Monday, 22 November 2010

Mining empire

Views

Уул уурхайн вант улс

Ажлын шугамаар уул уурхайгаараа дэлхийг шуугиулаад байгаа том, жижиг таван толгойнууд байрлах Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Оюу толгой байрлах Ханбогд сум, цаашлаад Гашуун сухайтын хилийн боомт орж ажиллав. Ажил, амьдрал ид буцалж буйг захиалга өгөхгүй бол олдохгүй зочид буудал, Улаанбаатар хотын ресторантай бараг адил үнэтэй хоол, сар тутам шинээр баригдаж буй барилгын ажлаас нь бэлхнээ харж болно. Хэдхэн мянган хүнтэй Цогтцэций суманд гэхэд л бараг 10-аад арилжааны банкууд салбараа нээж, 2 ч АТМ суурилагдаж байна. Сумын цагдаагийн машин нь дандаа Ланд-80. Ер нь явж буй бүх машин нь жийп. Улсуудын ярьж буй бизнесийн хэмжээ нь дунджаар 1 сая ам.доллар буюу түүнээс дээш. Уудаг архи нь Соёмбо эсвэл виски. Болор архи ганзаглаж очоод хүмүүст ад үзэгдэв. Мэдмээр юм билээ золиг гэж.    

Өмнө тийшээ зам маш сайн баригдаж байгаа юм байна. Ирэх зун гэхэд Мандалговь хүртэл цэлийсэн сайхан өргөн зам баригдан дуусч, цаашилбал Оюу толгойгоос хилийн зурвас хүртэл хар зам дуусах бололтой. Зам зуур замын компаниудын инженерүүдтэй ганц хоёр шар айраг уун хууч хөөрөх зуур тэднээс гадныхан чадаж байхад бид нар яагаад чаддаггүй юм гэсэн хор шар, ижил хэмжээний техник, тоног төхөөрөмж, хөрөнгө мөнгө гаргаад өгвөл тэднээс хэд дахин илүү хийж чадах тухайгаа байж суун ярина билээ. Даанч төсөв батлагдаад мөнгө нь тэд нарын гар дээр ирэх хүртэл хэдэн дарга нарын гараар дамжиж, анх батлагдсан төсвийн бараг 30%-с доошхи дүн нь дансанд нь ордог гэж батлан ярих юм билээ. Даанч дээ л гэмээр байв.

Бас нэг ихэд анзаарагдсан зүйл нь хаа ч очсон, ямар ч байгууллагын шийдвэр гаргах төвшний хүмүүс, голлох менежерүүд миний үеийн залуус болжээ. Ахархан зуур танилцаж, хэл амаа ойлголцоход ч тун амар юм адилхан залуу улс болохоор. Аргагүй 70, 80-аад оны үеийнхний бүтээн байгуулалтын үе хүссэн хүсээгүй иржээ. Ханбогд сумыг Цогтцэций сумтай харьцуулахад арай л өөр дүр зураг бууж байх. Хүмүүс Energy Resources Монгол компани юм болохоор эх орондоо наах юм хийж байгаа. Харин Оюу толгой дээр ийм үлдэцтэй бүтээн байгуулалт байхгүй гээд байсан нь дэд бүтцийн байдлыг нь харахад үнэний ортой ч юм шиг зэрвэс ажиглагдав. Улаанбаатарын стандартыг сум дээрээ бий болгоно хэмээн зүтгэж буй Цогтцэций сумын засаг даргын амбиц ихэд таалагдсан бөлгөө.

Зам зуур байрлах хоолон гэрүүдэд үндсэндээ шөл, цуйван гэсэн хоёр төрлийн л хоолны сонголт байна. Харин нэг гэрт ороод ямар хоол гарах уу гэтэл дурын хоол гарна гэж байна. Гуляш авъя гэтэл гуляш гэж юу байдаг юм гэсэн гэдэг. Зам зуур хааяа нэг тааралдах говийн айлуудаас зам асуухад зарим айлууд нь гадаа нь машинаа сингалдаад байхад гарч ирэхгүй, хаалганы завсраар шагайж харчихаад буцаад эргэх юм билээ. Мань мэттэйгээ адилхан төөрсөн хүмүүсээс залхсан бололтой.

