг хүлээдэг шүү.

H.D.NR said...

Уран 235 юм байна шүү

bayasaa said...

“I do not know how the third World War will be fought, but I can tell you what they will use in the Fourth – rocks!” Alber Einstein

Ortoi vg baih shvv

Anonymous said...

Zero тухайн үедээ үнэхээр шилдэг байлдааны сөнөөгч онгоц байсан. Харамсалтай нь Япон нисгэгчдийн ур чадвар Америк нисгэгчдийн дэргэд муу байсан төдийгүй агаарын ЭСО гэж нэрлэгдэхээр шилдэг нисгэгчдээр дутагдмал байлаа.
Бүр сүүлд 1943 онд Америкчууд Hellcat гаргаж ирсэнээр Zeroтой өрсөлдөх чадвартай болсон гэдэг.

Anonymous said...

hiroshima , nagasaki hotuudiin huvid tuhain ueiinhee uildverlel technology undur hugjsun, hugjil saitai gazruudiig songoson gej unshsiin baina

TG said...

little boy nogooh n fat man gesen nertei baisan gej unshij baisan sanagdana.