Wednesday, 18 August 2010

What you are seeking is seeking you!

Views

Санаа сайн бол заяа сайн!

Аливаа асуудлыг шулуунхандуу, болж өгвөл байгаагаар нь бодитоор түс тас хэлчихдэг хүмүүс уул нь ажил явуулахад амар байдаг. Гэвч одоо байгаа нөхцөл байдалдаа санаа зоволгүйгээр үл барам яваандаа болно доо болно гээд суудаг буюу нэг бодлын хэнэггүй ч гэмээр нөгөө бодлын өөдрөг үзэлтэй ч гэж хэлмээр хүмүүс ч ажлын байран дээр элбэг тааралддаг. Энэ хоёр төрлийн хүмүүсийг хальт анзаарахад хэнэггүйдүү хүмүүс нь ажлын байран дээрээ илүү аз жаргалтай байхаас гадна түс тас хийтэл нь аваад хаядаг нөхдүүдийг бодвол илүү олон найз нөхөдтэй байх нийтлэг хандлага байгаад байх шиг.

Нилээд туранхай нэг бүсгүй байх. Гэтэл хажуугаар нь тэр бүсгүйгээс харваас туранхай биш боловч илүү аятайхан биетэй, тэрийгээ тодруулан гаргасан хувцас өмссөн бүсгүй өнгөрөх үед нөгөө туранхай бүсгүй маань ёооё, яаж ингэж турах вэ гэж дуу алдах. Энэхүү уулга алдсан бүсгүйн найз нь ямар нэг хариулт хэлэх шаардлагатай болно. Найз нь нэг бол чи саяны бүсгүйгээс туранхай шүү дээ, гол нь биеийн хэлбэрээ л засвал гэж нэг хэлэх байх, үгүй бол харин тийм ээ, яаж ингэж туранхай болдог байна аа гэж нэг амыг нь дагуулан долигнож, чи турна аа гэж хоосон хөөргөх байх нөгөөхөө.

Аливаа хүнд магтаал сайшаал хэрэгтэй боловч тэр нь зөв бөгөөд үнэн байх ёстой мэт. Хуурамч магтаалаас үнэн боловч хатуу шүүмжлэл хамаагүй дээр. Монголчуудын маань амны билгээс ашдын билэг гээд хэлэлцдэг нь нэг бодлын сэтгэлзүйн хүч болох боловч нөгөө бодлын хэт өргөн зорилго, том мөрөөдөл өмнөө тавиад насны эцэст аль ч үгүй суух аюултай ч юм шиг. Ухаан нь аливаа зорилго аль болох тодорхой байх тусам тэрхүү зорилгод хүрэхэд илүү амар дөт болох билээ. Дээрх бүсгүйн зорилго нь эрүүл мэндийн хувьд өөртөө тохирсон жинтэй байх юм уу, эсвэл зөрж өнгөрсөн гуалиг бүсгүй нэг бүрээс илүү “туранхай” байх юм уу гэдэг нь үнэхээр тодорхой бус аж. Үнэндээ энд биеийн жин биш хэлбэрийн асуудал байгааг хэн хэн нь мэдэж буй боловч аль аль нь хүлээн зөвшөөрөх дургүй байгаа бололтой.

Дээрх энгийн жишээтэй агаар нэгэн хэний янаагүй хувийн зорилгоо аль болох тодорхой болгож түүндээ тууштай үнэнч байж эцсийг нь үзэж сурах ёстой юм шиг байгаа юм. Тэгэхгүй бол та бид бүгд өөртөө байгаа олон проблемийнхаа шийдлийг олж чадахгүйгээр үл барам өөрөө тэрхүү бүх проблемийнхоо цөм нь болж гозойн бусдад адлагдсаар байгаад хадан гэртээ харих аюул байх. Хамгийн гол нь хувийн зорилгоо тодорхойлохын өмнө хүн өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрч сурах ёстой юм шиг байгаа юм. Энэ нь эргээд л чи хэн бэ, би хэн бэ гэдэг асуулт руу хөтлөх бололтой. Өөрийгөө ойлгоно гэдэг нь өөрийнхөө одоо байгаа болон ирээдүйд олж авахаар хүсч буй үнэт болон үнэт бус зүйлсээ мэдрэх юм болов уу даа.   

1 comment:

Togoruu said...

hehe, chi odoo eregtei hun bj, emegteichuudiin dund bdg iim gunzgii barag setgel zuitel holbootoi asuudlii ingej zadalj harj bhdaa yahuu dee, hamag asuudal tegeed nutsgen unen deer suurilj bval l bolchino gesn ug bas bish yum bnlee dee. zugeer neg zasvar ug todiigoor argalaad ongoroovol hen hendee amar hariltsaa geech bas bdag yum shig bnlee. uneheer ooriigoo olj avch bj urgeljleh shaardlagatai jinken hariltsaan deer bol chiniiheer zorilgoo todothoiloh enter heregtei bolood ireh bh daa. tehdee medkuee, helberiin asuudliig jingiin asuudlaar orluulaad bgaa busgui uneheer helber jin 2n yalgaag uhaarah chadvargui tahia bh magadlal bas l ondor shuu. ihenh erchuud tegj boddog , ter n ch oorsdod n amar bdg bh, tehgui bol emsuuded uneniig uhaaruulah geseer bgaad hadan gertee ochih bolson bh bii vii.