Уурхайн амнуудаас 60-100 тоннын чиргүүлтэй болон чиргүүлгүй хүнд даацын тэргүүдээр ёстой л өдөр шөнөгүй нүүрс зөөж байна билээ. Тэрхүү аварга тэрэгнүүдийн явдаг замыг “Мангарын зам” гэх агаад уг зам дээр дунджаар 7 хоногт 6 осол аваар гарч тэр тооны жолооч нар амь эрсддэг гэнэ. Анх ч хүн нас барлаа гэхэд хүү хаа гэдэг байсан бол сүүлдээ Хятад бол дүүрч, Монгол жолооч нас барсан бол хайран байна гэж халагладаг болжээ. Харин одоо нутгийн жолооч л биш бол уг зам дээр хүн нас барахад тоодог хүн бараг л алга болжээ. Тэр олон мянган машины цуваанаас үүссэн нүүрсний тоосжилт, замын тоос орчны үзэгдэх байдлыг хязгаарлаж, рейсний мөнгөө ахиухан авахаар нойр хоолгүй зүтгэж байгаа жолооч нар аваар хийдэг байна. Дээрээс нь согтуу жолооч нар, дээрээс нь хүнд даацынх хирнээ гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байгаад аваар хийж буй тохиолдолууд зөндөө юм.

Хилийн цаана жолооч ах хүүгийн танилцсан өвөр Монгол залуугийн гэрт очиж гэр бүлтэй нь танилцан нэг сагс пийжүү уун ярих зуур өөрийгөө Монголоор тун муу ярьдгаа мэдрэв. “Love actually” кинон дээрх гардаг Англи залуу Америк явж Бритиш аялга бүхий англи хэлээр Америк бүсгүйчүүдийн эгдүүг хүргэдэг үзэгдэл санаанд байн байн орж, хэлсэн юмыг нь дахиад хэл дээ, энийг юу гэдэг вэ гэж байн байн нөгөө Өвөр Монгол залуугаас асууж инээдээ барж суув. Өвөр Монголчуудын хэрэглэж буй үгс нь утгын хувьд яалт ч үгүй бидний хэрэглэдэг үгнээс хамаагүй утга төгөлдөр байх юм. Хэдий анх сонсоход инээдтэй ч гэсэн. Жишээ нь, цайх бүрэх-цай хандлах, танай хэлийг төхөөрөхгүй-танай хэлийг ойлгохгүй, юутай вэ-хэдэн настай вэ буюу ямар жилтэй вэ, хөнгөн толгойтой цус-Монголоор бол п**** гэсэн хараалын үг, эхээ ухмар-mother****** (энэхүү хэллэгийг Хятадаас орж ирсэн гэх агаад Монгол хүмүүс яавч ийм зүйл бодож хэлэхгүй гэж байв), дотуур өмд-огтор өмд, мөнгө үйрүүлэх-мөнгө задлах, навч-тамхи, цэгээ-айраг, луухаан-хөгширч үхэх гэж байгаа хүн, авхай-гуай, Голомт Монгол-Ар Монгол, цахиур дэн-тамхины асаагуур, гэгээмсэг-агуу, хөл залгагдах-хугарсан хөлөө бороолохыг хэлж буй, сүүдэр авах-рентген зураг авахуулах гэх мэт. Хятадуудаа муу Хуцаа (Хужаа) гээд бас их дургүй юм. Хааяа Өвөр Монгол ба Хятадуудын хооронд зодоон болдог юм гэсэн. Улаанбаатар гэж дуулснаас очиж үзэхийг мөрөөдөхөөс ч айдаг энэхүү шавар тагзанд амьдарч буй Өвөр Монгол гэр бүлийг хараад өр өвдөх шиг л болсон сон. Нөхөр нь хүнд даацын тэрэгнүүдийн моторын тосыг солих агаад өдөр шөнөгүй ажиллах. Ажил хийхгүй л бол энэ олон зуун сая хүн дотор амиа хорлож байна л гэсэн үг гэх. Эдний хажууд Монголын өвгөнтийн хөндийнхөн бол үнэн жаргалтай амьдардаг юм билээ шүү.

Богинын болон алсын тээвэрт явдаг жолооч нар дээр хилийн цаана тээвэр хийж буй тэрэгнүүдийг оруулбал нийт 10,000 орчим хүнд даацын тэрэг Монголоос Хятад руу нүүрс зөөж байна. Хил давангаа Хятадын боомт хотод оройн хоол идэх зуур алсын тээврийн Монгол жолооч нартай ярилцахад сайн гүрийвэл сард 4-6 сая төгрөг хийдэг гэнэ шүү. Гэхдээ энэ мөнгийг их л зовж олохыг хэлнэ билээ. Уг боомтын хилийн наана, цаана байх Монгол, Хятадын тосгоныг шууд харьцуулбал Том Круз, Николь Кидман нарын тоглосон “Far and Away” киноны үзэгдэл. Зэрлэг өрнөд гэж ярьдаг байсанчлан Зэрлэг Өмнөд гэж хэлэхээр. Газар олж авахын тулд яаж тэмцэж, эмх замбараагүй, бохир заваан хотод хэрхэн амь зууж буйг харуулдаг билээ түүнтэй яг адил. Хүмүүсийн ярихнээ 1990-ээд оны Эрээн хот гэх. Тун удахгүй Эрээнээс том, Эрээнээс өндөр хөгжилтэй хот болгохоо тосгоны дарга амласан байна билээ. Хилийн цаана байрлах энэхүү тосгонд нүүрс хүлээн авах асар том байгууламжууд ээлж дарааллан баригдаж байна.   

Харин Өмнөговь аймгийн маань засаг даргад маань ийм том амбицтай төлөвлөгөө, алсын мөрөөдөл бий болов уу? Эрээн ба Замын Үүдийн түүх энэхүү хилийн зурвас дээр бүү давтагдаасай билээ гэж буцах замдаа дотроо залбирч явлаа. Бид уул уурхайн баялаг маань дуусах үед Монгол улсдаа, өөрсөддөө юу авч үлдэх юм бэ гэдгээ одооноос сайтар бодож, үйл хөдлөлөөрөө хийж явахгүй бол ч...

10 comments:

bebe said...

сайхан нийтлэл болжээ.

Chimgee said...

эргэцүүллүүд таалагдлаа. энэ бүх үзэгдлүүдийн дунд монгол хүмүүс маань хүн чанараа л битгий алдчихаасай гэж бодох юм

Frank said...

Бодох л асуудал. БИд чинь алтан дээр суусан гуйлгачин гээд 90-д оны үгс одоо алтаа дуусгаад аргаа барсан гуйлгачин болгоход хүрч байна. Ирээдүй тун бүрхэг байхад өнөөдрийн өмх махаа бодож эх орноо зарж байгаа хэдэн малуудыг шууд заазлавал таарах мэт. Гэвч энэ хэдэн мал заазлагдахад дараагын хэдэн мал гарч ирэх нь хорвоогын алаг эрээний хууль юм. ай бид хэзээ ухаажнаа? Ухаан хүрэх үедээ үхэх болчихсон байх байхдаа?

ZAYA said...

Нүд үнэнч, сайхан нийтлэл болсон байнаа.

Anonymous said...

haana ajild oroo ve Ganzorigoo?

Anonymous said...

Hyatadiin gadnaas avdag nuursnii 39% n Mongoliinh.

Anonymous said...

ih hoju unshsan ch zarim neg yumni bolj bna aa. sanal niilj bna. harin ailiin gadaa ircheed shagnaaldaj aild oroogui bj shagaichad garch ireegui gedeg ni neg bish ee harin ch goviinhon chini tal shigee uujim setgeltei, hun chanar tend l bdag yum shig sanagddagiin shuu!

Anonymous said...

Том бүтээн байгуулалт огт хэрэггүйшдээ 50 жилийн дараа тэнд сүндэрлэх 50 давхар байшингаар яах юм вэ? Уурхайн ашиглалт дууссаны дараа тэнд нэг том нүхнүүд үлдэнэ тиймээс тэнд бүтээн байгуулалт огт хэрэггүй зүгээр л монгол гэрүүд тэнд тун тохиромжтой.

murunwmw@yahoo.com said...

Hi, Vinzo
Yutai baina, ajil sain bizde.
Niitleliig chini unshlaa, oirdoo unshaagui, saihan baina.

Anonymous said...

Таны блогийг хуучин шинэ гэлгүй ойрд нэлээд уншлаа. Бичлэгийн хэлбэр тань ихэд таалагдав.Та шиг залуус монголдоо очиж ажиллаж байгаад ихэд баясан сууна.

Энэ бичлэгийн нэг хэсэгт анхаарал төвлөрөв.
Монгол хэлний хувьд өвөрчлөгчдийн маань ярьж байгаа зарим үг хэллэгийг одоо ч баруун монголчууд маань өдөр тутмынхаа ажил амьдралд хэрэглэсээр байдаг юм шүү дээ.
Жишээ ньдоорхи үгс бол миний хувьд жирийнээс жирийн санагдаж байна.
дотуур өмд-огтор өмд,
мөнгө үйрүүлэх-мөнгө задлах,
цэгээ-айраг,
авхай-гуай,

Ер нь энд тэнд хүмүүстэй ярилцаж байхад онож нэрлэсэн нь үг нь монгол хэлнээ байсаар байхад тойруугаар олон үгээр тайлбарлаж ярьж байгаа залуус тааралдах юм. Монгол хэлнийхээ баялаг өв сангаас суралцах зүйл Бага ястануудад их бий гэдгийг таны блогоор дамжуулаад залуусдаа хэлье гэж бодлоо.